Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 210/ма2018/00962

 

 

 

 

 

 

 

 

 

Юсон ХХК, Ш.Мөнхсайхан нарын

нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Ч.Цэнд, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 06ы өдрийн 102/ШШ2018/00440 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Юсон ХХК, Ш.Мөнхсайхан нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Золхайрхан Стелла ХХК, Б.Золтуяа нарт холбогдох,

 

561 728 300 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

125 131 300 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Хариуцагч нарын өмгөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Ш.Мөнхсайхан

Нэхэмжлэгч Юсон ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Ууганбаяр

Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Ж.Базарсад

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ө.Цэрэндэжид

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ж.Энэрэл нар оролцов.

Нэхэмжлэгч Ш.Мөнхсайхан шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Золхайрхан стелла ХХК-ийн эзэмшлийн Баянгол дүүрэг, 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Стелла төв-ийн 3 давхрын 110 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг түрээслэхээр хариуцагч Золхайрхан стелла ХХК-ийн захирал Г.Баясгалантай 2009 оны 9 дүгээр сард харилцан тохиролцож түрээслэсэн. Улмаар уг үл хөдлөх эд хөрөнгийг Золхайрхан стелла ХХК-ийн захирал Г.Баясгалангийн зөвшөөрлийн дагуу О.Баярмагнай, Ч.Бямбасүрэн нартай 2009 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр засварын ажил гүйцэтгэх 090922-1 дүгээр гэрээг байгуулсан. Тус гэрээний 1.1-д заасны дагуу уг 110 м.кв талбайг караокены зориулалтаар 4 өрөөг 1 м.кв талбайг нь 120 000 төгрөг, нийт 13 200 000 төгрөгөөр засах, 4 000 000 төгрөгөөр караокены тавилга худалдан авах, шинээр хийлгэхээр нийт 17 200 000 төгрөгөөр хийж гүйцэтгүүлэхээр тохиролцож үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Удалгүй хариуцагч Золхайрхан стелла ХХК-ийн захирал Г.Баясгалантай харилцан тохиролцсоны үндсэн дээр өөрийн үүсгэн байгуулсан Юсон ХХК-иар хариуцагч Золхайрхан стелла ХХК-тай 2010 оны 02 дугаар сарын 07-ны өдөр ажлын байр түрээслүүлэх 09 дүгээр гэрээг байгуулж, Стелла төв-ийн 3, 4, 5 нь давхарыг түрээслэн үйл ажиллагаагаа явуулсан. Дээрх хугацаанд хариуцагч Золхайрхан стелла ХХК-ийг зүгээс уг үл хөдлөх эд хөрөнгийг бидэнд худалдах санал гаргасныг хүлээн авч 3.5 тэрбум төгрөгөөр худалдах, худалдан авахаар харилцан тохиролцсон. Хариуцагч Золхайрхан стелла ХХК-ийн захирал Г.Баясгалан нь ...та нар нэгэнт худалдан авах юм чинь худалдан авах хүртлээ түрээслэхээ түр зогсоогоод бидэнд түр хүлээлгэн өгөөд гарч бай, би эмчилгээнд явахад мөнгө хэрэгтэй байна, манай гэр бүлийнхэн та нарыг худалдан авах хүртэл ажиллуулж байя гэсэн хүсэлтийг нэхэмжлэгч Юсон ХХК-д тавьсан. Хариуцагч Золхайрхан стелла ХХК-ийн захирал Г.Баясгалантай олон жил хамтран ажиллаж байсан бие биенээ мэдэх болсон, анх түрээсэлж байх үедээ тухайн түрээсэлж буй байрыг худалдан авах хүсэлтэй байсан учир хариуцагч Золхайрхан стелла ХХК-ийн захирал Г.Баясгалангийн хүсэлтийг хүлээн авч хоёр тал Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах хэлцлийн баталгааны баримт бичиг-ийн 130205-01 тоот гэрээг 2013 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хариуцагч Б.Золтуяатай нэхэмжлэгч Ш.Мөнхсайхан, Б.Баясгалан нар нь гэрээг байгуулсан. Дээрх түрээсэлж байсан Стелла төв-ийн байр нь хариуцагч Б.Золтуяагийн нэр дээр бүртгэлтэй, нэг хүний өмчлөлийн үл хөдлөх хөрөнгө байсан.

