Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2020/01658

 

 

 

 

 

2020 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2020/01658

 

 

 

 

Ж.М ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Д.Нямбазар, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 101/ШШ2020/01839 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ж.М ХХК-ийн хариуцагч Халдварт өвчин судлалын үндэсний төвд холбогдуулан гаргасан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 16 834 999 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.С , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Халдварт өвчин судлалын үндэсний төв нь 2015 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр манай компанитай ХАГ 0274/15 тоот зээлээр худалдах, худалдан авах гэрээ болон 2016 оны 06 дугаар сарын 06-ний өдөр ХАГ 0274/16-01,02,03,04,05,06,07,08,09,10,11 тоот нэмэлт гэрээнүүдийг байгуулан нийт 126 612 000 төгрөгийн үнэ бүхий гар утас, багц үйлчилгээ авсан.Одоогийн байдлаар Халдварт өвчин судлалын үндэсний төв нь манай компанид 11 223 333 төгрөгийн үлдэгдэл төлбөртэй байгаа болно.

Талууд 2019 оны 6 дугаар сарын 30-ны өдөр тооцоо нийлж тооцоо нийлсэн баталгаа хийж баримт үйлдсэн. Тооцоо нийлсэн баримтаар гэрээний төлбөрийн үлдэгдлийг 11 959 333 төгрөг болохыг тохиролцож, ХӨСҮТ-ийн нягтлан бодогч С.Цэрэндалай хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж, байгууллагын тамга тэмдэг дарсан. Нягтлан С.Цэрэндалай нь байгууллагыг төлөөлөх эрхгүй гэдгээ хариуцагч тал нотолсон баримтыг ирүүлээгүй. Талуудын хооронд гэрээ байгуулагдсан, гэрээний дагуу төлбөр төлж байсан, улмаар төлбөрийн үлдэгдлийн тухай тооцоо нийлсэн акт үйлдсэн.

Иймд Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс Зээлээр худалдах худалдан авах гэрээний дагуу үлдэгдэл төлбөр 11 223 333 төгрөг, гэрээний 3 дугаар зүйлийн 3.3-т заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,3 хувийн алданги 5 661 666 төгрөг, нийт 16 834 999 төгрөгийг гаргуулан өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Талуудын хооронд байгуулагдсан 2 үндсэн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу хүчин төгөлдөр бус гэж үзэж байна. Гэрээнд Ж.М ХХК-ийг төлөөлж хамтын ажиллагааны газрын захирал Н.Б , 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн гэрээ, сунгалт хийсэн 11 ширхэг нэмэлт гэрээнүүдэд дэд захирал бөгөөд хамтын ажиллагааны газрын захирал н.Баярсайхан гэх хүн гарын үсэг зурсан байна. Ж.М ХХК-ийн зүгээс гэрээнд дэд захирал гэж гарын үсэг зурсан байдаг боловч нэхэмжлэгчийн улсын бүртгэлийн гэрчилгээнд Г.Д ыг гүйцэтгэх захирлаар томилсон байна.

Үүнээс үзэхэд Ж.М ХХК-ийг төлөөлж хамтын ажиллагааны газрын захирал Н.Б , дэд захирал бөгөөд хамтын ажиллагааны газрын захирал н.Баярсайхан нар гарын үсэг зурсан гэрээ нь хуульд зааснаар хүчин төгөлдөр байгуулагдаагүй, өөрөөр хэлбэл тэд гэрээ байгуулах эрх бүхий этгээд мөн эсэхийг нотолсон баримт хэрэгт байхгүй.

