Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2020/01662

 

 

 

 

 

2020 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2020/01662

 

 

 

 

Г.А -ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Д.Нямбазар, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 184/ШШ2020/01802 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Г.А ийн хариуцагч ММК ХХК-д холбогдуулан гаргасан гэрээнээс татгалзсантай холбогдуулан шилжүүлсэн 70 000 000 төгрөгийг, гэрээнээс татгалзснаас учирсан хохирол 33 401 679 төгрөг, нийт 103 401 679 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.А , түүний өмгөөлөгч Г.Энхболд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Б , хариуцагчийн өмгөөлөгч С.Оюунцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Долгорсүрэн нар оролцов.

 

Нэхэмжлэгч Г.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2014 онд 02 дугаар сард Ш.Т ХХК-тай ижилхэн автомашин захиалахаар болсон. ММК ХХК-д захиалга өгөхдөө 20 000 000 төгрөгийн урьдчилгаа өгч, автомашин хил дээр ирэхээр 50 000 000 төгрөг өгөхөөр тохиролцсоны дагуу 50 000 000 төгрөгийг дүүгээрээ дамжуулж нийт 70 000 000 төгрөг өгсөн. 2014 оны 5 дугаар сарын 01-ний өдөр автомашин орж ирэх ёстой байсан боловч 6 дугаар сарын 21-ний өдөр ирсэн. Үүний улмаас тухайн үед миний төлөвлөж байсан ажил хийгдэх боломжгүй болсон бөгөөд ММК ХХК-д мэдэгдэхэд буцааж өгөх мөнгө алга байна автомашинуудыг зарж мөнгийг чинь гаргаж өгнө гэхэд нь итгэж 2017 оны 5 дугаар сар хүртэл хүлээсэн. 2017 онд автомашинууд зарагдсан гэдгийг олж мэдээд ММК ХХК-д мөнгөө авахаар очиход автомашиныг 2015 онд зарж ашиг орлого олсон байсан.

Г.А би тус компанийн Захирал Ли Цай Ян, санхүүгийн албаны дарга, ерөнхий нягтлан Ж.Ш , удирдлагын албаны дарга Р.Б нараас удаа дараа мөнгөө шаардсан боловч өгөөгүй. Улмаар Цагдаагийн байгууллагад хандан өргөдөл гаргаснаар 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн Монгол Улсын Ерөнхий прокурорын газрын 170801605 дугаар тогтоолоор Хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн боловч 2020 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 1/855 дугаар шийдвэрээр Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж, тус хэрэг бүртгэлтийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Иймд автомашин худалдан авахаар шилжүүлсэн 70 000 000 төгрөг, гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас надад учирсан хохирол болох 33 401 679 төгрөг, нийт 103 401 679 төгрөгийг ММК ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ММК ХХК-д иргэн, хуулийн этгээд хэрэгцээтэй автомашинаа марк, төрөл, тоо зэргийг нь тодорхой тусгасан гэрээ байгуулж захиалдаг. Менежер Б.Б хамт захиал гэж хэлээгүй гэж эрүүгийн хэрэгт мэдүүлсэн байдаг. ММК ХХК-д хоорондоо хамааралгүй иргэн, компанийн захиалгыг нэгтгэн захиалга хийж байсан тохиолдол огт гарч байгаагүй болно. Ш.Т ХХК-ийн захирал Г.Б нь ХААН банкны 2014 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 05129/122 тоот дугаартай 400 000 000 төгрөгийн зээл судлах боломжтой гэсэн албан бичгийг авчирч үзүүлэн манай зээл найдвартай бүтнэ гэж удаа дараа хүсэлт тавьсаны дагуу 2014 оны 3 дугаар сарын 28-ны өдөр 14/01 дугаартай гэрээг 70 000 000 төгрөгөөр тохирч байгуулсан юм.

Уг гэрээний 4.1 дэх заалтын дагуу Ш.Т ХХК урьдчилгаа төлбөр болох 20 000 000 төгрөгийг 2014 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 50 000 000 төгрөгийг Ш.Т ХХК-ийн захирал Г.Б аас ММК ХХК-ийн кассанд бэлнээр, 2014 оны 6 дугаар сарын 06-ны өдөр Голомт банкны 1701179495 тоот төгрөгийн дансанд Г.А ээс тус тус төлсөн бөгөөд захирал Г.Б автомашинаа оруулж ир гэж шаардсан тул 2014 оны 6 дугаар сарын 21-ний өдөр 3 ширхэг чирэгч толгой, 4 ширхэг чиргүүлийг Монгол Улсын хилээр оруулж ирсэн. Захирал Г.Б нь 2014 оны 3 дугаар сарын 25-ны өдөр төлөгдсөн урьдчилгаа 20 000 000 төгрөгийн төлбөрт 1 818 182 төгрөгийн НӨАТ-ын падааныг Ш.Т ХХК-ийн нэр дээр 2014 оны 6 дугаар сарын 30-ны өдөр бичүүлж авсан байдаг.

Дээрх баримтуудаас Б.А гэх хүнтэй холбогдож гэрээ хэлцэл байгуулж 2 ширхэг цистерн машин захиалсан зүйл байхгүй болох нь батлагддаг. Г.А Ш.Т ХХК-тай ямар тохиролцоо хийснийг мэдэхгүй. Манай компани Ш.Т ХХК-ийн автомашиныг оруулахад гаалийн татварт 19 593 262.74 төгрөг, тээврийн зардалд 3 588 136.36 төгрөг, жолооч нарын хөлсөнд 600 000 төгрөг, бусад зардалд 1 506 085 төгрөг гэх мэт нийт 25 287 484 төгрөгийн зардлыг гаргасан боловч Ш.Т ХХК банкны зээл бүтээгүй гээд автомашинуудыг аваагүй.

Дээрх захиалгаар орж ирсэн автомашинуудыг 2014 оноос 2018 оны хооронд үнийг багасгаж хохирол хүлээж борлуулсан ба манай компанид 77 000 000 төгрөгийн хохирол учирсан. Гэрээний 7.3-д зааснаар худалдан авагч тал худалдагч талд захиалсан барааг Улаанбаатар хотод ирэхэд заасан хугацаанд төлбөрөө бүрэн төлж хүлээн авах ба төлбөрөө бүрэн барагдуулаагүй тохиолдолд бараа болон урьдчилгаа төлбөрийг буцаан олгохгүй гэсэн тул компани хохиролдоо Ш.Т ХХК-иас төлсөн 70 000 000 төгрөгийг авах эрхтэй. Г.А тэй гэрээ байгуулаагүй тул гэрээний ямар заалтаар хариуцлага хүлээж, түүнд хохирол учруулсан гэж нэхэмжилсэн нь ойлгомжгүй байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар ММК ХХК-д холбогдох худалдах худалдан авах гэрээний үүрэгт нийт 103 401 679 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Г.А ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нэхэмжлэгчийн 674,959 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 184/ШЗ2020/05216 дугаартай шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай захирамжийн үйлчлэл энэ шийдвэр хүчин төгөлдөр болсноор дуусгавар болохыг дурдан шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Энхболд давж заалдах гомдолдоо: Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Г.А нэхэмжлэлийн шаардлагаа 2014 оны 02 дугаар сарын 12, 17-ны өдрүүдэд Г.Б ы дансанд 20 000 000 төгрөг шилжүүлсэн ХААН банкны дансны хуулга, дүү Г.А ийн ММК ХХК-ийн дансанд 50 000 000 төгрөг шилжүүлсэн Төрийн банкны дансны хуулгаар нотолж маргасан.

Гэрч Г.А , Б.Б нар ММК ХХК-ийн дансанд орсон 70 000 000 төгрөг Г.А ийн автомашины төлбөрийн урьдчилгаанд төлсөн төлбөр мөн, гэрч Г.Б би өөрийн эзэмшдэг "Ш.Г ' ХХК-ийн захиалсан 70 000 000 төгрөгийг ММК ХХК-д зээл болон бэлэн бусаар төлөөд автомашинаа авсан, Г.А тусдаа ММК ХХК-д 70 000 000 төгрөг төлөөд автомашиныг захиалсан гэсэн гэрчийн мэдүүлэг иргэний хэрэгт нотлох баримтаар авагдсан байдаг. Иргэний хэрэгт авагдсан нотлох баримтаар, Г.А хариуцагч ММК ХХК-аас автомашины үнэ 70 000 000 төгрөгийг шаардах эрх үүссэн үйл баримт тогтоогдож байхад анхан шатны шүүх дээрх нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасны дагуу үнэлээгүй, хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гаргасан байна.

Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй боловч нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсгийн заасан журмын дагуу үнэлээгүйн улмаас шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байх тул давж заалдах шатны шүүх залруулан өөрчлөх боломжтой байна.

Нэхэмжлэгч Г.А нь хариуцагч ММК ХХК-д холбогдуулан гэрээнээс татгалзсантай холбогдуулан шилжүүлсэн 70 000 000 төгрөгийг, гэрээнээс татгалзснаас учирсан хохирол 33 401 679 төгрөг, нийт 103 401 679 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч Г.А тэй гэрээний харилцаа үүсээгүй гэх үндэслэл заан эс зөвшөөрч, маргажээ.

Нэхэмжлэгч Г.А нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ... ММК ХХК-тай харилцан тохиролцоод том оврын систерн маркийн 2 автомашин худалдан авахаар харилцан тохиролцсон, захиалгыг хуулийн этгээдийн нэрээр хийнэ, Ш.Т ХХК-ийн захиалганд оруулчих гэж менежер Баянмөнх гэж хүн хэлсний дагуу 2 машиныг цуг захихаар болсон, ... урьдчилгаа 20 000 000 төгрөгийг тус компанийн данс руу, мөн дүү Г.А ийн данснаас үлдэгдэл 50 000 000 төгрөг, нийт 70 000 000 төгрөг шилжүүлсэн, машиныг тохирсон хугацаанд авчраагүйн улмаас гэрээнээс татгалзсан, машиныг зараад мөнгийг өгнө гэсэн боловч өгөөгүй гэж тайлбарлажээ. /хх-1,2/

Хэрэгт нэхэмжлэгч Г.А ийн, ММК ХХК-д холбогдуулан гаргасан гомдлын дагуу Мөрдөн байцаах албаны Залилах гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсээс хэрэг бүртгэлтийн хэрэг нээж эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсантай холбоотой бичгийн нотлох баримтууд авагдсан байна. /хх-9-19, 67-93, 99-126/

Уг баримтуудаас үзвэл Г.А ийн гомдлоор ММК ХХК-д холбогдуулан үүсгэсэн хэрэг бүртгэлтийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан үндэслэлээр хааж шийдвэрлэсэн болох нь Нийслэлийн прокурорын газрын 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн прокурорын 18 дугаар тогтоолоор тогтоогдож байна. /хх-16-19/ Энэ ажиллагааны явцад ММК ХХК-ийн менежерээр ажиллаж байсан Б.Б , Ш.Т ХХК-ийн захирал Г.Б нар Г.А , Г.Б ы компанийн нэрийг ашиглан 2 том оврын машин худалдан авах захиалга өгсөн, Г.Б нь Г.А ийн шилжүүлсэн 70 000 000 төгрөгөөс 20 000 000 төгрөгийг бэлнээр, 50 000 000 төгрөгийг дансаар тус тус ММК ХХК-д шилжүүлсэн, мөн гаалиар ирсэн автомашинуудаас Г.Б өөрийн 1 захиалсан машинаа авч, 2 автомашины хувьд өөр этгээдэд худалдагдсан гэсэн гэрчийн мэдүүлэг өгчээ. /хх-70-72, 118-123/

Мөн гэрч Б.Б , компанийн худалдааны захирал Д.Батболд нарын мэдүүлэгт ... Г.А машины урьдчилгаа минийх байсан, мөнгөө авмаар байна гэсэн. ... би захиралтай ярилцсан, автомашиныг борлуулчих юм бол урьдчилгаа өгч болно гэсэн, ... үлдсэн техник механизм ... Г.А ийнх мөн байсан, ... компанийн захирлаас зөвшөөрөл аваад Г.А д мэдэгдээд техникийг зарсан гэсэн. Б.Б нь зарсны дараа мөнгийг өгнө гэж Г.А д ойлгуулсан байсан, ханшийн зөрүүнээс алдагдал гарсан, ... асуудлыг иргэний журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй, хэрвээ шүүхээс мөнгийг нь гаргаж өг гэсэн шийдвэр гарвал манай байгууллага өгөхөд татгалзахгүй ... гэж бичигдсэн байна. /хх-90, 110/