Хариуцагч Золхайрхан стелла ХХК-ийн захирал Г.Баясгалангийн хүсэлтийг хүлээн авч түүнд итгэсний үндсэн дээр 2013 оны 02 дугаар сарын 08-ны өдөр түрээсэлж буй байрыг нэхэмжлэгч Юсон ХХК тавилга, тоног төхөөрөмж, эд хогшилтой нь хариуцагч талд хүлээлгэн өгч гарсан. Хоёр талын байгуулсан Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах хэлцлийн баталгааны баримт бичиг-ийн 130205-01 тоот гэрээний 8.1-д заасны дагуу 2013 оны 7 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл тус гэрээний 2.3-т зааснаар хариуцагч тал баталгааны хугацаанд дээрх үл хөдлөх эд хөрөнгийг худалдах саналаасаа татгалзахгүй байх үүрэг хүлээсэн боловч хариуцагч тал 130205-01 тоот баталгааны баримт бичгийн гэрээний хугацаа дуусаагүй байхад нэхэмжлэгч талын хөрөнгө оруулалт хийж засварласан байранд гуравдагч этгээдүүдийг оруулан давхар түрээслүүлж, улмаар биднээс зөвшөөрөл авалгүй засвар хийсэн талбайнуудыг дур мэдэн нурааж өөр зориулалтаар ашиглах болсон. Мөн нэхэмжлэгч Юсон ХХК -ийн эд хөрөнгө, тоног төхөөрөмжийг нэхэмжлэгч биднээс зөвшөөрөл авалгүй ашиглан өнгөрсөн хугацаанд ашиг орлого олон одоог хүртэл ажиллуулсаар байна. Нэхэмжлэгч нарын зүгээс хариуцагч Золхайрхан стелла ХХК-д болон иргэн Б.Золтуяа нарт хандан 2013 оны 02 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан 130205-01 тоот гэрээний дагуу Баянгол дүүргийн 4 дүгээр хороонд байрлах Стелла төв-ийн барилгыг гэрээнд заасан 3.5 тэрбум төгрөгийг ямар дансанд шилжүүлэх, үл хөдлөх эд хөрөнгийн лавлагааны мэдээллийг шинэчлэн гаргаж өгөхийг 2013 оны 3 дугаар сараас хойш хариуцагч талд удаа дараа албан ёсоор тавьж байсан боловч хариуцагч тал 2013 оны 7 дугаар сарын 31-ний өдөр нэхэмжлэгч талд хандан Баянгол дүүргийн 4 дүгээр хороонд байрлах Стелла төв-ийн барилгыг нэхэмжлэгч бидэнд худалдахгүй болсныг мэдэгдэж, хоёр талын байгуулсан 2013 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 130205-01 тоот баталгааны гэрээний 2.3, 8.1 дэх заалтыг ноцтой зөрчсөн. Талуудын байгуулсан 2013 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 120205-01 тоот Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах хэлцлийн баталгааны баримт бичиг-ийн 1.1, 1.2, 2.1, 2.3, 8.1 дэх заалтуудыг хариуцагч Золхайрхан стелла ХХК-ийн захирал Г.Баясгалан болон хариуцагч Б.Золтуяа нар нь ноцтой зөрчиж, нэхэмжлэгч Ш.Мөнхсайхан, Б.Баясгапан нарт Стелла төвийн барилгыг худалдаагүй тул тус гэрээний 5.3 /талууд баталгааны баримт бичгийн эрх үүргээ зөрчсөн тохиолдолд буруутай тал шүүхийн өмнө хариуцлага хүлээж худалдаж худалдан авахаар тохиролцсон үнэ болох 3 500 000 000 төгрөгийн нийт үнийн дүнгийн 3 хувьтай тэнцэх хэмжээний дүнг буруутай талдаа маргаангүй төлөх үүрэгтэй/, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.5 дахь хэсэгт заасны дагуу торгууль 105 000 000 төгрөгийг төлөх нь хууль зүйн үндэслэлтэй болно. Хариуцагч нарын нэхэмжлэгч Ш.Мөнхсайхан, Б.Баясгалан нартай байгуулсан 2013 оны 02 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан 130205-01 тоот гэрээний 2.3, 2.4, 2.5, 8.1-д заасныг зөрчиж Стелла төв-ийн барилгыг гэрээний үйлчлэх хугацаанд худалдаагүй, мөн хариуцагч Золхайрхан стелла ХХК нь нэхэмжлэгч нарыг хууран мэхлэх замаар нэхэмжлэгч нарын өөрсдийн хөрөнгөөр засвар хийж тохижуулсан түрээсийн байрнаас гаргаснаас нэхэмжлэгч талд их хэмжээний хохирол учирсан. Нэхэмжлэгч Ш.Мөнхсайхан нь хариуцагч Золхайрхан стелла ХХК-ийн эзэмшлийн Стелла төв-ийн 3 давхарын 110 м.кв талбайг караокены зориулалтаар ашиглахаар хариуцагч Золхайрхан стелла ХХК-ийн захирал Г.Баясгалантай 2009 оны 9 дүгээр сард харилцан тохиролцож түрээслэсэн. Хоёр талын байгуулсан хүчин төгөлдөр бус гэрээний дагуу тус үл хөдлөх эд хөрөнгөд нэхэмжлэгч нь 17 200 000 төгрөгийн засварын зардал гаргасан. Иймд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1-д заасны дагуу хүчин төгөлдөр бус гэрээний дагуу зарцуулсан засварын зардал 17 200 000 төгрөг, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.5 дахь хэсэгт зааснаар 2013 оны 02 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан 130205-01 тоот гэрээний 2.3, 2.4, 2.5, 8.1 дэх заалтыг ноцтой зөрчсөн тул тус гэрээний 5.3-т заасны дагуу торгууль 105 000 000 төгрөг, нийт 122 200 000 төгрөгийг хариуцагч Золхайрхан стелла ХХК болон хариуцагч Б.Золтуяа нараас гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Юсон ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Юсон ХХК нь хариуцагч Золхайрхан стелла ХХК-ийн эзэмшлийн Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Стелла төв-ийн зарим хэсгийг болон бүхэлд нь түрээслэж үйл ажиллагаа явуулах зорилгоор 2010 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Золхайрхан стелла ХХК-ийн захирал Г.Баясгалантай ажлын байр түрээслүүлэх тухай 09 тоот гэрээг Юсон ХХК-ийн нэрээр байгуулсан. Уг гэрээгээр нийт 982 м.кв талбайг сарын 7 000 000 төгрөгөөр, гэрээний 4.5-д заасны дагуу 3 жилийн хугацаагаар түрээслэхээр болсон. 2011 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Золхайрхан стелла ХХК-ийн захирал Г.Баясгалантай үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээ-г байгуулсан. Нийт 1339.8 м.кв талбай бүхий 5 давхар барилгыг сарын 15 000 000 төгрөгөөр, 10 жилийн хугацаатай түрээслэхээр болж талууд тамга, тэмдгээ дарж баталгаажуулсан. Золхайрхан стелла ХХК-ийн захирал Г.Баясгалантай харилцан тохирч, цаашдаа байрыг худалдан авах зорилготой байсан тул урт хугацааны буюу 10 жилийн түрээсийн гэрээг байгуулсан. Нэхэмжлэгч Юсон ХХК нь хоёр талын байгуулсан дээрх хоёр гэрээний дагуу эрх зүйн харилцаанд орж, түрээслэж буй талбай тус бүр дээр нь үйл ажиллагааны чиглэл, зорилгын дагуу орчин үеийн хэлбэрт оруулан засвар хийж, өөрийн эд хөрөнгөөр тохижуулсан бөгөөд дээрх гэрээнүүдийг байгуулсантай холбоотойгоор 2010 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн ажлын байр түрээслүүлэх тухай 09 тоот гэрээний дагуу 3 давхарын зүүн жигүүрийн 330 м.