Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 210/ма2020/02115

 

 

 

 

 

 

 

Э.Э-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн А.Отгонцэцэг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 184/ШШ2020/02327 дугаар шийдвэртэй Э.Э-ын нэхэмжлэлтэй хариуцагч М.А-т холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 12 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй, 2017 оны 10 дугаар сарын 30-ний өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ш, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

 

Нэхэмжлэгчээс шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа: М.А-т 2016 оны 6 сард 13 000 000 төгрөгийг 6 хувийн хүүтэй зээлсэн. Мөн 2017 оны 10 сарын 31-ний өдөр зээлийн гэрээ байгуулан 12 000 000 төгрөгийг 5 сарын хугацаатай хүүгүй зээлсэн. Гэрээгээр бэлэн мөнгө өгч аваагүй ч нотариатч бэлнээр өгсөн авсан гэж гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно гэж тайлбарласан тул бид гарын үсгээ зурсан. Энэхүү гэрээг М.А-ын хүсэлтийн дагуу байгуулсан. М.А-ын надад өгөх мөнгө хүүтэйгээ 14 000 000 гаран болсон ч, бид ярилцаж тохиролцоод түүнийг харж үзэн 12 000 000 төгрөг болгож багасгаж, хүүгүй 5 сарын дотор төлөхөөр тохиролцож гэрээ байгуулсан. Зээлээ төлж чадаагүйн улмаас М.А- хүсэлт гаргаж 12 000 000 төгрөг болтол багасгаж өгөөч гэхэд зөвшөөрч, талууд шинээр гэрээ байгуулсан. М.А- нь 5 сарын хугацаанд зээл төлөх үүргээ огт биелүүлээгүй. Сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. М.А-ын хүсэлтээр гэрээ байгуулсан тул тэрээр төөрөгдөлд ороогүй. Иймд 12 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.О шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч нь иргэн М.М-д 9 000 000 төгрөгийн өртэй байсан ба М.М- нь эгч Э.Э-д 9 000 000 төгрөгийн өртэй байсан тул М.А-, Э.Э-д өгөхөөр тохирсон. М.А- 7-8 сарын хугацаанд 3 000 000-4 000 000 төгрөг төлсөн. Э.Э- 2018 оны 10 сарын 30-аас 2019 оны 4 сарын 1-ний өдрийг хүртэл 12 000 000 төгрөгийг зээлсэн болж, гэрээ байгуулсан ч төлж чадаагүй байна. М.А- нь 9 000 000 төгрөгөөс өгсөн 3 000 000-4 000 000 төгрөгийг хасаад үлдэгдэл мөнгийг төлнө гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Одгал шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Зээлийн гэрээ дээр Э.Э-ыг Бүгд Найрамдах Солонгос улсын иргэн гэж бичсэн байхад монгол улсын иргэний үнэмлэхний хуулбараа хавсаргасан. 12 000 000 төгрөгийг хүлээж авсан баримт байхгүй, 12 000 000 төгрөг өгсөн гэх баримт байна. М.М- нь Э.Э-д өртэй байсан бөгөөд энэ өр нь 13 000 000 төгрөг байх. Хариуцагч сар болгон 780 000 төгрөгийг төлөөд явж байсан ба хүү төлж байгаагаа мэдээгүй. Зээлийн гэрээнд хүү тооцсон бол бичгээр хийх ёстой ба Э.Э-, М.А- нарын хооронд бичгээр байгуулсан гэрээ байхгүй, гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 281.2, мөн хуулийн 282 дугаар зүлийн 282.3, 56 дугаар зүйлийн 56.3 дах хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч М.А-аас 5 560 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Э.Э-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 6 440 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 206 950 төгрөг, хариууцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 206 950 төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 103 910 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Одгал давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: М.А- нь 2015 онд М.М-д 9 000 000 төгрөгийн өртэй байсан. М.А-, М.М- нар ах дүүсийн хүүхдүүд учир аман хэлбэрээр тавьсан өр байдаг. Гэтэл М.М- эгч Э.Э-даа 9 000 000 төгрөгийн өртэй байсан учир М.А- Э.Э-д 9 000 000 төгрөгийг төлөхөөр тохирсон. М.М- Э.Э-аас 3 хувийн хүүтэй мөнгө зээлсэн байдаг ба зээлээ 6 хувийн хүүтэй төлүүлэхээр тохирсон нь гэрч М.М-ы мэдүүлэгт дурддаг. Хариуцагчаас 2016 оны 7 сарын 26-ны өдрөөс 2020 оны 5 сарын 19-ний өдрийн хооронд нийт 8 620 000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн. Шүүхийн шийдвэрт хариуцагч 6 440 000 төгрөгийг төлсөн гэдгийг ямар баримтыг үндэслэл болгосныг тайлбарлаагүй. Нэхэмжлэгч 13 000 000 төгрөгийг данснаасаа гаргаж өгсөн гэдэг боловч зээлсэн гэдгээ нотолж чаддаггүй. 9 000 000 төгрөгөөс төлсөн 8 620 000 төгрөгийг хасч 380 000 төгрөг төлөхөөр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ

 

Анхан шатны шүүх нотлох баримтыг зөв харьцуулан дүгнээгүй алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс залруулан дүгнэж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч Э.Э- нь хариуцагч М.А-т холбогдуулан 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн зээлийн гэрээний үүрэгт 12 000 000 төгрөг гаргуулахаар шаардсан бөгөөд шүүх хуралдааны явцад хариуцагчийн төлсөн 100 000 төгрөгийг суутган тооцож 11 900 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгажээ. /хх 70/

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас 3-4 сая орчим төгрөг хасуулж үлдсэнийг зөвшөөрнө гэсэн агуулга бүхий тайлбар гаргасан. /хх 12,32 /

 

Нэхэмжлэгч Э.Э-ын нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгож буй 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 12 000 000 төгрөгийн зээлийн гэрээг талууд нөхөж хийсэн, өмнөх үүргээ гүйцэтгэхгүй явсаар 12 000 000 төгрөгийн өр хуримтлагдсан гэж тайлбарлажээ.

 

Хариуцагч нь 12 000 000 төгрөгийн үнийн дүн бүхий зээлийн гэрээ байгуулахдаа, 12 000 000 төгрөг хүлээн авсан гэх баримт үйлдсэн нь хэрэгт авагдсан байна. /хх2/

 

Хариуцагч М.А- нь зээлийн гэрээний үүрэгт нийт 7 440 000 төгрөг төлсөн гэж анхан шатны шүүхээс дүгнэснийг нэхэмжлэгч зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаагүй, хариуцагч 8 620 000 төгрөг буцаан төлсөн гэх боловч энэ нь баримтаар нотлогдохгүй байна.

 

Иймд дээрх бичмэл нотлох баримтад үндэслэн зээл 12 000 000 төгрөгөөс хариуцагчийн төлсөн 7 440 000 төгрөгийг хасч тооцон 4 560 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгч Э.Э- нь 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн зээлийн гэрээгээр 12 000 000 төгрөг шаардсан /хариуцагч 100 000 төгрөг төлсөн/ байхад анхан шатны шүүх 13 000 000 төгрөгөөс зээлийн бодолтыг хийсэн нь нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хальсан шинжтэй болжээ. /хх 75/

 

Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэсэгчлэн хангаж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дах хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 184/ШШ2020/02327 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 5 560 000 төгрөг гэснийг 4 560 000 төгрөг гэж, 6 440 000 төгрөг гэснийг 7 440 000 төгрөг гэж өөрчлөн, тогтоох хэсгийн 2 дах заалтын 103 910 төгрөг гэснийг 87 910 төгрөг гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 103 910 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ОТГОНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА

 

Ш.ОЮУНХАНД