Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 01949

 

 

 

 

 

 

 

 

 

 

2018 оны 08 сарын 31  өдөр                  Дугаар183/ШШ2018/01949                              Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ИС нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б /РД/-д холбогдох,

ИС-ийн өмчлөлд байдаг Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 47 дугаар байрны 31 тоот хаалга 158.18 м.кв 4 өрөө орон сууцнаас иргэн Б.Быг  албадан гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагч Б.Б, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Гүенбат, нарийн бичгийн даргаар К.Айсауле нар оролцов.

                                                                                                  ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Хөдөө аж ахуйн их сургууль шүүхэд гаргасан нэхэмжлэдээ: “ИС нь 2010 онд ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор Химон констракшн ХХК-иар өөрийн эзэмшлийн газар дээр орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулж 20 айлын орон сууцны төлбөр болох 1,316,415,296 төгрөгийг шилжүүлж хүлээн авсан орон сууцуудаа өөрийн ажилтнуудад хуваарилж өгсөн болно. Эдгээр 20 орон сууцны нэг болох 158.18 м.кв талбай бүхий 4 орон сууцыг тухайн үеийн тус сургуулийн захирал байсан иргэн Б.Бямбаа нь өөрийн хүү болох Б.Бт олгосон байдаг. Тэр цаг мөчөөс хойш өнөөг хүртэл 8 жилийн хугацаанд иргэн Б.Б нь нэг ч төгрөг ИС-д төлөхгүй өнөөг хүрлээ. Иргэн Б.Бтай байрны үнийг төлүүлэх талаар удаа дараа уулзаж ярилцаж байсан болно. Уулзалт болгон дээр уг байрны төлбөрийг төлөх боломжгүй гэдгээ илэрхийлж байлаа. Бид асуудалд уян хатан хүлээцтэй хандаж байрны төлбөрөө төлөх цаг хугацааны боломжийг хангалттай өгсөн боловч цаашид төлбөрөө төлөх ямар ч бололцоо байхгүй, төлбөр барагдуулах хүсэл сонирхол уг хүнд үгүй гэдэг нь тодорхой боллоо. Иймд сургуулийн удирдлага Б.Бын амьдарч байгаа тус сургуулийн өмчлөлд байдаг орон сууцыг түүний эзэмшлээс чөлөөлүүлж өөрийн мэдэлд буцаан авах шийдвэр гаргасан болно. Манай сургуулийн өмчлөлийн орон сууцнаас Б.Быг албадан гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна” гэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Ц.Гүенбат шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хариуцагчийн хувьд тухайн нэхэмжлэлийн шаардлагад дурдагдаж байгаа Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 47 дугаар байрны 31 тоотод 2010 оноос хойш амьдарч эхэлсэн. Энэ хугацаанд Хөдөө аж ахуйн их сургуулиас ямар нэгэн байдлаар Бтай тухайн байртай холбогдуулан төлбөрийн асуудал ярьж байгаагүй байдаг. Ярьж байсан гэж нэхэмжлэлийн шаардлагадаа дурдаж байсан боловч ярьж байсныг нотлох баримт гаргаж өгөөгүй байдаг. Нэхэмжлэлийн шаардлагад дурдаж байгаа тухайн үеийн Хөдөө аж ахуйн их сургуулийн захирал өөрийн хүүдээ өгсөн байр гэж яригддаг. Гэтэл Хөдөө аж ахуйн их сургуулийн гаргаж өгсөн нотлох баримт, нэхэмжлэлд  дурдсанаар  Хөдөө аж ахуйн их сургууль өөрийн газар дээр орон сууц бариулаад газраа ашиглуулсны төлбөрт 20 айлын сууцанд багш, ажилчдын нийгмийн асуудлыг шийдэхээр авсан байдаг. Нэхэмжлэлийн шаардлагад дурдсан 31 тоот бол хавтаст хэргийн 8 дугаар хуудсанд байгаа акт, 10 дугаар хуудсанд байгаа эд хөрөнгийн жагсаалт зэрэг баримтуудаар энэ байрыг хүлээж авсан акт байдаггүй. Иймд Бын тайлбар үндэслэлтэй харагдаж байна. Учир нь Б нь тухайн үед энэ сургуулийн хүрээлэнд ажилладаг байсан ба аав нь байранд орох талаар саналын дагуу орсон. Үүнээс хойш 8 жил амьдрах хугацаанд өмчлөлийн талаас ямар нэгэн асуудал гарч байгаагүй. Тийм учраас Быг шударга эзэмшигч гэж харж байна. Харин Хөдөө аж ахуйн их сургууль энэ бол өөрсдийнх нь өмч мөн гэдгийг нотлоод, цаашдаа энэ хүн манай ажилтан 8 жил үнэгүй суусан байна, одоо худалдах, худалдан авах гэрээ  байгуулаад цаашид орон сууцыг авах боломжтой гэх шаардлага гаргасан бол илүү үр дүнтэй байх байсан болов уу гэж бодож байна. Иргэний хуулийн 182.1-д улсын бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад  эрхийг бүртгүүлнэ гэж заасан. Нэгэнт өөрийн өмчлөлийн орон сууцнаас албадан гаргуулах асуудал яригдаж байгаа учраас Иргэний хуулийн 106.1-д зааснаар өмчлөгчийн өмчөө шаардах эрхийн урьдчилсан нөхцөл биелэгдээгүй гэж харж байгаа. Хуулийн зохицуулалт бол өөрөөр хэлбэл эзэмших эрхгүй этгээдээс тухайн өмчлөгч өмчлөлийн эд хөрөнгө шаардаж байгаа юм. Бын хувьд 8 жилийн турш орон сууцыг эзэмшчихсэн учир шударга эзэмшигч гэж хууль зүйн хүрээнд томьёолж байгаа. Өмчлөх эрхийг хэрэгжүүлэхийн тулд зөвхөн өмчлөгч энэ эрхийг хэрэгжүүлнэ. Гэтэл хэрэгт цугларсан баримтуудаар Хөдөө аж ахуйн их сургууль энэ орон сууцны өмчлөгч гэдэг нь тогтоогдохгүй байгаа. Өмчлөгч болохын тулд Иргэний хуулийн 182.1-д зааснаар бүртгүүлж, гэрчилгээ авсан байх ёстой. Үндсэн хөрөнгийн жагсаалт нь Хөдөө аж ахуйн их сургуулийн эд хөрөнгийг 100 хувь нотлох баримт биш гэж харж байна. Өмчлөгч байхын тулд эд хөрөнгийн өмчлөх эрх болон түүнтэй холбоотой бусад эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хууль гэж байгаа ба энэ хуулийн 4.1-д өмчлөгч өмчлөх эрхээ эрхийн улсын бүртгэлийн бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ авснаар баталгаажина гэсэн байгаа.  Зөвхөн Хөдөө аж ахуйн их сургуулийн өөрийнх нь үйлдсэн үндсэн хөрөнгийн жагсаалт нь энэ хуульд нийцэхгүй байна. Тиймээс Хөдөө аж ахуйн их сургууль энэ Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 47 дугаар байрны 31 тоотын өмчлөгч гэдэг нь тогтоогдохгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