кв талбай бүхий 10 өрөөг караокены зориулалтаар засварлахаар 2010 оны 02 дугаар сарын 08-ны өдөр бусадтай 100208-1 тоот гэрээг байгуулсан. Нийт засварын ажил нь 52 800 000 төгрөг болсон. Өрөөнүүдэд тохирсон сандал, ширээ, буйданг захиалгаар хийлгэхэд 10 000 000 төгрөг, нийт 62 800 000 төгрөгийн зардлыг Юсон ХХК гаргасан. Мөн 4 давхарын 120 м.кв талбайг гоо сайхан, массажны зориулалтаар засварлуулахаар 2010 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр засварын ажил гүйцэтгэх 100920-2 тоот гэрээг байгуулж, нийт 27 000 000 төгрөгийн зардал гаргасан. Мөн 2011 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээ-ний дагуу 1 давхарын 340 м.кв талбайг диско клубын зориулалтаар, 2 давхарын 330 м.кв талбайг Европ, Монгол хоолны рестораны зориулалтаар засварлуулахад 137 350 000 төгрөгийн зардал гарсан. Мөн 4 давхарын 330 м.кв талбай, 10 өрөөг караокены зориулалтаар засварлуулахад 49 500 000 төгрөг гарсан. Ингээд нийтдээ Юсон ХХК-ийн зүгээс нийт өөрсдийн тооцоогоор 276 650 000 төгрөгийн зардал гарсан. Нэхэмжлэгч Юсон ХХК нь хариуцагч талтай байгуулсан түрээсийн гэрээний дагуу түрээслэсэн талбайг засварлахад хариуцагч Золхайрхан стелла ХХК-ийн захирал Г.Баясгалангаас 2011 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн албан бичгээр зөвшөөрөл авсны дагуу засварын ажлыг хийж гүйцэтгэсэн болно. Хоёр талын байгуулсан 2011 оны 12 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан түрээсийн гэрээнд хариуцагч Золхайрхан стелла ХХК-ийн захирал Г.Баясгалан нь гарын үсгээ зураагүй ч компанийн тамга, тэмдгээ дарж баталгаажуулан нотариатаар батлуулсан бөгөөд энэ нь Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2-т заасан хэлбэрийн шаардлага хангаагүй ч талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болох хариуцагч тал өөрийн эзэмшлийн хөрөнгийг түрээслүүлж ашиг олох, нөгөө талаас түрээслэгч тал болох Юсон ХХК нь түрээсийн эд хөрөнгийг хүлээлгэн өгөхийг түрээслүүлэгч Золхайрхан стелла ХХК-иас шаардаж, түрээсийн төлбөр төлөх харилцан эрх үүрэг хүлээж, хариуцагч нь нэхэмжлэгчид түрээсийн эд зүйл болох Стелла төвийн 1339.8 м.кв талбайг хүлээлгэн өгсөн. Нэхэмжлэгч Юсон ХХК нь хоёр талын байгуулсан 10 жилийн түрээсийн гэрээний 3.1-д заасны дагуу сар бүрийн түрээсийн төлбөр 15 000 000 төгрөгийг төлж байсан зэргээс үзэхэд талуудын хүсэл зоригийн илэрхийллийн дагуу дээрх 10 жилийн түрээсийн гэрээ байгуулж бодитой хэрэгжсэн хүчин төгөлдөр гэрээ гэж үзэхээр байна. Мөн нөгөө талаас нэхэмжлэгч талын түрээсэлж буй хариуцагч талын эзэмшлийн Стелла төв-ийн үйлчилгээний зориулалттай барилга нь нийт 2210 м.кв талбайтай, Ү-2205031867 тоот үл хөдлөх эд хөрөнгийн нэг гэрчилгээтэй барилга бөгөөд нэхэмжлэгч Юсон ХХК нь хариуцагч Золхайрхан стелла ХХК-тай байгуулсан 2011 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн үл хөдлөх хөрөнгө түрээслэх гэрээний 1.2-т нийт 1339.8 м.кв талбайг түрээслэхээр харилцан тохиролцсон бөгөөд нэг үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээтэй барилгын тодорхой нэг хэсгийг түрээсэлж байгаа тохиолдолд эд хөрөнгийн улсын бүртгэлийн газар бүртгүүлэх боломжгүй. Нэхэмжлэгч Юсон ХХК-ийн зүгээс дээрх засварын зардлаас гадна нийт 157 878 300 төгрөгийн зардлыг уг обьектод зориулан зарцуулсан. Хариуцагч Золхайрхан стелла ХХК-ийн захирал Г.Баясгалан нь түрээслэж буй 5 давхар үл хөдлөх эд хөрөнгийг нийт 3.5 тэрбум төгрөгөөр худалдана гэж үл хөдлөх хөрөнгийн худалдан авах хэлцлийн баталгааны гэрээг байгуулан түрээсийн барилгаас хууран мэхэлж гаргасан. Тухайн үед түрээслэж буй барилгаас гарахдаа өөрийн бүх эд хөрөнгийг үлдээгээд гарсан бөгөөд хариуцагч Золхайрхан стелла ХХК нь нэхэмжлэгч Юсон ХХК-иас зөвшөөрөл авалгүйгээр Юсон ХХК-ийн хийсэн засварыг нурааж, дотор нь байсан нэхэмжлэгч компанийн эд хөрөнгийг хүлээлгэн өгөлгүйгээр бусдад ашиглуулах, устгах зэргээр нэхэмжлэгч Юсон ХХК-ийг хохироосон. Хариуцагч Золхайрхан стелла ХХК нь хоёр талын байгуулсан 2011 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 10 жилийн хугацаатай байгуулсан үл хөдлөх хөрөнгө түрээслэх гэрээний 8.1-д заасан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсан байх тул нэхэмжлэгч Юсон ХХК-ийн зүгээс тус гэрээний 8.2, Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.2.5-д заасны дагуу өөрийн түрээсийн байранд үйл ажиллагаа явуулахын тулд засвар хийсэн засварын зардал болох нийт 276 650 000 төгрөг, үйл ажиллагаа явуулахад хөрөнгө оруулалт хийсэн тоног төхөөрөмж болон гал тогоо, караокены тоног төхөөрөмж гэх мэт зүйл худалдан авахад зарцуулсан зардал нийт 157 878 300 төгрөг, нийт 434 528 300 төгрөгийн бодит хохирол учраад байгаа бөгөөд учирсан хохирлыг бүрэн барагдуулах нь хууль зүйн бүрэн үндэслэлтэй. Иймд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 318.5 дахь хэсэгт, мөн хуулийн 289 дүгээр зүйлийн 289.2.5 дахь хэсэг, 2011 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 10 жилийн хугацаатай байгуулсан үл хөдлөх хөрөнгө түрээслэх гэрээний 1.1, 2.1, 8.2-т заасны дагуу үйл ажиллагаа явуулахад зарцуулсан засвар болон үйл ажиллагаа явуулахад зайлшгүй шаардлагатай тоног төхөөрөмж бусад зүйлийг худалдан авахад зарцуулсан зардал нийт 434 528 300 төгрөгийг хариуцагч Золхайрхан стелла ХХК-иас гаргуулж өгнө үү. Өмгөөлөгчийн хөлсөнд урьдчилгаанд төлсөн 5 000 000 төгрөг гаргуулах шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.

