Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 142/ШШ2017/01272

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг даргалан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Уртбулаг баг 5 тоотод оршин суух Х овогт Г.Б /ФМ:/-ийн нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Согоот баг 6- тоотод оршин суух Ж овогт Г.О /НК:/

            Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Оюут баг 2 тоотод оршин суух Б овогт Г.Э/НК:6/

            Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Оюут баг 2- тоотод оршин суух Б овогт Б.Б /НК:9/

            Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Зэст баг 1- тоотод оршин суух Б овогт Н.Б /СФ:/ нарт холбогдох

            “Хэлцлүүдийг хүчин төгөлдөр бусд тооцуулах, Н.Б нэр дээрхи гэрчилгээ болон Засаг даргын захирамжийг хүчингүй болгох, 25 000 000 төгрөг гаргуулах, хашаа байшин газрын эзэмших, өмчлөх эрхийн гэрчилгээ олгохыг даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Э, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Н, хариуцагчийн өмгөөлөгч Я.Э, нарийн бичгийн дарга П.Чин-Оюунсайхан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие Г.Б нь хүмүүстэй нийлж Их залуу багийн 4 тоот хашаа байшинг бариад зарахаар телевизээр зар сурталчилгаа өгсөн. Ингээд 2014 оны 03 дугаар сард “хашаа байшин зарна, байр оролцуулж зөрүү тохирно" гэсэн зар явуулсан. Тэгэхэд О гэх эмэгтэй /Г.Э том охин/ надруу залгаад хашаа байшин үзье гээд уулзахаар болсон. Тухайн үед О нь өөрийн ээж Э , дүү Б нарын хамт ирээд Их залуу багийн 4 тоотод орших тоосгон байшинтай 0.7 га хашаа байшинг үзээд Энхтуул нь энэ хашаа байшин дээрээ 15 000 000 төгрөг өгөөд манай 4 тоот нэг өрөө орон сууцаар сольё гэж хэлсэн. Ингээд бид тохиролцож 4 тоот байрыг нь үзэхээр очоод хаалгыг нь тогштол хаалгаа онгойлгож өгөөгүй. Хэний нэр дээр байдаг юм бэ? гэхэд охин О нь ээжийн нэр дээр байдаг гэсэн. Тухайн үед би таны нэр дээр үнэхээр байдаг юм уу гэхэд Э нь миний ах Д нэр дээр байдаг, би асран хамгаалагч нь ах маань нас барахдаа байраа надад өгсөн, чамд багийн тодорхойлолтоо үзүүлье гээд багийн засаг даргын тодорхойлолт үзүүлсэн. Би тэр тодорхойлолтыг нь үзээд итгэсэн. Ингээд хашаа байшин оролцуулж 50 000 000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцсон. Би хүнд хөлслүүлчихсэн байгаа харин байрны ордер ломбарданд 6 300 000 төгрөгний барьцаанд байгаа гээд 6 300 000 төгрөг, мөн уг байраа Нарандэлгэр гэх хүнд 8 000 000 төгрөгөөр хөлсүүлсэн гээд 8 000 000 төгрөг, охин Оюунбилэгийн ХААН банкны 50 тоот дансаар 9 500 000 төгрөгийг тус тус шилжүүлж үлдсэн 1 200 000 төгрөгийг бэлнээр авсан. Хүү Б нь миний Орхон аймаг, Баян-Өндөр сум 22-р баг тоот хашаа байшинг нэр дээрээ гаргуулж авсан. Түүнээс хойш би 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр О , Б нартай уулзаж нийт 25 000 000 төгрөг болон хашаа байшин хүлээлгэн өгсөн баримт үйлдэж авсан. Орхон аймаг, Баян-Өндөр сумын Хүрэнбулаг багийн  тоотод байрлах 18 м2 нэг өрөө орон сууцыг 2014 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн худалдах, худалдан авах гэрээний дагуу худалдан авсан. Гэтэл Орхон аймгийн цагдаагийн газар намайг Э, П нартай бүлэглэн хуурамч бичиг баримт үйлдсэн гэж эрүү үүсгэн шалгаж өршөөл үзүүлэх тухай хуулиар хэрэгсэхгүй болсон. Би байраа М гэдэг хүнд худалдсан. Гэтэл одоо Л.М гуай уг байрнаас албадан гаргуулах дээрээ тулаад шүүхэд би дуудагдаад байна. Сум дундын 14 дүгээр шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн №5  дугаартай шийдвэрээр Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг баг 4 тоот нэг өрөө орон сууцны хууль ёсны өвлөгчөөр Г.П тогтоосон байна. Миний хохиролыг барагдуул гэсэн. Би Э, О, Б нараас өөрт учирсан хохиролоо барагдуулж М гуайн байрны үнийг төлөхгүй бол одоогоор өөрт минь төлөх боломж алга байна. Иймд Г.Э хийсэн 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн орон сууц худалдах худалдан авах хэлцлийг хүчин төгөлдөрт бусд тооцуулж, охин О 25 000 000 төгрөг гаргуулах, хүү Б нэр дээрх хашаа байшингийн гэрчилгээг хүчингүй болгож, шинээр надад өмчлөх эрхийн гэрчилгээ олгохыг Орхон аймгийн Улсын бүртгэлийн газарт даалгаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилж, нэмэгдүүлэхдээ: Г.Э хийсэн 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн улсын бүртгэлийн Ү-2  дугаартай гэрчилгээний 0 ОРА дугаартай Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэнбулаг багийн 4 тоот байрлах 18 м2 нэг өрөө орон сууцыг худалдах худалдан авах гэрээ хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү. Г.Э охин Г.О байрны зөрүү 25 000 000 төгрөгийг гаргуулах, Г.Э хүү Б Орхон аймгийн Баян-Өндөр сумын 22 дугаар баг  тоот хашаа байшингийн Улсын бүртгэлийн Ү-21 тоот дугаартай гэрчилгээг хүчингүй болгож, шинээр Г.Б надад өмчлөх эрхийн гэрчилгээ олгохыг Орхон аймгийн Улсын бүртгэлийн газарт даалгаж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасныг Г.Э хүү Г.