Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 001/ХТ2022/00312

 

  

 

*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

  

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Банзрагч даргалж, шүүгч Б.Мөнхтуяа, П.Золзаяа, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 184/ШШ2020/02327 дугаар шийдвэр

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 2115 дугаар магадлалтай,  

*******ын нэхэмжлэлтэй,

*******т холбогдох  

Зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 12,000,000 төгрөг гаргуулах үндсэн

нэхэмжлэлтэй,

2017.10.30-ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах

тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг  

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Одгалийн гаргасан гомдлоор

Шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ: 

1. ******* нь *******т холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 12,000,000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргаж, 2017.10.30-ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ. 

2. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 184/ШШ2020/02327 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 56 дугаар зүйлийн 56.3-т заасныг тус тус баримтлан хариуцагч *******аас 5,560,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлээс үлдэх 6,440,000 төгрөгийн шаардлагыг, хариуцагчийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь тус тус хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 206,950 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 206,950 төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 103,910 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ. 

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 2115 дугаар магадлалаар Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 184/ШШ2020/02327 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 5,560,000 төгрөг гэснийг 4,560,000 төгрөг гэж, 6,440,000 төгрөг гэснийг 7,440,000 төгрөг гэж өөрчлөн, тогтоох хэсгийн 2 дах заалтын 103,910 төгрөг гэснийг 87,910 төгрөг гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 103,910 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэсэн байна.  

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Одгал хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...******* М.Мөнхсайханд өгөх ёстой мөнгөө эгч *******д төлөх ёстой гэдгээ ухамсарлаж байсан тул сар бүр дараах төлбөрийг төлж барагдуулсан.

2016.07.26-нд 780,000 төгрөгийг М.Мөнхсайханы данснаас төлсөн,

2016.11.25-нд 780,000 төгрөг н.Оргил гэсэн нэрээр М.Мөнхсайхны данснаас төлсөн,

2016.12.26-нд 780,000 төгрөг, *******ын ХХБ-аас *******ын Голомт банкны 1605022660 дансанд,

2017.01.26-нд 780,000 төгрөгийг *******ын ХХБ-аас *******ын Голомт банкны 1605022660 дансанд,

2017.02.25-нд 780,000 төгрөг н.Оргил гэсэн нэрээр төлсөн,

2017.03.27-нд 450,000 төгрөг *******ын ХХБ-аас *******ын Голомт банкны 1605022660 дансанд,

2017.03.30-нд 90,000 төгрөг *******ын ХХБ-аас *******ын Голомт банкны 1605022660 дансанд,

2017.04.26-нд 540,000 төгрөг *******ын ХХБ-аас *******ын Голомт банкны 1605022660 дансанд,

2020.05.19-нд 100,000 төгрөгийг хаан банкнаас шилжүүлсэн бөгөөд нийт 3,520,000 төгрөгийг төлсөн,

2016.10.25-нд 750,000 төгрөг н.Оргил гэсэн нэрээр М.Мөнхсайханы данснаас төлсөн,

2016.11.02-нд 450,000 төгрөгийг н.Оргил гэсэн нэрээр М.Мөнхсайханы данснаас төлсөн,

2016.09.28-нд 780,000 төгрөгийг н.Оргил гэсэн нэрээр И.Мөнхсайханы данснаас төлсөн,

2016.08.26-нд 780,000 төгрөгийг н.Оргил гэсэн нэрээр М.Мөнхсайханы данснаас төлсөн,

М.Мөнхсайханы данснаас 1,080,000 төгрөг *******д шилжүүлснээс 780,000 төгрөг нь ******* төлсөн төлбөр гэж гэрч мэдүүлдэг, ингээд нийт банкны хуулгаар 8, 620,000 төгрөгийг ******* нь *******д төлсөн байдаг. Гэтэл шүүх 7,440,000 төгрөгийг төлсөн гэж тооцоолол буруу хийсэн. 2020.05.19-нд төлсөн 100,000 төгрөгийг, 2016.10.25-нд 750,000 төгрөг, н.Оргил гэсэн