Тиймээс талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь хүчин төгөлдөр бус байна. мөн 2019 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн тооцоо нийлсэн актад Халдварт өвчин судлалын үндэсний төв-ийг төлөөлж нягтлан бодогч С.Цэрэндалай гэх хүн гарын үсэг зурсан нь эрх бүхий этгээд мөн эсэх нь тодорхойгүйгээс гадна өндөр үнэ бүхий мөнгөн дүнтэй хэлцэлд гарын үсэг зурах эрх бүхий этгээдийг Компанийн тухай хуулийн 85 дугаар зүйлд хуульчилсан боловч үүнтэй зөрчилдөж байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс 11 223 333 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж.М ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 5 611 666 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т тус тус зааснаар хариуцагч Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс улсын тэмдэгтийн хураамжид 194 524 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж.М ХХК-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 242 125 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Өнөөдрийн байдлаар Халдварт өвчин судлалын үндэсний төв-ийн ажилчид нь шинэ Коронавирусээс үүдэлтэйгээр Эрүүл мэндийн тухай хуулийн ..3.1.7-д заасны дагуу олон улсын хөл хориот өвчин..-ний голомтод ажиллаж байгаа бөгөөд нэхэмжлэгчийн нэхэж буй төлбөрийг Халдварт өвчин судлалын үндэсний төв-ийн ажилчид төлж чадахгүй байх нөхцөл байдал үүсээд байгаа болохыг дурдах нь зүйтэй. Нэхэмжлэлийн шаардлагаас алданги болох 5 611 666 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хэсгийг хүлээн зөвшөөрч байх ба Халдварт өвчин судлалын үндэсний төв-өөс зээлээр худалдах, худалдан авах гэрээний үндсэн үүрэгт 11 223 333 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэж буй хэсгийг эс зөвшөөрч байна.

Учир нь талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйл 56.1.8-д заасан эрх бүхий этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэж үзэж байна. Нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд байгуулагдсан гэрээнүүдэд нэхэмжлэгч Ж.М ХХК-ийг төлөөлж хамтын ажиллагааны газрын дарга гэх Н.Б , Г.Д , Н.Баярсайхан, Д.Довчинням гэх этгээдүүд гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулдаг болно.

Гэтэл Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.8 дахь хэсэгт заасныг зөрчсөн хэмээн үзэж байна. Өөрөөр хэлбэл хамтын ажиллагааны газрын дарга гэх этгээдүүд нь хэлцэл хийх эрх олгосон эсэх нь тодорхойгүй байх ба хуульд заасан шаардлагыг хангаагүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Ж.М ХХК нь хариуцагч Халдварт өвчин судлалын үндэсний төвд холбогдуулан зээлээр худалдах-худалдан авах гэрээний үүрэгт үндсэн төлбөр 11 223 333 төгрөг, алданги 5 611 666 төгрөг, нийт 16 834 999 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Ж.М ХХК, Халдварт өвчин судлалын үндэсний төвтэй 2015 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Зээлээр худалдах-худалдан авах гэрээ нэртэй ХАГ 0274/15 дугаартай, 2016 оны 6 дугаар сарын 06-ний өдөр ХАГ 0254/16, мөн оны 8 дугаар сарын 03, 9 дүгээр сарын 14, 11 дүгээр сарын 01, 2017 оны 01 дүгээр сарын 04, мөн оны 02 дугаар сарын 03, 20, 6 дугаар сарын 23, 8 дугаар сарын 17, 10 дугаар сарын 20, 2018 оны 02 дугаар сарын 07, 5 дугаар сарын 01-ний өдрүүдэд 01, 02, 03, 04, 05, 06, 07, 08, 09, 10, 11 дугаар бүхий нэмэлт гэрээнүүдийг тус тус байгуулж, нийт 126 612 000 төгрөгийн үнэ бүхий гар утас, багц үйлчилгээ авахаар харилцан тохиролцсон, худалдагч нь худалдан авагчид гэрээнд заасан нэр төрөл, дугаар бүхий гар утаснуудыг хүлээлгэн өгсөн үйл баримтыг хэрэгт авагдсан дээрх дугаар бүхий гэрээнүүд, зээлээр нэмж худалдсан бараа материалыг хүлээлцсэн акт зэрэг баримтуудыг үндэслэн анхан шатны шүүх зөв тогтоосон байна. /хх-18-24, 33-42, 45-106/

Талууд 2015 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн ХАГ-0274/15, 2016 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн ХАГ-0254/16 дугаартай гэрээнүүдийн хүчин төгөлдөр байдалд маргажээ.

