Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 210/ма2020/02074

 

 

 

 

 

2020 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2020/02010

 

 

 

Ч.Т-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 101/ШШ2020/02447 дугаар шийдвэртэй Ч.Т-ын нэхэмжлэлтэй хариуцагч Ж- ХХК-д холбогдуулан үйлдвэрлэлийн осолд өртсөн болохыг тогтоолгох, нөхөн төлбөрт 9 000 000 төгрөг гаргуулах, 2018 оны 5 дугаар сарын 06-ны өдрөөс 2021 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл хөдөлмөрийн чадвар алдсан хугацаанд олох байсан орлого болох 10 080 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.у, хариуцагчийн өмгөөлөгч Т.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Ж- ХХК-д хөтөч, орчуулагчаар ажиллахаар 2018 оны 2 сард анкет бөглөж, ярилцлага өгсөн. Компаниас 2018 оны 3 сарын 28-ны өдөр намайг дуудаж, аялал жуулчлалын улирал эхэлж байгаатай холбоотойгоор ажилтнуудын хамт оройн хоол идэх арга хэмжээнд урьсан. Уг арга хэмжээний үеэр шинээр ажилд орж байгаа ажилтан гэж танилцуулсан бөгөөд би ч ирэх зун хөтөчөөр ажиллах нь гэж ойлгосон. Түүнээс хойш ажил хэзээ эхлэх талаар асууж тодруулж байсан ба 2018 оны 5 сарын 04-ний өдөр жуулчид ирэх болсон тул тухайн өдөр ирээрэй гэж захирал О.Ж- хэлсэн. Улмаар 2018 оны 5 сарын 4-ний шөнө БНСУ-ын 6 иргэн ирэх талаар мэдэгдэж, би компанийн ахлах хөтөч А.Д-, жолооч Б.Д- нарын хамт онгоцны буудлаас жуулчдыг хүлээн авч аялалын хөтөлбөрт заасны дагуу 2018 оны 5 сарын 05-ны өдөр Тэрэлж байгалийн цогцолбор газарт очсон. Ахлах хөтөч, орчуулагч А.Д-тай 2018 оны 5 сарын 04-ний өглөө компанийн оффист анх танилцсан бөгөөд жолооч Б.Д-той жуулчдыг онгоцны буудалд тосоход танилцсан.

Би хөтөчөөр ажиллахдаа гэрээ байгуулна, ажил олгогч надад гэрээг танилцуулах байх гэж ойлгосон. 2018 оны 5 сарын 05-ны өдөр Тэрэлжид очиж аялалын хөтөлбөрийн дагуу амарч 05, 06-ны өдрүүдэд морин аялал зохион байгуулсан. Жуулчдыг хүлээж авснаас хойш би хөтөч тайлбарлагч хийж байсан. 2018 оны 5 сарын 06-ны өдөр зохион байгуулсан морин аяллын үеэр би мориноос унаж хүндээр бэртэхэд ажил олгогчийн зүгээс холбогдох анхны тусламж үзүүлсэн. Тухайн үед миний бие ухаангүй байсан бөгөөд Налайх дүүргийн эмнэлэгт ухаан орсон. Үүний дараа миний бие сайжрахгүй үргэлжлүүлэн эмчлүүлэх шаардлагатай болсон тул ГССҮТөв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад 2018 оны 5 сарын 21-ний өдрөөс Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлгийн мэдрэлийн тасагт Гэмтлийн гаралтай тархины няцралт, түүнээс үүдэлтэй зулай хэсэгт тархины эдийн харвалт, биеийн зүүн хэсгийн саажилт" гэсэн оноштой хэвтэн эмчлүүлсэн. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 29 дүгээр зүйл болон Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэмд заасны дагуу Баянзүрх дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэст гомдол гаргасан. Тус хэлтсийн 2018 оны 6 сарын 20-ны өдрийн 02-13/121 тоот албан бичгээр ...Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн актыг баталгаажуулсан байна гэсэн хариу ирсэн. Мөн Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас Ж- ХХК-ийн үүргээ гүйцэтгээгүй зөрчлийг шалгаж, тус компанид торгууль ногдуулан Үйлдвэрлэлийн ослын дүгнэлтээ холбогдох мэргэжлийн хяналтын байгууллагад ирүүлж баталгаажуулах даалгавар өгсөн. Дээр дурдсан баталгаажуулсан дүгнэлт Баянзүрх дүүргийн Мэргэжлийн хяналтын газар болон түүний архиваас олдохгүй болно.

