Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 02762

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхжаргал даргалж, шүүгч З.Баярмаа, Д.Ганболд нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Н.Б нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “А” ХХК-нд холбогдох,

Гэм хорын хохиролд 6,783,180 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Борхүү, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Оюунсүрэн, иргэдийн төлөөлөгч Н.Батпүрэв, гэрч Н.Ганчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Янжинлхам нар оролцов.

                                                         

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Н.Б нь “А” ХХК-тай 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр мөн 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл 2 жилийн хугацаатайгаар түрээсийн гэрээг байгуулсан болно. Уг гэрээний зүйл нь Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 21 дүгээр хороолол 60 дугаар байрны 1 дүгээр давхарт байрлах Ү-2201024311 тоот улсын бүртгэлийн 213 м.кв талбай бүхий байрыг 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл 2 жилийн хугацаатайгаар нэг сарын 1,500,000 төгрөгөөр түрээслэхээр болж түрээсийн гэрээг байгуулсан болно. Улмаар “А” ХХК-нд холбогдуулан түрээсийн гэрээг цуцалж ашигласан хугацааны түрээсийн төлбөр нэхэмжилж мөн түрээсийн эд хөрөнгийг гэрээний хавсралтад заагдсаны дагуу хүлээлгэн өгөхийг даалгуулсан нэхэмжлэл гаргаж 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхээс шийдвэр гарч түрээсийн гэрээнд заагдсан эд хөрөнгийг ердийн элэгдэлээс илүү муутгахгүйгээр хүлээлгэн өгөхийг хариуцагчид даалгасан шийдвэр гарсан хэдий ч өнөөг хүртэл түрээсийн байрыг хүлээлцэлгүй худал үнэн ярьсаар байгаа болно. Хариуцагчид түрээсийн байрны түлхүүр байгаа учир түрээсийн байрандаа орох боломжгүй эд зүйлсийг хүлээн авах боломжгүй байсан учир Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаар албадан түрээсийн байрыг 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдөр суллуулж түлхүүрээ авсан болно.

Иймд түрээсийн байр болон эд зүйлсийг ердийн элэгдэлээс илүү муутгасан учир гэм хорын хохиролд шинжээчийн тогтоосон үнэлгээгээр нийт 2,778,380 төгрөг, шүүхийн шийдвэр гарснаас хойшхи хугацаанд түрээсийн байрыг суллаж түлхүүрийг өгөхгүйгээр 2 сарын хугацаанд эд хөрөнгөө хадгалсаар байсан учир 2 сарын хадгалалтын зардлыг олох ёстой байсан орлогод тооцон түрээсийн гэрээнд заасан төлбөрийн дагуу 3,000,000 төгрөг, 2 удаагийн шинжээчийн хөлс 600,000 төгрөг, шийдвэр гүйцэтгэх байгууллагад төлсөн урамшууллын зардал 404,800 төгрөг нийт 6,783,180 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.

 