Хариуцагч тал татгалзлын үндэслэлээ ... Ш.Т ХХК-тай худалдах-худалдан авах гэрээ байгуулсан, 70 000 000 төгрөгийн урьдчилгааг тус компани төлсөн, захиалсан машины заримыг нь аваагүй учир өөр этгээдүүдэд худалдаж ханшийн зөрүүнээс алдагдалд орсон, Ш.Т компани 70 000 000 төгрөгөөс өөр мөнгө төлөөгүй, үүндээ НӨАТ-ын падаан манай компаниар бичүүлж авсан, Г.А тэй гэрээ байгуулаагүй гэж тайлбарлан, маргадаг.

Хэрэгт Гомбожавын Авдингэрэлийн ХААН банк дах 5029759298 тоот данснаас 5020504848 тоот данс руу 2014 оны 02 дугаар сарын 12-ны өдөр 1 000 000 төгрөг, 17-ны өдөр 19 000 000 төгрөг, Гомбожавын Алтангэрэлийн Төрийн банк дах 340800636670 тоот данснаас мөн оны 6 дугаар сарын 06-ны өдөр 50 000 000 төгрөгийг тоног төхөөрөмжийн үнэ, Голомт төв банк 17001179495, ММК гэсэн утгатай шилжүүлгийг тус тус хийсэн депозит дансны хуулгууд нотлох баримтаар авагдсан байна. /хх-7-8/

Ш.Т ХХК-ийн захирал Г.Б нь өөрийн ХААН банкны 5020504848 тоот дансанд орж ирсэн 20 000 000 төгрөгийг 2014 оны 3 дугаар сарын 25-ны өдөр хариуцагч ММК ХХК-ийн кассанд бэлнээр тушааж мөн 2014 оны 6 дугаар сарын 06-ны өдөр компанийн данс руу 50 000 000 төгрөг шилжүүлсэн болох нь гэрч Г.Б , Д.Ундармаа, Б.Б , Ж.Шагаахүү нарын мэдүүлэг, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ММК ХХК-ийн санхүүгийн баримтад хэсэгчлэн үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг баримтуудаар нотлогдож байхаас гадна хариуцагч тал уг үйл баримтыг зөвшөөрсөн агуулгатай тайлбар шүүхэд гаргажээ. /хх-51,172-180/

Хариуцагч ММК ХХК-ийн 70 000 000 төгрөгийг Ш.Т ХХК-ийн захиалсан автомашины үнэ, үүнээс өөр төлөлт хийгээгүй гэх татгалзал нь дараах баримтуудаар үгүйсгэгдэж байна. Тодруулбал, гэрч Г.Б нь хариуцагч компани 2014 оны 3 дугаар сарын 25, мөн оны 6 дугаар сарын 06-ны өдрүүдэд нийт 70 000 000 төгрөг шилжүүлснээс гадна өөрийн захиалсан 1 автомашины үнийн урьдчилгаанд 2014 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 20 000 000 төгрөг төлж, үлдэгдлийг нь Голомт банк ХХК, ММК ХХК, Г.Б нарын хооронд байгуулсан 2014 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн санхүүгийн түрээсийн гэрээний дагуу хариуцагч компанид 2014 оны 9 дүгээр сард 49 000 000 төгрөг төлсөн болох нь хэрэгт авагдсан бэлэн мөнгөний орлогын баримт, санхүүгийн түрээсийн гэрээ, гэрч Г.А , Б.Б , Г.Б , Г.Ундармаа, Ж.Шагаахүү нарын мэдүүлэг болон зохигчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр нотлогдсон. /хх-37-38, 135-140, 173, 174, 177-181/

ММК компанийг төлөөлж 2014 онд тус компанийн менежер Б.Б худалдан авагч нартай харилцан, тохиролцон гэрээ байгуулсан үйл баримтыг хариуцагч тал үгүйсгээгүй.