Б гэсэн хэсэгт нэмэгдүүлж Г.Б, Г. О нарын өмчлөх эрхтэй, Орхон аймгийн Баян-Өндөр сумын 22 баг Яргуйттоот хашаа байшингийн Улсын бүртгэлийн Ү-2 дугаартай /өөрчилж/ өмчлөх эрхийн 00 тоот гэрчилгээг хүчингүй болгох, Орхон аймгийн Баян- Өндөр сумын 22 баг  тоот хашаа байшинг Г.О нь хадам эгч Н овогтой Б 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдөр бэлэглэсэн үл хөдлөх хөрөнгийн бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, Н.Б өмчлөх эрхийн Ү-21 дугаартай, 22 тоот гэрчилгээг хүчингүй болгож, Г.Б өмчлөх эрхийн гэрчилгээ олгохыг Орхон аймгийн Бүртгэлийн газарт даалгаж өгнө үү гэж нэмэгдүүлж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж, /хуучнаар/ Орхон аймгийн Баян-Өндөр сумын Их залуу багийн 1тоот газрыг Б овогт Г. Э Орхон аймгийн Засаг даргын 2014 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн   тоот дугаартай, 1 дүгээр хавсарлтын -т бүртгэгдсэн 755 м2 газрыг өмчлүүлэхээр шийдвэрлэсэн захирамжтай, Орхон аймгийн Баян-Өндөр сумын 22 баг Яргуйт Толгодын  тоот хаягжилттай 754 м2 газрыг 18426429 нэгж талбарын дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай Г-210101 дугаартай газар өмчлөх эрхийн 0002 тоот гэрчилгээг болон Б овогт Г.Э Орхон аймгийн Засаг даргын 2014 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн А дугаартай 1 дүгээр хавсралтын -т бүртгэгдсэн 755 м2 газрыг өмчлүүлэхээр шийдвэрлэсэн захирамжийн хэсгийг хүчингүй болгож, Орхон аймгийн Баян-Өндөр сумын 22 баг Яргуйт Толгодын  тоот газрын Г.Э, Г.О, Г.Б нарын хооронд хийгдсэн 2014 оны 11 дүгээр сарын 14-ны өдрийн газар бэлэглэх гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, Г.О, Г.Б нарын Г-21 дугаартай газар өмчлөх эрхийн 000 тоот гэрчилгээг хүчингүй болгох, уг газрыг Г.О хадам эгч Н.Б 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдөр бэлэглэсэн газар бэлэглэх гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, Г.Он хадам эгч Н.Б Г-211 дугаартай газар өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, Орхон аймгийн Баян-Өндөр сумын 22 баг Яргуйт Толгодын  тоот хашаа байшин газрыг Г.Б  эзэмших эрхтэйг тогтоож, Г.Б хашаа байшин, газрыг буцаан өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Г.О шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Г.О нь Б гэдэг хүнийг огт танихгүй. -Эрдэнэ гэгч нь О намайг ээж, дүүтэйгээ ирж хашаа байшин үзсэн гэж дүү бид хоёрыг гүтгэж байна. Би ээжээсээ тусдаа амьдардаг дүү маань хотод байдаг. Иймд бид ээжийн амьдралд оролцдоггүй. Мөн Бо гэгч нь О надад 25 000 000 төгрөг өгсөн гэж ор үндэсгүй гүтгээд энэ хэрэг цагдаагийн мөрдөн шалгалтаар надад огт мөнгө өгөөгүй болох нь тогтоогдсон зүйл. Энэ Б гэдэг хүн яагаад дүү бид хоёрыг энэ хэрэгт хамаатай болгох гэж гүтгээд байгааг ойлгохгүй байна. Харин ээж маань 2014 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр чиний данс руу 6 000 000 төгрөг орсон байгаа аваад ажил дээр авчраад өгчих гэсэн. Би аваачиж өгсөн. Түүнээс хойш миний данс руу 2014 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр 3 000 000 төгрөг 2014 оны 5 дугаар сарын 27-ны өдөр 500 000 төгрөг орж ээж маань надаар авахуулсан. Түүнээс биш Б гэгчээс миний бие мөнгө авч байсан удаагүй. Харин ээж маань хотод ажиллаж байхдаа над руу утсаар яриад Арбулагийн зуслангийн газар гэсэн 4 нарийн цагаан хуудас байгаа тэрнийг гэрээс аваад газрын албан дээр очоод гэрчилгээг нь гаргуулаадах гэсэн. Би ээжийг утсаар ярьсны маргааш нь 4 нарийн цагаан хуудсыг аваад газрын албан дээр очтол Г гэдэг хүн компьютерт хийж үзээд энэ чинь шал өөр 4 хүний нэр дээр байна. Чи энэ бичгийг хаанаас авсан юм энэ тэр гээд, цагаан хуудсыг хурааж авах гэхээр нь би ээжээсээ асууя гээд ээж рүү залгасан. Тэгтэл ээж утасдаад Б ярьчихлаа чамайг 4 цагаан хуудсаа аваад гараад ир гэж байна, цагаан саарал прадотой бүдүүн бор хүүхэн байгаа гэсэн.Тэгээд гартал чи Э охин уу алив наад цагаан цаасаа өгчих би өөрөө гэрчилгээг нь гаргаад өгье гээд булаах шахам аваад явсан. Ийм л юм болсон юм. 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр дүү бид хоёртой уулзаж мөнгө болон хашаа байшин хүлээлгэн өгсөн баримт үйлдсэн гэж гүтгээд байх юм. Яаж ч бодсон ээжийг минь хэрэгт хийх гэж хуурамчаар зохион байгуулсан үйл ажиллагаа нь цагдаагийн байгууллагаар шалгагдаж үнэн зөв нь олдож шийдэгдсэн байтал хэзээ хойно дүү бид 2 хийгээгүй зүйлд баримт үйлдэж өгөхгүй нь тодорхой биздээ. Зуслангийн газрын гэрчилгээ гаргуулж өгнө гэж хоосон 4ш цаасан дээр гарын үсэг зуруулж авсан. Тэр гарын үсгийг ашигласан байж магадгүй гэж сэжиглэж байна. Ээж маань хотоос ирж тэр яриад байгаа хашаа байшинг бидний нэр дээр бичиг баримтыг өөрсдөө хөөцөлдөж байж гаргаж өгсөн. Түүнээс биш Б гэдэг хүнээс бид юу ч хүлээж аваагүй. Энэ бүхэн цагдаагийн мөрдөн шалгалтаар дээрх зүйлүүд үнэн гэдэг нь тогтоогдсон гэж ээж ярьж байсан. Түүнээс О миний бие Болор-Эрдэнэ гэдэг хүнээс 25 000 000 төгрөг огт аваагүй гэдгээ дахин дахин хэлж байна гэжээ.