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Уг байр нь 2010 оны 10-р сард ашиглалтанд орсон. Байр ашиглалтад ороход цоо шинэ 4 давхар орон сууц, нэг давхар нь үйлчилгээний төвийн зориулалттай байсан. Уг орон сууцыг ашиглуулахаар зар өгч байсан боловч хотоос хол, өндөр түрээстэй, эдийн засгийн хямралтай байсан тул уг байрыг хүн түрээслээгүй. Олон сарын дараа “А” ХХК нь 2011 онд гэрээ байгуулж түрээсэлж, 2011-2013, 2014-2016 он хүртэл түрээсийн гэрээг байгуулсан байдаг. Анх түрээсийн гэрээг байгуулахдаа нэхэмжлэгч нь “Хангай импекс” ХХК-ийн захирал юм. “Хангай импекс” ХХК-ийг төлөөлж захирал Н.Б гарын үсэг зурж, гэрээнд тус компанийн тамгыг дарсан байдаг. 2015 оноос нэхэмжлэгч нь “А” ХХК-ийн захирал н.Золжаргалаас “Эгч нь зээл авах гэж байгаа тул зээлийн гэрээгээ нотариатаар батлуулж, нотлох баримтын шаардлага хангуулмаар байна” гэж яриад, түрээсийг 1,500,000 төгрөгийг 1,000,000 төгрөг гэж тохирч н.Золжаргалын үеэл дүү н.Уянгад мөнгө өгөх ёстой /шүүхийн шийдвэр гарсан/ уг өглөгөндөө өгч байна гээд гэрээний ард Н.Б гарын үсгээ зурсан. “А” ХХК нь гэрийн хаяавч, шалавч, автомашины дулаан хучлага зэргийг үйлдвэрлэдэг. Улирлын чанартай үйл ажиллагааг явуулдаг компани. 2014 оноос хойш дулаарч орлого муудаж, түрээсээ төлж чадахгүй байдалд орсон. 2015 оны 2 дугаар сард уг түрээсийн байрнаас гарсан. 2016 оны 3 дугаар сард нэхэмжлэгч түрээсийн төлбөрт 16,500,000 төгрөгийг нэхэмжилж нэхэмжлэл гаргаад, шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 5,200,000 төгрөгийг л хангасан байдаг. Шүүхийн шийдвэрийг гардаж авснаас хойшхи 15 дахь хоногт шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх захирамж гаргуулах хүсэлтийг гаргасан байдаг. Архиваас татсан хэрэгт шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх захирамж бичүүлэх хүсэлт болон уг захирамж нь байхгүй байна. Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх захирамжийн дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэгч Б.Ганчимэг хуулийн хугацаанд шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааг хийж, нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох тогтоолыг гаргасан байдаг. Нэхэмжлэгч шүүхийн шийдвэр гүйцэтгэгчтэй урамшууллын гэрээг байгуулаад, 404,800 төгрөгийг төлсөн байдаг. Нэхэмжлэгч 404,800 төгрөг нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны урамшууллын хөлсөнд төлсөн тул үүнийг нэхэмжлэлийн шаардлагаас хасуулахыг хүсч байна. “А” ХХК-иас 5,200,000 төгрөгийг гаргаж нэхэмжлэгч Н.Бд олгох шүүхийн шийдвэр байсан боловч нэхэмжлэгч Н.Б нь би н.Золжаргалын үеэл н.Уянгад өглөгтэй учир н.Золжаргалаас авах 5,200,000 төгрөгийг миний н.Уянгад өгөх өглөгөөс суутгаж өгнө үү гэсэн хүсэлтийг шүүхийн шийдвэр гүйцэтгэгчид гаргаж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хаалгасан байдаг. Би шүүхийн шийдвэр гүйцэтгэгч дээр очоод н.Золжаргал шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хэр оролцож байна гэж асуухад шийдвэр гүйцэтгэгч нь дуудсан цагт ирсэн гээд олон зүйл яриагүй. Энэ хүн удаа дараагийн нэхэмжлэл дээр байрыг гэмтээсэн гэж ярьдаг. Гэм хор нь гэм буруутай үйлдэл хийсэн, гэм буруутай нөхцөлд хохирлыг арилгах ёстой. н.Ганчимэг, н.Өлзийтогтох гэсэн хоёр гэрч байгаа. Энэ хоёр хүн архи, тамхи хэрэглэдэггүй хүмүүс байдаг. Гэрээгээр түрээслэгч байнга хяналт тавина гэж заасан байгаа. Нэхэмжлэгч болон түүний дүү нь тус байранд амьдардаг. Байранд байнга орж гарч эргэдэг байсан. Энэ хүн тухай үед элэгдэл, хорогдол гарсан тохиолдолд хэлэх боломжтой байсан. 2016 оны түрээсийн асуудлаар шүүхийн шийдвэр байгаа. Уг шүүх хуралдааны тэмдэглэлд нэг удаа ч гэм хорын асуудал яригдаагүй байсан. Тус байр нь 2010 онд ашиглалтанд орсон боловч дээврээс нь дусаал гоождог. Үүнээс болоод “А” ХХК нь маш их хохирол амссан. Нэхэмжлэгч 2,400,000 төгрөгийн үнэтэй 3 ком иж бүрдлийг аваад одоо хүртэл өгөөгүй. Үүнийг нэхэхээр танайх манай тахиа шарагчийг өгөөд, үүнийгээ ав гэдэг. Тахиа шарагч ажил хүлээлцэх акт дээр ч дурдагдаагүй. Хоёр ажилтан ч тахиа шарагч байхыг хараагүй. Нэхэмжлэгч энэ асуудлаар Сонгинохайрхан дүүргийн цагдаад хадсан. Цагдаа ажил хүлээлцэх акт дээр байгаагүй тул гомдлыг хүлээж аваагүй. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  н.Батбаатар  шүүгчйн туслах н.Мөнхнарантай хувилдаж хууль бус ажиллагаа явуулсан байдаг. Уг хууль бус ажиллагаа нь н.Золжаргалаас нэг дүү залууг н.Золжаргалын регистрийн дугаарыг 56 гэж Н.Бгийн регистрийн дугаарыг бичсэн байдаг. Уг барилга нь мөөгөнцөрддөг, манай ажилчдын толгой нь байнга өвддөг. Манай ажилчид 7, 8 сард дээврээс ус гоожоод байнга усыг нь тосдог. Би мэргэжлийн хяналтын газарт гомдол гаргаад улсын байцаагч н.Цэнгэл томилогдсон байсан. Шинжээчээр шинжээч н.Ганхуягийг томилсон боловч мэргэжлийн барилгын тусгай шинжээчийг оролцож байж дүгнэлт гаргах боломжтой гэж хүсэлт гаргасан байдаг. Би шинжээч томилуулах хүсэлт гаргасан боловч  хариуцагч нь шинжээчийн төлбөрийг төлөх чадваргүй тул би уг хүсэлтээсээ татгалзсан. Хавтаст хэрэгт шинжээчийн төлбөрт 200,000 төгрөг төлсөн л баримт байгаа. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны урамшуулал 404,800 төгрөг нэхэмжлэгч нь өөрийн хүсэлтээр өгсөн. Энэ тухай н.Золжаргалд мэдэгдээгүй. Байрны хувьд шинэ байр байсан нь үнэн. Гэхдээ сүүлд өгсөн миний зураг дээр ямар байсан нь харагдаж байгаа. Хариуцагч байрыг хүлээлгэж өгөхгүй зугтаасан зүйл байхгүй. Шинжээчийн дүгнэлтээс вакум хаалганы цонх цуурсан байсан. Уг байрны гадуур дандаа архичид цугларсан вакум хаалгыг архичид хагалсан байж магадгүй. Байрыг түрээслэх гэж зөндөө зар өгсөн боловч түрээслэгдээгүй байгаа. Хоёр гэрч нь маш цэмцгэр хүмүүс байсан. Өнөөдрийн гэрч байшинг зүгээр байсан гэсэн. 3 плитаг хагарсан гэсэн нэг плитаг нь хагарсныг хүлээн зөвшөөрнө. Нөгөө хоёр плита нь жоохон л цуурсан нь л байна. н.Раднаа шинжээчийн дүгнэлт гаргахдаа ердийн элэгдлийг тооцоогүй бодит элэгдлийг тооцож дүгнэлт гаргасан гэсэн байна. н.Раднаа шинжээч нь би хэдэн төгрөгийн засварын ажил хийгдэх тухай дүгнэлтийг л гаргана. Хэн буруутай гэдгээ шүүх дээрээ очиж ярь гэсэн. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч н.Батбаатар гэдэг хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасан зөрчсөн зөрчлийг удаа дараа гаргасан. Нэхэмжлэгчээс н.Золжаргал хүүхдүүдийн хичээл эхлэх гээд байна 3 комоо авъя гэхэд өгөхгүй гэсэн. Уг 3 комыг өгөхгүй 3 жил болж байна. Түүнийг эргэлдүүлсэн бол доод тал нь 10,000,000 төгрөг болох байсан. Хариуцагчийн гэм буруутай нь нотлогдоогүй. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй байна гэв.

