Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 64

 

                             

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч Ү.Түмэнжаргал, Б.Дуламсүрэн нарын бүрэлдэхүүнтэй;

нарийн бичгийн дарга: О.Болормаа;

иргэдийн төлөөлөгч: Ж.Мөнгөншагай;

улсын яллагч: Б.Мөнх-Од;

хохирогч: А.Отгонбаатар, түүний өмгөөлөгч О.Цэрэнпунцаг;

гэрч: Э.Төмөржаргал;

шүүгдэгч: М.Энхтайван, түүний өмгөөлөгч Б.Оюунбилэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Балбаа овогт Мухарын Энхтайванд холбогдох эрүүгийн 201525021184 дугаартай хэргийг 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

                                                                  

Монгол Улсын иргэн, 1963 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Говь-Алтай аймгийн Бугат суманд төрсөн, 52 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, мал зүйч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 52 дугаар гудамжны 620 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ДГ63110719 регистерийн дугаартай, Балбаа овогт Мухарын Энхтайван.

 

Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

 

Яллагдагч М.Энхтайван нь 2015 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 20 цагийн
үед Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хүсэл”
худалдааны төвийн 22-Б павилонд хувийн таарамжгүй харилцааны улмаас
хохирогч А.Отгонбаатарын хэвлийн тус газар нь өшиглөж бие махбодид нь хүнд
зэргийн гэмтэл санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 

 

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Энхтайван мэдүүлэхдээ: Энэ хэрэг нь хоёр хүүхдийн хоорондын таарамжгүй харьцаанаас болж эцэс сүүлдээ ийм хэрэгт намайг хутгаад байгаа юм. Хэрэг болдог өдрийн өглөө би “Моби шоп” дээр очоод нүдний шилээ зараад зогсож байхад А.Отгонбаатар зүүн мөрөндөө нилээд шарх авчихсан, цусаа гоожуулан ирээд “танай Э.Төмөржаргал чинь миний мөрийг шилээр зүсчихлээ” гэж ирсэн. Би охин руугаа утасдаад “архи уугаад биенийгээ хазаад идээд, үс толгойгоо зулгаагаад байдаг байсан чинь эцэс сүүлдээ биенийгээ алах дээрээ хүрч байна уу” гэж хэлэхэд охин маань “тийм юм болоогүй, наадах чинь шөнө айлд архи уугаад айлын шилэн хаалга мөрлөж унаад тийм болчихсон” гэж хэлсэн. А.Отгонбаатар тэгж байгаад яваад өгсөн, хэсэг хугацаа өнгөрөхөд эргэж ирээд зээ охины тоглоомыг, Э.Төмөржаргалын хувцастай авч ирээд миний машины ар руу хийгээд “би та нартай хэзээ ч уулзахгүй, дахиж тааралдахгүй” гэж хэлээд А.Отгонбаатар явсан. Би тэгэхээр нь “чиний наад хэлсэн үг чинь олон жил тамаллаа, миний нас чиний нас хоёрыг нэмсэнтэй тэнцэхээр олон удаа хэлсэн байх” гэж хэлсэн. 2-3 цагийн дараа охин надруу утасдаад “аав А.Отгонбаатар ирээд агсам тавиад, юм хум авч шидээд байна” гэж хэлэхээр нь яваад очсон. Би А.Отгонбаатартай коридорт таараад араас нь алхаж яваад уур хүрээд А.Отгонбаатарын нуруу руу нь цохих гэтэл А.Отгонбаатар бултаад би биеэ татаж авч чадалгүй унаад үлдсэн. Би эргээд харах хооронд надтай хэрэлдэж хойшоо алхаж яваад сандал дээр суух гэсэн үү, мэдэхгүй сандал дээгүүр даваад унасан. Энэ хугацаанд миний зээ охин 3 настай жоохон юм ирээд намайг “өвөө” гээд тэврээд авсан. Би хөдлөөгүй. А.Отгонбаатар эхнэрээ хэлэх хэлэхгүй үгээр хэлж хараагаад, намайг “энэ янханаа засаж чадахгүй байж чи надтай юу ярих гээд байгаа юм” гэж хэлээд орилоод байхаар нь би хөшгөө хагас татсан, тэгээд “босооч чи” гэхэд А.Отгонбаатар “толгой эргээд байна, жоохон хэвтэж байгаад босно” гэж хэлсэн. Би энэ хүнийг өшиглөөд, цохиод байсан зүйл нэг ч удаа байхгүй, эцэг үрийн хооронд ийм юм болчихоод байна. Төр түмнийг төлөөлж байгаа шүүгч нар минь энэ хэргийг үнэн зөвөөр нь шийдэж өгнө үү гэв.

 

     Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч А.Отгонбаатар мэдүүлэхдээ: Дагиймаагийн гэрт Э.Төмөржаргал бид хоёр хэд хоног хамт амьдаръя гэсэн юм. Тэгтэл Э.Төмөржаргал гэртээ хоноогүй. Би тэр өдөр нь шилэн хаалгыг нь мөрлөөд хагалчихсан юм. Маргааш нь яваад очсон чинь Э.Төмөржаргал гэртээ байхгүй байсан. Би тухайн үед юм яриагүй. Нөгөөдөр нь хадам аав дээр очсон чинь “та хоёр хүүхэд шуухдаа яачихаад хаагуур дэмий тэнээд яваад байдаг юм бэ” гээд загнасан. Тэгэхээр нь би “Э.Төмөржаргал очиж хоноогүй юм уу” гэсэн чинь “хоноогүй” гэсэн. Би найз Дагиймаагаас нь асуусан чинь “танилцсан залуутайгаа машин дотор нь хоносон гэж байна лээ” гэж надад хэлсэн. Би Э.Төмөржаргалд 100.000 төгрөгийн өртэй байсан. Тэгээд гэрээс нь хувцсыг нь аваад аавынх нь машинд хийгээд “Хүсэл” худалдааны төв дээр очсон. Би “мөнгийг нь өгөөд нүдний шил авъя” гэтэл надад “зарахгүй” гэж хэлсэн. Намайг гарах гэтэл хадам аав өөдөөс ирсэн. Аав миний араас цохих шиг болсон. Би гэрийн шаахайтай байсан болохоор хальтраад дөрвөн хөллөөд унатал намайг өшиглөсөн. Би босоод явган сууж байгаад “би та нарын хэнтэй ч ярихгүй” гэж хэлээд гараад явсан. Ингээд такси бариад “Монтел” руу явж байхад такси дотор бие жоохон сонин болоод байсан. “Монтел” дээр ирээд таксины мөнгө өгөөд буугаад л ухаан алдаад унасан байсан. Нэг сэрэхэд эмнэлэг дээр байсан. Миний дээд ах, төрсөн дүү хоёр намайг эмнэлэг дээр аваачсан байсан. Би хагалгаанд ороод сэрсэн. Би зөндөө л гомдолгүй гэж хэлж явсан. Одоо бол гомдолтой байна. Эмчилгээний мөнгөө, өмгөөлөгчийнхөө зардалтай нэхэмжилмээр байна. Би эмчилгээний баримтыг сая шүүх хуралдаан дээр гаргаж өгсөн. Шүүгдэгчээс нийт 2.000.000 төгрөг нэхэмжилж байна гэв.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Э.Төмөржаргал мэдүүлэхдээ: Би эмнэлэг дээр  А.Отгонбаатарыг хагалгаанд орсны дараа сахиж байсан. Тэгэхэд надад “намайг “Монтел” дээр хоёр танихгүй хүн зодсон” гэж хэлж байсан. А.Отгонбаатар нь урьд нь гэрийнхнээсээ нуугаад байдаг байсан байж одоо аавынхаа нүүрэн дээр “сална” гэж хэллээ гээд уурлаад цагдаад гомдлоо гаргасан гэж байсан. Миний аав энэ хүнийг өшиглөөгүй, миний охин өвөөгөө тэвэрчихээд хааш нь ч хөдөлгөөгүй, хүүхэд тэвэрсэн хүн хэзээдээ энэ хүнийг өшиглөөд зогсож байх юм бэ гэв.

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч А.Отгонбаатар /1хх-ийн 18-23, 197-198, 2хх-ийн 6-7/, гэрч Ц.Дагиймаа /1хх-ийн 34-35, 2хх-ийн 8-10/, А.Энхтөр /1хх-ийн 36-37/, Э.Төмөржаргал /1хх-ийн 38-39, 199-201/, Э.Буянжаргал /1хх-ийн 41-42/, Х.Бат-Эрдэнэ /1хх-ийн 43-44/, Б.Буян-Орших /1хх-ийн 45-46/, А.Санчир /1хх-ийн 92-93/, Н.Үүрийнцолмон /1хх-ийн 202-204/, Ч.Төгөлдөр /1хх-ийн 205-207, 2хх-ийн 13/, М.Соёлмаа /1хх-ийн 208-212/, Б.Өнөрхишиг /1хх-ийн 213-215/, А.Ууганбаяр /1хх-ийн 216-219/, Б.Цэцэгээ /1хх-ийн 220-221/, Д.Сарантуяа /1хх-ийн 222-223/ нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 9496 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 49/, шинжээч эмчийн мэдүүлэг /1хх-ийн 52-54/, М.Энхтайваны сэжигтэн, яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /1хх-ийн 61-65, 2хх-ийн 14-16/, А.Отгонбаатарын өвчний түүхийн хуулбар /1хх-ийн 67-76/, М.Энхтайваны иргэний үнэмлэхний хуулбар /1хх-ийн 77/, М.Энхтайваны урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1хх-ийн 78/, Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /1хх-ийн 79/, М.Энхтайваны хувийн байдалтай холбоотой баримтууд /1хх-ийн 80-86/, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тухай тэмдэглэл /2хх-ийн 4-5/, “Номун” эмнэлгийн эмчлүүлэгчийн картын хуулбар /2хх-ийн 23-39/, шинээр “Монос” ХХК-ийн бэлэн мөнгөний баримт 1 ширхэг, “Skytel” ХХК-ийн албан бичиг 1 хуудас, А.Отгонбаатарын амбулаториор эмчлүүлэгчдийн картын хуулбар 4 хуудас, гар утсанд ирсэн мессежны 4 ширхэг гэрэл зураг зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч М.Энхтайван нь 2015 оны 06 дугаар сарын 20-ны 20 цагийн
үед Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутагт байрлах “Хүсэл”
худалдааны төвийн 22-Б павилон дотор тодорхой сэдэлттэй буюу гэр бүлийн таарамжгүй харьцааны улмаас хохирогч А.Отгонбаатарыг зодож бие махбодид нь хүнд зэргийн гэмтэл санаатай учруулсан болох нь:

 

хохирогч А.Отгонбаатарын мэдүүлсэн /1хх-ийн 19-20/: “…Төмөржаргал өөрийн төрсөн эцэг Энхтайваны утас руу миний хажууд зогсож байгаад залгаад “Отгонбаатар энд ирчихсэн хэрүүл хийгээд байна” гэж хэлж байсан. Би удалгүй явах санаатай коридорт явж байтал Төмөржаргалын аав Энхтайван өөдөөс хүрч ирсэн. Тэгээд буцаад Төмөржаргалын лангуу руу цуг явсан. Энхтайван намайг цохих гэж оролдсон. Тэгээд шууд араас түлхсэн. Би газарт доошоо хараад дөрвөн хөллөөд унасан. Энхтайван миний хэвлийн тус газарт хоёр удаа өшиглөсөн. Би тухайн үед амьсгаа түгжигдээд босож чадахгүй 2 хөл дээрээ явган суусан. Миний биед учирсан хүнд гэмтлийг хадам аав Энхтайван нь өшиглөж учруулсан. Би өөр үл таних хүмүүст зодуулсан асуудал байхгүй…” гэх мэдүүлэг,

 

гэрч Ц.Дагиймаагийн мэдүүлсэн /1хх-ийн 34-35/: “…Төмөржаргал, Отгонбаатар хоёр манай гэрт маргалдсаны дараа нэлээд хэд хоногийн дараа Төмөржаргал миний утас руу залгаад “Отгонбаатар ажил дээр ирэхээр нь би аав руу залгаад дуудчихсан. Тэгээд аав Энхтайван ирээд Отгонбаатарыг өшиглөчихсөн чинь Отгонбаатар цагдаад өргөдөл бичээд өгчихсөн байна гэж хэлсэн…” гэх мэдүүлэг,

 

гэрч А.Энхтөрийн мэдүүлсэн /1хх-ийн 36/: “…2015 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 21 цагийн үед Отгонбаатарын утас руу дахиад залгасан. Тэгтэл Отгонбаатар надад “би ирчихлээ, чи өөрөө хаана байгаа юм бэ” гэсэн. Би “Монтелийн хажуу талын “Моби” шопын гадаа зогсож байна ш дээ” гэтэл Отгонбаатар цаанаас гараараа гэдсээ дараад эвхэрчихсэн, царай нь цонхийчихсон ирсэн. Тэгээд “ёо ёо” гээд гэдсээ дараад эвхрээд газарт уначихсан. Энэ хэрэг явдал болсоноос хойш 2-3 хоногийн дараа Гэмтлийн эмнэлэгт хэвтэж байхдаа Отгонбаатар надад “Төмөржаргалтай хэрэлдээд маргалдаж байтал аав Энхтайван нь гаднаас орж ирээд намайг түлхэж унагаагаад өшиглөчихсөн” гэж хэлсэн. Тэгж л би Отгонбаатарыг Төмөржаргалын аавд өшиглүүлж гэмтэл авсан талаар мэдсэн…” гэх мэдүүлэг,

 

гэрч Б.Буян-Оргихын мэдүүлсэн /1хх-ийн 45-46/: “… Төмөржаргал нь миний ажилладаг “Хүсэл” худалдааны төвийн 22-Б тоот лангуунд нүдний шил бэлэн хувцас зардаг юм. Би Төмөржаргал гэх эмэгтэйн хажуу талын 23 тоот гутлын лангууг ажиллуулдаг. Би тэр өдөр лангуун дотор юу болж байна гэж очиж хараагүй. Ямар ч байсан Энхтайван нь тэр залууг загнаад байсныг сонссон…” гэх мэдүүлэг,

 

гэрч Н.Үүрийнцолмонгийн мэдүүлсэн /1хх-ийн 203-204/: “…Монтел худалдааны төвийн гадна Отгонбаатар ямар нэгэн хүнтэй маргалдаж зодолдоогүй…” гэх мэдүүлэг,

 

гэрч Ч.Төмөрчөдөрийн мэдүүлсэн /1хх-ийн 205-207, 2хх-ийн 13/: “…Би 2015 оны 06 дугаар сарын 20-ны өдөр өөрийн ажил болох “Монтел” гар утасны худалдааны төвд ажлаа хийгээд /цагийг нь сайн санахгүй байна/ “Моби шоп” гар утасны худалдааны төвийн гадаа зогсож байтал Отгонбаатар нь суудлын автомашинтай ирээд дэлгүүрийн урд талын зогсоол дээр машинаас буугаад замын голын боржуур дээр доошоо хараад атиралдаад хэвтсэн. Би түүнийг согтуу байгаа юм байх гэж бодоод яваад очиход бие нь өвдөөд байх шиг байсан. Удалгүй 103 түргэн тусламж ирсэн. Би түргэн ирчихсэн юм чинь гайгүй байх гэж бодоод ажил руугаа орсон. Отгонбаатар “Монтел” төвийн гадаа ирчихээд ямар нэгэн хүнтэй маргалдаж муудалцсан асуудал байхгүй. Машинаас буугаад эвхрээд газар хэвтсэн. Тухайн үед ямар нэгэн хүнтэй зодолдсон асуудал байхгүй…” гэх мэдүүлэг,

 

гэрч Б.Өнөрхишигийн мэдүүлсэн /1хх-ийн 213-215/: “…Би 2015 оны 06 дугаар сарын 20-ны өдөр өөрийн ажил болох “Монтел” худалдааны төвд ажиллаж байхад үдээс хойш /цагийг нь одоо санахгүй байна/ “Моби шоп” худалдааны төвийн урд байрлах замын голд танил болох Отгонбаатар нь зам дээр сууж байхаар нь “согтуу байгаа юм байх” гэж бодоод очсон чинь Отгонбаатар “миний хэвлий хэсгээр өвдөөд байна” гэж хэлээд эвхрээд сууж байсан. Би хүнд гар утас үзүүлээд буцаж явах замдаа Отгонбаатарыг харахад замын голд эвхэрчихсэн хэвтэж байсан. Отгонбаатар дээр очоод “яасан бэ” гэж асуухад хэвлийгээ гараараа тэвэрчихсэн “болохгүй байна, өвдөөд байна” гэж аяархан хэлсэн. Би сандраад хажууд зогсож байсан хүнээс утас гуйгаад 103 руу залгаад түргэн тусламж дуудсан. Мөн Отгонбаатарын дүү Ууганбаяр руу залгаж хэл дуулгасан. Удалгүй Ууганбаяр ирсэн ба дараа нь Отгонбаатарын ах Наранбаатар гэх залуу ирсэн. Түргэн тусламж ирж эмч нь Отгонбаатарыг үзчихээд “та нар машинтай юм бол шууд аваад яв” гэж хэлэх шиг болсон. …Тухайн үед Отгонбаатар нь “Монтел” худалдааны төвийн ойр орчимд ямар нэг хүнтэй маргалдаж зодолдсон асуудал байхгүй…” гэх мэдүүлэг,

 

гэрч А.Ууганбаярын мэдүүлсэн /1хх-ийн 216-219/: “… 2015 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 20 цагийн үед “ах чинь “Монтел” худалдааны төв дээр зодуулсан байдалтай ирсэн байна” гэхээр нь “Монтел” худалдааны төв дээр очсон… Отгонбаатараас юу болсон талаар асуухад “хадам аав намайг зодчихлоо” гэж хэлсэн. Манай найз Өнөрхишиг 103 руу залгаж түргэн тусламж дуудсан ба 10 гаруй минутын дараа түргэний эмч ирсэн. Отгонбаатарыг үзээд “яаралтай эмнэлэг рүү яв” гэж хэлсэн… Тухайн үед ах Отгонбаатар нь “гэр бүлийн маргаан учир цагдаад бүртгүүлээд хэрэггүй” гэж хэлсэн…” гэх мэдүүлэг,

 

