Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 292

 

М.Энхтайванд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

Танхимын тэргүүн Т.Уранцэцэг даргалж,

шүүгч Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

прокурор А.Оюунгэрэл,

хохирогчийн өмгөөлөгч О.Цэрэнпунцаг,

шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Оюунбилэг, Д.Тунгалаг,

нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 64 дүгээр шийтгэх тогтоол,

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 615 дугаар магадлалтай, 201525021184 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч М.Энхтайван, түүний өмгөөлөгч Б.Оюунбилэг, Д.Тунгалаг нарын гомдлоор хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1963 онд төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Балбаа овогт Мухарын Энхтайван нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан “Бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар М.Энхтайваныг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 5 жил 1 сарын хорих ял оногдуулж, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар М.Энхтайванд оногдуулсан 5 жил 1 сарын хорих ялаас 2 жилийн хорих ялыг өршөөн хасч, биечлэн эдлэх ялыг 3 жил 1 сарын хугацаагаар тогтоож, уг ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч М.Энхтайван, түүний өмгөөлөгч Б.Оюунбилэг, С.Дашбалбар нарын гомдлыг хэрэгсэхгүй болгосон байна.

Илтгэгч шүүгч Ч.Хосбаярын хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор А.Оюунгэрэл, өмгөөлөгч Б.Оюунбилэг, Д.Тунгалаг нарын саналыг сонсоод

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч М.Энхтайван хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Миний бие Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдээгүй гэдгийг дараах нотлох баримтаар нотолж байна. 2015 оны 6 дугаар сарын 20-ны өдөр намайг “Mobi shop” дээр нүдний шилээ гаргаад зогсож байтал хүргэн А.Отгонбаатар нь Төв шуудангийн араар Хөрөнгийн биржийн урдуур бие нь нилээд зовиуртай байдалтай элгээ өрөөсөн гараараа дарсан их зөөлөн явж байгаа харагдсан ба удалгүй миний хажуу талд ирээд суухад нь эргээд хартал зүүн мөрнөөс нь нилээд цус гарч футболка нь нэвтэрсэн, баруун завжнаас нь цус гарч хатсан, царай нь цонхигор ярвайсан байдалтай байсан. Тэгэхээр нь наад цус чинь юу болчихоо вэ? архи дарсаа болиоч гэтэл танай охин Э.Төмөржаргал чинь миний мөрийг шилээр зүсчихлээ гэхэд нь охин руу залгаж асуутал наадах чинь худал хэлж байна, урьд шөнө согтуу ирээд агсам тавьж байгаад шилэн хаалга руу мөрлөөд шил нь хагараад зүсчихсэн гэж хэлсэн. Тэгээд охинтой ярьж дуусаад эргэж хартал А.Отгонбаатар босоод явчихсан байсан бөгөөд 2 цагийн дараа Дагиймаа гэгч нь охин Э.Төмөржаргалын утсаар хэлсэн үгийг мушгиж, А.Отгонбаатар аавыг өшиглөсөн гээд цагдаад өргөдөл өгсөн, мөрнийхөө гэмтлийг бас учруулсан гэх байдлаар хэлж энэ хэргийн учрыг олоход төвөгтэй болгосон. А.Отгонбаатар нь надтай уулзахаас өмнө гэдсээ дараад тонгойж яваад байсан ба 6 дугаар сарын 19-ний өдөр гэмтэл авсан байх магадлалтай байна. Надтай уулзаад явснаас хойш 2-3 цагийн дараа охин Э.Төмөржаргал над руу залгаж, А.Отгонбаатар ажил дээр ирээд агсам тавьж, бараа чулуудаад янз бүрээр доромжилж, орилоод байна гэсний дагуу орой 6 цаг өнгөрөөгөөд охиныхоо ажил дээр ирээд А.Отгонбаатартай коридорт тааралдаад “энд ирж агсам тавьж, олон нийтийн газар эмх замбараагүй байдал үүсгэж, нэгнийгээ хэл амаар доромжилж гутаадаг юм” гэсэн чинь охиноо сургаж чадахгүй байж надтай юу ярьдаг юм бэ гэхээр нь хажуу талаас нь цохих гэтэл А.Отгонбаатар бултаж, би хий цохиод унаад өгсөн. Энэ үед түлхсэн, өшиглөсөн ямар ч зүйл болоогүйг гэрчүүд гэрчилнэ. А.Отгонбаатар нь охин бид хоёртой хэрэлдэж ухарч яваад сандал дээгүүр даваад эгц дээшээ хараад уначихаад хэл амаар доромжилж байсныг харсан гэрч М.Соёлмаа, А.Санчир, Б.Буян-Оргих нарын мэдүүлгийг үнэлээгүй. Мөн А.Отгонбаатар нь гэмтлийн эмнэлэгт очихдоо төв шуудангийн ард хоёр хүнд зодуулсан талаар мэдүүлснээс гадна н.Галхүү гэгч эмэгтэй энэ талаар бас мэдүүлсэн байхад мөрдөн байцаалтын шатанд энэ талаар шалгаагүй. Тийм учраас дараах зүйлийг шалгуулмаар байна. Үүнд: А.Отгонбаатар нь 2015 оны 6 дугаар сарын 15-ны шөнө хаана, юу хийж явсан, хаана хэнтэй хамт буудалд хоносон, 6 дугаар сарын 20-ны өдөр хүнтэй маргалдаж зодолдсон эсэхийг “Mobi shop” орчмын байгууллагуудын хяналтын камерийн бичлэгээс нягтлан шалгах, н.Дагиймаагийн хүргэн дүүгээс нь 2015 оны 6 дугаар сарын 20-ны өдөр А.Отгонбаатарыг хаанаас авсан, хаагуур хэнтэй уулзаж явсан, бие нь зовиуртай байсан эсэх талаар гэрчийн мэдүүлэг авах шаардлагатай байна. Анхан шатны шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 16, 80 дугаар зүйлийн 80.1.1, 94 дүгээр зүйл, 214 дүгээр зүйлийн 214.1.1, 214.1.3, 214.1.4, 230 дугаар зүйлийн 230.1.2 дахь заалтуудыг ноцтой зөрчсөн.

Миний бие 461 дүгээр хорих ангид хоригдох хугацаандаа 3 удаа эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн ба одоо байнгын эмчийн хяналтад хоригдож байна. Эхнэр маань бамбай булчирхай өвчний эцсийн шатанд орсон, сэтгэл санааны байнгын дарамтад байгаа байдлыг минь харгалзан үзэж, хэргийн бодит үнэнийг тогтоож өгөхийг хүсэж байна” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Оюунбилэг хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “...Шүүх М.Энхтайваны гэм буруутай үйлдлийг шүүх шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. М.Энхтайванд холбогдох хэргийг 2015 оны 12 дугаар сарын 9-ний өдөр анхан шатны шүүхээр хэлэлцээд хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаахдаа хохирогчийн мэдүүлж буйгаар павилоны дотор оруулаад газарт унаган өшиглөсөн гэх асуудлыг нарийн тогтоохын тулд тэнд ажилладаг лангууны худалдагч нарыг гэрчээр асуух, Сүхбаатар дүүрэг “Төв шуудангийн хажууд бусдад зодуулсан” гэх асуудлыг анхаарч шалгавал зохилтой гэсэн ажиллагааг хийлгэхээр буцаасан. Анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн 881 дүгээр тогтоолын заалт бүрэн биелэгдээгүй, М.Энхтайваны гэм буруу бүрэн нотлогдоогүй байхад шүүх ял халдаасан нь хууль зүйн үндэслэлгүй болсон. Хохирогч А.Отгонбаатар нь 2015 оны 6 дугаар сарын 20-ны 20 цагийн орчим “Хүсэл” худалдааны төвөөс гарч такси барин “Монтел” төвийн орчим ирсэн, тэрээр машинаас буусан үеэс эхлэн замын голд хэвтэж “хэвлий хэсгээр өвдөөд байна” хэмээн бусдад хэлсэн, хохирогчийн дээрх байдлыг харсан, сонссон гэрч нар яаралтай түргэн тусламж дуудсаны дагуу яаралтай түргэн тусламжийн эмч эмнэлэг рүү авч явж, үзүүл гэж зөвлөснөөр хохирогчийг 23 цагийн орчим Гэмтлийн эмнэлэгт үзүүлсэн байгаа. Хохирогч А.Отгонбаатар Яаралтай тусламжийн төвийн эмчид хэн нэгэн хүнд зодуулсан талаар хэлээгүй байдаг. Хохирогч “Хүсэл” худалдааны төв дотор 20 цагийн орчим зодуулаад гарсан гэж байгаа боловч бүтэн 3 цагийн дараа ГССҮТ-д очиж үзүүлсэн ба 2015 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 21 цагийн орчим Төв шуудангийн ард бусдад зодуулсан, хэвлий рүүгээ өшиглүүлсэн талаар эмчид хэлж өвчний түүхэнд тэмдэглүүлсэн. Мөн эмнэлэг явж үзүүлэхэд ах н.Наранбаатар хамт явж үзүүлсэн гэж мэдүүлдэг. М.Энхтайван мөрдөн байцаалтын шатанд хохирогч А.Отгонбаатарыг Төв шуудангийн ард бусадтай маргалдаж зодуулж байсныг харсан н.Галхүү гэгч хүн байгаа талаар мэдүүлж энэхүү гэрчээс байцаалт авч өгөхийг хүссэн боловч энэ гэрчээс байцаалт авах арга хэмжээ аваагүй. М.Энхтайванд холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн биш хийгдсэн.

Иймд хохирогч А.Отгонбаатарыг эмнэлэгт үзүүлж явсан гэрч н.Наранбаатарыг гэрчээр асуух, хаана ямар байдалтай байхад нь ямар эмнэлэгт үзүүлсэн, хэнд зодуулсан, яагаад гэмтсэн талаар хохирогч ахдаа хэлж байсан эсэх, хохирогч А.Отгонбаатар “Хүсэл” худалдааны төвөөс такси барьж “Монтел” төв дээр ирээд машинаас буугаад зам дээр эвхэрээд уначихсан гэж мэдүүлж байгаа тул уг таксины жолоочийг олж, хохирогчийг машинд суухдаа биеийн байдал ямар байдалтай байсан, буухдаа яаж бууж, ямар байдалтай үлдсэн талаар асуух, хохирогч А.Отгонбаатарыг Төв шуудангийн ард бусдад зодуулж байхыг харсан гэх н.Галхүүг гэрчээр асууж байцаах зэрэг ажиллагааг хийлгэхээр хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Тунгалаг хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “...Анхан болон давж заалдах шатны шүүх шийдвэр гаргахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1 дэх хэсэгт заасан байдал тогтоогдоогүй байхад ялтны гэм бурууг нотолсон хөдлөшгүй баримтанд бус харин таамаглалд үндэслэж ял оногдуулсан. Өөрөөр хэлбэл хавтаст хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлгээр М.Энхтайваныг гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх боломжгүй юм.

1. Хавтаст хэрэгт авагдсан хохирогч А.Отгонбаатарын /хх 18-23, 197-198, 2-р хавтас 6-7/ өгсөн мэдүүлгүүд нь өөр хоорондоо болон бусад гэрч нарын мэдүүлгээс зөрүүтэй байна. Энэхүү хэрэгт сэжигтэн, яллагдагчаар татагдаж эхэлсэн үеэс эхлэн М.Энхтайван гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл болон хэргийн байдлыг үнэн зөвөөр тогтвортой мэдүүлснийг шүүхээс анхаарч үзсэнгүй.