 

Шүүх хуралдаанд зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

 

      ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Н.Б нь хариуцагч “А” ХХК-нд холбогдуулан гэм хорын хохиролд 6,783,180 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж, хариуцагч 3500 төгрөгт холбогдох шаардлагыг зөвшөөрч, үлдэх хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлсон.

- Түрээсийн байр болон эд зүйлсийг ердийн элэгдэлээс илүү муутгасан учир гэм хорын хохиролд шинжээчийн тогтоосон үнэлгээгээр нийт 2,778,380 төгрөг,

 -Шүүхийн шийдвэр гарснаас хойшхи хугацаанд түрээсийн байрыг суллаж түлхүүрийг өгөхгүйгээр 2 сарын хугацаанд эд хөрөнгөө хадгалсаар байсан учир 2 сарын хадгалалтын зардлыг олох ёстой байсан орлогод тооцон түрээсийн гэрээнд заасан төлбөрийн дагуу 3,000,000 төгрөг,

-Шинжээчийн ажлын хөлс 600,000 төгрөг,

-Шийдвэр гүйцэтгэх байгууллагад урамшууллын зардалд төлсөн 404,800 төгрөг гэжээ.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар шийдвэрлэв. Үүнд:

Түрээсийн байрыг ердийн элэгдэлээс илүү муутгасан хохирол болон хадгалалтын зардал гаргуулах шаардлагын тухайд:

Талуудын хооронд 2015 оны 6 дугаар сарын 22-ны өдөр “Түрээсийн гэрээ” байгуулж, нэг талаас Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо 21 дүгээр хороолол 60 дугаар байрны 1 дүгээр давхарт байрлах Ү-2201024311 тоо улсын бүртгэлийн дугаартай 213 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай байрыг түрээслүүлэх, нөгөө талаас 1,500,000 төгрөгийн түрээсийн төлбөрийг сар бүр төлөхөөр харилцан тохиролцжээ.