Хариуцагч Г.Э шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Г.Б гэгч нь хэсэг хүмүүсийг ахлан барилгын бригадтай байшин барьж зардаг, байнга телевизийн зараар зар өгдөг хүн. 2014 онд би өөрийн дуу хоолойгоор утсаар ярьсан. Уг зар нь орон сууцаар солих болон янз бүрийн хэлбэрээр байшин барина, зарна гэсэн утгатай байсан. Миний охин энэ хүнтэй огт яриагүй тусдаа амьдралтай Гансүх бид хоёрын амьдралд юу болж байгааг огт мэддэггүй, оролцдог ч үгүй. Г.Б надтай утсаар яриад эхлээд шинээр үүсэж байгаа яргуйт гэдэг газар хүнсний дэлгүүрийн зориулалт бүхий залгаа суух боломжтой шинэ хашаа байшинг өөрийнхөө цагаан саарал өнгөтэй Прадо 95 маркийн машинд намайг суулгаж авч очоод үзүүлсэн. Тэр байшингаа шууд байраар чинь сольё гэсэн. Би нөхрөөсөө асууж байж хариу өгье гээд салцгаасан. Маргааш нь нөхөр зөвшөөрөхгүй байна гэж Б хариу хэлсэн. Б: Тэгвэл тэрний өмнөхөн тэгш газартай, дөнгөж суурийг нь цутгаад орхисон газар дээр байшин бариад өгье гэсэн. Би түүнийг нь үзээд үгүй гэсэн. Гэтэл урд бас байшин барьж байгаа яг тийм загварын байшин бариад өгье гээд 2 айлын хуучнаар Их залуугийн 4 барьсан байшинг үзүүлсэн. Тэгээд бид ярья гээд салсан. 4-8-22 тоотыг Г. авах гээд өөрөө л улайраад салахгүй байсан. Миний бие 4 тоотын учрыг Б маш сайн ойлгуулсан. Тэгээд Б мөнгө байхад болохгүй юм байхгүй ш дээ Т эгчээ та дуугүй л байж бай. Би өөрөө энийг чинь зохицуулчихна гэсэн. Багийн тодорхойлолтыг Б өөрөө би захиргааны хүнээр яриулчихсан та ороод аваад ир гээд багийн гадаа машинтайгаа очиж намайг оруулж авахуулсан. Тухайн үед нэг эмэгтэй хүний нэр хэлж авахуулж байсан, одоо санахгүй байна. Түүнээс хойш ажилтай болохоор гарч орж чадахгүй хэл авалцаагүй 2-3 хоносон. Гэтэл Б та чинь яачихваа би нотариат энэ тэр юмыг зохицуулчихсан хурдан Улаантолгой ороод ирье гэсэн би хичээлтэй ажил тарахаас наана боломжгүй ээ гэсэн. Тэгээд тарахаар чинь би хүрээд очье гээд намайг гэрээс авч Б өөрийн машинаараа Улаан толгой явсан. Улаан толгойн нотариатаар хуурамч итгэмжлэл хийлгэж авсан. Энэ бүгдийг Б өөрөө л хийсэн. Энэ хэрэг цагдаагийн байгууллагын мөрдөн шалгалтаар Б хийсэн гэсэн нь нотлох баримтаар нотлогдсон. Нотариат эмэгтэй ч хэргээ хүлээсэн байгаа /нотлох баримт бичлэг байгаа/. Энэ бүх залилангийн хэргийг Б өөрөө гардан биечлэн хийсэн нь цагдаагийн мөрдөн шалгалтаар тогтоосон. Уг хэргийг надад болон миний хүү охин хоёрт тохож хэрэг хийсэн мэтээр цагдаагийн нэг мөрдөн байцаагчийг хахуулдаж 184.4 гэсэн зүйл ангид хамааруулан бүх бичиг баримт шинжээчийн дүгнэлтийг хүртэл хуурамчаар гаргуулж бараг 3 хуруу зузаан хавтаст хэргийг хуурамчаар бүрдүүлж эрэн сурвалжилж байгаа гэсэн хуурамч бичиг баримт үйлдүүлж намайг барьж хорьсон, хүний эрхийг онц ноцтойгоор зөрчсөн. Энэ хэргийг би үнэн мөнийг олуулахын тулд жил тойрон шалгуулж байж үнэнийг тогтоолгосон байгаа. Бурханы авралаар хуулийн байгууллагын нэр төрийг гутааж танил тал хээл хахуульд автсан өргөсөн тангарагаа уландаа гишгэсэн хууль сахиулагч олон байгаагүйн ачаар үнэн зөвийг тогтоож өгсөн. Өргөсөн тангарагтаа үнэнч ажлаа сайн хийдэг хуульч сахиулагчдад баярлаж байгаа. Энэ Бо гэгч нь Орхон аймагт маш их танил талтай банк, газрын алба, үл хөдлөх хөрөнгийн мэргэжилтэн нарыг  атгандаа оруулчихсан хүн юм байна лээ. Дандаа хахууль өгч бүхнийг өөрийн болгодог, өөрийн хүссэнээр шийдүүлдэг. Надаар хүртэл үл хөдлөхийн хүнд бичиг баримтын завсар их хэмжээний мөнгө хийгээд та тэр хүнд оруулаад өгчих, би хэлчихсэн байгаа. Би өөрөө орж болохгүй байна гээд өгүүлж байсан. Газрын албанд жирийн иргэд хичнээн өргөдөл өгөөд авч чаддагүй 0.7га газрыг өч төчнөөнөөр нь аваад хэврэг материалаар хэцүүхэн байшин хашаа бариад зарж ирсэн хүн юм байна лээ. Энэ мэтээр Б аймар их залилан хийж байгаа. Олон олон газар хууль бусаар авч хашаа байшин барьж зардагийг баримтаар нь гаргаж шалгуулахыг хүсэж байна. тоот байрыг худалдан авахдаа байшинг 25 000 000 төгрөгөнд бодож дээр нь Арбулагт 4 айлын зуслангийн газрыг 12 000 000 төгрөгөнд бодож дансаар 9 500 000 төгрөг өгч үлдсэн 3 500 000 төгрөгийг нотариат үл хөдлөх зэрэгт хахууль өгсөн тэрэндээ суутгасан гэсэн. Ингээд  тоотыг надаас 50 000 000 төгрөгт бодож авсан. 