| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашнямын Цогтсайхан |
| Хэргийн индекс | 183/2017/03143/И |
| Дугаар | 210/ма2018/00884 |
| Огноо | 2018-04-09 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 04 сарын 09 өдөр
Дугаар 210/ма2018/00884
Пи ай эм эм ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Туяа даргалж, шүүгч Д.Байгалмаа, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 183/ШШ2018/00337 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч Пи ай эм эм ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч Ганбармат ХХК-д холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт болон хохиролд 339 379 941 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,
Хариуцагчийн төлөөлөгч гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Нямсүрэн, П.Алтанзул
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.Энх-Амгалан
Хариуцагчийн өмгөөлөгч: Б.Сүрэнхүү
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: З.Цэрэнханд нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Пи Ай Эм Эм ХХК нь Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутагт Ханбогд ресиденс орон сууцны төслийг хэрэгжүүлдэг. Уг төслийн эхний ээлжийн 1152 айлын орон сууцны барилгын ажлын санхүүжилтэнд зориулж, тухайн үеийн хувьцаа эзэмшигч Гангар инвест ХХК, Капитрон банк ХХК болон компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрийн дагуу Пи Ай Эм Эм ХХК нь Монгол Улсын Хөгжлийн банк-тай 2013 оны 07 дугаар сарын 18-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 20 тэрбум төгрөгийг жилийн 12 хувийн үндсэн хүү, 0.6 хувийн нэмэгдүүлсэн хүүтэй, 33 сарын хугацаатай зээлэхээр зээлийн гэрээ байгуулсан. Мөн тухайн үеийн хувьцаа эзэмшигч болон Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрийн дагуу дээрх 20 тэрбум төгрөгийн 4 тэрбум төгрөгийг хувьцаа эзэмшигч Гангар инвест ХХК-ийн охин компани Ганбармат ХХК-д зээлүүлэхээр шийдвэрлэсэн. Үүний дагуу Пи Ай Эм Эм ХХК болон Ганбармат ХХК, Гангар инвест ХХК-ууд нь 2013 оны 08 дугаар сарын 21-ний өдөр 13/08-21-01 тоот Зээлийн болон барьцааны хүүтэй, 3 сарын хугацаатай, арматур төмөр худалдан авах зориулалтаар зээлдэгч Ганбармат ХХК-д зээлүүлэх, зээлдэгч нь зээлийн 2 298 000 000 төгрөгийг 2013 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн дотор барилгын арматур төмөр нийлүүлэх хэлбэрээр буцаан төлөх, үлдэгдэл 1 702 000 000 төгрөгийг 2013 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр гэрээнд заасан хүүгийн хамт мөнгөн хэлбэрээр төлөхөөр харилцан тохиролцсон ба Гангар инвест ХХК нь Ганбармат ХХК-ийг үүргээ гүйцэтгэх баталгаа болгож тухайн үед Пи Ай Эм Эм ХХК-д эзэмшиж байсан нэг бүр нь 10 000 төгрөгийн үнэтэй 400 000 ширхэг, 4 тэрбум төгрөгийн үнэлгээтэй хувьцааг барьцаалсан. Пи Ай Эм Эм ХХК нь гэрээний дагуу 2013 оны 08 дугаар сарын 29-ний өдөр 3 300 000 000 төгрөгийг, 2013 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 700 000 000 төгрөгийг тус тус Ганбармат ХХК-д шилжүүлсэн. Ганбармат ХХК болон "Пи Ай Эм Эм" ХХК нь 2013 оны 08 дугаар сарын 21-ний өдөр 13/08-21-02 дугаар Зээлийн төлбөр барагдуулах гэрээ байгуулж 13/08-21-01 