Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 14

 

 

 

 

 

2018 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 207/МА2018/00014

 

Г.Болор-Эрдэнийн нэхэмжлэлтэй,

хариуцагч *******, *******,

*******, ******* нарт холбогдох

иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Баттөр даргалж, шүүгч С.Уранчимэг, Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 142/ШШ2017/01272 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч : Г.Болор-Эрдэнийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******, *******, *******, ******* нарт холбогдох,

Хэлцлүүдийг хүчин төгөлдөр бусд тооцуулах, *******гийн нэр дээрх гэрчилгээ болон Засаг даргын захирамжийг хүчингүй болгох, 25.000.000 төгрөг гаргуулах, хашаа байшин газрын эзэмших, өмчлөх эрхийн гэрчилгээ олгохыг даалгах тухай иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Оюунбатын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Оюунбат, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Энхтуяа, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаа, хариуцагчийн өмгөөлөгч Я.Эрдэнэчимэг, нарийн бичгийн дарга У.Сүхбаатар нар оролцов.

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие хүмүүстэй нийлж Их залуу багийн 42б-10 тоот хашаа байшинг бариад зарахаар телевизээр зар сурталчилгаа өгсөн. Ингээд 2014 оны 03 дугаар сард хашаа байшин зарна, байр оролцуулж зөрүү тохирно" гэсэн зар явуулсан. Тэгэхэд Оюунбилэг гэх эмэгтэй /*******ын том охин/ надруу залгаад хашаа байшин үзье гээд уулзахаар болсон. Тухайн үед Оюунбилэг нь өөрийн ээж Энхтуул, дүү Бямбасүрэн нарын хамт ирээд Их залуу багийн 42б-10 тоотод орших тоосгон байшинтай 0.7 га хашаа байшинг үзээд Энхтуул нь энэ хашаа байшин дээрээ 15.000.000 төгрөг өгөөд манай 4-8-22 тоот нэг өрөө орон сууцаар сольё гэж хэлсэн. Ингээд бид тохиролцож 4-8-22 тоот байрыг нь үзэхээр очоод хаалгыг нь тогштол хаалгаа онгойлгож өгөөгүй. Хэний нэр дээр байдаг юм бэ? гэхэд охин Оюунбилэг нь ээжийн нэр дээр байдаг гэсэн. Тухайн үед би таны нэр дээр үнэхээр байдаг юм уу гэхэд Энхтуул нь миний ах Даваанямын нэр дээр байдаг, би асран хамгаалагч нь ах маань нас барахдаа байраа надад өгсөн, чамд багийн тодорхойлолтоо үзүүлье гээд багийн засаг даргын тодорхойлолт үзүүлсэн. Би тэр тодорхойлолтыг нь үзээд итгэсэн. Ингээд хашаа байшин оролцуулж 50.000.000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцсон. Би хүнд хөлслүүлчихсэн байгаа харин байрны ордер ломбарданд 6.300.000 төгрөгний барьцаанд байгаа гээд 6.300.000 төгрөг, мөн уг байраа Нарандэлгэр гэх хүнд 8.000.000 төгрөгөөр хөлсүүлсэн гээд 8.000.000 төгрөг, охин Оюунбилэгийн ХААН банкны 5094306840 тоот дансаар 9.500.000 төгрөгийг тус тус шилжүүлж үлдсэн 1.200.000 төгрөгийг бэлнээр авсан. Хүү Бямбасүрэн нь миний Орхон аймаг, Баян-Өндөр сум 22-р баг, Яргуйт Толгод 10-20 тоот хашаа байшинг нэр дээрээ гаргуулж авсан. Түүнээс хойш би 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Оюунбилэг, Бямбасүрэн нартай уулзаж нийт 25.000.000 төгрөг болон хашаа байшин хүлээлгэн өгсөн баримт үйлдэж авсан. Орхон аймаг, Баян-Өндөр сумын Хүрэнбулаг багийн 4-8-22 тоотод байрлах 18 м2 нэг өрөө орон сууцыг 2014 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн худалдах, худалдан авах гэрээний дагуу худалдан авсан. Гэтэл Орхон аймгийн цагдаагийн газар намайг Энхтуул, Пүрэвсайхан нартай бүлэглэн хуурамч бичиг баримт үйлдсэн гэж эрүү үүсгэн шалгаж өршөөл үзүүлэх тухай хуулиар хэрэгсэхгүй болсон. Би байраа Мягмар гэдэг хүнд худалдсан. Гэтэл одоо Л.Мягмар гуай уг байрнаас албадан гаргуулах дээрээ тулаад шүүхэд би дуудагдаад байна. Сум дундын 14 дүгээр шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн №585 дугаартай шийдвэрээр Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг баг 4-8-22 тоот нэг өрөө орон сууцны хууль ёсны өвлөгчөөр Г.Пүрэвсүрэнг тогтоосон байна. Миний хохирлыг барагдуул гэсэн. Би Энхтуул, Оюунбилэг, Бямбасүрэн нараас өөрт учирсан хохирлоо барагдуулж Мягмар гуайн байрны үнийг төлөхгүй бол одоогоор өөрт минь төлөх боломж алга байна. Иймд *******тай хийсэн 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн орон сууц худалдах худалдан авах хэлцлийг хүчин төгөлдөрт бусд тооцуулж, охин Оюунбилэгээс 25.000.000 төгрөг гаргуулах, хүү Бямбасүрэнгийн нэр дээрх хашаа байшингийн гэрчилгээг хүчингүй болгож, шинээр надад өмчлөх эрхийн гэрчилгээ олгохыг Орхон аймгийн Улсын бүртгэлийн газарт даалгаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Оюунбат нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилж, нэмэгдүүлэхдээ:

*******тай хийсэн 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн улсын бүртгэлийн Ү-2101006174 дугаартай гэрчилгээний 0086909 ОРА дугаартай Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэнбулаг багийн 4-8-22 тоот байрлах 18 м2 нэг өрөө орон сууцыг худалдах худалдан авах гэрээ хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү. *******ын охин *******ээс байрны зөрүү 25.000.000 төгрөгийг гаргуулах, *******ын хүү Бямбасүрэнгээс Орхон аймгийн Баян-Өндөр сумын 22 дугаар баг Яргуйт Толгодын 10-20 тоот хашаа байшингийн Улсын бүртгэлийн Ү-2101004654 тоот дугаартай гэрчилгээг хүчингүй болгож, шинээр ******* надад өмчлөх эрхийн гэрчилгээ олгохыг Орхон аймгийн Улсын бүртгэлийн газарт даалгаж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасныг *******ын хүү Г.Бямбасүрэнгээс гэсэн хэсэгт нэмэгдүүлж Г.Бямбасүрэн, Г. Оюунбилэг нарын өмчлөх эрхтэй, Орхон аймгийн Баян-Өндөр сумын 22 баг Яргуйт Толгодын 10-20 тоот хашаа байшингийн Улсын бүртгэлийн Ү-21011018205 дугаартай /өөрчилж/ өмчлөх эрхийн 00346436 тоот гэрчилгээг хүчингүй болгох, Орхон аймгийн Баян- Өндөр сумын 22 баг Яргуйт Толгодын 10-20 тоот хашаа байшинг ******* нь хадам эгч Нанзад овогтой Болортуяад 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдөр бэлэглэсэн үл хөдлөх хөрөнгийн бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, *******гийн өмчлөх эрхийн Ү-21011018205 дугаартай, 000497583 тоот гэрчилгээг хүчингүй болгож, *******д өмчлөх эрхийн гэрчилгээ олгохыг Орхон аймгийн Бүртгэлийн газарт даалгаж өгнө үү гэж нэмэгдүүлж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж, /хуучнаар/ Орхон аймгийн Баян-Өндөр сумын Их залуу багийн 12б-10 тоот газрыг Боржигон овогт Гонгорын Энхтуулд Орхон аймгийн Засаг даргын 2014 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн А/401 тоот дугаартай, 1 дүгээр хавсарлтын 63-т бүртгэгдсэн 755 м2 газрыг өмчлүүлэхээр шийдвэрлэсэн захирамжтай, Орхон аймгийн Баян-Өндөр сумын 22 баг Яргуйт Толгодын 10-20 тоот хаягжилттай 754 м2 газрыг 18426429845296 нэгж талбарын дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай Г-2101013791 дугаартай газар өмчлөх эрхийн 000247378 тоот гэрчилгээг болон Боржигон овогт Гонгорын Энхтуулд Орхон аймгийн Засаг даргын 2014 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн А/401 дугаартай 1 дүгээр хавсралтын 63-т бүртгэгдсэн 755 м2 газрыг өмчлүүлэхээр шийдвэрлэсэн захирамжийн хэсгийг хүчингүй болгож, Орхон аймгийн Баян-Өндөр сумын 22 баг Яргуйт Толгодын 10-20 тоот газрын *******, *******, Г.Бямбасүрэн нарын хооронд хийгдсэн 2014 оны 11 дүгээр сарын 14-ны өдрийн газар бэлэглэх гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, *******, Г.Бямбасүрэн нарын Г-2101013791 дугаартай газар өмчлөх эрхийн 000219627 тоот гэрчилгээг хүчингүй болгох, уг газрыг ******* хадам эгч *******д 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдөр бэлэглэсэн газар бэлэглэх гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, *******ийн хадам эгч *******гийн Г-2101013791 дугаартай газар өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, Орхон аймгийн Баян-Өндөр сумын 22 баг Яргуйт Толгодын 10-20 тоот хашаа байшин газрыг ******* эзэмших эрхтэйг тогтоож, *******д хашаа байшин, газрыг буцаан өгнө үү гэжээ.

Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Би Болор-Эрдэнэ гэдэг хүнийг огт танихгүй. Болор-Эрдэнэ гэгч нь Оюунбилэг намайг ээж, дүүтэйгээ ирж хашаа байшин үзсэн гэж дүү бид хоёрыг гүтгэж байна. Би ээжээсээ тусдаа амьдардаг дүү маань хотод байдаг. Иймд бид ээжийн амьдралд оролцдоггүй. Мөн Болор-Эрдэнэ гэгч нь Оюунбилэг надад 25 000 000 төгрөг өгсөн гэж ор үндэсгүй гүтгээд энэ хэрэг цагдаагийн мөрдөн шалгалтаар надад огт мөнгө өгөөгүй болох нь тогтоогдсон зүйл. Энэ Болор-Эрдэнэ гэдэг хүн яагаад дүү бид хоёрыг энэ хэрэгт хамаатай болгох гэж гүтгээд байгааг ойлгохгүй байна. Би Болор-Эрдэнэ гэгчээс миний бие мөнгө авч байсан удаагүй гэжээ.

Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

******* гэгч нь хэсэг хүмүүсийг ахлан барилгын бригадтай байшин барьж зардаг, байнга телевизийн зараар зар өгдөг хүн. 4-8-22 тоот байрыг худалдан авахдаа байшинг 25.000.000 төгрөгөнд бодож дээр нь Арбулагт 4 айлын зуслангийн газрыг 12.000.000 төгрөгөнд бодож дансаар 9.500.000 төгрөг өгч үлдсэн 3.500.000 төгрөгийг нотариат үл хөдлөх зэрэгт хахууль өгсөн тэрэндээ суутгасан гэсэн. Ингээд 4-8-22 тоотыг надаас 50.000.000 төгрөгт бодож авсан. 25.000.000 төгрөгөнд бодож өгсөн байшин нь юм мэдэхгүй биднийг залилж хэврэг материалаар дутуу хагас барьж өгсөн. Яг адилхан хажуугийн 2 байшингаа 17.000.000 төгрөгөнд өгсөн байсныг бид хэзээ хойно мэдсэн. Миний охинд ямар ч мөнгө өгөөгүй. Тэр үед байрны ордер ломбарданд байгаагүй. Тэгээд ч бидний нэр дээр биш нас барсан хүний нэр дээр байгаа ордерийг ямар ч ломбард авахгүй нь ойлгомжтой. Харин надад мөнгө өгье гэхээр нь ажил дээр байна авчраад өгчих гэсэн чинь би хөдөө явах гээд яараад байна та дансаа өгчих би банкаар хийнэ гэхээр нь надад виза байхгүй. Миний иргэний үнэмлэх чамд байгаа. Охиныхоо дансыг өгчихье гээд охины дансыг өгсөн. Ийм их худал хуурмаг залилан хийдэг хүн дансаар хийх нь ойлгомжтой байсан байна лээ. Тийм байж тийм их хэмжээний мөнгийг зүгээр хүнд бичиг баримт үйлдэхгүй өгөх үү, үгүй л биз дээ тэр яриад байгаа Орхон аймаг Баян-Өндөр сум 22-р баг Яргуйт Толгод 10-20 тоот хашаа байшинг ******* миний хууль ёсны газар өмчлөлийн гэрчилгээтэй газар дээр миний зөвшөөрөлгүйгээр барьсан. Иймд байшин барих зөвшөөрөл албан ёсоор хийгдээгүйг шалгаж өгнө үү. Мөн хашаа байшингийн кадастрын зургийг бид өөрсдөө гаргуулж байшингийн бичиг баримтыг өөрсдөө хөөдөлдөж байж авсан /баримт хавсаргав/. Тэгэхээр хуулийн дагуу бол Болор-Эрдэний ч юм биш гэдэг нь тодорхой болно. 2016 оны хавар цагдаагийн байгууллага, прокурор шалгаад Болор-Эрдэнэ энэ залилах ажлыг өөрөө хийсэн 25.000.000 төгрөг Оюунбилэгт огт өгөөгүй гэдэг нь нотлогдоод Болор-Эрдэнэ өршөөлийн хуульд хамрагдаж хэрэг хаагдсан. Гэтэл хэзээ хойно 2016 оны 9 дүгээ сарын 16-ны өдөр миний охин Оюунбилэг, хүү Бямбасүрэн нар аваагүй мөнгийг авсан гэж баримт үйлдэж өгөхгүй нь тодорхой. Тэнэг хүн үнэмшихгүй юм ярьж гүтгэх юм. Тийм баримт байгаа бол газрын гэрчилгээ гаргаж өгнө гэж хоосон цаасан дээр зуруулж авсан гарын үсгийг ашигласан байна гэж үзэж байна гэжээ.

Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

******* миний бие ******* гэгч хүнийг огт танихгүй. ******* гэдэг хүнээс би юу ч аваагүй. Ойрын 3 жил би Орхон аймагт нэг ч удаа очоогүй. 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр би Улаанбаатар хотод байсан. Би юу ч аваагүй. Тэр Болор-Эрдэнэ гэдэг хүнийг таних ч үгүй байж баримт үйлдэж гарын үсэг яаж зурах вэ? Тэр үйлдсэн баримт гээд байгаа зүйлийг улсын шинжээч томилуулж шалгуулахыг хүсэж байна. Огт болоогүй зүйл ярьж хүнийг гүтгэж байгаад хүний эрхэнд ноцтойгоор халдаж байгаад Бямбасүрэн миний бие гомдолтой байна. Энэ яриад байгаа хэргийн талаар миний бие огт мэдэхгүй гэжээ.

Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Би нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар зөвшөөрөхгүй. Үүнд:1.Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1-д Бэлэглэлийн гэрээгээр бэлэглэгч нь бэлэг хүлээн авагчийн зөвшөөрснөөр түүний өмчлөлд тодорхой хөрөнгө хариу төлбөргүй шилжүүлнэ, 276 дугаар зүйлийн 276.2-т Эд хөрөнгө шилжүүлснээр бэлэглэлийн гэрээг байгуулсанд тооцно, 276 дугаар зүйлийн 276.3-т Хуулиар тогтоосон хэлбэрээр гэрээ хийснээр өмчлөх эрх үүсдэг хөрөнгийн хувьд бэлэглэлийн гэрээг тухайн хэлбэрээр хийнэ гэжээ. Бид нарын хооронд хийгдсэн бэлэглэлийн гэрээ хуульд нийцсэн хүчин төгөлдөр гэрээ юм. Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1-д Бэлэглэгч,түүний өвлөгч дараах тохиолдолд бэлэглэлийг хүчингүй болгохоор бэлэг хүлээн авагчаас шаардах эрхтэй гэжээ. Хуулийн энэ заалтаас харахад хэн нэгэн гуравдагч этгээд бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай шаардлага гаргах эрхгүй болох нь харагдаж байна. *******, ******* нар надад дээрх хашаа, газар хувийн сууцыг бэлэглэхдээ ямар нэгэн болзол тавиагүй бөгөөд тэд нарын хэн алиныг нь би ноцтой гомдоогоогүй учир бэлэглэлийн гэрээ хүчин төгөлдөр бусд тооцогдох хууль зүйн үндэслэл байхгүй. Хэргийн материалтай танилцахад ******* манай хашааны газрыг Орхон аймгийн засаг даргын 2014 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн А/401 дугаартай захирамжийн хавсралт болох 3 дугаар хуудасны 63-т хувьчилж аваад өөрийн хүү охин хоёртоо 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн бэлэглэлийн гэрээгээр өмчлөлд нь шилжүүлсэн байна. *******ын хоёр хүүхэддээ бэлэглэсэн бэлэглэлийн гэрээ хүчин төгөлдөр байгаа тохиолдолд надад бэлэглэсэн бэлэглэлийн гэрээ хүчин төгөлдөр бусд тооцогдох хууль зүйн үндэслэл байхгүй юм. Иймд Г.Болор-Эрдэнийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Оюунбатын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаа шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Нэхэмжлэгч Г.Болор-Эрдэнийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шаардлагынхаа