Би 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Ж- ХХК М- ХХК-иас Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зуйлийн 97.1.1 дэх хэсэгт заасны дагуу 9,000,000 төгрөгийн нөхөн төлбөр гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 30-ны өдөр хэлэлцэж, 101/ШТ2019/00383 тоот тогтоолоор хэргийг хэрэгсэхгүй болгосон.

Миний бие осолд 2018 оны 5 сарын 06-ны өдөр орсноос хойш 2021 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл хөдөлмөрийн чадвараа 70 хувиар алдаж, ажил хийх боломжгүй байгаа учир нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэж байна. Үйлдвэрлэлийн осолд өртсөнөөс хойш зүүн талын гар хөлөө хөдөлгөхөд хүндрэлтэй байдаг бөгөөд удаан алхахад хөл өвдөх, хөл чирэгдэх байдал үүсэх, зүүн гараа ашиглан хувцасаа товчлох зэрэг нарийн үйлдлийг хийж чадахгүй нөхцөл байдалд байна. Үүнээс шалтгаалан ямар нэг ажил хийх нь боломжгүй байдалд хүрээд байна.

Иймд Ч.Т-ыг хариуцагч Ж- ХХК-д ажиллаж байхад үйлдвэрлэлийн осолд өртсөн үйл баримтыг тогтоож, 9 сарын цалинтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөр буюу 9 000 000 төгрөгийг, мөн 2018 оны 5 дугаар сарын 06-ны өдрөөс 2021 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл хөдөлмөрийн чадвар алдсан хугацаанд олох байсан орлого болох 10 080 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ж- ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч тус компаниас 2018 оны 2 сард гаргасан зарын дагуу ирж уулзсан боловч компанийн зүгээс ажлын байранд тавигдах шаардлага хангахгүй үндэслэлээр ажилд аваагүй. Улмаар нэхэмжлэгч нь 2018 оны 4 сарын 17-ны өдрөөс 2018 оны 4 сарын 21-ний хооронд захирал О.Ж-ы цахим хаягны чатаар холбогдон хөтөч, орчуулагчийн ажилд суралцах, дадлагажих хүсэлтэй байгаа утга бүхий зурвасыг илгээж, хэд хэдэн удаа захирлын гар утас руу холбогдсон. Нэхэмжлэгчийн удаа дараагийн хүсэлтийн дагуу захирал О.Ж- өөрийн компанийн байранд уулзсан ба нэхэмжлэгч нь аав, дүүгийн хамт амьдардаг, амьдрал хэцүү байгаа талаар тайлбарлаж, хөтөч, орчуулагчийн ажилд суралцах, дадлагажих хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Үүний дагуу нэг удаагийн хоттой ойрхон аялалд цалин урамшуулал олгохгүйгээр дадлагажих боломжоор хангаж туслалцаа үзүүлэхээр болж 2018 оны 5 сард БНСУ-аас ирсэн жуулчдыг хүлээн авч Тэрэлж байгалын цогцолбор газарт морин аялалд хамруулах хөтөлбөрт нэхэмжлэгчийн хүсэлтээр цалин хөлс олгохгүйгээр багтаан явуулсан ба 2018 оны 5 сарын 06-ны өдөр морин аялалд дагалдан явахдаа бие нь муудан татаж унахдаа тухайн унаж явсан морины ар луу зөөлөн гулгаж унасан байна.

