Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 001/ХТ2019/00451

 

Ц.Нын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, П.Золзаяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 102/ШШ2018/02649 дүгээр шийдвэр

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 2206 дугаар магадлалтай

Ц.Нын нэхэмжлэлтэй,

А.Мт холбогдох

“Зээлийн гэрээ”-ний үүрэгт төлсөн 20 000 000 төгрөгийг буцаан гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Илүү төлсөн 3 000 000 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтансүхийн хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтансүх, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Нацагдорж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Туяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Сувд-Эрдэнэ нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Найз С.Мөнхнарангийн 54.22 м.кв талбайтай 97 000 000 төгрөгийн үнэ бүхий Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 100б-64 тоот орон сууцыг 2015 оны 10 дугаар сарын 22-нд А.Мт барьцаалж, 5 хувийн хүүтэйгээр 50 000 000 төгрөг зээлсэн ба үндсэн зээлээс 20 000 000 төгрөгийг нь 2016 оны 1 дүгээр сарын 28-нд эгүүлэн төлсөн. Харин сарын хүү болох 2 500 000 төгрөгийг нь бэлнээр 6 дугаар сар хүртэл тогтмол төлж байсан. Гэтэл зээлийн хүүгээ 3 сар төлөөгүйг далимдуулан барьцаалсан байрны өмчлөх эрхийг А.М нь Д.Энхсүрэнд 2016 оны 9 дүгээр сарын 15-нд бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн болохыг 2016 оны 11 дүгээр сард Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хариуцагчаар С.Мөнхнаран дуудагдсаны дараа мэдсэн. Д.Энхсүрэн нь уг орон сууцыг Б.Баяржаргалын өмчлөлд 2017 оны 3 дугаар сард шилжүүлсэн байх ба орон сууцнаас гарахгүй байна гэсэн нэхэмжлэлийг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Б.Баяржаргал гаргахад хариуцагч Д.Энхсүрэн нь тухайн орон сууцанд огт амьдардаггүй атлаа нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбар өгсөн байна. Уг тайлбарыг үндэслэн шүүгчийн 2017 оны 5 сарын 19-ний өдрийн 7428 дугаар захирамжаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон байна. С.Мөнхнаран 97 000 000 төгрөгийн үнэ бүхий орон сууцыг 50 000 000 төгрөгөөр худалдсан гэрээг гэрчилсэн үйлдлийг хүчингүй болгуулахаар гаргасан нэхэмжлэлийг тус шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 2552 дугаар шийдвэрээр хэрэгсэхгүй болгосон байна. Иймд А.Маас мөнгө зээлж аваагүй атлаа түүнд 20 000 000 төгрөг болон хүү төлсөн нь үндэслэлгүй байх тул уг мөнгийг А.Маас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй, ойлгомжгүй байна. Нэхэмжлэлд дурдсан С.Мөнхнарангийн 54,22 м.кв байрны маргааныг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр шийдвэрлэсэн. Давж заалдах шатны шүүхийн магадлал, Улсын дээд шүүхийн тогтоол гарыч уг шийдвэр хүчин төгөлдөр болсон. Ц.Нын нэхэмжлээд байгаа 20 000 000 төгрөг бол миний дурдсан байр худалдах, худалдан авах гэрээтэй ямар ч холбоогүй. 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр С.Мөнхнаран, Э.Мөнхбаатар нарын хооронд үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээгээр шийдсэн гэдэг нь хэрэгт байгаа нотлох баримтаар нотлогдож байгаа. Үл хөдлөх хөрөнгийг худалдахдаа тухайн үнийг нь төлөөд маргаан дууссан. Уг мөнгийг Ц.Н ажилчдын автобусыг барьцаанд тавьсан, 20 000 000 төгрөг зээлүүлээч гэсний дагуу А.М 2015 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр банкнаас 20 000 000 төгрөгийг авч түүнд өгсөн. Мөнгөө өгөөд мөнгө хүлээлцсэн баримт үйлдэж, гарын үсэг зуруулах гэтэл цаас байхгүй байсан тул 20 000 000 төгрөгийн дэвсгэртийн боолт дээр гарын үсэг зураад өгсөн бөгөөд уг боолт нь одоо олдохгүй байгаа юм. Уг мөнгийг өгсөн гэдэг нь Э.Мөнхбаатарын дансны хуулга, гэрч н.Батбаатар нарын мэдүүлэг зэргээр нотлогдож байна. Ц.Н өөрөө ээжийнхээ байрыг “Нэт Капитал ББСБ” ХХК-д барьцаанд тавьж, төлбөрөө төлж чадахгүй байдалд орж, ажилчдынхаа бэлгэнд өгсөн байрыг 50 000 000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, 2015 оны 10 дугаар сарын 25-ны өдөр “Нэт Капитал ББСБ” ХХК-ийн дансанд Ц.Нын төрсөн дүү Ц.Нарантуяагийн зээлийг хаасан. Байрыг 50 000 000 төгрөгөөр худалдсан гэдэг нь нотлох баримтаар тогтоогдож байна. Харин 20000 000 төгрөгийг Ц.Н зээлж аваад өгсөн гэдэг нь хэрэгт байгаа Э.Мөнхбаатарын дансны хуулга, гэрч н.Батбаатарын мэдүүлэг зэргээс харагдаж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Хариуцагч А.М шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Ц.Н нь Мөнхбаатартай Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт зааснаар аман хэлцэл хийж, 2015 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр 20 000 000 төгрөг бэлнээр, 2016 оны 3 дугаар сарын 2-ны өдөр Ц.Н өөрийн Хаан банк дахь 5375011442 дугаар дансаараа дамжуулж 3 000 000 төгрөг мобайлаар шилжүүлэн нийт 23 000 000 төгрөг зээлж авсан. 20 000000 төгрөгийг 2016 оны 1дүгээр сарын 29-ний өдөр буцаан төлөөд 3 000 000 төгрөгииг төлөөгүй яваа тул энэ мөнгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Ц.Н сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийн тухайд 3 000 000 төгрөгийг зээлж авсан нь үнэн. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна гэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 102/ШШ2018/02649 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасны дагуу хариуцагч А.Маас 20,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.Нт олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-т заасны дагуу нэхэмжлэгч Ц.Н нь хариуцагч А.Мын гаргасан 3,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 106 дугаар зүйлийн 106.6-д заасны дагуу нэхэмжлэгч Ц.Наас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257,950 төгрөгийг, хариуцагч А.Маас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62,950 төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 257,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс 62,950 төгрөгийг гаргуулж хариуцагчид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 2206 дугаар магадлалаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 102/ШШ2018/02649 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэгч Ц.Нын хариуцагч А.Маас 20 000 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид А.Маас төлсөн 257 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтансүх хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018.10.29-ний өдрийн 2206 дугаар магадлалыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байх тул хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Магадлалд ...зээл олгосон... гэж үзэх үндэслэлтэй байна гэжээ.