25 000 000 төгрөгөнд бодож өгсөн байшин нь юм мэдэхгүй биднийг залилж хэврэг материалаар дутуу хагас барьж өгсөн. Яг адилхан хажуугийн 2 байшингаа 17 000 000 төгрөгөнд өгсөн байсныг бид хэзээ хойно мэдсэн. Миний охинд ямар ч мөнгө өгөөгүй. Тэр үед байрны ордер ломбарданд байгаагүй. Тэгээд ч бидний нэр дээр биш нас барсан хүний нэр дээр байгаа ордерийг ямар ч ломбард авахгүй нь ойлгомжтой. Харин надад мөнгө өгье гэхээр нь ажил дээр байна авчраад өгчих гэсэн чинь би хөдөө явах гээд яараад байна та дансаа өгчих би банкаар хийнэ гэхээр нь надад виза байхгүй. Миний иргэний үнэмлэх чамд байгаа. Охиныхоо дансыг өгчихье гээд охины дансыг өгсөн. Ийм их худал хуурмаг залилан хийдэг хүн дансаар хийх нь ойлгомжтой байсан байна лээ. Тийм байж тийм их хэмжээний мөнгийг зүгээр хүнд бичиг баримт үйлдэхгүй өгөх үү, үгүй л биз дээ тэр яриад байгаа Орхон аймаг Баян-Өндөр сум 0 тоот хашаа байшинг Г.Э миний хууль ёсны газар өмчлөлийн гэрчилгээтэй газар дээр миний зөвшөөрөлгүйгээр барьсан. Иймд байшин барих зөвшөөрөл албан ёсоор хийгдээгүйг шалгаж өгнө үү. Мөн хашаа байшингийн кадастрын зургийг бид өөрсдөө гаргуулж байшингийн бичиг баримтыг өөрсдөө хөөдөлдөж байж авсан /баримт хавсаргав/. Тэгэхээр хуулийн дагуу бол Б ч юм биш гэдэг нь тодорхой болно. Би өөрийн эзэмшлийн эд хөрөнгийг хэний нэр дээр гаргах нь миний эрхийн асуудал. Дээрх нотолгоог Үл хөдлөх хөрөнгийн газар, газрын албанаас гаргуулж авахыг хүссэн боловч хувь хүнд гаргаж өгөхгүй ээ гэсэн. Шүүхээс хүсэлт гаргавал бид шүүхэд л гаргаж өгнө гэсэн. Тиймээс шуүхэд энэ баримтыг гаргуулж өгөхийг хүсэж байна. Арбулагийн 4 айлын зуслангийн газрыг та нарын нэр дээр гаргаж өгнө гэж хэлээд 4 ширхэг цулгуй бичгийн цаасан дээр нэр гарын үсэг зурчих би толгойг нь бичээд газрын албанд өгөөд 4 айлын газрын гэрчилгээг гаргаад өгнө гэж хэлээд хүү, охин бид нараар гарын үсэг зуруулж аваад явсан. Тэгээд 2 сар чимээгүй алга болсон. Охин 4 нарийн хуудас аваад газрын албан дээр очсон чинь газрын албаны мэргэжилтэн Гантуяа гэдэг хүн хуудсыг үзээд чи хаанаас ийм бичиг авсан юм энэ тэр гээд бичгийг нь хураагаад авчихсан гэсэн. Энэ тухай охиныг ярьтал би Б гэдэг хүнээс худалдаж авсан юм аа гэж хэл, гэтэл газрын албаны мэргэжилтэн энэ нэг бүдүүн бор хүүхэн өчнөөн газар авч байшин барьж зараад байгаа юм хэнтэй холбоотой яаж аваад байгааг илрүүлэх юмсан бүр даварчихсан амьтан гээд байсан гэсэн. Тэгээд би тэр дор нь Б энэ тухай ярьтал за за би өөрөө зохицуулъя одоо яваад очъё охиныгоо гараад ир гэж хэл гэсэн. Энэ 25 000 000 өгсөн гээд байгаа асуудлыг цагдаагийн мөрдөн шалгалтаар Б гэгч нь О огт өгөөгүй гэдэг нь нотлогдсон зүйл шүү дээ. Миний охинд 25 000 000 төгрөг өгсөн бол энэ байр чинь 75 000 000 төгрөгний үнэтэй болчихно биз дээ. Ингээд ор үндэсгүй гүтгээд байгаад гомдолтой байна. Яагаад 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн улсын бүртгэлийн 2101006174 дугаартай гэрчилгээний 0086909 дугаартай Орхон Баян-Өндөр сум, Хүрэнбүлаг баг тоотод байрлах 18 мкв нэг өрөө орон сууцны худалдах, худалдан авах гэрээ хэлцлийг хүчингүй болгуулах гэж. Бүх залиланг Г.Б өөрөө гардан хийж өөрийн ашиг сонирхлын үүднээс бараг зүгээр шахуу тэр байрыг залилж авчихаад утга нь байр маш хурдан зарагдах учраас би энэ байрыг чинь аваад шууд зарна, дахиад байшин барих материалын мөнгө хэрэгтэй байна гээд л байсан шүү дээ.