2. Шийтгэх тогтоолд гэрч Э.Төмөржаргалын мэдүүлгийг үнэлсэн болон үнэлээгүй талаар дүгнэлт хийгээгүй атлаа түүнээс дамжмал байдлаар мэдээлэл авсан гэрч Ц.Дагиймаагийн мэдүүлгийг үндэслэл болгосон бөгөөд гэрч Э.Төмөржаргалын мэдүүлэг нь гэрч Ц.Дагиймаагийн мэдүүлгийн эх сурвалж болсон байгааг шүүх харгалзан үзээгүй. Гэрч Э.Төмөржаргал нь мөрдөн байцаалтын ажиллагааны явцад 1 удаа тайлбар /хх 9-10/ гэрчээр 2 удаа /хх 38-39, 199-201/ мэдүүлэг өгсөн бөгөөд шүүх хуралдаанд биечлэн оролцож мэдүүлэг өгсөн байдаг. Ингэхдээ тэрээр 2015 оны 6 дугаар сарын 20-ны өдөр ямар үйл явдал болсон талаар тогтвортой мэдүүлсэн байхаас гадна М.Энхтайвангийн гэмт хэрэг үйлдсэн эсэх талаар гэрчлэх цорын ганц гэрч юм. Гэрч Э.Төмөржаргалын шүүх хуралдааны явцад гаргасан мэдүүлгээр /хх 156-158 хуудсанд байгаа шүүх хуралдааны тэмдэглэл/ М.Энхтайван хохирогчийг өшиглөөгүй болохыг гэрчилсэн байдаг.

3. Мөн “Хүсэл” худалдааны төвд байрлах камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд М.Энхтайван А.Отгонбаатарыг цохисон, зодсон талаар ямар нэгэн дүрс бичлэг байхгүй байхаас гадна энэ байдал нь тухайн төвд лангуу түрээслэдэг, Э.Төмөржаргалын хажуугийн лангуунд үйл ажиллагаа явуулдаг гэрч Б.Буян-Оргих /хх 46-47/, А.Санчир /хх 90-93/, М.Соёлмаа /хх 208-210/ нарын мэдүүлгээр мөн давхар нотлогддог.

4. Хавтаст хэргийн 225 дугаар хуудсанд авагдсан “түргэн тусламжийн дуудлагын хуудас”-нд А.Отгонбаатараас 2015 оны 6 дугаар сарын 20-ны 21 цагийн орчим асууж тэмдэглэсэн байдлаар “...2 хоног хоол ундгүй архи ууж байгаа, өнөө өглөөнөөс огиод байсан, оройноос аюулхай өвдөөд байна, өчигдөр согтуу хүмүүстэй зодолдоод мөрөө зүсүүлсэн” гэж тэмдэглэгдсэн байна. Энэ нь М.Энхтайван мөрдөн байцаалтын ажиллагааны явцад цугларсан бичгийн баримтуудаар хохирогч А.Отгонбаатарын биед хүнд гэмтэл санаатай учруулсан болох нь хангалттай тогтоогдоогүй байхаас гадна хохирогч 2015 оны 6 дугаар сарын 19-ний шөнө өөр газар бусадтай зодолдсон байдлыг шалгаагүй орхигдуулсан байхад шүүхээс ял шийтгэсэн нь үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл давж заалдах шатны шүүхийн 36 тоот магадлалд дурдагдсан ажиллагаануудыг хийгээгүй орхигдуулсан байгаа нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 326 дугаар зүйлд заасныг зөрчсөн.

