Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2018/02206

 

 

 

 

 

2018 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2018/02206

 

 

Ц.Наранбаатарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 102/ШШ2018/02649 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Ц.Наранбаатарын нэхэмжлэлтэй

Хариуцагч А.Мөнхбаатарт холбогдох

 

-       20 000 000 төгрөг гаргуулах тухай үндсэн

-       3 000 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.Туяа

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ж.Энэрэл нар оролцов.

Нэхэмжлэгч Ц.Наранбаатар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Найз С.Мөнхнарангийн 54.22 м.кв талбайт бүхий 97 000 000 төгрөгийн үнэ бүхий Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 100б-64 тоот орон сууцыг 2015 оны 10 дугаар сарын 22-нд А.Мөнхбаатарт барьцаалж, 5 хувийн хүүтэйгээр 50 000 000 төгрөг зээлсэн ба үндсэн зээлээс 20 000 000 төгрөгийг нь 2016 оны 1 дүгээр сарын 28-нд эгүүлэн төлсөн. Харин сарын хүү болох 2 500 000 төгрөгийг нь бэлнээр 6 дугаар сар хүртэл тогтмол төлж байсан. Гэтэл зээлийн хүүгээ 3 сар төлөөгүйг далимдуулан барьцаалсан байрны өмчлөх эрхийг А.Мөнхбаатар нь Д.Энхсүрэнд 2016 оны 9 дүгээр сарын 15-нд бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн болохыг 2016 оны 11 дүгээр сард Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хариуцагчаар С.Мөнхнаран дуудагдсаны дараа мэдсэн. Д.Энхсүрэн нь уг орон сууцыг Б.Баяржаргалын өмчлөлд 2017 оны 3 дугаар сард шилжүүлсэн байх ба орон сууцнаас гарахгүй байна гэсэн нэхэмжлэлийг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Б.Баяржаргал гаргахад хариуцагч Д.Энхсүрэн нь тухайн орон сууцанд огт амьдардаггүй атлаа нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбар өгсөн байна. Уг тайлбарыг үндэслэн шүүгчийн 2017 оны 5 сарын 19-ний өдрийн 7428 дугаар захирамжаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон байна. С.Мөнхнаран 97 000 000 төгрөгийн үнэ бүхий орон сууцыг 50 000 000 төгрөгөөр худалдсан гэрээг гэрчилсэн үйлдлийг хүчингүй болгуулахаар гаргасан нэхэмжлэлийг тус шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 2552 дугаар шийдвэрээр хэрэгсэхгүй болгосон байна. Иймд А.Мөнхбаатараас мөнгө зээлж аваагүй атлаа түүнд 20 000 000 төгрөг болон хүү төлсөн нь үндэслэлгүй байх тул уг мөнгийг А.Мөнхбаатараас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Туяа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй, ойлгомжгүй байна. Нэхэмжлэлд дурдсан С.Мөнхнарангийн 54,22 м.кв байрны маргааныг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр шийдвэрлэсэн. Давж заалдах шатны шүүхийн магадлал, Улсын дээд шүүхийн тогтоол гарыч уг шийдвэр хүчин төгөлдөр болсон. Ц.Наранбаатарын нэхэмжлээд байгаа 20 000 000 төгрөг бол миний дурдсан байр худалдах, худалдан авах гэрээтэй ямар ч холбоогүй. 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр С.Мөнхнаран, Э.Мөнхбаатар нарын хооронд үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээгээр шийдсэн гэдэг нь хэрэгт байгаа нотлох баримтаар нотлогдож байгаа. Үл хөдлөх хөрөнгийг худалдахдаа тухайн үнийг нь төлөөд маргаан дууссан. Уг мөнгийг Ц.Наранбаатар ажилчдын автобусыг барьцаанд тавьсан, 20 000 000 төгрөг зээлүүлээч гэсний дагуу А.Мөнхбаатар 2015 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр банкнаас 20 000 000 төгрөгийг авч түүнд өгсөн. Мөнгөө өгөөд мөнгө хүлээлцсэн баримт үйлдэж, гарын үсэг зуруулах гэтэл цаас байхгүй байсан тул 20 000 000 төгрөгийн дэвсгэртийн боолт дээр гарын үсэг зураад өгсөн бөгөөд уг боолт нь одоо олдохгүй байгаа юм. Уг мөнгийг өгсөн гэдэг нь Э.Мөнхбаатарын дансны хуулга, гэрч н.Батбаатар нарын мэдүүлэг зэргээр нотлогдож байна. Ц.Наранбаатар өөрөө ээжийнхээ байрыг Нэт Капитал ББСБ ХХКбарьцаанд тавьж, төлбөрөө төлж чадахгүй байдалд орж, ажилчдынхаа бэлгэнд өгсөн байрыг 50 000 000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, 2015 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Нэт Капитал ББСБ ХХК-ийн дансанд Ц.Наранбаатарын төрсөн дүү Ц.Нарантуяагийн зээлийг хаасан. Байрыг 50 000 000 төгрөгөөр худалдсан гэдэг нь нотлох баримтаар тогтоогдож байна. Харин 20 000 000 төгрөгийг Ц.Наранбаатар зээлж аваад өгсөн гэдэг нь хэрэгт байгаа Э.Мөнхбаатарын дансны хуулга, гэрч н.Батбаатарын мэдүүлэг зэргээс харагдаж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Хариуцагч А.Мөнхбаатар шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