Гэвч нэхэмжлэгч нь А.Маас зээл аваагүй ба анхан шатны шүүх хурал дээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 50 сая төгрөг зээлдүүлээгүй, байр худалдан авсан хэмээн тайлбарласан. Гэтэл давж заалдах шатны шүүхээс зээл аваагүй байхад зээл авсан, уг зээлээ эргүүлэн төлсөн нь тогтоогдож байна хэмээн дүгнэж байгаа нь үндэслэлгүй юм.

Магадлалд ...А.Мыг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх нэхэмжлэлийн шаардлага баримтаар тогтоогдохгүй байна гэжээ.

Гэвч Ц.Н нэгэнт зээл аваагүй байж зээл хэмээн төлсөн нь үндэслэлгүй байх тул уг мөнгөө эргүүлэн шаардсан ба уг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

Гэрч С.Мөнхнаран нь Ц.Ныг тухайн зээл авсан гэх өдөр ажил дээрээ байсан хэмээн мэдүүлсэн байдаг. Гэвч давж заалдах шатны шүүхээс уг гэрчийн мэдүүлэгт ямар нэгэн дүгнэлт өгөөгүй ба ИХШХШТХ-ийн 166.4 ...гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хэргийг хянан үзээгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Туяа гомдолд гаргасан хариу тайлбартаа: С.Мөнхнаран, А.М нарын хооронд 2015.10.22-ны өдөр үл хөдлөх хөрөнгө худалдсан гэрээ байгуулж, энэ маргаан бүх шатны шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн, энэ иргэний хэргээс тусдаа хэрэг болно.