1-рт 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн Ү-2101006174 улсын дугаартай 4-8-22 тоот 18 м2 талбай бүхий орон сууц худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах гэжээ. Г.Пүрэвсүрэнгийн нэхэмжлэлтэй энэ хэргийн нэхэмжлэгч ******* энэ хэргийн хариуцагч ******* нарт хариуцагдах 4-8-22 тоот нэг өрөө орон сууцыг 2014 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр *******.******* нарын хооронд хийгдсэн худалдах -худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тоцуулах тухай шаардлагатай хэргийг Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 142/ШШ2017/00155 дугаартай шүүгчийн захирамжаар эцэслэн шийдвэрлэж дээрх гэрээг хүчин төгөлдөр бусд тооцсон байх тул дахин хүчин төгөлдөр бусд тооцох хууль зүйн үндэслэлгүй юм.

2-рт Хамтран хариуцагч *******ээс байрны үнийн зөрүү гэж 25 000 000 төгрөг гаргуулахыг шаардсан шаардлагын нотлох баримт нь гэвэл 2015 оны 09 дүгээр сарын16-ны өдөр гэсэн огноотой 4-8-22 тоот байрны 50 000 000 төгрөгөнд зарж 25 000 000 төгрөг бэлэн авч 25 000 000 төгрөгөнд нь хашаа байшин авлаа гэсэн утга бүхий бичвэрийг үндэслэл болгожээ.Тухайн үед болсон үйл явдал болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаас харахад нэхэмжлэгч ******* хариуцагч ******* нарын хооронд ямар нэгэн эрх зүйн харилцаа үүсээгүй маргаан бүхий 4-8-22 тоот орон сууцны худалдах-худалдан авах гэрээ нэхэмжлэгч болон хариуцагч ******* нарын хооронд хийгдсэн болох нь нотлогдож байна. Харин хариуцагч ******* өөрийн төрсөн охин *******ийн ХААН банкан дахь дансны дугаарыг өгсөнөөр түүний дансанд нийт 9 500 000 төгрөг хийсэн болох нь нотлогдсон. Иргэний хуулийн 243-р зүйл,109-р зүйлүүдэд заасанчлан энэ 2-ын хооронд ямар нэгэн гэрээ хийгдээгүй. Орон сууц худалдах-худалдан авах тухай хэлцэл нарийн зохицуулалттай байдаг бөгөөд 4-8-22 тоот орон сууцыг худалдах-худалдан авах тухай ажиллагаанд ******* огт оролцоогүй учир нэхэмжпэгч түүнд орон сууцны үнэ гэж бэлэн мөнгө өгөх үндэслэлгүй бөгөөд 2015 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр 25 000 000 төгрөг авсан гэх баримт нь *******т мөнгө өгсөн болохыг нотолсон баримт биш учраас энэ хэргийн хариуцагч болохгүй бөгөөд түүнийг хариуцагч болохыг нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй тийм баримт ч байхгүй.

3-рт: Нэхэмжлэгч өөрийгөө Орхон аймаг Баян-Өндөр сум 22-р баг Яргуйт Толгодын 10-р гудамж 20 тоот газар, хашаа байшингийн өмчлөгч Г.Бямбасүрэн, ******* нарын өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгох, мөн *******д бэлэглэсэн бэлэглэлийн гэрээг хүчингүй болгохыг тус тус шаарджээ. Ү-2101004654 гэсэн дугаартай газар байхгүй бөгөөд Ү-21011018205 гэсэн өмчлөх эрхийн гэрчилгээтэй хувийн сууц байхгүй учир гэрчилгээг хүчингүй болгож өөрийгөө өмчлөгчөөр тогтоолгох тухай шаардлага үндэслэлгүй. Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас харахад Орхон аймаг Баян-Өндөр сум Их залуу баг 42-р гудамж Б-ын 10 тоот 755 м2 гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг Орхон аймгийн засаг даргын 2014 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн А/401 дугаартай захирамжийн хавсралтын 3-р хуудасны 63-т *******д хувьчлагдаж 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн бэлэглэлийн гэрээгээр *******, ******* нарын өмчлөлд шилжсэнээр 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр өмчлөх эрхийн 000219627 дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээ авсан байна. Дээрх газрын улсын бүртгэлийн дугаар нь Г-2101013791 дугаартай бөгөөд хувийн сууцны улсын бүртгэлийн дугаар нь Ү-2101006147 болно. 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдөр бэлэглэлийн гэрээгээр дээрх хашаа, газар, сууц иргэн *******гийн өмчлөлд шилжсэн байна. Бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай шаардах эрх бэлэглэгч буюу өв залгамжлагчид байдаг болохоос хэн нэгэн хүссэн нь шаардлага гаргаад суудаггүй юм.

