Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 001/ХТ2019/00286

 

Н.Б-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 101/ШШ2018/02762 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн  2130 дугаар магадлалтай, 

Нэхэмжлэгч Н.Б-гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч “А” ХХК-д холбогдох,

Гэм хорын хохиролд 6 783 180 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Борхүүгийн гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Н.Б-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Борхүү, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Оюунсүрэн, нарийн бичгийн даргаар Ч.Уранбилэг нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Н.Б- нь “А” ХХК-тай түрээсийн гэрээг байгуулан Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 21 дүгээр хороолол, 60 дугаар байрны 1 дүгээр давхарт байрлах 213 м.кв талбай бүхий байрыг 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл 2 жилийн хугацаатайгаар нэг сарын 1 500 000 төгрөгөөр түрээслэхээр тохиролцсон. Улмаар Н.Б- нь “А” ХХК-нд холбогдуулан түрээсийн гэрээг цуцалж, ашигласан хугацааны түрээсийн төлбөр гаргуулах, түрээсийн эд хөрөнгийг гэрээний хавсралтад заагдсаны дагуу хүлээлгэн өгөхийг даалгуулах нэхэмжлэл гаргаж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн шийдвэрээр түрээсийн гэрээнд заагдсан эд хөрөнгийг ердийн элэгдлээс илүү муутгахгүйгээр хүлээлгэн өгөхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн хэдий ч өнөөг хүртэл түрээсийн байрыг хүлээлцээгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаар албадан гүйцэтгүүлж, түрээсийн байрыг 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдөр суллуулж түлхүүрээ авсан болно. Иймд түрээсийн байр болон эд зүйлсийг ердийн элэгдлээс илүү муутгасан учир гэм хорын хохиролд шинжээчийн тогтоосон үнэлгээгээр нийт 2 778 380 төгрөг, шүүхийн шийдвэр гарснаас хойшхи хугацаанд түрээсийн байрыг суллаж түлхүүрийг өгөхгүйгээр 2 сарын хугацаанд эд хөрөнгөө хадгалсаар байсан учир хадгалалтын зардлыг олох ёстой байсан орлогод тооцон түрээсийн гэрээнд заасан төлбөрийн дагуу 3 000 000 төгрөг, 2 удаагийн шинжээчийн хөлс 600 000 төгрөг, шийдвэр гүйцэтгэх байгууллагад төлсөн урамшууллын зардал 404 800 төгрөг нийт 6 783 180 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 

... 2011 онд “А” ХХК нь гэрээ байгуулж түрээсэлсэн бөгөөд 2011-2013, 2014-2016 он хүртэл түрээсийн гэрээг байгуулсан байдаг. Анх түрээсийн гэрээг байгуулахад “Хангай импекс” ХХК-ийг төлөөлж захирал Н.Б- гарын үсэг зурж, гэрээнд тус компанийн тамгыг дарсан байдаг. 2015 оноос нэхэмжлэгч нь “А” ХХК-ийн захирал н.Золжаргалаас зээл авах гэж байгаа тул зээлийн гэрээгээ нотариатаар батлуулж, нотлох баримтын шаардлага хангуулмаар байна гээд 1 500 000 төгрөгийг 1 000 000 төгрөг гэж тохиролцож, Н.Б- гэрээнд гарын үсгээ зурсан.

“А” ХХК нь 2015 оны 2 дугаар сард уг түрээсийн байрнаас гарсан. 2016 оны 03 дугаар сард нэхэмжлэгч түрээсийн төлбөрт 16 500 000 төгрөгийг нэхэмжилж шүүх нэхэмжлэл гаргасныг шүүхээс 5 200 000 төгрөгийг хангаж шийдвэрлэсэн.

Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх захирамжийн дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэгч Б.Ганчимэг хуулийн хугацаанд шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааг хийж, нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох тогтоолыг гаргасан байдаг.

...нэхэмжлэгч Н.Б- нь би н.Золжаргалын үеэл н.Уянгад өглөгтэй учир н.Золжаргалаас авах 5 200 000 төгрөгийг миний н.Уянгад өгөх өглөгөөс суутгаж өгнө үү гэсэн хүсэлтийг шүүхийн шийдвэр гүйцэтгэгчид гаргаж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хаалгасан.