Нэхэмжлэгчийн бие гэнэт муудаж унахаас өмнөх өдөр нэхэмжлэгч нь согтууруулах ундаа хэрэглэсэн байдаг. Тухайн өдөр ахлах хөтөч А.Д- бие нь муу байвал өглөөний уналгад явах эсэхийг тодруулахад өөрөө мориндоо мордоод дагаад явсан. Түүний бие нь муудаж гэнэт татаж унасны дараа хамт явсан хөтөч, орчуулагч, жолооч нар яаралтай анхан шатны тусламж үзүүлэн Налайх дүүргийн нэгдсэн эмнэлэгт хүргэсэн. Мөн Улаанбаатар хотод Гэмтэл согог судлалын эмнэлэгт хүргэж өгсөн. Гэмтэл согог судлалын эмнэлэгт эмчлүүлсэн эмчилгээний бүх зардлыг /эрүүл мэндийн даатгалын төлбөр, MRI, рентген зураг, бусад эмчилгээний зардал/ төлсөн.

Манай компани нэхэмжлэгчтэй хөдөлмөрийн эрх зүйн харилцаанд ороогүй зөвхөн нэхэмжлэгчийн хүсэлтээр нэг удаагийн аяллын хөтөлбөрт үнэ төлбөргүй хамрагдаж дадлага туршлага олоход нь туслалцаа үзүүлсэн, хөдөлмөрийн гэрээг амаар болон бичгээр байгуулаагүй, цалин хөлс, албан тушаал, хөдөлмөрийн нөхцөл, ажлын байрны тодорхойлолт зэргийг тохироогүй. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх: Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.5, Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1, Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1-д тус тус заасныгбаримтлан хариуцагч Ж- ХХК-иас 9 000 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ч.Т-д олгож, 2018 оны 5 дугаар сарын 06-ны өдрөөс 2021 оны 2 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл хөдөлмөрийн чадвар алдсан хугацаанд олгох байсан орлого 10 080 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1-т тус тус зааснаар нэхэмжлэгч Ч.Т-аас 405 380 төгрөг гаргуулж, улсын орлогод оруулахаар шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Хэргийн 1-2 дугаар талд авагдсан нэхэмжлэл, тайлбараас тохирсон цалин хөлс авна, хөтөч, орчуулагчийн ажилд ажиллаж, тухайн ажил үүргийг гүйцэтгэхээр болсон гэсэн ойлголт төрсөн болох нь харагддаг. Хэргийн 91 дүгээр талд захирал О.Ж- болон Ч.Т- нарын хооронд бичигдсэн фэйсбүүк мессеж нь соёлтой байдлаар ажилд хэзээ орох талаараа асууж тодруулсан гэдгийг харуулах нэг баримт. Нэхэмжлэгч Солонгос улсад өссөн хүний хувьд шууд би ажилдаа орьё гэж ярих боломжгүй, зохимжгүй гэдгийг анхаарч үзсэн. Түүнчлэн мессежд нэхэмжлэгчээс Ахмад хэлмэрч хөтөч нарыг дагаад туслахаар явж хөтчийн ажил суралцахын хажуугаар сургалтын газруудаар хамт явж болох уу? гэж асуусан нь ямар ч байсан туслах ажилтнаар явж ажпаа сурах хүсэлтээ илэрхийлсэн хүсэл зоригийн илэрхийлэл, илэрхийллийг хүлээж авсан.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Ч.Т-ын гомдлын дагуу эрх бүхий байгууллага хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэсэн байхад уг гомдлыг хэрхэн шийдвэрлэснийг лавлаж, тодруулаагүй, зөрчил шалган шийдвэрлэсэн эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан, шийтгэлээс чөлөөлсөн шийдвэрт энэ хуулийн 7.6 дугаар зүйлд заасны дагуу гомдол гаргана" гэж заасан эрх үүргээ хэрэгжүүлээгүй гэжээ.