гэрч Б.Цэцэгээгийн мэдүүлсэн /1хх-ийн 220-221/: “… Би 2015 оны 06 дугаар сарын 20-ны өдөр яаралтай түргэн тусламжийн төв дээр 24 цагаар Төвийн салбар буюу Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт дуудлагын дагуу ажиллаж байсан. 21 цаг 10 минутын орчим Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, “Монтел” худалдааны төвийн туслах зам дээр “хүн татаж унаад байна” гэсэн дуудлага хүлээн аваад 10 минтутын дараа очиж үзэхэд 30 гаруй насны, дунд зэргийн нуруутай, бага зэргийн согтолттой залуу замын хажууд сууж байсан. Уг залууг түргэний машинд суулгаад ерөнхий үзлэг хийсэн… Би уг залууд хандан “цаашдаа архи уухгүй байхыг зөвлөж, архи ууснаас болж нойр булчирхай үрэвссэн байж болно. Мөн битүү гэмтэл авсан байх магадлалтай байж болох учир харъяа дүүргийн гэмтлийн эмчийн хяналтад үзүүлж шинжилгээ хийлгүүлэх”   шаардлагатайг өөрт нь болон хажууд нь байсан хүнд хэлж зөвлөөд явсан…” гэх мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн өвчний түүхээр шүүх эмнэлгийн магадлагаа явуулсан 9496 дугаартай актын дүгнэлтэд /1хх-ийн 49/: “...А.Отгонбатарын биед нарийн гэдэсний чацархай, их сэмжний урагдал, хэвлийн хөндийд цус хуралдалт 1500 мл, зүүн мөрний шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэж дүгнэснээр,

 

Дээрх дүгнэлтийг гаргасан шинжээч эмч Б.Долгормаагийн /1хх-ийн 52-54/: "...хохирогч Отгонбаатарын биед нарийн гэдэсний чацархай хэвлийн хөндийн цус хуралдалт 1500 мл гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой ба өшиглөх, дэвсэхэд үүсэх бүрэн боломжтой. Хүнийг хэвтээ байрлалд хажуу талаас нь өшиглөх эсхүл дээшээ харсан байрлалд дээрээс дэвсэж өшиглөх үед үүсэх боломжтой… Сандал дээр суух гэж ухарч яваад газарт дээшээ хараад унахад энэ хүнд гэмтэл үүсэх ямар ч боломжгүй…” гэх мэдүүлэг, яаралтай түргэн тусламжийн дуудлагын хуудас /1хх-ийн 225/, А.Отгонбаатарын ГССҮ Төвд хэвтэн эмчлүүлсэн өвчний түүхийн хуулбар /1хх-ийн 67-76/, “Номун” эмнэлэгт үзүүлсэн болон хэвтэн эмчлүүлсэн өвчний түүхийн хуулбар /2хх-ийн 21-39/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар шүүгдэгч М.Энхтайваны гэм буруутай үйлдэл хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэв.

 

Шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “хохирогч Төв шуудангийн хойно өөр бусад этгээдэд зодуулсан эсэх, хохирогчийн явсан зам маршрутыг тогтоох, таксины жолооч болон Галхүү гэгчийг олж тогтоон хэрэгт гэрчээр байцаах” зэрэг ажиллагааг нэмж шалгуулахаар хэргийг мөрдөн байцаалтад буцаалгах санал гаргасныг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх үзэв.

 

Учрыг тайлбарлавал, хохирогч А.Отгонбаатар нь 20 цаг 27 минутын үед “Хүсэл” худалдааны төвөөс гарч, такси барин “Монтел” төвийн орчим ирсэн, тэрээр автомашинаас буусан үеэс эхлэн замын голд хэвтэж “хэвлий хэсгээр өвдөөд байна” хэмээн бусдад хэлсэн, хохирогчийн дээрх байдлыг харсан, сонссон гэрч нар яаралтай түргэн тусламж дуудсан, яаралтай түргэн тусламжийн эмчийн зөвлөснөөр хохирогчийг эмнэлэгт үзүүлэхээр эмнэлэг дамжиж явсаны эцэст ГССҮТ-д очсон, хохирогч өөр бусад этгээдтэй хэрүүл, зодоон хийгээгүй, хохирогч төрсөн дүүдээ хандан “гэр бүлийн маргаан тул цагдаад бүртгүүлэхгүй” байхыг хүссэн зэрэг үйл баримтууд нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг шууд нэрлэж заасан хохирогчийн мэдүүлэг, хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдүүлсэн гэрч нарын мэдүүлгүүд, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, түргэн тусламжийн дуудлагын хуудас, “Номун” эмнэлгийн өвчтөн үзсэн бүртгэл, хохирогчийн өвчний түүхийн хуулбар зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож тогтоогдсон.  

