Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 184/ШШ2020/01802

 

 

 

 

 

 

 

 

 

                2020           05          28  

                                     184/ШШ2020/01802

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Амин-Эрдэнэ даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Г.А-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: М ХХК-д холбогдох

 

Автомашин авахаар шилжүүлсэн 70,000,000 төгрөг, гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирол 33,401,679 төгрөг, нийт 103,401,679 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Гантулга, түүний өмгөөлөгч Г.Энхболд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Буянтогтох, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бүрэнжаргал, гэрч Б.Баянмөнх, Г.Алтангэрэл, Г.Батсайхан, Д.Ундармаа, Ж.Шагаахүү нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...2014 онд 2 сард Г.А би том оврийн цистерн маркийн автомашин захиалахаар судалж, тухайн үед Шарнууд трейд ХХК надтай адил автомашин захиалахаар болж байсан юм. Улмаар М ХХК-ийн борлуулалтын албаны менежер Баянмөнх нь “Шарнууд трейд ХХК-ийн захирал Батсайхан манайхтай хамт тусгай бэхэлгээ бүхий автомашин захиалах гэж байна, хамт захиалчих” гэсний дагуу 2 автомашиныг цугт нь захиалахаар болсон. М ХХК-д Г.А би захиалга өгөхдөө 20 сая төгрөг урьдчилгаа өгч, автомашин хил дээр ирэхээр 50 сая төгрөг өгөхөөр тохиролцсоны дагуу 50 сая төгрөгийг дүүгээрээ дамжуулж өгсөн. Нийт 70 сая төгрөг өгсөн. 2014 оны 5 сарын 01-нд орж ирэх ёстой байсан боловч 6 сарын 21-ний өдөр автомашин орж ирсэн. Ингээд захиалсан автомашинууд нь ирсэн боловч автомашинуудыг оруулж ирэх ёстой байсан хугацаандаа оруулж ирж чадаагүй тохиролцсон хугацаанаасаа сар хагасын дараа буюу 45 хоногийн дараа оруулж ирсэн. Үүний улмаас тухайн үед миний төлөвлөж байсан ажил хийгдэх боломжгүй болсон бөгөөд М ХХК-д “танай буруугаас болж ийм нөхцөл байдалд орж, ийм асуудал үүслээ” гэсэнд менежер Баянмөнх нь захиралтайгаа ярилцаад хариу өгөхдөө “одоо буцааж өгөх мөнгө алга байна машинуудыг зарж мөнгийг чинь гаргаж өгье” гэхээр нь би итгээд 2017 оны 05 сар хүртэл хүлээсэн.

Тус компанийн менежер Баянмөнх “мөнгө орж ирэхээр өгнө” гэсээр байсан. Гэвч 2017 онд автомашинууд зарагдсан гэдгийг олж мэдээд М ХХК-д мөнгөө авахаар очиход автомашиныг 2015 онд зарсан байсныг надад мэдэгдэлгүйгээр нуун дарагдуулж, миний мөнгийг ашиглан ашиг орлого олсон байсан. Г.А би тус компанийн Захирал Ли Цай Ян, санхүүгийн албаны дарга, ерөнхий нягтлан Ж.Шагайхүү, удирдлагын албаны дарга Р.Буянтогтох нараас удаа дараа мөнгөө шаардсан боловч бие биесээ хаацайлсаар, мөнгийг гаргаж өгөх боломж байсаар байтал надад өгөөгүй.

Улмаар Цагдаагийн байгууллагад хандан өргөдөл гаргаснаар 2017 оны 09 сарын 27-ны өдрийн Монгол улсын ерөнхий прокурорын газрын 170801605 дугаар Прокурорын Тогтоолоор Хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 2020 оны 03 сарын 12-ны өдрийн 1/855 дугаар Улсын ерөнхий прокурорын хэргийг хянаж үзээд гаргасан шийдвэрээр “Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шийдвэрлэх нь зүйтэй” гэж үзэж, тус хэрэг бүртгэлтийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Иймд автомашин худалдан авахаар шилжүүлсэн 70,000,000 сая төгрөг, гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас надад учирсан хохирол болох 33,401,679 төгрөг, нийт 103,401,679 төгрөгийг М ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Иргэн Г.Аийн нэхэмжлэлд “...тухайн үед Шарнууд трейд ХХК надтай адил автомашин захиалахаар болж байсан юм. Улмаар “М” ХХК-ийн борлуулалтын албаны менежер Баянмөнх гэх хүн “Шарнууд трейд” ХХК-ийн захирал Батсайхан машин захиалах гэж байна, хамт захиалчих гэсний дагуу цугт нь захиалахаар болсон” гэсэн нь үндэслэлгүй тул зөвшөөрөхгүй байна. Учир нь:

- “М” ХХК-д иргэн хүн, компани, аж ахуй нэгж байгууллагууд хэрэгцээтэй машины марк, төрөл, тоо зэргийг нь тодорхой тусгасан тус тусдаа гэрээ байгуулж захиалдаг. Менежер Баянмөнх хамт захиал гэж хэлээгүй гэж эрүүгийн хэрэгт мэдүүлсэн байдаг.

