Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2020/01663

 

 

 

 

 

2020 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2020/01663

 

 

 

А.Б ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Д.Нямбазар, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 184/ШШ2020/01737 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч А.Б ХХК-ийн хариуцагч Б.У ХХК8 Д.Ч , Ц.Э нараас түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэл, үүргээ биелүүлээгүйгээс хохиролд 154 127 608 төгрөг, хариуцагч М ХХК, Д.Ч нараас түрээсийн гэрээний үүрэг, хохиролд 48 358 014 төгрөгийг тус тус гаргуулахаар үндсэн нэхэмжлэлтэй, Б.У ХХК, М ХХК-ийн хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулж, 119 304 900 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч нарын өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Алтан-Өлзий, хариуцагч нарын өмгөөлөгч Л.Х шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Долгорсүрэн нар оролцов.

 

Нэхэмжлэгч А.Б ХХК-ийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: А.Б импекс ХХК нь Б.У ХХК-тай 2014 оны 5 дугаар сарын 30-ны өдөр №01/2014 дугаартай ажил гүйцэтгэх гэрээ, мөн барилга угсралтын ажлын явцад ашиглагдах хэв хашмал түрээслэх тухай гэрээг тус тус байгуулан Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт нэг бүр нь суурийн тэнхлэгээрээ 20.6м х 14.85м хэмжээтэй, 5 давхар, 2 ширхэг, нийт 60 айлын орон сууцны барилгын карказ цутгалтын ажлыг хийж гүйцэтгэж эхэлсэн. 2014 ондоо төлөвлөгдсөн 2 барилгад тус бүр суурийн 305.91 м.кв цутгалт, зоорийн давхрын 305.91 м.кв цутгалтын ажил хийж гүйцэтгэн, нийт цутгалтын ажлын хөлс нь 63 629 280 төгрөг, эдгээр ажлыг хийж гүйцэтгэхэд ашиглагдсан хэв хашмалын түрээсийн төлбөр нь гэрээний дагуу нийт 66 044 000 төгрөг болж дээрх ажлыг хийж гүйцэтгэснээр 2015 оны барилгын ажлын улирал дууссан. 2015 оны 5 дугаар сард талууд барилгын карказ цутгалтын ажлыг үргэлжлүүлэх зорилгоор харилцан тохиролцож Хэв хашмал түрээслэх тухай гэрээ-г 2015 оны 5 дугаар сарын 25-ны өдөр байгуулж, манай компани 1 дүгээр давхрын цутгалтын ажилд бэлтгэн, хэв хашмал угсрах ажлыг 30 хоногт хийж гүйцэтгэн, зуурмаг хүлээн авахад бэлэн болсон боловч захиалагч Б.У ХХК-ийн санхүүжилт саатсантай холбоотойгоор барилгын карказ цутгалтын ажил зогссон бөгөөд барилга угсралтын ажлын санхүүжилт хүлээгдсээр бүтэн зун сул зогсолттой байж, улмаар барилгын ажлын улирал дууссан. 2015 оны 5 дугаар сарын 25-ны өдөр байгуулагдсан хэв хашмал түрээслэх тухай гэрээний дагуу Б.У ХХК-ийн 2015 оны хэв хашмалын түрээсийн төлбөр 40 128 000 төгрөг, бусад зардалд 16 507 000 төгрөгийн зардал гарсан боловч харилцан тооцооны үндсэн дээр энэ зардлыг барагдуулсанд тооцсон бО . А.Б ХХК нь Баянбүрд орон сууцны хотхон төсөл хэрэгжүүлэгч, барилгын компани болох Д.Ч захиралтай Б.У ХХК-тай 2014 оны 5 дугаар сарын 22-ны өдөр 14/5-02 дугаартай Хэв хашмал түрээслэх тухай гэрээг гэрээг 60 хоногийн хугацаатай, 2014 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 14/7-02 дугаартай Хэв хашмал түрээслэх тухай гэрээг 98 хоногийн хугацаатай, 2015 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 15/5-02 дугаартай Хэв хашмал түрээслэх тухай гэрээг 94 хоногийн хугацаатай тус тус байгуулж, нийт 2616 ширхэг хэв хашмал, төмөр тулаас түрээслүүлсэн. Б.У ХХК нь гэрээнийхээ үүргийг гүйцэтгээгүй тул тус гэрээнүүдийг болон талуудын хооронд байгуулагдсан тооцоо нийлсэн актыг тус тус үндэслэл болгон гэрээний төлбөрийг нэхэмжилж байна. 