Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 00440

 

 

 

 

 

   2018 оны 02 сарын 06 өдөр

      Дугаар 102/ШШ2018/00440

                  Улаанбаатар хот

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч М.Баясгалан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, 5 дугаар хороолол, 1-31 тоотод байрлах. ЮХХК /РД: 5335604/,   

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 25 хороо, 13 хороолол, Шинэ дөл 99 дүгээр байр, 1205 тоотод оршин суух, Монгол овогт Ш М /РД: ФД82082819/ нарын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө, өөрийн байранд байрлах, С ХХК /РД:2851032/,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 7 дугаар хороо, 3 дугаар хороолол, 12 дугаар байр, 217 тоотод оршин суух, Урианхай овогт Б З /РД: ЧМ83022561/ нарт холбогдох,

 

.................  төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

................ төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ш.М, нэхэмжлэгч ЮХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.У, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Ж.Б, хариуцагч С ХХК болон хариуцагч Б.З нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Ц, хариуцагч нарын өмгөөлөгч Д.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Энхбаяр нар оролцов.   

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ш.М шүүхэд гаргасан нэхэмжлэл болон өмгөөлөгч Ж.Базарсад шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие хариуцагч С ХХК-ийн эзэмшлийн Баянгол дүүрэг, 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Стелла төв”-ийн 3 давхрын 110 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг түрээслэхээр хариуцагч “Зол хайрхан стелла” ХХК-ийн захирал Г.Баясгалантай 2009 оны 9 дүгээр сард харилцан тохиролцож түрээсэлсэн. Улмаар уг үл хөдлөх эд хөрөнгийг С ХХК-ийн захирал Г.Баясгалангийн зөвшөөрлийн дагуу О.Баярмагнай, Ч.Бямбасүрэн нартай 2009 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр засварын ажил гүйцэтгэх 090922-1 дугаар гэрээг байгуулсан. Тус гэрээний 1.1-д заасны дагуу уг 110 м.кв талбайг караокены зориулалтаар 4 өрөөг 1 м.кв талбайг нь 120 000 төгрөг, нийт 13 200 000 төгрөгөөр засах, 4 000 000 төгрөгөөр караокены тавилга худалдан авах, шинээр хийлгэхээр нийт 17 200 000 төгрөгөөр хийж гүйцэтгүүлэхээр тохиролцож үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Удалгүй хариуцагч С ХХК-ийн захирал Г.Баясгалантай харилцан тохиролцсоны үндсэн дээр өөрийн үүсгэн байгуулсан ЮХХК-иар хариуцагч С ХХК-тай 2010 оны 02 дугаар сарын 07-ны өдөр ажлын байр түрээслүүлэх 09 дугаар гэрээг байгуулж,  “Стелла төв”-ийн 3, 4, 5 давхарыг түрээслэн үйл ажиллагаагаа явуулсан. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Ш.М нь хариуцагч С ХХК-тай харилцан тохиролцсоны дагуу эрх зүйн харилцаанд орж, түрээсэлж буй талбайд үйл ажиллагааны чиглэл, зорилгын дагуу орчин үеийн хэлбэрт оруулж засвар хийж, өөрийн эд хөрөнгөөр тохижуулахад нийт 17 200 000 төгрөгийн зардал гарсан. Дээрх хугацаанд хариуцагч С ХХК-ийг зүгээс уг үл хөдлөх эд хөрөнгийг бидэнд худалдах санал гаргасныг хүлээн авч 3.5 тэрбум төгрөгөөр худалдах, худалдан авахаар харилцан тохиролцсон. Хариуцагч С ХХК-ийн захирал Г.Баясгалан нь “...та нар нэгэнт худалдан авах юм чинь худалдан авах хүртлээ түрээслэхээ түр зогсоогоод бидэнд түр хүлээлгэн өгөөд гарч бай, би эмчилгээнд явахад мөнгө хэрэгтэй байна, манай гэр бүлийнхэн та нарыг худалдан авах хүртэл ажиллуулж байя” гэсэн хүсэлтийг нэхэмжлэгч ЮХХК-д тавьсан. Хариуцагч С ХХК-ийн захирал Г.Баясгалантай олон жил хамтран ажиллаж байсан бие биенээ мэдэх болсон, анх түрээсэлж байх үедээ тухайн түрээсэлж буй байрыг худалдан авах хүсэлтэй байсан учир хариуцагч С ХХК-ийн захирал Г.Баясгалангийн хусэлтийг хүлээн авч хоёр тал “Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах хэлцлийн баталгааны баримт бичиг”-ийн 130205-01 тоот гэрээг 2013 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хариуцагч Б.Зтай хүсэл зоригоо илэрхийлсэн хүчин төгөлдөр гэрээг нэхэмжлэгч Ш.М болон Б.Баясгалан нар нь байгуулсан. Дээрх түрээсэлж байсан “Стелла төв”-ийн байр нь хариуцагч Б.Згийн нэр дээр бүртгэлтэй, нэг хүний өмчлөлийн үл хөдлөх хөрөнгө байсан. Нэгэнт нэхэмжлэгч ЮХХК-ийн хувьцаа эзэмшигч Ш.М, Б.Баясгалан нар нь түрээсэлж буй үл хөдлөх хөрөнгийн худалдан авах хэлцлийн баталгааны гэрээг хариуцагч өмчийн эзэн Б.Зтай байгуулсан. Хариуцагч С ХХК-ийн захирал Г.Баясгалангийн хүсэлтийг хүлээн авч түүнд итгэсний үндсэн дээр 2013 оны 02 дугаар сарын 08-ны өдөр түрээсэлж буй байрыг нэхэмжлэгч ЮХХК тавилга, тоног төхөөрөмж, эд хогшилтой нь хариуцагч талд хүлээлгэн өгч гарсан. Хоёр талын байгуулсан “Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах хэлцлийн баталгааны баримт бичиг”-ийн 130205-01 тоот гэрээний 8.1-д заасны дагуу 2013 оны 7 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл тус гэрээний 2.3-т зааснаар хариуцагч тал баталгааны хугацаанд дээрх үл хөдлөх эд хөрөнгийг худалдах саналаасаа татгалзахгүй байх үүрэг хүлээсэн боловч хариуцагч тал 130205-01 тоот баталгааны баримт бичгийн гэрээний хугацаа дуусаагүй байхад нэхэмжлэгч талын хөрөнгө оруулалт хийж засварласан байранд гуравдагч этгээдүүдийг оруулан давхар түрээслүүлж, улмаар биднээс зөвшөөрөл авалгүй засвар хийсэн талбайнуудыг дур мэдэн нурааж өөр зориулалтаар ашиглах болсон. Мөн нэхэмжлэгч ЮХХК-ийн эд хөрөнгө, тоног төхөөрөмжийг нэхэмжлэгч биднээс зөвшөөрөл авалгүй ашиглан өнгөрсөн хугацаанд ашиг орлого олон одоог хүртэл ажиллуулсаар байна. Нэхэмжлэгч нарын зүгээс хариуцагч С ХХК-д болон иргэн Б.З нарт хандан 2013 оны 02 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан 130205-01 тоот гэрээний дагуу Баянгол дүүргийн 4 дүгээр хороонд байрлах “Стелла төв”-ийн барилгыг гэрээнд заасан 3.5 тэрбум төгрөгийг ямар дансанд шилжүүлэх, үл хөдлөх эд хөрөнгийн лавлагааны мэдээллийг шинэчлэн гаргаж өгөхийг 2013 оны 3 дугаар сараас хойш хариуцагч талд удаа дараа албан ёсоор тавьж байсан боловч хариуцагч тал 2013 оны 7 дугаар сарын 31-ний өдөр нэхэмжлэгч талд хандан Баянгол дүүргийн 4 дүгээр хороонд байрлах “Стелла төв”-ийн барилгыг нэхэмжлэгч бидэнд худалдахгүй болсныг мэдэгдэж, хоёр талын байгуулсан 2013 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 130205-01 тоот баталгааны гэрээний 2.3, 8.1 дэх заалтыг ноцтой зөрчсөн. Талуудын байгуулсан 2013 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 120205-01 тоот “Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах хэлцлийн баталгааны баримт бичиг”-ийн 1.1, 1.2, 2.1, 2.3, 8.1 дэх заалтуудыг хариуцагч С ХХК-ийн захирал Г.Баясгалан болон хариуцагч Б.З нар нь ноцтой зөрчиж, нэхэмжлэгч Ш.М, Б.Баясгапан нарт “Стелла” төвийн барилгыг худалдаагүй тул тус гэрээний 5.3 /талууд баталгааны баримт бичгийн эрх үүргээ зөрчсөн тохиолдолд буруутай тал шүүхийн өмнө хариуцлага хүлээж худалдаж худалдан авахаар тохиролцсон үнэ болох 3 500 000 000 төгрөгийн нийт үнийн дүнгийн 3 хувьтай тэнцэх хэмжээний дүнг буруутай талдаа маргаангүй төлөх үүрэгтэй/, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.5-д заасны дагуу торгууль 105 000 000 төгрөгийг төлөх нь хууль зүйн үндэслэлтэй болно. Хариуцагч нарын нэхэмжлэгч Ш.М, Б.Баясгалан нартай байгуулсан 2013 оны 02 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан 130205-01 тоот гэрээний 2.3, 2.4, 2.5, 8.1-д заасныг зөрчиж “Стелла төв”-ийн барилгыг гэрээний үйлчлэх хугацаанд худалдаагүй, мөн хариуцагч С ХХК нь нэхэмжлэгч нарыг хууран мэхлэх замаар нэхэмжлэгч нарын өөрсдийн хөрөнгөөр засвар хийж тохижуулсан түрээсийн байрнаас гаргаснаас нэхэмжлэгч талд их хэмжээний хохирол учирсан. Нэхэмжлэгч Ш.М нь хариуцагч С ХХК-ийн эзэмшлийн  “Стелла төв”-ийн 3 давхарын 110 м.кв талбайг караокены зориулалтаар ашиглахаар хариуцагч С ХХК-ийн захирал Г.Баясгалантай 2009 оны 9 дүгээр сард харилцан тохиролцож түрээсэлсэн. Хоёр тал нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасан түрээсийн гэрээ байгуулсан бөгөөд тус зүйлийн 318.3-т заасны дагуу бичгээр байгуулж, үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлэх талаар хариуцагч С ХХК-ийн захирал Г.Баясгаланд удаа дараа шаардлага тавьж байсан. Гэвч хариуцагч компанийн захирал түүнийг хүлээж авалгүй хуулийн шаардлага хангаагүй тул хүчин төгөлдөр бус гэрээ байгуулсан. Хоёр талын байгуулсан хүчин төгөлдөр бус гэрээний дагуу тус үл хөдлөх эд хөрөнгөд нэхэмжлэгч Ш.М нь 17 200 000 төгрөгийн засварын зардал гарсан. Иймд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1-д заасны дагуу хүчин төгөлдөр бус гэрээний дагуу зарцуулсан засварын зардал 17 200 000 төгрөг, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.5-д зааснаар  2013 оны 02 дугаар сарын 05-ны  өдөр байгуулсан 130205-01 тоот гэрээний 2.3, 2.4, 2.5, 8.1 дэх заалтыг ноцтой зөрчсөн тул тус гэрээний 5.3-т заасны дагуу торгууль 105 000 000 төгрөг, нийт 122 200 000 төгрөгийг хариуцагч С ХХК болон хариуцагч Б.З нараас гаргуулж өгнө үү гэжээ. 