- “М” ХХК-д хоорондоо хамааралгүй иргэн, компаний захиалгыг нэгтгэн захиалга хийж байсан тохиолдол огт гарч байгаагүй болно.

- Манай компанид “Шарнууд трейд” ХХК-ийн захирал Г.Батсайхан нь Хаан банкны 2014 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 05129/122 тоот дугаартай 400 сая төгрөгийн зээл судлах боломжтой гэсэн албан бичгийг авчирч үзүүлэн манай зээл найдвартай бүтнэ гэж удаа дараа хүсэлт тавьсаны дагуу “Худалдах, худалдан авах тухай” 2014 оны 03 сарын 28-ны өдөр 14/01 дугаартай гэрээг урьдчилгаа төлбөрийг нь багаар буюу 70,000,000 төгрөгөөр тохирч байгуулсан юм.

- Уг гэрээний 4.1 дэх заалтын дагуу “Шарнууд трейд” ХХК урьдчилгаа төлбөр болох 20,000,000 төгрөгийг 2014 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Шарнууд Трейд ХХК захирал Батсайханаас М ХХК-ийн кассанд бэлнээр 50,000,000 төгрөгийг 2014 оны 6 дугаар сарын 06-ны өдөр Голомт банкны 1701179495 тоот төгрөгийн дансанд Г.Алтангэрэлээс тус тус төлсөн бөгөөд захирал Батсайхан машинаа оруулж ир гэж шаардсан тул 2014 оны 06 дугаар сарын 21-ний өдөр 3 ширхэг чирэгч толгой, 4 ширхэг чиргүүлийг Монгол улсын хилээр оруулж ирсэн. Захирал Батсайхан нь 2014.03.25-д төлөгдсөн урьдчилгаа 20,000,000 төгрөгийн төлбөрт 1,818,182 төгрөгийн НӨАТ-ын падааныг Шарнууд трейд ХХК-ийн нэр дээр 2014.06.30 өдөр бичүүлж авсан байдаг.

- Дээрх баримтуудаас Б.Авдингэрэл гэх хүнтэй манай компани огт холбогдож гэрээ хэлцэл байгуулж 2 ширхэг цистерн машин захиалсан зүйл байхгүй болох нь батлагддаг. Г.А ‘'Шарнууд трейд ХХК”-тай ямар тохиролцоо хийснийг манайх мэдэхгүй.

- Урьдчилгаа төлбөр хийгдсэн тул “Шарнууд трейд ХХК”-ийн захиалсан 3 чирэгч толгой, 4 чиргүүл автомашиныг Монгол улсад оруулж ирсэн боловч “Шарнууд трейд” ХХК-д олгох банкны зээл бүтээгүй гээд аваагүй.

- Манай компани “Шарнууд трейд ХХК”-ийн автомашиныг оруулахад :

  • Гаалийн татварт 19,593,262.74 төгрөг
  • Тээврийн зардалд 3,588,136.36 төгрөг
  • Жолооч нарын хөлсөнд 600,000 төгрөг
  • Бусад зардалд 1,506,085 төгрөг гэх мэт нийт 25,287,484 төгрөгийн зардлыг гаргасан.

Дээрх захиалгаар орж ирсэн автомашинуудыг 2014 оноос 2018 оны хооронд үнийг багасгаж хохирол хүлээж борлуулсан ба манай компанид 77,000,000 төгрөгний хохирол учирсан.

- Гэрээний 7.3 дахь “Худалдан авагч тал нь худалдагч талд захиалсан барааг Улаанбаатар хотод ирэхэд заасан хугацаанд төлбөрөө бүрэн төлж хүлээн авах ба төлбөрөө бүрэн барагдуулаагүй тохиолдолд бараа болон урьдчилгаа төлбөрийг буцаан олгохгүй” заалтаар манай компани хохиролдоо “Шарнууд трейд” ХХК-иас төлсөн 70 сая төгрөгийг авах эрхтэй.