14/5-02 дугаартай 2014 оны 5 дугаар сарын 22-ны өдрөөс 60 хоногийн хугацаатай, хугацаа нь 2014 оны 7 дугаар сарын 21-ний өдөр дуусна. Нэг өдрийн түрээсийн төлбөр 418 000 төгрөг, гэрээний төлбөр 25 080 000 төгрөг, нэг хоногт төлөх алданги 0,1 хувь буюу 25 080 төгрөг, 500 хоногт тооцсон алданги 12 540 000 төгрөг, гэрээний дагуу төлөх нийт төлбөр 37 620 000 төгрөг, 14/7-02 дугаартай 2014 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс 98 хоногийн хугацаатай, хугацаа нь 2014 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр дуусна. Нэг өдрийн түрээсийн төлбөр 418 000 төгрөг, гэрээний төлбөр 40 964 000 төгрөг, нэг хоногт төлөх алданги 0.1 хувь буюу 40 964 төгрөг, 500 хоногт тооцсон алданги 20 482 000 төгрөг, гэрээний дагуу төлөх нийт төлбөр 61 446 000 төгрөг, 15/5-02 дугаартай 2015 оны 5 дугаар.сарын 25-ны өдрөөс 94 хоногийн хугацаатай, хугацаа нь 2015 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр дуусна. Нэг өдрийн түрээсийн төлбөр 418 000 төгрөг, гэрээний төлбөр 40 128 000 төгрөг, нэг хоногт төлөх алданги 0.1 хувь буюу 40 128 төгрөг, 286 хоногт тооцсон алданги 11 476 608 төгрөг, гэрээний дагуу төлөх нийт төлбөр 51 604 608 төгрөг, гэрээний төлбөр алдангийн хамт 150 670 608 төгрөг, бусад тооцоо 3 457 000 төгрөг, нийт 154 127 608 төгрөг болсон уг төлбөрийг Б.У ХХК болон түүний үүсгэн байгуулагч Ц.Э , Ц.Чимэдцэрэн нараас нэхэмжилнэ. А.Б ХХК нь "М ХХК-тай Хэв хашмал түрээслүүлэх тухай" 2014 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 14/4-01 дугаартай гэрээг, 90 хоногийн хугацаатай, 2014 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 14/7-03 дугаартай гэрээг 99 хоногийн хугацаатай, 2015 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 15/3-3 дугаартай гэрээг 94 хоногийн хугацаатай тус тус байгуулан, 328 ширхэг хэв хашмалыг актаар хүлээлгэн өгч түрээслүүлсэн. М ХХК нь гэрээний үүргийг гүйцэтгээгүй, актаар хүлээн авсан 328 ширхэг хэв хашмалыг өнөөдрийг хүртэл хүлээлгэн өгөөгүй, алдагдсан гэж байгаа тул тус гэрээнүүдийг болон талуудын хооронд байгуулагдсан тооцоо нийлсэн акт, түрээсийн эд хөрөнгө хүлээлцсэн акт зэргийг тус тус үндэслэл болгон гэрээний төлбөр, хэв хашмалын үнийг доорх байдлаар нэхэмжилж байна. Гэрээ 14/4-01 тоот гэрээ, байгуулагдсан огноо 2014 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр, хугацаа 90 хоног, дуусах хугацаа 2014 оны 7 дугаар сарын 24-ний өдөр нэг өдрийн түрээсийн төлбөр 72 160 төгрөг, гэрээний төлбөр 6 494 400 төгрөг, нэг хоногт төлөх алданги 0.1 хувь буюу 6 494.4 төгрөг, 500 хоногт тооцсон алданги 3 247 200 төгрөг, гэрээний дагуу төлөх нийт төлбөр 9 741 600 төгрөг, гэрээ 14/7-03, байгуулагдсан огноо 2014 оны 7 дугаар сарын 25-ны өдөр, хугацаа 99 хоног, дуусах хугацаа 2014 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр. Нэг өдрийн түрээсийн төлбөр 72 160 төгрөг, гэрээний төлбөр 7 146 810 төгрөг, нэг хоногт төлөх алданги 0.1 хувь буюу 7 146.8 төгрөг, 500 хоногт тооцсон алданги 3 573 400 төгрөг, гэрээний дагуу төлөх нийт төлбөр 10 720 210 төгрөг, гэрээ 15/3-03, байгуулагдсан огноо 2015 оны 5 дугаар сарын 25-ны өдөр, хугацаа 94 хоног, дуусах хугацаа 2015 оны 8 дугаар сарын 27-ны өдөр, нэг өдрийн түрээсийн төлбөр 72 160 төгрөг, гэрээний төлбөр 6 783 040 төгрөг, нэг хоногт төлөх алданги 0.1 хувь буюу 6 783 төгрөг, 308 хоногт тооцсон алданги 2 089 164 төгрөг, гэрээний дагуу төлөх нийт төлбөр 8 872 204 төгрөг, гэрээний төлбөр алдангийн хамт 29 334 014 төгрөг, алдагдсан гэх хэв хашмалын үнэ 19 024 000 төгрөг, нийт 48 358 014 төгрөгийг М ХХК болон түүний үүсгэн байгуулагч Д.Ч нараас нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч Б.У ХХК-ийн шүүхэд гаргасан хариу тайлбартаа: А.Б импекс ХХК-иас Б.У ХХК-д гэрээний дагуу хийж гүйцэтгэсэн ажил буюу барилга угсралтын ажилд барилгын бат бэхтэй холбоотой чанарын доголдол илэрсэн байх тул тус компанийн нэхэмжлэл ийн шаардлагыг хүлээн авах боломжгүй байна гэжээ.