 

Нэхэмжлэгч ЮХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.У, өмгөөлөгч Ж.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч ЮХХК нь хариуцагч С ХХК-ийн эзэмшлийн Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Стелла төв”-ийн зарим хэсгийг болон бүхэлд нь түрээслэж үйл ажиллагаа явуулах зорилгоор 2010 оны 02 дугаар сарын 07-ны өдөр С ХХК-ийн захирал Г.Баясгалантай “ажлын байр түрээслүүлэх тухай” 09 тоот гэрээг ЮХХК-ийн нэрээр байгуулсан. Уг гэрээгээр нийт 982 м.кв талбайг сарын 7 000 000  төгрөгөөр, гэрээний 4.5-д заасны дагуу 3 жилийн хугацаагаар түрээслэхээр болсон. 2011 оны 12 дугаар сарын 12-ны өдөр С ХХК-ийн захирал Г.Баясгалан “бусад түрээслэгч нартай хэл амаа олоход хэцүү байна, нэг газарт түрээслүүлэх хүсэлтэй” гэсний дагуу “үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээ”-г байгуулсан. Нийт 1339.8 м.кв талбай бүхий 5 давхар барилгыг сарын 15 000 000 төгрөгөөр, 10 жилийн хугацаатай түрээслэхээр болж талууд тамга, тэмдгээ дарж баталгаажуулсан. С ХХК-ийн захирал Г.Баясгалантай харилцан тохирч, цаашдаа байрыг худалдан авах зорилготой байсан тул урт хугацааны буюу 10 жилийн түрээсийн гэрээг байгуулсан. Нэхэмжлэгч ЮХХК нь хоёр талын байгуулсан дээрх хоёр гэрээний дагуу эрх зүйн харилцаанд орж, түрээслэж буй талбай тус бүр дээр нь үйл ажиллагааны чиглэл, зорилгын дагуу орчин үеийн хэлбэрт оруулан засвар хийж, өөрийн эд хөрөнгөөр тохижуулсан бөгөөд дээрх гэрээнүүдийг байгуулсантай холбоотойгоор 2010 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн “ажлын байр түрээслүүлэх тухай” 09 тоот гэрээний дагуу 3 давхарын зүүн жигүүрийн 330 м.кв талбай бүхий 10 өрөөг караокены зориулалтаар засварлахаар 2010 оны 02 дугаар сарын 08-ны өдөр бусадтай 100208-1 тоот гэрээг байгуулсан. Нийт засварын ажил нь 52 800 000 төгрөг болсон. Өрөөнүүдэд тохирсон сандал, ширээ, буйданг захиалгаар хийлгэхэд  10 000 000 төгрөг, нийт 62 800 000 төгрөгийн зардлыг ЮХХК гаргасан. Мөн 4 давхарын 120 м.кв талбайг гоо сайхан, массажны зориулалтаар засварлуулахаар 2010 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр засварын ажил гүйцэтгэх 100920-2 тоот гэрээг байгуулж, нийт 27 000 000 төгрөгийн зардал гаргасан. Мөн 2011 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн “үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээ”-ний дагуу 1 давхарын 340 м.кв талбайг диско клубын зориулалтаар, 2 давхарын 330 м.кв талбайг Европ, Монгол хоолны рестораны зориулалтаар засварлуулахад 137 350 000 төгрөгийн зардал гарсан. Мөн 4 давхарын 330 м.кв талбай, 10 өрөөг караокены зориулалтаар засварлуулахад 49 500 000 төгрөг гарсан. Ингээд нийтдээ ЮХХК-ийн зүгээс нийт өөрсдийн тооцоогоор 276 650 000 төгрөгийн зардал гарсан. Нэхэмжлэгч ЮХХК нь хариуцагч талтай байгуулсан түрээсийн гэрээний дагуу түрээслэсэн талбайг засварлахад хариуцагч С ХХК-ийн захирал Г.Баясгалангаас 2011 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн албан бичгээр зөвшөөрөл авсны дагуу засварын ажлыг хийж гүйцэтгэсэн болно. Хоёр талын байгуулсан 2011 оны 12 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан түрээсийн гэрээнд хариуцагч С ХХК-ийн захирал Г.Баясгалан нь гарын үсгээ зураагүй ч компанийн тамга, тэмдгээ дарж баталгаажуулан нотариатаар батлуулсан бөгөөд энэ нь Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2-т заасан хэлбэрийн шаардлага хангаагүй ч талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болох хариуцагч тал өөрийн эзэмшлийн хөрөнгийг түрээслүүлж ашиг олох, нөгөө талаас түрээслэгч тал болох ЮХХК нь түрээсийн эд хөрөнгийг хүлээлгэн өгөхийг түрээслүүлэгч С ХХК-иас шаардаж, түрээсийн төлбөр төлөх харилцан эрх үүрэг хүлээж, хариуцагч С ХХК нь нэхэмжлэгч ЮХХК-иад түрээсийн эд зүйл болох “Стелла” төвийн 1339.8 м.кв талбайг хүлээлгэн өгсөн.  Нэхэмжлэгч ЮХХК нь хоёр талын байгуулсан 10 жилийн түрээсийн гэрээний 3.1-д заасны дагуу сар бүрийн түрээсийн төлбөр 15 000 000 төгрөгийг төлж байсан зэргээс үзэхэд талуудын хүсэл зоригийн илэрхийллийн дагуу дээрх 10 жилийн түрээсийн гэрээ байгуулж бодитой хэрэгжсэн хүчин төгөлдөр гэрээ гэж үзэхээр байна. Мөн нөгөө талаас нэхэмжлэгч талын түрээсэлж буй хариуцагч талын эзэмшлийн “Стелла төв”-ийн үйлчилгээний зориулалттай барилга нь нийт 2210 м.кв талбайтай, Ү-2205031867 тоот үл хөдлөх эд хөрөнгийн нэг гэрчилгээтэй барилга бөгөөд нэхэмжлэгч ЮХХК нь хариуцагч С ХХК-тай байгуулсан 2011 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн үл хөдлөх хөрөнгө түрээслэх гэрээний 1.2-т нийт 1339.8 м.кв талбайг түрээслэхээр харилцан тохиролцсон бөгөөд нэг үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээтэй барилгын тодорхой нэг хэсгийг түрээсэлж байгаа тохиолдолд эд хөрөнгийн улсын бүртгэлийн газар бүртгүүлэх боломжгүй, Улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагагүй тул Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-т заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгүүлэх хуулийн шаардлага хангаагүй гэж үзэхгүй. Нэхэмжлэгч ЮХХК-ийн түрээсэлж буй байрандаа өөрсдийн үйл ажиллагаа явуулахад шаардлагатай караокений тоног төхөөрөмж бусад хэрэгсэл, рестораны ширээ сандал, аяга таваг бусад дагалдах хэрэгсэл, гал тогооны хэрэгсэл, диско клубын ширээ сандал бусад дагалдах хэрэгсэл гэх мэт эд зүйлийг авахад нэхэмжлэгч ЮХХК-ийн зүгээс дээрх засварын зардлаас гадна нийт 157 878 300 төгрөгийн зардлыг уг обьектод зориулан зарцуулсан. Хариуцагч С ХХК-ийн захирал Г.Баясгалан нь түрээсэлж буй 5 давхар үл хөдлөх эд хөрөнгийг нийт 3.5 тэрбум төгрөгөөр худалдана гэж үл хөдлөх хөрөнгийн худалдан авах хэлцлийн баталгааны гэрээг байгуулан ЮХХК-ийг түрээсийн барилгаас хууран мэхэлж гаргасан. Нэхэмжлэгч ЮХХК нь тухайн үед түрээсэлж буй барилгаас гарахдаа өөрийн бүх эд хөрөнгийг үлдээгээд гарсан бөгөөд хариуцагч С ХХК нь нэхэмжлэгч ЮХХК-иас зөвшөөрөл авалгүйгээр ЮХХК-ийн хийсэн засварыг нурааж, дотор нь байсан нэхэмжлэгч компанийн эд хөрөнгийг хүлээлгэн өгөлгүйгээр бусдад ашиглуулах, устгах зэргээр нэхэмжлэгч ЮХХК-ийг хохироосон. Хариуцагч С ХХК нь хоёр талын байгуулсан 2011 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 10 жилийн хугацаатай байгуулсан үл хөдлөх хөрөнгө түрээслэх гэрээний 8.1-д заасан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсан байх тул нэхэмжлэгч ЮХХК-ийн зүгээс тус гэрээний 8.2, Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.2.5-д заасны дагуу өөрийн түрээсийн байранд үйл ажиллагаа явуулахын тулд засвар хийсэн нэхэмжлэгч ЮХХК-ийн гаргасан засварын зардал болох нийт 276 650 000 төгрөг, үйл ажиллагаа явуулахад хөрөнгө оруулалт хийсэн тоног төхөөрөмж болон гал тогоо, караокены тоног төхөөрөмж гэх мэт зүйл худалдан авахад зарцуулсан зардал нийт 157 878 300 төгрөг, нийт 434 528 300 төгрөгийн бодит хохирол нэхэмжлэгч ЮХХК-д учраад байгаа бөгөөд хариуцагч тал нэхэмжлэгч ЮХХК-д учирсан хохирлыг бүрэн барагдуулах нь хууль зүйн бүрэн үндэслэлтэй. Иймд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 318.5-д зааснаар мөн хуулийн 289 дүгээр зүйлийн 289.2.5, 2011 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 10 жилийн хугацаатай байгуулсан үл хөдлөх хөрөнгө түрээслэх гэрээний 1.1, 2.1, 8.2-т заасны дагуу үйл ажиллагаа явуулахад зарцуулсан засвар болон үйл ажиллагаа явуулахад зайлшгүй шаардлагатай тоног төхөөрөмж бусад зүйлийг худалдан авахад зарцуулсан зардал нийт 434 528 300 төгрөгийг хариуцагч С ХХК-иас гаргуулж өгнө үү. Өмгөөлөгчийн хөлсөнд урьдчилгаанд төлсөн 5000000 төгрөг гаргуулах шаардлагаасаа татгалзаж байна гэв.