                                                                                                                  ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх Хөдөө аж ахуйн их сургуулийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч нь ИС-ийн өмчлөлд байдаг Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 47 дугаар байрны 31 тоот хаалга 158.18 м.кв 4 өрөө орон сууцнаас иргэн Б.Быг албадан гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг Б.Бт холбогдуулан гаргасан байна.

Хариуцагч Б.Б маргаан бүхий орон сууцанд 2010 оноос хойш 8 жил амьдарч байгаа шударга эзэмшигч болсон, уг орон сууцны өмчлөгч нь Хөдөө аж ахуйн их сургууль болохыг нотолсон баримтгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөөгүй байна.

Хэргийн баримтаас үзэхэд ИС нь өөрийн эзэмшил газар дээр 2010 онд ашиглалтад орсон 82 айлын орон сууцнаас тус сургуулийн нэр дээр 1-3 өрөө бүхий 20 байрыг Химон констракшн ХХК-иас 1.3 тэрбум төгрөгийн өртөгөөр худалдан авсан, тухайн орон сууцуудыг сургуулийн хөрөнгийн бүртгэлд 2012 онд бүртгэж, дээрх байруудыг багш, ажилчдад хөнгөлөлттэй үнээр түрээслүүлж байсан, 2013 онд сургуулийн удирдах зөвлөлөөс дээрх 20 байрыг багш, ажилчдад хөнгөлөлттэй үнээр худалдан борлуулах шийдвэр гарсан болох нь ИС-ийн Удирдах зөвлөлийн 2010.05.27-ны өдрийн 02 дугаар албан тоот, мөн Удирдах зөвлөлийн хурлын 2013.05.06-ны өдрийн 03 дугаар тогтоол, Төрийн өмчийн хороонд хандсан 2013.10.14-ний өдрийн 1/1047 дугаар орон сууц худалдах тухай албан тоот, Боловсрол шинжлэх ухааны сайдад хандсан 2013.09.30-ны өдрийн 1/999 дугаар санал дэмжүүлэх тухай албан тоот,  санал дэмжсэн тухай БШУСайдын 2013.10.08-ны өдрийн а/6027 дугаар албан тоот, үндсэн хөрөнгийн хөдлөл, өөрчлөлтийн 2012 оны жилийн дэлгэрэнгүй мэдээ зэргээр тогтоогдсон байна.