 

Хариуцагч Б.Золтуяа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Хэдийгээр талууд Стелла төв-ийн 3 давхрын 110 м.кв талбайг караокений зориулалтаар түрээслэх хэлцлийг бичгээр байгуулах, үл хөдлөх хөрөнгийн газар бүртгүүлэх хуулийн шаардлагыг хангаагүй ч талуудын хүсэл зориг нь уг түрээсийн байрыг түрээслэх, түрээслүүлэх байсан. Энэхүү хүсэл зоригийн дагуу Ш.Мөнхсайхан нь Стелла төв-ийн 3 давхрын 110 м.кв талбайг караокений зориулалтаар түрээслэж, засвар хийн үйл ажиллагаа явуулж, ашиг олж байсан бөгөөд түрээсийн гэрээ бодитоор хэрэгжсэн нь нотлогдож байна. Мөн нэхэмжлэгч Ш.Мөнхсайхан нь 2009 оны 9 дүгээр сард Баянгол дүүрэг, 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Стелла төв-ийн 3 давхрын 110 м.кв талбайг түрээслэж байгаад 2010 онд Юсон ХХК байгуулж, уг төвийн 3 давхарын түрээслэж байсан талбайгаа томсгон 460 м.кв болгон 2010 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Золхайрхан стелла ХХК-тай Ажлын байр түрээслүүлэх гэрээ-г байгуулж 3 жил ашигласан болох нь зохигчдын тайлбар болон байгуулсан гэрээгээр нь нотлогдож байна. Гэрээний талуудын хүсэл зориг бодитоор хэрэгжсэн тул Золхайрхан стелла ХХК 2009 онд хийгдсэн 17 200 000 төгрөгний засварын зардлаар үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэл байна. 2013 оны 02 дутаар сарын 05-ны өдрийн 120205-01 тоот Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах хэлцлийн баталгааны баримт бичиг нь Ш.Мөнхсайхан, Ш.Баясгалан, Б.Золтуяа нарын хооронд хийгдсэн дүр үзүүлэн хийсэн хэлцэл болох нь Б.Золтуяад мөнгө хүлээлгэн өгсөн баримт, худалдах, худалдан авах хэлцлийг цуцалж мөнгийг буцаан өгсөн баримтуудаар нотлогдож байна. Иймд Золхайрхан стелла ХХК болон Ш.Мөнхсайхан нарын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлд зааснаар иргэний эрх зүйн харилцаа үүсээгүй тул Золхайрхан стелла ХХК-иас 105 000 000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргах үндэслэлгүй байна. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1. 492.1.1-д зааснаар хүчин төгөлдөр бус гэрээний дагуу зарцуулсан засварын зардал 17 200 000 төгрөг, мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.5, 2013 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 120205-1 тоот Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах хэлцлийн баталгааны баримт бичиг ийн 2.3, 2.4, 2.5, 8.1 дэх заалтыг зөрчсөн хэмээн үзэж Б.Золтуяагаас гэрээний 5.3-т заасан торгууль 105 000 000 төгрөг, нийт 122 200 000 төгрөгийг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Ш.Мөнхсайхан хариуцагч Золхайрхан стелла ХХК-тай байгуулсан түрээсийн гэрээний харилцаатай холбоотой байх бөгөөд түрээслэж буй талбайд үйл ажиллагааны чиглэл, зорилгын дагуу 17 200 000 төгрөгний засвар хийсэн болох нь нэхэмжлэгч Ш.Мөнхсайханы шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдож байна. Б.Золтуяа нь Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, 2 дугаар хорооллын нутаг дэвсгэрт байрлалтай Ү-2205031867 дугаар бүхий улсын бүртгэлийн гэрчилгээтэй, нийт 2240 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч, 2013 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Ш.Мөнхсайхан, Б.Баясгалан нарын гуйлтаар тэднийг бусдаас зээл авахад нь зориулж үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах хэлцлийн баталгааны баримт бичиг нэртэй хэлцлийг дүр үзүүлэн хийсэн бөгөөд мөн уг хэлцэлдээ зориулж 1 620 000 000 төгрөгийг бэлнээр 2013 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүлээлгэн өгсөн мэтээр 2013 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн акт үйлдсэн гэж тайлбарладаг. Б.Золтуяа нэгэнт дээрх мөнгийг аваагүй, өөрийн эд хөрөнгийг худалдах, Ш.Мөнхсайхан, Б.Баясгалан нар ч худалдан авах хүсэл сонирхол байгаагүй дүр үзүүлсэн хэлцлийг хийсэн болох нь тухайн дүр үзүүлэн хийсэн хэлцлийн дагуу Ш.Мөнхсайхан, Б.Баясгалан нарт өгсөн гэх 1 620 000 000 төгрөгийг тэдэнд буцааж хүлээлгэн өгсөн акт гэх баримтаар нотлогдож байна. Түүнчлэн энэ үйл явдал нь 1 дүгээр хавтаст хэргийн 162 дугаар хуудсанд буй Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах хэлцэл нь нотариатчийн бүртгэлийн 203-т, 166 дутаар хуудсанд буй Б.Золтуяад мөнгө хүлээлгэн өгсөн баримт 204-т, 165 дугаар хуудсанд буй худалдах, худалдан авах хэлцлийг цуцалж мөнгийг буцаан өгсөн баримт 205-д бүртгэгдсэн байдлаар нэг цаг хугацаанд хийгдсэн баримтуудаар нотлогдож байна. Ш.Мөнхсайхан, Б.Баясгалан нар нь нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангасан нэхэмжлэлийг шүүхэд гаргаагүй байхад Ш.Мөнхсайханыг хамтран нэхэмжлэгчээр татсан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчилд хамаарч байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Золхайрхан стелла ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд гаргасан тайлбартаа: Юсон ХХК болон Золхайрхан стелла ХХК-ийн хооронд 2011 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгө түрээслэх гэрээ-ний харилцаа үүссэн хэмээн уг гэрээнээс учирсан хохиролд 434 528 300 төгрөгийг нэхэмжилж байх боловч энэхүү гэрээний харилцаа үүсээгүй, хүчин төгөлдөр бус хэлцэл бөгөөд гэрээг гэрчилсэн нотариатын үйлдэл хууль зөрчсөн байна. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгож буй 2011 оны 12 дугаар сарын 12-ны Үл хөдлөх хөрөнгө түрээслэх гэрээ бичгээр хийх гэрээ бөгөөд талууд гарын үсэг зурснаар уг гэрээг байгуулсан гэж үзнэ. Мөн 2011 оны 12 дугаар сарын 12-ны Үл хөдлөх хөрөнгө түрээслэх гэрээ-ний 1 дүгээр зүйлийн 1.5-д Энэ гэрээ нь талууд харилцан гарын үсэг зуран, байгууллагын тэмдэг дарж, хүчин төгөлдөр үйлчлэх... хэмээн тухайн гэрээ ямар нөхцөлд хүчин төгөлдөр болох талаар тодорхой заасан байна. Нэхэмжлэлийн үндэслэл болгож байгаа уг гэрээнд түрээслүүлэгч гэсэн хэсэгт Золхайрхан стелла ХХК-ийн төлөөлөгчийн гарын үсэг зурагдаагүй байна. Түүнчлэн Золхайрхан стелла ХХК-ийн зүгээс ийм гэрээ байгуулагдаагүй гэж тайлбарлаж байгааг нэхэмжлэгч ут тайлбарыг тодорхой баримтаар нотлон үгүйсгэж чадаагүй байна. Нэхэмжлэгчийн шүүхэд гарган өгсөн 2011 оны 12 дугаар сарын 12-ны өдөр байгуулагдсан гэх Үл хөдлөх хөрөнгө түрээслэх гэрээ-г Баянгол дүүргийн тойргийн 346 тамганы дугаартай нотариатч Н.Алдар гэгч гэрчилж, тамга дарсан байдаг бөгөөд Нотариатын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.1, 21.3.3, 34 дүгээр зүйлийн 34.1, 46 дугаар зүйлийн 46.2, 46.2.1, 46.3, 46.9, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2011 оны 171 дүгээр тушаалаар батлагдсан Нотариатын үйлдэл хийх заавар-ын 2 дахь хэсгийн 2.2, 5 дугаар зүйлийн 5.5 дахь заалт тус тус зөрчиж гэрчилсэн нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байна. Тухайн үйлдлийг хийсэн нотариатч Н.Алдар нь нас барсан тул түүнд холбогдуулан нэхэмжлэл гаргах боломжгүй болоод байгаа. Гэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтуудаар 2011 оны 12 дугаар сарын 12-ны өдөр байгуулагдсан гэх Үл хөдлөх хөрөнгө түрээслэх гэрээ-д гэрээг гэрчилсэн тамга, тэмдэг дарсан үйлдлийнх хууль зүйн үр дагаврын талаар үнэлэлт дүгнэлт өгөх боломжтой байна. Дээр дурьдсан үндэслэлүүдээр 2011 оны 12 дугаар сарын 12-ны Үл хөдлөх хөрөнгө түрээслэх гэрээ гэх баримт нь Иргэний хуулийн 8 дугаар зүйлд заасан иргэний эрх зүйн харилцаа үүссэн гэж үзэх үндэслэл болохгүй тул тухайн гэрээг үндэслэн 434 528 300 төгрөгийг нэхэмжилж байгаа нь хуульд нийцээгүй байна. Юсон ХХК болон Золхайрхан стелла ХХК-ийн хооронд 2010 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 3 жилийн хугацаатай Ажлын байр түрээслэх гэрээ байгуулагдаж, уг гэрээний харилцаа 2013 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хүртэл үргэлжилсэн бөгөөд түрээслэгч Юсон ХХК түрээсийн байрнаас 2013 оны 02 дугаар сарын 08-ны өдөр өөрөө гарсан нь уг гэрээ тус өдөр дуусгавар болсныг бодит үйлдлээрээ хүлээн зөвшөөрсөн.

