Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2018/02130

 

 

 

 

 

2018 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2018/02130

 

 

Н.Бадамцэрэнгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Т.Туяа, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 101/ШШ2018/02762 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Н.Бадамцэрэнгийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Аряа ХХК-д холбогдох

Гэм хорын хохиролд 6 783 180 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Н.Бадамцэрэн

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б.Борхүү

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: В.Оюунсүрэн

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Золзаяа нар оролцов.

 

Нэхэмжлэгч Н.Бадамцэрэн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Н.Бадамцэрэн нь Аряа ХХК-тай түрээсийн гэрээг байгуулан Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 21 дүгээр хороолол, 60 дугаар байрны 1 дүгээр давхарт байрлах 213 м.кв талбай бүхий байрыг 2014 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн 2016 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр хүртэл 2 жилийн хугацаатайгаар нэг сарын 1 500 000 төгрөгөөр түрээслэхээр тохиролцсон. Улмаар Н.Бадамцэрэн нь Аряа ХХК-нд холбогдуулан түрээсийн гэрээг цуцалж, ашигласан хугацааны түрээсийн төлбөр гаргуулах, түрээсийн эд хөрөнгийг гэрээний хавсралтад заагдсаны дагуу хүлээлгэн өгөхийг даалгуулах нэхэмжлэл гаргаж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн шийдвэрээр түрээсийн гэрээнд заагдсан эд хөрөнгийг ердийн элэгдэлээс илүү муутгахгүйгээр хүлээлгэн өгөхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн хэдий ч өнөөг хүртэл түрээсийн байрыг хүлээлцээгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаар албадан гүйцэтгүүлж, түрээсийн байрыг 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдөр суллуулж түлхүүрээ авсан болно. Иймд түрээсийн байр болон эд зүйлсийг ердийн элэгдэлээс илүү муутгасан учир гэм хорын хохиролд шинжээчийн тогтоосон үнэлгээгээр нийт 2,778,380 төгрөг, шүүхийн шийдвэр гарснаас хойшхи хугацаанд түрээсийн байрыг суллаж түлхүүрийг өгөхгүйгээр 2 сарын хугацаанд эд хөрөнгөө хадгалсаар байсан учир хадгалалтын зардлыг олох ёстой байсан орлогод тооцон түрээсийн гэрээнд заасан төлбөрийн дагуу 3 000 000 төгрөг, 2 удаагийн шинжээчийн хөлс 600 000 төгрөг, шийдвэр гүйцэтгэх байгууллагад төлсөн урамшууллын зардал 404 800 төгрөг нийт 6 783 180 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Аряа ХХК-ийн захирал З.Золжаргал шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Оюунсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Маргааны зүйл болж буй байр нь 2010 оны 10 дугаар сард ашиглалтад орсон бөгөөд тухайн үед 4 давхар орон сууц, нэг давхар нь үйлчилгээний төвийн зориулалттай байсан. 2011 онд Аряа ХХК нь гэрээ байгуулж түрээсэлсэн бөгөөд 2011-2013, 2014-2016 он хүртэл түрээсийн гэрээг байгуулсан байдаг. Анх түрээсийн гэрээг байгуулахад Хангай импекс ХХК-ийг төлөөлж захирал Н.Бадамцэрэн гарын үсэг зурж, гэрээнд тус компанийн тамгыг дарсан байдаг. 2015 оноос нэхэмжлэгч нь Аряа ХХК-ийн захирал н.Золжаргалаас зээл авах гэж байгаа тул зээлийн гэрээгээ нотариатаар батлуулж, нотлох баримтын шаардлага хангуулмаар байна гээд 1 500 000 төгрөгийг 1 000 000 төгрөг гэж тохиролцож, Н.Бадамцэрэн гэрээнд гарын үсгээ зурсан. Аряа ХХК нь 2015 оны 2 дугаар сард уг түрээсийн байрнаас гарсан. 2016 оны 3 дугаар сард нэхэмжлэгч түрээсийн төлбөрт 16 500 000 төгрөгийг нэхэмжилж шүүх нэхэмжлэл гаргасныг шүүхээс 5 200 000 төгрөгийг хангаж шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрийг гардаж авснаас хойш 15 хоногийн дараа шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх захирамж гаргах хүсэлт гаргасан. Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх захирамжийн дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэгч Б.Ганчимэг хуулийн хугацаанд шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааг хийж, нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох тогтоолыг гаргасан байдаг. Нэхэмжлэгч шүүхийн шийдвэр гүйцэтгэгчтэй урамшууллын гэрээг байгуулан 404 800 төгрөгийг төлсөн байдаг. Нэхэмжлэгч 404 800 төгрөг нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны урамшууллын хөлсөнд төлсөн тул үүнийг нэхэмжлэлийн шаардлагаас хасах үндэслэлтэй. Аряа ХХК-иас 5 200 000 төгрөгийг гаргаж нэхэмжлэгч Н.Бадамцэрэнд олгох шүүхийн шийдвэр байсан боловч нэхэмжлэгч Н.Бадамцэрэн нь би н.Золжаргалын үеэл н.Уянгад өглөгтэй учир н.Золжаргалаас авах 5 200 000 төгрөгийг миний н.Уянгад өгөх өглөгөөс суутгаж өгнө үү гэсэн хүсэлтийг шүүхийн шийдвэр гүйцэтгэгчид гаргаж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хаалгасан. Гэм хор учруулсан үйлдэл хийсэн, гэм буруутай байх тохиолдолд хохирлыг арилгах ёстой. Тухайн байранд нэхэмжлэгчийн дүү амьдардаг, байнга байраар орж гардаг тул элэгдэл, хорогдол гарсан болохыг мэдэж, сануулах боломжтой байсан. Тус байр нь 2010 онд ашиглалтанд орсон боловч дээврээс нь дусаал гоождог байдлаас болж Аряа ХХК нь маш их хохирол амссан. Мөн уг барилга нь мөөгөнцөртэй, манай ажилчдын толгой нь байнга өвддөг байсан. Би мэргэжлийн хяналтын газарт гомдол гаргаад улсын байцаагч н.Цэнгэл байцаагчаар томилогдсон байсан. Шинжээчээр н.Ганхуягийг томилсон боловч мэргэжлийн барилгын тусгай шинжээчийг оролцож байж дүгнэлт гаргах боломжтой гэж хүсэлт гаргасан байдаг. Би шинжээч томилуулах хүсэлт гаргасан боловч хариуцагч нь шинжээчийн төлбөрийг төлөх чадваргүй тул би уг хүсэлтээсээ татгалзсан. Хавтаст хэрэгт шинжээчийн төлбөрт 200 000 төгрөг төлсөн баримт байгаа. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны урамшуулал 404 800 төгрөг нэхэмжлэгч нь өөрийн хүсэлтээр өгсөн. Энэ тухай н.Золжаргалд мэдэгдээгүй. Байрны хувьд шинэ байр байсан нь үнэн. Гэхдээ сүүлд өгсөн миний зураг дээр ямар байсан нь харагдаж байгаа. Хариуцагч байрыг хүлээлгэж өгөхгүй зугтаасан зүйл байхгүй. Шинжээчийн дүгнэлтээс вакум цонх цуурсан байсан. уг байрны гадуур дандаа архичид цугларсан вакум хаалгыг архичид хагалсан байж магадгүй. Байрыг түрээслэх гэж зөндөө зар өгсөн боловч түрээслэгдээгүй байгаа. Хоёр гэрч маш цэмцгэр хүмүүс байсан. 3 плита хагарсан гэсэн, нэг плитаг хагарсныг хүлээн зөвшөөрнө. н.Раднаа шинжээчийн дүгнэлт гаргахдаа ердийн элэгдлийг тооцоогүй, бодит элэгдлийг тооцож дүгнэлт гаргасан бөгөөд тэрээр би хэдэн төгрөгийн засварын ажил хийгдэх тухай дүгнэлт гаргана, хэн буруутай гэдгээ шүүх тогтооно гэсэн. Хариуцагч байгууллагын гэм буруутай гэх байдал нь нотлогдохгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасныг баримтлан Аряа ХХК-иас 1 004 800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Н.Бадамцэрэнгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Н.Бадамцэрэнгийн хариуцагч Аряа ХХК-нд холбогдох 5 778 380 төгрөг гаргуулах тухай хэргийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Н.Бадамцэрэнгээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 150 611 төгрөгийн 43 207 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 107 404 төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгч Н.Бадамцэрэнд олгож шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Борхүү давж заалдах гомдолдоо:

... 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдөр нэхэмжлэлээ татан авсан шалтгаан нь Аряа ХХК-д холбогдуулан нэхэмжлэлийг Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 31А байр, 44 тоот хаягаар гаргасан хэдий ч яг энэ хаяг дээр Аряа ХХК-ийн манай компанид хамааралгүй гэсэн тайлбар гаргаснаас шалтгаалан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3 дахь хэсэгт зааснаар 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдөр нэхэмжлэлээ татан авах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч мөн өдрийн 5401 дугаар захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Уг захирамжийг гаргахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3 дахь хэсэгт заасныг баримталсан бөгөөд уг хэргийг шийдвэрлэхдээ дээрх захирамжийг мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасантай адил үр дагаваратй хэмээн үзэж хуулийн хүчин төгөлдөр захирамжийг буруу тайлбарлан хэрэглэсэн тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нв хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч Н.Бадамцэрэн нь хариуцагч Аряа ХХК-д холбогдуулан гэм хорын хохиролд 6 637 180 төгрөг гаргуулахаар нэхэмжилснээс хариуцагч 3 500 төгрөг төлөхийг зөвшөөрч, үлдэх хэсгийг эс зөвшөөрөн маргажээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...хариуцагч шүүхийн шийдвэрт заасан орон сууцыг суллаж өгөөгүйгээс албадан гүйцэтгэх ажиллагаа явуулж, урамшуулалд төлсөн мөнгө 404 800 төгрөг, түрээсийн байр болон эд зүйлсийг ердийн элэгдлээс илүү муутгасан хохиролд 2 778 380 төгрөг, хариуцагч эд хөрөнгөө хадгалсаар байсан учир олох ёстой байсан орлогыг түрээсийн төлбөрөөр тооцож 3 000 000 төгрөг, шинжээчийн ажлын хөлс 600 000 төгрөг нийт 6 783 180 төгрөг гаргуулна гэж тайлбарласан байна.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд зохигчид Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 21 дүгээр хороолол, 60 дугаар байрны 1 дүгээр давхарт байрлах 213 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 1 сарын 1 500 000 төгрөгөөр түрээслэхээр харилцан тохиролцсон үйл баримт тогтоогдсон байна. /1хх-ийн 28-31, 2хх-ийн 23-24 тал/