 

Дээрх нотлох баримтууд “хохирогч Төв шуудангийн хойно бусдад зодуулсан, “Хүсэл” худалдааны төвөөс гарч өөр газраар явсан“ зэрэг нөхцөл байдлуудыг болон гэрч Э.Төмөржаргалын мэдүүлгийг үгүйсгэж байна.

 

Түүнчлэн гэрч Х.Бат-Эрдэнийн “…Галхүү гэгч нь “танай охин Төмөрөөгийн нөхөр шиг хүн байсан байхаа, 2015 оны 06 дугаар сард Төв шуудангийн хойно зодуулж байсан” гэж надад хэлсэн…” гэх сэжиг таамаг бүхий мэдүүлэг, тайлбарт хөтлөгдөн “Галхүү” гэгчийг олж тогтоон, гэрчээр байцаалт авах шаардлагагүй болно. 

 

Иймд шүүгдэгч М.Энхтайваныг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 хэсэгт заасан хорих ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч М.Энхтайван нь дээрх гэмт хэргийг 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө үйлдсэн бөгөөд түүний үйлдсэн гэмт хэрэг нь Анхны Ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасан ялаас өршөөн хасах гэмт хэрэгт хамаарч байх тул шүүгдэгчид зохих өршөөлийг үзүүлэв.

 

Шүүхээс шүүгдэгч М.Энхтайванд ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршгийн шинж чанар зэрэг нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэн болно.

 

Хохирогч Д.Отгонбаатар “өмгөөлөгчид төлсөн зардал 1.000.000 төгрөг, эмчилгээний зардал 1.000.000 төгрөг, нийт 2.000.000 төгрөгийг” шүүгдэгчээс нэхэмжилсэн болно.

 

Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт “өмгөөлөгч өмгөөллийн үйлчилгээ үзүүлэхдээ үйлчлүүлэгчээс хөлс авах бөгөөд өмгөөллийн үйлчилгээний хөлсний хэмжээг өмгөөлөгч, үйлчлүүлэгч гэрээгээр харилцан тохиролцож тогтооно” гэж өмгөөлөгчийн хөлсний талаар заажээ.

 

Хохирогчийн өмгөөлөгчид төлсөн хөлсийг байцаан шийтгэх ажиллагааны зардал эсхүл гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй тул дээрх 1.000.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Харин хохирогч Д.Отгонбаатарын эм, тариа, бусад материалын төлбөр 1.000.000 төгрөгийн нэхэмжлэлийг (“Монос” ХХК-ийн тамга тэмдэггүй баримтыг үндэслэн шийдвэрлэх боломжгүй) хэлэлцэхгүй орхиж, энэ талаарх шаардлага хангасан нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмын дагуу жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг CD-г уг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт нь үлдээхээр шийдвэрлэв.

 

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар  зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Балбаа овогт Мухарын Энхтайваныг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Энхтайваныг 05 /тав/ жил 01 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

            3. Анхны Ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Энхтайванд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96. 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 5 /тав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаас 2 жилийн хорих ялыг өршөөн хасч, биечлэн эдлэх ялыг 3 /гурав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар  тогтоосугай.

 

4. Эүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Энхтайванд оногдуулсан хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

5. Шүүгдэгч М.Энхтайван нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг CD-г уг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт нь үлдээсүгэй.

 

7. Хохирогч А.Отгонбаатарын нэхэмжлэлээс өмгөөлөгчид төлсөн хөлс 1.000.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, эмчилгээний төлбөр 1.000.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, энэ талаарх шаардлага хангасан нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмын дагуу жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд  шүүгдэгч М.Энхтайванд урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

9. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

           

10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч М.Энхтайванд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Б.МӨНХ-ЭРДЭНЭ

 

                                       ШҮҮГЧИД                                      Ү.ТҮМЭНЖАРГАЛ

 

Б.ДУЛАМСҮРЭН