Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 001/ХТ2022/00829

 

 *******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 184/ШШ2020/01802 дугаар шийдвэр,

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 1662 дугаар магадлалтай,

 *******ийн нэхэмжлэлтэй

ММК ХХК-д холбогдох

 103,401,679 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Номинчимэгийн хяналтын журмаар гаргасан гомдлоор

 шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Гантулга, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Энхболд, хариуцагчийн өмгөөлөгч М.Оюунцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ НЬ:

 1. Нэхэмжлэгч *******ээс хариуцагч*******-д холбогдуулан гэрээнээс татгалзсантай холбогдуулан гэрээний үүрэгт шилжүүлсэн 70,000,000 төгрөг, хохирол 33,401,679 төгрөгийн хамт нийт 103,401,679 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

 2. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 184/ШШ2020/01802 дугаар шийдвэрээр: зохигчийн хооронд гэрээний эрх зүйн харилцаа үүсээгүй гэх үндэслэл зааж, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар ММК ХХК-д холбогдох худалдах худалдан авах гэрээний үүрэгт нийт 103,401,679 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нэхэмжлэгчийн 674,959 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 184/ШЗ2020/05216 дугаартай шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай захирамжийн үйлчлэл энэ шийдвэр хүчин төгөлдөр болсноор дуусгавар болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 1662 дугаар магадлалаар: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 184/ШШ2020/01802 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсгийн заасныг баримтлан хариуцагч ММК ХХК-аас 70,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, мөн хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй тул нэхэмжлэлээс үлдэх 33,401,679 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж, 2 дах заалтыг үлдээсүгэй гэснийг үлдээж, хариуцагч ММК ХХК-аас 507,950 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч *******д буцаан олгосугай гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Номинчимэг хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч, Иргэний Хуулийн 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.1 дэх заалтаар хяналтын журмаар гомдол гаргаж байна.

4.1. Магадлалд хариуцагч******* -ийн 70,000,000 төгрөгийг Шарнууд трейд ХХК захиалсан автомашины үнэ, үүнээс өөр төлөлт хийгээгүй гэх татгалзал нь дараах баримтуудаар үгүйсгэгдэж байна.

Тодруулбал, гэрч Г.Батсайхан нь хариуцагч компани 2014.03.25, мөн оны 6-р сарын 06-ны өдрүүдэд нийт 70,000,000 төгрөг шилжүүлснээс гадна өөрийн захиалсан 1 автомашины үнийн урьдчилгаанд 2014.03.25-ны өдөр 20,000,000 төгрөг төлж, үлдэгдлийг нь Голомт банк,*******, Г.Батсайхан нарын хооронд байгуулсан 2014.08.04-ний өдрийн санхүүгийн түрээсийн гэрээний дагуу хариуцагч компанид 2014 оны 09-р сард 49,000,000 төгрөг төлсөн болох нь хэрэгт авагдсан бэлэн мөнгөний орлогын баримт, санхүүгийн түрээсийн гэрээ, гэрч Г.Алтангэрэл, Б.Баянмөнх, Г.Батсайхан, Д.Ундармаа, Ж.Шагаахүү нарын мэдүүлэг болон зохигчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр нотлогдсон гэснийг зөвшөөрөхгүй гомдолтой байна.

Учир нь, Шарнууд трейд ХХК-ийн захирал Г.Батсайхан нь ХААН банкны 2014.03.20-ны өдрийн 05129/122 дугаартай Шарнууд трейд ХХК нь автомашин авахад шаардагдах 400,000,000 хүртэл төгрөгийн зээлийг журмын дагуу судалж үзэх боломжтой гэсэн албан тоотыг авчирч үзүүлэн, зээл найдвартай бүтнэ, зээлээр автомашин худалдаач гэсэн хүсэлтийг удаа дараа тавьсаны дагуу 2014.03.28-нд Худалдах, худалдан авах тухай 14/01 дугаартай гэрээг урьдчилгаа төлбөрийг нь хамгийн багаар буюу 70,000,000 төгрөгөөр тохирч байгуулсан юм. Уг гэрээний 4.1 дэх заалтын дагуу Шарнууд трейд ХХК урьдчилгаа төлбөрт 20,000,000 төгрөгийг 2014.03.25-ны өдөр*******-ийн кассанд /бэлэн мөнгөний орлогын баримтаар/ Шарнууд трейд ХХК-ийн захирал Г.Батсайхан гэж бэлнээр тушаагаад НӨАТатварын паданаар 181,818,82 төгрөгийг Шарнууд трейд ХХК авсан байдаг. Шарнууд трейд ХХК нь 2014.03.28-нд байгуулсан гэрээний дагуу 50,000,000 төгрөгийг 2014.06.06-ны өдөр Голомт банкны дансаар төлсөн бөгөөд захирал Г.Батсайхан нь банкны баримтыг авчран*******-д мөнгө шилжин орсон баримттай тулган урьдчилгаа 70,000,000 төгрөгийг манай компани бүрэн төлчихсөн тул одоо чирэгч, чиргүүл нийлсэн 7 ширхэг авто машиныг Монголд оруулж ир гэж шаардсаны дагуу 14 хоногийн дараа 2014.06.21-нд бүх машиныг Монгол улсад оруулж ирж******* гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн.