нэрээр М.Мөнхсайханы данснаас төлсөн, 2016.10.25-нд 750,000 төгрөгийг н.Оргил гэсэн нэрээр М.Мөнхсайханы данснаас төлсөн нийт 350,000 төгрөг гэж буруу бодсон. 1,250,000 төгрөгийг буруу бодсон байна. Нэхэмжлэгч тал 13,000,000 төгрөгийг данснаасаа гаргаж өгсөн гэдэг боловч шүүхэд зээл өгсөн гэх дансны хуулгаа гаргаж өгөхийг хүссэн боловч байхгүй тул гаргаж өгөөгүй. Нэхэмжлэгч мөнгө зээлдүүлсэн гэдгээ нотолж чаддаггүй. Учир нь М.Мөнхсайханд зээлсэн учраас баримтаа гаргаж өгдөггүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчид эрх үүрэг, эрүүгийн хариуцлагын талаар тайлбарладаг ч гэрчүүд худал мэдүүлдэгт хариуцлага тооцдоггүй. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн хариу тайлбарыг үнэлж, дүгнэсэн нь буруу юм. Нотлох баримтын хүрээнд нэхэмжлэгч болон гэрч нараас гаргаж өгсөн дансны хуулгаар ******* нь 8,620,000 төгрөг төлсөн баримт байдаг. Учир нь ******* цаашид гарах үр дагаврыг ойлгохгүй зээлийн гэрээнд гарын үсэг зурсан, мөнгө хүлээж авсан гэх баримт ч үйлдсэн нь аливаа асуудлын учрыг нарийн хардаггүй, хэдэн төгрөг төлсөнөө ч мэдэхгүй хээгүй залуу юм.

12 сая төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх тул 9 сая төгрөгөөс төлсөн 8,620,000 төгрөгийг хасч 380,000 төгрөг төлөхөөр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэсэн гомдлыг давж заалдах шатны шүүхэд гаргасан боловч анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг буруу хэрэглэсэн. *******, ******* нарын дунд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй, өрийг шилжүүлж төлж эхэлсэн л асуудал байдаг. М.Мөнсайхан, ******* нарын хооронд Иргэний хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д зааснаар хийсэн хэлцэл хийгдэж *******тай өр шилжиж авсан яриа л байдаг. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү. Хүн чанарын хувьд М.Мөнхсайханд өгөх мөнгөө хэт удаасан учраас *******д 12,000,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулахдаа өмнө нь төлөгдөөгүй мөнгөө өгнө гэж бичсэн учраас 3,380,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. гэжээ.  

ХЯНАВАЛ:  

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Одгалын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна. 

6. Анхан шатны шүүх *******аас 5,560,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 6,440,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосныг давж заалдах шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 5,560,000 төгрөг гэснийг 4,560,000 төгрөг гэж, 6,440,000 төгрөг гэснийг 7,440,000 төгрөг гэж өөрчлөн, тогтоох хэсгийн 2 дах заалтын 103,910 төгрөг гэснийг 87,910 төгрөг гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээжээ. 

7. Нэхэмжлэгч ******* нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...2017.10.31-ний өдрийн зээлийн гэрээг талууд нөхөж хийсэн, өмнөх үүргээ гүйцэтгэхгүй явсаар 12,000,000 төгрөгийн өр хуримтлагдсан, ...хариуцагчийн төлсөн 100,000 төгрөгийг суутган тооцож, 11,900,000 төгрөг гаргуулах... гэж тодорхойлсон байна. 

8. Хариуцагч ******* ...нэхэмжлэлийн шаардлагаас 3-4 сая орчим төгрөг хасуулж үлдсэнийг зөвшөөрнө. ...сар болгон 780,000 төгрөгийг төлөөд явж байсан ба хүү төлж байгаагаа мэдээгүй. Зээлийн гэрээнд хүү тооцсон бол бичгээр хийх ёстой ба *******, ******* нарын хооронд бичгээр байгуулсан гэрээ байхгүй, гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү... гэж мэтгэлцжээ. 

Зохигчийн хооронд зээлийг төлөх үүрэгтэй эсэх, гэрээний хүчинтэй байдал маргааны зүйл болжээ. 

Давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 7,440,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргаагүй тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны диспозитив зарчмын дагуу хангагдсан хэмжээнд хэргийн талаар дүгнэлт хийнэ.  

9. Давж заалдах шатны шүүх талуудын хооронд үүссэн маргааныг хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ. 

10. Зохигч 2018.10.31-ний өдөр зээлийн гэрээгээр 12,000,000 төгрөгийг 2018.10.31-ний өдрөөс 2019.04.01-ний өдөр хүртэл 5 сарын хугацаатай, хүүгүй зээлэхээр харилцан тохиролцож гэрээнд гарын үсгээ зуржээ.  

Талууд хүсэл зоригоо илэрхийлэн хожим гэрээг бичгээр үйлдэж, түүнд хэн аль нь гарын үсэг зурж, нотариатаар гэрчлүүлсэн байх тул Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2, 43 дугаар зүйлийн 43.2.1, 196 дугаар зүйлийн 196.1.2-т зааснаар зээлийн гэрээг байгуулсанд тооцно. 

Хоёр шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээ гэж зөв тодорхойлж, уг гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар үндэслэлтэй дүгнэлт хийжээ.  

10.1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж, мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж тус тус заасан. 

Өөрөөр хэлбэл зээлийн гэрээний гол шинж нь зээлдүүлэгч гэрээний зүйл болох эд хөрөнгийг тодорхой хугацаанд ашиглуулах зорилгоор зээлдэгчийн өмчлөлд шилжүүлсний дагуу зээлдэгч нь хөрөнгийг хүлээн авч захиран зарцуулсан байхыг ойлгоно. 

10.2. *******ын нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж буй 2017.10.31-ний өдрийн зээлийн гэрээг талууд хожим нөхөж хийсэн, хариуцагч өмнөх үүргээ гүйцэтгэхгүй явсаар 12,000,000 төгрөгийн өр хуримтлагдсан болох нь зохигчийн шүүхэд гаргасан тайлбараар нотлогдсон байх тул нэхэмжлэгч зээлийн гэрээний үүргийг шаардах эрхтэй. 

11. Нэхэмжлэгч ******* нь зээлийн гэрээний дагуу 12,000,000 төгрөг шаардсан байхад анхан шатны шүүх 13,000,000 төгрөгөөс зээлийн бодолтыг хийсэн нь нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хальсан шинжтэй гэж давж заалдах шатны шүүхийн дүгнэж, шийдвэрт өөрчлөлт оруулсныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасныг зөрчсөн гэж үзэхгүй.  

12. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Одгал хяналтын журмаар гаргасан гомдолдоо ...гэрээний үлдэгдэл 380,000 төгрөг... гэсэн утга агуулгыг дурдсан хэдий ч хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд уг нөхцөл байдал тогтоогдохгүй байна.  

Энэ нь хариуцагч тайлбарын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасны дагуу нотлоогүй гэж үзнэ. 

13. Хэрэгт авагдсан баримтын хэмжээнд хариуцагчийн үүргийг тодорхойлж, *******аас 4,560,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлээс үлдэх 7,440,000 төгрөгийн шаардлагыг, хариуцагчийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь тус тус хэрэгсэхгүй болгосон давж заалдах шатны шүүхийн магадлал Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 56 дугаар зүйлийн 56.3-т заасан зохицуулалт, тэдгээрт заасан ойлголт, шаардлага, агуулгад нийцсэн байна. 

14. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн үндэслэлээ тодорхой заасан, зохигчийн хоорондох эрх зүйн маргаанд хэрэглэгдэх хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Одгалын гомдлыг хангах үндэслэл тогтоогдоогүй учир хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 2115 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Одгалын гомдлыг хангахгүй орхисугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 89,350 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

   

                                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                Г.БАНЗРАГЧ  

                                                          ШҮҮГЧИД                Б.МӨНХТУЯА

                                                                                           П.ЗОЛЗАЯА 

                                                                                           С.СОЁМБО-ЭРДЭНЭ 

                                        Х.ЭРДЭНЭСУВД