Н.Б-гийн нэхэмжлэлтэй “А” ХХК-нд холбогдох уг түрээсийн гэрээний үүрэгтэй холбоотой нэхэмжлэлийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 02681 дугаартай шийдвэрээр шийдвэрлэж шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

Дурдсан шүүхийн шийдвэрээр хариуцагч “А” ХХК-иас түрээсийн төлбөрт 5,200,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.Бд олгож, хөлслөн авсан эд хөрөнгийг ердийн элэгдэлээс илүү муутгаагүй байдлаар нэхэмжлэгч Н.Бд хүлээлгэн өгөхийг “А” ХХК-нд даалгаж шийдвэрлэсэн болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан шүүхийн шийдвэрийн хуулбар зэргээр тогтоогдож байна. /2 дугаар х.х-ийн 10-11 дэх талд/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11 дүгээр зүйлийн 11.2-т зааснаар хариуцагч “А” ХХК нь дээрх шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй тул төлбөр авагч Н.Бгийн хүсэлтийг үндэслэн Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 1959 дугаартай “Шүүхийн гүйцэтгэх хуудас”-ыг олгосон байх ба шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, төлбөр авагч Н.Бгийн хүсэлтээр 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгож, гүйцэтгэх баримт бичгийг хаасан болох нь хэрэгт авагдсан бичгийн баримт болон гэрч Н.Ганчимэгийн мэдүүлэгээр тус тус тогтоогдож байна. /2 дугаар х.х-ийн 65 дахь талд/

Нэхэмжлэгч нь уг шүүхийн шийдвэрийн дагуу түрээсийн байрыг хүлээн авсан боловч ердийн элэгдэл хорогдолоос илүү муутгасан гэм хорын хохиролд 1,000,000 төгрөг гаргуулах шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад томилогдсон шинжээчийн үнэлгээгээр шаардлагаа нэмэгдүүлж, нийт 2,778,380 төгрөг, мөн шүүхийн шийдвэр гарснаас хойш 2 сарын хугацаанд түрээсийн байрыг хүлээлгэн өгөөгүй тул эд хөрөнгийг нь хадгалсны төлбөрт түрээсийн гэрээнд заасан үнийн дүнгээр нийт 3,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулна гэж тодорхойлсон.

Нэхэмжлэгч нь дурдсан уг үндэслэлээр хариуцагчаас 4,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 6 дугаар 27-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаснаа татан авах тухай хүсэлт гаргаж, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 24-ны өдрийн 05401 дугаартай “Хэргийг хэрэгсэхгүй болгох” тухай шүүгчийн захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3 дахь хэсэгт заасныг баримтлан “нэхэмжлэгч нэхэмжлэлээ татан авсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. /2 дугаар х.х-ийн 34, 58 дахь талд/

Өөрөөр хэлбэл, “нэхэмжлэгч нэхэмжлэлээ хариуцагчийн зөвшөөрөлгүй татан авч болно” гэж зохицуулсан нь мөн зүйлийн 106.5 дахь хэсэгт заасан “нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан”-тай адил үр дагавартай.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д “нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр, эсхүл нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон ..., шүүгчийн захирамж байгаа” бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах ба дээрх үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж зохицуулсан тул нэхэмжлэгчийн хадгалалтын зардал, түрээсийн байрыг ердийн элэгдэлээс муутгаснаас учирсан гэм хорын хохиролд 5,778,380 төгрөг гаргуулах хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Шүүх уг шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн тул тухайн гэм хорын хохиролд тодорхой ямар хохирол хамаарах, тэдгээр нь ямар нотлох баримтаар нотлогдох болон хохирлыг нотлохоор ирүүлсэн бичгийн баримтуудад эрх зүйн дүгнэлт өгөх үндэслэлгүй болохыг дурдах нь зүйтэй.

