Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2020/00666

 

 

 

 

 

2020 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2020/00666

 

 

 

А ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч С.Энхтөр, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 183/ШШ2019/02654 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч А ХХК-ийн хариуцагч Эрдэнэт үйлдвэр ТӨҮГазарт холбогдуулан Эрдэнэт ойл ХХК-ийг татан буулгах асуудлаар хувьцаа эзэмшигчдийн хуралдааныг хуралдуулахыг хариуцагчид даалгах, тос үйлдвэрлэх тоног төхөөрөмжийг буцаан нүүлгэн шилжүүлэх, угсрах зардалд 1 245 200 000 төгрөг, хохиролд 746 461 279.78 төгрөг, олох ёстой байсан нийт ашгийн 50 хувь буюу 1 730 950 000 төгрөг нийт 3 752 561 279.78 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ганболд, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Болдбаяр, Т.Батдорж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Лхагвасүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгч А ХХК-ийн төлөөлөгч Н.Ангар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: А ХХК болон Эрдэнэт үйлдвэр ТӨҮГазар нь 2008 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хамтран ашиг олох зорилгоор Эрдэнэт ойл ХХК-ийг 50:50 хувийн хувьцааг эзэмшиж, дүрмийн санг 100 000 ам.доллар байхаар тохиролцож байгуулсан. Улмаар А ХХК нь өөрийн өмнө эрхэлж байсан Мон-Аме-Квалитет ХХК-ийн хувьцааг худалдан авч тухайн компанийг татан буулган үйлдвэрийн тоног төхөөрөмжийг хамтран байгуулсан Эрдэнэт ойл ХХК-ийн үйл ажиллагаанд ашиглах зорилгоор өөрийн зардлаар буулган, нүүлгэж Эрдэнэт үйлдвэр ТӨҮГазрын хашаанд угсарч суурилуулсан бөгөөд улсын комисст хүлээлгэн өгсөн. Тос үйлдвэрлэлийн үйл ажиллагааг А ХХК-ийн эхний ээлжийн санхүүжилтээр эхлүүлж үйлдвэрлэлийг явуулсан ба үйлдвэрлэл зогсох хүртэл нийт 776 461 279.78 төгрөгийн зардал гаргасан байна.

2008 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Эрдэнэт ойл ХХК-ийг үүсгэн байгуулах хурлын протоколоор Эрдэнэт үйлдвэр ТӨҮГазар нь хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс компани 2012 оноос хойш өнөөдрийг хүртэл үйл ажиллагаа явуулаагүй, цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон. А ХХК-аас хариуцагчид үйлдвэрийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, үйлдвэрлэсэн тосыг худалдан авахыг удаа дараа шаардаж, хөрөнгө оруулалтыг хийх болон үйлдвэрлэлийн асуудлаар хувьцаа эзэмшигчдийн хуралдааныг хийх талаар санал гаргаж байхад нэг ч хариу ирүүлээгүй. Энэ нь хувьцаа эзэмшигч Эрдэнэт үйлдвэр ТӨҮГазрын шууд буруутай үйл ажиллагаанаас хамааралтай байсан.

Мөн үйлдвэрлэлийн үйл ажиллагааг үргэлжлүүлэх талаар тухайн үеийн Төрийн өмчийн хороогоор дамжуулан хувьцаа эзэмшигчдийн хуралдааныг хийх болон цаашид үйлдвэрлэлийн үйл ажиллагааг явуулах эсэх талаар мэдэгдэж байсан боловч тодорхой хариу ирүүлээгүй. Эрдэнэт ойл ХХК-ийг төлөөлөх эрх бүхий этгээд байхгүй, тэдгээрийг томилох, чөлөөлөх талаар нэг ч арга хэмжээ аваагүй, авах боломжгүй болсон. Үүний улмаас Эрдэнэт ойл ХХК-ийн үйл ажиллагааны зардал болон бусад зардлыг А ХХК нь дангаар гаргаж байсан ба энэ талаар хариуцагч маргадаггүй.

