Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 615

 

  М.Энхтайванд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, Д.Оюунчулуун нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд: 

прокурор Л.Мажигсүрэн,

ялтан М.Энхтайван, түүний өмгөөлөгч Б.Оюунбилэг, С.Дашбалбар, Д.Тунгалаг,

нарийн бичгийн дарга Т.Мөнхзул нарыг оролцуулж,

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч Ү.Түмэнжаргал, Б.Дуламсүрэн нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдөр гаргасан 64 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан М.Энхтайван, түүний өмгөөлөгч Б.Оюунбилэг, С.Дашбалбар нарын гаргасан давж заалдах гомдлуудаар М.Энхтайванд холбогдох эрүүгийн 201525021184 дугаартай хэргийг 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Оюунчулууны илтгэснээр хянан хэлэлцэв.  

Балбаа овогт Мухарын Энхтайван, 1963 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр Говь-Алтай аймгийн Бугат суманд төрсөн, 52 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, мал зүйч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 52 дугаар гудамжны 620 тоотод оршин суух, ял шийтгэлгүй /РД: ДГ63110719/,

М.Энхтайван нь 2015 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 20 цагийн үед Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хүсэл” худалдааны төвийн 22-ын 6 дугаар павилонд хувийн таарамжгүй харилцааны улмаас иргэн А.Отгонбаатарын хэвлийн тус газарт өшиглөж бие махбодид нь хүнд зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас: М.Энхтайваны үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: М.Энхтайваныг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 1 сарын  хорих ялаар шийтгэж, “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай.” хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан 5 жил 1 сарын хорих ялаас 2 жилийн хорих ялыг өршөөн хасч, биечлэн эдлэх ялыг 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, уг ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлж, М.Энхтайван нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг СиДи-г уг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт нь үлдээж, хохирогч А.Отгонбаатарын нэхэмжлэлээс өмгөөлөгчид төлсөн хөлс 1.000.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, эмчилгээний төлбөр 1.000.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, энэ талаарх шаардлага хангасан нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмын дагуу жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, М.Энхтайванд урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, цагдан хорьж шийдвэрлэжээ.  

Ялтан М.Энхтайван давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаад гаргасан тайлбартаа: “…хохирогчийн анхны мэдүүлгийг үндэслэж надад ял оногдуулсан. Хохирогч А.Отгонбаатар нь анх ГССҮТ дээр очоод “Төв шуудангийн ард хоёр хүнд зодуулсан” гэж мэдүүлсэн байдаг. А.Отгонбаатар нь 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдөр намайг “Моби шоп” дээр нүдний шил зараад зогсож байхад Төв шуудангийн араас бие нь нэлээд зовиуртай бололтой, нэг гараараа гэдсэн дээрээ дарсан, царай нь цонхигор, цээжээрээ урагш бага зэрэг тонгойсон байдалтай ирж явж харагдсан. Би шилээ арчаад зогсож байтал хажууд ирээд суух газар хайн холхиж байгаад миний шил зардаг газрын хажууд байдаг тайрсан мод дээр ирж суухад нь би эргээд харахад зүүн мөрнөөс нь нилээд цус гоожиж футболк нь нэвтэрсэн, зүүн завьжнаас нь цус шүүрсэн, зүүн гараараа цээжнийхээ доод хэсэгт дараад сууж байсан. Тэгээд би эргэж хараад “Наад архи дарсаа болиоч, юун цус нөж болсон юм бэ” гэхэд “Танай охин чинь намайг шилээр зүсчихлээ” гэж хэлсэн. Тэгээд би охин руугаа залгаж юу болсон талаар асуухад “Отгонбаатар худал хэлж байгаа юм. Урд шөнө согтуу ирж агсам тавьж байгаад айлын шилэн хаалга мөргөөд унасан” гэж хэлсэн. Тэгээд би ярьчихаад эргээд харахад А.Отгонбаатар алга болсон байсан. Тэгээд байж байтал эргэж ирээд “Төмөржаргалын хувцас, охины тоглоомыг аваад ирлээ. Таны машины ард хийе” гэхээр нь би “тэг, тэг” гэтэл өөрөө бие нь нэг л зовиуртай архи нь ч гараагүй тонгойж өцийгөөд авч ирсэн зүйлээ зөөж чадахгүй байсан. Тэгээд суух газар хайж байгаад сүүдрэвчний суурь цементний дэргэд суухаар нь би авч ирсэн зүйлийг нь жолоочтой зөөж хийгээд эргээд явтал миний араас дуудаад “Би та нартай эргэж харьцахгүй, уулзахгүй” гэхээр нь би “Наад хэлсэн үг чинь үнэн бол үнэхээр сайн байна. Чи наад үгээ олон удаа хэлсэн. Үнэн бол аав нь баярлаж байна” гэсэн. Тэгээд шилээ янзлаад зогсож байтал А.Отгонбаатар алга болсон байсан. Үүний дараа 2-3 цагийн дараа охин утасдаад “Отгонбаатар ирээд агсам тавиад байна” гэсэн. Би өдөр болгон ажлаас буугаад 7 буудал орж хүнс цуглуулаад охиныхоо лангуун дээр ирдгийг хүн бүхэн мэднэ. Тэр өдөр тэр зангаараа хүнсээ цуглуулж охиныхоо лангуун дээр очтол А.Отгонбаатар коридорт тааралдаад буцаад охины лангуу руу орж хэрүүл болж байгаад явсан. Би гараад гэр рүүгээ явсан. А.Отгонбаатарын хэлээд байгаагаар би түүнийг түлхсэн асуудал байхгүй. Үүнийг хүн бүхэн гэрчилнэ. А.Отгонбаатар нь эмнэлэгт хэвтэж гарч ирээд “Хадам аавд зодуулсан” гэж хэлээд энэ хэрэг үүссэн. Охинтой хэрэлдээд гарахдаа охин болон танайхныг чадна гэж хэлсэн. Тэгээд энэ өргөдлийг өгсөн байсан. Сүүлд нь буруугаа хүлээж надаас уучлалт гуйж ирэхдээ “Ааваа намайг уучлаарай, би Төмөржаргалыг айлгах гэж өргөдөл өгсөн. Өөрөө буруутай болчихоод балраад байна. Би өөрөө арилгана” гээд яваад байсан. Шүүх хуралдаанд гомдол саналгүй гэж хэлсэн. Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэж хэлээд хэрэгт хавсаргасан байдаг. Би сүүлд түүнд “Чи арилгана гээд яваад байсан чинь яасан бэ, зодуулсан хүнээ хэлчих” гэхээр тэр “Би өөрөө хүнд зүйл ангиар хүн гүжирдсэн хэргээр буруудаад байна” гээд яваад байсан. Прокурор дээрээс 2015 оны 11 дүгээр сард хэрэг шүүх рүү шилждэг өглөө эхнэр бид хоёр А.Отгонбаатартай утсаар ярихад ирээд “Тэр бичгээ хийгээд өгье” гэж хоёр мөр бичиж байгаад хүнтэй утсаар ярьчихаад “Бичиж болохгүй юм байна” гээд гараад тэр чигтээ явсан. Энэ үед прокурор Б.Мөнх-Одтой ярьсан гэсэн. Шинжээч эмч Б.Долгормаагийн хэлснээр энэ гэмтэл нь эгц дээш харсан үед дэвсэх, хажуу тийш харсан үед өшиглөх үед авах гэмтэл гэсэн байдаг. Мөн гэрч Галхүү, Цэрэн болон Отгонбаатарын ах Наранбаатар нарыг асуух зэрэг ажиллагааг мөрдөн байцаалтын явцад дахин шалгуулах хүсэлтэй байна. Би урьд нь ял шийтгэл эдлэж байгаагүй. Ач, зээ нараа сургууль цэцэрлэгт нь зөөж явдаг хүн. Иймд хэргийг дахин хянан шалгаж өгнө үү...” гэв.

            Ялтан М.Энхтайваны өмгөөлөгч Б.Оюунбилэг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…ялтан М.Энхтайван нь мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ би хохирогч А.Отгонбаатарыг зодоогүй гэж тогтвортой мэдүүлж удаа дараа үнэн зөвийг олж өгөх талаар мөрдөн байцаалт,  прокурорын шатанд хүсэлт гомдол гаргаж байсан. 2016 оны 12 дугаар сарын 9-ний өдөр анхан шатны шүүхээр М.Энхтайванд холбогдох хэргийг хэлэлцээд хэргийг мөрдөн байцаалтын ажиллагаанд буцаахдаа:

1. Хохирогчийн мэдүүлж буйгаар павилоны дотор оруулаад газарт унаган өшиглөсөн гэх асуудлыг нарийн тогтоохын тулд тэнд ажилладаг лангууны худалдагч нарыг гэрчээр асуух.

2. Сүхбаатар дүүрэг Төв шуудангийн хажууд бусдад зодуулсан гэх асуудлыг анхаарч шалгавал зохилтой гэсэн байдаг.

Хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа хийж шүүхэд шилжүүлсэн боловч М.Энхтайваныг хохирогчийг зодож биед нь хүнд гэмтэл учруулсан болох нь бүрэн гүйцэт нотлогдоогүй байхад шүүх гэм буруутай гэж үзсэн нь учир дутагдалтай болсон. Хохирогч А.Отгонбаатар нь 2015 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 20 цагийн орчим “Хүсэл” худалдааны төвөөс гарч такси бариад “Монтел” төвийн орчим ирсэн. Тэрээр автомашинаас буусан үеэс эхлэн замын голд хэвтэж “Хэвлий хэсгээр өвдөөд байна” хэмээн бусдад хэлсэн. Хохирогчийн дээрх байдлыг харсан, сонссон гэрч нар яаралтай түргэн тусламж дуудсан. Яаралтай түргэн тусламжийн эмчийн зөвлөснөөр хохирогчийг эмнэлэгт үзүүлэхээр эмнэлэг дамжиж явсны эцэст ГССҮТ-д очсон гэдэг. Хохирогч А.Отгонбаатар эмчид ямар нэгэн хүнд зодуулсан талаар хэлээгүй. Хохирогч А.Отгонбаатар нь “Хүсэл” худалдааны төв дотор 20 цагийн үед зодуулаад гарсан гэж байгаа боловч бүтэн 3 цагийн дараа ГССҮТ-д очиж үзүүлсэн ба 2015 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 21 цагийн орчим Төв шуудангийн ард бусдад зодуулсан хэвлий рүүгээ өшиглүүлсэн талаар эмчид хэлж өвчний түүхэнд тэмдэглүүлсэн. Мөн эмнэлгүүдээр явж үзүүлэхэд ах Наранбаатар хамт явсан гэж мэдүүлдэг. М.Энхтайван мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ “...хохирогч А.Отгонбаатарыг төв шуудангийн ард бусадтай маргалдаж зодуулж байсныг Галхүү гэгч хүн харсан” байгаа талаар мэдүүлсэн. Иймд мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн биш хийгдсэн гэж үзэж байна. Иймд:

1. Хохирогч А.Отгонбаатарыг эмнэлгүүдээр авч явсан гэх гэрч Наранбаатарыг хаагуур ямар эмнэлгээр авч явсан талаар гэрчээр асуух,

2. Хохирогч А.Отгонбаатар “Хүсэл” худалдааны төвөөс такси бариад “Монтел” төв дээр ирээд автомашинаас буугаад зам дээр эвхрээд уначихсан гэж мэдүүлж байгаа. Иймд уг таксины жолоочоос хохирогчийг автомашинд суухдаа биеийн байдал ямар байдалтай байсан, буухдаа яаж бууж үлдсэн талаар асууж байцаах,

З. Хохирогч А.Отгонбаатарыг хэрэг гардаг өдөр Төв шуудангийн ард бусдад зодуулж байсан талаар харсан гэх гэрч Галхүүг байцаах зэрэг ажиллагааг хийлгэхээр мөрдөн байцаалтад буцааж өгнө үү…” гэв.

            Ялтан М.Энхтайваны өмгөөлөгч С.Дашбалбар давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…М.Энхтайванд холбогдох хэргээс харвал мөрдөн байцаалт гүйцэд биш хийгдсэн, Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа нь хэт нэг талыг буюу яллах талыг баримталсан, шүүхийн тогтоол нь таамаглалд үндэслэсэн байх тул дараах байдлаар гомдол гаргаж байна. Үүнд:

1. Шийтгэх тогтоол нь таамаглалд үндэслэсэн. Учир нь мөрдөн байцаах ажиллагааны бүхий л үйл явц, нотолгоо нь “Хүсэл” худалдааны төвийг чиглэсэн, шүүхээс ял шийтгэл аваад буй ялтан М.Энхтайван нь хохирогч гэх А.Отгонбаатарыг лангууны хөшгөө хааж байгаад зодсон, өшиглөсөн гэсэн энэ л таамгийг дэвшүүлэн зөвхөн үүнийгээ нотлох гэж мөрдөн байцаалт явуулсан байгаа. Гэтэл М.Энхтайван болон бусад гэрчүүдийн мэдүүлгээс харвал, хохирогч гэх А.Отгонбаатар нь 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдөр гэртээ хоноогүй, гадуур хоносон, ажил дээрээ ирэхдээ уруул дээр нь цус болсон, тухайн өдөр согтуу байсан гэдэг. Энэ нь хохирогч гэмтлийг “Хүсэл” худалдааны төв дээр ирэхээс өмнө авсан байх өндөр магадлалтайг илтгэж байгаа юм.

2. Мөрдөн байцаах ажиллагаа дутуу хийгдсэн. М.Энхтайван нь хохирогчийг зодсон, өшиглөсөн нь хөдлөшгүй нотлох баримтаар нотлогдоогүй байхад ялласан. Тодруулбал, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлыг бүрэн бодитойгоор тогтоогоогүй. Тухайлбал, хохирогчийн эмнэлгийн тусламж хүссэн газар буюу хохирогч, шүүгдэгч нарын ажлын газрын орчим нь хотын А зэрэглэлийн бүс бөгөөд тухайн орчинд банк, хөрөнгийн бирж, олон улсын байгууллага олноор байрлах “Бодь цамхаг”, “Төв шуудан” зэрэг томоохон байгууллагууд бий. Тэрхүү орчимд цагдаагийн байгууллагын болон бусад байгууллагын 5-6 камер ажиллаж байсаар байтал тэдгээрийн камерын бичлэгийг шалгаж, үнэлээгүй байгаа. Мөн хэт нэг талыг барьж гэрчийг байцаасан. Мэс засал хийсэн эмч, сувилагч, таксины жолооч нараас гэрчээр байцаалт авах ёстой байсан ч аваагүй. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт “Хэрэг бүртгэгч, прокурор нь хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор нотлохын тулд хуульд заасан бүх арга хэмжээ авч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийг яллах ба цагаатгах, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх ба хөнгөрүүлэх нөхцөл байдлыг бүрэн тогтоох үүрэгтэй” гэсэн байдаг. Гэтэл мөрдөн байцаагч, прокурор нь яллах, хариуцлагыг хүндрүүлэх талыг баримталсан.

3. Шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй гарсан. Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэг дэх шинжээчийн дүгнэлтэд “...А.Отгонбаатарын биед нарийн гэдэсний чацархай, их сэмжний урагдал хэвлийн хөндийд цус хуралт 1500 мл, зүүн мөрний шарх гэмтэл тогтоогдлоо...” гэжээ. Гэтэл хохирогч гэх А.Отгонбаатар нь зүүн мөрний гэмтлээ гэрч Дагиймаагийн гэрт авснаа өөрөө хүлээсэн. Түүнчлэн шинжээч эмч Б.Долгормаа нь А.Отгонбаатарт гардан мэс засал хийгээгүй, гардан эмчилгээ хийгээгүй. Ийм байтал шинжээч эмч Б.Долгормаагаас гэрчээр байцаалт авсан, гардан мэс засал хийсэн эмч, сувилагчдаас байцаалт аваагүй зэрэг нь дээрх шинжээчийн дүгнэлтийн эргэлзээтэй гэж дүгнэхэд хүрч байна.

4. Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “...Балбаа овогт М.Энхтайваныг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай" гэжээ. Гэтэл М.Энхтайван нь өөрийн төрсөн охин Э.Төмөржаргалын амьд явах, халдашгүй чөлөөтэй байх эрх, эрх чөлөөг хамгаалж, хохирогч гэх А.Отгонбаатарын болзошгүй халдлагаас урьдчилан сэргийлэх зорилгоор “Хүсэл” худалдааны төвд очсоныг гэм буруутайд тооцож ял оноож байгаа нь Эрүүгийн хууль болон Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчиж байна. Учир нь хохирогч гэх А.Отгонбаатар нь урьд нь 3-4 удаа шүүхээс ял сонсож хорих ангид ялаа биечлэн эдэлж байсан, бусдыг байнга айлган сүрдүүлдэг. М.Энхтайваны охин Э.Төмөржаргалын бие, эрүүл мэндэд халдаж хөнгөн гэмтэл санаатай учруулж байсан. Үүнийг 2014 оны 6 дугаар сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт нөхөр А.Отгонбаатарт зодуулсан гэх гомдлын дагуух 2014250003437 тоот хэрэг /1хх-129/, 2015 оны 7 дугаар сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт буюу долоон буудлын эцэст салсан нөхөртөө зодуулсан гэх гомдлын дагуух 0201525021385 тоот хэргийн /1хх-130/ бүртгэлээс харж болно. Нөгөө талаас М.Энхтайван нь “Хүсэл” худалдааны төвд охиныхоо дуудсанаар очиход хохирогч гэх А.Отгонбаатар нь Э.Төмөржаргалыг нь “янхан, гичий” гэх зэргээр доромжилж, зарж байсан эд зүйлсийг нь булаан авах зэргээр хууль бус үйлдэл хийснийг сонссон мөн охин Э.Төмөржаргалыг байнгын эрхшээлдээ байлгах гэж дарамталдаг, бие эрүүл мэндэд нь халддаг зэргээс үүдэн М.Энхтайван нь сэтгэл санаа нь хүчтэй цочрон давчидаж охин дээрээ очиж түүний эрх, эрх чөлөөг хамгаалах оролдлого хийсэн. “Хүсэл” худалдааны төвийн камерын бичлэгт огт өшиглөсөн, зодсон зүйл байхгүй, нотлогдоогүй байдаг.

5. Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “...Шүүхээс М.Энхтайванд ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршгийн шинж чанар зэрэг нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэн болно...” гэжээ. Бодит байдал дээр, М.Энхтайван нь архи уудаггүй, хэрэг учрал болсон өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй, гэр бүлийнхээ өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлдэг, хань, үр хүүхэд, ач, зээдээ халамжит нөхөр, эцэг, өвөө болсон, урьд нь ял шийтгэгдэж байгаагүй, гэрсэг, шударга, хөдөлмөрч, зоотехникч мэргэжилтэй хүн юм. Энэ нь цагдаагийн байгууллагаас шалгасан урьд нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /xx-78/, гэрч Санчирын мэдүүлгээс “...Төмөржаргалын аав нь эрүүл байсан” гэх, гэрч Х.Бат-Эрдэнийн мэдүүлгээс “...Миний нөхөр Энхтайван нь шулуун шударга, их цайлган, хүнд тусархаг, хүнд их итгэмтгий, хүний мөс чанарын тухайд маш сайн, найрсаг, хүний төлөө их санаа тавьдаг, хар буруу санаа байдаггүй, найз нөхдөдөө санаа их тавьдаг...” гэх зэрэг нотлох баримтуудаас харагдаж байна. Гэтэл түүнийг нийгэмд онц хохирол учруулахуйц байдлаар дүгнэсэн нь бодит үнэнд нийцэхгүй байна.

6. Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Энхтайванд оногдуулсан хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй” гэжээ. Гэтэл нь М.Энхтайван нь урьд нь гэмт хэрэгт холбогдож ял шийтгэгдэж байгаагүй, хүнд гэмт хэрэг үйлдсэн нь хөдлөшгүй нотлох баримтаар нотлогдоогүй, хэргийн нөхцөл байдлыг тал бүрээс нь бүрэн тогтоогоогүй, онц аюултай гэмт хэрэгтнээр тооцогдож байгаагүй атлаа, мөн түүнчлэн нийгмийн аюулын шинж чанар, М.Энхтайвны хувийн байдал зэргийг харгалзалгүйгээр хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр заасан нь бодит үнэнд болон хүнлэг, шударга ёсны зарчимд нийцэхгүй байгаа юм. Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг баримтлаагүй байна.

7. Шүүхээс М.Энхтайванд ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх заалтыг хэрэглэлгүй түүний эрх зүйн байдлыг дордуулсан нь Эрүүгийн хуулийг зөрчсөн байна. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү…” гэв.

Ялтан М.Энхтайваны өмгөөлөгч Д.Тунгалаг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болж чадаагүй. Учир нь 2015 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хохирогч А.Отгонбаатар согтуугаар нийтийн үйлчилгээний газар болох “Хүсэл” худалдааны төв дээр очиж ичгүүргүй авирлаж эхнэр Э.Төмөржаргалтай хэрүүл маргаан үүсгэж, лангуун дээрх эд зүйлийг авч шидэх зэрэг зүй бус авирласан. Энэ байдлыг Э.Төмөржаргал гар утсаараа өөрийн эцэг М.Энхтайванд хэлж мэдэгдсэнээр А.Отгонбаатарын үйлдлийг таслан зогсоохоор ирсэн. Гэтэл А.Отгонбаатар хадам эцгийнхээ зүй ёсны шаардлагыг үл тоомсорлож, түүнийг болон гэр бүлийнхнийг нь хэл амаар доромжлон, худалдааны төвийн шалан дээр өөрөө савж унаад “Та нар охиноороо биеийг нь үнэлүүлж олсон мөнгөөр нь амьдардаг, танай охин янхан шүү дээ” гэх зэрэг зохисгүй үг хэллэгээр доромжилсон байдаг. Энэ нь хавтаст хэрэгт /1хх-14/ авагдсан камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлээс тодорхой харагддаг. Энэ бичлэг 24 минут үргэлжилдэг. Мөн гэрч Төмөржаргал, Буян-Орших /хх-45/, Соёлмаа /1хх-108-109, 211-212/, Санчир /1хх-92-93/, болон хохирогч А.Отгонбаатарын мэдүүлгүүдээр /1хх-19/ нотлогддог. Үйлчилгээний газар хохирогч А.Отгонбаатарын зүй зохисгүй үйлдлийг хүмүүст харуулахгүй байх зорилгоор М.Энхтайван лангууны хаалтыг хааж байгаа. Энэ байдлыг улсын яллагч болон шүүхээс өөрийн буруутай үйлдлийг нуух зорилгоор гэж дүгнэсэн нь учир дутагдалтай байна. Хэрэг болох болсон шалтгаан нөхцөл нь хохирогчийн зүй бус авирласан, хууль бус үйлдэл юм. Энэ хэргийн материалтай танилцаад М.Энхтайваны гаргасан хүсэлт, гомдол, удаа дараа өгсөн мэдүүлгээс үзэхэд тухайн үед М.Энхтайваны сэтгэл санаа гэнэтийн цочролд хоромхон зуур автаж, өөрийн үйлдлээ хянах чадваргүй байсан үедээ энэ гэмт хэргийг үйлдсэн байх магадлалтай. Түүнийг гэмт хэрэг санаатай үйлдэх субъектив тал үгүйсгэгдэж байгаа нөхцөл байдал харагдаж байна. Ялтны хувьд 52 настай бөгөөд тогтсон ажилгүй, хувийн байдал муу хүргэнээ засрах хүмүүжүүлэх зорилготойгоор тухайн үг хэллэгийг хэлж байсан нь нотлох баримтаар нотлогддог. Иймд М.Энхтайваны үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзэж байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, түүнийг цагаатгаж өгнө үү...” гэв.

Прокурор Л.Мажигсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар М.Энхтайван нь өөрийн санаатай үйлдлийн улмаас хохирогчид хүнд зэргийн гэмтэл учруулсан болох нь тогтоогдож байна. А.Отгонбаатарыг дагуулж явсан гэх Наранбаатар Улаанбаатар хотод байхгүй байгаа нь гэрч нарын мэдүүлгээр тогтоогдог. Харин дүү А.Ууганбаярыг мөн хамт явж байсан учраас гэрчээр байцаасан. Тухайн үед ямар асуудал болсон, аль эмнэлгээр явсан талаар А.Ууганбаяр тодорхой мэдүүлсэн. Таксины жолоочийг гэрчээр асуулгах талаар ярьж байгаа боловч одоо жолоочийг хэн байсныг мэдэх боломжгүй нөхцөл байдал үүссэн. Тухайн үеийн замын болон гудамжны камерын бичлэг олдох боломжгүй байгаа. Түүнчлэн гэрч Галхүүг гэрчээр байцаах санал гаргаж байх боловч тухайн хэрэгт ач холбогдол бүхий зүйлийг мэдэж байгаа, тухайн хэрэгт холбогдолгүй хүнийг гэрч гэнэ гэж Эрүүгийн байцаан шийтгэх хуульд тодорхой заасан байдаг. Галхүүгийн хувьд А.Отгонбаатар, М.Энхтайван нарыг маргалдаж, зодолдох үед хажууд нь байсан эсэх нь тогтоогдоогүй. Тийм учраас энэ хүнийг гэрчээр асуух нь үндэслэлгүй байна. Мөн мэс засал хийсэн эмч нар онош тогтоогоод хэвлийн хөндийг нээж гэмтэл, мэс заслын явцыг өвчний түүхт нь тодорхой бичсэн байдаг. Шинжээч дүгнэлтдээ эгэмний гэмтлийг оруулсан. Эгэмний гэмтэл хохирогчид учирсан хэдий ч энэ нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарахгүй. Зөвхөн хэвлийн хөндийд учирсан гэмтэл нь дангаараа хүнд зэргийн гэмтэлд хамаардаг. Эгэмний гэмтлийг М.Энхтайван учруулаагүй, хохирогч өмнө нь энэ гэмтлийг авсан байсан нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байгаа. Хохирогчийн өвчний түүх дээр түүнд учирсан гэмтэл, түүний илэрлийн байдал, мэс ажилбарын явц, гарах үеийн биеийн байдал зэргийг тодорхой заасан учраас эргэлзээд байх зүйлгүй. Хагалгаа хийхэд цус гарсан байх нь тодорхой. Гарсан цусны хэмжээг нь тодорхой зааж бичсэн байна. Тухайн мэс заслын ажиллагааг камераар бичлэг хийж бэхжүүлэх байсан гэдэг нь үндэслэл муутай байна. М.Энхтайваны хувьд сэтгэл санаа нь хүчтэй цочрон давчидсан зүйл хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдоогүй. 2015 оны 6 дугаар сарын 20-ны өдөр А.Отгонбаатар эхнэр Э.Төмөржаргалтай уулзахаар очсон шалтгаан нь Э.Төмөржаргал нь 2 хоног гэртээ ирж хоноогүй. Найзаас нь асуухад эхнэр нь өөр хүнтэй машинд нь хоносон гэдгийг хэлсэн учраас эхнэртэйгээ маргалдах гэж очсон байдаг. Тэнд очоод Э.Төмөржаргалыг зодоод гэмтэл учруулсан асуудал байхгүй. М.Энхтайваны зүгээс охин нь хүнд хүчээр дарлагдсан, доромжлогдсон, эсхүл А.Отгонжаргалын үйлдлийн улмаас Э.Төмөржаргалд ямар нэгэн гэмтэл хор уршиг учирсан, учрах байсан үйлдлийг таслан зогсоох үйлдэл хийгээгүй. А.Отгонбаатарын зүгээс хавтаст хэрэгт авагдсан баримтаар тус худалдааны төвд явж байхад хадам эцэг М.Энхтайван нь урдаас нь ирж байсан. Тэгээд уулзаад өмнө нь ороод явж байснаа араас нь гэнэт цохисон байдаг. Тэгээд 4 хөллөж унасан. Түүнээс биш өөрөө 4 хөллөж хэвтээд бусдын амгалан тайван байдлыг алдагдуулаад агсам тавьж, олон нийтийн газар зүй зохисгүй авирласан зүйл байхгүй. Иймээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан болон түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох саналтай байна...” гэв.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байна” гэсэн шаардлагыг хангасан байна.

 Хэргийн материалыг судлахад, М.Энхтайван нь 2015 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 20 цагийн үед Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хүсэл” худалдааны төвийн 22-ын 6 дугаар павилонд хувийн таарамжгүй харилцааны улмаас өөрийн хүргэн хүү А.Отгонбаатарын хэвлийн тус газарт өшиглөж бие махбодид нь нарийн гэдэсний чацархай, их сэмжний урагдал, хэвлийн хөндийд цус хуралдалт /1500 мл/ ...  бүхий учрах үедээ амь насанд аюултай хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч А.Отгонбаатарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Төмөржаргал өөрийн төрсөн эцэг Энхтайваны утас руу залгаад “Отгонбаатар энд ирчихсэн хэрүүл хийгээд байна” гэж хэлж байсан. Би явах санаатай коридорт алхаж байтал Энхтайван өөдөөс хүрч ирсэн. Тэгээд Төмөржаргалын лангуу руу цуг явсан. Энхтайван намайг цохих гэж оролдсон. Тэгээд шууд араас түлхсэн. Би газарт доошоо хараад дөрвөн хөллөөд унахад миний хэвлийн тус газарт 2 удаа өшиглөсөн. Би тухайн үед амьсгал түжигдээд босож чадахгүй хоёр хөл дээрээ явган суусан. Миний биед учирсан хүнд гэмтлийг хадам эцэг Энхтайван өшиглөж учруулсан. Би өөр үл таних хүмүүст зодуулсан асуудал байхгүй...” /1хх-19-20/,

шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...таксин дотор явж байхад дотор бие жаахан сонин болоод байсан. “Монтел” төв дээр ирээд таксинаас буухдаа ухаан алдаад унасан. Миний дээд ах, төрсөн дүү хоёр намайг эмнэлэгт аваачсан байсан. Би хагалгаанд ороод сэрсэн. Одоо гомдолтой байна. Эмчилгээний зардал, өмгөөлөгчийн хөлс нийтдээ 2.000.000 төгрөгийг нэхэмжилж байна...” /2хх-111/,

гэрч Ц.Дагиймаагийн “...Төмөржаргал, Отгонбаатар хоёр манай гэрт маргалдсанаас хойш нэлээд хэд хоногийн дараа Төмөржаргал миний утас руу залгаад “Отгонбаатар ажил дээр ирэхээр нь би аав руу залгаад дуудчихсан. Тэгээд аав Энхтайван ирээд Отгонбаатарыг өшиглөчихсөн чинь Отгонбаатар цагдаад өргөдөл бичээд өгчихсөн байна” гэж хэлсэн...” /1хх-34-35/,

гэрч А.Энхтөрийн “...2015 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 21 цагийн үед ... “Монтел” төвийн хажуу талын “Мобишоп” дэлгүүрийн гадаа зогсож байтал Отгонбаатар  цаанаас гэдсээ дараад эвхэрчихсэн, царай нь цонхийчихсон ирсэн. Тэгээд “Ёо ёо” гээд гэдсээ дараад эвхрээд газарт уначихсан. Энэ хэрэг явдал болсноос хойш 2-3 хоногийн дараа Отгонбаатар Гэмтлийн эмнэлэгт хэвтэж байхдаа надад “Төмөржаргалтай маргалдаж байтал аав Энхтайван нь гаднаас орж ирээд намайг түлхэж унагаагаад өшиглөчихсөн” гэж хэлсэн...” /1хх-36/,

гэрч Ч.Төмөрчөдөрийн “...Отгонбаатар нь “Мобишоп” дэлгүүрийн урд талын зогсоол дээр автомашинаас буугаад замын голын боржуур дээр доошоо хараад атрилдаад хэвтсэн. Би түүнийг согтуу байгаа юм байх гэж бодоод яваад очиход бие нь өвдөөд байх шиг байсан. Удалгүй түргэн тусламж ирсэн. Отгонбаатар нь “Монтел” төвийн гадаа ирчихээд ямар нэгэн хүнтэй маргалдаж муудалцсан асуудал байхгүй...” /1хх-205-206, 2хх-13/,

гэрч Б.Өнөрхишигийн “... “Мобишоп” дэлгүүрийн урд байрлах замын голд Отгонбаатар сууж байхаар нь согтуу байгаа юм байх гэж бодоод очтол тэрээр “Миний хэвлий хэсгээр өвдөөд байна” гэж хэлээд эвхрээд сууж байсан... би 103 дугаар луу залгаж түргэн тусламж дуудсан. Удалгүй Ууганбаяр ирсэн ба дараа нь Отгонбаатарын ах Наранбаатар ирсэн. Түргэн тусламжийн эмч нь түүнийг үзчихээд “Та нар автомашинтай бол шууд аваад яв” гэж хэлэх шиг болсон. Тухайн үед Отгонбаатар нь “Монтел” төвийн ойр орчимд ямар нэг хүнтэй маргалдаж зодолдсон асуудал байхгүй...” /1хх-213-215/,

гэрч А.Ууганбаярын “... “Ах чинь “Монтел” төв дээр зодуулсан байдалтай ирсэн” гэхээр нь очсон... Отгонбаатараас юу болсон талаар асуухад “Хадам аав намайг зодчихлоо” гэж хэлсэн... Тухайн үед ах Отгонбаатар гэр бүлийн маргаан учир цагдаад бүртгүүлээд хэрэггүй гэж хэлсэн...” /1хх-216-219/,

гэрч Б.Цэцэгээгийн “... “Монтел” төвийн туслах зам дээр хүн татаж унаад байна гэсэн дуудлагын дагуу очиж үзэхэд 30 гаруй насны, дунд зэргийн нуруутай, бага зэргийн согтолттой залуу замын хажууд сууж байсан. Уг залууг түргэний автомашинд суулгаад ерөнхий үзлэг хийгээд ... шаардлагатай зөвлөгөөг өгөөд явсан...” /1хх-220-221/,

шинжээч эмч Б.Долгормаагийн “...хохирогч Отгонбаатарын биед нарийн гэдэсний чацархай, хэвлийн хөндийд цус хуралдалт 1500 мл гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой ба өшиглөх, дэвсэхэд үүсэх бүрэн боломжтой. Хүний хэвтээ байрлалд хажуу талаас нь өшиглөх үед эсхүл дээшээ харсан байрлалд дээрээс нь дэвсэж өшиглөх үед үүсэх боломжтой... Сандал дээр суух гэж ухарч яваад газарт дээшээ хараад унахад энэ хүнд гэмтэл үүсэх ямар ч боломжгүй...” /1хх-52-54/,

ялтан М.Энхтайваны шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...охин над руу утасдаад “Отгонбаатар ирээд агсам тавиад, юм хум авч шидээд байна” гэж хэлэхээр нь яваад очсон. Би Отгонбаатартай араас нь коридорт тааралдаад араас нь алхаж явахдаа уур хүрээд нуруу руу нь цохих гэтэл Отгонбаатар бултаад би биеэ татаж авч чадалгүй унаад үлдсэн. Би эргээд харах хооронд надтай хэрэлдэж хойшоо алхаж яваад сандал дээгүүр даваад унасан...” /2хх-108-109/ гэсэн мэдүүлгүүд,