Хариуцагч М ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа: А.Б ХХК-иас М ХХК-д түрээслүүлсэн гэх хэв хашмалуудыг 2014 онд гэрээний дагуу түрээсээр ашиглахаар өөрийн барилгын хашаанд буулгуулсан боловч удалгүй тухайн хэв хашмалын нэлээдгүй хэсгийг барилгын хашаанаасаа хулгайд алдсан Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтэст мэдэгдсэн боловч өнөөг хүртэл хулгайчийг олж чадаагүй. Мөн бид түрээслүүлэгч компани болох А.Б импекс ХХК /М.Алтантөгс/-д тэр дор нь мэдэгдсэн бөгөөд гэрээ байгуулагдсанаас хойш удалгүй үлдэгдэл хэв хашмалуудыг түрээслэгчид буцаан өгсөн ч түрээслүүлэгч тал биднээс тухайн алдагдсан хэв хашмалын төлбөрийг бүрэн нэхэмжлэхийн зэрэгцээ аргагүй нөхцөл байдлыг маань үл харгалзан, 2014, 2015 оны түрээсийн төлбөрийг нэхэмжилж байгаа нь шударга ёсонд үл нийцэх тул бидний зүгээс нэхэмжлэлийн шаардлагын түрээсийн төлбөртэй холбоотой хэсгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэжээ.

Хариуцагч Ц.Э щүүхэд гаргасан хариу тайлбартаа: Тухайн үед Б.У ХХК-ийг Д.Ч хариуцан ажиллаж байсан бөгөөд энэ хугацааны ажлын талаар би мэдэхгүй учраас нэхэмжлэлийг хүлээн авах боломжгүй байна. Мөн ямар, ямар зардалд хичнээн төгрөг байгааг мэдэхгүй байна гэжээ.

Хариуцагч Д.Ч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Хуулийн этгээдийн хооронд харилцаа үүссэн болохоос хувь хүмүүс энэ гэрээг хийгээгүй. Нэхэмжлэгчээс хэв хашмалыг хэд хоног авч хэрэглэсэн бэ гэхэд 3-5 хоног гэсэн. Гэрээнээс харахад талбай дээр контейнерт хадгалж байсан хэв хашмалуудыг хий хоосон түрээсийн гэрээ хийсэн. Цутгалт авах гээд өрөөнд байж байсан бол өөр хэрэг. Гэтэл 40 тонны контейнерт хураалттай байсан, ашиглаагүй байхад төлбөр нэхэмжилж, алданги бодож байгааг үндэслэлгүй гэж үзэж байна. М.А танай талбайд байгаа учир төлбөрөө төл, би өөр хүнд түрээслүүлэх байсан гэж ярьдаг. Энэ дагуу яригдаж явсаар хоног хугацаа явсан. Нэг өдөр уг контейнерыг ачаад явахдаа тээврийн зардлыг чи хариуцахгүй гэсэн учир юмаа аваад явлаа гээд 2017 онд бид нарыг байлцуулахгүй акт үйлдээгүй авч явсан. Түрээсийн гэрээг бичгээр байгуулсан талаар маргахгүй. Мөн явцын дунд тооцоо нийлсэн. Уг акт дээрх гарын үсэг минийх мөн. Өглөг авлага болон хоорондын зардлын тооцоо, мөнгийг тооцож гаргасан акт үйлдсэн. Тухайн баримтад тусгагдаагүй эсхүл нэхэмжлэгч тал төлбөр тооцоонд оруулаагүй асуудал ч байдаг. Тооцоо нийлсэн актыг үндэслэж байгаа бол уг акт дээрх бүхий л үнийн дүнг нэг бүрчлэн авч ярилцах хэрэгтэй. Хэв хашмалын үнийг би төлөх ёстой. Нэг шөнийн дотор хашаанаас хулгайд алдсан гэжээ.