Ц.Наранбаатар нь Мөнхбаатартай Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт зааснаар аман хэлцэл хийж, 2015 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр 20 000 000 төгрөг бэлнээр, 2016 оны 3 дугаар сарын 2-ны өдөр Ц.Наранбаатар өөрийн Хаан банк дахь 5375011442 дугаар дансаараа дамжуулж 3 000 000 төгрөг мобайлаар шилжүүлэн нийт 23 000 000 төгрөг зээлж авсан. 20 000 000 төгрөгийг 2016 оны 1дүгээр сарын 29-ний өдөр буцаан төлөөд 3 000 000 төгрөгииг төлөөгүй яваа тул энэ мөнгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Ц.Наранбаатар сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа:

Сөрөг нэхэмжлэлийн тухайд 3 000 000 төгрөгийг зээлж авсан нь үнэн. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна гэжээ.

 Шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасны дагуу хариуцагч А.Мөнхбаатараас 20,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.Наранбаатарт олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-т заасны дагуу нэхэмжлэгч Ц.Наранбаатар нь хариуцагч А.Мөнхбаатарын гаргасан 3,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 106 дугаар зүйлийн 106.6-д заасны дагуу нэхэмжлэгч Ц.Наранбаатараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257,950 төгрөгийг, хариуцагч А.Мөнхбаатараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62,950 төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 257,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс 62,950 төгрөгийг гаргуулж хариуцагчид олгож шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо:

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлээгүй. Нэхэмжлэгч Ц.Наранбаатар нь С.Мөнхнарангийн нэр дээр байгаа үл хөдлөх хөрөнгийг 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр барьцаанд тавьж, 50 000 000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй зээлж, зээлийн хүүд 2 500 000 төгрөг, 2016 оны 1 дүгээр сарын 28-наас хойш 30 000 000 төгрөгийн хүүд сар бүр 1 500 000 төгрөг төлж байсан гэж тайлбарлаж байгаа боловч уг шаарлагын үндэслэлээ нотлоогүй. Мөнхбаатараас 50 000 000 төгрөг аваад 20 000 000 төгрөгийг эгүүлэн өгсөн бол 30 000 000 төгрөгийг хэрхэн төлснөө тайлбарладаггүй. С.Мөнхнарангийн нэр дээр байгаа үл хөдлөх хөрөнгийг 50 000 000 төгрөгөөр худалдсан гэрээ хийгдсэн талаарх иргэний хэрэг нь нотариатын үйлдэлтэй холбоотой боловч маргааны гол агуулга нь байр худалдсан талаарх талаарх үйл баримттай холбоотой байсан бөгөөд энэ хэргийг бүх шатны шүүхээр шийдвэрлээд дууссан. Хэрэв Ц.Наранбаатар А.Мөнхбаатарт 20 000 000 төгрөг өгсөн бол өмнө нь шийдвэрлэсэн хэрэгтээ хамтатган шийдвэрлэх боломжтой байсан. Анхан шатны шүүх өөр бусад нотлох баримтаар нотлогдохгүй байна гэж дүгнэлт өгч, хэрэгт авагдсан баримтыг хэрхэн няцаасан болохоо дүгнээгүй атлаа хариуцагчийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шүүхийн шийдвэр ямар нэг үг үсгийн алдаагүй, зохигчдын тайлбарыг үнэн зөвөөр бичсэн байх ёстой атал хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарыг буруу, ташаа бичиж, шийдвэрийн 4 дэх хуудаст нэхэмжлэгч Ц.Наранбаатарын нэрийг Ц.Натанбаатар, С.Мөнхнаранг С.Мөнхбаатар гэж бичсэнийг зөвтгөж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэн зөв эргэлзээгүй, тухайн хэрэгт хамааралтай талаас нь үнэлээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