тоот Зээлийн болон барьцааны гэрээ-ний арматур нийлүүлэх хэлбэрээр төлөгдөх 2 298 000 000 төгрөгт БНХАУ-ын Бугатын үйлдвэрийн НКВ400 маркын арматур 2000 тн арматурыг 1 тн-ыг 1 149 000 төгрөгт тооцон 2013 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр нийлүүлэхээр тохиролцсон. Гэрээний хэрэгжилтийн явцад Ганбармат ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж 2 298 000 000 төгрөгийн арматурыг 2013 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн дотор төлөөгүй, мөн 1 702 000 000 төгрөгийг мөнгөн хэлбэрээр хугацаанд нь буцаан төлөөгүй, 2015 оныг хүртэл хэсэгчилсэн байдлаар арматур нийлүүлэх, мөнгийг төлөх журмаар 1 тодорхой хэмжээгээр төлж, 2015 оноос хойш төлөлт хийгээгүй одоогоор зээлийн үлдэгдэл нь 130 000 000 төгрөг байна. Ганбармат" ХХК нь арматураа хугацаандаа нийлүүлээгүй, зарим нийлүүлсэн арматур нь гэрээнд заасан шаардлагыг хангахгүй байсан тул Пи Ай Эм Эм ХХК нь хувьцаа эзэмшигчээс баталсан барилгын ажлын графикт хугацааг баримтлах, өвөл болохоос өмнө барилгын ажлыг явуулах, барилгын борлуулалтыг яаралтай эхлэх, туслан гүйцэтгэгч компаниудтай байгуулсан гэрээний хугацааг баримтлах зэрэг цаг хугацаа, эдийн засгийн шаардлагын улмаас арматур худалдаалдаг өөр газруудаас арматур худалдан авч барилгын ажилд хэрэглэсэн. Ингэж худалдан авахдаа Ганбармат ХХК-тай байгуулсан Зээлийн төлбөр барагдуулах гэрээ-нээс өндөр үнээр худалдан авсан байдаг. Энэхүү арматурын үнийн зөрүүг тооцон үзвэл 141 008 221 төгрөг байна. Мөн арматур хугацаандаа нийлүүлээгүйгээс барилгын гүйцэтгэгч Пхяньян намган ХХК-д төлсөн сул зогсолтын төлбөр 32 200 000 төгрөгийг арматурыг гэрээний дагуу нийлүүлээгүйгээр бусдаас түрээслэн авсан хэв хашмалын материалыг барилгаас салган буцаан өгөх боломжгүй болж түрээсийн хугацаа хэтрүүлсний төлбөр 32 384 680 төгрөгийг тус тус төлсөн. Мөн энэхүү хохирлоос Пи Ай Эм Эм ХХК нь Монгол Улсын Хөгжлийн банкнаас авсан 20 тэрбум төгрөгийн 4 тэрбум төгрөгт ногдох хүүгийн төлбөрийг өөрөө ашиглаагүй боловч төлсөн, Ганбармат ХХК хугацаандаа мөнгөө буцаан төлөөгүйгээс Хөгжлийн банкинд хүүний төлбөрөө тогтоосон хугацаанд төлөх боломжгүй болж нэмэгдүүлсэн хүү төлсөн, сул зогсолтын болон бусад нэмэгдэл зардал гарсан. Пи Ай Эм Эм ХХК-ийн зүгээс дээрх төлбөр хохирлыг барагдуулах талаар Ганбармат ХХК, Гангар инвест ХХК-д албан бичгээр болон төлөөлөн удирдах зөвлөл, хувьцаа эзэмшигчдийн хурлаар дамжуулж удаа дараа хандаж байсан боловч төлбөр төлөх хугацааг хойшлуулсаар өнөөдрийг хүрсэн. "Ганбармат" ХХК нь чанарын шаардлага хангахгүй арматур нийлүүлсний улмаас бусад аж ахуйн нэгж манай байгууллагад төлсөн 141 008 221 төгрөгийн хохирол, зээлийн төлөгдөөгүй үлдэгдэл 133 787 040 төгрөг, хэв хашмал түрээсэлсэн зардал 32 384 680 төгрөг, сул зогсолтын төлбөр 32 200 000 төгрөг, нийт 339 379 941 төгрөгийг "Ганбармат" ХХК-иас гаргуулж өгнө үү. Анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа тооцооллын алдаа гаргасан байна. Шүүх хуралдаанд дэмжиж байгаа нэхэмжлэлийн үнийн дүн 339 379 941 төгрөг гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ганбармат ХХК нь "Пи Ай Эм Эм" ХХК-тай 2013 оны 08 дугаар сарын 21-ны өдөр №2013/08/21-01 дугаар бүхий "Худалдах, худалдан авах тухай гэрээ", 13/08-21-1 дугаар бүхий Зээлийн болон барьцааны гэрээ, мөн 13/08-21-02 дугаар бүхий Зээлийн төлбөр барагдуулах гэрээ-г тус тус байгуулсан. Энэхүү гэрээнүүдийг байгуулахдаа 2013/08/21-01 тоот "Худалдах, худалдан авах тухай гэрээ"-гээр /гэрээний 3.1-т зааснаар/ 1 тонн бүрийн 1 149 000 төгрөгөөр