5. Хохирогч А.Отгонбаатарын хувийн байдлыг тогтоосон ял шалгах хуудсанд /хх 25/ удаа дараа захиргааны зөрчилд холбогдож байсан /хх 127-130/ баримтууд авагдсан ба бичгийн баримтуудад үнэлэлт өгч улмаар гэмт хэрэгт хэрхэн нөлөөлсөн болохыг, мөн худал мэдүүлэг гаргах чадвартай, өөрөөр хэлбэл өөрийн хадам эцгийгээ зүй ёсны шаардлага тавьсных нь төлөө урьдны таарамжгүй харьцаатай байсан зэрэг нөхцөл байдлуудын улмаас хүнд гэмт хэрэгт гүтгэсэн эсэхийг шалгах шаардлага зүй ёсоор гарч ирж байна. Хохирогч А.Отгонбаатар нь 2015 оны 6 дугаар сарын 20-ны өдөр зориудаар 1 шил архийг ганцаараа ууж агсам тавих, өөрийн уур хорслоо гаргах зорилгоор “Хүслэн” худалдааны төвд очиж эхнэр Э.Төмөржаргалыг хэл амаар доромжилж лангууны эд зүйлийг авч шидэх зэрэг байдлаар танхайрсан үйлдлийг тодорхой хугацаанд үргэлжлүүлсэн байдаг бөгөөд энэхүү байдлыг таслан зогсоох зорилгоор гэрч Э.Төмөржаргал өөрийн гар утсаар эцэг М.Энхтайванаасаа тусламж хүсэн дуудсан байдаг. Хохирогчийн энэхүү хууль бус үйлдэл нь хэрээс хэтэрч бусдын амгалан тайван байдлыг алдагдуулан ичгүүр сонжуургүй авирлан, бүдүүлэг үг хэллэгүүдийг хэрэглэн, эхнэрийнхээ эрх чөлөөнд халдахаар заналхийлж байсан талаар гэрч Э.Төмөржаргалын мэдүүлгүүд болон тус худалдааны төвд ажиллаж байсан гэрч А.Санчирын /хх 90-93/ өгсөн мэдүүлгээр давхар нотлогддог. Өөрийн охины дуудлагаар очоод М.Энхтайван А.Отгонбаатарын цустай хувцастай, согтуу байгааг харж, охиныг нь хэл амаар доромжилж байгаа байдлыг шатаар дээш өгсөх явцдаа сонсоод гэнэт сэтгэл санаа нь цочирдсон, мөн хохирогчийг цохих хөдөлгөөн хийсэн боловч хий цохиж улмаар өөрийн хүчиндээ өөрөө унаад босож байгаа үйлдэл камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 14-16/ болон эд мөрийн баримтаар хураасан СД дээрх бичлэгт туссан байсан ба гэрч А.Санчир /хх 90-93\, гэрч Э.Төмөржаргал /хх 38-39/ нарын мэдүүлгээр нотлогддог. Дээрх байдлаас өөрөөр шүүгдэгчийн зүгээс ямар нэгэн идэвхтэй үйлдлийг хийгээгүй байдаг. Харин М.Энхтайван маргааны явцад лангууны хаалтыг хагас хаасан нь тухайн үйлчилгээний төвөөр үйлчлүүлж байсан иргэдэд А.Отгонбаатарын зүй зохисгүй авир, үйлдлийг харуулахгүй байх зорилготой байснаас өөрийн буруутай үйлдлийг хаах зорилго агуулаагүй талаар мөрдөн байцаалтын ажиллагааны явцад өгсөн удаа дараагийн мэдүүлгүүдээр тогтоогддог. Тэгээд ч тухайн хаалтны цаана хэн ямар үйлдэл хийсэн талаар шүүгдэгч болон гэрч Э.Төмөржаргал нарын мэдүүлгээр тогтоогдсон байхад шүүхээс архийг хэтрүүлэн хэрэглэн өөрийгөө хянах чадваргүй болсон байхдаа өөрийн биед учирсан хүнд гэмтлийг хэний ямар үйлдлийн улмаас авсан болох талаар эх сурвалжаа хоёр өөр байдлаар мэдүүлж байсан А.Отгонбаатарын мэдүүлгийг үндэслэл болгосон нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 83 дугаар зүйлийн 83.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн байна. Өөрөөр хэлбэл хохирогчийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлэх боломжгүй байдлыг шүүх харгалзан үзсэнгүй. Нэгэнт мөрдөн байцаалтын ажиллагааны явцад цугларсан бичгийн баримтуудаар М.Энхтайвангийн үйлдсэн гэмт хэрэг нь бүрэн тогтоогдоогүй, түүний гэм буруутай эсэх нь эргэлзээтэй байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт зааснаар хэргийг шийдвэрлэх боломжтой байна.