 

Хариуцагч Б.Згийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М шүүхэд гаргасан, итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Ц, өмгөөлөгч Д.Б нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Ш.М нь С ХХК-ийн захирал Г.Б “...2009 оны 9 дүгээр сард Баянгол дүүрэг, 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Стелла төв”-ийн 3 давхрын 110 м.кв талбайг караокений зориулалтаар ашиглахаар харилцан тохиролцсон хэлцлийг бичгээр байгуулж үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлэх шаардлагыг Г.Баясгаланд удаа дараа тавьж байсан боловч хүлээн аваагүй гэрээ байгуулах талаар хуульд заасан шаардлагыг хангаагүй хүчин төгөлдөр бус гэрээг байгуулсан хэмээн буруутгаж, засварын зардал 17 200 000 төгрөгөөр хөрөнгөжсөн гэж үзсэн байна. Хэдийгээр талууд “Стелла төв”-ийн 3 давхрын 110 м.кв талбайг караокений зориулалтаар түрээслэх хэлцлийг бичгээр байгуулах, үл хөдлөх хөрөнгийн газар бүртгүүлэх хуулийн шаардлагыг хангаагүй ч талуудын хүсэл зориг нь уг түрээсийн байрыг түрээслэх, түрээслүүлэх байсан. Энэхүү хүсэл зоригийн дагуу Ш.М нь “Стелла төв”-ийн 3 давхрын 110 м.кв талбайг караокений зориулалтаар түрээслэж, засвар хийн үйл ажиллагаа явуулж, ашиг олж байсан бөгөөд түрээсийн гэрээ бодитоор хэрэгжсэн нь нотлогдож байна. Мөн нэхэмжлэгч Ш.М нь 2009 оны 9 дүгээр сард Баянгол дүүрэг, 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Стелла төв”-ийн 3 давхрын 110 м.кв талбайг түрээслэж байгаад 2010 онд ЮХХК байгуулж, уг төвийн 3 давхарын түрээслэж байсан талбайгаа томсгон 460 м.кв болгон 2010 оны 02 дугаар сарын 07-ны өдөр “Золхайрхан стслла” ХХК-тай “Ажлын байр түрээслүүлэх гэрээ”-г байгуулж 3 жил ашигласан болох нь зохигчийн тайлбар болон байгуулсан гэрээгээр нь нотлогдож байна. Гэрээний талуудын хүсэл зориг бодитоор хэрэгжсэн тул С ХХК 2009 онд хийгдсэн 17 200 000 төгрөгний засварын зардлаар үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэл байна. 2013 оны 02 дутаар сарын 05-ны өдрийн 120205-01 тоот “Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах хэлцлийн баталгааны баримт бичиг” нь Ш.М, Ш.Баясгалан, Б.З нарын хооронд хийгдсэн дүр үзүүлэн хийсэн хэлцэл болох нь Б.Зд мөнгө хүлээлгэн өгсөн баримт, худалдах-худалдан авах хэлцлийг цуцалж мөнгийг буцаан өгсөн баримтуудаар нотлогдож байна. Иймд С ХХК болон Ш.М нарын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлд зааснаар иргэний эрх зүйн харилцаа үүсээгүй тул С ХХК-иас 105 000 000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргах үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч Ш.М нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1. 492.1.1-д зааснаар хүчин төгөлдөр бус гэрээний дагуу зарцуулсан засварын зардал 17 200 000 төгрөг, мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.5, 2013 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 120205-1 тоот “Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах хэлцлийн баталгааны баримт бичиг ийн 2.3, 2.4, 2.5, 8.1 дэх заалтыг зөрчсөн хэмээн үзэж Б.Згаас гэрээний 5.3-т заасан торгууль 105 000 000 төгрөг, нийт 122 200 000 төгрөгийг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Ш.М хариуцагч С ХХК-тай байгуулсан түрээсийн гэрээний харилцаатай холбоотой байх бөгөөд түрээслэж буй талбайд үйл ажиллагааны чиглэл, зорилгын дагуу 17 200 000 төгрөгний засвар хийсэн болох нь нэхэмжлэгч Ш.Мы шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдож байна. Иймд Ш.М болон Б.З нарын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д зааснаар түрээсийн гэрээний харилцаа үүсээгүй, энэхүү нэхэмжлэлийн шаардлага нь Б.Зтай ямар нэгэн хамааралгүй гэж үзэх үндэслэлтэй байна. Мөн хариуцагч Б.З нь Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, 2 дугаар хорооллын нутаг дэвсгэрт байрлалтай Ү-2205031867 дугаар бүхий улсын бүртгэлийн гэрчилгээтэй, нийт 2240 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч. Б.З нь 2013 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Ш.М, Б.Баясгалан нарын гуйлтаар тэднийг бусдаас зээл авахад нь зориулж “үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах хэлцлийн баталгааны баримт бичиг” нэртэй хэлцэлийг дүр үзүүлэн хийсэн бөгөөд мөн уг хэлцэлдээ зориулж 1 620 000 000 төгрөгийг бэлнээр 2013 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүлээлгэн өгсөн мэтээр 2013 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн акт үйлдсэн гэж тайлбарладаг. Б.З нэгэнт дээрх мөнгийг аваагүй, өөрийн эд хөрөнгийг худалдах, Ш.М, Б.Баясгалан нар ч худалдан авах хүсэл сонирхол байгаагүй дүр үзүүлсэн хэлцлийг хийсэн болох нь тухайн дүр үзүүлэн хийсэн хэлцлийн дагуу Ш.М, Б.Баясгалан нарт өгсөн гэх 1 620 000 000 төгрөгийг тэдэнд буцааж хүлээлгэн өгсөн акт гэх баримтаар нотлогдож байна. Түүнчлэн энэ үйл явдал нь 1 дүгээр хавтаст хэргийн 162 дугаар хуудсанд буй “Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах хэлцэл” нь нотариатчийн бүртгэлийн 203-т, 166 дутаар хуудсанд буй Б.Зд мөнгө хүлээлгэн өгсөн баримт 204-т, 165 дугаар хуудсанд буй худалдах, худалдан авах хэлцлийг цуцалж мөнгийг буцаан өгсөн баримт 205-д бүртгэгдсэн байдлаар нэг цаг хугацаанд хийгдсэн баримтуудаар нотлогдож байна. Нөгөө талаас нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар нэхэмжлэлийн үндэслэлээ өөрөө нотлох баримтаар нотлох үүрэгтэй бөгөөд “Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах хэлцлийн баталгааны баримт бичиг” бодит гэрээ гэдгийг баримтаар нотолж чадаагүй байна. Нэгэнт “Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах хэлцлийн баталгааны баримт бичиг” нь бодитоор байгуулагдаагүй атал Ш.