2016 оны хавар цагдаагийн байгууллага, прокурор шалгаад Б энэ залилах ажлыг өөрөө хийсэн 25 000 000 төгрөг О огт өгөөгүй гэдэг нь нотлогдоод Болор-Эрдэнэ өршөөлийн хуульд хамрагдаж хэрэг хаагдсан. Гэтэл хэзээ хойно 2016 оны 9 дүгээ сарын 16-ны өдөр миний охин О, хүү Б нар аваагүй мөнгийг авсан гэж баримт үйлдэж өгөхгүй нь тодорхой. Тэнэг хүн үнэмшихгүй юм ярьж гүтгэх юм. Тийм баримт байгаа бол газрын гэрчилгээ гаргаж өгнө гэж хоосон цаасан дээр зуруулж авсан гарын үсгийг ашигласан байна гэж үзэж байна гэжээ.

Хариуцагч Б.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Б.Б миний бие Г.Б гэгч хүнийг огт танихгүй. Г.Б гэдэг хүнээс би юу ч аваагүй. Ойрын 3 жил би Орхон аймагт нэг ч удаа очоогүй. 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр би Улаанбаатар хотод байсан. Би юу ч аваагүй. Тэр Б гэдэг хүнийг таних ч үгүй байж баримт үйлдэж гарын үсэг яаж зурах вэ? Тэр үйлдсэн баримт гээд байгаа зүйлийг улсын шинжээч томилуулж шалгуулахыг хүсэж байна. Огт болоогүй зүйл ярьж хүнийг гүтгэж байгаад хүний эрхэнд ноцтойгоор халдаж байгаад Б миний бие гомдолтой байна. Энэ яриад байгаа хэргийн талаар миний бие огт мэдэхгүй гэжээ.