Мөн Шарнууд трейд ХХК нь 50 сая төгрөгийн НӨАТ-д 2014.07.31-ний паданаар 4,545,454.55 төгрөг авсан байдаг.

Шарнууд Трейд ХХК нь 3 чирэгч толгой, 4 чиргүүлийг Монголд оруулж ирсний дараа ХААН банкнаас авах зээл бүтсэнгүй гээд аваагүйгээс******* нь Гаалийн татварт 19,593,267,74 төгрөг, Тээврийн зардалд 3,588,136,36 төгрөг, Жолооч нарын цалин хөлсөнд 600,000, бусад зардалд 1,506,085 төгрөг төлж, нийт 25,287,484 төгрөгөөр хохирч, дээр нь орж ирсэн чирэгч, чиргүүлийн үнийг багасган бууруулж 2014-2018 оны хооронд иргэд, компанид худалдахад нийт 77,000,000 төгрөгөөр хохирч Шарнууд трейд ХХК гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөний улмаас нийт 102,287,484 төгрөгийн хохирол хүлээсэн нь баримтаар нотлогддог.

Талуудын хооронд 2014.03.28-нд байгуулсан гэрээний 7.3 дахь Худалдан авагч тал нь худалдагч талд захиалсан барааг Улаанбаатар хотод ирэхэд заасан хугацаанд төлбөрөө бүрэн төлж хүлээн авах ба төлбөрөө бүрэн барагдуулаагүй тохиолдолд бараа болон урьдчилгаа төлбөрийг буцаан олгохгүй гэх заалтаар Шарнууд трейд ХХК-д урьдчилгаа 70,000,000 төгрөгийг буцаан олгох үндэслэлгүй.

4.2. Магадлалд*******-ийг төлөөлж менежер Б.Баянмөнх худалдагч нартай харилцан тохирч гэрээ байгуулсан үйл баримтыг үгүйсгээгүй, Б.Баянмөнх гэрээ хийхдээ ******* гэдэг хүнтэй ярилцаагүй, Г.Батсайхан ахтай орж ирсэн хэд хэдэн хүн дотор ******* байсан, хэргийн 12-р талд 2014.03.25-нд *******ээс урьдчилгаа 2 ширхэг цистерн машины үнэнд 70,000,000 төгрөг хүлээн авсан*******-ийн орлогын ордер авагдсан, Д.Ундармаа, ******* нар гарын үсэг зурснаа үгүйсгээгүй, Д.Ундармаа менежер Б.Баянмөнх бичээд өгчих гэхээр бичиж өгсөн, бодитоор орлого орж ирээгүй гэж мэдүүлжээ гэж дүгнэж нэхэмжлэлийг хангасан дараах нотлох баримтуудаар няцаагдаж байгааг шүүх үнэлж үзээгүйд гомдолтой байна.

