| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэнд-Аюушийн Ичинхорлоо |
| Хэргийн индекс | 101/2017/02276/И |
| Дугаар | 210/МА2018/01450 |
| Огноо | 2018-06-22 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 06 сарын 22 өдөр
Дугаар 210/МА2018/01450
| 2018 оны 06 сарын 22 өдөр | Дугаар 210/МА2018/01450 |
Б.Содномын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Мөнхзул, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2018 оны 4 дүгээр сарын 2-ны өдрийн 101/ШЗ2018/01147 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч Б.Содномын нэхэмжлэлтэй
Хариуцагч Чандмань-Эрхүүд ХХК, Д.Цэрэндулам, У.Ганхөлөг нарт холбогдох
Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 12 798 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч: Б.Содном
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Т.Баярцэцэг
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ж.Энэрэл нар оролцов.
Нэхэмжлэгч Б.Содном нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Баярцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Чандмань Эрхүүд ХХК-ийи захирал У.Ганхөлөг нь 2015 онд өөрийн тоосгоны үйлдвэрийг ажиллуулж эхлэх гэтэл мөнгөгүй болчихоод байна, ажилчдынхаа цалинг тавих гэсэн юм мөнгө зээлээч гэхээр нь 7 000 000 төгрөгийг бэлнээр нягтлан Н.Бямбадаваад нь өөрийн нөхөр н.Болдоор дамжуулан өгсөн. Мөн 2015 оны 5 дугаар сарын 29-нд мөн мөнгө хэрэгтэй байна гээд бэлнээр 300 000 төгрөг У.Ганхөлөг захиралд өөрт нь, мөн Ганхөлөг захирал эхнэр Цэрэндуламын данс болох 5099993756 дугаарын дансаар 50 000 төгрөг, 1 000 000 төгрөг, 1 480 000 төгрөг, 1 000 000 төгрөг, 1 000 000 төгрөг, нийт 4 530 000 төгрөг шилжүүлсэн байдаг. Мөн тоосго хэрэгтэй байна нийлүүлээч гэж 55000 ширхэг тоосго өгсөн, тоосгоны үнэ болох 6 250 000 төгрөг, нийт 18 080 000 төгрөг өгөх ёстой байсан. Үүнээс тоосгоны үнээс 5 282 000 төгрөгийг төлсөн боловч тоосгоны үлдэгдэл 968 000 төгрөг, мөнгөн хэлбэрээр авсан 11 830 000 төгрөг, нийт 12 798 000 төгрөгийг одоо болтол өгөөгүй байна. Иймд хариуцагч У.Ганхөлөгөөс 8 268 000 төгрөг, Цэрэндуламаас 4 530 000 төгрөгийг тус тус гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Д.Цэрэндулам, У.Ганхөлөг нар нь шүүхэд гаргасан, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батдорж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Чандмань-Эрхүүд ХХК нь Нийслэлийн Налайх дүүрэгт байрлаж олон жилийн хугацаанд үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд барилгын тоосгоны үйлдвэрлэл, худалдааны үйл ажиллагаа эрхэлдэг юм. Хариуцагч компани Налайх дүүрэгт байрлаж үйл ажиллагаа явуулж байгаа олон компани, аж ахуйн нэгж, хувь хүмүүстэй байнга хамтран ажилладаг ба тоосго хэрэг болсон байгууллага, хувь хүмүүст тоосго нийлүүлэх, тэдний гаргасан хүсэлтийн дагуу урьдчилан тоосгоны нийлүүлэлт ч хийдэг. Б.Содномтой олон жил хамтран ажиллаж байгаа бөгөөд Б.Содном нь Чандмань-Эрхүүд" ХХК-ийн тоосгоны үйлдвэрээс тоосго авч, худалдах үйл ажиллагаа эрхэлж байсан, тоосгоны нэг бүрийн үнийг 100.00 төгрөгөөр тооцон урьд жил нь мөнгөө өгч дараа жил нь тоосгоо авах байдлаар ч хамтран ажиллаж байсан юм. Б.