Нэгэнт гэрээгээр тохирсон тул засвар хийх шаардлагатай тохиолдолд зөвшөөрөл авах шаардлага ч гараагүй, засварын ажил хийх талаар зөвшөөрөл ч авч байгаагүй ба зөвшөөрөл авсан талаарх нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй, нэхэмжлэгч энэ тайлбараа баримтаар нотлоогүй байна. Хэдийгээр Юсон ХХК нь Золхайрхан стелла ХХК-ийн захирал Г.Баясгалангаас түрээслэж буй барилгад засвар хийх асуудлаар зөвшөөрөл авсан гэх баримтыг шүүхэд гаргаж өгсөн гэж тайлбарладаг боловч уг баримтын эх хувь нь байхгүй, уг баримт бичиг дээрх гарын үсгийг Г.Баясгаланг өөрийнх нь гэдгийг хүлээн зөвшөөрдөггүй. Нэхэмжлэгч нар уг баримтын эх хувийг алга болгосон гэж удаа дараа тайлбарлаж байсан атлаа нотариатаар гэрчлүүлсэн нь тухайн баримтыг хуулийн шаардлага хангасан баримт гэж үзэх боломжгүй. Тухайн бичигт зурагдсан Г.Баясгалангийн гэх гарын үсэг нь хэрэгт авагдсан бусад баримтууд дээрх түүний гарын үсгээс эрс ялгаатай байдлыг тодруулах зорилгоор 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр, 2017 оны 8 дугаар сарын 03-ны өдөр тус тус 325 дугаартай нотариатчийн 2014 оны Хуулбарын дэвтэр-т үзлэг хийлгүүлэх, нотариатч Б.Батсүрэн, С.Алтанзаяаг гэрчээр асуулгах хүсэлт гаргасныг шүүх хүлээн аваагүй. Уг баримтын эх хувь байхгүй учир Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д зааснаар шинжээч томилж, шинжилгээ хийлгэх боломжгүй байгаа. Нэхэмжлэгч Юсон ХХК -ийн нэхэмжлэлд 2010 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн Ажлын байр түрээслэх гэрээ-ний хугацаанд засварын зардалд 79 800 000 төгрөг, тавилга, сандал, ширээ, буйдан хийлгэхэд зарцуулсан 10 000 000 төгрөг, нийт 89 800 000 төгрөгийг зарцуулсан хэмээн нэхэмжилсэн. Дээрх зардал нь Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.2.5-д заасан засан сайжруулахад гарсан зайлшгүй зардалд хамаарахгүй юм. Учир нь ...зайлшгүй зардал... гэдэгт тухайн эд хөрөнгийг бүрэн бүтэн байлгах, гэрээнд заасан нөхцөлөөр ашиглахад шаардагдах зардал хамаарна.

Шүүх хариуцагчийн гаргасан хүсэлтийг үндэслэн 2017 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн шинжээч томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай 102/11132017/10371 тогтоолын дагуу Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутагт байрлалтай Стелла төв-ийн байранд байгаа тавилга, тоног төхөөрөмж, рестораны эд хогшлын үнэлгээг гаргуулахаар Хөрөнгийн үнэлгээний төв ХХК, Барилгын төсөв, хөрөнгийн үнэлгээ ХХК-ийг тус тус томилсон. Уг захирамжийн дагуу шинжээчид 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 798 дугаар бүхий Шинжээчийн дүгнэлт, 2017 оны 12 дутаар сарын 04-ний өдрийн 003/2017 дугаар дүгнэлтийг тус тус гаргасан байна. 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 798 дугаар шинжээчийн дүгнэлтийн Гуравт ..хөрөнгийг хэргийн материалд байгаа, төрөл, тоогоор авлаа гэсэн байх бөгөөд энэ нь өмнөх шинжээчийн 2015 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 173 дугаар дүгнэлтийн хавсралт дахь материалыг уг шинжилгээний объект болгосон. 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 003/2017 дугаар дүгнэлт нь 2014 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 082 дугаар дүгнэлтийг үндэслэсэн байх ба уг шинжилгээний объект болгосон шинжээчдийн дүтнэлтүүд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2, Шүүхийн шинжилгээний тухай хүулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн болох, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт зааснаар нотлох чадвараа алдах болохыг тогтоосон. Гэтэл шинжээчид нь уг эрх бүхий бус этгээдийн болон нотлох чадвараа алдсан тайланд үндэслэж дүгнэлт гаргасан нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4.3-т заасныг зөрчсөн. Мөн шүүх шинжээч томилохдоо анх дүгнэлт гаргасан Хөрөнгийн үнэлгээний төв ХХК болон Барилгын төсөв, хөрөнгийн үнэлгээ ХХК-ийг дахин томилсон нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2-т дахин шинжилгээ хийхэд энэ хуулийн 20.1-д заасан дүгнэлтийг гаргасан буюу гаргахад оролцсон шинжээчийг оролцуулахыг хориглоно гэж заасныг зөрчсөн гэжээ.