Тухайн байранд нэхэмжлэгчийн дүү амьдардаг, байнга байраар орж гардаг тул элэгдэл, хорогдол гарсан болохыг мэдэж, сануулах боломжтой байсан. ... дээврээс нь дусаал гоождог байдлаас болж “А” ХХК нь маш их хохирол амссан.

Би шинжээч томилуулах хүсэлт гаргасан боловч хариуцагч нь шинжээчийн төлбөрийг төлөх чадваргүй тул би уг хүсэлтээсээ татгалзсан.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны урамшуулал 404 800 төгрөг нэхэмжлэгч нь өөрийн хүсэлтээр өгсөн. .... нэхэмжлэгч 3 плита хагарсан гэсэн, нэг плитаг хагарсныг хүлээн зөвшөөрнө.

н.Раднаа шинжээчийн дүгнэлт гаргахдаа ердийн элэгдлийг тооцоогүй, бодит элэгдлийг тооцож дүгнэлт гаргасан бөгөөд тэрээр би “...хэдэн төгрөгийн засварын ажил хийгдэх тухай дүгнэлт гаргана, хэн буруутай гэдгээ шүүх тогтооно...” гэсэн. Хариуцагч байгууллагын гэм буруутай гэх байдал нь нотлогдохгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй байна гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 101/ШШ2018/02762 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасныг баримтлан А ХХК-иас 1 004 800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Н.Б-гийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Н.Б-гийн хариуцагч А ХХК-нд холбогдох 5 778 380 төгрөг гаргуулах тухай хэргийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Н.Б-гээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 150 611 төгрөгийн 43 207 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 107 404 төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгч Н.Б-д олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 2130 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар 29-ний өдрийн 101/ШШ2018/02762 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч А ХХК-иас 404 800 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.Б-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 600 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн, 3 дахь заалтад ...хариуцагч А ХХК-иас 12 794 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.Б-д олгосугай гэж нэмж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Борхүүгийн төлсөн 124 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохоор шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

..Шүүх Н.Б-гийн нэхэмжлэлийн гол шаардлагыг иргэний хэрэг шүүхэд шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээ татан авсныг тус хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д заасан хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлд хамаарах юм гэж үзсэн.

...татан авах, татгалзах гэдэг үгийг нэг утгатай, нэг агуулгатай гэж шууд үзэх үндэслэлгүй ба өөр өөр утга агуулгыг илэрхийлж байхад хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ. 

                                                                ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлал хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Нэхэмжлэгч Н.Б- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ хариуцагч “А” ХХК-иас гэм хор арилгуулахаар 6 637 180 төгрөг шаардсан байна. Хариуцагч “А” ХХК нь шаардлагыг эс зөвшөөрч, нэхэмжлэлийг татгалзжээ.

Нэхэмжлэгч нь шаардлагынхаа үндэслэлийг:

-түрээсийн байр болон эд хөрөнгийг ердийн элэгдлээс илүү муутгасан тул 2 778 380 төгрөг

-түрээсийн байранд эд хөрөнгөө хадгалсаар байсан тул олох байсан орлогод түрээсийн төлбөрөөр тооцон 3 000 000 төгрөг

-шинжээчийн ажлын хөлс 600 000 төгрөг

-орон сууцыг чөлөөлөх шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул албадан биелүүлэх ажиллагааны урамшуулалд төлсөн 404 800 төгрөг

нийт 6 783 180 төгрөг гэж тодорхойлжээ.

Зохигч нь Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 21 дүгээр хороолол, 60 дугаар байрны 1 давхарт байрлах 213 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг сарын 1 500 000 төгрөгөөр 1 жилийн хугацаатай түрээслэх гэрээ байгуулжээ.