М, Б.Баясгалан нар нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан хүчин төгөлдөр бус хэлцлийг үндэслэн 105 000 000 төгрөгийг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Түүнчлэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт нэхэмжлэлийн бүрдүүлбэр буюу нэхэмжлэлд тусгах зүйлсийн талаар тодорхой заасан байдаг ба 62.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлд улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт хавсаргасан байхыг шаарддаг. Гэтэл нэхэмжлэгч гэх Ш.М нь дээрх нэхэмжлэлийн шаардлагаараа хариуцагч нараас 122 200 000 төгрөг нэхэмжилсэн байх бөгөөд энэхүү нэхэмжилж буй мөнгөнийхөө тэмдэгтийн хураамжийг төлөөгүй, төлсөн баримт хавсаргаагүй. Түүнчлэн мөн хуулийн 62 дутаар зүйлийн 62.1 дэх хэсэгт заасан нэхэмжлэлийг аль шүүхэд гаргаж байгаа, нэхэмжлэгчийн овог, эцгийн нэр, өөрийн нэр, хаяг, хариуцагчийн овог, эцгийн нэр, нэр, хуулийн этгээд бол түүний оноосон нэр. хаяг, оршин байгаа газар, нэхэмжлэлийн үндэслэл. шаардлага. түүнийг нотлох баримт, хавсаргасан баримтын жагсаалт зэргийг тусгасан байх шаардлагатай байдаг. Иргэн Ш.М, Б.Баясгалан нар нь нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангасан нэхэмжлэлийг шүүхэд гаргаагүй байхад Ш.Мыг хамтран нэхэмжлэгчээр татсан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчилд хамаарч байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч С ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Цэрэндэжид, өмгөөлөгч Д.Батсүх шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч ЮХХК болон С ХХК-ийн хооронд 2011 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн “Үл хөдлөх хөрөнгө түрээслэх гэрээ”-ний харилцаа үүссэн хэмээн уг гэрээнээс учирсан хохиролд 434 528 300 төгрөгийг нэхэмжилж байх боловч энэхүү гэрээний харилцаа үүсээгүй, хүчин төгөлдөр бус хэлцэл бөгөөд гэрээг гэрчилсэн нотариатын үйлдэл хууль зөрчсөн байна. Иргэний хуулийн 196 дугаар зүйлд гэрээг ямар тохиолдолд байгуулсан гэж үзэх талаар зохицуулсан байдаг. Тодруулбал, Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2-т “гэрээг бичгээр байгуулахаар хуульд заасан ... бол талууд нэг баримт бичиг үйлдэж гарын үсэг зурах буюу гэрээний саналыг зөвшөөрснөө илэрхийлсэн тал гарын үсгээ зурсан захидал, албан бичиг, телефакс эдгээртэй адилтгах баримт бичгийг нөгөө тал хүлээн авснаар” гэрээг байгуулсанд тооцдог. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-т зааснаар нэхэмжлэгч ЮХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгож буй 2011 оны 12 дутаар сарын 12-ны “Үл хөдлөх хөрөнгө түрээслэх гэрээ” бичгээр хийх гэрээ бөгөөд талууд гарын үсэг зурснаар ут гэрээг байгуулсан гэж үзнэ. Мөн 2011 оны 12 дутаар сарын 12-ны “Үл хөдлөх хөрөнгө түрээслэх гэрээ”-ний 1 дүгээр зүйлийн 1.5-д “Энэ гэрээ нь талууд харилцан гарын үсэг зуран, байгууллагын тэмдэг дарж, хүчин төгөлдөр үйлчлэх...” хэмээн тухайн гэрээ ямар нөхцөлд хүчин төгөлдөр болох талаар тодорхой заасан байна. Нэхэмжлэлийн үндэслэл болгоод байгаа уг гэрээнд түрээслүүлэгч гэсэн хэсэгт “Золхайрхан стелда” ХХК-ийн төлөөлөгчийн гарын үсэг зурагдаагүй байна. Түүнчлэн С ХХК-ийн зүгээс ийм гэрээ байгуулагдаагүй гэж тайлбарлаж байгааг нэхэмжлэгч ут тайлбарыг тодорхой баримтаар нотлон үгүйсгэж чадаагүй байна. Иймээс ЮХХК болон С ХХК-ийн хооронд 2011 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн “Үл хөдлөх хөрөнгө түрээслэх гэрээ” байгуулагдсан гэж үзэх үндэслэлгүй байна. Нэхэмжлэгчийн шүүхэд гарган өгсөн 2011 оны 12 дутаар сарын 12-ны өдөр байгуулагдсан гэх “Үл хөдлөх хөрөнгө түрээслэх гэрээ”-г Баянгол дүүргийн тойргийн 346 тамганы дугаартай нотариатч Н.Алдар гэгч гэрчилж, тамга дарсан байдаг бөгөөд Нотариатын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.1 дэх заалт , 21.3.3 дахь заалт, 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэг, 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэг, 46.2.1 дэх заалт, 46.3, 46.9 дэх хэсэг, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2011 оны 171 дүгээр тушаалаар батлагдсан “Нотариатын үйлдэл хийх заавар”-ын 2 дахь хэсгийн 2.2 дахь заалт, 5 дугаар зүйлийн 5.5 дахь заалт тус тус зөрчиж гэрчилсэн нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байна. Тухайн үйлдлийг хийсэн нотариатч Н.Алдар нь нас барсан тул түүнд холбогдуулан нэхэмжлэл гаргах боломжгүй болоод байгаа. Гэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтуудаар 2011 оны 12 дутаар сарын 12-ны өдөр байгуулагдсан гэх “Үл хөдлөх хөрөнгө түрээслэх гэрээ”-д гэрээг гэрчилсэн тамга, тэмдэг дарсан үйлдлийнх хууль зүйн үр дагаврын талаар үнэлэлт дүгнэлт өгөх боломжтой байна. Дээр дурьдсан үндэслэлүүдээр 2011 оны 12 дутаар сарын 12-ны “Үл хөдлөх хөрөнгө түрээслэх гэрээ” гэх баримт нь Иргэний хуулийн 8 дугаар зүйлд заасан иргэний эрх зүйн харилцаа үүссэн гэж үзэх үндэслэл болохгүй тул тухайн гэрээг үндэслэн 434 528 300 төгрөг төгрөгийг нэхэмжилж байгаа нь хуульд нийцээгүй байна. ЮХХК болон С ХХК-ийн хооронд 2010 оны 02 дутаар сарын 07-ны өдрийн 3 жилийн хугацаатай “Ажлын байр түрээслэх гэрээ” байгуулагдаж, уг гэрээний харилцаа 2013 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хүртэл үргэлжилсэн бөгөөд түрээслэгч ЮХХК түрээсийн байрнаас 2013 оны 02 дутаар сарын 08-ны өдөр өөрөө гарсан нь уг гэрээ тус өдөр дуусгавар болсоныг бодит үйлдлээрээ хүлээн зөвшөөрсөн. Уг гэрээний 3 дугаар зүйлийн 3.6-д “түрээсийн байранд их засварыг түрээслүүлэгчийн зөвшөөрлөөр хийх ба өөрсдийн хөрөнгөөр хийнэ” гэж заасны дагуу түрээслүүлэгчийн зөвшөөрлийг авах ёстой бөгөөд мөн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.7-д “Түрээслэгч уг байранд тохижилтын болон засварын ажлыг өөрсдийн үйл ажиллагааны эрх ашгийн тулд хийсэн тул гарсан зардлыг түрээслүүлэгчээр төлүүлэх шаардлага тавих эрхгүй бөгөөд гэрээг дууссан, цуцлах тохиолдолд салгаж болох эд зүйлсээ өөрсдөө авч болно” хэмээн талууд эд хөрөнгөд засан сайжруулалт хийсэн тохиолдолд зардлыг хэрхэн хариуцах талаар тодорхой тохиролцсон байна. Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.2.5-д зааснаар түрээсийн гэрээний талууд гэрээнд өөрөөр тохиролцоогүй бол түрээслүүлэгчийн зөвшөөрөлтэйгээр, өөрийн зардлаар засаж сайжруулахад гарсан зайлшгүй зардлыг гэрээ дуусгавар болсны дараа төлүүлэхээр түрээслүүлэгчээс шаардах эрхтэй байдаг. Нэгэнт гэрээгээр тохирсон тул засвар хийх шаардлагатай тохиолдолд ЮХХК-д зөвшөөрөл авах шаардлага ч гараагүй, засварын ажил хийх талаар зөвшөөрөл ч авч байгаагүй ба зөвшөөрөл авсан талаарх нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй, нэхэмжлэгч энэ тайлбараа баримтаар нотлоогүй байна. Хэдийгээр ЮХХК нь С ХХК-ийн захирал Г.Баясгалангаас түрээсэлж буй барилгад засвар хийх асуудлаар зөвшөөрөл авсан гэх баримтыг шүүхэд гаргаж өгсөн гэж тайлбарладаг боловч уг баримтын эх хувь нь байхгүй, уг баримт бичиг дээрх гарын үсгийг Г.Баясгаланг өөрийнх нь гэдгийг хүлээн зөвшөөрдөггүй. Нэхэмжлэгч нар уг баримтын эх хувийг алга болгосон гэж удаа дараа тайлбарлаж байсан атлаа нотариатаар гэрчлүүлсэн нь тухайн баримтыг хуулийн шаардлага хангасан баримт гэж үзэх боломжгүй байдалд хүргэж байгаа. Тухайн бичигт зурагдсан Г.Баясгалангийн гэх гарын үсэг нь хэрэгт авагдсан бусад баримтууд дээрх түүний гарын үсгээс эрс ялгаатай байдлыг тодруулах зорилгоор 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр, 2017 оны 8 дугаар сарын 03-ны өдөр тус тус 325 дугаартай нотариатчийн 2014 оны “Хуулбарын дэвтэр”-т үзлэг хийлгүүлэх, нотариатч Б.Батсүрэн, С.Алтанзаяаг гэрчээр асуулгах хүсэлт гаргасныг шүүх хүлээн аваагүй. Уг баримтын эх хувь байхгүй учир Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д зааснаар шинжээч томилж, шинжилгээ хийлгэх боломжгүй байгаа. Нэхэмжлэгч ЮХХК-ийн нэхэмжлэлд 2010 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн “Ажлып байр түрээслэх гэрээ”-ний хугацаанд засварын зардалд 79 800 000 төгрөг, тавилга, сандал, ширээ, буйдан хийлгэхэд зарцуулсан 10 000 000 төгрөг, нийт 89 800 000 төгрөгийг зарцуулсан хэмээн нэхэмжилсэн. Дээрх зардал нь Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.2.5-д заасан засан сайжруулахад гарсан зайлшгүй зардалд хамаарахгүй юм. Учир нь “...зайлшгүй зардал...” гэдэгт тухайн эд хөрөнгийг бүрэн бүтэн байлгах, гэрээнд заасан нөхцөлөөр ашиглахад шаардагдах зардал хамаарна. Иймд 2010 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн “Үл хөдлөх хөрөнгө түрээслэх гэрээ”-г үндэслэн уг гэрээний хугацаанд түрээслэж байсан обьектод хийсэн засвар болон тавилга хийлгэсэн зардалд нийт 89 800 000 төгрөгийг түрээслүүлэгч буюу С ХХК-иас нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна. Шүүх хариуцагчийн гаргасан хүсэлтийг үндэслэн 2017 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн шинжээч томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай 102/11132017/10371 тогтоолын дагуу Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутагт байрлалтай “Стелла төв”-ийн байранд байгаа тавилга, тоног төхөөрөмж, рестораны эд хогшлын үнэлгээг гаргуулахаар “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК, “Барилгын төсөв, хөрөнгийн үнэлгээ” ХХК-ийг тус тус томилсон. Уг захирамжийн дагуу шинжээчид 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 798 дугаар бүхий Шинжээчийн дүгнэлт, 2017 оны 12 дутаар сарын 04-ний өдрийн 003/2017 дугаар дүгнэлтийг тус тус гаргасан байна. 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 798 дугаар шинжээчийн дүгнэлтийн Гуравт “..хөрөнгийг хэргийн материалд байгаа, төрөл, тоогоор авлаа” гэсэн байх бөгөөд энэ нь өмнөх шинжээчийн 2015 оны 3 сарын 06-ны өдрийн 173 дутаар дүгнэлтийн хавсралт дахь материалыг уг шинжилгээний объект болгосон. 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 003/2017 дугаар дүгнэлт нь 2014 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 082 дугаар дүгнэлтийг үндэслэсэн байх ба уг шинжилгээний объект болгосон шинжээчдийн дүтнэлтүүд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2, Шүүхийн шинжилгээний тухай хүулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн болох, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт зааснаар нотлох чадвараа алдах болохыг тогтоосон. Гэтэл шинжээчид нь уг эрх бүхий бус этгээдийн болон нотлох чадвараа алдсан тайланд үндэслэж дүгнэлт гаргасан нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4.3-т заасныг зөрчсөн байх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т зааснаар нотлох чадвараа алдана. Мөн шүүх шинжээч томилохдоо анх дүгнэлт гаргасан “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК болон “Барилгын төсөв, хөрөнгийн үнэлгээ” ХХК-ийг дахин томилсон нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2-т “дахин шинжилгээ хийхэд энэ хуулийн 20.1-д заасан дүгнэлтийг гаргасан буюу гаргахад оролцсон шинжээчийг оролцуулахыг хориглоно” гэж заасныг зөрчсөн гэжээ.

