Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 001/ХТ2022/01035

 

 

 

“С-Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Д.Цолмон даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 101/ШШ2020/02631 дүгээр шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 2074 дүгээр магадлалтай,

“С-Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

       С.С, Ц.Ж нарт холбогдох,

6,673,444.45 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч Ц.Ж-ийн гаргасан гомдлоор

Шүүгч Г.Банзрагчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нармандах, хариуцагч С.С, нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “С-Э” ХХК нь хариуцагч С.С, Ц.Ж нарт холбогдуулан 6,673,444.45 төгрөг гаргуулах  нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

2. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 101/ШШ2020/02631 дүгээр шийдвэрээр Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2, Хот, суурины усан хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.3-т заасныг тус тус үндэслэн хариуцагч С.С, Ц.Ж нараас 5,018,049.34 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “С-Э” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,655,395.11 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 121,730 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч нараас 95,239 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 2074 дүгээр магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 101/ШШ2020/02631 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “5,018,049” гэснийг “5,201,318 төгрөг” гэж, “1,655,395” гэснийг “1,472,126” гэж өөрчлөн, тогтоох хэсгийн 2 дахь заалтын “улсын тэмдэгтийн хураамжид 95,239 төгрөг” гэснийг “98,171” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 35,750 төгрөгийг, хариуцагч нараас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 95,250 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж шийдвэрлэжээ.

4. ХариуцагчЦ.Ж- хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Манай хотхоны сантехник, дулааныг хариуцан ажиллаж байгаа “С-Э” ХХК буюу орон сууцны контор нь ус дулаан дамжуулах төв буюу ЦТП-д гадна орчны температураас хамааран дулааны тохируулга хийх үүрэгтэй боловч энэ үүргээ биелүүлдэггүйн улмаас манай 211 м.кв талбайтай агуулах дулаанаа огт авч чаддаггүй байсан.

Тиймээс бид тениэр халааж цахилгааны мөнгө өндөр төлсөн, мөн агуулахын регистрүүдээ авсан байтал тус контор нь дулааны мөнгө нэхэмжилж байгаа нь шударга бус юм. Тухайн үед халаахгүй байгаа талаар удаа дараа бичгээр хандсан. (Монгол Улсын барилгын норм ба дүрмийн 41-ийн заалтыг зөрчиж байна.) Агуулахын дулааны мөнгө нэхэмжлэхдээ 4,540,969.51 төгрөг гэж үндсэн баримтаас илүү нэхэмжилж байгаа нь, мөн үндсэн баримтын бодолт буруу болох нь батлагдсан.

 “С-Э” ХХК нь орон сууц болон агуулахын дулааны нэхэмжлэхийн бичилтийг үйлдэхдээ үндэслэлгүй нэмж бичсэн, санхүүгийн хувьд зөрчилтэй байгаа нь баримтаар нотлогдсон. 2018 оны 10 дугаар сараас эхлэн орон сууцны төлбөрийг нэхэмжлэхдээ агуулахын төлбөрийг нэмж бичиж биднийг санхүүгийн дарамтад оруулж одоог хүртэл орон сууцны төлбөрөө төлөх боломжгүй болгож байна. Шүүхэд нэхэмжлэл гаргахдаа орон сууцны төлбөрийг 2,132,474.94 төгрөг гэсэн нь үндэслэлгүй зохиомол тоо болохыг үндсэн баримтаар нь тулгаж баталсан. Тооцоог хэргийн материалд хавсаргасан.

 “Харуул Алтай” хотхон нь 2011-2015 оны хугацаанд баригдаж дууссан. Манай агуулах (автозогсоол биш агуулахын зориулалттай) тус хотхоны 102 дугаар байрны 161 тоот хаягт байрладаг. Орон сууц болон агуулахын дулааны төлбөрийн талаар 2019 оны 12 дугаар сард 6,673,444.45 төгрөг нэхэмжилсэн боловч шүүхийн шийдвэрээр 5,018,049.34 төгрөг төлөхөөр гарсан. Дулаан аваагүй байж дулааны мөнгө төлөх нь шударга биш тул шүүхэд хандаж байна. Иймд бидний гомдлыг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

5. Хариуцагч Ц.Ж-ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй.