Хариуцагч Н.Б шүүхэд ирүүсэн хариу тайлбартаа: Г.Б итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.О надтай холбогдуулж гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах үндэслэлүүдээр тайлбарлаж байна. Х.О 2016 оны 08 дугаар 01-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум 22-р баг Яргуйт толгодын 1тал хашаа, хувийн сууцыг Г.О, Б.Б нарын надад бэлэглэсэн бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай гаргасан шаардлагаа ямар хууль зүйн үндэслэлтэй болох нэхэмжлэгч Г.Б болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт ямар шаардах эрх байгаа тухай хууль зүйн үндэслэлээ нэхэмжлэлдээ огт дурьдаагүй байна. Би дээрх шаардлагыг дараах байдлаар зөвшөөрөхгүй. Үүнд:1.Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1-д Бэлэглэлийн гэрээгээр бэлэглэгч нь бэлэг хүлээн авагчийн зөвшөөрснөөр түүний өмчлөлд тодорхой хөрөнгө хариу төлбөргүй шилжүүлнэ, 276 дугаар зүйлийн 276.2-т Эд хөрөнгө шилжүүлснээр бэлэглэлийн гэрээг байгуулсанд тооцно, 276 дугаар зүйлийн 276.3-т Хуулиар тогтоосон хэлбэрээр гэрээ хийснээр өмчлөх эрх үүсдэг хөрөнгийн хувьд бэлэглэлийн гэрээг тухайн хэлбэрээр хийнэ гэжээ. Бид нарын хооронд хийгдсэн бэлэглэлийн гэрээ хуульд нийцсэн хүчин төгөлдөр гэрээ юм. Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1-д Бэлэглэгч,түүний өвлөгч дараах тохиолдолд бэлэглэлийг хүчингүй болгохоор бэлэг хүлээн авагчаас шаардах эрхтэй гэжээ. Хуулийн энэ заалтаас харахад хэн нэгэн гуравдагч этгээд бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай шаардлага гаргах эрхгүй болох нь харагдаж байна. Г.О, Б.Б нар надад дээрх хашаа, газар хувийн сууцыг бэлэглэхдээ ямар нэгэн болзол тавиагүй бөгөөд тэд нарын хэн алиныг нь би ноцтой гомдоогоогүй учир бэлэглэлийн гэрээ хүчин төгөлдөр бусд тооцогдох хууль зүйн үндэслэл байхгүй. Хэргийн материалтай танилцахад Г.Э манай хашааны газрыг Орхон аймгийн засаг даргын 2014 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн  дугаартай захирамжийн хавсралт болох 3 дугаар хуудасны 63-т хувьчилж аваад өөрийн хүү охин хоёртоо 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн бэлэглэлийн гэрээгээр өмчлөлд нь шилжүүлсэн байна. Г.Э хоёр хүүхэддээ бэлэглэсэн бэлэглэлийн гэрээ хүчин төгөлдөр байгаа тохиолдолд надад бэлэглэсэн бэлэглэлийн гэрээ хүчин төгөлдөр бусд тооцогдох хууль зүйн үндэслэл байхгүй юм. Иймд Г.Б итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.О шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Н шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгч Г.Б итгэмжлэгдсэн төлөөлөгч шаардлагынхаа 1-рт 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн Ү-2101 улсын дугаартай 4-8-22 тоот 18 м2 талбай бүхий орон сууц худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах гэжээ. Г.П нэхэмжлэлтэй энэ хэргийн нэхэмжлэгч Г.Б энэ хэргийн хариуцагч Г.Э нарт хариуцагдах тоот нэг өрөө орон сууцыг 2014 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Г.Б .Г.Э нарын хооронд хийгдсэн худалдах -худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тоцуулах тухай шаардлагатай хэргийг Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 142/ШШ201 дугаартай шүүгчийн захирамжаар эцэслэн шийдвэрлэж дээрх гэрээг хүчин төгөлдөр бусд тооцсон байх тул дахин хүчин төгөлдөр бусд тооцох хууль зүйн үндэслэлгүй юм. 2-рт. Хамтран хариуцагч Г.О байрны үнийн зөрүү гэж 25 000 000 төгрөг гаргуулахыг шаардсан шаардлагын нотлох баримт нь гэвэл 2015 оны 09 дүгээр сарын16-ны өдөр гэсэн огноотой  тоот байрны 50 000 000 төгрөгөнд зарж 25 000 000 төгрөг бэлэн авч 25 000 000 төгрөгөнд нь хашаа байшин авлаа гэсэн утга бүхий бичвэрийг үндэслэл болгожээ.Тухайн үед болсон үйл явдал болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаас харахад нэхэмжлэгч Г.Б хариуцагч Г.О нарын хооронд ямар нэгэн эрх зүйн харилцаа үүсээгүй маргаан бүхий  тоот орон сууцны худалдах-худалдан авах гэрээ нэхэмжлэгч болон хариуцагч Г.Энхтуул нарын хооронд хийгдсэн болох нь нотлогдож байна. Харин хариуцагч Г.Э өөрийн төрсөн охин Г.О ХААН банкан дахь дансны дугаарыг өгсөнөөр түүний дансанд нийт 9 500 000 төгрөг хийсэн болох нь нотлогдсон. Иргэний хуулийн 243-р зүйл,109-р зүйлүүдэд заасанчлан энэ 2-ын хооронд ямар нэгэн гэрээ хийгдээгүй. Орон сууц худалдах-худалдан авах тухай хэлцэл нарийн зохицуулалттай байдаг бөгөөд  тоот орон сууцыг худалдах-худалдан авах тухай ажиллагаанд Г.О огт оролцоогүй учир нэхэмжпэгч түүнд орон сууцны үнэ гэж бэлэн мөнгө өгөх үндэслэлгүй бөгөөд 2015 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр 25 000 000 төгрөг авсан гэх баримт нь Г.О мөнгө өгсөн болохыг нотолсон баримт биш учраас энэ хэргийн хариуцагч болохгүй бөгөөд түүнийг хариуцагч болохыг нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй тийм баримт ч байхгүй.

3-рт: Нэхэмжлэгч      өөрийгөө Орхон аймаг Баян-Өндөр сум 22-р баг Яргуйт Толгодын 1 тоот газар, хашаа байшингийн өмчлөгч Г.Б, Г.О нарын өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгох, мөн Н.Б бэлэглэсэн бэлэглэлийн гэрээг хүчингүй болгохыг тус тус шаарджээ. Ү-2101004654 гэсэн дугаартай газар байхгүй бөгөөд Ү-21011 гэсэн өмчлөх эрхийн гэрчилгээтэй хувийн сууц байхгүй учир гэрчилгээг хүчингүй болгож өөрийгөө өмчлөгчөөр тогтоолгох тухай шаардлага үндэслэлгүй. Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас харахад Орхон аймаг Баян-Өндөр сум Их залуу баг  755 м2 гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг Орхон аймгийн засаг даргын 2014 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн А/ дугаартай захирамжийн хавсралтын 3-р хуудасны 63-т Г.Э хувьчлагдаж 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн бэлэглэлийн гэрээгээр Г.О, Б.Б нарын өмчлөлд шилжсэнээр 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр өмчлөх эрхийн 000 дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээ авсан байна. Дээрх газрын улсын бүртгэлийн дугаар нь Г-21 дугаартай бөгөөд хувийн сууцны улсын бүртгэлийн дугаар нь Ү-21 болно. 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдөр бэлэглэлийн гэрээгээр дээрх хашаа, газар, сууц иргэн Н.Б өмчлөлд шилжсэн байна. Бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай шаардах эрх бэлэглэгч буюу өв залгамжлагчид байдаг болохоос хэн нэгэн хүссэн нь шаардлага гаргаад суудаггүй юм.