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 101/ШШ2018/02681 дугаар хүчин төгөлдөр шийдвэрээр хариуцагч Аряа ХХК-иас түрээсийн гэрээний төлбөрт 5 200 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.Бадамцэрэнд олгож, хөлслөн авсан эд хөрөнгийг ердийн элэгдлээс илүү муутгаагүй байдлаар нэхэмжлэгч Н.Бадамцэрэнд хүлээлгэн өгөхийг хариуцагч Аряа ХХК-д даалгаж шийдвэрлэжээ. /1хх-ийн 10-11 тал/

 

Мөн Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 101/ШЗ2017/05401 дугаар шүүгчийн захирамж авагдсан байх бөгөөд уг захирамжаар Н.Бадамцэрэн нь Аряа ХХК-иас түрээсийн байр болон эд зүйлийг илүү муутгасан гэм хорын хохиролд 1 000 000 төгрөг, хариуцагч эд хөрөнгөө хадгалсаар байсан учир олох ёстой байсан орлогыг түрээсийн төлбөрөөр тооцож 3 000 000 төгрөг, нийт 4 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа татан авсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон байна./ 1 дүгээр хавтаст хэргийн 12-13 дугаар тал/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээ татан авсныг баталсныг Иргэний хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д заасан хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлд хамааруулж үзэх юм. Учир нь анхан шатны шүүх Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг тусгайлан баримтлан шийдвэрлээгүй ч мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт энэ хуулийн 106.3-д заасан нэхэмжлэгч нэхэмжлэлээ татан авсныг батална гэж заасан байх тул татан авах, татгалзах хоёрыг тус тусдаа бие даасан өөр ажиллагаа гэж үзэхгүй. Иймд анхан шатны шүүх нэхэмжлэгчийн түрээсийн байр болон эд зүйлсийг ердийн элэгдлээс илүү муутгасан хохиролд 2 778 380 төгрөг, хариуцагч эд хөрөнгөө хадгалсаар байсан учир олох ёстой байсан орлогыг түрээсийн төлбөрөөр тооцож 3 000 000 төгрөг нийт 5 778 380 төгрөгийн нэхэмжлэлд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заалттай нийцжээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч талын хүсэлтээр хоёр удаа шинжээч томилж, Монголын хохирол үнэлэгчдийн холбоо 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр, хөрөнгийн үнэлгээчин А.Раднаа 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр тус тус хөрөнгийн үнэлгээний тайланг ирүүлсэн байна. Иймд шинжээчийн дүгнэлт гаргуулах нь нотлох баримт бүрдүүлэх явцад зайлшгүй хийгдэх ажиллагаа гэж үзэх үндэслэлгүй байх тул хариуцагч байгууллагаас шинжээчийн ажлын хөлсөнд 600 000 төгрөгийг гаргуулах хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Харин шүүхийн дээрх хүчин төгөлдөр шийдвэрт заасны дагуу хариуцагч Аряа ХХК нь хөлслөн авсан эд хөрөнгийг ердийн элэгдлээс илүү муутгаагүй байдлаар нэхэмжлэгч Н.Бадамцэрэнд хүлээлгэн өгөх үүргээ сайн дураар биелүүлээгүй, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үр дүнд дээрх ажиллагааг хийгдсэн үйл баримт тогтоогджээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй бөгөөд хариуцагч байгууллага Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар хууль буюу гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эрх бүхий байгууллагаас явуулж, хуульд заасны дагуу холбогдох урамшууллыг нэхэмжлэгч төлсөн байх тул нэхэмжлэгч Н.Бадамцэрэн нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар өөрөөс гарсан уг зардлаа хохиролд тооцон арилгуулахаар шаардах эрхтэй.

 

Иймд нэхэмжлэлийн шаардлагаас шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад төлсөн урамшууллын зардал болох 404 800 төгрөгт холбогдох хэсгийг хариуцагч байгууллагаас гаргуулан нэхэмжлэгч Н.Бадамцэрэнд олгох нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй байна гэж давж заалдах шатны шүүхээс үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар 29-ний өдрийн 101/ШШ2018/02762 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

 

1 дэх заалтыг Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Аряа ХХК-иас 404 800 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.Бадамцэрэнд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 600 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн,

 

3 дахь заалтад ...хариуцагч Аряа ХХК-иас 12 794 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.Бадамцэрэнд олгосугай гэж нэмж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Борхүүгийн төлсөн 124 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Т.ТУЯА

 

Ц.ИЧИНХОРЛОО