Хариуцагч Б.У ХХК, М ХХК-ууд шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: А.Б импекс ХХК нь Б.У ХХК-тай 2014 оны 5 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний дагуу Дорноговь аймгийн Сайншанд суманд Баянбүрд хотхоны тус бүр нь 30 айлын 5 давхар 2 орон сууц буюу нийт 60 айлын 2 ширхэг орон сууцны барилгын карказ цутгалтын ажлыг хийж гүйцэтгэхээр харилцан тохиролцож, барилгын ажлыг эхлүүлж, улмаар гүйцэтгэгч тал гэрээнд заасан нөхцөл, эрх үүргээ хэрэгжүүлэлгүй барилгын зоорийн давхрыг цутгахдаа технологийн ноцтой алдаа гаргаж, цутгалтыг зураг төсөлд заасан бат бэхийн хэмжээнд хүргээгүй бөгөөд уг барилгыг цаашид барих нь оршин суугчдын аюулгүй байдлыг хангах боломжгүй болсон төдийгүй уг барилгын суурь алдаатай буруу цутгасан учраас цаашид барилгын ажил үргэлжлэх, хэв хашмал ашиглах хэрэгцээ шаардлага байхгүй болж барилгыг барьж дуусгах нь боломжгүй болсон. Иймд гүйцэтгэгч талын нарийн мэргэжлийн шаардлага хангаагүй гэм буруутай, хариуцлагагүй байдлаас ажил гүйцэтгэх гэрээний биелэлт зөрчигдсөн тул барилгын үйл явц бүхэлдээ зогсож, барилга гүйцэд баригдаагүй ба ажлын үр дүнг хүлээж авах боломжгүй нөхцөл байдлыг нэхэмжлэгч тал бий болгосон. Тодруулбал ажил гүйцэтгэх тухай гэрээг хэрэгжүүлэх явцад цаг хугацаа алдагдаж, барилгын ажилд илт доголдол илэрсэн, гүйцэтгэгч тал барилга барих зохих тусгай зөвшөөрөлгүй байсан гэдэг нь тодорхой болсон учраас барилга барих зөвшөөрөлгүй компанитай захиалагч тал цаашид хөрөнгө оруулалт хийх нь эрсдэлтэй, утгагүй болсон бөгөөд барилгын материалын хангалтыг нэмж өгөх нь эхний хийсэн ажлын зөрчилтэй байдлаас эрсдэл дагуулах нь тодорхой болсон учраас өөрийн эрхгүй барилгын ажил зогсож аливаа санхүүжилт хийх боломжгүй нөхцөл байдлыг гүйцэтгэгч тал үүсгэсэн бөгөөд доголдлыг арилгах, засч сайжруулах ёстой байтал өөрсдийн буруутай үйл ажиллагаа болон ажлын алдаа доголдлыг засаж сайжруулахгүй байсаар барилга бүхэлдээ консервацид орсон байна. Нэгэнт зоорийн давхар буюу барилгын суурь чанарын болон стандартын шаардлага хангах боломжгүй болсон учраас орон нутгийн зохих эрх бүхий байгууллагаас барилгыг цаашид барих боломжгүй гэсэн тул манай компани эрсдэл алдагдалд орж орон сууц захиалсан иргэд шүүхэд хандаж барилгын газрыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага битүүмжилсэн. 2014 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Б.У ХХК болон А.Б импекс ХХК-ийн хооронд байгуулагдсан Ажил гүйцэтгэх тухай гэрээ нь хууль зөрчсөн гэрээ хэлцэл гэдэг гүйцэтгэгч тал барилга барих тусгай зөвшөөрөлгүй байсан гэдгээр батлагдаж, нотлогдож байгаа бөгөөд нэхэмжлэгч тал гадаад худалдаа эрхлэх хуулийн этгээдийн үйл ажиллагааныхаа үндсэн зорилгыг зөрчиж орон сууцны барилга барих ажлыг гүйцэтгэх гэрээ байгуулж, барилга барьж эхэлсэн явдал нь Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль болон Барилгын тухай хуулийг давхар зөрчин анхнаасаа хүчин төгөлдөр бус гэрээ байгуулсан учир Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж байна. Иймд хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус Ажил гүйцэтгэх тухай гэрээний үндсэн дээр байгуулагдсан тухайн орон сууцыг барих үйл ажиллагаатай салшгүй холбоо, хамааралтай Хэв хашмал түрээслэх тухай гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т заасны дагуу хүчин төгөлдөр бус байна тул хэргийн үндсэн нэхэмжлэлийн шаардлага хангагдах хууль зүйн үндэслэлгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох ёстой гэж үзэж, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 56.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч талаас 119 304 900 төгрөгийг гаргуулж, сөрөг нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч А.Б ХХК-ийн төлөөлөгч М.А хариуцагч нарын сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: 2015 оны 5 дугаар сард Б.У ХХК-ийн зүгээс санхүүжилт шийдэгдэнэ гэсэн үндэслэлээр гэрээний талууд барилгын карказ цутгалтын ажлыг үргэлжлүүлэх зорилгоор 1 дүгээр давхрын цутгалтын ажилд бэлтгэн хэв хашмалаа угсрах ажлыг 30 хоногт хийж гүйцэтгэн зуурмаг хүлээн авахад бэлэн болсон боловч Б.У ХХК- ийн санхүүжилт саатсантай холбоотойгоор барилгын ажил дахин зогссон. 2 жил дамнан санхүүжилт саатсанаас болж барилгын ажил хагас дутуу явагдаж, талуудын хооронд төлбөр тооцоо, өр авлага үүссэн тул тооцоо нийлж өр, авлагаа тооцсон. Тооцоо нийлснээс хойш Б.У ХХК нь ямар нэг төлбөр тооцоо хийхгүй, цаг хугацаа хожсоор өнөөдрийг хүрч байгаа бөгөөд улмаар хариуцлагаас зайлсхийх зорилгоор биднийг гүтгэж, ажил зогссонд буруутай мэт сөрөг нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй юм. Манай компанийг буруугүй болохыг удаа дараагийн хэмжилт, шинжээчийн дүгнэлт нотолж байгаа. Иймд Б.У ХХК-ийн шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл нь бусдыг гүтгэсэн, хариуцлагаас зайлсхийсэн, үндэслэлгүй нэхэмжлэл тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд Дорноговь аймгийн Засаг даргын тамгын газар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ц , Дорноговь аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга Ц.О нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Аймгийн Засаг даргын 2012 оны А/533 дугаар захирамжаар Сайншанд сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт Морьтой хөшөөний хойд талд 1,58 га газарт амины орон сууц барих ажлыг Б.У ХХК-иар гүйцэтгүүлэхээр зөвшөөрч, тухайн компанитай гэрээ байгуулан, ажлын явцад хяналт тавьж ажиллахыг манай байгууллагад үүрэг болгосон. Уг захирамжаар Б.У ХХК-д зөвхөн амины орон 5 сууцны хороолол барих зөвшөөрлийг олгосон бөгөөд газар эзэмших, ашиглах эрх олгоогүй бО . Тус газар нь Б.У ХХК-тай 2012 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн N204/2012 дугаартай Сайншанд сумын 3 дугаар багт 64 айлын орон сууцны хорооллын барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан ч Б.У ХХК нь барилга угсралтын ажлыг гэрээт хугацаандаа графикийн дагуу гүйцэтгээгүй бөгөөд 2013 онд зөвхөн барилгын газар шороо, суурийн ажлыг эхлэл төдий гүйцэтгээд Барилга угсралтын ажил эрхлэх тусгай зөвшөөрөл-ийн хугацаа дууссан гэсэн шалтгаанаар барилгын ажил зогсонги байдалд орсон. Манай газрын зүгээс 2014 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Б.У ХХК-тай байгуулсан гэрээг дүгнэж, тухайн компанийг 2014 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн дотор Барилга хот байгуулалтын яамнаас Барилга угсралтын ажил эрхлэх тусгай л зөвшөөрөл-ийг сунгуулаагүй тохиолдолд гэрээг дуусгавар болгож, урьдчилгаа захиалга өгсөн иргэдийн хохирлыг гүйцэтгэгч компаниар төлүүлэхээр тохиролцсон. Мөн оны 5 дугаар сарын 28-ны өдөр гэрээг дахин дүгнэж анхны төлөвлөгдөж байсан 64 айлын амины орон сууцны төлөвлөлтийг өөрчилж, тухайн газар дээр тус бүр 30 айлын хүчин чадал бүхий 4 блок буюу нийт 120 айлын орон сууц барихаар гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулахаар шийдвэрлэсэн байна. 2012 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 04/2012-1 дугаартай гэрээний нэмэлт өөрчлөлтөөр 64 айлын амины орон сууцны төлөвлөлтийг өөрчилж, тухайн газар дээр орон сууцны Баянбүрд хорооллын 1 дүгээр ээлжийн 120 айлын орон сууц барихаар тохиролцсон. Уг гэрээний дагуу 2014-2015 онуудад 30 айлын 2 блок орон сууцны барилгын зоорийн давхрын цутгалтын ажил хийгдээд зогссон. Аймгийн Засаг даргын 2014 оны А/604 дүгээр захирамжаар Сайншанд сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Морьтой хөшөөний хойд талд орон сууцны хороолол зориулалтаар 0,65 га газрыг Б.У ХХК-д эзэмшүүлэх шийдвэрийг гаргасан. Тус газраас 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн БУ-61/2014 дугаартай Сайншанд сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт баригдах 120 айлын орон сууцны барилга угсралтын ажил-ыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг Б.У ХХК-д олгосон ба зөвшөөрлийн хугацаа 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөр дуусгавар болсон. Дээрх компанийн орон сууцны барилгад захиалга өгсөн иргэдийн хүсэлт нэхэмжлэлийн дагуу Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 20764 дүгээр захирамж гарч, уг захирамжийг үндэслэн Дорноговь аймгийн Засаг даргын 2017 оны А/791 дүгээр захирамжаар нэр бүхий 7 иргэнд баригдсан 2 барилгын суурь бүхий 3717м2 газрыг хамтран эзэмшигчээр бүртгэн, эзэмшигчтэй гэрээ байгуулж, гэрчилгээ олгогдоод байна. М ХХК, А.Б ХХК-ийн хооронд. байгуулсан бизнесийн хэлцэл, гэрээний нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага нь дээрх компаниудад хамаарах бөгөөд аймгийн Засаг даргад хамааралгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.6, 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.У ХХК-аас түрээсийн гэрээний үүрэгт болон алдангид нийт 149 595 512 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.Б ХХК-д олгож, нэхэмжлэлээс 4 532 096 төгрөгийг болон хариуцагч Д.Ч , Ц.Э нарт холбогдох нэхэмжлэлийг хариуцагч М ХХК-аас түрээсийн гэрээний үүрэгт болон алданги, хохиролд нийт 47 379 404 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.Б ХХК-д олгож, нэхэмжлэлээс 978 610 төгрөгийг болон хариуцагч Д.Ч д холбогдох нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгон, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дах хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.У ХХК, М ХХК-уудын нэхэмжлэгч А.Б ХХК-д холбогдох 119 304 900 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч А.Б ХХК-аас төлсөн 1 058 486 төгрөг, хариуцагч Б.У ХХК-аас төлсөн 754 475 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 111 892 төгрөгийг гаргуулан улсын орлогод, улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Б.У ХХК-аас 800 814 төгрөг, хариуцагч М ХХК-аас 343 206 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч А.Б ХХК-д олгож, нэхэмжлэгч А.Б ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 476 096 төгрөгийг гаргуулан хариуцагч Б.У ХХК-д тус тус олгон, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дах хэсэгт заасныг баримтлан шинжээчийн зардалд нэхэмжлэгч А.Б ХХК-аас 4 117 542.5 төгрөг, хариуцагч Б.У ХХК, М ХХК-уудаас 4 117 542.5 төгрөгийг тус тус гаргуулан улсын төсөвт оруулан шийдвэрлэжээ.