6. Нэхэмжлэгч “С-Э” ХХК-аас хариуцагч С.С, Ц.Ж нарт холбогдуулан 6,673,444.45 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг анхан шатны шүүх хариуцагч нараас 5,018,049.34 төгрөгийг гаргуулж, үлдэх 1,655,395.11 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх хариуцагч нараас 5,201,318 төгрөгийг гаргуулж, үлдэх 1,472,126 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож өөрчилсөн байна.

7. Нэхэмжлэгчээс “... Харуул-Алтай хотхоны 104 дүгээр байрны 140 тоот хаягт оршин суудаг, мөн хотхоны 102 дугаар байрны 161 тоот автомашины дулаан зогсоолын өмчлөгч хариуцагч С.С, Ц.Ж нар 2018 оны 10 дугаар сараас 2019 оны 11 дүгээр сар хүртэлх хугацааны 140 тоот орон сууцны хэрэглээний төлбөр болох 2,132,474.94 төгрөгийг, 161 тоот дулаан зогсоолын 2017 оны 08 дугаар сараас 2019 оны 11 дүгээр сар хүртэлх хугацааны дулааны төлбөр 4,540,969.51 төгрөг, нийт 6,673,444.45 төгрөгийг төлж барагдуулаагүй. Хэдийгээр талуудын хооронд гэрээ байгуулагдаагүй боловч Иргэний хуулийн 195, 196 дугаар зүйл, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 3.1.13, 3.1.14 дэх хэсэг, Эрчим хүчний тухай хуулийн 3.1.16, 3.1.19-д тус тус заасны дагуу гэрээ байгуулагдсанд тооцогдох тул хариуцагч нар нь хангагч буюу нэхэмжлэгчид хэрэглээний төлбөрийг төлөх үүрэгтэй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү ...” гэснийг,

хариуцагч нар эс зөвшөөрч, “... Тус компанийн гаргасан тооцоолол зөрүүтэй, авто зогсоолын халаалт огт хэрэглээгүй байж төлбөр төлөх нь үндэслэлгүй, манайх өөрсдөө цахилгаанаар ажилладаг нэмэлт халаалт тавьж, төлбөр төлж байсан, өнгөрсөн хугацаанд бид хоёр төлбөрөө хэвийн төлж байтал 2016 онд авто зогсоолын төлбөрийг үндэслэлгүй нэмж нэхэмжилсэн нь санхүүгийн дарамтад оруулсан. Нэхэмжлэгч нь 2018 оны 01 дүгээр сараас эхлэн тусгай зөвшөөрөл авсан байх тул өмнөх төлбөрийг төлөхгүй, харин амьдарсан байрныхаа төлбөрийг төлж болно. Гэвч зуны амралтаар эзэнгүй байх хооронд төлбөр гаргасан, мөн эхний үлдэгдэл байхгүй. 2017 оны 03 дугаар сард цэвэр, бохир ус хаасан байж 2017 оны 08 дугаар сарын баримтад цэвэр бохир усны төлбөр гарсан байсан тул хүлээн зөвшөөрөхгүй ...” гэх зэргээр маргажээ.

8. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ “... Хот, суурины усан хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.3, Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2-т заасны дагуу хариуцагч нар цэвэр, бохир усны төлбөр болон эрчим хүч буюу дулаан ашигласны төлбөрийг хэрэглэгч болохынхоо хувьд хуульд зааснаар төлөх үүрэгтэй, гэрээ, хэлэлцээр байгуулаагүй ч хэрэглэсэн бол зайлшгүй төлөх ёстой. Хариуцагч нар татгалзал, тайлбараа баримтаар нотлоогүй, халаалт тасалсан гэх зураг болон цахилгааны төлбөр өндөр гарсан гэх баримтууд нь тэдний татгалзлыг шууд нотлох баримт болохгүй, хариуцагч нар 2017 оноос өмнө ашигласан буюу нэхэмжилсэн төлбөрийг төлөх үүргээс чөлөөлөгдөхгүй, иймд шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон аж ахуйн үйл ажиллагаа эрхлэн явуулдаг үл хөдлөх хөрөнгө буюу автозогсоолын хэрэглээний цэвэр, бохир ус, дулааны эрчим хүчний ашиглалтын зардалд 4,540,969.51 төгрөг, орон сууцны ашиглалтын 660,349.07 төгрөгөөс нэхэмжлэлийн шаардлагад цаг хугацааны хувьд хамаараагүй буюу 2018 оны 10 дугаар сараас өмнө нэхэмжлэгдсэн 183,269.24 төгрөгийг хасаж, үлдэгдэл 477,079.83 төгрөг буюу нийт 5,018,049.34 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй ...” гэсэн дүгнэлтийг хийсэн.          