Нэхэмжлэгч нь 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдөр үйлдвэрлэлийн өсөлд өртсөн болохыг тогтоолгох хүсэлтийг Нийслэлийн Мэргэжпийн хяналтын газрын Хөдөлмөр, нийгмийн хамгаалал, тусгай хяналтын хэлтэст гаргасан. Хэлтсээс хариу өгсөн. Нэхэмжлэгч нь 2018 оны 11 сарын 7-ны өдөр нэхэмжлэл гаргаж нөхөх олговор нэхэмжилсэн бөгөөд уг хэргийг шийдвэрлэх явцад дээр дурдсан үйлдвэрлэлийн ослыг баталгаажуулсан гэх акт, дүгнэлт нь олдохгүй байсан учир уг баримтыг холбогдох байгууллагаас гаргуулахаар шүүхэд хүсэлт гаргаж байсан.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 2019 оны 1 сарын 25-ны өдрийн 02-04/392 тоот албан бичгээр ...эрх зүйн баримт бичиг нь Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын архивт байхгүй " гэсэн, Баянзүрх дүүргийн Мэргэжлийн хяналтын газрын 2019 оны 4 сарын 9-ны өдрийн 02/14/110 тоот албан бичигт Тус хэлтэс нь өмнөх оны эрх зүйн баримт бичгийг дараа оны нэгдүгээр улиралд Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын архивт хүлээлгэн өгдөг гэсэн хариуг тус тус шүүхэд ирүүлсэн. Акт, дүгнэлтийг хэрэгт нотлох баримтаар гаргаж өгөх боломжгүй болсон./1-р хх 98,134/ 6 сарын хугацаа өнгөрсөн учир шүүхэд нэхэмжпэл гаргасан.

 


Шүүх 1 сарын цалин хөлсийг 1 000 000 төгрөгөөр тооцсон нь ойлгомжүй гэжээ. Үндэсний статистикийн хорооны мэдээгээр улсын дундаж цалин 1031.8 мянган төгрөг байгаа..." гэснийг үндэслэж тогтоосон.Шүүх хөдөлмөрийн чадвар алдсан шалтгаан нь ахуйн осол гэж үзсэн.

 


Нэхэмжлэгчээс нийгмийн даатгал төлөгдөөгүй учраас Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссоор орох үедээ хөдөлмөрийн чадвараа алдсан шалтгааныг нь харвасан гэж хэлсэн.Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн өвчний түүхэнд Тархины бор ба цагаан эдийн ялгарал буурсан, хавантай, тал бөмбөлөгийн таславч хооронд зүүн зулай хэсгийн атираа нугалаа завсрын барахнойдал зайнууд бага хэмжээний цус харвалттай, зүүн гар, хөл саатай. Хөдөлгөөн хязгаарлагдмал гэж бичсэн, хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоосон актуудад нэхэмжлэгчийн өвчлөлийг Тархины цус харвалтын үлдэц, тархины голомтот өөрчлөлт гэж оношилсон. Ажил олгогч үйлдвэрлэлийн ослын акт, дүгнэлт гаргах үүргээ биелүүлээгүйгээс торгуулсан. Шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэжээ.

 

ХЯНАВАЛ

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Ч.Т- нь хариуцагч Ж- ХХК-д холбогдуулан үйлдвэрлэлийн осолд өртсөн болохыг тогтоолгох, нөхөн төлбөрт 9 000 000 төгрөг гаргуулах, 2018 оны 5 дугаар сарын 6-ны өдрөөс 2021 оны 2 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх хугацааны орлого ёстой байсан болох 10 080 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ./1-р хх 1-3, 49-50/

Нэхэмжлэгч Ч.Т- нь хариуцагч Ж- ХХК-ийн зохион байгуулсан морин аялалын үеэр 2018 оны 5 дугаар сарын 6-ны өдөрмориноос унаж хүнд гэмтэл авсан үйл баримт тогтоогдсон.