нийт 3481,2 тн арматурыг нийт 4 000 000 000 төгрөгийн үнийн дүнтэйгээр Ганбармат ХХК нь "Пи Ай Эм Эм" ХХК-нд нийлүүлэхээр гэрээ байгуулсан. 13/08-21-1 тоот "Зээлийн болон барьцааны гэрээ"-гээр /гэрээний 3.1-т зааснаар/ 4 000 000 000 төгрөгийг жилийн 12 хувийн хүүтэйгээр Пи Ай Эм Эм ХХК нь "Ганбармат" ХХК-нд зээлүүлсэн бөгөөд гэрээний 6.1.1-д зааснаар зээлийн барьцаанд "Гангар Инвест" ХХК-ийн эзэмшлийн "Пи Ай Эм Эм" ХХК-ийн 400 000 ширхэг, нэг бүр нь 10 000 төгрөг, нийт 4 000 000 000 төгрөгийн үнэ бүхий энгийн хувьцааг барьцаалсан. Ингэж дээрх нөхцөлүүдээр талууд гэрээнүүдийг анх байгуулахдаа 2 хувилбартайгаар хийсэн бөгөөд талууд харилцан тохиролцож "Зээлийн болон барьцааны гэрээ" болон "Зээлийн төлбөр барагдуулах гэрээ" хэрэгжүүлэхээр болсон. "Пи Ай Эм Эм" ХХК нь 13/08-21-1 тоот "Зээлийн болон барьцааны гэрээ"-ний дагуу 2 000 тонн арматурыг нэг дор бүгдийн авах сонирхолгүй байгаагаа илэрхийлж "Ганбармат" ХХК нь шаардлагатай хэмжээгээр нь тухай бүр нийлүүлж үлдэгдэл төлбөрт ногдох хүүгээ хариуцаж байхаар харилцан тохиролцсон байдаг. Энэхүү нөхцөл байдалтай уялдан "Ганбармат" ХХК-ийн толгой компани болох Гангар Инвест" ХХК нь 2013 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 964 тоот Пи Ай Эм Эм ХХК-ийн Ерөнхийлөгч С.Зоригтод "Зээлийн болон зээлийн барьцааны гэрээ", Зээлийн төлбөр барагдуулах гэрээ"-нүүдийн хугацааг сунгах хүсэлтээ хүргүүлсэн бөгөөд энэхүү хүсэлтийн дагуу талууд тус гэрээнүүдийг сунгасан. "Ганбармат" ХХК нь дээрхи гэрээний дагуу 2013 онд 281.1 тонн арматур 2014 оны 1039.58 тонн арматурыг захиалгын дагуу нийлүүлсэн бөгөөд энэ хугацаанд гэрээнд заасан 2000 тонн арматурыг бүрэн нийлүүлэх боломж байсан. Гэвч "Пи Ай Эм Эм" ХХК нь арматураа нэг дор бүгдийг авах сонирхолгүй байснаас гадна 2000 тонн арматурынхаа захиалгыг албан ёсоор өгөлгүй явсаар 2013 оны 11 дүгээр сарын 22-нд арматурынхаа захиалгыг өгсөн. Энэхүү захиалгын дагуу бид 2014 оны 1 дүгээр улиралдаа багтаан БНХАУ-ын Бугатын төмөрлөгийн үйлдвэрээс арматурыг нийлүүлэхээр болж үүнээс 1039.58 тонн арматурыг нийлүүлж 1310 тоннын 12, 14 диаметртэй арматурыг авах боломжгүй гэдэг үндэслэлээр хүлээн аваагүй. Хүлээн авахаас татгалзах үндэслэл нь "Пи Ай Эм ЭМ" ХХК-ийн "Ганбармат" ХХК-нд ирүүлсэн 2014 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 48 тоот албан бичигт дурдсанаар 12-н 835.413 тн буюу 1 749 853 650 төгрөгийн арматур, 14-н 1 439 348 тн буюу 1 703 937 054 төгрөгийн үнэ бүхий хуйлаастай арматурыг мэргэжлийн байгууллагын дүгнэлт гарсны дараа авахаа илэрхийлж тус арматурыг гэрээний дагуу нийлүүлж байгаа арматур гэж үзэхгүй бөгөөд хүлээн авсанд тооцохгүй гэдгээ илэрхийлсэн. Мөн 2014 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 55 тоот албан бичгээр ШУТИС-ийн мэргэжлийн лабораторын эрхлэгч Я.