Иргэний хуулийн 68 дугаар зүйлийн 68.1 дэх хэсэгт Төлөөлөх бүрэн эрхгүй этгээд бусдын нэрийн өмнөөс гуравдагч этгээдтэй дур мэдэн хэлцэл хийсэн бол уг хэлцэл хүчин төгөлдөр байх эсэх нь төлөөлүүлсэн этгээдийн зөвшөөрлөөс шалтгаална гэж заажээ.

Хэргийн баримтаас үзэхэд нэхэмжлэгч Ж.М ХХК-ийн захирлаар Г.Д ыг томилсныг 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр улсын бүртгэлд бүртгэсэн байна. /хх-2/

Талуудын маргаж буй гэрээ 2015, 2016 онд байгуулагдсан бөгөөд уг гэрээнүүдэд Ж.М ХХК-ийг төлөөлж хамтын ажиллагааны газрын захирал Д.Батзориг, дэд захирал бөгөөд хамтын ажиллагааны газрын захирал С.Баярсайхан нар гарын үсэг зурсанд төлөөлүүлэгч тал маргаагүй тул нэхэмжлэгч компанийн захирал Г.Д ын зөвшөөрөлгүйгээр гэрээ байгуулсан гэж үзэхгүй.

Нөгөөтэйгүүр, Иргэний хуулиар худалдах-худалдан авах гэрээ байгуулахад хэлбэрийн шаардлага тавигдаагүйн гадна Халдварт судлалын үндэсний төв нь гэрээгээр тохирсон гар утас, үйлчилгээг хүлээн авсан нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.3 дах хэсгийн бодит үйлдлээр хийгдсэн хэлцэлд тооцогдох тул 2015 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн ХАГ-0274/15, 2016 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн ХАГ-0254/16 дугаартай гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус гэх хариуцагчийн татгалзал, гомдол хуулийн үндэслэлгүй болно.

Анхан шатны шүүх дээрх гэрээний харилцааг тодорхойлохдоо Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт заасныг буруу тайлбарлан хэрэглэжээ. Учир нь талууд гэрээндээ гэрээний үнийг хэсэгчлэн хийх төлбөрийн хэмжээ, хугацаа зааснаас хүү тооцохоор тохиролцоогүй байна. Дээрх гэрээнүүд нь худалдах-худалдан авах гэрээний шинжийг агуулж байх тул тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан харилцаа үүссэн гэж дүгнэнэ. Иймээс гэрээний талууд хэн альнаасаа үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй.

Нэхэмжлэгч Ж.М ХХК, хариуцагч Халдварт өвчин судлалын үндэсний төвтэй 2019 оны 6 дугаар сарын 30-ны өдөр тооцоо нийлж, хариуцагч нь ХАГ-0254/16 тоот гэрээний үүргээс 11 959 333 төгрөгийн үлдэгдэлтэй болохоо баталгаажуулсан байна. /хх17/ Энэ хугацаанаас хойш дээрх үүргээ хариуцагч биелүүлээгүй гэдэгт маргаангүй тул энэ хэмжээгээр гэрээний үүргээ зөрчсөн гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.

Талууд 2016 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн гэрээний 3.3-т худалдан авагч нь гэрээнд заасан төлбөрийг төлөх хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хоног тутамд 0.3 хувьтай тэнцэх хэмжээний алданги төлнө гэж тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасантай нийцсэн тул алданги шаардах эрхтэй боловч нэхэмжлэгч нь гэрээнүүдийн аль үүрэгт алданги тооцож нэхэмжилсэн нь тодорхой бус байна. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас алданги 5 611 666 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож дүгнэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсгийн заасныг зөрчөөгүй байна. Нэхэмжлэгч тал шийдвэрийн энэ хэсэгт давж заалдах гомдол гаргаагүй болно.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 101/ШШ2020/01839 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтад 262 дугаар зүйлийн 262.1 гэснийг 243 дугаар зүйлийн 243.1 гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч нь давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ

 

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 

Ч.ЦЭНД