4-рт: 2014 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн Орхон аймгийн засаг даргын А/401 дугаартай "Иргэдэд газар өмчлүүлэх тухай "захирамжийн *******тай холбоотой хэсгийг хүчингүй болгох, *******, Г.Бямбасүрэн, ******* нарын хооронд хийгдсэн бэлэглэлийн гэрээг мөн хүчингүй болгох *******, ******* нарын хооронд хийгдсэн бэлэглэлийн гэрээг тус тус хүчин төгөлдөр бусд тооцуулахыг шаардсан явдал нь хууль зүйн үндэслэлгүй юм. Учир нь Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд заасанчлан аймгийн засаг дарга эрх хэмжээнийхээ хүрээнд иргэн *******д газар өмчлүүлсэн байхад үүнийг ямар үндэслэлээр хүчингүй болгуулах гэж шаардаад байгаа нь ойлгомжгүй тодорхой бус байна. Өөр бусдын нэр дээр байгаа үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийг өөрийн өмч мэтээр өөрсдөд нь зарсан гэж нэхэмжлэл гаргаж, хуульд заасан журмын дагуу өмчлөх эрхээ бусдад шилжүүлсэн байхад ямар үндэслэлээр дээрх шаардлагуудыг гаргаад байгаа нь ойлгомжгүй байна. Учир нь нэхэмжлэгч тухайн хөрөнгийн өмчлөгч байсан болохоо нотолсон баримтаа шүүхэд ирүүлж байж шаардах эрх нь үүснэ шүү дээ. Хэрэв бусдын газар дээр байшин барьсан юм бол тэр байшингаа үнэлүүлж байж өөрийн хэлсэн ярьсан нэхэмжилж байгаа зүйлээ нотлох юм. Эндээс харахад нэхэмжлэгч ******* хариуцагч ******* нарын хооронд ямар нэгэн эрх зүйн харилцаа үүсэж үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах хэлцэл хийгдээгүй учир энэ хэргийн хариуцагч ******* болохгүй юм. Иймд Г.Болор-Эрдэнийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 142/ШШ2017/01272 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасныг баримтлан *******тай байгуулсан 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн орон сууц худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцох, Г.Оюунбилгээс байрны зөрүү 25 000 000 төгрөг гаргуулах, *******, ******* нарын Яргуйт толгодын 10-20 тоот хашаа байшингийн өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгох, ******* ******* нарын 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, гэрчилгээг хүчингүй болгох, Орхон аймгийн засаг даргын 2014 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн А/401 дугаартай захирамжийн газрын өмчлөх эрхийн *******д холбогдох хэсгийг хүчингүй болгох, *******, *******, ******* нарын хооронд байгуулагдсан 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, гэрчилгээг хүчингүй болгох, Яргуйт толгодын 10-20 тоот хашаа байшин, газрыг *******д буцаан өгөх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-т зааснаар *******д өмчлөх эрхийн гэрчилгээ олгохыг Орхон аймгийн Улсын бүртгэлийн газарт даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч татан авсан болохыг баталж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г.Болор-Эрдэнийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 671 250 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,

Хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн СД-г хавсаргаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл тус шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 142/ШЗ2017/00953 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Оюунбат давж заалдсан гомдолдоо:

Анхан шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40-р зүйлийн 40.1 т заалтыг анхаарч хэргийн бодит байдалд тал бүрээс нь бодитойгоор дүгнэлт хийгээгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад 2016.04.14 гэж оныг андуурч бичсэн бичвэрийг 2016.04.14 ны өдөр байгуулсан гэх гэрээ хэрэгт байхгүй байна гэж хэргийн оролцогч нарын мэтгэлцээгүй асуудалд дүгнэлт хийсэн нь хэргийн бодит байдлын талаар талуудын гаргаж өгсөн баримт, тайлбар, нэхэмжлэлийн талаар мэтгэлцэж буй хэргийн бодит байдал, холбогдох нотлох баримтыг үнэн зөв талаас үнэлж дүгнэлт хийгээгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон үндэслэлдээ 2016.04.14-ны өдрийн хэлцэл хангаж чадахгүй бөгөөд гэх дүгнэлтийг хийсэн нь уг он сараар гэрээ байгуулагдсан мэт ойлголтыг төрүүлсэн эргэлзээтэй дүгнэлт байх ба дээрх байхгүй гэх дүгнэлттэйгээ зөрчилдсөн дүгнэлтийг хийсэн. Нэхэмжлэлийн шаардлага бүрт дүгнэлт хийгээгүй. Өөрөөр хэлбэл нэхэмжлэлийн шаардлагад гэрээ хүчин төгөлдөр бусад тооцуулж ******* өгсөн 25000000 төгрөгийг гаргуулах, *******, ******* *******, ******* нарын өмчлөлд дамжин шилжсэн Орхон аймгийн Баян өндөр сумын 22 баг Яргуйт Толгодын 10-20 тоот хашаа байшингийн Улсын бүртгэлийн Ү-21011018205 дугаартай /өөрчилж/ өмчлөх эрхийг шилжүүлсэн хашаа байшин газрыг Иргэний хуулийн 56-р зүйлийн 56.5-д заасны дагуу нэхэмжлэгч буцаан авах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа байдал нь 2014.04.14-ны өдөр *******, Г.Болор-эрдэнэ нарын хооронд орон сууц худалдах худалдан авах гэрээ хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж, Иргэний хуулийн 56-р зүйлийн 56.5 заасны дагуу өгсөн, авснаа буцаах шаардлага гаргасныг хэрэгсэхгүй болгож буй үндэслэлээ заагаагүй, мөн *******т холбогдуулан гаргасан 25000000 төгрөгийг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосон үндэслэл тодорхойгүй байх тул Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд буцааж дахин хэргийг хэлэлцүүлж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч ******* 2016 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн 18 м/кв талбай бүхий 1 өрөө орон сууц худалдах, худалдан авах гэрээ хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцох, 25.000.000 төгрөг гаргуулах, тус сумын Яргуйт Толгодын 10-20 тоот хашаа байшингийн өмчлөгч болохыг тогтоолгох, *******гийн нэр дээрх Ү-2101004654 дугаартай хашаа байшингийн гэрчилгээг хүчингүй болгож, надад өмчлөх эрхийн гэрчилгээг олгохыг Орхон аймгийн Улсын бүртгэлийн газарт даалгахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Оюунбат *******ын хүү Бямбасүрэнгээс Орхон аймгийн Баян-Өндөр сумын 22 дугаар баг Яргуйт Толгодын 10-20 тоот хашаа байшингийн Улсын бүртгэлийн Ү-2101004654 тоот дугаартай гэрчилгээг хүчингүй болгож, шинээр ******* надад өмчлөх эрхийн гэрчилгээ олгохыг Орхон аймгийн Улсын бүртгэлийн газарт даалгаж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасныг *******ын хүү Г.Бямбасүрэнгээс гэсэн хэсэгт нэмэгдүүлж Г.Бямбасүрэн, Г. Оюунбилэг нарын өмчлөх эрхтэй, Орхон аймгийн Баян-Өндөр сумын 22 баг Яргуйт Толгодын 10-20 тоот хашаа байшингийн Улсын бүртгэлийн Ү-21011018205 дугаартай /өөрчилж/ өмчлөх эрхийн 00346436 тоот гэрчилгээг хүчингүй болгох, Орхон аймгийн Баян- Өндөр сумын 22 баг Яргуйт Толгодын 10-20 тоот хашаа байшинг ******* нь хадам эгч Нанзад овогтой Болортуяад 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдөр бэлэглэсэн үл хөдлөх хөрөнгийн бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, *******гийн өмчлөх эрхийн Ү-21011018205 дугаартай, 000497583 тоот гэрчилгээг хүчингүй болгож, *******д өмчлөх эрхийн гэрчилгээ олгохыг Орхон аймгийн Бүртгэлийн газарт даалгаж өгнө үү гэж нэмэгдүүлж, /хуучнаар/ Орхон аймгийн Баян-Өндөр сумын Их залуу багийн 12б-10 тоот газрыг Боржигон овогт Гонгорын Энхтуулд Орхон аймгийн Засаг даргын 2014 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн А/401 тоот дугаартай, 1 дүгээр хавсарлтын 63-т бүртгэгдсэн 755 м2 газрыг өмчлүүлэхээр шийдвэрлэсэн захирамжтай, Орхон аймгийн Баян-Өндөр сумын 22 баг Яргуйт Толгодын 10-20 тоот хаягжилттай 754 м2 газрыг 18426429845296 нэгж талбарын дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай Г-2101013791 дугаартай газар өмчлөх эрхийн 000247378 тоот гэрчилгээг болон Боржигон овогт Гонгорын Энхтуулд Орхон аймгийн Засаг даргын 2014 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн А/401 дугаартай 1 дүгээр хавсралтын 63-т бүртгэгдсэн 755 м2 газрыг өмчлүүлэхээр шийдвэрлэсэн захирамжийн хэсгийг хүчингүй болгож, Орхон аймгийн Баян-Өндөр сумын 22 баг Яргуйт Толгодын 10-20 тоот газрын *******, *******, Г.Бямбасүрэн нарын хооронд хийгдсэн 2014 оны 11 дүгээр сарын 14-ны өдрийн газар бэлэглэх гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, *******, Г.Бямбасүрэн нарын Г-2101013791 дугаартай газар өмчлөх эрхийн 000219627 тоот гэрчилгээг хүчингүй болгох, уг газрыг ******* хадам эгч *******д 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдөр бэлэглэсэн газар бэлэглэх гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, *******ийн хадам эгч *******гийн Г-2101013791 дугаартай газар өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, Орхон аймгийн Баян-Өндөр сумын 22 баг Яргуйт Толгодын 10-20 тоот хашаа байшин газрыг ******* эзэмших эрхтэйг тогтоож, *******д хашаа байшин, газрыг буцаан өгнө үү гэж өөрчилж, хариуцагч *******, *******, *******, ******* нар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаа шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

Шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Оюунбатын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-т зааснаар *******д өмчлөх эрхийн гэрчилгээ олгохыг Орхон аймгийн Улсын бүртгэлийн газарт даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч татан авсан болохыг баталж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Оюунбатын гаргасан хэд хэдэн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тодорхой бус байгаагаас талуудын хооронд үүссэн маргаантай эрх зүйн харилцааг зөв тодорхойлж чадаагүй байх тул нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тодруулж, маргаантай үйл баримтыг үндэслэл бүхий тогтоохгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь буруу болжээ.

Тухайлбал нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Оюунбатын гаргасан 2016 оны 4 дүгээр сарын 4 ны өдрийн орон сууц худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус тооцуулах тухай шаардлага нь маргааны зүйл болж байгаа 2014 оны 4 дүгээр сарын 4 ний өдөр талуудын хооронд хийгдсэн орон сууц худалдах худалдан авах гэрээ мөн эсэх, Орхон аймгийн Засаг даргын 2014 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн А/401 дүгээр захирамжинд 755 м/к газрыг өмчлүүлэхээр шийдвэрлүүлсэн захирамжийн хэсгийг хүчингүй болгох тухай нэхэмжлэл нь шүүхийн харьяалал мөн эсэх бусдын эрх, ашиг хөндөгдсөнийг тодруулаагүй байна.

Түүнчлэн талуудын хоорондын маргаантай үйл баримт болох Яргуйт Толгодын 10-20 тоот хашаа байшингийн өмчлөгчөөр тогтоолгох тухай шаардлагы эс зөвшөөрч хариуцагч Энхтуулын гаргасан ...орон сууцны худалдахдаа нэхэмжлэгчээр байшин бариулж авсан тул уг байшингийн үнийг шинжээч томилж үнэлгээ гаргуулж өгнө үү гэх хүсэлтийг шүүх хангахаас татгалзсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан зохигчийн нотлох баримт бүрдүүлэх үүргээ хэрэгжүүлэх боломжийг алдагдуулсан гэж үзэхээр байна.

Дээр дурдсан үндэслэлээр давж заалдах шатны шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 142/ШШ2017/01272 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч Г.Болор-Эрдэнийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 671.500 төгрөгийг шүүгчийн захирамжаар төрийн сангаас буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАТТӨР

ШҮҮГЧИД С.УРАНЧИМЭГ

Б.ОЮУНЦЭЦЭГ