| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэнд-Аюушийн Ичинхорлоо |
| Хэргийн индекс | 182/2018/01325/И |
| Дугаар | 210/МА2018/01990 |
| Огноо | 2018-09-10 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 09 сарын 10 өдөр
Дугаар 210/МА2018/01990
| 2018 оны 09 сарын 10 өдөр | Дугаар 210/МА2018/01990 |
Д.Баттогтохын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2018 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 182/ШШ2018/01353 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч Д.Баттогтохын нэхэмжлэлтэй
Хариуцагч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамд холбогдох
Ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговорт 6 326 744 төгрөг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж дэвтэрт нөхөн бичилт хийгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч: Д.Баттогтох
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Чинхүслэн нар оролцов.
Нэхэмжлэгч Д.Баттогтох шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ:
Миний бие Увс аймаг дахь Улаангом Политехник коллежийн захирлаар ажиллаж байгаад 2016 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын Б/30 дугаар тушаалаар халагдсан. Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүх 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хуралдаж 128/ШШ2017/0865 дугаартай шийдвэрээр нэхэмжлэлийг бүрэн хангасан. Анхан шатны шүүхийн шийдвэрээр ажилгүй байсан хугацааны цалин 9 995 890 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн байдаг. Миний бие 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлүүлэн 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгуулах нэхэмжлэл гаргаж байна. Миний нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн сүүлийн 3 сарын цалин 944 093+944 093+1 214 093=3 102 279 төгрөг бөгөөд эдгээр 3 сарын ажлын өдөр нь 65 өдөр, нэг өдрийн цалин 3 102 279/65=47 727 төгрөг болно. 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал ажлын 114 өдөр байгаа бөгөөд нийт 47 727*114=5 440 878 төгрөг болно. Мөн анхан шатны шүүхээр 2017 оны 1 дүгээр сарын 6-аас 2017 оны 11 сарын 21-ний өдөр хүртэлх цалинг зөрүүтэй бодсон байдаг. Энэ хугацаанд нийтдээ 228 ажлын өдөр байдаг бөгөөд нийт цалин 47 727*228=10 881 756 төгрөг байхад анхан шатны шүүхээс 9 995 890 төгрөг байхаар гаргасан нь 885 866 төгрөгийн зөрүүтэй байна. Иймд ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 5 440 878+885 866=6 326 744 төгрөгийг хариуцагчаас гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгуулах нэхэмжлэл гаргаж байна гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ганцэцэг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
Д.Баттогтох нь Ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгуулах нэхэмжлэлд хариуцагчаар Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдыг татсан байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасан байдаг. Иймд нэхэмжлэгч Д.Баттогтохын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-д заасны дагуу хариуцагч Хөдөлмөр, нийгэм хамгааллын яамнаас 5 440 878 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Батогтоход олгож, 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийн нөхөн төлж, холбогдох бичилт хийхийг хариуцагчид даалган, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 885 866 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 116 178 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Хөдөлмөр, нийгэм хамгааллын яамнаас 102 004 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Баттогтоход олгож шийдвэрлэсэн байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ганцэцэг давж заалдах гомдолдоо:
... Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасан байдаг. Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 128/ШШ2017/0865 дугаар шийдвэрь Д.Баттогтохын нэг өдрийн дундаж цалинг өөрөөр тогтоосон байна. 2017 оны 1 дүгээр сарын 5-ны өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэлх хугацааны цалин 9 955 890 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн ба тухайн хугацааны ажлын өдөр 228 хоног байсан гэж тооцвол нэг өдрийн дундаж цалин 43 841 төгрөг байхаар байна. Иргэний хэргийн анхан шатны шүүх дээрх нөхцөл байдлыг шалгалгүй нэхэмжлэгчийн гаргасан тооцооллын дагуу нэхэмжлэгчийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн. Шүүх дээрх нөхцөл байдалд хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй тул хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу үнэлсэн байна.
Нэхэмжлэгч Д.Баттогтох нь хариуцагч Хөдөлмөр нийгэм хамгааллын яаманд холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговорт 6 326 744 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч байгууллага эс зөвшөөрч, ...шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэсэн үндэслэлээр маргажээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...хариуцагч байгууллага шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлээгүй тул шүүхийн шийдвэр гарсан өдөр буюу 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан өдөр буюу 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх хугацааны урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх олговор 5 440 878 төгрөг, шүүхийн шийдвэрээр цалинг дутуу бодсон тул зөрүү 885 866 төгрөг, нийт 6 326 744 төгрөг гаргуулна гэж тайлбарласан байна.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 128/ШШ2017/0865 дугаар хүчин төгөлдөр шийдвэрээр Д.Баттогтохыг Увс аймгийн Улаангом политехник коллежийн захирлын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 9 955 890 төгрөгийг хариуцагч Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас гаргуулан Д.Баттогтоход олгож, ажилгүй байсан хугацааны эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэжээ. /хх-ийн 6-9 тал/
Анхан шатны шүүх хариуцагч Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам нь нэхэмжлэгч Д.Баттогтохыг ажлаас хууль бусаар халсан болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон, уг шийдвэрийг биелүүлээгүй байх тул 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх хугацааны нөхөн олговрыг гаргуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэн ажилгүй байсан хугацааны 114 хоногтой тэнцэх хэмжээний олговорт 5 440 878 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна. Мөн уг хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, холбогдох бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дах хэсэгт заасантай нийцсэн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байвал дахин нотлохгүй гэж заасан байх тул анхан шатны шүүх цалингийн зөрүүд нэхэмжилсэн 885 866 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ганцэцэгийн нэхэмжлэгчийн тооцооллын дагуу хэргийг шийдвэрлэсэн гэсэн үндэслэлээр гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 182/ШШ2018/01353 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ганцэцэгийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурьдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ
ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД
Ц.ИЧИНХОРЛОО