 

Хариуцагч Золхайрхан стелла ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Түрээсийн байрыг хүлээлгэн өгөхдөө манай компани нь нийт 238 465 800 төгрөгийн үнэ бүхий тавилга, тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгсөн. Гэрээний хугацаа дуусаад тус компанийг гаргахад манай компанид 113 334 500 төгрөгийн үнэ бүхий зүйлийг буцаан өгсөн. Анх хүлээлгэж өгсөн зүйлсээс нийт 125 131 300 төгрөгийн үнэ бүхий зүйлийг буцаан өгөөгүй. 2010 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгө түрээслэх гэрээ-ний 4 дүгээр зүйлийн 4.10-т "тавилга тоног төхөөрөмжийн жагсаалт, үнэлгээг хавсралтаар гаргах бөгөөд бүгд 238 465 800 төгрөгөөр үнэлэгдэв. Барьцаа аваагүй итгэлцлэлээр хүлээлгэсэн болно хэмээх заалтаар талууд дээрх үнэ бүхий тоног төхөөрөмж хүлээлцсэн нь нотлогдож байна. Нэхэмжлэгч нь өмнөх шүүх хуралдаануудад гаргасан тайлбартаа 38 465 800 төгрөгний эд зүйлийг хүлээн авсан, хариуцагч компанийн захирал Г.Баясгалан өмнө нь 2-ийн тоо нэмж бичсэн байна гэж гэрээний дээрх заалтыг хүлээн зөвшөөрдөггүй боловч энэхүү тайлбараа нотлох баримтаар нотолж чаддаггүй. Харин түрээсийн гэрээ байгуулах үед ийм хэмжээний хөрөнгөтэй байсан болох нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын банк, хадгаламж зээлийн хоршооны төлбөр барагдуулах ажлын албаны 2009 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 003 дугаар тогтоолоор нотлогдож байна. Гэрээний хугацаа дуусахад буцааж 113 334 500 төгрөгийн үнэ бүхий эд зүйлийг бүцаан өгсөн бөгөөд анх хүлээлгэж өгсөн зүйлсээс нийт 125 131 300 төгрөгийн үнэ бүхий зүйлийг буцаан өгөөгүй. Иймд Юсон ХХК -иас нийт 125 131 300 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Юсон ХХК -ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Хоёр талын байгуулсан гэрээний 4.10-т тавилга тоног, төхөөрөмжийн жагсаалт, үнэлгээг хавсралтаар гаргах бөгөөд бүгд 238 465 800 төгрөгөөр үнэлэгдэв. Барьцаа аваагүй итгэлцлээр хүлээлгэсэн болно гэж зааснаар тавилга тоног, төхөөрөмжийн жагсаалт, үнэлгээг хавсралтаар гаргахаар тохиролцсон тул тухайн гэрээний хавсралтаар нийт 38 465 800 төгрөгийн буудлын өрөөний тавилга, эд зүйл хүлээж авсан бөгөөд хүлээж авсан тавилга, эд зүйлээ баримтаар хүлээлгэж өгсөн энэ нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар нотлогдоно. Хариуцагч тал нь уг 38 465 800 гэснийг 2 тоог урд нь нэмж бичээд 238 465 800 гэж бичээд үүнээс шаардаж байгаа нь үндэслэлгүй. Иймд Золхайрхан стелла ХХК-ийн 125 131 300 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 232 дугаар зүйлийн 232.5, 318 дугаар зүйлийн 318.1, 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Золхайрхан стелла ХХК-иас 346 304 800 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Юсон ХХК -д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 88 223 500 төгрөг, хариуцагч Золхайрхан стелла ХХК-д холбогдох 17 200 000 төгрөг, хариуцагч Б.Золтуяад холбогдох 105 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ш.Мөнхсайханы нэхэмжлэлийг бүхэлд нь, нэхэмжлэгч Юсон ХХК -д холбогдох, 125 131 300 төгрөг гаргуулах тухай хариуцагч Золхайрхан стелла ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь тус тус хэрэгсэхгүй болгож, хариуцагч Золхайрхан стелла ХХК-д холбогдох өмгөөллийн хөлс 5 000 000 төгрөг гаргуулах шаардлагаасаа нэхэмжлэгч Юсон ХХК татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2 916 600 төгрөг, хариуцагчаас төлсөн 783 606 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ш.Мөнхсайханаас 174 950 төгрөгийг гаргуулж улсын орлогод, хариуцагч Золхайрхан стелла ХХК-иас 1 889 474 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Юсон ХХК -д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч нарын өмгөөлөгч Д.Батсүх давж заалдах гомдолдоо: Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгож буй 2011 оны "Үл хөдлөх хөрөнгө түрээслэх гэрээ" гэх баримтын 1 дүгээр зүйлийн 1.5-д "Энэ гэрээ нь талууд харилцан гарын үсэг зуран, байгууллагын тэмдэг дарж, хүчин төгөлдөр үйлчлэх ба энэ гэрээ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн талуудын хооронд өмнө байгуулсан "Ажлын байр түрээслэх, түрээслүүлэх гэрээ"-ний үйлчлэл зогсож, хүчин төгөлдөр бусад тооцогдоно" хэмээн заасан байх бөгөөд уг гэрээнд зааснаар талууд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр үйлчлэхээр байна. Гэтэл хавтаст хэргийн 9-13-р талд буй 2011 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн "Үл хөдлөх хөрөнгө түрээслэх гэрээ"-нд "Золхайрхан стелла" ХХК-иас төлөөлж гарын үсэг зурагдаагүй байгаа нь талуудын хооронд гэрээг байгуулагдаагүйг нотолдог. Нэхэмжлэл гаргахдаа нотлох баримтаар хавсаргасан 2011 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн "Үл хөдлөх хөрөнгө түрээслэх гэрээ"-нд хариуцагч "Золхайрхан стелла" ХХК-ийн тамга дарагдаагүй байдаг. Харин Нотариатын танхимаас ирүүлсэн гэрээнд "Золхайрхан стелла" ХХК-ийн тамга дарагдсан байх бөгөөд Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангаагүй гэрээг гэрчилсэн нотариатын үйлдэл нь Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.1, "Нотариатын үйлдэл эрхлэн хийх заавар"-ын 13.4.2 дахь заалтыг тус тус зөрчсөн. Гэтэл шүүх нотариатчийн хууль зөрчиж гэрчилсэн 2011 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн "Үл хөдлөх хөрөнгө түрээслэх гэрээ" гэх баримтыг үнэлж "тамга дарагдсан" хэмээн "Золхайрхан стелла" ХХК-ийг уг гэрээний нөхцлийг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэл болгосон.