Зохигчийн хооронд түрээсийн төлбөр болон эд хөрөнгө суллах асуудлаар маргаан үүссэн тул Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 101\ШШ2018\02681 дүгээр шийдвэрээр “А” ХХК-иас түрээсийн төлбөрт 5 200 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.Б-д олгохоор шийдвэрлэсэн байна. Мөн шийдвэрээр маргааны зүйл болох эд хөрөнгийг нэхэмжлэгч Н.Б-д хүлээлгэн өгөхийг “А” ХХК-д үүрэг болгосон байна.

Нэхэмжлэгч Н.Б- нь хариуцагч “А” ХХК-иас түрээсийн байр болон эд хөрөнгийг ердийн элэгдлээс илүү муутгасан тул гэм хорыг арилгуулахаар 1 000 000 төгрөг, эд хөрөнгөө түрээсийн байрнаас авахгүй байснаар олох байсан орлогод 3 000 000 төгрөг гаргуулахаар урьд өмнө шүүхэд нэхэмжлэл гаргасан ба Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх шүүгчийн 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 101\Ш32017\05401 дугаартай захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.

Ийнхүү Н.Б-гийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл нь нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлээ татан авсантай холбоотой байна.

Нэхэмжлэгч Н.Б- нь тухайн үед нэхэмжлэлийг татан авсан нь нэхэмжлэлээсээ татгалзсан агуулгагүй байсан, харин хариуцагч компанийн нэрийг буруу бичсэнтэй холбоотой байсан гэж тайлбарласан боловч Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 101\Ш32017\05401 дугаартай захирамжийн агуулгаас үзвэл, нэхэмжлэгч нэхэмжлэлээ татан авч буй шалтгааныг тайлбарлаагүй, шүүхэд иргэний хэрэг үүсгэснээс хойш 9 сарын дараа нэхэмжлэлээ татан авах хүсэлт гаргасан байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3., 106.5.-д заасныг зөв тайлбарлан хэрэглэж, урьд өмнө шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан байдалд эрх зүйн дүгнэлт хийж, ижил агуулга бүхий нэхэмжлэлийн шаардлагыг дахин гаргасан учир тухайн шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэсэн хууль зөрчөөгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.-т нэхэмжлэлийг татан авах нэхэмжлэгчийн эрхийн талаар зохицуулсан байна. Мөн зүйлийн 106.5.-д нэхэмжлэлийг татан авах дээрх эрхийг нэхэмжлэлээс татгалзах үндэслэлд хамааруулсан байх тул хуулийн уг зохицуулалтын эрх зүйн үр дагаврыг шүүх зөв дүгнэсэн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээ хариуцагчийн зөвшөөрөлгүйгээр татан авч болно. Мөн зүйлийн 106.5.-д “энэ хуулийн 106.3, 106.4-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх хариуцагчийн зөвшөөрөл, нэхэмжлэгчийн татгалзал, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана. Эдгээр тогтоол, захирамжид энэ хуулийн 74.4-т заасан зохицуулалт нэгэн адил хамаарна” гэжээ.

Хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар  хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар  хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны  шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

Мөн хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6.-д “нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр, эсхүл нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр буюу шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж байгаа” бол шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах ёстой байна.

Харин хуулийн 117 дугаар зүйлийн 117.1.-д зааснаар шүүх энэ хуулийн 65.1.9-д заасан үндэслэл иргэний хэрэг үүсгэснээс хойш, 65.1.1, 65.1.3-65.1.8, 65.1.10-д заасан үндэслэл  хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгох үүрэгтэй байна.

Нэхэмжлэлийг татан авах, нэхэмжлэлээс татгалзах ажиллагааны талаар хоёр шатны шүүх хуульд заасан зохицуулалтын дагуу дүгнэлт хийснийг буруутгах үндэслэлгүй юм.

Анхан болон давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зохицуулалтыг тухайн эрх зүйн маргаанд зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын агуулгаар хэргийг дахин хянан хэлэлцүүлэх үндэслэлгүй  байна.

Давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн бусад шаардлагын талаар хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж, шаардлагын зарим хэсгийг хангахаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан байх ба зохигчийн хэн алин нь энэ талаар гомдол гаргаагүй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 2130 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар нэхэмжлэгчийн хяналтын журмаар гомдолд гаргахдаа төлсөн 114 700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.                                                              

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН