Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 2631

 

 

 

 

 

 

            2020        07          23

                                 101/ШШ2020/02631

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

6,673,444.45 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, Э.Э, хариуцагч С.С, Ц.Ж, нарийн бичгийн дарга М.Дорждэрэм нар оролцов.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгчээс тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

“Манай компани 2016-2017 онд “У” ТӨХК-тай байгуулсан “Дулааны эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ”-ний үндсэн дээр, мөн 2017 оноос эхлэн тусгай зөвшөөрлийн үндсэн дээр хотхоны нийт оршин суугч, аж ахуй нэгжүүдэд хэрэглээний цэвэр ус, дулааны эрчим хүчийг нийлүүлж, бохир усыг татан зайлуулж эхэлсэн.

 

Нэхэмжлэгч С ХХК нь дээрх гэрээ болон тусгай зөвшөөрлийн дагуу “У-аас хэрэглээний цэвэр ус, “У” ТӨХК-иас дулааныг татан авч, хотхоны оршин суугч, аж ахуй нэгжүүдэд хэрэглээний цэвэр ус, дулааны эрчим хүчийг нийлүүлж, бохир татан зайлуулж оршин суугч, аж ахуй нэгжүүдээс хэрэглээний төлбөрийг хураан авч нэгтгэн дээрх эрх бүхий төрийн байгууллагуудад сар бүр тушаадаг. Гэтэл тус хотхоны  тоот хаягт оршин суудаг мөн хотхоны тоот автомашины дулаан зогсоолын өмчлөгч хариуцагч С.С, Ц.Ж нар 2018 оны 10, 11, 12 дугаар сар, 2019 оны 1-11 дүгээр сар хүртэлх хугацааны тоот орон сууцны хэрэглээний төлбөр болох 2,132,474.94 төгрөгийг, 161 тоот дулаан зогсоолын 2017 оны 8-12 дугаар сар, 2018 оны 1-12 дугаар сар, 2019 оны 1-11 дүгээр сар хүртэлх хугацааны дулааны төлбөр 4,540,969.51 төгрөг, нийт 6,673,444.45 төгрөгийг төлж барагдуулаагүй байна.

 

Хэдийгээр талуудын хооронд гэрээ байгуулагдаагүй боловч Иргэний хуулийн 195, 196 дугаар зүйл, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.13, 3.1.14 дэх хэсэг, Эрчим хүчний тухай хуулийн 3 дугаар 3.1.16, 3,1.19 дүгээр зүйлд тус тсу заасны дагуу гэрээ байгуулагдсанд тооцогдох тул хариуцагч нар хангагч буюу нэхэмжлэгчид хэрэглээний төлбөрийг төлөх үүрэгтэй.

 

Тусгай зөвшөөрлийн хувьд тайлбарлахад холбогдох журамд зааснаар 10 ккал хүрээгүй бол гэрээний дагуу ус, дулаан дамжуулж төлбөр тооцоо хийдэг, харин 10 ккал давсан тохиолдолд тусгай зөвшөөрөл авдаг тул манай компани тусгай зөвшөөрөл авах хүсэлтээ тухайн нөхцөл бүрдсэн даруй өгөөд авсан.

 

Тооцооллын зөрүү бол төлбөрт үйлчилгээ, баримтыг төлбөрийг шинжээч хасч тооцсон байсан. “Т банк” ХХК нь нэг айлаас 150 төгрөгийн шимтгэл авдаг бөгөөд суурь үнэ 4,400 төгрөгийн хувьд 25 сар усны төлбөр төлөөгүй тул 2018 оны 10 дугаар сараас хэрэглээний усыг тасалсан. Үүнээс өмнөх хугацаанд ус хэрэглэж байсан хэдий ч төлбөрийг төлөөгүй. Тус 179,000.00 төгрөг бол халаалтын тогтмол төлбөр. Шинжээчээр томилогдсон “Д” ХХК-ийн хийсэн тооцоолол нь манай тооцоотой бүрэн таарч байна.

 

Иймд, хариуцагч нараас 6,673,444.45 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэв.