Харин Ц.Н нь 2018.08.11-ний өдөр А.Мт холбогдуулан 20 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Ц.Н ажилчдын автобусаа барьцаанд тавьчихсан мөнгөний хэрэг байна гэснээр 2015.11.04-ний өдөр А.М өөрийн данснаасаа 20 000 000 төгрөг авч, Батбаатараар дамжуулан Ц.Наранцаатарт өгч, түүнд мөнгө зээлдүүлсэн талаар анхан шатны шүүх болоод давж заалдах шатны шүүх хуралдаанд тайлбарлаж мэдүүлсэн.

Хэрэгт авагдсан нотлох баримтыг бүхэлд нь хянан үзэж дүгнэн, давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болно гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Ц.Н нь А.Мт холбогдуулан “Зээлийн гэрээ”-ний үүрэгт төлсөн 20 000 000 төгрөгийг буцаан гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, илүү төлсөн 3 000 000 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1.-д зааснаар үндсэн нэхэмжлэлийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч Ц.Н нь найз С.Мөнхнарангийн орон сууцыг барьцаалж, 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр А.Маас 50 000 000 төгрөгийг 5%-ийн хүүтэй зээлж авсан, үүнээс 20 000 000 төгрөгийг 2016 оны 01 дүгээр сарын 28-нд төлсөн, сар бүрийн хүүгээ бэлнээр 6 сар хүртэл өгсөн байхад хүүг 3 сар төлөөгүйг далимдуулан   А.М нь барьцаалсан байрыг Д.Энхсүрэнд зарж, Д.Энхсүрэн нь Б.Баянжаргалд зарсан байна. Барьцаалсан орон сууцыг бусдад зарсан тул зээлийн төлбөрт төлсөн 20 000 000 төгрөгийг буцаан гаргуулна гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлажээ.

Хариуцагч А.М нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, С.Мөнхнарангийн орон сууцыг худалдаж авсан, нэхэмжлэгч нь 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 20 000 000 төгрөгийг бэлнээр зээлсэн, энэ зээлээ буцаан төлсөн, харин 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдөр 3 000 000 төгрөгийг зээлээд буцааж өгөөгүй байгаа тул энэ мөнгөө нэхэмжилнэ гэснийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрсөн байна.

Шүүх хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрсөн нэхэмжлэгчийн зөвшөөрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5. дахь заалтад нийцжээ.

С.Мөнхнарангийн нэхэмжлэлтэй 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ”-г гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүй болгохыг хүссэн нэхэмжлэлийг шийдвэрлэсэн шийдвэр маргаж буй А.М, Ц.Н нарын хоорондох Зээлийн гэрээний маргаанд хамааралгүй байна.

Анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлэх үүргээ биелүүлээгүй, хариуцагчийн хариу тайлбар, холбогдох нотлох баримтыг няцаасан үндэслэлээ шийдвэрт тодорхой дурдаагүй байх тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэгч нь 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн “Зээлийн гэрээ”-ний үүрэгт 20 000 000 төгрөгийг шилжүүлсэн гэх тайлбараа баримтаар нотлоогүй, 2015 оны 11 дүгээр сард авсан зээлийг 2016 оны 01 дүгээр сарын 04-нд төлсөн гэх хариуцагчийн тайлбарыг үгүйсгэсэн баримтгүй талаар дүгнэсэн нь хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэгдсэн, шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1., 40.2.-т заасан нотлох баримт үнэлэх журмыг зөрчөөгүй тул нотлох баримтыг үндэслэл бүхий үнэлээгүй гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

Давж заалдах шатны шүүх Ц.Нын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн боловч шийдвэрийг хүчингүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4. дэх заалтад нийцээгүй байна.

Учир нь анхан шатны шүүх хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг шийдвэрлэсэн шийдвэр хууль зөрчөөгүй байх тул шийдэрийг бүхэлд нь хүчингүй болгох боломжгүй.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 2206 дугаар магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэгч Ц.Нын хариуцагч А.Маас 20 000 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.” гэснийг “...шийдвэрийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэгч Ц.Нын хариуцагч А.Маас 20 000 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчлөн, 3 дахь заалтын “...хариуцагчаас 257 950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид...” гэснийг хасч, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.” гэж өөрчлөн, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтансүхийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 257 950 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                   Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                             Х.ЭРДЭНЭСУВД