Дүйнхэржав /РГШ/, зураг төсөл зохиогч Монгол Улсын зөвлөх инженер Н.Эрдэнэсүрэн нар танай компанийн буулгасан арматурыг барилгад хэрэглэхийг зөвшөөрөхгүй тухайгаа бидэнд мэдэгдлээ зэрэг албан бичгүүдийг ирүүлсэн. Энэхүү албан бичгүүдийг үндэслэн Ганбармат" ХХК нь "Пи Ай Эм Эм" ХХК нд 2014 оны 05 дугаар сарын 18-ны №18 болон 2014 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн №27 тоот албан бичгийг хүргүүлсэн. 2014 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн №27 тоот албан бичгээр Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа төмөр болон төмөр бүтээцтэй холбоотой шинжилгээ хийдэг бүхий л лабраторуудад хандаж шинжилгээ авч өгсөн. Энэхүү шинжилгээнүүдээр Ганбармат" ХХК- ийн нийлүүлж буй арматур нь Монгол Улсад мөрдөгдөж байгаа чанар стандартын шаардлагыг бүрэн хангасан гэдгээ илэрхийлсэн. Гэвч "Пи Ай Эм Эм" ХХК нь тус арматурыг авахгүй гэдгээ удаа дараа илэрхийлсэн тул тус арматурыг буцаан авч "Зээлийн болон барьцааны гэрээ"-ний дагуу арматурын үнэнд ногдох үнийн дүнгээс хүү тооцон төлж байхаар болж холбогдох төлббр тооцоог барагдуулсан. "Ганбармат" ХХК нь Монгол Улсын чанарын шаардлага хангасан арматурыг бүрэн нийлүүлсэн тул тухайн үед нь тооцоогоо бүрэн хаах боломжтой байсан ч бизнесийн зарчим болон "Пи Ай Эм Эм" ХХК-ийг хүндэтгэн арматураа буцаан авч холбогдох төлбөр тооцоонд нь хүү тооцон төлбөр барагдуулсан. 1310 тонны арматур буцаасантай холбогдон 2014 онд Ганбармат" ХХК нь 6 486 480 төгрөгийн барилгын гадна фасадны хөөс, 196 800 250 төгрөгийн бетон нийлүүлсэн бөгөөд 2014 онд 1 400 000 000 төгрөгийг бэлнээр төлж үлдэгдэл 154 000 000 орчим төгрөгийг 2014 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Пи Ай Эм Эм" ХХК, "Гангар" ХХК болон Ганбармат" ХХК-ийн хооронд байгуулсан "Ажил гүйцэтгэх гэрээ"-ний үнийн дүн болох 774 568 000 төгрөгийн ажлын 20% болох 154 913 600 төгрөгийн гүйцэтгэлийн төлбөрийг Ганбармат" ХХК нь "Пи Ай Эм Эм" ХХК-ийн өмнөөс төлж барагдуулахаар болсон байдаг. Ийнхүү дээрх бараа материалыг өгч, холбогдох төлбөр тооцоог бүрэн барагдуулж 2014 оны 11 дүгээр сарын 25-нд "Пи Ай Эм Эм" ХХК-ийн Ерөнхий нягглан бодогчтой нь тооцоог нийлсэн байдаг. Гэтэл "Ганбармат" ХХК-ийн толгой компани болох "Гангар Инвест" ХХК-тай холбоотой компани болох "Хүчит цайз" ХХК-тай 2015 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 21/15-04 тоот "Харуул хамгаалалтын гэрээ"-г байгуулсан бөгөөд гэрээний дагуу үйлчилгээний төлбөр болох 133 600 000 төгрөгийн өр төлбөрөөс зайлсхийх зорилгоор 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдөр "Ганбармат" ХХК-ийн нягтлан бодогч П.Алимаа дээр "Пи Ай Эм Эм" ХХК-ийн нягтлан бодогч П.Алтанзул нь ирж дахин тооцоо нийлэхээр боллоо хэмээн "Гангар" ХХК-ийн гүйцэтгэл болох 154 913 600 төгрөгийн гүйцэтгэлийн ажлыг "Гангар" ХХК-тай тооцоо нийлсэн актгүйгээр 36 276 972 төгрөг болсон хэмээн бууруулж "Ганбармат" ХХК-ийг "Пи Ай Эм Эм" ХХК-нд 133 878 040 төгрөгийн өр төлбөртэй мэтээр харагдуулсан байиа. Мөн 2015 оны 05 дугаар сарын 09-нд 70 704 414 төгрөгийн цайран труба. 