 

Хариуцагч нарын өмгөөлөгч Л.Х давж заалдах гомдолдоо: Барилга барих эрхгүй, тусгай зөвшөөрөлгүй хуулийн этгээд болох нэхэмжлэгч тал Иргэний хууль болон Барилгын тухай хуулийг илт зөрчиж хуульд харшилсан гэрээ хэлцлүүдийг дурдан нэхэмжлэл гаргаж байхад анхан шатны шүүх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10, 56.6 дах хэсэгт заасныг илт зөрчсөн учраас давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож хууль зөрчсөн, хуулийг нэг мөр хэрэгжүүлээгүй хууль бус шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох ёстой гэж үзэж байна.

Нэгэнт хуулиар хүчин төгөлдөр бус болчихсон хэлцэлд тулгуурлан байгуулагдсан тухайн хууль зөрчсөн гэрээтэй салшгүй холбоотой хэв хашмал түрээслэх гэрээ нь ямар учраас хүчин төгөлдөр болж нэхэмжлэлийг хангаж шийдэж байгаа нь шүүхийн шийдвэрийн хуулийн үндэслэл нэг өөр харин маргааныг шийдэж байгаа үр дагавар нь тэс өөр эсрэг тэсрэг ялгаатай ба хууль зүйн үндэслэл ба шийдвэрийн агуулга хоёр нь хоорондоо зөрчилдсөн ямар ч авцалдаагүй байгаа нэг талаар логик авцалдаагүй нөгөө талаар өөрөө өөрийнхөө дүгнэлтийн эсрэг шийдвэр гаргасан байна. Барилгын тусгай зөвшөөрөлгүй барилга барьж эхэлсэн нэхэмжлэгч "А.Б ХХК-ийн гүйцэтгэсэн 2 айлын орон сууцны суурийн цутгалт, зоорийн давхрын цутгалтын ажил нь доголдолгүй болох нь "О " ХХК болон "Т " ХХК-ны шинжээчдийн дүгнэлтүүдээр тогтоогдож байх гэж шүүх дүгнэж байгаа нь нэхэмжлэгч тал Барилгын тухай хуулийг зөрчсөн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ач холбогдолгүй харин хууль бусаар барилга барьж байсан "А.Б " ХХК нь барилга барихдаа алдаа дутагдалгүй барьсан болгож байгаа нь шинжээч нар барилга барих эрхгүй, тусгай зөвшөөрөлгүй хуулийн этгээдийн талд орж түүнд нь шүүх нэхэмжлэгч талыг зөвтгөж байгаа нөхцөл байдал нь хуулиас давсан шинжээчийн дүгнэлт ба шүүхийн шийдвэр гэж үзэхээс өөр аргагүй тайлбар, нотолгоо байна. Уг нь шинжээч нар болон анхан шатны шүүх хуулийг л эхний ээлжид баримтлах ёстой болохоос биш тусгай зөвшөөрөлгүй барилга барьсан хуулийн этгээдийг буруугүй мэтээр харагдуулах гэсэн өнгөцхөн хийсвэр тайлбар гаргаж байгаа нь илт нэг талд үйлчилсний нотолгоо гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна.

Иймд хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус ажил гүйцэтгэх гэрээний үндсэн дээр байгуулагдсан тухайн орон сууцыг барих үйл ажиллагаатай хамааралтай, салшгүй шалтгаант холбоотой хэв хашмал түрээслэх тухай гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-д заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцэл байна гэсэн хуулийн заалтыг баримтлаагүй тул шийдвэрийг хүчингүй болгож Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6 дах хэсэгт заасны дагуу сөрөг нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

Нэхэмжлэгч А.Б ХХК нь хариуцагч Б.У ХХК, Д.Ч , Ц.Э нарт холбогдуулан түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэл, үүргээ биелүүлээгүй хохиролд 154 127 608 төгрөг,

Хариуцагч М ХХК, Д.Ч нараас түрээсийн гэрээний үүрэг, хохиролд 48 358 014 төгрөгийг тус тус гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

1.Хэрэгт А.Б ХХК нь Б.У ХХК-тай 2014 оны 5 дугаар сарын 22-ны өдөр 14/5-02 дугаартай Хэв хашмал түрээслэх тухай гэрээг 60 хоногийн хугацаатай, мөн оны 7 дугаар сарын 25-ны өдөр 14/7-02 дугаартай гэрээг 98 хоногийн хугацаатай, 2015 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 15/5-02 дугаартай гэрээг 94 хоногийн хугацаатай тус тус байгуулж, нэг өдрийн түрээсийн хөлс 72 160 төгрөг байхаар харилцан тохиролцож, гэрээний дагуу нийт 2616 ширхэг хэв хашмал, төмөр тулаасыг хүлээлгэн өгсөн,

