Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 183/ШШ2017/02311

 

 

 

 

 

 

 

 

 

      2017 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 183/ШШ2017/02311

               

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Хан-уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Урангуа  даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: П.Д ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.Б-т холбогдох

3 079 010 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.М, Н.Б, хариуцагч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярцэнгэл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.З.Т.Н ОНӨААТҮГ-ын кондуктор ажилтай Б.Б нь 2014 оны 8 сарын 15-ны өдөр 6 500 000 төгрөгийн цалингийн зээлийг 24 сарын хугацаатай жилийн 21.6 хувийн хүүтэйгээр авч даатгалын шимтгэлд 65 000 төгрөгийг төлсөн. Б.Б нь зээл авснаас хойш графикийн дагуу зээлийн төлбөрийг төлж байсан бөгөөд 2015 оны 12 сарын 31-ний өдөр Н.З.Т.НОНӨААТҮГ-ын дугаар №Б/1921 тоот тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцлан ажилтанг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Б.Б нь 2016 оны 1 дүгээр сарын 12-ны өдрөөс зээлийн эргэн төлөлт хугацаа хэтэрч зөрчил үүсч зээлийн үлдэгдэл 2 907 237.31 төгрөг, зээлийн хүү1741 7736.94 төгрөг, нэмэгдүүлсэн зээлийн хүү 5 262.07 төгрөг, нийт 3 084 273.32 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байна. Улаанбаатар хотын банк нь П.Д ХХК-тай 2014 оны 6 сарын 26-ны өдрийн хамтран ажиллах гэрээ байгуулсны үндсэн дээр тус банкнаас 2016 оны 3 сарын 3-ны өдрийн 6-ё/974 дугаартай албан тоот явуулсны дагуу П.Д ХХКнь 2016 оны 3 сарын 21-ны өдрийн дугаар 30/1601066 тоот тушаалаар Б.Бийн цалингийн зээлийн эрсдэлийн нөхөн төлбөрт 3 079 010 төгрөгийг Улаанбаатар хотын банкны 2600072130 дансанд хийсэн болно. Улаанбаатар хотын банк нь П.Д ХХК-тай 2014 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн ЦЗЭ 30С14100534-3 тоот хамтран ажиллах гэрээний дагуу 5 дугаар зүйлийн 5.1 болон 5.1.5 дахь заалтуудад заасны дагуу даатгалын тохиолдол үүссэн тул зохих журмын дагуу цалингийн эрсдэлийн даатгалын нөхөн төлбөр болох 3 079 010 төгрөгийг Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7 дахь хэсэг, Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжилж байна гэв.

 

            Хариуцагч Б.Б шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Автобус 1 компанид ажиллаж байхдаа УБ банкнаас зээл авсан. 2015.12.30-нд эрүүл мэндийн шалтгаанаар ажлаасаа чөлөөлөгдсөн. Зээлийн үлдэгдлийг нөхөр маань төлөхөөр байсан боловч 2016.9.19-нд ажил үүргээ гүйцэтгэж байгаад ажил дээрээ нас барсан. Одоо би 3 өнчин хүүхдийн хамт амьдардаг, ажил орлоготой хүн байхгүй учраас энэ зээлийг төлж чадахгүй байгаа. Би зээлийн авч хэрэглэсэн нь үнэн, гэвч ажил орлогогүй тул төлөх чадваргүй байна гэв. 

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад   ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч П.Д ХХКхариуцагч Б.Б-ээс даатгалын төлбөр 3 079 010 төгрөгийг гаргуулахыг хүссэн бөгөөд хариуцагч үүнийг хүлээн зөвшөөрч байх боловч өөрийн амьдралын нөхцөл байдал тааруу болсон, ажил хийх боломжгүй, орлогогүй байгаа тул төлөх боломжгүй байна гэж тайлбарлажээ.

Хариуцагч Б.Б Улаанбаатар хотын банкнаас 2014 оны 8 сарын 15-ны өдөр цалингийн зээл 6 500 000 төгрөгийг жилийн 21.6 хувийн хүүтэй, 2016 оны 8 сарын 15-ны өдрийг хүртэл хугацаатай зээлж, зээлийн гэрээг байгуулжээ. /14-15-р хуудас/

Нэхэмжлэгч П.Д ХХК нь Улаанбаатар хотын банктай 2014 оны 6 сарын 26-ны өдөр байгуулсан цалингийн зээлийн эрсдлийн даатгалын гэрээ байгуулсан байх бөгөөд уг гэрээний 5 дугаар зүйлийн 5.1.5 дахь хэсэгт заасан зээлдэгч Б.Б хөдөлмөрийн гэрээ цуцлагдаж, ажлаас халагдсанаар даатгалын тохиолдол бүрдэж, даатгалын тохиолдол үүссэн байна. Иймд П.Д ХХК нь Б.-Бийн зээлийн төлбөрийн үлдэгдэл 3 079 010 төгрөгийг Улаанбаатар хотын банкны дансанд шилжүүлэн зээлийг нь хаасан байна. / 5-8-р хуудас/

Хариуцагч Б.Б зээлийн гэрээ болон зээлийн төлбөрийн хэмжээний талаар маргаагүй бөгөөд харин төлөх боломжгүй гэж тайлбарлаж байгааг шүүхээс хүлээн авах үндэслэл байхгүй юм.

Учир нь П.Д ХХК Б.Б-ийн зээлийн төлбөрийг Улаанбаатар хотын банкинд даатгалын гэрээний үндсэн дээр төлснөөс Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7 дахь хэсэгт зааснаар банкны зээл болон үндсэн хүүг шаардах эрх даатгалын компанид шилжсэн бөгөөд хариуцагч Б.Б уг төлбөрөөс чөлөөлөгдөх болон, багасгах хууль зүйн үндэслэл байхгүй юм.

 

Нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангасан тул нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Б-ээс 3 079 010 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч П.Д ХХК-д олгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 64 214.16 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Бээс 64 214.16 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

  

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Ц.УРАНГУА