2015 оны 07 дугаар сарын 17-ны өдөр 55 868 222 төгрөгийн арматурыг "Пи Ай Эм Эм" ХХК нь зээлээр авсан бөгөөд өнөөдрийг хүртэл 33 239 136 төгрөгийн хоорондын тооцоотой байгаа боловч дээрх 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдөр үйлдсэн тооцоо нийлсэн актан дээр тусгаагүй байгаа нь анхнаас нь л "Хүчит Цайз" ХХК-ийн 133 600 000 төгрөгийн өглөгөө хаах зорилготойгоор энэхүү тооцоо нийлсэн актыг үйлдсэн гэж үзэж байна. Ийнхүү тооцоо нийлсэн даруйдаа буюу 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр "Пи Ай Эм Эм" ХХК нь 385 тоот албан бичиг ирүүлсэн бөгөөд энэхүү албан бичгээрээ "Зээлийн болон барьцааны гэрээ" болон "Зээлийн төлбөр барагдуулах гэрээ"-ний дагуу арматураа нийлүүлээгүй, зарим нийлүүлсэн арматур нь гэрээнд заасан шаардлага хангаагүйгээс үүссэн 349 599 261 төгрөг, 5933.33 ам.долларын төлбөрийг дурдсан албан бичиг ирүүлсэн. Энэхүү албан бичгийн дагуу "Гангар Инвест" ХХК-иас 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 1/997 дугаар тоот бүхий албан бичгийг хүргүүлсэн бөгөөд энэхүү албан бичгээр төлбөр тооцоог бүрэн дууссан болохыг мэдэгдсэн бөгөөд төлбөр тооцоотой асуудлыг яаравчлан дахин нийлж санхүүгийн өглөг авлагаа цэгцлэхийг үүгээр мэдэгдсэн. Гэвч "Пи Ай Эм Эм" ХХК өнөөдрийг хүртэл тооцоогоо бүрэн нийлээгүй байж ийнхүү "Ганбармат" ХХК-иас 335 892 901 төгрөгийн нэхэмжлэл гаргасан байна. Иймд "Пи Ай Эм Эм" ХХК-ийн нэхэмжлэл хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожөгнө үү гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.1, 222 дугаар зүйлийн 222.7 дахь хэсэгт зааснаар "Ганбармат" ХХК-иас 107 022 240 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч "Пи Ай Эм Эм" ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 232 375 701 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 837 415 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч "Ганбармат" ХХК-иас 693 061 төгрөг гаргуулан нэхэмжлэгч "Пи ай эм эм" ХХК-д олгож шийдвэрлэжээ.
Хариуцагчийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...Нэхэмжлэгч нь хэв хашмал түрээсэлсэн зардалд 32 384 680 төгрөгийг гаргуулахаар шаардснаас шүүх 10 000 000 төгрөгийг хангах үндэслэлтэй гэж үзсэн. "Пи Ай Эм Эм" ХХК нь "Хэв хашмал" ХХК-иас барилгын хэв, гадна булан түрээслэхдээ 2013 оны 10 дугаар сарын 19-ны өдөр 3 000 000 төгрөгийн үнийн дүн бүхий гэрээ байгуулж 2014 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээлгэн өгөхөөр тохиролцсон байдаг. Гэтэл дээрх түрээсийн хугацаа нь ямар үндэслэлээр хэтэрч, "Пи Ай Эм Эм" ХХК-ийг "Ганбармат" ХХК нь энэхүү түрээсийн төлбөрт хэрхэн холбогдуулан, нэхэмжлэгчийг хохироосон нь тодорхойгүй байхаас гадна дээрх хугацаанд "Ганбармат" ХХК нь гэрээний үүргээ биелүүлж 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр тооцоо нийлж бататгаажуулсан байдаг.
Мөн Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 1095 дугаарт захирамжид "Пи Ай Эм Эм" ХХК нь "Ганбармат" ХХК-ийг цаг хугацаандаа арматураа нийлүүлээгүйгээс төлбөрийг хоцроосон гэх тайлбар гарган талууд эвлэрсэн нь "Ганбармат" ХХК-ийн шууд буруутай үйл ажиллагаанаас болоод "Пи Ай Эм Эм" ХХК цаашлаад "Хэв хашмал" ХХК-ийг хохироосон гэж үзэж болохгүй.