Шийдвэр гүйцэтгэх байгууллагад төлсөн урамшууллын зардал гаргуулах шаардлагын тухайд:

Н.Б нь Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албатай 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр 16/7333 дугаар “Шийдвэр гүйцэтгэгчийг урамшуулах тухай” гэрээ, 16/7332 дугаар “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардал гаргуулах” гэрээг  тус тус байгуулж шийдвэр гүйцэтгэгчийг урамшуулах гэрээний дагуу 404,723 төгрөгийг төлсөн болох нь зохигчдын тайлбар, гэрчийн мэдүүлэг, хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдож байна. /1 дүгээр х.х-ийн 5 дахь талд/

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн /2002 он/ 82 дугаар зүйлийн 82.4-т “шийдвэр гүйцэтгэх  ажиллагаа дуусгавар болсон тохиолдолд шийдвэр гүйцэтгэгч шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардлыг төлбөр төлөгчөөс нөхөн гаргуулж, төлбөр авагчид олгоно” гэж, мөн хуулийн 83 дугаар зүйлийн 83.1-т “Шүүхийн шийдвэрийг бодитойгоор гүйцэтгэсэн шийдвэр гүйцэтгэгчийг төлбөрийн шаардлагыг хангахаар гаргуулсан мөнгөний болон эд хөрөнгийн үнийн дүнгийн 0,5-10 хүртлэх хувиар урамшуулна”,  83.2-т “энэ хуулийн 83.1-д заасан урамшууллыг шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хэсэгчилэн биелсэн болон дуусгавар болсны дараа гэрээний үндсэн дээр төлбөр авагчаас төлбөрт гаргуулсан мөнгө болон эд хөрөнгийн үнийн дүнгээс гаргуулна” гэж зохицуулсан.

Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны зардлыг төлөх үүргийг төлбөр төлөгчид, урамшуулалын төлбөрийг төлөх үүргийг төлбөр авагчид хүлээлгэжээ.

Нэхэмжлэгч нь шийдвэр гүйцэтгэгчийг урамшуулах тухай гэрээний дагуу төлсөн 404,723 төгрөгийг хариуцагчийн гэм буруутай үйлдлээс болсон хохирол гэж үзэж нэхэмжилсэн.

Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.5-д “гэм хор учруулснаас иргэний эрх зүйн харилцаа үүснэ” гэж заасан бөгөөд 9 дүгээр зүйлийн 9.4.4-т “эрх нь зөрчигдсөн гэж үзсэн этгээд урчуулсан хохирлыг арилгуулахаар эрх зөрчсөн этгээдээс шаардах эрхтэй” бөгөөд мөн хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэл/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасан.

Хуулиар “урамшууллын төлбөр”-ийг төлбөр авагч төлнө гэж тодорхой байдлаар зохицуулсны дагуу төлсөн төлбөрийг бусдын хууль зөрчсөн үйлдэл эс үйлдлийн улмаас учирсан гэм хорын хохирол гэж үзэх боломжгүй тул уг шаардлагад холбогдох хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй болно.

Шинжээчийн ажлын хөлсөнд төлсөн төлбөр гаргуулах шаардлагын тухайд:

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын хүсэлтийг үндэслэн Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо 21 дүгээр хороолол 60 дугаар байрны 1 давхарт байрлах 213 м.кв талбай бүхий байр болон хүлээлгэн өгсөн эд хогшлыг ердийн элэгдлээс илүү хэрхэн муутгасан талаар дүгнэлтийг гаргуулахаар “Монголын хохирол үнэлэгчдийн холбоо”, “Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институт”-ыг тус тус шүүгчийн захирамжаар шинжээчээр томилсон байна. /1 дүгээр х.х-ийн 92-94, 100-113, 189-192, 195-213 дахь талд/

Нэхэмжлэгч нь шүүхээс томилогдсон шинжээчийн ажлын хөлсөнд төлсөн 600,000 төгрөгийг гэм хорын хохиролд тооцон гаргуулна гэж уг шаардлагаа тодорхойлсон.

Нэхэмжлэгчийн түрээсийн байрыг ердийн элэгдэлээс илүү муутгаснаас учирсан гэм хорын хохиролд 2,778,380 төгрөг гаргуулах тухай хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн тул уг шаардлагаа нэхэмжлэгч нотлох үүргийн хүрээнд гарсан зардлыг бусдын гэм буруутай үйлдэл эс үйлдлээс учирсан гэм хор гэж үзэхгүй.

Иймд дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын 5,778,380 төгрөгт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, 1,004,800 төгрөгт холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

                                                                                                               ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасныг баримтлан “А” ХХК-иас 1,004,800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Н.Бгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Н.Бгийн  хариуцагч “А” ХХК-нд холбогдох 5,778,380 төгрөг гаргуулах тухай хэргийг хэрэгсэхгүй болгосугай

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Н.Бгээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн  150,611 төгрөгийн 43,207 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 107,404 төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгч Н.Бд олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Л.ЭНХЖАРГАЛ

 

 

                        ШҮҮГЧ                                                                       З.БАЯРМАА

 

 

Д.ГАНБОЛД