 

Нэхэмжлэлд “Г.А би захиалга өгөхдөө 20 сая төгрөг урьдчилгаа өгч дараа нь дүүгээрээ 50 сая төгрөг дамжуулан өгсөн” гэсэн байх ба үүнийг зөвшөөрөхгүй. Учир нь “М” ХХК-д Г.А гэдэг хүн ямар нэгэн автомашины захиалга өгөөгүй. Г.А гэх хүний нэр дээр 1 ч төгрөг төлөгдсөн баримт байхгүй байхад түүний зүгээс 70 сая төлөгдсөн хэмээн нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй.

Мөн нэхэмжлэгч нь “Автомашин худалдан авахаар шилжүүлсэн 70 сая төгрөг, гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас учирсан хохирол болох 33,401,679 төгрөг, нийт 103,401,679 төгрөгийг “М” ХХК-иас гаргуулж өгнө үү” гэсэн нь үндэслэлгүй тул зөвшөөрөхгүй. Учир нь “М” ХХК болон иргэн Г.А нарын хооронд хийгдсэн ямар нэгэн гэрээ, хэлцэл байхгүй. Г.Атэй тохиролцож гэрээ байгуулаагүй тул гэрээний ямар заалтаар хариуцлага хүлээж,  түүнд хохирол учруулсан гэж 33,401,679 төгрөг төлөх үүрэгтэй мэтээр нэхэмжилсэн нь ойлгомжгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Зохигчдын тайлбар болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Г.А нь “М” ХХК-д холбогдуулан автомашин авахаар шилжүүлсэн 70,000,000 төгрөг, гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирол 33,401,679 төгрөг, нийт 103,401,679 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

 

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...”М” ХХК-иас автомашин худалдан авахаар амаар тохиролцож 20 сая төгрөгийн урьдчилгаа өгч, автомашин хил дээр ирэхэд 50 сая төгрөгийг дүүгээрээ дамжуулан өгч, нийт 70 сая төгрөг өгсөн. Автомашин 2014 оны 5 сарын 01-нд орж ирэх ёстой байсан боловч 6 сарын 21-ний өдөр орж ирсэн ба ирэх ёстой байсан хугацаандаа оруулж ирж чадаагүйн улмаас тухайн үед төлөвлөж байсан ажил хийгдэх боломжгүй болсон, иймд автомашин худалдан авахаар шилжүүлсэн 70,000,000 сая төгрөг, гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас учирсан хохирол болох 33,401,679 төгрөгийг гаргуулна гэж, хариуцагч тал татгалзлын үндэслэлээ ...Г.А гэдэг хүн ямар нэгэн автомашины захиалга өгөөгүй, манайтай гэрээ хэлцэл байгуулаагүй. Ямар гэрээг үндэслэж нэхэмжилж байгаа нь ойлгомжгүй тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэж тус тус тайлбарлан мэтгэлцдэг.

 

Нэхэмжлэгч Г.А нь хариуцагч “М” ХХК-иас том оврын автомашин худалдан авахаар захиалга өгч, 70 сая төгрөг төлсөн, аман хэлцэл байгуулсан гэх хэдий ч Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т “Худалдах худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбооотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан харилцаа талуудын хооронд үүсээгүй учир нэхэмжлэгч Г.А нь хариуцагч “М” ХХК-иас худалдах худалдан авах гэрээний үүргийг шаардах эрхгүй болно.

 