 

Нэхэмжлэгч Ц.Наранбаатар нь үүрэг үүсээгүй байхад 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр хариуцагчид шилжүүлсэн 20 000 000 төгрөг нь өгөх ёсгүй мөнгө байсан гэх үндэслэл заан хариуцагч А.Мөнхбаатараас 20 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Хариуцагч эс зөвшөөрч ... нэхэмжлэгчээс зээлийн гэрээний дагуу мөнгө төлөх үүрэгт 3 000 000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч А.Мөнхбаатарын нэхэмжлэгч Ц.Наранбаатарт холбогдуулан гаргасан 3 000 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрснийг шүүх баталж холбогдох хэргийг нь хэрэгсэхгүй болгосон байна.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд А.Мөнхбаатарын Төрийн банкны 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2015 оны 11 сарын 20-ны өдрийг хүртэлх хугацааны депозит дансны хуулгаас үзэхэд 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 20 000 000 төгрөгийн зарлагын гүйлгээ хийсэн, гэрч Н.Батбаатар 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр А.Мөнхбаатарын даалгаснаар Ц.Наранбаатарт 20 000 000 төгрөгийг автомашинд нь бэлнээр хүлээлгэн өгсөн гэдэг мэдүүлгийг өгөхдөө мөнгө өгсөн газар байрлал, мөнгөний дэвсгэрт болон мөнгө өгсөн нөхцөл байдлын талаар тодорхой заан мэдүүлсэн, Ц.Наранбаатарын Төрийн банкны 2016 оны 1 дүгээр сарын 28-ны өдрөөс 2016 оны 01 сарын 28-ны өдрийг хүртэлх хугацааны дансны хуулгаас үзэхэд 20 000 000 төгрөг үндсэн зээл төлөв, Наранбаатар, Мөнхбаатар Хаан төв гэсэн баримтууд авагдсан байна.

 

Хэрэгт авагдсан дээрх баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар харьцуулан дүгнэхэд хариуцагч А.Мөнхбаатар нь нэхэмжлэгч Ц.Наранбаатарт зээл олгосон, уг зээлийг Ц.Наранбаатар буцаан төлсөн үйл баримт тогтоогдсон гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэг хүлээдэг бөгөөд нэхэмжлэгч Ц.Наранбаатар хариуцагч А.Мөнхбаатарыг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх нэхэмжлэлийн шаардлагаа нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй, уг байдал нь хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

 

Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг буруу тодорхойлсон, хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан журмын дагуу үнэлээгүй байна гэж үзэв.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, энэ талаар давж заалдсан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 102/ШШ2018/02649 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэгч Ц.Наранбаатарын хариуцагч А.Мөнхбаатараас 20 000 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид А.Мөнхбаатараас төлсөн 257 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурьдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                        Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

  ШҮҮГЧИД                           А.ОТГОНЦЭЦЭГ

 

                                                   Ц.ИЧИНХОРЛОО