Иргэний хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 32.1.4-т заасны дагуу Эрдэнэт ойл ХХК-ийн хувьцаа эзэмшигч болох А ХХК-ийн зүгээс хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулахыг удаа дараа Эрдэнэт үйлдвэр ТӨҮГазраас шаардсан албан бичгийг хүргүүлсэн боловч хариуцагч нь хурлын шийдвэр болон хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байх тул Эрдэнэт ойл ХХК-ийг татан буулгах эсэх асуудлаар хувьцаа эзэмшигчдийн хуралдааныг хуралдуулахыг хариуцагчид даалгуулах шаардлага гаргасан.

 

А ХХК нь өөрийн Мон-Аме-Квалитет ХХК-ийг татан буулгаж үйлдвэрийн тоног төхөөрөмжийг Эрдэнэт ойл ХХК-ийн үйл ажиллагааг явуулах үүднээс буулган, нүүлгэж Эрдэнэт үйлдвэр ТӨҮГазрын хашаанд угсарч, суурилуулан үйлдвэрийн түүхий эдээр хангах зэрэгт нийт 7 852 938 000 төгрөгийн зардал гаргасан болох нь шүүхээс томилсон шинжээч Вендо ХХК-ийн үнэлгээний тайлангаар тогтоогдсон. Зөвхөн тосны үйлдвэрийн тоног төхөөрөмжийг шилжүүлэн суурилуулахад нэг талдаа 622 600 000 төгрөгийн зардал үйл ажиллагааны зардалд 776 461 279.78 төгрөгийн зардлыг гаргаж хохирсон. Мөн Эрдэнэт үйлдвэр ТӨҮГазар нь үүргээ биелүүлж, Эрдэнэт ойл ХХК бүрэн ажилласан бол Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн гаргасан бизнесийн үнэлгээний тайлангаар 2010-2014 онд 3 461 900 000 төгрөгийн цэвэр ашиг олох байсан.

Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2, 9.3 дахь хэсэгт Эрдэнэт үйлдвэр ТӨҮГазар нь өөрийн эзэмшиж буй хувьцааны хэмжээнд Эрдэнэт ойл ХХК-ийн олох ёстой байсан ашиг болох 3 461 900 000 төгрөгийн 50 хувь 1 730 950 000 төгрөг, Вендо ХХК-ийн шинжээчийн дүгнэлтээр тосны үйлдвэрийн тоног төхөөрөмжийг шилжүүлэн угсарч суурилуулахад нэг талд 622 600 000 төгрөгийн зардал гарсан гэж дүгнэсэн бөгөөд тухайн тоног төхөөрөмжийг буцаан шилжүүлж, барьж угсрахад мөн адил зардал гарна гэж тооцон /622 600 000+622 600 000/ 1 245 200 000 төгрөг, А ХХК-ийн зүгээс Эрдэнэт ойл ХХК-ийн 2013 оны 4 дүгээр улирлын тайлангаар үйл ажиллагааны зардалд гарсан 776 461 279.78 төгрөг нийт 3 752 611 279.78 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч А ХХК-д олгож, Эрдэнэт Ойл ХХК-ийг татан буулгах эсэх асуудлаар хувьцаа эзэмшигчдийн хуралдааныг хуралдуулахыг хариуцагч Эрдэнэт Үйлдвэр ТӨҮГ-т даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Лхагвасүрэн шүүхэд гаргасан хариу тайлбартаа: А ХХК-аас гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ нь Эрдэнэт ойл ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хуралдааныг хуралдахад саад учруулсан зүйл байхгүй. Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлд зааснаар 59.4 дэх хэсэгт зааснаар төлөөлөн удирдах зөвлөл байхгүй бол гүйцэтгэх удирдлагын шийдвэрээр хувьцаа эзэзмшигчдийн хурлыг зарлан хуралдуулж болно. Өнөөдрийн байдлаар Эрдэнэт ойл ХХК-ийн гүйцэтгэх захирлыг чөлөөлсөн, өөрчилсөн эрх зүйн акт гараагүй байна.

2008 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн хурлын шийдвэрт Эрдэнэт үйлдвэр ТӨҮГазар нь Эрдэнэт ойл ХХК-ийн үйл ажиллагаа явуулах, аливаа тендер шалгаруулалтанд оролцоход баталгаа гаргах асуудлыг зохих журмын дагуу хариуцах үүргийг хүлээсэн бөгөөд үүнээс өөр ямар нэгэн үүрэг хүлээсэн заалт байхгүй. Нөгөө талаар нэхэмжлэгч хохирлоо гэм буруутай этгээдээс шаардах эрхтэй. Мөн уг хурлын шийдвэрт зааснаар А ХХК нь Эрдэнэт ойл ХХК-д тосны үйлдвэр тоног төхөөрөмжийг нийлүүлэх, үйлдвэрийг мэргэжлийн удирдлага, түүхий эдээр хангах зэрэг үүргийг тус тус хүлээсэн. Энэхүү үүргийнхээ хүрээнд тоног төхөөрөмжийг буулган, нүүлгэж угсарсан байна. Улсын Дээд шүүхийн 001/ХТ2019/00039 дугаар тогтоолд А ХХК нь үйлдвэрийн тоног төхөөрөмжийг 3 975 000 ам.долларын үнэ цэнэтэй гэж үзэж, ийм хэмжээний хөрөнгө оруулсан гэсэн. Компанийн тухай хуульд зааснаар хувьцаа зэзмшигч нар энэ талаар шийдвэр гаргаагүй тохиолдолд шүүх компанийн дүрмийн санг өсгөх, хувьцааны хувийг нэмэх агуулгатай шийдвэрийг хөндлөнгөөс гаргах үндэслэлгүй гэж дүгнэсэн байна. Иймээс хувь нийлүүлсэн компанийн хөрөнгийг нэмэгдүүлэх талаар хувьцаа эзэмшигч нөгөө хувьцаа эзэмшигчээс шаардах эрхгүй юм.

Тосны тоног төхөөрөмжийг шилжүүлэн суурилуулах нэг талдаа 622 600 000 төгрөг, нийт 1 245 200 000 төгрөгийн зардлыг Эрдэнэт үйлдвэр ТӨҮГазраас гаргах хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь энэ талаар хууль болон дүрэм, үүсгэн байгуулсан хурлаар ямар нэгэн үүрэг хүлээгээгүй.

Эрдэнэт ойл ХХК нь 2013 оны байдлаар 766 600 000 төгрөгийн өглөгтэй, 13 000 000 төгрөгийн авлагатай, 132 000 000 төгрөгийн алдагдалтай гэсэн баримт хэрэгт байх ба компани 2009 оноос хойш ашигтай ажиллаагүй, нөгөө талаар компанийг татан буулгах тохиолдолд бусдад төлөх өр төлбөрийг хасч, авлагаа тооцоход эд хөрөнгө үлдэх эсэх, хөрөнгийг хуваарилах эсэх асуудал тодорхой бус байхад хувьцаа эзэмшигч нарын хооронд олох байсан ашгийг хуваарилж гаргуулахаар нэхэмжилсэн нь Компанийн хуулийг зөрчсөн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Шүүх: Компанийн тухай хуулийн 9.2, 9.3, 60.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-т холбогдох нийт 3 752 561 279.78 төгрөг гаргуулах, Эрдэнэт-Ойл ХХК-ийг татан буулгах асуудлаар хувьцаа эзэмшигчдийн хуралдаан хуралдуулахыг даалгах тухай нэхэмжлэгч А ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1, 54 дүгээр зүйлийн 54.1.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 16 251 000 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид нэмж 2 740 206 төгрөг гаргуулж улсын төсөвт оруулж, нэхэмжлэгчээс шинжээчийн зардалд 9 000 000 төгрөгийг гаргуулж Вендо ХХК-нд олгож, шинжээчийн зардалд хариуцагчаас урьдчилан төлсөн 2 900 000 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж хариуцагч Эрдэнэт үйлдвэр ТӨҮГазарт олгон шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Болдбаяр давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч байна. А ХХК болон Эрдэнэт үйлдвэр ТӨҮГазар нь Эрдэнэт ойл ХХК-ийн 50:50 хувьцааг тус бүр эзэмшдэг бөгөөд Компанийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.7, 69 дүгээр зүйлийн 69.1 дэхь хэсэгт заасны дагуу хэн аль нь дангаараа хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулж Эрдэнэт ойл ХХК-тай холбоотой асуудлаар дангаар шийдвэр гаргах боломжгүй. Нэхэмжлэгч А ХХК-ийн зүгээс Эрдэнэт ойл ХХК-ийн үйлдвэрийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, үйлдвэрлэсэн тосыг худалдан авахыг Эрдэнэт үйлдвэр ТӨҮГазраас шаардаж, хөрөнгө оруулалтыг хийх болон үйлдвэрлэлийн цаашдын асуудлаар хувьцаа эзэмшигчдийн хуралдааныг хийх талаар Компанийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасан эрхийнхээ хүрээнд удаа дараа санал гаргаж байсан боловч нэг ч хариу ирүүлээгүй ба Эрдэнэт ойл ХХК-ийн хэвийн үйл ажиллагаа алдагдаж үйлдвэрлэл бүрэн зогссон. Тухайн үеийн Төрийн өмчийн хороогоор дамжуулан хувьцаа эзэмшигчдийн хуралдааныг хийх болон цаашид үйлдвэрлэлийн үйл ажиллагааг явуулах эсэх талаар мэдэгдэж байсан боловч Эрдэнэт үйлдвэр ТӨҮГазраас хариу ирүүлээгүй. Анхан шатны шүүх үндэслэлгүйгээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэнд гомдолтой байна.

А ХХК нь Мон Аме Квалитет ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч болж, Мон аме квалитет ХХК-ийг татан буулгаж, өөрийн үйлдвэрийн тоног төхөөрөмжийг буулган нүүлгэж, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн /хуучин нэрээр/ хашаанд угсарч суурилуулснаар 2008 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Эрдэнэт ойл ХХК-ийг үүсгэн байгуулах хурлын 01/2008 дугаар тэмдэглэлд заасан үүргээ бүрэн биелүүлсэн. Гэтэл хариуцагч нь уг хурлын шийдвэрийн 11-т заасны дагуу манай компаниас нүүлгэн авчирч, угсарч, суурилуулсан тоног төхөөрөмжийг Эрдэнэт ойл ХХК-ийн хөрөнгөд бүртгэхгүй, дараа дараагийн хөрөнгө оруулалт, бусад асуудлуудаа шийдвэрлэхээр хувьцаа эзэмшигчдийн хурлыг удаа дараа зарлахаар хуралдаа ирдэггүй, өөрийн хувь эзэмшдэг компанийн үйлдвэрлэсэн тосыг эрх бүхий этгээдийн дүгнэлтгүйгээр чанарын асуудлаар нийлүүлэлтийг зогсоож өөрийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлээгүй буруутай гэж үзэж байна.

А ХХК-ийн хувьд зөвхөн тосны үйлдвэрийн тоног төхөөрөмжийг шилжүүлэн суурилуулахад нэг талдаа 622 600 000 төгрөгийн зардал, үйл ажиллагааны зардалд 776 461 279,78 төгрөгийн зардлыг гаргаж хохирсон. Мөн Эрдэнэт үйлдвэр ТӨҮГазар нь үүргээ биелүүлж, Эрдэнэт ойл ХХК нь бүрэн ажилласан бол Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн гаргасан бизнесийн үнэлгээний тайлангаар 2010-2014 онд олох цэвэр ашгийн хэмжээг нийт 3 461 900 000 төгрөг байхаар тодорхойлсон.

Хэрэв А ХХК нь Мон Аме Квалитет ХХК-ийг татан буулгаагүй, эсвэл Эрдэнэт үйлдвэр ТӨҮГазар хөрөнгө оруулалт хийж тос худалдан авах, Компанийн тухай хуульд заасан хувьцаа эзэмшигчийн үүргээ бүрэн биелүүлж, Эрдэнэт ойл ХХК-ийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байсан бол дээрх хөрөнгийн үнэлгээний тайланд тусгагдсан ашгийг олох бүрэн боломжтойн дээр "А ХХК нь хохирол хүлээхгүй байсан.

Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2, 9.3 дахь хэсэгт заасны дагуу Эрдэнэт үйлдвэр ТӨҮГазар нь өөрийн эзэмшиж буй хувьцааны хэмжээнд Эрдэнэт ойл ХХК-ийн олох ёстой байсан ашиг болох Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан 3 461 900 000 төгрөгийн 50 хувь 1 730 950 000 төгрөг, тосны үйлдвэрийн тоног төхөөрөмжийг шилжүүлэн угсарч суурилуулахад нэг талд гарсан 622 600 000 төгрөгийн зардал дээр тухайн тоног төхөөрөмжийг буцаан шилжүүлж, барьж угсрахад мөн адил зардал гарна гэж тооцон /622 600 000+622 600 000/ 1 245 200 000 төгрөг, Эрдэнэт ойл ХХК-ийн 2013 оны 4 дүгээр улирлын тайлангаар үйл ажиллагааны зардалд гарсан 776 461 279,78 төгрөгийг тус тус хариуцагч Эрдэнэт үйлдвэр ТӨҮГазар хариуцах үүрэгтэй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байна.

Нэхэмжлэгч А ХХК нь хариуцагч Эрдэнэт үйлдвэр ТӨҮГазарт холбогдуулан Эрдэнэт ойл ХХК-ийг татан буулгах асуудлаар хувьцаа эзэмшигчдийн хуралдааныг хуралдуулахыг даалгах, гаргасан зардал, олох ёстой байсан ашиг, гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас учирсан хохиролд нийт 3 752 561 279.78 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Эрдэнэт ойл ХХК-ийг татан буулгах асуудлаар хувьцаа эзэмшигчдийн хуралдааныг хуралдуулахыг хариуцагчид даалгах шаардлагын тухайд

Талууд хамтран 100 000 ам.долларын дүрмийн сантай Эрдэнэт ойл ХХК-ийг үүсгэн байгуулж, А ХХК болон Эрдэнэт үйлдвэр ХХК /хуучин нэрээр/ нар тус бүр 50:50 хувийн хувьцаа эзэмшихээр харилцан тохиролцон, дүрмээ баталж, улсын бүртгэлд бүртгүүлсэн, дүрмэнд тодорхойлсон үйл ажиллагааны зорилгын дагуу тос тосолгооны материал үйлдвэрлэж байсан үйл баримтад маргаангүй. /1хх-7-16

Нэхэмжлэгч А ХХК нэхэмжлэлийн нэг дэх шаардлагын үндэслэлээ ... Эрдэнэт ойл ХХК 2012 оноос хойш үйл ажиллагаа явуулаагүй, цаашид явуулах боломжгүй болсон, ... хувьцаа эзэмшигчдийн хуралдааныг хуралдуулах талаар удаа дараа хариуцагчид мэдэгдэж, албан бичиг хүргүүлж байсан боловч түүнээс хамаарч хуралдах боломжгүй байна, ... компанийг төлөөлөх эрх бүхий этгээд байхгүй, тэдгээрийг томилох чөлөөлөх талаар нэг ч арга хэмжээ авах боломжгүй болсон ..., ... компанийг татан буулгах зайлшгүй шаардлагатай ... гэж тайлбарлажээ.

Хариуцагч Эрдэнэт үйлдвэр ТӨҮГазар /хуучнаар ХХК/ нь ... Эрдэнэт ойл ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хуралдааныг хуралдуулахад саад учруулаагүй, Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4-т зааснаар төлөөлөн удирдах зөвлөл байхгүй бол гүйцэтгэх удирдлагын шийдвэрээр хурлыг зарлан хуралдуулж болно, өнөөдрийн байдлаар тус компанийн гүйцэтгэх захирлыг чөлөөлсөн, өөрчилсөн эрх зүйн акт гараагүй гэх үндэслэл заан маргасан байна. /4хх242/

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хуульд заасан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үнэлэх журмыг зөрчөөгүйн гадна Компанийн тухай хуулийн холбогдох хэм хэмжээг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Учир нь Компанийн тухай хуульд хувьцаа эзэмшигчийн эрх, үүргийг тогтоох, компани татан буулгахтай холбогдсон харилцааг зохицуулахаар заажээ. Эрдэнэт ойл ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийг 4 гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулсан, мөн гүйцэтгэх удирдлагатай болох нь хэрэгт авагдсан 2008 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Эрдэнэт ойл ХХК-ийг үүсгэн байгуулах тухай хурлын 01/008 дугаартай протокол, талуудын тайлбар зэрэг баримтаар нотлогдсон байна. /1хх-12-16/

Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4 дэх хэсэгт зааснаар хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрээр санхүүгийн жил дууссанаас хойш дөрвөн сарын дотор зарлан хуралдуулах бөгөөд энэ хугацаанд хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулаагүй тохиолдолд төлөөлөн удирдах зөвлөлийн хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулахаас бусад энэ хууль болон компанийн дүрмээр тогтоосон бүрэн эрх дуусгавар болохоор мөн зүйлийн 59.5-д зохицуулжээ. Үүнээс үзвэл Эрдэнэт ойл ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулах бүрэн эрх хуулиар хадгалагдаж байгаа тул Эрдэнэт ойл ХХК-ийг төлөөлөх эрх бүхий этгээд байхгүй болсон гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй.

Компанийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.7-д Энэ хуулийн 61.4-т заасан хугацаанд төлөөлөн удирдах зөвлөл/ байхгүй бол гүйцэтгэх удирдлага/ шийдвэр гаргаагүй тохиолдолд энэ хуулийн 61.2-т заасны дагуу санал, шаардлага гаргасан хувьцаа эзэмшигч, эсхүл төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал хуралдуулах тухай шийдвэрийг бие даан гаргаж болно гэж, 61.4 дэх хэсэгт Төлөөлөн удирдах зөвлөл ... нь хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг хуралдуулах тухай санал, шаардлагыг хүлээн авсан өдрөөс хойш ажлын 10 өдөрт багтаан хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулах эсэх талаар шийдвэр гаргана гэж тус тус заажээ. Хуулийн энэ зохицуулалтаас үзвэл Эрдэнэт ойл ХХК-ийн хараат бус гишүүн, саналын эрх бүхий хувьцааны 50 хувийн хувьцаа эзэмшигч нарын хэн аль хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хуралдааныг хуралдуулах санал, шаардлага гаргах, төлөөлөн удирдах зөвлөл уг санал, шаардлагыг хуулиар тогтоосон хугацаанд шийдвэр гаргаагүй тохиолдолд хурал хуралдуулах шийдвэрийг бие даан гаргаж болохоор байна.

Мөн Эрдэнэт ойл ХХК-ийн 50 хувийн хувьцаа эзэмшигч А ХХК нь Компанийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1.2-т заасны дагуу хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг зарлан хуралдуулах санал, шаардлага төлөөлөн удирдах зөвлөлд гаргасан талаар баримт хэрэгт авагдаагүй байна.

Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгон зааж буй тус компаниас Төрийн өмчийн хороонд гаргасан 2009 оны 12 дугаар сарын 23-ны өдийн 218/2009 тоот Эрдэнэт ойл ХХК-ийн тухай албан бичиг, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн ерөнхий захирал Ц.Даваацэрэнгийн нэр дээр явуулсан А ХХК-ийн 2013 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 13/238 дугаартай ТУЗ-ын хурал хуралдуулах тухай, 2014 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 14/181 дугаартай Санал хүргүүлэх тухай албан бичиг зэрэг бичгийн нотлох баримтууд нь хувьцаа эзэмшигч А ХХК-аас Эрдэнэт ойл ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлд гаргасан хувьцаа эзэмшигчдийн ээлжит болон ээлжит бус хуралдааныг хуралдуулах тухай санал, шаардлага гэж боломжгүй. /1хх-26, 28, 87/

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үнэлээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн 1 дэх шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4, 60 дугаар зүйлийн 60.1, 61 дүгээр зүйлийн 61.7 дахь хэсэгт заасанд нийцэж байх тул энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

Компани байгуулахад гаргасан зардал, олох ёстой байсан ашиг, гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохиролд нийт 3 204 109 000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч тал дээрх шаардлагын үндэслэлээ Эрдэнэт ойл ХХК-ийн үйл ажиллагаа явуулах зорилгоор тоног төхөөрөмж буулган, нүүлгэж, угсарч, суурилуулах, үйлдвэрийг түүхий эдээр хангах зэрэг үйл ажиллагааны зардалд нийт 7 852 938 000 төгрөг зарцуулж хохирсон, Эрдэнэт үйлдвэр ХХК нь дүрмийн санг адил хэмжээгээр нийлүүлээгүй, үйлдвэрлэлийн хэвийн үйл ажиллагааг явуулах эсэхийг үл тоож, тосыг худалдан авахаас зайлсхийсэн, хувьцаа эзэмшигчийнхээ үүргийг биелүүлээгүй, Эрдэнэт ойл ХХК-ийн олох ёстой байсан ашиг шинжээчийн дүгнэлтээр 3 461 900 000 төгрөг гарсан, үүнийг Эрдэнэт үйлдвэр ХХК /хуучин нэрээр/ эзэмшиж буй хувьцааны хэмжээнд буюу 50 хувийг хариуцах ёстой гэсэн агуулга бүхий тайлбар гаргажээ. Хариуцагч тал ... Эрдэнэт үйлдвэр ХХК /хуучин нэрээр/ нь зардлыг хариуцах үүрэг хүлээгээгүй, ... компани өөрийн хөрөнгөө нэмэгдүүлсэн талаар төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэр гараагүй ... гэх үндэслэл заан, эс зөвшөөрсөн байна.

Хэрэгт авагдсан Эрдэнэт ойл ХХК-ийг үүсгэн байгуулах хурлын 2008 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 01/2008 дугаартай тэмдэглэлээс үзвэл хувь нийлүүлэгч Эрдэнэт үйлдвэр ХХК нь Эрдэнэт ойл ХХК-ийг үйл ажиллагаа явуулах, аливаа тендер шалгаруулалтад оролцоход аливаа баталгаа гаргах асуудлыг зохих журмын дагуу хариуцах, хувь нийлүүлэгч А ХХК-ийн хувьд компанид тосны үйлдвэр тоног төхөөрөмжийг нийлүүлэх, үйлдвэрийн мэргэжлийн удирдлага, түүхий эдээр хангах үүргийг тус тус хариуцахаар харилцан тохиролцжээ. /1хх-15/ Зохигчид А ХХК дээрх хурлаас гарсан шийдвэрийн дагуу үүргээ гүйцэтгэсэнд маргаангүй.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлж, А ХХК-ийн нийлүүлсэн тосны үйлдвэрийн тоног төхөөрөмж нь хамтарсан компани болох Эрдэнэт ойл ХХК-ийн хөрөнгөд бүртгээгүй, хамтран эзэмших, өмчлөх талаар дүрмэндээ тусгаагүй, мөн 2008 оны 01/2008 дугаартай хурлын шийдвэрээр Эрдэнэт үйлдвэр ХХК нь зардлыг хариуцах үүрэг хүлээгээгүй гэж дүгнэхдээ Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2, 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэгт заасныг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Нэхэмжлэгч А ХХК нь Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4 дэх хэсэгт заасныг үндэслэн хариуцагч Эрдэнэт үйлдвэр ХХК-аас Эрдэнэт ойл ХХК-ийн олох ёстой орлого хохиролд 1 730 950 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хуулийн үндэслэлгүй гэх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

Учир нь хуулийн дээрх заалтад хувьцаа эзэмшигчийн өөрийн буруугаас компанид хохирол учруулсан тохиолдолд өөрийн хөрөнгөөр хохирлыг компанийн өмнө арилгах талаар заасан тул хувьцаа эзэмшигч нарын маргаанд хамааруулан хэрэглэх боломжгүй юм. Түүнчлэн компанийг татан буулгах, өр төлбөрийг барагдуулах журам, татан буугдаж байгаа компанийн эд хөрөнгийг хувьцаа эзэмшигчид хуваарилах асуудлыг Компанийн тухай хуулиар нарийвчлан зохицуулсан. Иймд Эрдэнэт ойл ХХК-ийг татан буулгах эсэх асуудлыг шийдвэрлээгүй байхад нэг хувьцаа эзэмшигч нь нөгөө хувьцаа эзэмшигчээсээ хувьцааны ногдол ашгийг хохиролд тооцон нэхэмжлэх эрхгүй байна.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 183/ШШ2019/02654 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа урьдчилан төлсөн 18 991 206 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД С.ЭНХТӨР

 

Ч.ЦЭНД