Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2018/01992

 

 

 

 

 

2018 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2018/01992

 

 

Д.Зоригтын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 181/ШШ2018/01524 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Д.Зоригтын нэхэмжлэлтэй

Хариуцагч Шүрэн солюшнс ХХК болон Б.Мөнгөн нарт холбогдох

Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, Ариг бүрд орон сууцны цогцолборын баруун корпусын 7 дугаар давхрын 70,7 м.кв талбай бүхий орон сууцыг бүрэн дуусгаж, Д.Зоригтод хүлээлгэн өгөхийг Шүрэн солюшнс ХХК болон Б.Мөнгөн нарт даалгах, алданги 69 840 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч Шүрэн солюшнс ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Мягмарсүрэнгийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Эрдэнэбилэг

О.Отгонбаяр

Хариуцагч Шүрэн солюшнс ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч

О.Мягмарсүрэн

Хариуцагч Б.Мөнгөний итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Түвшинбаяр

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинхүслэн нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Отгонбаяр, М.Эрдэнэбилэг нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Д.Зоригт нь Шүрэн солюшнс ХХК-тай 2013 оны 10 дугаар сарын 18-ны өдөр №13/01 тоот Байр захиалгаар бариулах гэрээ байгуулсан. Уг гэрээний дагуу Ариг бүрд орон сууцны цогцолборын Баруун корпусын 7 дугаар давхарт 70,7 м.кв байрыг 169 680 000 төгрөгөөр захиалахаар харилцан тохиролцож урьдчилгаа 139 680 000 төгрөгт өөрийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, Ойн 84 тоот хаягт /тухайн үеийн хаягаар/ байрлах 372 м.кв газрын шилжүүлсэн. Гэрээний 2.3-т заасны дагуу үлдэгдэл 30 000 000 төгрөгийг, уг байрыг хүлээн авч, түлхүүр гардан авахдаа төлөхөөр тохиролцсон. Хариуцагч нь гэрээний 1.4-т заасны дагуу байрыг 2014 оны 4 дүгээр улиралд багтаан хүлээлгэн өгөх үүрэгтэй байсан ч байрыг ашиглалтанд оруулаагүй 3 жилийн хугацаа хэтрүүлсэн бөгөөд одоо байр ашиглалтад орчихоод байхад захиалсан байрыг маань хүлээлгэн өгөхгүй байна. Миний хувьд гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлэн урьдчилгаа төлбөртэй тэнцэхүйц газрыг Шүрэн солюшнс ХХК-ийн захирал Б.Мөнгөнд 2013 оны 11 дүгээр сарын 13-нд газар худалдах, худалдан авах гэрээний дагуу шилжүүлэн өгсөн. Уг газрыг худалдах, худалдан авах гэрээгээр шилжүүлэх гэхэд өмчлөлийн газар нь хуулийн этгээдэд олгогдохгүй тул компанийн захирал, хувьцаа эзэмшигч Б.Мөнгөний нэр дээр шилжүүлэн өгсөн. Газрыг орон сууц захиалгын гэрээний дагуу бартерээр шилжүүлж өгөхөөр тохиролцсон тул татвар бага төлөхийн тулд газар худалдах худалдан авах гэрээнд үнийн дүнг 30 000 000 төгрөг гэж бичин гэрээг хийсэн. Хариуцагч нь надаас шилжүүлж авсан уг газар дээрээ Ариг бүрд орон сууцны цогцолборыг барьж байгуулан биенесийн хувьд ашиг орлогоо олсон хэдий ч өнөөдрийг хүртэл гэрээний үүргээ биелүүлсэнгүй. Шүрэн солюшнс ХХК-ийн захирал нь нэхэмжлэгчийн газрыг худалдан авах шаардлагатай байсан учраас бартерээр худалдан авч барилгаа барьчихаад одоо болохоор газраа буцаагаад авч болно гэсэн тайлбар хийж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй, байраа хүлээн авсан тохиолдолд гэрээнд зааснаар үлдэгдэл төлбөр болох 30 000 000 төгрөгийг төлнө. Иймд Шүрэн солюшнс ХХК-тай байгуулсан №13/01 тоот байр захиалгаар бариулах гэрээний 3.1-т заасан гүйцэтгэгч нь барилгын ажлыг дуусгаж захиалагчид тухайн байрыг хүлээлгэн өгөх, хүлээн авах актаар хүлээлгэн өгнө гэсэн заалтын дагуу Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо Ариг бүрд орон сууцны цогцолборын баруун корпусын 7 дугаар давхарын 70,7 м.кв талбай бүхий орон сууцыг бүрэн дуусгаж хүлээлгэн өгөх, хүлээн авах актаар Д.Зоригт надад хүлээлгэн өгөхийг хариуцагч Шүрэн солюшнс ХХК болон Б.Мөнгөн нарт даалгаж, гэрээнд заасан орон сууцыг гэрээний 1.4.-д заасан хугацаа болох 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл 1051 хоногийг хэтрүүлсэн тул гэрээний 7.1-т зааснаар гүйцэтгээгүй дүн болох 139 680 000 төгрөгнөөс хоног тутам 0,3 хувийн алданги тооцоход 440 411 040 төгрөг болж байгаа боловч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт нийцүүлэн 139 680 000 төгрөгийн 50 хувь болох 69 840 000 төгрөгийг гаргуулан өгнө үү гэжээ.