Учир нь,

4.2.1. Цагдаагийн хошууч Л.Батсайхан нь Б.Баянмөнхөөс гэрчээр мэдүүлэг авахад Шарнууд трейд ХХК-тай том оврын автомашины худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Иргэн *******тэй гэрээ байгуулаагүй, 70,000,000 төгрөг нь Шарнууд трейд ХХК-ийн урьдчилгаа төлбөр байгаа юм. Г.Батсайхан машины захиалга хийсэн, Батсайхан ах надтай 2011 оноос хойш харьцаж байгаа манай нутгийн дүү байгаа юм гэж надад тухайн үед *******ийг танилцуулж байсан. Тэр үед зөвхөн тэр 2 орж ирээгүй, 4-5 хүн орж ирсэн байсан. Тухайн үед ******* гэрээ хийгээгүй, захиалсан машинуудыг Шарнууд трейд ХХК авах байсан. Миний мэдэж байгаагаар Батсайхан ах, Авдингэрэл нар тохиролцсон юм шиг байгаа юм гэх мэдүүлэг /И/Х-85-91 тал/

4.2.2. Иргэний хэргийн 12 талд авагдсан 2014.03.25-ны *******ээс 2 ширхэг цистерн машины үнэнд 70,000,000 төгрөг хүлээн авсан гэх нярав Д.Ундармаа, Г.Адвингэрэл нарын гарын үсэг зурсан баримт нь менежерээр ажиллаж байсан Б.Баянмөнхийн гуйлтаар үйлдэгдсэн хуурамч баримт болох нь БНХАУ-д 2014.06.03-ны өдөр үйлдвэрлэж, Монгол улсад 2014.06.21-нд Монгол улсын хилээр орж ирсэн, 7 ширхэг автомашины арлын дугааруудыг 2014.03.25-нд урьдчилан мэдэх боломж огт байхгүй атал 2014.06.21-нд орж ирсэн автомашинуудын арлын дугаарыг 2014.03.25-нд 700,000,000 төгрөг Г.Авдинэгэрэл төлсөн гэх баримтанд бичсэн байдгаар уг баримт хуурамч болохыг нотолдог. /Х-12, 92 талд буй баримт/

4.2.3.*******-ийн захиргаанд тодорхойлолт гаргах нь гэх 2019 оны 03-р сарын 12-нд кассын няравД.Ундармаагийн гараар бичсэн тодорхойлолтонд Шарнууд трейд ХХК-аас гэрээний дагуу 70,000,000 төгрөгийн урьдчилгаа орж ирсний дараа буюу 2014.06.15-20-ны хооронд менежер Б.Баянмөнхийн гуйлтаар Авдингэрэлийн 70,000,000 төгрөг төлсөн гэх 2014.03.25-ны баримтыг бичиж өгсөн, ******* гэдэг хүн 70,000,000 төгрөг касст тушаагаагүй юм гэсэн нотлох баримтаар 2014.03.25-ны өдөр 70,000,000 төгрөг тушаагаагүй нь батлагддаг. Гэтэл шүүх ******* 70,000,000 төгрөг*******-д огт тушаагаагүйг нотолж бичсэн тодорхойлолтыг ямар баримтаар 70,000,000 төгрөг тушаасан нь нотлогдсон баримт гэж үзсэн нь шүүхийн шийдвэрт авагдаагүй, тодорхойлогдоогүй байна. /Х-34 талд буй баримт/

Дээр дурдсан баримтуудаар******* нь Шарнууд трейд ХХК-тай гэрээ байгуулсан, ******* машин захиалах, авах талаар менежер Б.Баянмөнхтэй огт яриагүй,*******-аас халагдсан Б.Баянмөнх нь кассын нярав Д.Ундармааг гуйж Г.Адвингэрэл 2014.03.25-нд 70,000,000 төгрөг төлсөн мэтээр 2014.06.20 доор хуурамч кассын орлогын баримт үйлдүүлсэн зэрэг нь тогтоогддог тул шүүхийн шийдвэрт дурдсан дүгнэлт үндэслэлгүй болох нь нотлогдож байгааг анхаарч үзнэ үү.

4.3. Магадлалд*******-ийн борлуулалтын менежер Б.Баянмөнх нь компаний өмнөөс *******тэй 2014 оны 02-р сард том оврын цистерн маркийн 2 автомашин худалдах, худалдан авахаар амаар харилцан тохиролцож улмаар ******* нь урьдчилгаа төлбөрт өөрийн болон дүү Г.Алтангэрэл, Шарнууд трейд ХХК мөн захирал Г.Батсайхан нарын банк дахь харилцах дансаар дамжуулан харилцагч компанид 70,000,000 төгрөг шилжүүлсэн гэх үндэслэл тогтоогдож байна хэмээн дүгнэж нэхэмжлэлийн шаардлагыг хангасанд гомдолтой байна.