2011 оны "үл хөдлөх хөрөнгө түрээслэх гэрээ"-ний харилцаа байгаагүй, 2010 оны 2 дугаар сарын 7-ны өдрийн "Ажлын байр түрээслүүлэх гэрээ"-ний хугацаа нь гэрээнд зааснаар дуусгавар болсон байхад нэхэмжлэгч "Юсон" ХХК-ийг гэрээнээс татгалзсан, хариуцагч "Золхайрхан стелла" ХХК-ийг гэрээг цуцлахад буруутай байсан мэтээр дүгнэсэн нь хэт нэг талыг баримталсан, үндэслэлгүй дүгнэлт болсон байна.

Шүүх хариуцагчийн гаргасан хүсэлтийг үндэслэн 2017 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн "Шинжээч томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай" 102/Ш32017/10371 захирамжаараа Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутагт байрлалтай "Стелла" төвийн байранд байгаа тавилга, тоног төхөөрөмж, рестораны эд хогшлын үнэлгээг гаргуулахаар дахин "Хөрөнгийн үнэлгээний төв" ХХК, "Барилгын төсөв, хөрөнгийн үнэлгээ" ХХК-ийг тус тус томилсон нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн. Энэхүү захирамжинд 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдөр хариуцагчийн зүгээс "түрээсийн байрыг хүлээлгэж өгснөөс хойш багагүй хугацаа өнгөрсөн, шинэ түрээслэгчид засвар хийсэн тул шинжээчийн дүгнэлт үнэн зөв, бодитой гарах боломжгүй. Гэтэл шинжээчид нь уг эрх бүхий бус этгээдийн болон нотлох чадвараа алдсан тайланд үндэслэж дүгнэлт гаргасан нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4.3-т заасныг зөрчсөн байх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2 дахь хэсэгт зааснаар нотлох чадвараа алдана.

Анхан шатны шүүх "Золхайрхан стелла" ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. "Золхайрхан стелла" ХХК нь 2010 оны 2 дугаар сарын 07-ны одөр "Юсон" ХХК-тай түрээсийн гэрээ байгуулж, Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө, 61 дугаартай байшингийн 3-5 давхрын 982 м.кв талбайг 3 жилийн хугацаанд түрээслүүлэхээр тохиролцсон байна. "Золхайрхан стелла" ХХК нь энэхүү гэрээний үүргээ биелүүлж түрээсийн байрыг хүлээлгэн өгөхдөө нийт 238 465 800 төгрөгийн үнэ бүхий тавилга, тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгсөн. Энэ нь хавтаст хэргийн 142-144-р хуудас дахь 2010 оны 2 дугаар сарын 7-ны "Үл хөдлөх хөрөнгө түрээслэх гэрээ"-ний 4 дүгээр зүйлийн 4.10-т тусгагдсан байх бөгөөд "тавилга тоног төхөөрөмжийн жагсаалт, үнэлгээг хавсралтаар гаргах бөгөөд бүгд 238 465 800 төгрөгөөр үнэлэгдэв. Барьцаа аваагүй итгэлцлэлээр хүлээлгэсэн болно" хэмээх заалтаар талууд дээрх үнэ бүхий тоног төхөөрөмж хүлээлгэсэн нь нотлогдож байна. Мөн эд хөрөнгө хүлээлцсэн гэх үйл баримт нь 1 дүгээр хавтаст хэргийн 159/1-р талд буй 2010 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн "Түрээслүүлсэн бүх өрөө, эд хогшил хүлээлцсэн акт"-аар нотлогддог. Гэрээний хугацаа дуусахад буюу 2013 оны 02 дугаар сарын 08-ны өдөр "Юсон" ХХК түрээсийн байрнаас гарахдаа "Золхайрхан стелла" ХХК-д буцааж 113 334 500 төгрөгийн үнэ бүхий зүйлийг буцаан өгсөн" бөгөөд анх хүлээлгэж өгсөн зүйлсээс нийт 125 131 300 төгрөгийн үнэ бүхий зүйлийг буцаан өгөөгүй нь Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.1.5-д заасан "гэрээ дуусгавар болоход эд хөрөнгийг хөлслүүлэгчид бүрэн бүтэн буцааж өгөх" үүргээ биелүүлээгүй байна. Иймд Иргэний хуулийн 227 дугаар 227.4 дэх хэсэгт заасныг үндэслэн "Юсон" ХХК-иас нийт 125 131 300 төгрөгийг гаргуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Нэхэмжлэлд улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт хавсаргасан байхыг шаарддаг. Гэтэл нэхэмжлэгч гэх Ш.Мөнхсайхан нь дээрх нэхэмжлэлийн шаардлагаараа хариуцагч нараас 122 200 000 төгрөг нэхэмжилсэн байх бөгөөд энэхүү нэхэмжилж буй мөнгөнийхөө тэмдэгтийн хураамжийг төлөөгүй, төлсөн баримт хавсаргаагүй. Түүнчлэн аль шүүхэд гаргаж байгаа, нэхэмжлэгчийн овог, эцгийн нэр, нэр, хаяг, хариуцагчийн овог, эцгийн нэр, нэр, хуулийн этгээд бол түүний оноосон нэр, хаяг, оршин байгаа газар, нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, түүнийг нотлох баримт, хавсаргасан баримтын жагсаалт зэргийг тусгасан байх шаардлагатай байдаг. Ш.Мөнхсайхан, Б.Баясгалан нар нь нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангасан нэхэмжлэлийг шүүхэд гаргаагүй байхад Ш.Мөнхсайханыг хамтран нэхэмжлэгчээр татсан байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, "Юсон" ХХК-ийн "'Золхайрхан стелла" ХХК-д холбогдуулан гаргасан 434 528 300 төгрөгийг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож, "Золхайрхан стелла" ХХК-ийн "Юсон" ХХК-д холбогдуулан гаргасан сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч Ш.Мөнхсайхан нь хариуцагч Золхайрхан стелла ХХК, хариуцагч Б.Золтуяа нарт холбогдуулан засварын зардалд 17 200 000 төгрөг, гэрээний торгуульд 105 000 000 төгрөг, нийт 122 200 000 төгрөг гаргуулахаар, нэхэмжлэгч Юсон ХХК нь хариуцагч Золхайрхан стелла ХХК-д холбогдуулан засвар, зардалд нийт 434 528 300 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 5 000 000 төгрөг, нийт 439 528 300 төгрөг гаргуулахаар нэхэмжилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өмгөөлөгчийн хөлс 5 000 000 төгрөг гаргуулах шаардлагаасаа татгалзсаныг хариуцагч тал эс зөвшөөрч, нэхэмжлэгч Юсон ХХК -д холбогдуулан тавилга, тоног төхөөрөмжийн үнэ 125 131 300 төгрөг гаргуулахыг сөрөг нэхэмжлэлээр шаарджээ.