Хариуцагч нь нэхэмжлэгч дадлага хийж явсан, хөдөлмөрийн гэрээгүй байсан тул үйлдвэрлэлийн осолд өртсөн гэж үзэхгүй. Нэхэмжлэгч урд өдөр нь архи уусан байсан, татаж унасан гэж маргажээ./1-р хх 49-50/

Хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй гэх үйл баримтыг талуудын хэн аль нь үгүйсгээгүй. Дадлагажигч, туршилтын хугацааны ажилтан, үндсэн ажилтан хэнтэй ч байсан ч хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулах нь ажил олгогчийн үүрэг юм.

Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх хэсэгт зааснаар ажил олгогч гэж хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажилтан авч ажиллуулж байгаа этгээдийг хэлэх бөгөөд мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3 дах хэсэгт хөдөлмөрийн гэрээ байгуулах үед талууд энэ хуулийн 21.1-д заасан гэрээний гол нөхцөлийн аль нэгийг тохироогүй бол хөдөлмөрийн гэрээ байгуулсанд тооцохгүй, 21.7 дах хэсэгт хөдөлмөрийн гэрээ нь талууд гарын үсэг зурсан өдрөөс хүчин төгөлдөр болно гэж заасан. Нэхэмжлэгчтэй хариуцагч байгууллага бичгээр гэрээ байгуулаагүй байгаа нь хөдөлмөрийн гэрээний харилцаа үүсээгүй гэж шууд дүгнэх үндэслэл болохгүй юм. Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт ...Ажил олгогч буюу түүний эрх олгосон албан тушаалтан иргэнтэй хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй....

Талуудын хүсэл зоригоо харилцан илэрхийлсний үндсэн дээр, нэхэмжлэгч өөрийн сайн дураар аялагчийн хувьд биш харин ажил олгогчийн зөвшөөрлөөр дадлагажигчийн хувьд морин аялалд оролцож явсан болох нь талуудын тайлбараар тогтоогдож байна.

Ажил олгогч хөдөлмөрийн гэрээ байгуулахгүйгээр ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлсэн тохиолдолд тэдний хоорондох маргааныг Хөдөлмөрийн тухай хуулийг баримтлан шийдвэрлэх бөгөөд харин хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй нь ажилтны буруугаас болсон гэх үндэслэл тухайн хэрэгт тогтоогдоогүй.

Ажилтан хөдөлмөрийн талбар дээр ажил олгогчийн үзүүлдэг үйлчилгээ болох морин аялалын үеэр ажил олгогчийн хяналтан дор байсан мориноос унаж гэмтэл авсан байгаа нь үйлдвэрлэлийн осолд хамаарна. Нэхэмжлэгч өөрийн буруугаас мориноос унасан, эсхүл уналт таталт өгсөн

 

гэх агуулгатай тайлбараа хариуцагч баримтаар нотлоогүйгээс гарна ийм нөхцөл байдал нь үйлдвэрлэлийн ослыг үгүйсгэсэн үндэслэл болохгүй.

Нэхэмжлэгчийн өвчний түүхэд Тархины бор ба цагаан эдийн ялгарал буурсан, хавантай, тал бөмбөлөгийн таславч хооронд зүүн зулай хэсгийн атираа нугалаа завсрын барахнойдал зайнууд бага хэмжээний цус харвалттай, зүүн гар, хөл саатай. Хөдөлгөөн хязгаарлагдмал. Хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоосон актуудад Тархины цус харвалтын үлдэц, тархины голомтот өөрчлөлт гэж оношилсон. /хх 6, 69, 83, 105,108,111/

Засгийн газрын 2015 оны 269 дүгээр тогтоолоор батлагдсан Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрмийн 1.5 дах хэсэгт зааснаар үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод өртсөн ажилтан, иргэн (цаашид "осолдогч" гэх)-д анхан шатны тусламж үзүүлэх, эмнэлэгт хүргэх, эрүүл мэндийн яаралтай шинжилгээ хийлгэх болон осол, хордлогын улмаас бий болсон аюултай нөхцөл байдлыг шуурхай арилган, судлан бүртгэхэд шаардагдах зардлыг ажил олгогч бүрэн хариуцна гэж заасан бөгөөд ажилтныг эмнэлэгт хүргэсэн зарим зардлыг төлсөн үйл баримт тогтоогдсон.