 

Хариуцагч С ХХК шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон өмгөөлөгч Д.Батсүх шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани нь 2010 оны 02 дугаар сарын 07-ны өдөр ЮХХК-тай түрээсийн гэрээ байгуулж, Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө, 61 дугаартай байшингийн 3-5 давхарын 982 м.кв талбайг 3 жилийн хугацаанд түрээслүүлэхээр тохиролцсон. Түрээсийн байрыг хүлээлгэн өгөхдөө манай компани нь нийт 238 465 800 төгрөгийн үнэ бүхий тавилга, тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгсөн. Гэрээний хугацаа дуусаад тус компанийг гаргахад манай компанид 113 334 500 төгрөгийн үнэ бүхий зүйлийг буцаан өгсөн. Анх хүлээлгэж өгсөн зүйлсээс нийт 125 131 300 төгрөгийн үнэ бүхий зүйлийг буцаан өгөөгүй. 2010 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн “Үл хөдлөх хөрөнгө түрээслэх гэрээ”-ний 4 дүгээр зүйлийн 4.10-т "тавилга тоног төхөөрөмжийн жагсаалт, үнэлгээг хавсралтаар гаргах бөгөөд бүгд 238 465 800 төгрөгөөр үнэлэгдэв. Барьцаа аваагүй итгэлцлэлээр хүлээлгэсэн болно” хэмээх заалтаар талууд дээрх үнэ бүхий тоног төхөөрөмж хүлээлцсэн нь нотлогдож байна. Мөн эд хөрөнгө хүлээлцсэн гэх үйл баримт нь 2010 оны 02 сарын 07-ны өдрийн “Түрээслүүлсэн бүх өрөө, эд хогшил хүлээлцсэн акт”-аар нотлогддог. Нэхэмжлэгч нь өмнөх шүүх хуралдаануудад гаргасан тайлбартаа 38 465 800 төгрөгний эд зүйлийг хүлээн авсан, хариуцагч компанийн захирал Г.Баясгалан өмнө нь 2-ийн тоо нэмж бичсэн байна гэж гэрээний дээрх заалтыг хүлээн зөвшөөрдөггүй боловч энэхүү тайлбараа нотлох баримтаар нотолж чаддаггүй. Харин “Золхайрхан” ХХК нь ЮХХК-тай түрээсийн гэрээ байгуулах үед ийм хэмжээний хөрөнгөтэй байсан болох нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын банк, хадгаламж зээлийн хоршооны төлбөр барагдуулах ажлын албаны 2009 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 003 дугаар тогтоолоор нотлогдож байна. Гэрээний хугацаа дуусахад буюу 2013 оны 02 дугаар сарын 08-ны өдөр ЮХХК түрээсийн байрнаас гарахдаа С' ХХК-д буцааж 113 334 500 төгрөгийн үнэ бүхий зүйлийг бүцаан өгсөн бөгөөд анх хүлээлгэж өгсөн зүйлсээс нийт 125 131 300 төгрөгийн үнэ бүхий зүйлийг буцаан өгөөгүй нь Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.1.5-д заасан “гэрээ дуусгавар болоход эд хөрөнгийг хөлслүүлэгчид бүрэн бүтэн буцааж өгөх” үүргээ биелүүлээгүй байна. Иймд Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.4-т “Үүрэг гүйцэтгэгч тодорхой эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөл буюу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд шилжүүлэх үүргээ гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч нь уг эд хөрөнгийг өөртөө шилжүүлэх, учирсан хохирлоо арилгахыг шаардах эрхтэй” гэж заасны дагуу ЮХХК-иас нийт 125 131 300 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч ЮХХК-иас сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч ЮХХК нь хариуцагч “Золхайран стелла” ХХК-тай 2010 оны 02 дугаар сарын 07-ны өдөр ажлын байр түрээслүүлэх тухай 09 дугаартай гэрээг байгуулсан. Тус гэрээний дагуу Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө 61 дугаартай байшингийн 3 давхарын 460 м.кв, 4 давхарын 460 м.кв, 5 давхарын 35 м.кв, 1 давхарын 27 м.кв, бүгд 982 м.кв талбайг түрээслэхээр харилцан тохиролцсон. Хоёр талын байгуулсан гэрээний 4.10-т “тавилга тоног, төхөөрөмжийн жагсаалт, үнэлгээг хавсралтаар гаргах бөгөөд бүгд 238 465 800 төгрөгөөр үнэлэгдэв. Барьцаа аваагүй итгэлцлээр хүлээлгэсэн болно” гэж зааснаар тавилга тоног, төхөөрөмжийн жагсаалт, үнэлгээг хавсралтаар гаргахаар тохиролцсон тул тухайн гэрээний хавсралтаар нийт 38 465 800 төгрөгийн буудлын өрөөний тавилга, эд зүйл хүлээж авсан бөгөөд хүлээж авсан тавилга, эд зүйлээ баримтаар хүлээлгэж өгсөн энэ нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар нотлогдоно. Хариуцагч тал нь уг “38 465 800” гэснийг 2 тоог урд нь нэмж бичээд “238 465 800” гэж бичээд үүнээс шаардаж байгаа нь үндэслэлгүй. Иймд С ХХК-ийн 125 131 300 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ш.М нь хариуцагч С ХХК болон хариуцагч Б.З нарт холбогдуулан засварын зардалд 17 200 000 төгрөг, гэрээний торгуульд 105 000 000 төгрөг, нийт 122 200 000 төгрөг гаргуулах тухай, нэхэмжлэгч ЮХХК нь хариуцагч С ХХК-д холбогдуулан засвар, зардалд нийт 434 528 300 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 5 000 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийг, хариуцагч С ХХК нь нэхэмжлэгч ЮХХК-д холбогдуулан тавилга, тоног төхөөрөмжийн үнэ  125 131 300 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус шүүхэд гаргасан ба нэхэмжлэгч ЮХХК нь шүүх хуралдаанд хариуцагч С ХХК-д холбогдуулсан өмгөөлөгчийн хөлс 5 000 000 төгрөг гаргуулах шаардлагаасаа татгалзажээ.

 

Хариуцагч нар нь үндсэн нэхэмжлэлийг, нэхэмжлэгч ЮХХК нь сөрөг нэхэмжлэлийг шаардлагыг тус тус үгүйсгэн маргасан.

 

Шүүх нэхэмжлэгч ЮХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, үлдэх хэсэг болон нэхэмжлэгч Ш.Мын нэхэмжлэл, хариуцагч С ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч ЮХХК-ийг өмгөөлөгчийн хөлс 5 000 000 төгрөг гаргуулах хэсгээс татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

1. Нэхэмжлэгч ЮХХК-ийн хариуцагч С ХХК-д холбогдох, 434 528 300 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлийн тухайд:

 

Нэхэмжлэгч ЮХХК болон хариуцагч С ХХК-ийн хооронд 2010 оны 02 дугаар сарын 07-ны өдөр байгуулагдсан “Ажлын байр түрээслүүлэх гэрээ”-ээр нэхэмжлэгч ЮХХК нь Баянгол дүүрэг, 2 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 61 дугаартай, үйлчилгээний зориулалттай, 2240 м.кв талбайтай байшингийн 3 дугаар давхарын 460 м.кв талбайг, 4 дүгээр давхарын 460 м.кв талбайг, 5 дугаар давхарын 35 м.кв талбайг, 1 дүгээр давхарын 27 м.кв талбайг, бүгд 982 м.кв талбайг 2010 оны 02 дугаар сарын 08-ны өдрөөс 2013 оны 02 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл, 3 жилийн хугацаатай түрээслэх, хариуцагч С ХХК нь уг үл хөдлөх эд хөрөнгийг түрээслүүлэхээр харилцан тохиролцсон нь гэрээ болон талуудын шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байхаас гадна талууд гэрээ байгуулагдсан эсэх болон гэрээний хүчин төгөлдөр эсэх асуудлаар маргаагүй байна. /1 дүгээр хх-142-144 дүгээр тал/ 

 