 

Хариуцагч нараас тус шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

“Нэхэмжлэлд дурдсан “С” ХХК-ийн үндэслэсэн хуулийн заалтууд нь зөвхөн тодорхойлолтуудыг л тайлбарласан ойлголтууд байна. Тус компанийн гаргасан тооцоолол зөрүүтэй гэдгийг шинжээч дүгнэсэн. Хэрэв 2016 оноос эхлэн тооцооллын алдаа гаргаж байсан бол нэхэмжлэгч нь хүмүүсээс илүү мөнгө авч байсан гэсэн үг. Авто зогсоолын халаалт огт хэрэглээгүй байж төлбөр төлөх нь үндэслэлгүй, би энэ талаар диспетчерт нь хэлж, тоолуур баталгаажуулах баримт үйлдэж өгнө үү гэсэн боловч өгөөгүй. Учир нь, нэхэмжлэгч С ХХК нь тусгай зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан тул баталгаажуулах боломжгүй байсан. Иймээс авто зогсоолын төлбөрийг төлөхгүй, манайх өөрсдөө цахилгаанаар ажилладаг нэмэлт халаалт тавьж, төлбөр төлж байсан.

 

Гэтэл нэхэмжлэгч нь бидний эрхийг зөрчиж, 2016 оны намар цэвэр, бохир усыг хаасан тул өнөөдрийг хүртэл зөөврийн ус хэрэглэж байна. Д ХХК-ийн хувьд нэхэмжлэгчийн гаргаж өгсөн баримтад үндэслэн дүгнэлт гаргасан. Өнгөрсөн хугацаанд бид хоёр төлбөрөө хэвийн төлж байтал 2016 онд авто зогсоолын төлбөрийг үндэслэлгүй нэмж нэхэмжилсэн нь санхүүгийн дарамтад оруулсан. Нэхэмжлэгч нь Н газарт намайг удаа дараа өгч байсан боловч надад хууль зөрчсөн зүйл байгаагүй, тус байгууллагын байцаагч нар намайг хууль зөрчөөгүй гэх бичиг өгөөгүй.

 

Тусгай зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулахыг хуулиар хориглосон байхад нэхэмжлэгч С ХХК нь 2018 оны 1 дүгээр сараас эхлэн тусгай зөвшөөрөл авсан байх тул өмнөх төлбөрийг төлөхгүй, харин амьдарсан байрныхаа төлбөрийг төлж болно. Гэвч зуны амралтаар эзэнгүй байх хооронд төлбөр гаргасан, мөн эхний үлдэгдэл байхгүй, баримтын төлбөр 200 төгрөг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Авто зогсоолын төлбөрийг халаалт зохих түвшинд ирдэггүй тул төлөхгүй, 2017 оны 3 дугаар сард цэвэр, бохир ус хаасан байж 2017 оны 8 дугаар сарын баримтад цэвэр бохир усны төлбөр гарсан байсан.

 

Тус автозогсоолын 4,540,000.00 төгрөг нь Д ХХК-ийн тооцоололтой зөрж байх тул эргэлзэж байна. мөн шинжээчид дүгнэлт гаргахдаа бид нарыг дуудаж уулзаагүй, 2018 оны 7 дугаар сар хүртэлх хугацааны дулааны бичилтийг үндэслэсэн байсан.

 

Тусгай зөвшөөрлийн талаар 10 кило галлон хүрсэн тохиолдолд тусгай зөвшөөрөл өгдөг. Гэвч 2016 оноос хойш нэг ч барилга нэмж баригдаагүй, манай хотхон нийт 760 айлтай бөгөөд тусгай зөвшөөрөлгүй аж ахуйн нэгж гэрээ байгуулах эрхгүй учраас нэхэмжлэгчийг 2 жилийн турш хууль зөрчсөн үйлдэл хийсэн гэж маргаж байна. Д ХХК-ийг 10, 11 дүгээр сарын төлбөрийг орхигдуулсан гэж худал тайлбарлаж байна, засвар үйлчилгээний төлбөр гэж тайлбарлаж байгаа ч хүмүүс нь ямар ч багажгүй ирж 3,500 төгрөг авдаг, засвар үйлчилгээ хийдэггүй” гэв.