Хариуцагч Шүрэн солюшнс ХХК-ийн захирал Б.Мөнгөн шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Мягмарсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манай компани нь иргэн Д.Зоригттой 2013 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 13/01 дугаар байр захиалгаар бариулах гэрээг байгуулан Ариг бүрд цогцолборын Баруун корпусын 7 дугаар давхарын 70,7 м.кв талбай бүхий 3 өрөө байрыг захиалсан бөгөөд байрны үнийг нийт 169 680 000 төгрөг байхаар харилцан тохиролцсон. Захиалагч Д.Зоригт гэрээний дагуу төлбөрийг төлөхдөө Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо Ойн 84 тоот, 372 м.кв бүхий газрыг бартераар төлөхөөр харилцан тохиролцож газрын үнийг нийт 139 680 000 төгрөгөөр тооцон төлсөнд тооцож , үлдэгдэл 30 000 000 төгрөгийг гэрээний 2 дугаар зүйлийн 2.3 дэх хэсэгт зааснаар улсын комиссын акт гарснаас хойш 14 хоногийн дотор төлөхөөр харилцан тохиролцсон. Манай компани нь Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооллын 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Ариг бүрд орон сууцны цогцолбор хорооллын барилгын ажлыг хийж гүйцэтгэн 2016 оны 3 дугаар сарын 30-ны өдөр улсын комисст хүлээлгэн өгсөн бөгөөд захиалагчийн зүгээс 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр гэхэд үлдэгдэл төлбөрийг төлж байрыг хүлээн авах ёстой байсан боловч өнөөдрийг хүртэл төлбөрөө төлөхгүй байна. Манай компанийн зүгээс 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр гэрээний 7 дугаар зүйлийн 7.2-т заасны дагуу бичгээр мэдэгдэж байсан, Д.Зоригтын зүгээс байрыг хүлээж авах талаар ямар нэгэн бодит үйлдэл хийдэггүй байсан. Одоо Д.Зоригтын газарт барилга баригдаагүй эзгүй байгаа тул газраа буцаагаад авах боломжтой. Шүрэн солюшнс ХХК нь Д.Зоригтоос 139 680 000 төгрөгийг хүлээн аваагүй, түүнд байр /орон сууц/ хүлээлгэн өгөх үүрэг хүлээгээгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Мөнгөний итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Түвшинбаяр шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч Д.Зоригт байр захиалгаар бариулах гэрээг Шүрэн солюшнс ХХК-тай байгуулсан атлаа иргэн Б.Мөнгөнд холбогдуулан нэхэмжлэл гаргаж байгаа нь ойлгомжгүй байна. Харин 2013 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр газар худалдах, худалдан авах гэрээг иргэн Д.Зоригттой байгуулсан нь үнэн. Энэ гэрээний хувьд маргах зүйлгүй. Хариуцагч Шүрэн солюшнс ХХК-ийн тайлбарыг дэмжиж байна гэжээ.