Улмаар 2011 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн “Үл хөдлөх хөрөнгө түрээслэх гэрээ”-д түрээслүүлэгч талыг төлөөлж С ХХК-ийн тамга дарж, түрээслэгч талыг төлөөлж ЮХХК-ийн төлөөлөгч гарын үсэг зурж, тамга дарсан /1 дүгээр хх-9-10 дугаар тал/ байх бөгөөд хариуцагч С ХХК нь уг гэрээг “...гэрээнд С ХХК-ийн төлөөлөгч гарын үсэг зураагүй, гэрээ байгуулагдаагүй” гэж үгүйсгэжээ. Хэдийгээр дээрх гэрээнд хариуцагч талын төлөөлөгч гарын үсэг зураагүй, харин тамгаа дарсан байх боловч хариуцагч нь уг гэрээний хугацаанд нэхэмжлэгчээс түрээсийн төлбөр авч байсан, нэхэмжлэгч ЮХХК нь түрээсийн байранд бусдаар засвар үйлчилгээ хийлгэхэд хариуцагч саад болоогүй үйл баримтын талаар маргаагүй, мөн хариуцагчийн шүүхэд гаргасан “...2011 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 10 жилийн хугацаатай үл хөдлөх хөрөнгө түрээслэх гэрээ байгуулагдсан...” гэх тайлбар /1 дүгээр хх-175 дугаар тал/ зэргээр Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-т “Нэг талын хүсэл зоригийн илэрхийллийг нөгөө тал хүлээн авснаа өөрийн тодорхой үйлдлээр илэрхийлсэн бол уг хэлцлийг бодит үйлдлээр хийгдсэн гэж үзнэ” гэж заасны дагуу тэдний хооронд 2011 оны 12 дугаар сарын 12-ны өдөр “Үл хөдлөх хөрөнгө түрээслэх гэрээ” байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Дээрх гэрээгээр түрээслүүлэгч С ХХК нь Баянгол дүүрэг, 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах, 5 давхар барилгын тодорхой хэсэг буюу нийт  1339.8 м.кв талбайг 10 жилийн хугацаатай түрээслэгч ЮХХК-д эзэмшүүлэх, үүний хариуд ЮХХК нэг сарын 15 000 000 төгрөгийг С ХХК-д төлөх үүргийг харилцан хүлээсэн байх бөгөөд гэрээний 1.5-д зааснаар уг гэрээ байгуулсанаар 2010 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн талуудын хооронд  байгуулагдсан “Ажлын байр түрээслүүлэх гэрээ” дуусгавар болохоор заажээ. Иймд талуудын хооронд 2011 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн “Үл хөдлөх хөрөнгө түрээслэх гэрээ” байгуулагдсанаар өмнөх 2010 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн “Ажлын байр түрээслүүлэх гэрээ” дуусгавар болж, тэдний хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэн байна.

 

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-т зааснаар хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ. Гэрээний зүйл болж буй Б.Згийн өмчлөлийн, Улсын бүртгэлийн Ү-2205031867 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол /16052/, Энхтайваны өргөн чөлөө 61-д байршилтай, үйлчилгээний зориулалттай 2240 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн 1339.8 м.кв талбайг талууд түрээслэх, түрээслүүлэхээр тохиролцсон байх тул Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэг уг гэрээнд хамааралгүй. Өөрөөр хэлбэл, үл хөдлөх эд хөрөнгийн нэг гэрчилгээтэй барилгыг бүхэлд нь бус тодорхой хэсгийг түрээсэлсэн тохиолдолд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт зааснаар гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлаггүй. Иймд талуудын хооронд 2011 оны 12 дугаар сарын 12-ны өдөр түрээсийн гэрээ байгуулагдаагүй гэх хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна.  

 

Хэрэгт авагдсан баримт болон зохигчийн тайлбараар 2011 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн “үл хөдлөх хөрөнгө түрээслэх гэрээ” үргэлжлэх хугацаанд буюу 2013 оны 02 дугаар сарын 08-ны өдөр ЮХХК нь түрээсийн зүйл болох байрыг С ХХК-д хүлээлгэн өгч, түрээсийн байрнаас гарсан үйл баримт тогтоогдож байх бөгөөд зохигчид энэ талаар маргаагүй. Харин нэхэмжлэгч нь уг гэрээ дуусгавар болсон үндэслэлийг “Хариуцагч компанийн захирал Г.Баясгалан нь “...та нар үл хөдлөх эд хөрөнгийг нэгэнт худалдаж авах юм чинь түр гарч бай, би эмчилгээнд явах хүртлээ ажиллуулж байя” гэж хэлээд биднийг хууран мэхэлж байрнаас гаргасан, түүнээс биш түрээсийн гэрээний харилцаа дуусаагүй байсан” гэж, хариуцагч нь уг гэрээ дуусгавар болсон үндэслэлийг “...2010 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн түрээсийн гэрээний харилцаа дуусгавар болсон тул нэхэмжлэгч байрыг хүлээлгэн өгч гарч явсан, бид угаасаа байрыг худалдах, урт хугацаагаар түрээслэх хүсэл зориг байгаагүй, бид нэхэмжлэгч талд зээл авахад нь л тусалж гэрээнүүдийг хийсэн” гэж тайлбарлан, маргажээ.

 

2011 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн “үл хөдлөх хөрөнгө түрээслэх гэрээ”-ний 1.5-д “уг гэрээ байгуулсанаар 2010 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн талуудын хооронд  байгуулагдсан “Ажлын байр түрээслүүлэх гэрээ” дуусгавар болно” гэж заасан байх тул хариуцагчийн “2010 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн “ажлын байр түрээслүүлэх гэрээ” дуусгавар болсон тул нэхэмжлэгч байрнаас гарч явсан” гэх тайлбайр үндэслэлгүй байна. 

 

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 226 дугаар зүйлийн 226.1.1-д зааснаар хоёр талын гэрээнд талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй бөгөөд харин ямар нэг үр дүн гарахгүй нь илт бол үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоох буюу урьдчилан сануулах шаардлагагүй. Иймд 2011 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн “үл хөдлөх хөрөнгө түрээслэх гэрээ” цааш үргэлжлэх боломжгүй болсон нь талуудын шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байх тул нэхэмжлэгч ЮХХК нь гэрээнээс татгалзаж, гэрээнээс татгалзсантай холбогдон өөрт учирсан хохирлыг хариуцагч С ХХК-иас шаардах эрхтэй. Өөрөөр хэлбэл, хариуцагч С ХХК нь өөрийн буруугаас дээрх гэрээ цуцлагдсан гэх үйл баримтыг нотлох баримтаар няцаагаагүй байх тул нэхэмжлэгч нь  Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1., 227.2.-т зааснаар гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй байна.

 

2011 оны 12 дугаар сарын 12-ны өдөр С ХХК болон ЮХХК-иуд “үл хөдлөх хөрөнгө түрээслэх гэрээ”-г байгуулснаас хойш нэхэмжлэгч ЮХХК нь түрээсийн байрны 1 дүгээр давхарын диско клубын засварт 86 792 722 төгрөг, 2 давхарын рестораны засварт 42 175 592 төгрөг, караокены 10 өрөөний засварын ажлын өртөгт 33 253 786 төгрөг, нийт 162 222 100 төгрөгийг зарцуулсан болох нь, мөн Баянгол дүүрэг, 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Стелла төв”-ийн үйлчилгээний зориулалттай барилга дотор ЮХХК-ийн 184 082 700 төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмж, эд зүйлс байгаа болох нь шүүхээс томилогдсон шинжээчийн дүгнэлтээр тус тус тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.2.5-д зааснаар талууд өөрөөр тохиролцоогүй бол хөлсөлж авсан эд хөрөнгийг хөлслүүлэгчийн зөвшөөрөлтэйгээр, өөрийн зардлаар засаж сайжруулахад гарсан зайлшгүй зардлыг гэрээ дуусгавар болсны дараа төлүүлэхээр хөлслүүлэгчээс хөлслөгч шаардах эрхтэй бөгөөд гэрээний 8.2-т “...гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсан бол түрээслүүлэгч нь түрээслэгчийн зүгээс түрээсийн байранд үйл ажиллагаа явуулахын тулд өөрийн хөрөнгөөр хийсэн засан сайжруулалт гүйцэтгэхэд зарцуулсан хөрөнгийг нөхөн олгох үүрэгтэй” гэжээ. Хариуцагч нь нэхэмжлэгчийг түүний зөвшөөрөлгүй засан сайжруулалт хийсэн, мөн түрээсийн зүйлд 184 082 700 төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмж, эд зүйлс байгаа  үйл баримтыг нотлох баримтаар үгүйсгээгүй байна.

 

Иймд Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 227.3-т заасаар нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзсанаас учирсан хохиролд нийт 346 304 800 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй байна.