мөн А.Б ХХК-ийн, "М ХХК-тай байгуулсан 2014 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 14/4-01 дугаартай мөн оны 7 дугаар сарын 25-ны өдөр 14/7-03 дугаартай, 2015 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 15/3-3 дугаартай гэрээнүүд, гэрээний дагуу 328 ширхэг хэв хашмалыг түрээслүүлэгч нь түрээслэгчид хүлээлгэн өгч, баталгаажуулсан тухай үйл баримтыг нотолсон бичгийн нотлох баримтууд тус тус авагджээ. /1хх-10-25/ Гэрээний талууд дээрх үйл баримтад маргаангүй, харин гэрээг хүчин төгөлдөр бус гэрээний үндсэн дээр байгуулагдсан хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж маргасан байна.

Дээрх гэрээнүүдийг байгуулахдаа талууд хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлэн, гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлсон, мөн уг гэрээнүүд нь А.Б ХХК, Б.У ХХК-ийн хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээний үндсэн дээр байгуулагдсан гэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй байна. Анхан шатны шүүх дээрх нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасны журмын дагуу харьцуулан үнэлээд талуудын хооронд түрээсийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсгийн заалтад нийцжээ. Иймээс гэрээний нэг тал нөгөө талаасаа үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй.

Хариуцагч Б.У ХХК нь барилга угсралтын ажилд чанарын доголдол гарсан гэж, хариуцагч М ХХК-ийн хувьд түрээсийн зүйлийг ашиглаагүй учир хөлс, алданги төлөхгүй гэх үндэслэлээр татгалзсан тайлбарыг гаргажээ.

Хэргийн баримтаар хариуцагч Б.У ХХК, нэхэмжлэгч А.Б ХХК-ийн хооронд байгуулсан түрээсийн гэрээний харилцаа нь тэдгээрийн ажил гүйцэтгэх гэрээний үр дүн болох ажлын доголдолд хамааралгүй бие даасан харилцаа байх тул түрээсийн хөлс төлөхгүй гэх түүний татгалзал үндэслэлгүй.

Мөн хариуцагч М ХХК нь түрээсийн зүйлийг нэхэмжлэгч А.Б ХХК-ийн буруугаас ашиглаж чадаагүй гэх шалтгаант холбоог баримтаар нотлоогүй учир түрээсийн хөлсийг төлөхөөс татгалзах эрхгүй байна. Тус компанийн эзэмшилд байхдаа хэв хашмалын зарим хэсгийг хулгайд алдсан, үнийг төлөх шаардлагыг зөвшөөрсөн агуулгатай тайлбарыг захирал Д.Ч гаргажээ. /1хх-35/

Хэрэгт гэрээний талуудын тооцоо нийлсэн акт баримтаар авагдсан байх бөгөөд уг тооцоололд зохигчид маргаангүй. Анхан шатны шүүх дээрх хэргийн баримтууд, талуудын тайлбарыг үндэслэн хариуцагч Б.У ХХК-аас түрээсийн төлбөрт 106 172 000 төгрөг, хариуцагч М ХХК-аас түрээсийн төлбөрт 19 741 840 төгрөг, хэв хамшмалын үнэд 19 024 000 төгрөг тус тус гаргуулж, хариуцагч Ц.Э , Д.Ч нарт холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсгийг зөв тайлбарлан хэрэглэжээ. Мөн нэхэмжлэгч бусад зардалд нэхэмжилж буй шаардлагаа баримтаар нотлоогүй гэх үндэслэлээр уг шаардлагад холбогдох хэсгийг хангахгүй орхисон нь Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсгийн заасантай нийцэж байна.

Харин нэхэмжлэгчийн алдангийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан журмыг зөрчжээ. Тодруулбал, талууд түрээсийн гэрээнүүдийн 9.1б-д заасан түрээсийн төлбөр төлөх хугацааг хожимдуулсан бол өрийн дүнгийн 1 хувьтай тэнцэх хэмжээгээр алдангийг хожимдуулсан өдөр бүр төлөхөөр тохирсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсгийн алданги тооцох 0.5 хувийн хэмжээнээс хэтэрсэн байх тул уг заалтын дагуу нэхэмжлэгч алданги шаардах эрхгүй бО . Давж заалдах шатны шүүхээс уг алдааг залруулан шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Хариуцагч Б.У ХХК, М ХХК нар үндсэн нэхэмжлэлийг эс зөвшөөрч, А.Б ХХК, Б.У ХХК-ийн хооронд байгуулагдсан 2014 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 01/2014 дугаартай ажил гүйцэтгэх гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцон, ажлын хөлсөд төлсөн 119 304 900 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулахыг сөрөг нэхэмжлэлээр шаарджээ. Уг сөрөг нэхэмжлэлий шаардлагыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2 дэх хэсгийн заасныг хэрэглэн, үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай хамт шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй гэж үзлээ.