Гэвч нэхэмжлэлийн шаардлагад дурдагдаж буй 31 тоот хаалга 158.18 м.кв 4 өрөө орон сууц нь захиалагч ИС, гүйцэтгэгч Химон констракшн ХХК-ийн хоорондын үйлдсэн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан /17029/, ХД-47 дугаар байрны 20 орон сууцыг хүлээлцсэн актад болон үндсэн хөрөнгийн хөдлөл, өөрчлөлтийн 2012 оны жилийн дэлгэрэнгүй мэдээнд тусгагдаагүй байна.

Нэхэмжлэлд хавсарган ирүүлсэн дээрх актын 10 дугаарт “хаалганы дугаар 34, өрөөний тоо 5, хэмжээ 158,18 м/кв, нийт үнэ 159,096,895.00 төгрөг” гэж, дэлгэрэнгүй мэдээнд “158,87 м/кв, 5 өрөө, 31 тоот, шинээр авсан багананд 157,307.95” гэж хаалганы дугаар, талбайн хэмжээ зөрүүтэй бичигдсэн байх бөгөөд  хөрөнгийн хөдөлгөөн хийхийг шийдвэрлэсэн ТУЗ-ийн шийдвэрийн огноо дугаар 2011/04 гэжээ.

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй бөгөөд энэхүү шаардах эрхийг хэрэгжүүлэх эрх бүхий этгээд нь зөвхөн өмчлөгч байна.

Нэхэмжлэгч ИС нь  Хан-Уул дүүргийн 47 дугаар байр, 31 тоот 158.18 м/кв 4 өрөө орон сууцыг өөрийн өмчлөлд байдаг гэх боловч энэ талаар нотолсон баримтгүй, нэхэмжлэлд дурдсан орон сууцны дугаар, хэмжээ нь хавсаргасан нотлох баримтаас зөрүүтэй,  Иргэний хуулийн 182 дугаар зүйлийн 182.1-д “улсын бүртгэлд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийг бүртгүүлнэ” гэж  заасны дагуу маргаан бүхий орон сууцыг өмчлөх эрхээ бүртгүүлээгүй байна.  

Нөгөөтэйгүүр Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2, 75.2.2-т зааснаар үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа зургаан жил байх бөгөөд 2010 онд ашиглалтад орсон 82 айлын орон сууцнаас худалдан авсан 20 байрны 1 гэх орон сууцтай холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж үзэхээр байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр 2018.05.29-ний өдрийн 06761 дугаар шүүгчийн захирамжаар холбогдох газруудаас нотлох баримт шаардсан боловч Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын 2018.06.12-ны өдрийн 09/2232 дугаар албан тоотод “...тус газраас зөвхөн барилга, байгууламжийн хаяг дугаарыг олгодог, орон сууцны дотоод зохион байгуулалт, хаалганы дугаарыг захиалагч өөрсдөө дугаарладаг болох”-ыг дурдсан, Нийслэлийн архивын газраас зөвхөн ИС-ийн захиалгатай орон сууцанд хаяг, дугаар олгогдсон баримтуудыг ирүүлсэн байна.

Иймд нэхэмжлэгчийн хүссэн баримтыг шүүх бүрдүүлэх боломжгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2, 25.2.2-т зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргийг нэхэмжлэгч ИС хүлээнэ.   

Хариуцагчийн хүсэлтээр ИС-иас холбогдох баримтуудыг шаардсан боловч хөрөнгийн хөдөлгөөн хийхийг шийдвэрлэсэн 2011/04 огноо дугаар бүхий ТУЗ-ийн шийдвэрийг ирүүлээгүй болно.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдааны товыг мэдсэн атлаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй, хариуцагч тал хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул шүүх хэргийн нотлох баримт болон бусад нөхцөл байдлыг харгалзан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2-т заасны дагуу нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

                                                                                                                     ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар Б.Бт холбогдох ИС-ийн өмчлөлд байдаг Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 47 дугаар байрны 31 тоот хаалга 158.18 м.кв 4 өрөө орон сууцнаас иргэн Б.Быг албадан гаргуулах тухай Хөдөө аж ахуйн их сургуулийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Хөдөө аж ахуйн их сургууль улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгчид гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                Д.ЭНХЦЭЦЭГ