Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 001/ХТ2019/00360

 

Х-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, П.Золзаяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 183/ШШ2018/01949 дүгээр шийдвэр

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 2204 дүгээр магадлалтай

Х-ийн нэхэмжлэлтэй,

Б.Бт холбогдох

Өөрийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо 47 дугаар байрны 31 тоотод айрлах 158.18 м.кв талбай бүхий орон сууцыг Б.Бын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг

Хариуцагч Б.Бын хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Амарсайхан, Ж.Батчулуун, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хь нь 2010 онд ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор “Химон констракшн” ХХК-иар өөрийн эзэмшлийн газар дээр орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулж 20 айлын орон сууцны төлбөр болох 1 316 415 296 төгрөгийг шилжүүлж, хүлээн авсан орон сууцуудаа өөрийн ажилтнуудад хуваарилж өгсөн болно. Эдгээр 20 орон сууцны нэг болох 158.18 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцыг тухайн үеийн тус сургуулийн захирал байсан иргэн Б.Бямбаа нь өөрийн хүү болох Б.Бт олгосон байдаг. Тэр цаг мөчөөс хойш өнөөг хүртэл 8 жилийн хугацаанд иргэн Б.Б нь нэг ч төгрөг нэхэмжлэгчид төлөхгүй өнөөг хүрлээ. Иргэн Б.Бтай байрны үнийг төлүүлэх талаар удаа дараа уулзаж ярилцаж байсан болно. Уулзалт болгон дээр уг байрны төлбөрийг төлөх боломжгүй гэдгээ илэрхийлж байлаа. Бид асуудалд уян хатан хүлээцтэй хандаж байрны төлбөрөө төлөх цаг хугацааны боломжийг хангалттай өгсөн боловч цаашид төлбөрөө төлөх ямар ч бололцоо байхгүй, төлбөр барагдуулах хүсэл сонирхолгүй нь тодорхой боллоо. Иймд сургуулийн удирдлага Б.Бын амьдарч байгаа тус сургуулийн өмчлөлд байдаг орон сууцыг түүний эзэмшлээс чөлөөлүүлж өөрийн мэдэлд буцаан авах шийдвэр гаргасан болно. Манай сургуулийн өмчлөлийн орон сууцнаас Б.Быг албадан гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хариуцагч нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 47 дугаар байрны 31 тоотод 2010 оноос хойш амьдарч эхэлсэн. Энэ хугацаанд Хиас ямар нэгэн байдлаар Б.Бтай тухайн байртай холбогдуулан төлбөрийн асуудал ярьж байгаагүй байдаг. Нэхэмжлэлийн шаардлагад дурдаж байгаа тухайн үеийн Хийн захирал өөрийн хүүдээ өгсөн байр гэж яригддаг. Гэтэл Хийн гаргаж өгсөн нотлох баримт, нэхэмжлэлд  дурдсанаар  Хь өөрийн газар дээр орон сууц бариулаад газраа ашиглуулсны төлбөрт 20 айлын сууцанд багш, ажилчдын нийгмийн асуудлыг шийдэхээр авсан байдаг. Нэхэмжлэлийн шаардлагад дурдсан 31 тоот бол хавтаст хэргийн 8 дугаар хуудсанд байгаа акт, 10 дугаар хуудсанд байгаа эд хөрөнгийн жагсаалт зэрэг баримтуудаар энэ байрыг хүлээж авсан акт байдаггүй. Учир нь хариуцагч тухайн үед энэ сургуулийн хүрээлэнд ажилладаг байсан ба байранд орох саналын дагуу орсон. Үүнээс хойш 8 жил амьдрах хугацаанд өмчлөлийн талаас ямар нэгэн асуудал гарч байгаагүй. Иймээс Б.Б шударга эзэмшигч юм. Иргэний хуулийн 182 дугаар зүйлийн 182.1 дэх хэсэгт улсын бүртгэлд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийг бүртгүүлнэ гэж заасан. Нэгэнт өөрийн өмчлөлийн орон сууцнаас албадан гаргуулах асуудал яригдаж байгаа учраас Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх зааснаар өмчлөгчийн өмчөө шаардах эрхийн урьдчилсан нөхцөл биелэгдээгүй байна. Өмчлөх эрхийг хэрэгжүүлэхийн тулд зөвхөн өмчлөгч энэ эрхийг хэрэгжүүлнэ. Гэтэл хэрэгт цугларсан баримтуудаар Хь энэ орон сууцны өмчлөгч гэдэг нь тогтоогдохгүй байна. Өмчлөгч болохын тулд Иргэний хуулийн 182.1-д зааснаар бүртгүүлж, гэрчилгээ авсан байх ёстой. Мөн Эд хөрөнгийн өмчлөх эрх болон түүнтэй холбоотой бусад эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д өмчлөгч өмчлөх эрхээ эрхийн улсын бүртгэлийн бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ авснаар баталгаажна гэсэн заасан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 183/ШШ2018/01949 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар Б.Бт холбогдох ХААИС-ын өмчлөлд байдаг Хан-уул дүүргийн 11 дүгээр хороо, 47 дугаар байрны 31 тоот хаалга 158,18 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцнаас иргэн Б.Быг албадан гаргуулах тухай Хийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч Хь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 2204 дүгээр магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 183/ШШ2018/01949 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Хь нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагч Б.Б хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 сарын 29-ний өдрийн 2204 дүгээр магадлалыг эс зөвшөөрч хариуцагчийн зүгээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172.1.-д заасны дагуу дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.

Хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тухайд:

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалын хянавал хэсэгт “нэхэмжлэгч Хь нь тухайн байрыг өөрийн өмч болохыг улсын бүртгэлд бүртгүүлээгүй учраас Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийг өмчлөгч гэж үзэхгүй хэмээн дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болж чадаагүй байна” гэж дүгнэсэн байна.

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт “өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн зүгээс нэгдүгээрт, өөрийгөө маргааны зүйл болж буй байрны өмчлөгч гэдгийг, хоёрдугаарт хариуцагчийн эзэмшлийг хууль бус болохыг тус тус нотлох үүрэгтэй. Ийнхүү нотолж чадаагүй бол шүүхээс нэхэмжлэгчид шаардах эрх үүсээгүй гэж үзэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх учиртай.

Үл хөдлөх эд хөрөнгийн тухайд иргэний хуульд заасан онцлог зохицуулалт үйлчилдэг бөгөөд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн эзэн хэн болох тухай маргаан гарсан, эргэлзээтэй байдал үүссэн нөхцөлд улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгүүлсэн этгээдийг эрх бүхий этгээд хэмээн тооцдог. Хь нь маргаан бүхий байрны өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгэгдээгүй байдаг тул түүнийг өмчлөгч гэж үзэх үндэслэлгүй юм.

Гэтэл давж заалдах шатны шүүх “үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгэгдээгүй учраас нэхэмжлэгчийг өмчлөгч гэж үзэхгүй” гэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг “үндэслэл бүхий болж чадаагүй байна” гэснийг хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн буюу тус зохицуулалтыг хуульд зааснаас өөр утга, агуулгаар ойлгож хэргийг шийдвэрлэсэн гэж үзэхээр байна. Мөн ямар үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэл бүхий болж чадаагүй гэж дүгнэж байгаагаа огт тайлбарлаагүй байгаа нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй тухайд:

Хь хөрөнгөө хариуцагчаас шаардах эрхтэй байх дараагийн урьдчилсан нөхцөл нь хариуцагч хууль буюу гэрээгээр тус үл хөдлөх хөрөнгийг эзэмших эрхгүй байх явдал юм. Хариуцагчийн эзэмшлийг хууль ёсны эсэхийг тогтооход Иргэний хуулийн холбогдох зүйл заалт буюу 89-90 дүгээр зүйлийг үндэслэл болгох учиртай.