 4-рт: 2014 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн Орхон аймгийн засаг даргын А/ дугаартай "Иргэдэд газар өмчлүүлэх тухай "захирамжийн Г.Э холбоотой хэсгийг хүчингүй болгох, Г.Э, Г., Г.Онарын хооронд хийгдсэн бэлэглэлийн гэрээг мөн хүчингүй болгох Г.О Н.Б нарын хооронд хийгдсэн бэлэглэлийн гэрээг тус тус хүчин төгөлдөр бусд тооцуулахыг шаардсан явдал нь хууль зүйн үндэслэлгүй юм. Учир нь Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд заасанчлан аймгийн засаг дарга эрх хэмжээнийхээ хүрээнд иргэн Г.Э газар өмчлүүлсэн байхад үүнийг ямар үндэслэлээр хүчингүй болгуулах гэж шаардаад байгаа нь ойлгомжгүй тодорхой бус байна. Өөр бусдын нэр дээр байгаа үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийг өөрийн өмч мэтээр өөрсдөд нь зарсан гэж нэхэмжлэл гаргаж, хуульд заасан журмын дагуу өмчлөх эрхээ бусдад шилжүүлсэн байхад ямар үндэслэлээр дээрх шаардлагуудыг гаргаад байгаа нь ойлгомжгүй байна. Учир нь нэхэмжлэгч тухайн хөрөнгийн өмчлөгч байсан болохоо нотолсон баримтаа шүүхэд ирүүлж байж шаардах эрх нь үүснэ шүү дээ. Хэрэв бусдын газар дээр байшин барьсан юм бол тэр байшингаа үнэлүүлж байж өөрийн хэлсэн ярьсан нэхэмжилж байгаа зүйлээ нотлох юм. Эндээс харахад нэхэмжлэгч Г.Б хариуцагч Б.Бнарын хооронд ямар нэгэн эрх зүйн харилцаа үүсэж үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах хэлцэл хийгдээгүй учир энэ хэргийн хариуцагч Б.Б болохгүй юм. Иймд Г.Болор-Эрдэнийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч ЖН, хариуцагчийн өмгөөлөгч Я.Э нар шүүхэд ирүүлсэн нэмэлт тайлбартаа: Г.Б итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.О тус шүүхэд хандаж нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж тодруулахдаа нийт 14 шаардлага гаргасан байх бөгөөд ИХШХШТХ-ийн 63-р зүйлд заасанчлан шүүхэд гаргаж байгаа шаардлага бүрдээ тэмдэгтийн хураамж төлөх учиртай. Үүнд: Хариуцагч Г.Э 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хийгдсэн  тоот нэг өрөө орон сууцыг худалдах-худалдан авах хэлцэлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай шаардлага гаргасан байх ба гэрээний үнэ нь 50 000 000 төгрөг учир улсын тэмдэгтийн хураамж нь 407 950 төгрөг. Хариуцагч Г.О 25 000 000 төгрөг гаргуулах тухай бөгөөд улсын тэмдэгтийн хураамж нь 282 950 төгрөг болж байгаа, нэхэмжлэгчийн шүүхэд төлсөн нийт /УТХ  289 250+118 700+193 100+70 200 төгрөг/ 571 250 төгрөг болж байгаа юм. Гэтэл эхний 2 шаардлагын нийт УТХ 690 900 төгрөг болж байна. Эхний 2 шаардлагынхаа улсын тэмдэгтийн хураамжийг бүрэн төлөөгүй 119 250 төгрөг дутуу төлөгджээ. Дараачийн 12 шаардлагынхаа улсын тэмдэгтийн хураамжийг огт төлөөгүй байна гэсэн үг юм. Тухайлбал Б.О нарын хооронд хийгдсэн бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай хувийн сууцны үнэ 15 000 000 байгаа бөгөөд улсын тэмдэгтийн хураамж нь 232 950 төгрөг, газар 3 000 000 төгрөгөөр үнэлэгдсэн учир улсын тэмдэгтийн хураамж нь 62 950 төгрөг. ИХШХШТХ-ийн 65-р зүйлийн 65.1.11-д заасанчлан 13 шаардлагыг нь хүлээн авахаас татгалзах учиртай. Хариуцагч Г.Энхтуулын нэр дээр газар хувьчилсан засаг даргын захирмжийн холбогдох заалтыг хүчин төгөлдөр бусд тооцуулахыг шаардсан шаардлага нь иргэний шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан биш болох нь ИХШХШТХ-ийн 13-р зүйлийн 13.4-т заасанчлан захиргааны хэргийн шүүх харъяалан шийдвэрлэх маргаан байна. Энэ мэтээр нэхэмжлэгчийн гаргаад байгаа шаардлагуудын зарим нь харъяалал зөрчсөн, зарим шаардлагуудын улсын тэмдэгтийн хураамж огт төлөгдөөгүй, зарим нэгийг нь шүүх эцэслэн шийдвэрлэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн авахаас татгалзах учиртай юм гэжээ.

Шүүх зохигчдын тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Г.Б нь хариуцагч Г.Э, Г.О, Б. нарт холбогдуулан  Г.Э байгуулсан 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн орон сууц худалдах худалдан авах хэлцлийг хүчин төгөлдөрт бусд тооцуулж, Г.О байрны зөрүү 25 000 000 төгрөг гаргуулах, Б.Б нэр дээрх хашаа байшингийн гэрчилгээг хүчингүй болгож, шинээр өмчлөх эрхийн гэрчилгээ олгохыг Орхон аймгийн Улсын бүртгэлийн газарт даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж, өөрчлөхдөө хариуцагчаар Н.Б татаж, Б.Б Г.О нарын өмчлөх эрхтэй хашаа байшингийн гэрчилгээг хүчингүй болгож, Г.О Н.Б нарын хооронд байгуулагдсан 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн үл хөдлөх хөрөнгийн бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, гэрчилгээг хүчингүй болгож, Г.Б өмчлөх эрхийн гэрчилгээ олгохыг Орхон аймгийн Бүртгэлийн газарт даалгах, Орхон аймгийн  засаг даргын 2014 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн А дугаартай захирамжийн 1 дүгээр хавсралтын 63-т бүртгэгдсэн 755 м2 газрыг Г.Энхтуулд өмчлүүлэхээр шийдвэрлэсэн захирамжийн хэсгийг, Г-21010 улсын бүртгэлийн дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгох, Г.Э, Г.О, Б.Б нарын хооронд байгуулагдсан 2014 оны 11 дүгээр сарын 14-ны өдрийн газар бэлэглэх гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, Г.О, Б.Б нарын нэр дээрхи гэрчилгээг хүчингүй болгох, Орхон аймаг, Баян-Өндөр сум, Яргуйт толгодын  тоот хашаа байшин газрыг Г.Б эзэмших эрхтэйг тогтоож, буцаан өгөх тухай шаардлагыг гаргасан байна.