4.3.1. Б.Баянмөнх нь цагдаагийн байгууллагад өгсөн 3 удаагийн мэдүүлэгтээ: Г.Батсайханы нэр дээр олон машин захиалсан байсан бөгөөд урьдчилгаа мөнгийг *******ээс авч өгснийг сүүлд мэдсэн, мөнгөө шилжүүлэхдээ байгууллагынхаа нэр дээр захиалсан гэх мэдүүлэг /Х-69 тал/

4.3.2. Мөрдөгчөөс Б.Баянмөнхөд тавьсан хохирогч ******* мэдүүлэхдээ би машин сонирхож байна гэхэд менежер Баянмөнх гэдэг залуу нь энэ Шарнууд трейд ХХК олон жил машин захиалж байгаа, та энэ хүнтэй хамт нэг захиалга өгчих гэсний дагуу би захиалгаа өгье гээд явсан гэж мэдүүлдэг. Та үүнийг тайлбарлана уу гэсэн асуултанд Б.Баянмөнх хариулахдаа Ийм асуудал болоогүй, хоёр танихгүй хүнийг хамт захиалуулна гэж байхгүй. ******* гэдэг хүн надад машин авна гэж огт хэлээгүй, ******* гэрээ хийгээгүй гэх мэдүүлэг /Х-85-91 тал/ зэргээс менежер Б.Баянмөнхийн зүгээс иргэн *******тэй амаар харилцан тохиролцож гэрээ байгуулсан гэж шүүхийн шийдвэрт дурдсан нь үндэслэлгүй төдийгүй амаар гэрээ байгуулсан гэх байдал хэрэгт огт авагдаагүй.

4.3.3. Хэрэгт буй нотлох баримт болох *******ээс Шарнууд трейд ХХК-ийн 5020504848 тоот дансанд 2014.02.12-нд 1,000,000 төгрөг, 2014.02.17-ны өдөр 19,000,000 төгрөгийг шилжүүлсэн баримтууд нь Автомашин худалдах, худалдан авах гэрээг 2014.03.25-нд байгуулахаас 43 хоногийн өмнө Шарнууд трейд ХХК-ийн дансанд нь хийгдсэн байдаг, гэтэл дээрх 20,000,000 төгрөгийг 43 хоног хадгалж байгаад*******-ийн машины урьдчилгаанд төлсөн, уг мөнгийг *******ийн мөнгө гэж шүүх ямар баримт нотолгоонд тулгуурлан шийдвэрлэж байгаагаа магадлалд дурдсангүйд гомдолтой байна.

4.3.4. Шарнууд трейд ХХК-ийн захирал Г.Батсайхан нь*******-тай байгуулсан гэрээний 7.3 дахь заалтаар урьдчилгаанд төлсөн 70,000,000 төгрөгөө авах боломжгүй нөхцөл байдал үүссэн тул нутгийн дүү *******ээр цагдаад өргөдөл, шүүхэд нэхэмжлэх гаргуулан хөөцөлдөж байгааг дурдахаас аргагүй байна.

******* нь Шарнууд трейд ХХК-ийн дансанд 2014.02.12-нд, 2014.02.17-нд тушаасан нийт 20,000,000 төгрөгөө Шарнууд трейд ХХК-аас нэхэмжлэх болохоос биш огт хамаагүй*******-аас нэхэмжлэх үндэслэлгүйг анхаарч үзнэ үү.

4.3.5. Түүнээс гадна магадлалд өөрийн дүү Г.Алтангэрэлийн харилцах дансаар 50,000,000 төгрөг шилжүүлсэн нь тогтоогдож байна гэснийг зөвшөөрөхгүй байна. Иргэний хэрэгт буй баримтанд *******, Г.Алтангэрэл нарыг төрсөн ах, дүү гэдгийг Улсын бүртгэлийн газраас төрөл, садангийн лавлагаа авч нэхэмжлэгч нотлоогүй байхад шүүх юуг үндэслэн дүү нь 50,000,000 төгрөг тушаасан эдгээр баримтаар урьдчилгаанд 70,000,000 төгрөг тушаасан нь тогтоогдсон гэж нэхэмжлэлийг хангасан нь үндэслэлгүй гэж үзэн гомдолтой байна.