Гэтэл давж заалдах шатны шүүхээс хариуцагчийн эзэмшлийн талаар огт дүгнэлт өгөөгүй байгааг шүүх хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй гэж үзнэ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн тухайд:

Нэхэмжлэлийн шаардлага нь “ХААИС-ийн өмчлөлд байдаг Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 47 дугаар байрны 31 тоот хаалга, 158.18 м.кв 4 өрөө орон сууцнаас иргэн Б.Быг албадан гаргуулах тухай” буюу өөрийгөө тухайн байрны өмчлөгчийн хувиар хариуцагчийн хууль бус эзэмшлээс уг байрыг чөлөөлүүлэхээр шаардаж байгаа нь тодорхой байхад давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг тодруулах шаардлагатай гэсэн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон нь үндэслэлгүй байна.

Иймд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 сарын 29-ний өдрийн 2204 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 сарын 31-ний өдрийн 183/1ШШ2018/01949 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Хь нь өөрийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо 47 дугаар байрны 31 тоотод байрлах 158.18 м.кв талбай бүхий орон сууцыг Б.Бын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан байна.

Хэрэгт авагдсан баримтаар Хь өөрийн эзэмшил газар дээр баригдсан барилгаас 20 орон сууцыг худалдан авч байгууллагын ажилчиддаа хөнгөлттэй үнээр худалдсан гэх бөгөөд хариуцагч Б.Б худалдан авсан орон сууцны үнийг төлөөгүй үндэслэлээр орон сууцыг чөлөөлүүлэхээр шаарджээ.

Маргаж буй орон сууц Хийн үндсэн хөрөнгийн бүртгэлд бүртгэлтэй байхад анхан шатны шүүх энэ талаар дүгнээгүй, харин өмчийг улсын бүртгэлд бүртгүүлээгүй, өмчлөгч болохоо нотлоогүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь харьцуулан үзсэний үндсэн дээр хэрэгт ач холбогдолтой, эргэлзээгүй, үнэн зөв талаас нь  үнэлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1., 40.2.-т заасан журмыг зөрчсөн, нэхэмжлэлийн шаардлагыг тодруулалгүй хэргийг шийдвэрлэсэн байх тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй гэж үзнэ.

Хэдийгээр нэхэмжлэгч нь орон сууцыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр нэхэмжлэл гаргасан боловч нэхэмжлэлийн агуулга, хэрэгт цугларсан баримтаас үзвэл тухайн орон сууцыг хариуцагчид худалдсан, хариуцагч орон сууцны үнийг төлөөгүй гэх үндэслэл зааж байгаа нь худалдан авагч гэрээний үүргээ зөрчсөн үндэслэлээр худалдагч худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж байна гэж ойлгогдохоор байна.

Нэхэмжлэлийн шаардлагаас шалтгаалан талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлох, улмаар холбогдох хууль тогтоомжийг хэрэглэх учиртай.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг тодруулсны үндсэн дээр тухайн шаардлагатай холбоотой баримтыг бүрдүүлж, зохигчийг мэтгэлцүүлж, асуудлыг шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон давж заалдах шатны шүүхийн магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1. дэх заалтад нийцжээ.

Түүнчлэн маргаж буй орон сууц ямар үндэслэлээр улсын бүртгэлийн байгууллагад бүртгэлгүй байгаа болон хариуцагчийн эзэмшлийг хууль бус гэж үзэх үндэслэл тодорхойгүй, хариуцагчийн эзэмшиж байгаа орон сууцны хаалганы дугаар байгууллагын хүлээж авсан хаалганы дугаартай зөрүүтэй байгаа нь тус орон сууц байгууллагаас худалдахаар шийдвэрлэсэн орон сууцны нэг мөн эсэх нь тодорхойгүй байх тул хэрэгт цугларсан баримтын хүрээнд дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна.

Дээр дурдсан үндэслэлээр магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхийг хүссэн хариуцагчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 2204 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагч Б.Бын гомдлыг хангахгүй орхисгай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                         Х.СОНИНБАЯР   

ШҮҮГЧ                                                   Х.ЭРДЭНЭСУВД