            Хариуцагч нар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч мэтгэлцэж байна.

            Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

            2014 оны 04 дүгээр сарын 04-ны өдөр Орхон аймаг, Баян-Өндөр сум, Хүрэнбулаг баг тоот 50 000 000 төгрөгийн үнэ бүхий, Г.Д өмчлөлийн 1 өрөө орон сууцыг  Г.Э нь Орхон аймгийн Ж сумын нотариатчийн үүрэг гүйцэтгэгчийн олгосон итгэмжлэлийн дагуу Г.Б й худалдах худалдан авах гэрээ байгуулан өмчлөх эрхийг шилжүүлсэн байна.

Талууд орон сууцны үнийг 50 000 000 төгрөг гэж тооцон 25 000 000 төгрөгт Орхон аймаг, Баян-Өндөр сум, Их залуу баг  /хуучнаар/ одоогийн Яргуйт баг толгодын тоот газрыг шинээр барьж өгөх байшинг оролцуулахаар тохиролцсон бөгөөд нэхэмжлэгч Г.Б худалдах худалдан авах гэрээний дагуу 9 500 000 төгрөгийг Г.Э охин Г.О дансаар, 8 000 000 төгрөгийг зээлийн гэрээний дагуу орон сууц хөлслөн амьдарч байсан Нарандэлгэрт Г.О дамжуулан бэлнээр, тухайн орон сууцны өмчлөх эрхийг гэрчилгээг барьцаалан зээлдүүлэх газарт байсныг чөлөөлж авахад 6 300 000 төгрөгийг бэлнээр, газрын гэрчилгээг шилжүүлэхэд төлсөн төлбөрт 150 000 төгрөгийг тус тус өгсөн, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д заасны дагуу нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэж тайлбарладаг.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл нь хүчин төгөлдөр бус байх хэлцэл тул нэхэмжлэгч шаардах эрхтэй.

2014 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр ГДг төлөөлж Г.Э нэхэмжлэгчГ.Э байгуулсан орон сууц худалдах худалдан авах гэрээ нь хууль зөрчсөн хэлцэл болох нь 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн Орхон аймгийн Прокурорын газрын 5/ дугаартай эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоолоор нотлогдоно.

Нэхэмжлэгч Г.Б түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь маргааны гол эх үндэс болсон орон сууц худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргахдаа /нэмэгдүүлэн, өөрчлөхдөө/ 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр байгуулсан гэрээг дурдсан байх бөгөөд хэрэгт нотлох баримтаар ийм гэрээ байдаггүй болно.

Тус  шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 142/ШШ2017/0дугаартай шүүгчийн захирамжаар зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэхдээ 2014 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн орон сууц худалдах худалдан авах хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцсон байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д ...65.1.6-д нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр,...шүүгчийн захирамж байгаа бол хэргийг хэрэгсэхгүй болгон гэж заажээ.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын гол үндэслэл болсон орон сууц худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх гэсэн шаардлагыг 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн хэлцэл хангаж чадахгүй бөгөөд, 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Г.Бнарын хооронд бэлэглэлийн гэрээ байгуулагдсан гэсэн шаардлага үндэслэлгүй байна.  Тодруулбал, хамтран өмчлөгч Б.Б нэр гэрээнд бичигдээгүй зөвхөн гарын үсэг зурсан гэсэн тайлбар үндэслэлгүй юм.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Г.Б  өмчлөх эрхийн гэрчилгээ олгохыг Орхон аймгийн Улсын бүртгэлийн газарт даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагаа татан авсан болохыг дурдах нь зүйтэй.

Хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн СД бичлэгийг хавсаргаж, тус шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 142/ШЗ2017/00 дугаартай шүүгчийн захирамж нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл хэвээр байна.

Улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 671 250 төгрөгийг төрийн сангийн орлогод үлдээхээр заалаа.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасныг баримтлан  Г.Э байгуулсан 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн орон сууц худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцох, Г.Обайрны зөрүү 25 000 000 төгрөг гаргуулах, Б.Б, Г.О нарын Яргуйт  тоот хашаа байшингийн өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгох, Г.О Н.Б нарын 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, гэрчилгээг хүчингүй болгох, Орхон аймгийн засаг даргын 2014 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн А/ дугаартай захирамжийн газрын өмчлөх эрхийн Г.Э холбогдох хэсгийг хүчингүй болгох, Г.Э, Г.О, Б.Б нарын хооронд байгуулагдсан 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, гэрчилгээг хүчингүй болгох, Яргуйт толгодын тоот хашаа байшин, газрыг Г.Б буцаан өгөх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-т зааснаар Г.Б өмчлөх эрхийн гэрчилгээ олгохыг Орхон аймгийн Улсын бүртгэлийн газарт даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч татан авсан болохыг баталсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г.Б улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 671 250 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн СД-г хавсаргасугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл тус шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 142/ШЗ2017/00 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймаг дахь Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигчид шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Л.АРИУНЦЭЦЭГ