 

   Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “С” ХХК-иас хариуцагч С.С, Ц.Ж нарт холбогдуулан 6,673,444.45 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба энэ хэрэгт шүүхээс 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчдад нэхэмжлэлийн хувийг гардуулж, зохигчдод хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж, танилцуулсан байна.

 

Нэхэмжлэгчээс хариуцагч нарт холбогдуулан тоот хаягт байрлах орон сууцны дулаан, цэвэр, бохир усны ашиглалтын зардалд 2018 оны 10 дугаар сараас 2019 оны 11 дүгээр сар хүртэлх хугацааны төлбөрт 2,132,474.94 төгрөг, мөн тус хотхоны тоот автозогсоол бүхий үл хөдлөх хөрөнгийн дулааны төлбөрийг 2017 оны 08 дугаар сараас 2019 оны 11 дүгээр сар, цэвэр, бохир ус ашигласны төлбөрийг 2016 оны 08 дугаар сараас 2018 оны 07 дугаар сар хүртэл 4,540,969.51 төгрөг, нийт 6,673,444.45 төгрөгийг нэхэмжилсэн.

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээс үзвэл хариуцагч нарт холбогдуулан Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3-д зааснаар хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэхийг хүсчээ. Шүүх, хэрэгт авагдсан болоод хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримт, зохигчдын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлөөс 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр олгосон 00217 тоот зөвшөөрлийн дагуу нэхэмжлэгч С ХХК нь Хот, суурины усан хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2.4 “цэвэр ус түгээх шугам сүлжээний ашиглалт, засвар, үйлчилгээ”, мөн 12.2.5 “орон сууцны доторх цэвэр, бохир усны шугам сүлжээний ашиглалт, засвар, үйлчилгээ” болон 12.2.6 “ус дамжуулах төвийн ашиглалт, засвар, үйлчилгээ”, түүнчлэн 12.2.7 “бохир усны гаргалгааны шугам сүлжээний ашиглалт, засвар, үйлчилгээ”-нээс гадна 12.2.8 “бохир ус цуглуулах шугам сүлжээний ашиглалт, засвар, үйлчилгээ”-г тус тус эрхлэн явуулдаг ба уг тусгай зөвшөөрлийн хүрээнд хотхоны оршин суугчдыг цэвэр, бохир усаар хангах үйлчилгээг үзүүлдэг байна /х.х-ийн 23, 24 хуудас/.

 

Мөн шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч “С” ХХК-нд Э хорооноос 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдөр дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлийг тус тус олгосон байсан.

 

Үүнээс өмнө нэхэмжлэгч нь 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдөр  болон 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр тус тус “У” хувьцаат компанитай дулаан эрчим хүч худалдах, худалдан авах гэрээг байгуулжээ /х.х-ийн 7-22 хуудас/.

 

Тодруулбал, Эрчим хүчний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.16-д “эрчим хүчээр хангагч” гэж эрчим хүчний зохицуулалттай, эсхүл зохицуулалтгүй хангалт эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээдийг хэлнэ” гэж, мөн 3.1.17-д “эрчим хүчний зохицуулалттай хангалт” гэж энэ хуулийн 8 дугаар зүйлд заасан эрчим хүчний зохицуулах хорооноос баталж нийтэлсэн тариф /цаашид “зохицуулалттай тариф” гэх/-аар хэрэглэгчид эрчим хүч худалдахыг хэлнэ” гэж, түүнчлэн  Хот, суурины усан хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.14-т “хангагч” гэж цэвэр усыг олборлох, цэвэршүүлэх, дамжуулах, түгээх, хэрэглээнээс гарсан бохир усыг цуглуулах, татан зайлуулах, цэвэрлэх үйлчилгээг бүхэлд нь, эсхүл аль нэгийг нь үзүүлэх тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээдийг ойлгоно” гэж тус тус зааснаар нэхэмжлэгч С ХХК нь эдгээр хуульд заасан тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаа эрхлэн явуулах эрхтэй этгээд ажээ.

