Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Гочоогийн Банзрагч |
Хэргийн индекс | 128/2018/0778/з |
Дугаар | 98 |
Огноо | 2020-03-27 |
Маргааны төрөл |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2020 оны 03 сарын 27 өдөр
Дугаар 98
Ч.Б нарын нэхэмжлэлтэй, АМГТГ-ын
КХД-д холбогдох захиргааны
хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч: Танхимын тэргүүн М.Батсуурь
Шүүгчид: Б.Мөнхтуяа
Д.Мөнхтуяа
Ч.Тунгалаг
Илтгэгч шүүгч: Г.Банзрагч
Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал
Нэхэмжлэлийн шаардлага: “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын хайгуулын XV-020880 дугаар тусгай зөвшөөрөл олгосон 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 441 дүгээр шийдвэр, 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 111 дүгээр шийдвэрийг хүчингүй болгох”
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 128/ШШ2019/0605 дугаар шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 7 дугаар магадлал,
Шүүх хуралдаанд оролцогч: Нэхэмжлэгч Ч.Б, Г.Э, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.А, өмгөөлөгч Б.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н, Г.Г нарыг оролцуулж,
Гуравдагч этгээдийн төлөөлөгч М.Э-ын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Өмнөх шатны шүүхийн шийдвэр
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 128/ШШ2019/0605 дугаар шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.1.4, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 20.1.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ч.Б, Г.Э, Ц.Х нараас Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзэн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын XV-020880 дугаар тусгай зөвшөөрөл олгосон 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 441, 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 111 дүгээр шийдвэрийг тус тус Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргаас дахин шинэ акт гаргах хүртэл гурван сарын хугацаагаар түдгэлзүүлж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 3 сарын хугацаа тоологдохыг мэдэгдэж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6 дахь хэсэгт зааснаар захиргааны байгууллагаас шүүхээс тогтоосон 3 сарын хугацаанд шинэ акт гаргаагүй бол уг маргаан бүхий актуудыг хүчингүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.
2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 7 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 128/ШШ2019/0605 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасан.
Хяналтын журмаар гаргасан гомдол
3. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 128/ШШ2019/0605 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 7 дугаар магадлалыг гуравдагч этгээдийн зүгээс эс зөвшөөрч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасны дагуу хяналтын журмаар гомдол гаргаж байна.
4. Анхан болон давж заалдах шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2, 106.5-д заасныг тус тус зөрчсөн. Гуравдагч этгээдийн хувьд Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн “Компанийн үүсгэн байгуулагчаар оролцох тухай” 09 дүгээр тогтоолыг баталж, “Т э” ОНӨААТҮГ-ын оролцоотой “Э э” ХХК-ийг байгуулсан байдаг. “Э э” ХХК-ийг Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Тэргүүлэгчдийн Хурлаас байгуулах болсон үндэслэл, шалтгаан нь “Заамар сумын нутаг дэвсгэрт хууль бусаар алт олборлох үйл ажиллагаа явагдаж, түүнийг таслан зогсоох үйл ажиллагаа хангалттай үр дүнд хүрээгүйгээс байгаль орчинд хохирол учруулсаар байгаа тул орон нутгийн тусгай хэрэгцээнд байгаа алтны илэрц бүхий газарт ашигт малтмалын нөөцийг зохих журмын дагуу тогтоож, ашиглах, нөхөн сэргээлтийн ажлыг гүйцэтгэх...” зорилгоор байгуулсан.
5. Ашигт малтмалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Монгол Улсын газрын гадаргуу болон түүний хэвлийд байгалийн байдлаараа оршиж байгаа ашигт малтмал төрийн өмч мөн”, 5.2-т “Төр өмчлөгчийн хувьд энэ хуульд заасан нөхцөл, шаардлага, журмын дагуу ашигт малтмал эрэх, хайх, ашиглах эрхийг бусад этгээдэд олгох эрхтэй”, 9 дүгээр зүйлийн 9.1.3-д “улсын тусгай хамгаалалттайгаас бусад тусгай хэрэгцээний газарт ашигт малтмал эрэх, хайх, ашиглах асуудлыг шийдвэрлэх”, 17 дугаар зүйлийн 17.3-д “Хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн солбицлыг энэ хуулийн 17.2-т заасны дагуу ирүүлсэн зөвшөөрсөн санал болон геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар батална” гэж тус тус заасны дагуу Монгол Улсын Засгийн газар өөрийн эрх хэмжээний дагуу ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайг баталсан.
6. Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 37 дугаар тогтоолоор Төв аймгийн Заамар сумын нутагт байрлах “Өвөр наймганы ам” нэртэй 15541,08 га талбайг сонгон шалгаруулалтын журмаар хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн солбицолд хамруулан нийтэд зарласныг Ашигт малтмал газрын тосны газар нь Ашигт малтмалын тухай хуулийн дагуу хайгуулын тусгай зөвшөөрөл олгох ажиллагааг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн “Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам”-ыг баримтлан хуулийн дагуу зохион байгуулж, “Э э” ХХК нь сонгон шалгаруулалтаар шалгарч, Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 441 дүгээр шийдвэрээр хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмших эрхтэй болсон.
7. Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 326 дугаар “Заамар сумын иргэдийн хүсэлтийн тухай” албан бичгээр Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдад нутгийн иргэдийн саналыг харгалзан үзэж, “Э э” ХХК-д олгосон ХV-020880 дугаар хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайг багасгаж зөвхөн хууль бусаар алт олборлон хөндөгдөж эвдэрсэн газрыг хамруулан тусгай зөвшөөрлийг шинэчлэн олгох асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүссэн” агуулга бүхий хүсэлтийг хүргүүлсэн байна.
8. Уг хүсэлттэй холбоотойгоор “Э э” ХХК-иас Төв аймгийн иргэдийн хүсэл сонирхол, аймгийн удирдлагуудын шийдвэрийг хүндэтгэж, 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 01/26 дугаар албан бичгээр Ашигт малтмал, газрын тосны газарт хандан өөрийн эзэмшлийн ХV-020880 дугаар хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайгаас 11594,16 га талбайг орон нутагт буцаан хүлээлгэн өгч, талбайн үлдэх 3946,91 га талбайд хайгуулын тусгай зөвшөөрлийг шинэчилж өгөх тухай хүсэлтийг гаргасны дагуу Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 111 дүгээр шийдвэрээр “Э э” ХХК-д Төв аймгийн Заамар сумын “Өвөр наймганы ам” нэртэй газарт 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдөр олгосон ХV-020880 дугаар хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайн хэмжээг 3946,91 га болгон багасгаж шийдвэрлэсэн бөгөөд анхан шатны шүүхээс “...ямар үндэслэлээр талбайн холбогдох хэсгийг буцаан авч, 3946,91 га талбайг үлдээсэн нь тодорхойгүй” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.
9. Дээрх үйл баримттай холбоотойгоор хэрэгт Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 2/503 дугаар албан бичгээр “... нэхэмжлэгч 3-н иргэний эзэмшлийн газар нь “Э э” ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайтай давхцалгүй” болохыг нотолсон баримтыг шүүхэд ирүүлсэн. Шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт “...Кадастрын хэлтэс нь ямар үндэслэлээр Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 01/2233 дугаар албан бичгийг хэрэгжүүлээгүйгээр талбайг хасч олгосон нь ойлгомжгүй, ...”Э э” ХХК-д хайгуулын үйл ажиллагаа эрхлэх үйл ажиллагааны чиглэл байхгүй байна” гэж тус тус дүгнэсэн байна. Гэтэл нэхэмжлэгчээс дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэл гаргаагүй, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад маргаагүй болно.
10. Түүнчлэн Ашигт малтмалын хайгуулын үйл ажиллагаа эрхлэхийн тулд Ашигт малтмал, газрын тосны газраас тусгай зөвшөөрөл авах бөгөөд тусгай зөвшөөрлийг авснаар хайгуулын үйл ажиллагаа эрхлэх эрх үүсэж, үүний дагуу улсын бүртгэлд бүртгүүлдэг процесс үйл ажиллагаа юм. Анхан болон давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын тайлбараар маргааныг бүрэн шийдвэрлэх боломжтой, нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол хайгуулын тусгай зөвшөөрлийн улмаас огт хөндөгдөөгүй байхад анхан шатны шүүхээс дахин шинэ акт гаргах хүртэл 3 сарын хугацаагаар актын биелэлтийг түдгэлзүүлсэн нь үндэслэлгүй болсон.
11. Улмаар анхан шатны шүүхийн дүгнэлтийг хуульд нийцүүлэн засах замаар хэргийг шийдвэрлэх боломжтой атал давж заалдах шатны шүүх хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удаашруулж, хууль ёсны дагуу ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 128/ШШ2019/0605 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 7 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
12. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.
