Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2018/02204

 

 

 

 

 

2018 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2018/02204

 

 

Хөдөө аж ахуйн их сургуулийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 183/ШШ2018/01949 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Хөдөө аж ахуйн их сургуулийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Б.Бүрэнбаатарт холбогдох

Хөдөө аж ахуйн сургуулийн өмчлөлд байдаг Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 47 дугаар байрны 31 тоотод байрлах 158,18 м.кв талбай бүхий орон сууцнаас Б.Бүрэнбаатарыг албадан гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгч Хөдөө аж ахуйн их сургуулийн захирал Т.Хэрүүгагийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагч: Б.Бүрэнбаатар

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ж.Энэрэл нар оролцов.

Нэхэмжлэгч Хөдөө аж ахуйн их сургуулийн дэд захирал Ж.Батчулуун шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Хөдөө аж ахуйн их сургууль нь 2010 онд ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор Химон констракшн ХХК-иар өөрийн эзэмшлийн газар дээр орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулж 20 айлын орон сууцны төлбөр болох 1 316 415 296 төгрөгийг шилжүүлж хүлээн авсан орон сууцуудаа өөрийн ажилтнуудад хуваарилж өгсөн болно. Эдгээр 20 орон сууцны нэг болох 158.18 м.кв талбай бүхий 4 орон сууцыг тухайн үеийн тус сургуулийн захирал байсан иргэн Б.Бямбаа нь өөрийн хүү болох Б.Бүрэнбаатарт олгосон байдаг. Тэр цаг мөчөөс хойш өнөөг хүртэл 8 жилийн хугацаанд иргэн Б.Бүрэнбаатар нь нэг ч төгрөг нэхэмжлэгчид төлөхгүй өнөөг хүрлээ. Иргэн Б.Бүрэнбаатартай байрны үнийг төлүүлэх талаар удаа дараа уулзаж ярилцаж байсан болно. Уулзалт болгон дээр уг байрны төлбөрийг төлөх боломжгүй гэдгээ илэрхийлж байлаа. Бид асуудалд уян хатан хүлээцтэй хандаж байрны төлбөрөө төлөх цаг хугацааны боломжийг хангалттай өгсөн боловч цаашид төлбөрөө төлөх ямар ч бололцоо байхгүй, төлбөр барагдуулах хүсэл сонирхолгүй нь тодорхой боллоо. Иймд сургуулийн удирдлага Б.Бүрэнбаатарын амьдарч байгаа тус сургуулийн өмчлөлд байдаг орон сууцыг түүний эзэмшлээс чөлөөлүүлж өөрийн мэдэлд буцаан авах шийдвэр гаргасан болно. Манай сургуулийн өмчлөлийн орон сууцнаас Б.Бүрэнбаатарыг албадан гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.

Хариуцагч Б.Бүрэнбаатар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хариуцагч нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 47 дугаар байрны 31 тоотод 2010 оноос хойш амьдарч эхэлсэн. Энэ хугацаанд Хөдөө аж ахуйн их сургуулиас ямар нэгэн байдлаар Б.Бүрэнбаатартай тухайн байртай холбогдуулан төлбөрийн асуудал ярьж байгаагүй байдаг. Нэхэмжлэлийн шаардлагад дурдаж байгаа тухайн үеийн Хөдөө аж ахуйн их сургуулийн захирал өөрийн хүүдээ өгсөн байр гэж яригддаг. Гэтэл Хөдөө аж ахуйн их сургуулийн гаргаж өгсөн нотлох баримт, нэхэмжлэлд  дурдсанаар  Хөдөө аж ахуйн их сургууль өөрийн газар дээр орон сууц бариулаад газраа ашиглуулсны төлбөрт 20 айлын сууцанд багш, ажилчдын нийгмийн асуудлыг шийдэхээр авсан байдаг. Нэхэмжлэлийн шаардлагад дурдсан 31 тоот бол хавтаст хэргийн 8 дугаар хуудсанд байгаа акт, 10 дугаар хуудсанд байгаа эд хөрөнгийн жагсаалт зэрэг баримтуудаар энэ байрыг хүлээж авсан акт байдаггүй. Учир нь хариуцагч тухайн үед энэ сургуулийн хүрээлэнд ажилладаг байсан ба байранд орох талаар саналын дагуу орсон. Үүнээс хойш 8 жил амьдрах хугацаанд өмчлөлийн талаас ямар нэгэн асуудал гарч байгаагүй. Иймээс Б.Бүрэнбаатарыг шударга эзэмшигч юм. Иргэний хуулийн 182 дугаар зүйлийн 182.1 дэх хэсэгт улсын бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад  эрхийг бүртгүүлнэ гэж заасан. Нэгэнт өөрийн өмчлөлийн орон сууцнаас албадан гаргуулах асуудал яригдаж байгаа учраас Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх зааснаар өмчлөгчийн өмчөө шаардах эрхийн урьдчилсан нөхцөл биелэгдээгүй байна.  Өмчлөх эрхийг хэрэгжүүлэхийн тулд зөвхөн өмчлөгч энэ эрхийг хэрэгжүүлнэ. Гэтэл хэрэгт цугларсан баримтуудаар Хөдөө аж ахуйн их сургууль энэ орон сууцны өмчлөгч гэдэг нь тогтоогдохгүй байна. Өмчлөгч болохын тулд Иргэний хуулийн 182.1-д зааснаар бүртгүүлж, гэрчилгээ авсан байх ёстой. Мөн Эд хөрөнгийн өмчлөх эрх болон түүнтэй холбоотой бусад эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д өмчлөгч өмчлөх эрхээ эрхийн улсын бүртгэлийн бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ авснаар баталгаажина гэсэн заасан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү

 Шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар Б.Бүрэнбаатарт холбогдох ХААИС-ын өмчлөлд байдаг Хан-уул дүүргийн 11 дүгээр хороо, 47 дугаар байрны 31 тоот хаалга 158,18 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцнаас иргэн Б.Бүрэнбаатарыг албадан гаргуулах тухай Хөдөө аж ахуйн их сургуулийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасэаар нэхэмжлэгч Хөдөө аж ахуйн их сургууль улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч Хөдөө аж ахуйн их сургуулийн захирал Т.Хэрүүга давж заалдах гомдолдоо:

... Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт зааснаар тухайн харилцааг нарийвчлан зохицуулсан заалтыг үндэслэл болгон Улсын бүртгэлийн байгууллага төрийн өмчийн үл хөдлөх эд хөрөнгийг бүртгээгүй бөгөөд манай байгууллага нь өөрийн тайлан балансандаа бүртгэн баталгаажуулсан болно. Барилгын өрөөнүүдийн план зураг гаргуулах тухай нэхэмжлэгчийн хүсэлтийг шүүх хүлээн авч 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 6761 дугаар шүүгчийн захирамж гаргасан болно. Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 09/2232 дугаар албан тоотоор орон сууцны дотоод зохион байгуулалт, хаалганы дугаарыг захиалагч өөрсдөө дугаарладаг болох-ыг ирүүлсэн байна. Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар нь тухайн барилгын скиз зураг болон план зургийг баталдаг хуулиар эрх олгогдсон байгууллага болно. План зургийг шүүхэд ирүүлээгүй, шүүгчийн захирамж биелэгдээгүй байхад шүүх бүрдүүлэх боломжгүй байна гэсэн үндэслэлээр өөрийн гаргасан захирамжийг үгүйсгэн хэрэгт ач холбогдол бүхий баримтыг авалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн байна. Шүүгч захирамжийн биелэлтийг хангуулан Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас план зураг гаргуулан авсан бол нэхэмжлэлийн шаардлагаа нотлох хууль зүйн боломжтой байсны зэрэгцээ хэрэгт ач холбогдол бүхий баримтуудыг шүүхэд гаргаж өгөх боломжтой байсан. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч Хөдөө аж ахуйн их сургууль нь хариуцагч Б.Бүрэнбаатарт холбогдуулан өөрийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 47 дугаар байрны 31 тоотод байрлах 158,18 м.кв талбай бүхий орон сууцнаас түүнийг албадан гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, ...Хөдөө аж ахуйн их сургууль нь маргааны зүйл болж буй орон сууцны өмчлөгч болохоо нотлоогүй гэсэн үндэслэл заан маргажээ.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд маргааны зүйл болж буй орон сууцыг нэхэмжлэгч Хөдөө аж ахуйн их сургуулийн захиалгаар барьсан, хариуцагч уг байрыг багш, ажилчдад хөнгөлттэй үнээр худалдан борлуулах шийдвэр гарсан зэрэг асуудлаар зохигчид маргаагүй.

 

Харин нэхэмжлэгч байгууллагын үндсэн хөрөнгийн хөдлөл өөрчлөлтийн дэлгэрэнгүй тайланд уг орон сууцыг тусгасан хэдий ч хэн нэгэн үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд бүртгүүлж, тухайн орон сууцны өмчлөх эрхийг өмчлөлдөө авсан тухай баримт хэрэгт авагдаагүй бөгөөд барилгын өмчлөлийн асуудлаар зохигчид маргажээ.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгч Хөдөө аж ахуйн их сургууль нь тухайн байрыг өөрийн өмч болохыг улсын бүртгэлд бүртгүүлээгүй учраас Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийг өмчлөгч гэж үзэхгүй гэж дүгнэсэн шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болж чадаагүй байна.

 

Хэрэгт Хөдөө аж ахуйн их сургуулийн удирдах зөвлөлийн хурлын 2017 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн хурлын тэмдэглэл авагдсан, уг тэмдэглэлээс үзэхэд хариуцагч Б.Бүрэнбаатарыг орон сууцны төлбөрөө төлөхийг шаардаж, төлбөрөө төлөөгүй тохиолдолд байраа чөлөөлж өгөх талаар мэдэгдсэн байх бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын агуулга нь маргааны зүйл болж буй орон сууцыг хариуцагчид худалдсан, орон сууцны үнийг хариуцагч төлөхгүй байгаа тул түүнийг уг орон сууцнаас чөлөөлүүлэх тухай гэж үзэхээр байна.

 

Иймээс нэхэмжлэгч байгууллагын хувьд худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, гэрээний дагуу шилжүүлсэн орон сууцаа буцаан авах, эсхүл өөрийгөө тухайн байрны өмчлөгчийн хувиар хариуцагчийн хууль бус эзэмшлээс уг байрыг чөлөөлүүлэхээр шаардаж байгаа үндэслэлийг тодруулж, дээрх асуудлаар зохигчдыг мэтгэлцүүлсний дараагаар талуудын тайлбар болон нотлох баримтын хүрээнд шүүх үнэлж дүгнэх ёстой байжээ.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг нарийвчлан тодруулаагүй, уг асуудлаар зохигчдыг мэтгэлцүүлээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлмийн 168.1.1-т заасан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй байна гэж үзлээ.

 

Энэ талаар давж заалдсан нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангах боломжтой юм.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 183/ШШ2018/01949 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Хөдөө аж ахуйн их сургууль нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурьдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурьдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                        Ж.ОЮУНТУНГАЛАГ

  ШҮҮГЧИД                           А.ОТГОНЦЭЦЭГ

                                                   Ц.ИЧИНХОРЛОО