 

Харин хариуцагч С.С, Ц.Ж нар Хот, суурины усан хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.13-т “хэрэглэгч” гэж цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах үйлчилгээгээр үйлчлүүлж байгаа иргэн, хуулийн этгээдийг”, мөн Эрчим хүчний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.19-т “хэрэглэгч” гэж эрчим хүчээр хангах гэрээнд эрчим хүчийг худалдан авах эрхтэйгээр оролцож байгаа иргэн, хуулийн этгээдийг хэлнэ” гэж тус тус зааснаар уг үйлчилгээг авдаг эцсийн хэрэглэгч болно.

 

Хэдийгээр зохигчид ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээ болон дулааны эрчим хүчээр хангахтай холбоотой харилцааг зохицуулсан гэрээ, хэлэлцээрийг байгуулаагүй боловч хэрэглэгч, хангагч нарын харилцааг эдгээр хуулиар зохицуулдаг.

 

Өөрөөр хэлбэл, Хот, суурины усан хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.3-д “хэрэглэгч нь цэвэр усаар хангах, бохир ус татан зайлуулах үйлчилгээний төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөх” үүрэгтэй гэж, мөн Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2-т “эрчим хүчний төлбөрөө гэрээнд заасан хугацаанд бүрэн төлөх” үүрэгтэй гэж тус тус заасны дагуу тайлбарлахад хариуцагч нар цэвэр, бохир усны төлбөр болон эрчим хүч буюу дулаан ашигласны төлбөрийг хэрэглэгч болохынхоо хувьд хуульд зааснаар төлөх үүрэгтэй.

 

Ийнхүү төлөхдөө дээр дурдсан хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.17, 3.1.18-д тус тус зааснаар Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөл болон Эрчим хүчний зохицуулах хорооноос баталсан тарифын дагуу байгалийн баялаг, нийгмийн хүч хөдөлмөр шингэсэн байдаг тул гэрээ, хэлэлцээр байгуулаагүй ч хэрэглэсэн бол зайлшгүй төлөх ёстой.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талуудын хүсэлтээр Эрчим хүчний зохицуулах хороо болон Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлөөс тус тус холбогдох тарифыг авч, зохигчдод танилцуулсан бөгөөд талууд уг тарифыг үндэслэн нэхэмжлэгчийн бичсэн цэвэр, бохир ус ашигласны хэрэглээний тоолуур, хариуцагч нарын амьдардаг орон сууц, аж ахуйн үйл ажиллагаа эрхлэн явуулдаг автозогсоол бүхий үл хөдлөх хөрөнгийн хэрэглэсэн эрчим хүчний төлбөрийг тооцоолоход нэгдсэн дүн гаргаж чадаагүй /х.х-ийн 75-115 хуудас/.

 

Гэвч уг тариф, холбогдох журмыг үндэслэн хариуцагч С.С, Ц.Ж нарын өмчлөлийн орон сууц болон аж ахуйн үйл ажиллагаа эрхлэн явуулдаг тус үл хөдлөх хөрөнгийн хэрэглээний цэвэр, бохир ус, дулаан эрчим хүчний ашиглалтын зардлыг тогтоолгохоор тус шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн захирамжаар шинжээчээр Д ХХК-ийг томилсон.

 

Ингээд тус компанийн 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн дүгнэлтэд хариуцагч С.С, Ц.Ж нарын өмчлөлийн 64 м.кв талбайтай орон сууцны ашиглалтын төлбөрийг 660,349.07 төгрөг, 105.5 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийн ашиглалтын төлбөрийг 5,657,398.90 төгрөг гэж дүгнэжээ /х.х-ийн 1-13 хуудас/.

 

Хариуцагч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа орон сууцны ашиглалтын төлбөр болох 660,349.07 төгрөгийн талаар маргаагүй боловч үл хөдлөх хөрөнгийн ашиглалтын төлбөр 5,657,398.90 төгрөгийг халаалт зохих хэмжээнд ирдэггүй учраас төлөхгүй, 2018 оны 06 дугаар сараас эхлэн халаалтаа тасалсан, тоолуурын бичилтийг үнэн зөв бичсэн эсэхэд эргэлзэж байна гэж маргасан.