13. Учир нь, давж заалдах шатны шүүхийн дүгнэсэнчлэн, анхан шатны шүүх шаардлагатай нотлох баримтыг цуглуулсны үндсэн дээр хэргийн үйл баримтыг бүрэн дүгнэж эцэслэн шийдвэрлэх боломжтой байтал “...нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн...” гэх үндэслэлээр маргаан бүхий актыг түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь буруу юм.
14. Хяналтын шатны шүүхээс анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнээгүй асуудлаар эцсийн шийдэл хийх боломжгүй тул дараах асуудлыг тодруулах шаардлагатай гэж үзлээ. Үүнд:
15. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д заасан нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааны талаар болон маргаан бүхий актын улмаас нэхэмжлэгч иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн хөндөгдсөн буюу нэхэмжлэгч нарын шаардах эрхийн хууль зүйн үндэслэлийг тодруулах нь зүйтэй.
16. Учир нь, маргаан бүхий шийдвэр нь гуравдагч этгээд “Э э” ХХК-д эрх олгосон, эерэг үйлчлэлтэй акт байх тул уг актыг хүчингүй болгуулахаар шаардаж буй этгээдийн хувьд хөөн хэлэлцэх хугацаа болон нэхэмжлэл гаргах эрхийн үндэслэлийг зайлшгүй шалгах шаардлагатай. Тодруулбал, хэн нэгэн этгээдээс бусдад хамааралтай актыг хүчингүй болгуулахаар шаардаж буй тохиолдолд тухайн этгээдийн буюу нэхэмжлэгчийн хувьд хүн бүхэнд хамааралтай Монгол Улсын Үндсэн хуульд заасан үндсэн эрхийг бус харин тусгай хуульд заасан шаардах эрхийг үндэслэх учиртай.
17. Хэрэв анхан шатны шүүх дээрх шаардлагыг хангасан гэж үзвэл, давж заалдах шатны шүүхийн магадлалд заасан хууль зүйн фактуудад, тухайлбал Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн А/129 дүгээр тушаалаар батлагдсан Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам хүчин төгөлдөр үйлчилж байх үед үүссэн эрх зүйн харилцааг хэрхэн дүгнэх, үүний тулд А/129 дүгээр тушаалаар батлагдсан журмыг хүчингүй болгосон Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2018 оны А/28 дугаар тушаалын үндэслэлийг тодруулах, шүүх хүчингүй болсон журмыг хэрэглэх эсэхэд тодорхой дүгнэлт өгөх хэрэгтэй.
18. Мөн, магадлалд заасанчлан “...хууль бус олборлолтод өртсөн талбайн хэмжээг зайлшгүй тогтоох шаардлагатай гэж үзвэл шүүх өөрөө холбогдох нотлох баримтыг цуглуулах, сонгон шалгаруулалтын үр дүнд шалгарсан гуравдагч этгээд нь ашигт малтмалын хайгуулын үйл ажиллагаа явуулах эрхтэй эсэх асуудалд хуулийн дагуу дүгнэлт хийх...”-ээс гадна Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 03 дугаар тогтоолын зорилгыг буюу давж заалдах шатны шүүхийн “... энэхүү тогтоол гарснаар тухайн сумын нутаг “тусгай хэрэгцээнд авсан” тул гадны компанийн тухайд хаалттай болж, харин орон нутагт үүсгэн байгуулагдсан орон нутгийн өмчит болон орон нутгийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүдийн тухайд тухайн газар тусгай зөвшөөрөл эзэмших давуу эрхтэй болжээ. Өөрөөр хэлбэл, аймгийнхаа аж ахуйн нэгж, иргэд, бизнес эрхлэгчдийг дэмжсэн шийдвэр байна. Ийнхүү дүгнэх болсон үндэслэл нь Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2017 оны А/129 дүгээр тушаалаар батлагдсан журмын ...гэсэн заалт батлагдмагц Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 09 дүгээр тогтоолын дагуу “Т э” ОНӨААТҮГ-ын оролцоотойгоор 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр үүсгэн байгуулсан орон нутгийн оролцоотой хязгаарлагдмал хариуцлагатай компанийг үүсгэн байгуулснаар харагдаж байна...” гэсэн дүгнэлтийг холбогдох эрх бүхий этгээдээс тодруулах нь зүйтэй.
19. Дээр дурдсан үндэслэлийг тодруулалгүйгээр гуравдагч этгээдийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын дагуу хяналтын шатны шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул шүүх бүрэлдэхүүн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээхээр тогтов.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 7 дугаар магадлалыг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар гуравдагч этгээдийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН М.БАТСУУРЬ
ШҮҮГЧ Г.БАНЗРАГЧ