Харин уг дүрмийн 1.6, 1.7 дах хэсэгт заасан Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 29.2-т заасны дагуу ажил олгогч нь үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын шалтгааныг судлан бүртгэсэн акт, дүгнэлт гаргах эрх, үүрэг бүхий орон тооны бус байнгын комиссыг байгуулж ажиллуулна. Иргэн, хуулийн этгээд нь гэрээгээр ажил гүйцэтгэх, гүйцэтгүүлэх, машин механизм, тоног төхөөрөмж түрээслэх буюу бусад хэлбэрээр ашиглах үед гарсан үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг хэрхэн судлан бүртгэх талаар холбогдох гэрээнд тодорхой тусгасан байна. Энэ талаар гэрээнд тусгаагүй бол ажил гүйцэтгүүлэгч нь үйлдвэрлэлийн осол, хурц хордлого гарсан тохиолдолд түүнийг судлан бүртгэнэ гэсэн үүргээ, ажил олгогч хэрэгжүүлсэн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Мөн дээрх дүрмийн 7, 7.2 дах хэсэгт зааснаар үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын талаарх акт, дүгнэлтийг ажил олгогч болон осолдогч (осолдогч нас барсан тохиолдолд түүний гэр бүл) зөвшөөрөхгүй тохиолдолд гомдлоо Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт, эсхүл шүүхэд хандан гаргаж, холбогдох хуулийн дагуу шийдвэрлүүлнэ. Үйлдвэрлэлийн осол, хурц хордлого гарснаас хойш 6 сарын хугацаа өнгөрсөн тохиолдолд акт, дүгнэлт нөхөн гаргахгүй гэсний дагуу нэхэмжлэгч үйлдвэрлэлийн осолд өртсөн болохыг тогтоолгохоор шүүхэд хандсаныг буруутгах боломжгүй.

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх хэсэгт заасан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй гэж хөдөлмөрлөх явцад хүний ажиллах чадвар, эрүүл мэндийг хэвээр хадгалах, эрүүл, аюулгүй нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн нийгэм, эдийн засаг, зохион байгуулалт, техник, технологи, ариун цэвэр, эрүүл ахуйн арга хэмжээ авах, эмчлэх, сувилах, нөхөн сэргээх, эрсдэлээс хамгаалах үйл ажиллагааг хэлэх ба уг үйл ажиллагааг ажил олгогч хэрхэн хэрэгжүүлсэн тодорхойгүй, мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7, 3.1.11, 3.1.12 дах хэсгүүдэд заасан иргэнийг үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалах өвчинд хүргэж болзошгүй ажлын байрны нөхцөлийг хэрхэн хамгаалсан, үйлдвэрлэлийн хортой, аюултай хүчин зүйлийн нөлөөллөөс хамгаалах зориулалт бүхий хувцас, гутал, малгай, бээлий зэрэг ажилтныг хамгаалах зориулалт бүхий хэрэгслийг олгосон гэх баримтгүй байна.

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.20 дах хэсэгт зааснаар үйлдвэрлэлийн осол гэж хөдөлмөр эрхлэгч иргэн хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцад үйлдвэрлэлийн болон түүнтэй адилтгах хүчин зүйлийн үйлчлэлд өртөхийг хэлэх юм.

Хариуцагч аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааны талбай, гадна орчинд ажлын цагаар нэхэмжлэгч нь мориноос унаж тархинд нь цус харвасан үйл баримтыг үйлдвэрлэлийн осол гэж дүгнэн тогтоох үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүхйин шүүх бүрэлдхүүн үзлээ.