Иргэн ******* нь 2014.06.06-нд 50,000,000 төгрөгийг тоног төхөөрөмжийн үнэ гэж голомт банкаар шилжүүлсэн байдаг ба Г.Авдиигэрэлийн мөнгө гэх үг үсэг бичигдээгүй төдийгүй Шарнууд трейд ХХК-ийн захирал Г.Батсайхан Манай компани урьдчилгаа мөнгөнд бэлнээр 20,000,000 төгрөг, голомт банкаар 50,000,000 төгрөг шилжүүллээ энэ 2 баримтандаа НӨАТ авна гэж НӨАТ-ын падан бичүүлж авснаас гадна машинуудаа Монгол улсын хилээр оруулах гэж шаардаж Улаанбаатар хотод авчруулсан үйл баримтыг шүүх үгүйсгэж няцаагаагүйг анхаарч үзэхийг хүсэж байна.

4.4. Магадлалд нэхэмжлэгч гэрээнээс татгалзсан, харилцагч тал уг автомашиныг бусад этгээдэд худалдсан болох нь тогтоогдсон учир Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсгийн заалтаар нэхэмжлэгч *******ийн гэрээгээр шилжүүлсэн мөнгөн төгрөгийг буцааж төлөх үүрэг харилцагч*******-д үүссэн. Энэ үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 70,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хангаж шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй гомдолтой байна. Учир нь:

4.4.1. Талууд гэрээнээс татгалзаагүй, татгалзах талаар баримт огт байдаггүй.*******-тай Шарнууд трейд ХХК-ийн байгуулсан 2014.03.28-ны Худалдах, худалдан авах гэрээ-нд заагдсан эрх үүргийг******* бүрэн хэрэгжүүлж, захиалсан бүх автомашиныг Монголд оруулж ирсэн нь нотлогддог тул Иргэний Хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1 дэх заалтаар үүрэг гүйцэтгэгч******* үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн тул уг гэрээ нь дуусгавар болсон гэж үзэж байна.

4.4.2. Нэхэмжлэгч Шарнууд трейд ХХК нь Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-д Аль нэг тал нь гэрээнээс татгалзах бол энэ тухай нөгөө талдаа мэдэгдэнэ гэх заалтаар*******-д мэдэгдсэн зүйл байхгүй нь Шарнууд трейд ХХК гэрээнээс татгалзаагүйг давхар нотолно.

4.4.3. Иргэний хуулийн 8 дугаар зүйлд заасан Иргэний эрх зүйн харилцаа үүсэх үндэслэлд дурдагдсан үйл баримтууд нэхэмжлэгч Авдингэрэлийн хувьд тогтоогддоггүй. Мөн Авдингэрэл нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах харилцааг*******-д хандан амаар болон гэрээгээр иргэний эрх үйл баримт байхгүй нь харилцааг үүсгэсэн талаар нотлох баримтгүй байдаг бөгөөд Г.Адвингэрэлээс*******-д машины үнэнд 1 төгрөг шилжүүлсэн гэх баримт байдаггүй тул магадлалд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсгийг баримтлан анхан шатны шийдвэрт өөрчлөлт оруулсан гэснийг зөвшөөрөхгүй гомдолтой байна.

4.4.4. Анхан шатны шүүхийн шийдвэрт хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд, талуудын тайлбар, гэрч Г.Алтангэрэл, Б.Баянмөнх, Д.Ундармаа, Ж.Шагаахүү нарын мэдүүлгүүд болон нэг бүрчлэн дурдсан 12 нотлох баримтаар *******,*******- ийн хооронд автомашин худалдах, худалдан авах, нийлүүлэх, хэлцэл байгуулагдсан, харилцан эрх, үүрэг бий болсон гэх үйл баримт нотлогдоогүй гэж дурдан нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосныг магадлалд ямар нэг баримтаар үгүйсгэж няцаасан баримт тусгагдаагүйг анхаарч үзэхийг хүсэж байна.