Б.У ХХК нь А.Б ХХК-тай 2014 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 01/2014 дугаартай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, гэрээгээр гүйцэтгэгч буюу А.Б ХХК нь захиалагчийн гаргаж өгсөн шифертэй ажлын зургийн дагуу Дорноговь аймаг дах Сайншанд сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт шинээр баригдах Баянбүрд орон сууцны хотхонд нэг бүр нь суурийн тэнхлэгээрээ 20.6 м х 14,85 м.кв хэмжээтэй 5 давхар 2 ширхэг, нийт 60 айлын орон сууцны барилгын карказ цутгалтын ажлыг хийж гүйцэтгэх, захиалагч Б.У ХХК нь ажлын үр дүнг хүлээн авч, ажлын хөлсөнд 238 609 800 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон байна. /1хх-8/

Хариуцагч Б.У ХХК нь барилгын ажил гүйцэтгэх тусгай зөвшөөрөлгүй этгээдийн хийсэн гэрээ хууль зөрчсөн хэлцэл гэж сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлажээ.

Барилгын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт Барилгын үйл ажиллагааг энэ хуульд заасан нөхцөл, журмын дагуу тусгай зөвшөөрөл, барилгын ажлын зөвшөөрөл, бүртгэлийн үндсэн дээр эрхэлнэ гэж, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.21-д барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл гэж Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15.14-т заасан барилгын чиглэлээр эрх бүхий байгууллагаас олгосон үйл ажиллагаа эрхлэх эрхийг хэлнэ гэж тус тус заасан байна.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан Барилгын хөгжлийн төвийн лавлагаа, зохигчдын тайлбар зэргийг харьцуулан үнэлээд А.Б ХХК-ийг барилгын ажил, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй этгээд биш гэх үндэслэлээр Б.У ХХК, А.Б ХХК-уудын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж дүгнэснийг буруутгах боломжгүй. Энэ тохиолдолд хүчин төгөлдөр бус байх хэлцлийн үр дагаврыг буцаан шилжүүлэх, үндэслэлгүй хөрөнгөжсөн эсэх талаар дүгнэлт хийх нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 492 дугаар зүйлийн 492.1.2-т нийцнэ.

Нэхэмжлэгч А.Б ХХК-ийн барилгын карказ цутгалтын ажлыг бүрэн гүйцэтгээгүй, хариуцагч Б.У ХХК ажлын хөлснөөс 119 304 900 төгрөг төлсөн үйл баримтад талууд маргаангүй. Шүүх хэргийн оролцогчдын хүсэлтээр хэд хэдэн удаа шинжээч томилж, А.Б ХХК-ийн гүйцэтгэсэн барилгын цутгалтын ажилд дүгнэлт гаргуулсан болох нь хэргийн баримтаар тогтоогджээ. /1хх-124-129, 2хх 2-5, 44-48, 171, 195-214, 218, 226-247/

Анхан шатны шүүх дээрх нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үнэлээд О ХХК, Тодкад ХХК-ийн шинжээчийн дүгнэлтүүдийг үнэн зөв гэж үзэн нэхэмжлэгч А.Б ХХК-ийн гүйцэтгэсэн ажлыг чанарын доголдолгүй гэж дүгнэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт заасан журмыг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч А.Б ХХК-ийн хийсэн ажлын үр дүн уг барилгад үлдсэн болох нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, талуудын тайлбараар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.2-т заасны дагуу үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэхгүй учир хариуцагч Б.У ХХК нь гүйцэтгэлийн ажлын үр дүнд тохирсон ажлын хөлсөө буцаан шаардах эрхгүй бО . Иймээс энэ талаар гаргасан хариуцагч Б.У ХХК-ийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй.

Шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дах хэсгийн заасныг хэрэглэсэн нь оновчгүй байх тул зөвтгөн өөрчлөх нь зүйтэй гэж үзлээ.

Дээрх үндэслэлээр хариуцагч Б.У ХХК-ийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг баримтлан ТОГТООХ нь:

 

1.Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 184/ШШ2020/01737 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын хариуцагч Б.У ХХК-аас түрээсийн гэрээний үүрэгт гэсний дараа 106 172 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.Б ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 47 955 608 төгрөгт холбогдох хэсгийг, хариуцагч Д.Ч , Ц.Э нарт холбогдох нэхэмжлэлийг, хариуцагч М ХХК-аас 38 795 840 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.Б ХХК-д олгож, үлдэх 9 565 174 төгрөгт холбогдох хэсгийг, хариуцагч Д.Ч д холбогдох нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай гэж, 2 дах заалтын 56 дугаар зүйлийн 56.5 гэснийг 492 дугаар зүйлийн 492.1.2-т заасан үндэслэлгүй тул гэж, 3 дах заалтын 800 814 гэснийг 688 810 гэж, 343 206 гэснийг 351 929 гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт заасны дагуу хариуцагч нарын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1 142 825 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дах хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ

 

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 

Ч.ЦЭНД