Иймд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.5 дах хэсэгт ажил олгогч энэ зүйлийн 29.1, 29.2-т заасан үүргээ биелүүлээгүй, эсхүл үйлдвэрлэлийн осол гарсан, хурц хордлогод өртсөн дүгнэлтийг иргэн, ажилтан зөвшөөрөхгүй бол гомдлоо хөдөлмөрийн мэргэжлийн хяналтын байгууллага болон шүүхэд гаргаж холбогдох хуулийн дагуу шийдвэрлүүлнэ гэсний дагуу нэхэмжлэгч Ч.Т-ын хариуцагч Ж- ХХК-д холбогдуулан үйлдвэрлэлийн ослоос учирсан үр дагаврыг арилгахыг шаардах эрхтэй.

Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1-т зааснаар үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод өртсөн, хөдөлмөрийн чадвар 51-70 хувь хүртэл алдсан ажилтанд 9 сарын цалингийн дундажтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөрийг олгохоор заажээ.

Нэхэмжлэгчийн цалин хөлсний хэмжээ тодорхойгүй байх тул хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцон нэг удаагийн нөхөн төлбөрт 3 780 000 төгрөг олгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт заасан иргэний эрх зүйн хамгаалалт нь зөрчигдсөн эрхийг сэргээх зорилготой байдаг. Нэхэмжлэгч нь ирээдүй цагт чиглэгдсэн буюу 2018 оны 5 дугаар сарын 6-ны өдрөөс 2021 оны 2 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл хөдөлмөрийн чадвар алдсан хугацаанд олох байсан орлого болох 10 080 000 төгрөг гаргуулахаар шаардсан үндэслэлээ баримтаар нотлоогүй. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл хууль зүйн үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй юм.

Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.4хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх үед эрүүл мэнд нь хохирсны улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэх тухай ажилтны нэхэмжлэл, мөн хуулийн 128.1.11.хууль тогтоомжоор шүүхэд харьяалуулсан бусад маргааныг шүүх харьяалан шийдвэрлэх юм.

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй гэжээ. Нэхэмжлэгч нь Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын харьяа Баянзүрх дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын газраас 2018 оны 6 дугаар сарын 20-ний өдөр 02-13/121 тоот албан бичгээр хариу авч байсан, шүүхийн хуулийн хүчин төгөлдөр шийдвэрээр 2019 оны 7 дугаар сарын 30-ны өдөр урьдчилан шийдвэрлэх журам зөрчсөн тул уг журмыг хангуулахаар хэргийг хэрэгсэхгүй болгосон, мөн 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан шүүгчийн захирамж гарсан, 2019. Оны 11 дүгээр сарын 1-ний өдөр шүүгчийн захирамжид гомдол гаргасан, уг гомдлыг 2019 оны 11 дүгээр сарын 15- гомдлыг шийдвэрлэсэн, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас 2019 оны 12 дугаар сарын 30-нд ослын актыг нөхөн тогтоох боломжгүй талаар хариу авсан зэргээс үзэхэд нэхэмжлэгч урьдчилан шийдвэрлэх журмыг хангасан байна. / 1-р хх 10-11, 12-15, 16-18,25-27, 68,91/

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэсэгчлэн хангав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 101/ШШ2020/02447 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Нэхэмжлэгч Ч.Т- нь Ж- ХХК-нд дадлагажигч ажилтнаар ажиллаж байхдаа 2018 оны 5 дугаар сарын 6-ны өдөр мориноос унаж, үйлдвэрлэлийн осолд өртсөнийг тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1-т зааснаар хариуцагч Ж- ХХК-иас 3 780 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 15 300 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж,

шийдвэрийн 2 дах заалтын 405 380 гэснийг 329 950 төгрөг гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА

Ш.ОЮУНХАНД