Иймд хууль ёсны бөгөөд үндэслэлтэй зөв шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 ХЯНАВАЛ:

 5. Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

 6. Нэхэмжлэгч ******* хариуцагч*******-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн үндэслэлээ ...2014 оны 2 сард тус компаниас автомашин авахаар Шарнууд трейд ХХК-ийн захиалгад хамт бүртгүүлэн, 2014 оны 2 сард 20,000,000 төгрөг, 6 сард 50,000,000 төгрөг, нийт 70,000,000 төгрөгийг урьдчилгаанд шилжүүлсэн бөгөөд захиалсан автомашин хугацаандаа орж ирээгүйгээс гэрээнээс татгалзаж, урьдчилгаа төлбөрөө нэхсэнд одоогоор мөнгө байхгүй байна, орж ирсэн машинаа зараад өгье гэхээр нь итгээд 2017 оны 05 сар хүртэл хүлээсэн. Гэтэл оруулж ирсэн машинуудаа 2015 онд зарж борлуулсан байсныг сүүлд мэдээд залилан мэхэлсэн гэж үзэж цагдаагийн байгууллагад гомдол гаргасан боловч иргэний журмаар шийдвэрлүүлэх нь зүйтэй гээд хэргийг хэрэгсэхгүй болгосон. Иймд автомашин худалдан авахаар шилжүүлсэн 70,000,000 төгрөг, гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас учирсан хохирол 33,401,679 төгрөг, нийт 103,401,679 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэж тайлбарласан бол,

 хариуцагч******* хариу тайлбартаа: ...манай компани иргэн *******тэй ямар нэг гэрээ байгуулж, эрх зүйн харилцаа үүсгээгүй, ******* нь автомашин захиалж, урьдчилгаа төлбөр төлөөгүй тул нэхэмжлэл үндэслэлгүй... гэж маргажээ.

 7. Анхан шатны шүүх зохигчийн хооронд худалдах-худалдан авах гэрээний эрх зүйн харилцаа үүссэн гэх үйл баримт тогтоогдоогүй тул нэхэмжлэгч нь гэрээний үүргийг хариуцагчаас шаардах эрхгүй гэж дүгнэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

 Давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, хариуцагчаас 70,000,000 төгрөгийг гаргуулж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүй, зохигчийн хооронд худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн, нэхэмжлэгч автомашины урьдчилгаа төлбөрийг төлсөн нь баримтаар нотлогдсон, улмаар гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүй үндэслэлээр гэрээнээс татгалзсан тул хариуцагч нь урьдчилгаа төлбөрийг буцаан өгөх үүрэгтэй, харин нэхэмжлэгч нь өөрт учирсан хохирлоо баримтаар нотлоогүй тул хохирол шаардсан хэсгийг хангах боломжгүй гэж дүгнэжээ.

 8. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...зохигчийн хооронд худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүсээгүй, гэрээ байгуулаагүй байхад давж заалдах шатны шүүх нотлох баримтыг үндэслэл бүхий үнэлээгүй, ...иймд магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү... гэжээ. /тодорхойлох хэсгийн 4-т дурдсан/

 9. Нэхэмжлэгч ******* нь 2014 оны 02 дугаар сард түлш тээвэрлэх автомашин сонирхож******* дээр очиж борлуулалтын менежер Баянмөнхтэй уулзаж, тухайн үед адил машин захиалж байсан Шарнууд трейд ХХК-ийн захиалгатай хамтад нь захиалахаар тохиролцож захиалга өгсөн, улмаар автомашины урьдчилгаанд төлсөн 70,000,000 төгрөгийг Шарнууд трейд ХХК болон гүйцэтгэх захирал Г.Батсайханы дансаар дамжуулан*******-д төлсөн, хариуцагч нь автомашиныг хугацаандаа оруулж ирээгүй үндэслэлээр гэрээнээс татгалзаж, урьдчилгаа төлбөрөө нэхэхэд хариуцагчаас нэгэнт оруулж ирсэн автомашинуудыг зарсны дараа өгнө гээд өгөөгүй гэх нэхэмжлэгчийн тайлбар хэрэгт авагдсан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад*******-ийн санхүүгийн баримтад үзлэг хийж: ...иргэн *******, Г.Алтангэрэл нарын тушаасан 20,000,000 төгрөг, 50,000,000 төгрөг*******-ийн санхүүд байгаа боловч хохирогч нарт буцааж төлсөн нь тодорхойгүй байна... гэсэн 2019.12.26-ны өдрийн Мөрдөгчийн магадлагаа, ...******* нь*******-аас түлш тээвэрлэх зориулалт бүхий цистерн машин, чиргүүл 240,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож,******* болон Шарнууд трейд ХХК-ийн хооронд байгуулсан автомашин худалдах-худалдан авах гэрээн дээр нэмж захиалсан, урьдчилгаа 70,000,000 төгрөгийг*******-д төлсөн,******* тээврийн хэрэгслүүдийг БНХАУ-аас оруулж ирсэн боловч ******* нь хугацаандаа нийлүүлээгүй гэсэн үндэслэлээр үлдэгдэл төлбөрөө төлж худалдаж авахаас татгалзан, тээврийн хэрэгслүүдийг зарсны дараа урьдчилгаанд төлсөн мөнгөө буцаан авахаар тохиролцсон боловч******* нь алдагдал хүлээсэн гэж марган мөнгийг буцаан өгөхөөс татгалзсан үйл баримт нотлогдсон... гэх 2020.01.07-ны өдрийн Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай Прокурорын тогтоол, хэрэгт шалгагдсан холбогдох гэрчийн мэдүүлгүүд болон Г.Авидангэрэлээс 2ш автоцистерн машины урьдчилгаа төлбөрт 70,000,000 төгрөгийг төлсөн тухай*******-ийн кассын орлогын ордер /хх-7-19, 67-93, 99-126, 172-180/ зэрэг баримтаар нотлогдсон талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