 

Нэхэмжлэгч Юсон ХХК, Золхайрхан стелла ХХК-ийн хооронд Баянгол дүүрэг, 2 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 61 дугаартай, үйлчилгээний зориулалттай, 2240 м.кв талбайтай байшингийн 3 дугаар давхарын 460 м.кв талбайг, 4 дүгээр давхарын 460 м.кв талбайг, 5 дугаар давхарын 35 м.кв талбайг, 1 дүгээр давхарын 27 м.кв талбайг, бүгд 982 м.кв талбайг түрээслэх гэрээ 2010 оны 02 дугаар сарын 07, 2011 оны 12 дугаар сарын 12-ны өдрүүдэд тус тус байгуулагдсан.

2011 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгө түрээслэх гэрээ-нд түрээслүүлэгч талыг төлөөлж Золхайрхан стелла ХХК-ийн тамга дарагдсан, түрээслэгч талыг төлөөлж Юсон ХХК-ийн төлөөлөгч гарын үсэг зурж, тамга дарагдсан байх ба хариуцагч Золхайрхан стелла ХХК-иас уг гэрээнд гарын үсэг зураагүй тул байгуулагдаагүй гэж маргадаг боловч анхан шатны шүүх гэрээний хугацаанд нэхэмжлэгчээс түрээсийн төлбөр авч байсан, нэхэмжлэгч Юсон ХХК нь түрээсийн байранд бусдаар засвар үйлчилгээ хийлгэх хүсэлт гаргасныг хариуцагч Золхайрхан ХХК-иас зөвшөөрсөн /III-хх 68/, мөн хариуцагчийн шүүхэд гаргасан ...2011 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 10 жилийн хугацаатай үл хөдлөх хөрөнгө түрээслэх гэрээ байгуулагдсан... гэх тайлбар /I-хх 175/ зэргийг харьцуулан дүгнэж талуудын хооронд Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.3 дахь хэсэгт заасан хэлцэл байгуулагдсан гэж үзсэн нь зөв байна. /I-хх 9-10, 175, 142-144/,

 

Дээрх гэрээгээр түрээслүүлэгч Золхайрхан стелла ХХК нь Баянгол дүүрэг, 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах, 5 давхар барилгын тодорхой хэсэг буюу нийт 1339.8 м.кв талбайг 10 жилийн хугацаатай түрээслэгч Юсон ХХК-д эзэмшүүлэх, түрээслэгч Юсон ХХК нь 1 сарын түрээсийн төлбөр 15 000 000 төгрөгийг Золхайрхан стелла ХХК-д төлөх, ...уг гэрээ байгуулсанаар 2010 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн талуудын хоорондын Ажлын байр түрээслүүлэх гэрээ дуусгавар болохоор талууд тохиролцсон, шүүх зохигчдын хооронд байгуулсан эрх зүйн харилцааг зөв тодорхойлж Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэн талаар дүгнэсэн нь үндэслэлтэй болжээ.

 

Зохигчид уг гэрээг байгуулснаас хойш нэхэмжлэгч Юсон ХХК нь түрээсийн байрны 1 дүгээр давхарын диско клубын засварт 86 792 722 төгрөг, 2 давхарын рестораны засварт 42 175 592 төгрөг, караокены 10 өрөөний засварын ажлын өртөгт 33 253 786 төгрөг, нийт 162 222 100 төгрөг зарцуулсан, мөн Баянгол дүүрэг, 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Стелла төв-ийн үйлчилгээний зориулалттай барилгад Юсон ХХК-ийн 184 082 700 төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмж, эд зүйлс байгаа болох нь шүүхээс шинжээчээр томилогдсон Барилгын төсөв, Хөрөнгийн үнэлгээ ХХК, Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн дүгнэлтээр тус тус тогтоогдсон. /IV-хх 1-198 57-58/

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх өмнө нь дээрх компанийн гаргасан дүгнэлтийг Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэж үзсэн боловч уг алдааг анхан шатны шүүх залруулсан, шинжээчийн дүгнэлтэд талууд гомдол гаргаагүй байх тул шинжээчийн дүгнэлтийн талаар гаргасан гомдол хуулийн үндэслэлгүй болно. /III-хх 234-235/

 

Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.2.5-д зааснаар талууд өөрөөр тохиролцоогүй бол хөлсөлж авсан эд хөрөнгийг хөлслүүлэгчийн зөвшөөрөлтэйгээр, өөрийн зардлаар засаж сайжруулахад гарсан зайлшгүй зардлыг гэрээ дуусгавар болсны дараа төлүүлэхээр хөлслүүлэгчээс хөлслөгч шаардах эрхтэй бөгөөд гэрээний 8.2-т ...гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсан бол түрээслүүлэгч нь түрээслэгчийн зүгээс түрээсийн байранд үйл ажиллагаа явуулахын тулд өөрийн хөрөнгөөр хийсэн засан сайжруулалт гүйцэтгэхэд зарцуулсан хөрөнгийг нөхөн олгох үүрэгтэй гэж заажээ.

 

Нэхэмжлэгч Юсон ХХК нь өөрийн хөрөнгөөр түрээсийн байранд засан сайжруулалт хийсэн, мөн түрээсийн зүйлд 184 082 700 төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмж, эд зүйлс байгаа болохыг хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар няцааж чадаагүй тул анхан шатны шүүх нийт 346 304 800 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй гэж дүгнэсэн нь хэргийн баримтад нийцсэн, энэ талаар хийсэн шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдсонгүй.

 

Хариуцагч Золхайрхан стелла ХХК, Б.Золтуяа нарт холбогдох, засварын зардалд 17 200 000 төгрөг, гэрээний торгуульд 105 000 000 төгрөг, нийт 122 200 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ш.Мөнхсайханы нэхэмжлэлийн шаардлагыг анхан шатны шүүх бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд нэхэмжлэгч нь давж заалдах гомдол гаргаагүй болно.

 

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагч Золхайрхан стелла ХХК нь 2010 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн Ажлын байр түрээслүүлэх гэрээ-ний хугацаа дуусгавар болоход Юсон ХХК нь 125 131 300 төгрөгийн тавилга, тоног төхөөрөмж хүлээлгэн өгөөгүй гэж тодорхойлжээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт ...зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн тайлбар нь нотолгооны хэрэгслээр тогтоогдоно. гэж заасан тул талуудын тайлбарыг нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжтой.

 

  Хариуцагч Золхайрхан стелла ХХК нь 238 465 800 төгрөгийн үнэ бүхий тавилга, тоног төхөөрөмжийг хүлээлгэж өгөхөөс 113 334 500 төгрөгийн тоног төхөөрөмжийг хүлээж авсан гэж тайлбарладаг, харин 125 131 300 төгрөгийн тоног төхөөрөмжийг хүлээлгэж өгөөгүй гэх үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлож чадаагүй байх тул шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд талуудын тайлбарыг үндэслэж хэргийг шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй юм.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 06ы өдрийн 102/ШШ2018/00440 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Золхайрхан Стелла ХХК-иас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 673 080 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ

 

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

 

Д.ЦОГТСАЙХАН