Харин "Пи Ай Эм Эм" ХХК нь арматурынхаа захиалгыг албан ёсоор 2013 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр өгсөн нь байдаг. Энэ мэтчилэн нэхэмжлэгч нь өөрийн түрээсийн төлбөрийг цаг хугацаандаа төлөөгүйгээс үүдэн гарах хариуцлагаа "Ганбармат" ХХК-нд ямар үндэслэлээр холбогдуулан шилжүүлж байгаа нь тодорхойгүй бөгөөд талуудын хооронд байгуулсан гэрээнд энэхүү асуудал огтхон ч дурдагдаагүй тул энэхүү төлбөрийг "Ганбармат" ХХК нь төлөх хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.
...Мөн шүүх нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй. "Пи Ай Эм Эм" ХХК нь "Пехньян намган" ХХК-нд төлсөн гэх 32 200 000 төгрөгийг "Ганбармат" ХХК-иас нэхэмжлэх үндэслэлгүй юм. гэж үзэж байна. "Ганбармат" ХХК болон "Пи Ай Эм Эм" ХХК-ийн хооронд байгуулсан 13/08-21-1 дутаар бүхий "Зээлийн болон барьцааны гэрээ", мөн 13/08-21-02 дутаар бүхий "Зээлийн төлбөр барагдуулах гэрээ"-нуудын батлан даагч нь "Гангар Инвест" ХХК юм. "Гангар Инвест" ХХК нь "Пи Ай Эм Эм" ХХК-нд цайран труба нийлүүлсэн бөгөөд тооцооны үлдэгдлийн баталгааны дагуу "Пи Ай Эм Эм" ХХК нь 33 239 136 төгрөгийг "Гангар Инвест" ХХК-нд төлөхөөр байдаг. Энэхүү төлбөр тооцоог талууд хүлээн зөвшөөрч "Ганбармат" ХХК-ийн өглөгөөс хаахаар тохирсон байхад шүүгч хэрэгт хамааралгүй мэт шийдвэрлэж байгаа нь хууль зуйн үндэслэлгүй гэж үзэж байна.
Иймд нотлох баримтанд тулгуурлаагүй, буруу дүгнэлт хийсэн шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан нэхэмжлэгчид төлөх гэж шийдвэрлэсэн 107 022 240 төгрөгийн дүнгээс хэв хашмалын түрээсийн төлбөр 10 000 000 төгрөг, нэмэлт ажил хийсний 32 200 000 төгрөг болон хоорондын төлбөр тооцоо болох 33 239 136 төгрөгийг хасч, нийт 75 439 136 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнөөс шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.
Нэхэмжлэгч Пи ай эм эм ХХК нь хариуцагч Ганбармат ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт болон хохиролд 339 379 941 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай шүүгчийн захирамж 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр гарсан байх ба уг захирамж гарсанаас хойш талууд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т зааснаар хэргийн материалтай танилцаж, түүнээс тэмдэглэл хийх эрхтэй.
Шүүхээс хариуцагч талд 2017 оны 12 дугаар сарын 18-нд хэргийн материал танилцуулсан нь дээрх хуулийн шаардлагад нийцээгүй, хэргийн 67-151 дүгээр талд авагдсан нотлох баримтуудтай талуудыг танилцуулаагүй байгаа нь зохигч нэг талын гаргасан тайлбар, нотлох баримтын талаар эсрэг тал өөрийн тайлбар, татгалзлалаа, нотлох баримтын хамт гаргаж өгөх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт заасныг тус тус зөрчжээ.
Мөн нэхэмжлэгч тал 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр шинээр итгэмжлэгдсэн төлөөлөгч томилсон байх ба шүүх хуралдаанд хэргийн материалтай танилцах хугацаа олгож шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт гаргасныг анхан шатны шүүх хангаж шийдвэрлэсэн боловч шүүх хуралдаан болох өдөр хэргийн материалтай танилцуулснаар хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн өмнө талуудын эрх тэгш байх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх зарчмын үндсэн дээр хэрэгжүүлэх талаар зохицуулсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 6 дугаар зүйлд заасантай нийцэхгүй юм.
Зохигчид энэ талаар гомдол гаргаагүй боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянах журамтай. Иймээс анхан шатны шүүхийн гаргасан дээрх зөрчлийг давж заалдах шатны шүүх залруулж маргааны үйл баримт, тэдгээрийн хооронд үүссэн харилцааны талаар эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 183/ШШ2018/00337 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 535 150 төгрөгийг буцаан олгохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ТУЯА
ШҮҮГЧ Д.БАЙГАЛМАА
Д.ЦОГТСАЙХАН