 

Гэтэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх” гэж, мөн 107 дугаар зүйлийн 107.3-д “Хариуцагч, хариуцагчийн талд оролцож буй гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримтыг татгалзаж буй үндэслэлээ нотолж, нотлох баримтаа гаргана” гэж тус тус заажээ.

 

Өөрөөр хэлбэл, тухайн хэрэг маргааны талууд нотлох үүргийн хуваарилалтын хувьд өөрт ашигтай тайлбар, татгалзлаа баримтаар нотлох үүрэгтэй ба хариуцагч С.С, Ц.Ж нар халаалт зохих хэмжээнд ирдэггүй, 2018 оны 06 дугаар сараас эхлэн халаалтаа тасалсан, 2017 онд тусгай зөвшөөрөл авсан тул 2016 оны хэрэглээний зардлыг төлөхгүй, тоолуурын бичилтийг үнэн зөв бичсэн эсэхэд эргэлзэж байна гэх тайлбараа баримтаар нотлохгүй байна.

 

Тухайлбал, хариуцагч нар Эрчим хүчний тухай хууль болон Хот, суурины усан хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуульд тус тус зааснаар эрх бүхий байгууллагад халаалт зохих хэмжээнд ирдэггүй болон тоолуурын бичилтийн талаар тухай бүр гомдол гаргаж байгаагүй, халаалт тасалсан гэх зураг болон цахилгааны төлбөр өндөр гарсан гэх баримтууд тэдгээрийн хариу татгалзлыг шууд нотлох баримт болохгүй юм /х.х-ийн 60, 150-154/.

 

Түүнчлэн шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар Эрчим хүчний зохицуулах хорооны 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр баталсан Тусгай зөвшөөрлийн зохицуулалтын бодлого, чиглэлийн 6 дугаар зүйлийн 6.3-д заасан нөхцөл бүрдсэн тохиолдолд тусгай зөвшөөрлийг олгодог зарчимтай байх тул хариуцагч нар 2017 оноос өмнө ашигласан буюу нэхэмжилсэн төлбөрийг төлөх үүргээс чөлөөлөгдөхгүй /х.х-ийн 112-115, 117 хуудас/. 

 

Иймд, хариуцагч С.С, Ц.Ж нар нэхэмжлэгч “С” ХХК-нд 64 м.кв талбайтай орон сууцны хэрэглээний зардал 660,349.07 төгрөг, 105.5 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийн хэрэглээний зардал  5,657,398.90 төгрөг, нийт 6,317,747.97 төгрөгийг төлөх үүрэгтэй байна.

 

Гэвч нэхэмжлэгч нь хариуцагч нараас орон сууцны ашиглалтын зардалд 2,132,474.94 төгрөг, автозогсоол бүхий үл хөдлөх хөрөнгийн хэрэглэсэн ус, дулааны төлбөрт 4,540,969.51 төгрөгийг нэхэмжилсэн тул хариуцагч нараас аж ахуйн үйл ажиллагаа эрхлэн явуулдаг үл хөдлөх хөрөнгийн хэрэглээний цэвэр, бохир ус, дулааны эрчим хүчний ашиглалтын зардалд 4,540,969.51 төгрөг, харин орон сууцны ашиглалтын зардалд Д ХХК-ийн дүгнэлтээр тогтоогдсон 660,349.07 төгрөгөөс нэхэмжлэлийн шаардлагад цаг хугацааны хувьд хамаараагүй буюу 2018 оны 10 дугаар сараас өмнө нэхэмжлэгдсэн 183,269.24 төгрөгийг хасч, 477,079.83 төгрөг, нийт 5,018,049.34 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2, Хот, суурины усан хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.3-д заасныг тус тус үндэслэн хариуцагч С.С, Ц.Ж нараас 5,018,049.34 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “С” ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,655,395.11 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 болон 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 121,730.00 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч нараас 95,239.00 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Б.МАНДАЛБАЯР