Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 001/ХТ2018/00844

 

“П” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Ц.Амарсайхан даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 183/ШШ2017/02311 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 295 дугаар магадлалтай,

“П” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Б.Б-т холбогдох,

3.079.010 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн өмгөөлөгчийн Д.Баасансүрэнгийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн өмгөөлөгч Д.Баасансүрэн,  нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал  нар оролцов.

Нэхэмжлэгч “П” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын кондуктор ажилтай Б.Б- нь 2014 оны 8 сарын 15-ны өдөр 6.500.000 төгрөгийн цалингийн зээлийг 24 сарын хугацаатай жилийн 21.6 хувийн хүүтэйгээр авч даатгалын шимтгэлд 65.000 төгрөгийг төлсөн. Б.Б- нь зээл авснаас хойш графикийн дагуу зээлийн төлбөрийг төлж байсан бөгөөд 2015 оны 12 сарын 31-ний өдөр Нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын дугаар №Б/1921 тоот тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцлан ажилтанг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Б.Б- нь 2016 оны 1 дүгээр сарын 12-ны өдрөөс зээлийн эргэн төлөлт хугацаа хэтэрч зөрчил үүсч зээлийн үлдэгдэл 2.907.237,31 төгрөг, зээлийн хүү 171.773,94 төгрөг, нэмэгдүүлсэн зээлийн хүү 5.262,07 төгрөг, нийт 3.084.273,32 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байна. Улаанбаатар хотын банк нь П ХХК-тай 2014 оны 6 сарын 26-ны өдрийн хамтран ажиллах гэрээ байгуулсны үндсэн дээр тус банкнаас 2016 оны 3 сарын 3-ны өдрийн 6-ё/974 дугаартай албан тоот явуулсны дагуу П ХХК нь 2016 оны 3 сарын 21-ны өдрийн дугаар 30/1601066 тоот тушаалаар Б.Б-ийн цалингийн зээлийн эрсдэлийн нөхөн төлбөрт 3.079.010 төгрөгийг Улаанбаатар хотын банкны 2600072130 дансанд хийсэн болно. Улаанбаатар хотын банк нь П ХХК-тай 2014 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн ЦЗЭ 30С14100534-3 тоот хамтран ажиллах гэрээний дагуу 5 дугаар зүйлийн 5.1 болон 5.1.5 дахь заалтуудад заасны дагуу даатгалын тохиолдол үүссэн тул зохих журмын дагуу цалингийн эрсдэлийн даатгалын нөхөн төлбөр болох 3.079.010 төгрөгийг Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7 дахь хэсэг, Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч Б.Б шүүхэд гаргасан тайлбартаа: Би Автобус 1 компанид ажиллаж байхдаа УБ банкнаас зээл авсан. 2015.12.30-нд эрүүл мэндийн шалтгаанаар ажлаасаа чөлөөлөгдсөн. Зээлийн үлдэгдлийг нөхөр маань төлөхөөр байсан боловч 2016.9.19-нд ажил үүргээ гүйцэтгэж байгаад ажил дээрээ нас барсан. Одоо би 3 өнчин хүүхдийн хамт амьдардаг, ажил орлоготой хүн байхгүй учраас энэ зээлийг төлж чадахгүй байгаа. Би зээлийн авч хэрэглэсэн нь үнэн, гэвч ажил орлогогүй тул төлөх чадваргүй байна гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 183/ШШ2017/02311 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Б-ээс 3.079.010 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч П ХХК-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 64.214.16 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Б-ээс 64.214.16 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 295 дугаар магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 183/ШШ2017/02311 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтын Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7, гэснийг хасч, 2 дахь заалтын Улсын тэмдэгтийн хураамжийн гэснийг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 64.215 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгчийн Д.Баасансүрэн хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 183/ШШ2017/02311 дугаартай шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 295 дугаартай магадлалыг тус тус дараах үндэслэлээр эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Нэхэмжлэгчийн зүгээс “Цалингийн зээлийн эрсдэлийн даатгалын гэрээ”-г /хх-32-34 дэх тал/ шүүх хуралдаанд нотлох баримтаар гаргаж өгсөн байх бөгөөд уг нотлох баримтыг үндэслэж шүүхийн шийдвэр гаргасан байна. Энэ нь хариуцагчийн хуулиар олгосон эрхийг зөрчиж байна. Мөн түүнчлэн уг гэрээг байгуулахдаа даатгалын хураамжийг хариуцагчаас гаргуулсан атлаа Улаанбаатар хотын банктай гэрээ байгуулж, дэд даатгуулагч нарт гэрээг танилцуулаагүй учир тус гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1-т заасан даатгалын зүйл буюу хамтран зээлдэгчийн амь насанд эрсдэл учирсан байхад даатгалын компани гэрээний үүргээ биелүүлээгүй байна. “П” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагадаа Улаанбаатар хотын банктай 2014 оны 06 дугаар сарын 26-ны өдөр ЦЗЭ 30С14100534-3 тоот хамтран ажиллах гэрээний дагуу цалингийн эрсдэлийн даатгалын нөхөн төлбөр болох 3.079.010 төгрөгийн нэхэмжилжээ. Гэтэл цалингийн зээлийн эрсдэлийн Даатгалын гэрээний 3.1-т “Энэхүү гэрээ 2014 оны 07 сарын 01-ний өдрөөс 2015 оны 06 сарын 31-ний өдрийг дуустал хүчин төгөлдөр үйлчилнэ”, 3.2.1-т “Гэрээгээр тогтоосон хүчин төгөлдөр хугацаа дууссан” тохиолдолд гэрээ дуусгавар болохоор тус тус зохицуулсан байна. Мөн Б.Б- нь 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдрөөс зээлийн эргэн төлөлт хугацаа хэтэрч зөрчил үүсч Улаанбаатар хотын банк нь “П” ХХК -тай байгуулсан уг хамтран ажиллах гэрээг үндэслэн 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 6-ё/974 дугаартай албан тоот явуулсны дагуу 03 сарын 21-ний өдрийн 30/1601066 тоот тушаалаар нөхөн төлбөрийг төлсөн нь гэрээнд заасан хугацаа дууссан байхад төлөх үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл үндэслэлгүй төлсөн нөхөн төлбөрийг нэхэмжлэх эрх “П” ХХК-д үүсэхгүй.