Хариуцагч Шүрэн солюшнс ХХК-ийн захирал Б.Мөнгөн шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

Д.Зоригтоос 2013 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 13/01 дугаартай байр захиалгаар бариулах гэрээний үлдэгдэл төлбөр болох 30 000 000 төгрөг, алданги 15 000 000 төгрөг, нийт 45 000 000 төгрөгийг гаргуулан өгнө үү гэсэн сөрөг нэхэмжлэл гаргасан боловч нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн тул сөрөг нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

Нэхэмжлэгч Д.Зоригтын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Эрдэнэбилэг сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа:

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Хариуцагч талын зүгээс нэхэмжлэгчид өөр байр санал болгох гэж байгаа бол тэр талаар дэлгэрэнгүй танилцуулах нь зүйтэй гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн зүгээс эвлэрэн хэлэлцэх асуудлыг хүлээн авч, өөр орон сууцыг үзэж харж холбогдох тооцоо судалгааг хийхэд татгалзах зүйлгүй болно гэсэн тайлбарыг гаргаж байсан боловч хариуцагч Шүрэн солюшнс ХХК сөрөг нэхэмжлэлээсээ татгалзаж байх тул нэмж хэлэх тайлбар байхгүй гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Х.Наранцацрал шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

Миний бие Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо 13 дугаар хороолол 102/Б байрны 70 тоот, 70,7 м.кв талбайтай орон сууцыг 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдөр үнийг төлөөд иргэн Р.Хангайгаас худалдаж авсан, намайг шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүх:  Иргэний хуулийн  343  дугаар зүйлийн  343.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Шүрэн солюшнс ХХК болон тус компанийн захирал Б.Мөнгөн нарыг Баянзүрх дүүрэг, 13 дугаар хороолол, 6 дугаар хороо, Ариг бүрд цогцолборын Баруун корпусын 7 давхарт 70,7 м.кв орон сууцыг бүрэн барьж дуусгасан болохыг батлан, уг орон сууцыг захиалагч Д.Зоригтод хүлээлгэн өгөхийг даалгаж, алданги 69 840 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Шүрэн солюшнс ХХК нь нэхэмжлэгч Д.Зоригтод холбогдуулан гаргасан үлдэгдэл төлбөр 30 000 000 төгрөгийг алдангийн хамт нийт 45 000 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 936 150, хариуцагчаас сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 382 950 төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч нараас тус бүр 429 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид, нэхэмжлэгч Д.Зоригтоос улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 577 150 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэсэн байна.

Хариуцагч Шүрэн солюшнс ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Мягмарсүрэн давж заалдах гомдолдоо:

... Тус хэргийг 2018 оны 7 дугаар сарын 4-ний өдөр хянан хэлэлцсэн бөгөөд шүүх хуралдаанаас өмнө "Шүрэн солюшнс" ХХК-ний зүгээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлд заасныг баримтлан "...2013 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 13/01 дугаар байр захиалгаар бариулах гэрээнээс татгалзсаныг тогтоож, гэрчилгээний 000132543 дугаартай, удсын бүртгэлийн Г-204020438 дугаартай газар өмчлөх эрхийн гэрчилгээг буцаан авахыг Д.Зоригтод даалгах тухай..." сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан байхад шүүхээс илт үндэслэлгүйгээр хүлээн авахаас татгалзаж, хариуцагчийн хуулиар олгогдсон хууль ёсны эрх, ашиг сонирхолыг ноцтой зөрчсөн. Учир нь Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарып 4-ний өдрийн 181/Ш32018/08079 дугаартай сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамжийн тодорхойлох хэсэг, үндэслэх хэсэг, захирамжлах хэсэгт дүгнэснээр тухайн өдрийн шүүх хуралдаан дээр гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бус харин өмнө нь гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээр дүгнэлт хийж улмаар сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзсан нь илт үндэслэлгүй. Энэ хэргийн хариуцагч болох Б.Мөнгөн өмнө нь тус шүүхэд хандан сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасныг шүүх хүлээн авч хянаад 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 181/Ш32018/03254 дугаар захирамжаар хүлээн авхаас татгалзаж шийдвэрлэсэн байдаг. Харин шүүх хуралдаан дээр гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь газар худалдах худалдан авах гэрээтэй холбоогүй, байр захиалгаар бариулах тухай гэрээнээс татгалзах агуулга бүхий шаардлага байхад өмнөх сөрөг нэхэмжтэлийн шаардлагад хамааруулан хүчин төгөлдөр шүүгчийн захирамж байгаа гэх үндэслэлээр хүлээн авахаас татгалзах боломжгүй юм. Талуудын хооронд байгуулагдсан 2013 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 13/01 дугаар байр захиалгаар бариулах тухай гэрээ, 2013 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн газар худалдах, худалдан авах гэрээ нь тус тусдаа бие даасан гэрээнүүд бөгөөд хууль зүйн үр дагаварыг тус тусдаа үүсгэж байгаа ба хариуцагч "Шүрэн Солюшнс" ХХК-ийн зүгээс гаргасан байр захиалгаар бариулах тухай гэрээг үндэслэн дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэсэн нь хэт нэг талыг барьсан гэж үзэх үндэслэл бүхий эргэлзээг төрүүлж байна.

Хариуцагч Шүрэн Солюшнс" ХХК нь Баянзүрх дүүргийн 13 дугаар хороолол байрлах "Ариг бүрд" цогцолборын 102а, 102б тоот хаягт байрлах дээрээ мансардтай, 9 давхар орон сууцны барилга, А, Б блок бүхий 80 айлын орон сууцтай, 51 автомашины дулаан зогсоолтой барилгыг 2013/74 дугаартай зураг төслөөр 2013 оны 7 дугаар сараас эхлэн барьж гүйцэтгэсэн бөгөөд 2015 оны 12 дугаар сарын 2-ны өдөр барьж дуусган 2016 оны 3 дугаар сарын 30-ны өдөр улсын комисст хүлээлгэн өгч барилга байгууламжийг байнгын ашиглалтанд оруулсан болох нь хэрэгг авагдсан баримтаар нотлогддог. Нэхэмжлэгч Д.Зоригт нь манай компанийн Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэр, 13 дугаар хороолол /13374/-Д байрлах "Аригбүрд" цогцолборын 102а, 102б тоот хаягт байрлах дээрээ мансардтай, 9 давхар орон сууцны барилга, А, Б блок бүхий 80 айлын орон сууцтай, 51 автомашины дулаан зогсоолтой барилгаас Баруун корпусын 7 дугаар давхарын 70,7 м.кв талбай бүхий 3 өрөө байрыг захиалан 2013 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 13/01 дугаар "Байр захиалгаар бариулах тухай гэрээг" байгуулан, 3 өрөө байрны үнийг нийт 169 680 000 төгрөг байхаар манай компанитай харилцан тохиролцсон нь үнэн болно. Дээрх орон сууцны барилгыг улсын комисст хүлээлгэн өгсний дараа захиалсан байраа хүлээн авч үлдэгдэл төлбөрийг төлөх талаар удаа дараа мэдэгдсэн боловч өөрөө ирж байрыг хүлээн аваагүй. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар "Шүрэн солюшнс" ХХК-ийн эзэмшлийн 1470 м.кв талбай бүхий газар, Д.Зоригтын өмчлөлийн 372 м.кв талбай бүхий газар нь 2 тусдаа болох нь нотлогдож байгаа бөгөөд "Шүрэн солюшнс" ХХК-ийн зүгээс Д.Зоригтын өмчлөлийн газар дээр барилга, байшин бариагүй тул 3 өрөө байрыг түүнд хүлээлгэн өгөх боломжгүй байхад анхан шатны шүүхээс 3 өрөө орон сууцыг хүлээлгэн өгөхийг даалгаж шийдвэрлэсэн нь, мөн 3 өрөө орон сууцыг авах эрхийг үүсгэж байгаа байр захиалгаар бариулах гэрээнээс татгалзаж байгаа сөрөг шаардлагыг газар худалдах худалдан авах гэрээнээс татгалзсан хариуцагч Б.Мөнгөний гаргасан сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан захирамж хүчин төгөлдөр гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй үндэслэл зааж хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй байна. Иймд Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 181/ШШ2018/01524 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр апхан шатны шүүхэд нь буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч Д.Зоригт нэхэмжлэлийн нэг шаардлагаа ...Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, Ариг бүрд орон сууцны цогцолборын баруун корпусын 7 дугаар давхрын 70.7 м.кв талбай бүхий орон сууцыг бүрэн дуусгаж, Д.Зоригтод хүлээлгэн өгөхийг Шүрэн солюшнс ХХК болон Б.Мөнгөн нарт даалгуулахаар гаргасан байх бөгөөд анхан шатны шүүх улсын комисс хүлээн авч, ашиглалтад орсон байрыг барьж дуусгасан болохыг батлахдаа нэхэмжлэлийн шаардлагыг тодорхой бус байдлаар шийдвэрлэжээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талуудын маргааны зүйл болж буй Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, Ариг бүрд орон сууцны цогцолборын баруун корпусын 7 дугаар 70.7 м.кв орон сууцыг ашиглалтад орсон талаар зохигчид тайлбар гаргаж, тухайн байранд амьдарч буй Х.Наранцацралыг гуравдагч этгээдээр татан оролцуулсан байна. / 1 дүгээр хавтас 50 дугаар хуудас/

