Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2019/00307

 

 

 

 

 

2019 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2019/00307

 

Э-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч М.Наранцэцэг, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 181/ШШ2019/00071 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Э-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Э-од холбогдох,

 

Гэм хорын хохиролд 2 538 400 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Э-

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Р.Батцогт

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ж.Давааням

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Сүхбаатар дүүрэг, 2 дугаар хороо, 31 дүгээр байр, 94 тоотод оршин суудаг бөгөөд 2018 оны 8 дугаар сарын 17-ны шөнийн 02 цаг 30 минутад дээд айлаас ус алдсан. Тэр шөнөдөө дээд айлд энэ тухай хэлэхэд алчуур хатаагч задарснаас ус алдсан гэж хэлсэн. Энэ ус манай 3 өрөөнд нэвтэрч гоожсон. Контор руу хэлж усаа хаалгасан.

Дээд айлаас байнга шахам их, бага хэмжээгээр ус алддаг байсан. Гэрт нь орж үзэхэд бохир, цэвэр усны стандарт холболтыг өөрчилсөн айл байсан.

Гэрт засвар хийхэд материалын зардалд 1 462 400 төгрөг, засварын ажлын хөлсөнд 1 076 000 төгрөг шаардлагатай байна. Материалын зардлыг гэмтлийн шалтгаан тогтоох актад заасан хэмжээнээс тооцож гаргасан бөгөөд ажлын хөлсийг Барилга.мн сайтад заасан жишиг үнээр тооцож гаргасан.

Иймд хуучирсан сантехникийн шугамаа солиогүй нь хариуцагчийн эс үйлдэхүйтэй холбоотой тул хариуцагчаас гэм хорын хохиролд 2 538 400 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус орон сууц нь 1978 онд ашиглалтад орсон, олон жилийн эдэлгээнд идэгдсэн, сантехникийн холболт шугамууд нь элэгдэж, муудсаны учир хариуцагчийн ванны өрөөний алчуур хатаагч усны даралт даахгүй задарч ус алдсан ба холбогдох байгууллагад хандаж, ус хаалгах арга хэмжээ авахуулсан.

Ийнхүү дээрх шалтгааны улмаас буюу хариуцагчийн буруутай үйлдлээс шалтгаалахгүйгээр ус алдсан болох нь Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын хэрэглэгчдэд үйлчлэх төв 8-ын дарга Ж.Наранцэцэгийн 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 162 дугаартай албан тоот болон Өргөн СӨХ-ны гүйцэтгэх захирлын 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 38 дугаартай албан бичгээр тус тус тогтоогдож байна.

Гаднаас нь хараад сангийн шугам солих шаардлагатай гэдгийг оршин суугч мэдэх боломжгүй тул хариуцагчийг шууд буруутгаж байгаа нь үндэслэлгүй Иймд хариуцагчийн орон сууцны ванны өрөөний алчуур хатаагч задарч ус алдсан гэх асуудал нь хариуцагчийн хууль бус, санаатай буюу болгоомжгүй үйлдлийн улмаас шалтгаалаагүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан Э-оос 1 948 400 төгрөгийг гаргуулж Э-од олгож, Э-ын нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 590 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 55 564 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 46 124 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Шүүх шийдвэрийн үндэслэлдээ "Нэхэмжлэгч Э- нь эд хөрөнгийг засахад шаардагдах материалын зардал, ажлын хөлсийг Барилга.мн сайтад нийтлэгдсэн зах зээлийн буюу жишиг үнээс тооцож гаргасан нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д заасан жижиг үнийн аргаар үнэлгээ тогтоох аргачлалд нийцжээ" гэжээ. Харин Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.2 дахь хэсэгт зааснаар хөрөнгийн үнэлгээ хийх этгээдэд эрх олгох, тусгай зөвшөөрөлтэй хөрөнгийн үнэлгээчин, түүний үйлчлүүлэгч болон тэдгээртэй холбоотой харилцааг зохицуулах зориулалттай байтал шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарласан байна.

Шүүхийн шийдвэрийн үндэслэлд дурдсан Барилга.мн сайт нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасан "Хөрөнгийн үнэлгээний мэргэжлийн байгууллага" болох нь баримтаар тогтоогдоогүй, түүнчлэн тус сайт нь иргэн, хуулийн этгээдийн аль болох нь тодорхойгүй байхад Барилга.мн сайтыг хөрөнгийн үнэлгээний мэргэжлийн байгууллага мэтээр дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасантай нийцэхгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг буюу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцэхгүй байна.

 

Нэхэмжлэгч Э- нь хариуцагч Э-од холбогдуулан эд хөрөнгөд учирсан гэм хорын хохиролд 2 538 400 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

2018 оны 8 дугаар сарын 16-аас 17-нд шилжих шөнийн 02 цаг 30 минутад Э-ын өмчлөлийн Сүхбаатар дүүрэг, 2 дугаар хороо, 31 дүгээр байр, 98 тоотын ариун цэврийн өрөөнд байх алчуур хатаагч нь усны даралт даахгүй задарч ус алдсанаас доод давхарт байрлах Э-ын өмчлөлийн 94 тоот дахь орон сууцад хохирол учирсан үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоожээ.

 

Хариуцагч нь ус алдсан үйл баримтад маргаагүй, харин ус алдсан нь түүний гэм буруугаас болоогүй гэж маргажээ.

 

Анхан шатны шүүх хариуцагчийг хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас бусдын эд хөрөнгөд хохирол учруулсан, нэхэмжлэгчийн орон сууцад учирсан хохирлын хэмжээг нотлогдсон гэж дүгнэж, Барилга.мн сайтаас хуулбарлан гаргасан барилгын материалын үнэ, ханш, ажил гүйцэтгэлийн үнэлгээ гэх баримтыг үнэлж хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасантай нийцэхгүй. Өөрөөр хэлбэл, бичмэл нотлох баримт нь эх хувиар, эсхүл нотариатчаар гэрчлүүлсэн байх шаардлагыг хангаагүй нотлох баримтыг шийдвэрийн үндэслэл болгохгүй.

 

Түүнчлэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн шүүх хуралдаанд хохирлын хэмжээнд маргаж, хохирлыг үнэлгээний байгууллагаар үнэлүүлсэн тохиолдолд эвлэрэх боломжтой талаар тайлбар гаргасан байхад анхан шатны шүүх нэхэмжлэгчээс энэ талаар тодруулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт зааснаар нотлох баримт бүрдүүлэх боломжтой байсан гэж дүгнэхээр байна.

 

Дээрх алдааг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 181/ШШ2019/00071 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 55 600 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй хэргийн оролцогч магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

 

ШҮҮГЧИД М.НАРАНЦЭЦЭГ

 

Э.ЗОЛЗАЯА