Содном нэхэмжлэлээ иргэн Д.Цэрэндулам, У.Ганхөлөг нарт хамаатуулан гаргасан үндэслэлгүй байна. Д.Цэрэндулам нь Чандмань Эрхүүд" ХХК-ийн хувьцаа эзэмшигч, У.Ганхөлөг нь тус компанийн гүйцэтгэх захирлаар ажилладаг юм. Нэхэмжлэлийн үндэслэл шаардлага тодорхойгүй байна. Нэхэмжлэгч 7 000 000 төгрөг өгсөн гэж тайлбарладаг, баримт дээр У.Ганхөлөг зөвшөөрсөн гэж байгаа боловч энэ нь мөнгө өгсөн болохыг нотлохгүй байна. Н.Бямбадаваа нь өгсөн гэдэг боловч захиралд өгөөгүй байдаг. Н.Бямбадаваа нь уг мөнгийг ямар үндэслэлээр авсан нь тодорхойгүй. Иймд Бямбадавааг гэрчээр асуулгах хүсэлтэй байна. Мөн хариуцагч компани нь Баянзүрх дүүрэгт үйл ажиллагаа явуулдаггүй, Баянгол дүүрэгт байдаг. Иймд хэргийн зарим хэсгийг тусгаарлаж, хэсгийг хэрэгсэхгүй болгох ёстой. Н.Бямбадаваа нь одоо хариуцагч байгууллагад ажиллахаа больсон бөгөөд тоосго нууцаар авч байгаад баригдаад ажлаас халагдсан. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч Д.Цэрэндуламаас зээлийн гэрээний үүрэгт 4 530 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Содномд олгож, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 243 дугаар зүйлийн 243.1-д заасан үндэслэлгүй байх тул зээлийн гэрээний үүрэгт хариуцагч Чандмань-Эрхүүд ХХК-д холбогдох 7 000 000 төгрөг, хариуцагч У.Ганхөлөгт холбогдох 300 000 төгрөг, худалдах худалдан авах гэрээний үүрэгт хариуцагч Чандмань-Эрхүүд ХХК-д холбогдох 968 000 төгрөг, нийт 8 268 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.Содномын нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 219 718 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Цэрэндуламаас 87 430 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.
Нэхэмжлэгч Б.Содном давж заалдах гомдолдоо:
... Хавтаст хэргийн материалд Д.Болд нь Чандмань-Эрхүүд ХХК-ийн нягтлан бодогч н.Бямбадаваад 7 000 000 төгрөгийг өгсөн бичгийн баримт, хариуцагчийн бичгээр өгсөн хариу тайлбарт уг 7 000 000 төгрөгийг компанийн үйл ажиллагаанд зарцуулсан гэж тайлбарласан байдаг бөгөөд нэхэмжлэгч үүний дагуу компанийг хамтран хариуцагчаар татсан. Мөн хариуцагч нэхэмжлэгчтэй эвлэрэн хэлэлцэх хүсэлтэй байна гэж олон удаа шүүх хуралдаан хойшлуулсан байхад уг нөхцөл байдлыг анхаарч үзээгүй, зөвхөн хариуцагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт үндэслэн хэргийг шийдвэрлэсэн байх тул Чандмань-Эрхүүд ХХК-д олгосон 7 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.
Нэхэмжлэгч Б.Содном нь хариуцагч Чандмань-Эрхүүд ХХК, Д.Цэрэндулам, У.Ганхөлөг нарт холбогдуулан 12 798 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрөн маргажээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Чандмань-Эрхүүд ХХК ажилчдын цалин тавих мөнгөгүй болсон гэснээр нягтлан бодогч Н.Бямбадаваад 7 000 000 төгрөгийг хүлээлгэн өгсөн, иргэн Д.Цэрэндуламын данс руу 4 530 000 төгрөг шилжүүлсэн, иргэн Х.Ганхөлөг 300 000 төгрөг зээлж авсан, мөн 55 000 ширхэг тоосгоны үлдэгдэл төлбөр 968 000 төгрөгийг гаргуулна гэж тайлбарласан байна.
Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Хаан банкны 2015 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 29/2906 дугаар албан бичгээр 5099993756 тоот данс нь хариуцагч Д.Цэрэндуламын нэр дээр бүртгэлтэй данс байх бөгөөд уг дансанд нэхэмжлэгч Б.Содном 4 530 000 төгрөг шилжүүлсэн болох нь түүний Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар тогтоогдож байна. /хх-ийн 7-13, 135 тал/ Анхан шатны шүүх дээрх бичгийн баримтуудыг үндэслэн хариуцагч Д.Цэрэндуламаас зээлийн гэрээний үүрэгт 4 530 000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.
Анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн шүүх хуралдаан дээр гэрчээр Д.Болдыг асуусан байх бөгөөд тэрээр ...У.Ганхөлөг ажилчдын цалин тавих гээд мөнгөний хэрэг болоод байна гэж манай хүн рүү ярьж байсан, он, сарыг нь мартсан байна, Чингис СООСЭ-гийн хуучин автобусны буудлын хойд талд 7 000 000 төгрөгийг н.Бямбаад өгсөн гэж мэдүүлсэн байна. Хэргийн 14 дүгээр талд ...Чандмань-Эрхүүд ХХК-ийн тоосгоны үйлдвэрийг хариуцан ажиллуулдаг Н.Бямбадаваа миний бие иргэн Д.Болдоос компанийн ажилчдын цалин тавих зорилгоор 7 000 000 төгрөгийг хүлээн авсан гэсэн агуулга бүхий бичгийн баримт авагдсан байх бөгөөд хариуцагч байгууллага дээрх баримтыг үгүйсгэсэн нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь өөрийн татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй. Иймд хариуцагч Чандмань-Эрхүүд ХХК-иас 7 000 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Содномд олгож, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.
Харин анхан шатны шүүх хариуцагч Х.Ганхөлөгт холбогдуулан гаргасан 300 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна. Учир нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж заасан бөгөөд нэхэмжлэгч Б.Содном нь хариуцагч У.Ганхөлөгт 300 000 төгрөгийг хүлээлгэн өгсөн талаарх баримт хэрэгт авагдаагүй, уг байдлаа нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.
Мөн 55 000 ширхэг тоосгоны үлдэгдэл төлбөр 968 000 төгрөгийг Чандмань-Эрхүүд ХХК-иас гаргуулах тухай нэхэмжлэлийг хангах боломжгүй, нэхэмжлэгч уг шаардлагыг нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй, уг байдал нь хэргийн баримтаар тогтоогдоогүй байна. Энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.
Иймд дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй байна гэж давж заалдах шатны шүүхээс үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 2-ны өдрийн 101/ШЗ2018/01147 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтыг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд хариуцагч Д.Цэрэндуламаас 4 530 000 төгрөг, хариуцагч Чандмань-Эрхүүд ХХК-иас 7 000 000 төгрөг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Б.Содномд олгож, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 243 дугаар зүйлийн 243.1-д заасан үндэслэлгүй байх тул хариуцагч У.Ганхөлөгт холбогдох 300 000 төгрөг, хариуцагч Чандмань-Эрхүүд ХХК-д холбогдох 968 000 төгрөг, нийт 1 268 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.Содномын нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн,
2 дахь заалтад хариуцагч Д.Цэрэндуламаас 87 430 төгрөг гэсний дараа ... хариуцагч Чандмань-Эрхүүд ХХК-иас 126 950 төгрөг гэж нэмж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б.Содномын давж заалдах гомдлыг хангасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Содномын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 126 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурьдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ
ШҮҮГЧИД А.МӨНХЗУЛ
Ц.ИЧИНХОРЛОО