 

2. Хариуцагч С ХХК болон хариуцагч Б.З нарт холбогдох, засварын зардалд 17 200 000 төгрөг, гэрээний торгуульд 105 000 000 төгрөг, нийт 122 200 000 төгрөг гаргуулах нэхэмжлэгч Ш.Мы нэхэмжлэлийн шаардлагын хариуцагч Б.Зд холбогдох 105 000 000 төгрөг гаргуулах тухайд:

 

2.1. 1 дүгээр хавтаст хэргийн 162-164 дүгээр талд “Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах хэлцэлийн баталгааны баримт бичиг” гэх баримт авагдсан байх бөгөөд уг баримтаар хариуцагч Б.З нь өөрийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2205031867 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах, 2240 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг Б.Баясгалан болон нэхэмжлэгч Ш.М нарт 3 500 000 000 төгрөгөөр худалдах, худалдаагүй нөхцөлд үнийн дүнгийн 3 хувьтай тэнцэх үнийн дүнг буруутай тал нь буруугүй талдаа төлөхөөр заажээ. Нэхэмжлэгч Ш.М нь дээрх шаардлагын үндэслэлээ “...үл хөдлөх эд хөрөнгийг худалдаагүй тул гэрээгээр тохирсны дагуу 3 500 000 000 төгрөгийн 3 хувийн торгууль 105 000 000” гэж тодорхойлжээ. Уг хэлцэлийн зүйл, төлбөр төлөх хугацаа, нөхцөл болон талуудын эрх үүрэг зэргээс үзвэл талуудын хооронд Иргэний хуулийн 269 дүгээр зүйлийн 269.1-д заасан ирээдүйд эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь 2013 оны 5 /засвартай/ сарын 31-ний өдрөөс өмнө уг үл хөдлөх эд хөрөнгийг гэрээнд заасан үнээр худалдан авахаар тохирсон байна.

 

Гэрээний 5.3-т “талууд баталгааны баримт бичгийн эрх үүргээ зөрчсөн тохиолдолд буруутай тал ...худалдан авахаар тохиролцсон үнэ болох 3 500 000 000 төгрөгийн нийт дүнгийн 3 хувьтай тэнцэх үнийн дүнг буруутай талдаа маргаангүйгээр төлнө” гэж заасан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.5-д “үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал нь төлөхөөр хууль болон гэрээнд урьдчилан тодорхой хэмжээгээр заасан, эсхүл гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн тодорхой хувиар тогтоосон анзыг торгууль гэнэ” гэсэнтэй буюу талууд торгуулийн талаар гэрээгээр тохирсон нь хуульд харшлаагүй байна.

 

Гэвч хэрэгт авагдсан баримтаар дээрх гэрээ хариуцагч Б.Згийн буруутай үйл ажиллагааны улмаас хэрэгжээгүй гэж үзэх үйл баримт тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.5-д заасан гэрээний хариуцлага болох торгууль 105 000 000 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхгүй байна.

 

2.2. Хариуцагч С ХХК-д холбогдох 17 200 000 төгрөг гаргуулах нэхэмжлэгч Ш.Мы шаардлагын тухайд:

 

Нэхэмжлэгч Ш.М нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...хариуцагч С ХХК-тай 2009 оны 9 дүгээр сард харилцан тохиролцсоны үндсэн дээр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Стелла төв”-ийн 3 давхарын 110 м.кв талбайг түрээслэж, үйл ажиллагаа явуулахдаа нийт 17 200 000 төгрөгөөр караокены зориулалтаар засаж, зардал гаргасан. Уг гэрээ нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт заасан шаардлагад нийцээгүй хүчин төгөлдөр бус гэрээ тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1-д заасны дагуу хүчин төгөлдөр бус гэрээний дагуу зарцуулсан засварын зардал 17 200 000 төгрөг гаргуулах” гэж тодорхойлжээ.

 

Талууд 2009 оноос эхлэн “Стелла төв”-ийн 3 давхарын 110 м.кв талбайг түрээсэлсэн, түрээслүүлсэн үйл баримтын талаар маргаагүй байна. Иргэний хуулийн 492 дугаар зүйл 492.1-д зааснаар аливаа хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон бол бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэг этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс уг эд хөрөнгийг буцаан шаардах эрхтэй. Зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан баримтаар Иргэний хуулийн 492 дугаар зүйлд заасан нөхцөл байдал үүссэн нь тогтоогдохгүй байна. Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар 17 200 000 төгрөгийн хариуцагч С ХХК-иас буцаан шаардах эрхгүй байна.

 

3. Нэхэмжлэгч ЮХХК-д холбогдох, тавилга, тоног төхөөрөмжийн үнэ  125 131 300 төгрөг гаргуулах хариуцагч С ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн тухайд:

 

Хариуцагч С ХХК нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “2010 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн “ажлын байр түрээслүүлэх гэрээ”-ний хугацаа дуусгавар болоход ЮХХК нь нийт 238 465 800 төгрөгийн үнэ бүхий тавилга, тоног төхөөрөмжийг хүлээлгэж өгөхөөс хүлээлгэн өгөөгүй тавилга, тоног төхөөрөмжийн үнэ 125 131 300 төгрөг гаргуулах” гэж тодорхойлжээ.

 

Талуудын хооронд байгуулагдсан 2010 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн “ажлын байр түрээслүүлэх гэрээ”-ний дагуу нэхэмжлэгч нь 125 131 300 төгрөгийн эд зүйлийг хариуцагчид хүлээлгэн буцааж өгөөгүй гэж үзэх үндэслэл баримтаар тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасны дагуу баримтаар нотлоогүй байхаас гадна Хадгаламж зээлийн хоршооны төлбөр барагдуулах ажлын албаны төлбөр төлөгчөөс хураан авсан эд хөрөнгийг төлбөр авагчид шилжүүлсэн тухай 2009 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 003 дугаар тогтоол болон “Баян-Өндөр сан” ХЗХ-ны “Пилснер төв ресторан”-ийн эд хөрөнгийн жагсаалт нь нэхэмжлэгчийг 125 131 300 төгрөгийн эд зүйлийг хариуцагчид буцаан өгөөгүй гэх үйл баримтыг нотолж чадахгүй байна.

 

Дээрх үндэслэлээр хариуцагч С ХХК-иас 346 304 800 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ЮХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 88 223 500 төгрөг, хариуцагч С ХХК-д холбогдох 17 200 000 төгрөг, хариуцагч Б.Зд холбогдох 105 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ш.Мы нэхэмжлэлийг бүхэлд нь, нэхэмжлэгч ЮХХК-д холбогдох, 125 131 300 төгрөг гаргуулах тухай хариуцагч С ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь тус тус хэрэгсэхгүй болгож, хариуцагч С ХХК-д холбогдох 5 000 000 төгрөг гаргуулах шаардлагаасаа нэхэмжлэгч ЮХХК татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 1142 дугаар магадлалаар шинжээч “Барилгын төсөв, Хөрөнгийн үнэлгээ” ХХК, “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн дүгнэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д зааснаар нотлох чадвараа алдсан гэж үзсэн.

 

Шүүгчийн 2017 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 102/ШЗ2017/10371 дүгээр захирамжаар шинжээчээр “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК болон “Барилгын төсөв, Хөрөнгийн үнэлгээ” ХХК-ийг тус тус томилсон. Шинжээч нар хэрэгт авагдсан баримт болон бусад нөхцөл байдлыг харгалзан гаргасан дүгнэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 111 дүгээр зүйлийн 111.3-т заасан эргэлзээтэй, тодорхой бус буюу үндэслэлгүй гэж үндэслэл тогтоогдоогүй. Түүнчлэн, шүүгчийн дээрх захирамжаар дахин шинжээч томилоогүй тул хариуцагчийн өмгөөлөгчийн “...шүүх нэг байгууллагыг шинжээчээр дахин томилсон нь буруу” гэх тайлбар үндэслэлгүй байна. Иймд шүүх шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 798 дугаар, 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 007/2017 дугаар дүгнэлтийг шийдвэрийн үндэслэл болгосон. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 232 дугаар зүйлийн 232.5, 318 дугаар зүйлийн 318.1, 492 дугаар зүйлийн 492.1-д заасныг баримтлан хариуцагч С ХХК-иас 346 304 800 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ЮХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 88 223 500 төгрөг, хариуцагч С ХХК-д холбогдох 17 200 000 төгрөг, хариуцагч Б.Зд холбогдох 105 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ш.Мы нэхэмжлэлийг бүхэлд нь, нэхэмжлэгч ЮХХК-д холбогдох, 125 131 300 төгрөг гаргуулах тухай хариуцагч С ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Хариуцагч С ХХК-д холбогдох “өмгөөллийн хөлс 5 000 000 төгрөг гаргуулах” шаардлагаасаа нэхэмжлэгч ЮХХК татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2 916 600 төгрөг, хариуцагчаас төлсөн 783 606 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ш.Маас 174 950 төгрөгийг гаргуулж улсын орлогод, хариуцагч С ХХК-иас 1 889 474 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ЮХХК-д олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        М.БАЯСГАЛАН