Тодруулбал, нэхэмжлэгч тал нь шаардлагаа нотлоно гээд 1 сая, 19 сая төгрөгийг Г.Аээс Г.Батсайханы данс руу шилжүүлсэн ХААН банкны дэлгэрэнгүй хуулга, 50 сая төгрөгийг Г.Алтангэрэлээс “М” ХХК-ийн данс руу шилжүүлсэн Төрийн банкны дансны хуулга, маргааныг эрүүгийн журмаар шалгуулж байсан тухай прокурорын тогтоол, мэдэгдэх хуудас, 70 сая төгрөгийн кассын орлогын ордер зэрэг бичмэл баримтуудыг шүүхэд гарган өгсөн, “...Г.А би том оврын цистерн машин 2 толгой, 2 чиргүүл М ХХК-иас худалдаж авахаар захиалсан, амаар гэрээ байгуулсан, урьдчилгаа 20 сая, дараа нь хил дээр машин ирэхэд 50 сая төгрөг, нийт 70 сая төгрөг өгсөн. 2014 оны 5 сарын 01-нд машин ирэх ёстой байсан боловч 6 сарын 21-нд хоцорч ирсэн тул төлөвлөсөн ажил хийгдэх боломжгүй болсон. Танай буруугаас боллоо гэхэд машины төлбөрт төлсөн мөнгийг буцааж өгнө гэсэн. Хэлцэл хийснээ бичгээр болон үйлдлээр хүлээн зөвшөөрдөг байсан” гэх тайлбарыг хэлдэг. Хариуцагч талаас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй татгалзсан үндэслэлээ нотлоно гээд хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай прокурорын тогтоол, 20 сая, 50 сая төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, 20 сая төгрөгийн бэлэн мөнгөний орлогын баримт, худалдах худалдан авах гэрээ, ХААН банкны тодорхойлолт, М компанийн санхүүгийн баримтанд хэсэгчлэн үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг бичмэл баримтуудыг гарган “...Авдингэрэлтэй худалдах худалдан авах гэрээ байгуулаагүй. “Шарнууд трейд” ХХК-тай 7 техник буюу 3 толгой, 4 чиргүүлийн гэрээ байгуулсан.  Урьдчилгаа 70 сая төрөгийн 20 сая төгрөгийг тус компаний захирал Г.Батсайхан кассанд тушаасан. Хил дээр автомашинууд ирэх үед Г.Алтангэрэл гэх хүнээс 50 сая төгрөг шилжин ирсэн. Шарнуудын мөнгө гэж ойлгосон, өөрсдөө ч тухайн үед тэгж хэлсэн” гэх тайлбарыг мөн хэлдэг.

 

Эрүүгийн журмаар шалгагдаж байсан, улмаар хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан талаарх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх шалгах ажиллагааны явцад бүрдсэн дээрх баримтууд нь эрүүгийн гэмт хэргийн шинжгүй, иргэний журмаар шийдвэрлэгдэх асуудал болохыг тодорхойлж байх ба иргэний хэрэг маргаанд талуудын хүсэл зориг, үйл баримтыг тогтооход хамаарал бүхий байж болох ч талуудын хооронд худалдах худалдан авах гэрээний үүрэг үүссэн эсэхийг нотлох, үнэлэхэд эргэлзээ бүхий баримтууд байна.  

 

Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд, талуудын тайлбар, гэрчүүдийн мэдүүлэг зэргээс үзэхэд Г.А, “М” ХХК нарын хооронд автомамшин худалдах худалдан авах, нийлүүлэх хэлцэл байгуулагдсан, харилцан эрх, үүрэг бий болсон гэх үйл баримт тогтоогдоогүй бөгөөд

- 2014 оны 2 сарын 12, 2 сарын 17-ны өдрийн Г.Батсайханы дансруу 20 сая төгрөг шилжүүлсэн ХААН банкны дансны хуулга,

- 2014 оны 3 сарын 20-ны өдрийн 05129/122 дугаартай “Шарнууд трейд ХХК нь ХААН банкинд 5129019986 тоот төгрөгийн харилцах данс эзэмшдэг, манай банкны сайн харилцагч, автомашин авахад шаардагдах 400,000,000 сая хүртэлх төгрөгийн зээлийг журмын дагуу судалж үзэх боломжтой” гэх ХААН банкны тодорхойлолт,

- 2014 оны 3 сарын 25-ны өдрийн машины урьдчилгаа 20,000,000 төгрөгийн бэлэн мөнгөний орлогын баримт,

- 2014 оны 3 сарын 25-ны өдрийн хил гаалиар орж ирээгүй автомашины аралын дугаар тэмдэглэгдсэн 70 сая төгрөгийн кассын орлогын ордер,

- 2014 оны 3 сарын 28-ны өдрийн М ХХК болон Шарнууд трейд ХХК нарын хооронд байгуулагдсан “...Хоёр. Гэрээний зүйл, 2.1 чирэгч 3ш, нэг бүрийн үнэ 240,000 юань, түлшний чиргүүл 4ш, нэг бүрийн үнэ 230,000 юань, нийт дүн 1,640,000 юань, Дөрөв: Барааны үнэ, үнийг төлөх, 4.1 Урьдчилгаа 20,000,000 төгрөг буюу түүнтэй тэнцэх хэмжээний юанийг төлөх ба автомашин БНХАУ-ын Эрээн хотод ирэхэд 50,000,000 төгрөг буюу түүнтэй тэнцэх хэмжээний юанийг худалдагч талд төлнө, 4.2 Автомашин Улаанбаатарт ирэхэд худалдан авагч тал нь үлдэгдэл төлбөрийг ХААН банкны лизингээр төлнө” гэх худалдах, худалдан авах гэрээ,