Иймд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.4 дэх хэсэгт зааснаар Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 64 дугаартай шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 615 дугаартай магадлалыг хүчингүй болгож, М.Энхтайванд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү” гэв.

Хохирогчийн өмгөөлөгч О.Цэрэнпунцаг хяналтын шатны шүүх хуралдаанд: “Тусгайлан гаргах саналгүй” гэв.

Прокурор А.Оюунгэрэл хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “...Хавтаст хэрэгтэй танилцахад Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан шалгавал зохих бүхий л асуудлыг шалгаж тогтоосон. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

Шүүгдэгч М.Энхтайван нь 2015 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 20 цагийн үед Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хүсэл” худалдааны төвийн 22-ын Б павилонд хувийн таарамжгүй харилцааны улмаас А.Отгонбаатарын хэвлийн тус газарт өшиглөж, бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож, тогтоогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, үндэслэл бүхий болжээ.

Энэ хэрэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тодруулсан бөгөөд шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтад үндэслэн хэргийн үйл баримтыг тогтоож, хэргийг зөв зүйлчилсэн, мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, эсхүл бусад хэлбэрээр хэргийг бүх талаар хэлэлцэх явдалд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч М.Энхтайван, түүний өмгөөлөгч Б.Оюунбилэг, Д.Тунгалаг нарын гомдлуудыг хянан үзэхэд нотлох баримтыг дахин шинжлэн судлах, тэдгээрийг харьцуулах, шалгах, үнэлэх замаар анхан болон давж заалдах шатны шүүхээс тогтоосон үйл баримтыг өөрчлөн тогтоолгох, эсхүл энэ зорилгоор хэргийг мөрдөн байцаалтад буцаалгах агуулгатай байна. Тогтоол, магадлалаар тогтоогдоогүй буюу үгүйсгэгдсэн баримтыг тогтоох, ямар нэг нотлох баримтыг нөгөөгөөс нь ач холбогдолтойд тооцох эрх хяналтын шатны шүүхэд хуулиар олгогдоогүй, хэргийн үйл баримтыг тогтоох явцад Эрүүгийн байцаан шийтгэх хуулиар тогтоосон журам ноцтой зөрчигдөөгүй бол мөрдөн байцаалтыг дахин явуулах шаардлагагүй тул гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй.

Харин шүүгдэгч М.Энхтайванд холбогдох хэргийг хяналтын журмаар хэлэлцэх үед шүүгдэгчийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийг хэрэглэх хууль зүйн шаардлага хангагдсан гэж үзэж хорих ялыг хэмжээг багасган хөнгөрүүлэх боломжтой гэж дүгнэв.

Мөн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасныг баримтлан М.Энхтайванд Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн ялаас 2 /хоёр/ жилийг өршөөн хасаж, энэ талаар шийтгэх тогтоол, магадлалд зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.2 дахь заалтыг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 64 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 615 дугаар магадлалын тогтоох хэсэгт:

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар М.Энхтайваныг 3 /гурав/ жил 05 /тав/ сар хорих ялаар шийтгэж, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар М.Энхтайванд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 /гурав/ жил 05 /тав/ сар хорих ялын эдлээгүй үлдсэн хорих ялаас 2 /хоёр/ жилийг өршөөн хассугай” гэсэн нэмэлт, өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч М.Энхтайван, түүний өмгөөлөгч Б.Оюунбилэг, Д.Тунгалаг нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ

                        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                       Т.УРАНЦЭЦЭГ

                        ШҮҮГЧ                                                                  Ч.ХОСБАЯР