Иймд хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч “П” ХХК-ийн “...3.079.010 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг хариуцагч Б.Б- эс зөвшөөрөхдөө төлбөр төлөх боломжгүй гэжээ. 

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл Улаанбаатар хотын банкны ХУД тооцооны төв нь Б.Б-тэй 2014 оны 08 дугаар сарын 15-ны өдөр цалингийн зээлийн гэрээ байгуулж, 6.500.000 төгрөгийг 24 сарын хугацаагаар, сарын 1.80 хувийн хүүтэй зээлдүүлжээ. Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээнд Д.Дүгэрсүрэн хамтран зээлдэгчээр гарын үсэг зурсан байх ба зээлдэгч  зээлийн төлбөрийг цалин, түүнтэй адилтгах орлогоор төлөх, банк нь Б.Б-ийн цалинг үүргийн гүйцэтгэлийг хангах арга хэрэгслээр тодорхойлж, цалингаас шууд төлүүлэхээр тохиролцжээ. 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ Улаанбаатар хотын банктай хамтран ажиллах гэрээ байгуулсан талаар дурдаж, уг гэрээний дагуу Б.Б-ийн зээлийн төлбөрт  3.079.010 төгрөгийг төлсөн, шаардах эрх даатгагчид шилжсэн  гэжээ.

“П” ХХК нь Улаанбаатар хотын банктай 2014 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Цалингийн зээлийн эрсдэлийн даатгалын гэрээ байгуулсан байх ба  гэрээний зорилгыг дэд даатгуулагч зээл болон 3 сарын хүүгийн үлдэгдлийг төлж барагдуулахад даатгалын эрсдэлийн улмаас учирч болох хохирлоос даатгуулан хураамж төлж, даатгагч, даатгалын хугацаанд гэрээнд заасан нөхцлөөр даатгалаар хангахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино гэж тодорхойлжээ /хэргийн 32-34 дүгээр тал/.

Дээрх гэрээнд зээлдэгч болон хамтран зээлдэгчийг дэд даатгуулагч гэж тодорхойлсон, мөн уг гэрээ  2014 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс 2015 оны 6 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хүчин төгөлдөр үйлчлэх, гэрээний хугацаа дуусгавар болсон ч дэд даатгуулагч тус бүрийн хувьд даатгалын баталгаанд бичигдсэн хугацаагаар даатгал үйлчлэхээр гэрээний 2.2, 3.1-т зохицуулжээ. Уг гэрээний хугацаа дууссан бөгөөд  даатгалын баталгаа хэрэгт авагдаагүй байхад анхан шатны шүүх энэ талаар дүгнэлт хийгээгүй, давж заалдах шатны шүүх “...талууд хугацааны талаар маргаагүй, гэрээний хугацаа хүчинтэй гэж тодорхойлсон нь Б.Б-ийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүй” гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3, 118 дугаар зүйлийн 118.4-т нийцээгүй гэж үзнэ.  

Дэд даатгуулагч амь насаа алдах, хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 37, 38, 39, 40, 41 дүгээр зүйлд зааснаар цуцлагдсан тохиолдлыг  зээлтэй холбогдон үүсэх эрсдэлд хамруулахаар гэрээний 5.1.1-т заасан. Хамтран зээлдэгч нас барсан, өөрөө ажлаас халагдсан талаар хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа дурдсан боловч энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй, шүүх дүгнэлт өгөөгүй байна.

Дэд даатгуулагчаас банкинд төлөхөөр гэрээнд тусгагдсан зээлийн төлбөр, 3 сарын хүүгийн хамт нэхэмжлэх эрх даатгагчид үүсэхээр гэрээний 7.3-т заасан бөгөөд хариуцагч  зээлийн гэрээний дагуу банкинд хэдэн төгрөг төлөх үүрэгтэй байсан нь тодорхой бус, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

Нэхэмжлэгч дээр дурдсан гэрээг шүүх хуралдаанд гаргаж өгсөн, анхан шатны шүүх уг баримтыг хариуцагчид танилцуулаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.4, 25 дугаар зүйлийн 25.1.2-г зөрчжээ.

Иймд хэргийн нөхцөл байдал бүрэн тогтоогдоогүйгээс гадна шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг зөрчсөн талаарх хариуцагчийн өмгөөлөгчийн гомдол үндэслэлтэй тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 183/ШШ2017/02311 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 295 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдөр төлсөн 64.215 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ц.АМАРСАЙХАН

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