- 2014 оны 6 сарын 6-ны өдрийн Г.Аийн төрсөн дүү Г.Алтангэрэлээс “М” ХХК-ийн дансруу 50 сая төгрөг шилжүүлсэн Төрийн банкны дансны хуулга,

- Талуудын ...2014 оны 6 сарын 21-нд 7 ширхэг том оврын автомашин, чиргүүл хилээр орж ирсэн гэх тайлбар,

- 2014 оны 6 сарын 30-ны өдрийн “Борлуулагч М ХХК, Худалдан авагч Шарнууд трейд ХХК, бараа үйлчилгээний үнэ 18,181,818.18, нэмэгдсэн өртгийн албан татвар 1,818,181.82, нийт дүн 20,000,000, хүлээлгэн өгсөн Гантуяа, хүлээн авсан гаргацгүй гарын үсэг” гэх нэмэгдсэн өртгийн албан татварын падаан,

- 2014 оны 7 сарын 31-ний өдрийн “Борлуулагч М ХХК, Худалдан авагч Шарнууд трейд ХХК, бараа үйлчилгээний үнэ 45,454,545.45, нэмэгдсэн өртгийн албан татвар 4,545,454.55, нийт дүн 50,000,000, хүлээлгэн өгсөн Гантуяа, хүлээн авсан гаргацгүй гарын үсэг” гэх нэмэгдсэн өртгийн албан татварын падаан,

- “...НӨАТ-ын падаан авсан нь үнэн, би өөрөө 21 сая төгрөг бэлнээр өгсөн, 49 сая төгрөг лизигдсэн, ингээд 70 сая төгрөг өгч техникээ авсан” гэх гэрч Шарнууд трейд ХХК-ийн захирал Г.Батсайханы мэдүүлэг,

- 2014 оны 8 сарын 4-ний өдрийн Г.Батсайхан, М ХХК, Голомт банкны хооронд байгуулагдсан 49 сая төгрөгийн санхүүгийн түрээсийн гэрээ /түрээсийн зүйл цистерн, зориулалт чиргүүл/ зэрэг бичмэл баримтууд,

-гэрч Г.Алтангэрэл, Б.Баянмөнх, Д.Ундармаа, Ж.Шагаахүү нарын мэдүүлгээр нэхэмжлэгч талын шаардах эрхийн үндэслэл үгүйсгэгдэж байна.

 

Түүнчлэн нэхэмжлэгч талын шаардлагаа нотлоно гэх Г.Алтангэрэл, Г.Батсайхан нараас шилжүүлсэн Г.Аийн автомашины үнэ гэх 70 сая төгрөгийн Төрийн банкны хуулга болон кассын орлогын баримтын талаар хариуцагч талаас ...”Шарнууд трейд” ХХК гэрээний дагуу урьдчилгаа 70 сая төгрөгөө шилжүүлсэн гэж тайлбарладаг бөгөөд энэ нь Иргэний хуулийн 210 дугаар зүйлийн 210.1-д “Хууль болон гэрээнд үүрэг гүйцэтгэгч үүргээ заавал биечлэн гүйцэтгэхээр заагаагүй буюу үүргийн шинж чанарт харшлахгүй бол үүргийг гуравдагч этгээдээр гүйцэтгүүлж болно” гэж заасантай нийцэх тул дээрх үндэслэлүүдээр хариуцагч талын ...Авдингэрэл автомашины захиалга өгч гэрээ байгуулаагүй, үүрэг хариуцлага үүсээгүй гэх тайлбарыг үндэслэлтэй гэж үзэв.

Иймээс шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь харьцуулан үзэж улмаар нэхэмжлэгч Г.Аээс хариуцагч “М” ХХК-д холбогдуулан гаргасан худалдах худалдан авах гэрээний үүрэгт автомашины үнэд төлсөн 70,000,000 төгрөгийг болон гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохиролд 33,401,679 төгрөгийг, нийт 103,401,679 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг нэхэмжлэгч хариуцагчид холбогдуулан шаардах эрхгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар  “М” ХХК-д холбогдох худалдах худалдан авах гэрээний үүрэгт нийт 103,401,679 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Г.Аийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нэхэмжлэгчийн 674,959 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 184/ШЗ2020/05216 дугаартай шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай захирамжийн үйлчлэл энэ шийдвэр хүчин төгөлдөр болсноор дуусгавар болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Э.АМИН-ЭРДЭНЭ