 

Иргэний эрх зүйн хамгаалалт нь зөрчигдсөн эрхийг сэргээх зорилготой байдаг бөгөөд зөрчигдсөн эрхийг Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3-д хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэхээр заажээ.

 

Гэтэл шүүхийн шийдвэрээр хариуцагчид ямар үүргийг гүйцэтгүүлэхээр тогтоосон нь тодорхой бус болсон байна.

 

Түүнчлэн хариуцагч Б.Мөнгөн шүүхэд 2018 оны 3 дугаар сарын 7-ны өдөр газар худалдах-худалдан авах гэрээнээс татгалзах тухай сөрөг нэхэмжлэл гаргасныг шүүх 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 181/Ш32018/03254 тоот захирамжаар хариуцагчийн гаргаж буй сөрөг нэхэмжлэл нь үндсэн нэхэмжлэлтэй тооцогдох шардлага биш байна гэсэн үндэслэлээр хүлээн авахаас татгалзжээ. /1 дүгээр хавтас 84-85 дугаар хуудас/

 

Мөн хариуцагч Б.Мөнгөн 2018 оны 7 дугаар сарын 3-ны өдөр дахин Байр захиалгаар бариулах гэрээнээс татгалзсаныг тогтоож, 000132543 дугаартай, улсын бүртгэлийн Г-204020438 дугаартай газар өмчлөх эрхийн гэрчилгээг буцаан авахыг Д.Зоригтод даалгах сөрөг нэхэмжлэл дахин гаргасныг шүүх хүлээн авахаас татгалзахдаа худалдах- худалдан авах гэрээнээс татгалзсан сөрөг нэхэмжлэлийн агуулгатай адилтган үзэж, дүгнэлт хийсэн нь учир дутагдалтай болсон байна. /2 дугаар хавтас 25, 42-43 дугаар хуудас/

 

Иймд анхан шатны шүүх үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн агуулгыг нарийвчлан тодруулаагүй, маргааны үйл баримт эрх зүйн харилцааг зөв тодорхойлоогүйгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон хэргийн оролцогчдын эрх, мэтгэлцээний нөхцөл байдал хангагдсан гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Хариуцагийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах боломжтой юм.

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 4-ны өдрийн 181/ШШ2018/01524 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Шүрэн солюшнс ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Мягмарсүрэнгийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 856 350 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурьдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                        Ж.ОЮУНТУНГАЛАГ

  ШҮҮГЧИД                           Ш.ОЮУНХАНД

                                                   Ц.ИЧИНХОРЛОО