Хэрэг учралын газарт нөхөн үзлэг хийсэн тухай тэмдэглэл /2хх-4-5/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 9496 тоот “...А.Отгонбаатарын биед нарийн гэдэсний чацархай, их сэмжний урагдал, хэвлийн хөндийд цус хуралдалт 1500 мл, зүүн мөрний шарх бүхий хүнд гэмтэл тогтоогдсон. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх ба учрах үедээ амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” /1хх-49/ гэх дүгнэлт, хохирогч А.Отгонбаатарын Гэмтэл Согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлсэн өвчний түүхийн хуулбар /2хх-21-39/, гэмт хэрэг гарсан газар, байгаа байдлыг харуулсан байгууллагын дотоод хяналтын камерын дүрс бичлэг бүхий “Сиди”, түүнийг нотлох баримтын ач холбогдолтой гэж эд мөрийн баримтаар тооцсон тогтоол, үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-13-17/ зэрэг анхан шатны шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судласан хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон ба эдгээр нотлох баримтыг үгүйсгэсэн нөхцөл байдал тогтоогдсонгүй.

            М.Энхтайванд холбогдох хэрэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх ба, хэргийн зүйлчлэл зөв, анхан шатны шүүхээс хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн, мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй байна.

             Анхан шатны шүүхээс М.Энхтайванд оногдуулсан ял шийтгэлийн төрөл, хэмжээ нь тухайн гэмт хэргийн нийгмийн хор аюулын хэр хэмжээ, хэрэг үйлдэгдсэн нөхцөл, түүний хувийн байдал, гэм бурууд тохирсон байх ба шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэжээ.

Ялтан М.Энхтайван болон түүний өмгөөлөгч нараас “...хохирогч биедээ хүнд  гэмтлийг хэзээ хаана, хэний үйлдлийн улмаас авсаныг тодруулж шалгах, мөн энэ асуудлаар зохих гэрч нарыг татан байцаах шаардлагатай, түүний ял эдлэх дэглэм хуулийн заалтад нийцээгүй, хорих ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх заалтыг хэрэглэлгүй эрх зүйн байдлыг нь дордуулсан...” гэх үндэслэлүүд зааж, мөн гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг үйлдэгдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл, гэм буруугийн талаар тус тус маргаж давж заалдах гомдол гаргажээ.

Хохирогч А.Отгонбаатар нь мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлын талаар тогтвортой мэдүүлсэн, эдгээр нь гэрч нарын өгсөн мэдүүлгүүдтэй ноцтой зөрчилдөөгүйн гадна, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 9496 тоот дүгнэлтийн агуулга нь шинжээч эмч Б.Долгормаагийн өгсөн мэдүүлэгтэй нийцсэн байна.

Түүнчлэн хохирогч А.Отгонбаатарын төрсөн ах Наранбаатар, төрсөн дүү А.Ууганбаяр нар нь түүнийг хэргийн газар дээр байхад нь очиж, эмнэлэгт хүргэсэн ба мөрдөн байцаалтын шатанд А.Ууганбаяраас мэдүүлэг авсан, М.Энхтайваны эхнэр Х.Бат-Эрдэнэ хэрэг учрал болсноос хойш 1 жилийн дараа тааралдсан гэх Галхүү гэгчийг “... танай охин Төмрөөгийн нөхөр шиг хүн байсан байхаа 2015 оны 6 дугаар сард Төв шуудангийн хойно хүнд зодуулж байсан гэж хэлсэн...” гэх таамаг бүхий мэдүүлэг өгсөн нь хэргийг шалгах үндэслэл болохгүй ба энэ талаар анхан шатны шүүхээс хийсэн дүгнэлт зөв болжээ.

Иймээс хохирогч А.Отгонбаатарын биед хүнд гэмтэл учруулсан үйлдэлд өөр хүн оролцсон байдал мөрдөн байцаалтын ажиллагаагаар тогтоогдоогүй, энэ хэрэгт өөр бусдыг нэмж гэрчээр татаж байцаах шаардлагагүй тул мөрдөн байцаалтаар хэргийн талаар шалгавал зохих зүйлийг бүхэлд нь шалгасан, дахин шалгах зүйлгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн зөрчилгүй гэж үзлээ.

М.Энхтайваны үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангид зааснаар “хүнд” гэмт хэргийн ангилалд хамаарч байгаа тул түүнд оногдуулсан ял хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байна.

Харин ялтан М.Энхтайван нь үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшээгүй, хохирол төлбөр төлөөгүй, хохирогч гомдолтой байгаа зэргээс үзэхэд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх заалтыг хэрэглэж хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулах боломжгүй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 64 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан М.Энхтайван, түүний өмгөөлөгч Б.Оюунбилэг, С.Дашбалбар нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл, магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

                              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                              ШҮҮГЧИД                                                  Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

                                                                                                  Д.ОЮУНЧУЛУУН