9. Давж заалдах шатны шүүх дээрх шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахдаа “... шинжээч санхүүгийн баримт, тоолуурын баримт зэргийг харьцуулан дүгнэж хууль, стандартыг баримтлан үнэлгээний тооцоог хийсэн, үүнийг үгүйсгэх баримтгүй байхад анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагад цаг хугацааны хувьд хамааралгүй гэж үзэж 183,269 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй, нэхэмжлэгч нь 2018 оны 10 дугаар сараас эхэлж төлбөрөө тодорхойлж шаардсан, шинжээчийн дүгнэлтээр тодорхойлсон 660,349 төгрөгийн төлбөр нь дээрх хугацаанд хамааралтай байх тул нэхэмжлэлийн шаардлагаас 183,269 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй ...” гэж дүгнэн хариуцагч нараас нийт  5,201,318 төгрөгийг гаргуулахаар өөрчилжээ.

10. Хяналтын шатны шүүхээс давж заалдах шатны шүүхийн шийдэл зөв, гэхдээ шүүхийн шийдвэр, магадлалд хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ. Учир нь, хоёр шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг тодорхойлолгүйгээр, зөвхөн нийтийн эрх зүйн хэм хэмжээ болох Эрчим хүчний тухай хууль болон Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын тухай хуулийг үндэслэн, “хариуцагч нар нь хэрэглэгч болохынхоо хувьд эдгээр хуулийн дагуу төлбөр төлөх үүрэгтэй”  гэж дүгнэсэн нь учир дутагдалтай болжээ.   

11. Хэргийн үйл баримтаас үзвэл, зохигчийн хооронд бичгээр гэрээ байгуулагдаагүй боловч бодит байдал дээр талуудын хооронд “хэрэглээний цэвэр ус, дулааны эрчим хүчийг нийлүүлэх, бохир усыг татан зайлуулах” худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна. Хариуцагч нар гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй буюу төлбөрөө төлөөгүй тул нэхэмжлэгч Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасны дагуу шаардах эрхтэй. 

12. Хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдолд дурдсан “... нэхэмжлэгч үүргээ биелүүлдэггүйн улмаас манайх дулаанаа огт авч чаддаггүй байсан, тиймээс бид тениэр халааж цахилгааны мөнгө өндөр төлсөн, агуулахын регистрүүдээ авсан байтал тус контор нь дулааны мөнгө нэхэмжилж байгаа нь шударга бус, тухайн үед халаахгүй байгаа талаар удаа дараа бичгээр хандсан....” гэх зэрэг үндэслэлийн тухайд (Тодорхойлох хэсгийн 4-т заасан) хоёр шатны шүүхийн дүгнэсэнчлэн,  хариуцагч нар энэхүү татгалзлаа баримтаар нотлоогүй тул уг гомдлын дагуу шийдвэр, магадлалыг хүчингүй болгох боломжгүй.

13. Түүнчлэн шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангахдаа эрх бүхий захиргааны байгууллагаас тогтоосон тарифын дагуу тооцсон шинжээчийн дүгнэлтийг үндэслэсэн тул “... нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа орон сууцны төлбөрийг 2,132,474.94 төгрөг гэсэн нь зохиомол тоо болох нь батлагдсан...” гэсэн гомдол ач холбогдолгүй юм.

14. Дээрх үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн хариуцагч Ц.Ж-ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулахаар тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 2074 дүгээр магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 101/ШШ2020/02631 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч С.С, Ц.Ж нараас 5,201,318 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “С-Э”    ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,472,126 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж, 2 дахь заалтыг “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 121,730 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 98,171 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.” гэж тус тус өөрчилж, шийдвэр, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагч Ц.Ж-ийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагч Ц.Ж-ийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр төлсөн 96,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.ЦОЛМОН

                        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                            Г.АЛТАНЧИМЭГ

                         ШҮҮГЧИД                                                Г.БАНЗРАГЧ

                                                                                          П.ЗОЛЗАЯА

                                                                                          Х.ЭРДЭНЭСУВД