Гэрч Б.Б гэрээг хийхдээ Г.А гэдэг хүнтэй ярилцаагүй, Ш.Т ХХК-ийн захирал Г.Б тай гэрээг байгуулсан, тухайн үед Г.Б ахтай хэд хэдэн хүн орж ирсэн тэр дотор Г.А байсан гэж мэдүүлсэн. Хэргийн 12 дах талд 2014 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Г.А ээс урьдчилгаа 2 ш авто цистерн машины 70 000 000 төгрөг хүлээн авч, өгсөн тухай ММК ХХК-ийн кассын орлогын ордер авагдсан, уг баримтад кассын нярав Г.Ундармаа, Г.А нар гарын үсэг зурсан гэдгийг хэргийн оролцогчдын хэн аль нь үгүйсгэж, маргаагүй. Гэрч Г.Ундармаа ... борлуулалтын менежер Б.Б гэдэг хүн бичээд өгчих гэхээр нь бичиж өгсөн, бодитоор уг орлого орж ирээгүй гэж мэдүүлжээ. /хх-178/

Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, талуудын тайлбар зэргийг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь харьцуулан үнэлбэл ММК ХХК-ийн борлуулалтын менежер Б.Б нь компанийн өмнөөс Г.А тэй 2014 оны 02 дугаар сард том оврын систерн маркийн 2 автомашин худалдах-худалдан авахаар амаар харилцан тохиролцож улмаар Г.А нь худалдан авах автомашины урьдчилгаа төлбөрт өөрийн болон дүү Г.А , Ш.Т ХХК болон захирал Г.Б нарын банк дах харилцах дансаар дамжуулан хариуцагч компанид 70 000 000 төгрөг шилжүүлсэн гэх үндэслэл тогтоогдож байна.

Иргэний хуулиар худалдах-худалдан авах гэрээг байгуулахад хэлбэрийн шаардлага тавиагүй, мөн хуулийн 210 дугаар зүйлийн 210.1 дэх хэсэгт хууль буюу гэрээнд үүрэг гүйцэтгэгч үүргээ заавал биечлэн гүйцэтгэхээр заагаагүй буюу үүргийн шинж чанарт харшлахгүй бол үүргийг гуравдагч этгээдээр гүйцэтгүүлж болно гэж заажээ. Иймд нэхэмжлэгч Г.А , хариуцагч ММК ХХК нар аман хэлбэрээр хэлцэл хийсэн, хэлцлээр тохирсон үнийн урьдчилгаа төлбөрт 70 000 000 төгрөг худалдан авагч нь худалдагчид шилжүүлсэн үйлдэл нь дээрх хуульд заасанд нийцэх тул тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзнэ. Энэ талаар анхан шатны шүүхийн дүгнэлт хийхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсгийн нотлох баримт үнэлэх журмыг зөрчжээ.

Нэхэмжлэгч гэрээнээс татгалзсан, хариуцагч тал уг автомашиныг бусад этгээдэд худалдсан болох нь тогтоогдсон учир Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсгийн зааснаар нэхэмжлэгч Г.А ийн гэрээгээр шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг буцааж төлөх үүрэг хариуцагч ММК ХХК-д үүссэн. Энэ үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 70 000 000 төгрөгт холбогдох хэсгийг хангахаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулна.

Харин хариуцагч ММК ХХК гэрээний үүргээ биелүүлээгүйгээс нэхэмжлэгч Г.А д 33 401 679 төгрөгийн хохирол учирсан гэх үндэслэлээ нэхэмжлэгч баримтаар нотлоогүй учир уг шаардлагыг хангах боломжгүй байна.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг баримтлан ТОГТООХ нь:

 

1.Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 184/ШШ2020/01802 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсгийн заасныг баримтлан хариуцагч ММК ХХК-аас 70 000 000 /далан сая/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.А д олгож, мөн хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй тул нэхэмжлэлээс үлдэх 33 401 679 /гучин гурван сая дөрвөн зуун нэг мянга зургаан зуун далан есөн/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж, 2 дах заалтыг үлдээсүгэй гэснийг үлдээж, хариуцагч ММК ХХК-аас 507 950 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч Г.А д буцаан олгосугай гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 674 959 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дах хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ

 

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 

Ч.ЦЭНД