 Давж заалдах шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй, үнэн зөв талаас нь үнэлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь заалтыг зөрчөөгүй байх тул ...нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүй... гэх хариуцагчийн гомдлыг хангахгүй.

 10. Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ, хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1-д тус тус зохицуулсан.

 11. Давж заалдах шатны шүүх зохигчийн хооронд худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн, худалдан авагч буюу нэхэмжлэгч 2 ширхэг автоцистерн машин худалдаж авахаар урьдчилгаа төлбөрт 70,000,000 төгрөгийг төлсөн болох нь баримтаар нотлогдсон, улмаар гэрээнээс татгалзсан тул шилжүүлсэн хөрөнгөө буцаан шаардсан, худалдагч урьдчилгаа төлбөрийг буцаан төлөх үүрэгтэй гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1-д нийцсэн байна.

 12. Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар хэлцлийг хуульд заасан хэлбэрээр, хуульд заагаагүй бол талууд хэлэлцэн тохиролцож амаар буюу бичгээр хийнэ.

 Хөдлөх хөрөнгө Худалдах-худалдан авах гэрээг заавал бичгээр байгуулах хэлбэрийн шаардлагыг хуульд тухайлан заагаагүй тул*******-ийн борлуулалтын менежер Б.Баянмөнх нь компанийн өмнөөс Г.Авидангэрэлд 2014 оны 02 дугаар сард том оврын цистерн маркийн 2ш автомашин худалдахаар харилцан тохиролцож, автомашины захиалгыг Шарнууд трейд ХХК-ийн захиалгад нэгтгэнэ гэсэн, улмаар ******* нь автомашины урьдчилгаа төлбөрт 70,000,000 төгрөгийг Шарнууд трейд ХХК болон захирал Г.Батсайханы дансаар дамжуулан*******-д шилжүүлсэн, дээрх үйлдлийг нотолж борлуулалтын менежер Б.Баянмөнх нь *******ийг автомашины урьдчилгаанд 70,000,000 төгрөг төлснөөр кассын орлогын ордер бичүүлсэн үйл баримтыг үндэслэн зохигчийн хооронд амаар худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан, нэхэмжлэгч урьдчилгаа төлбөрийг төлсөн нь нотлогдсон гэж давж заалдах шатны шүүх дүгнэсэн нь хэрэгт цугларсан баримтад үндэслэгдсэн байх тул ...зохигчийн хооронд худалдах-худалдан авах гэрээ байгуулагдаагүй тул нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзах боломжгүй, Шарнууд трейд ХХК-тай байгуулсан гэрээ дуусгавар болсон, компани *******ээс мөнгө шилжүүлж аваагүй тул буцаан өгөх төлбөргүй, давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг зөвшөөрөхгүй... талаарх хариуцагчийн гомдол үндэслэлгүй. /тодорхойлох хэсгийн 4.2, 4.3, 4.4/

 13. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй, зохигчийн хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэсэн, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагад нийцсэн байх тул магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж дүгнэв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 1662 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Номинчимэгийн гомдлыг хангахгүй орхисугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагч*******-иас 2020.08.27-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 674,960 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

   

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                П.ЗОЛЗАЯА

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                   Г.АЛТАНЧИМЭГ

 

ШҮҮГЧИД                                С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

                                    Д.ЦОЛМОН

 

                                         Х.ЭРДЭНЭСУВД