Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 210/ма2018/00872

 

 

 

 

 

 

 

 

 

М.Долгорсүрэнгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 101/ШШ2018/00633 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч М.Долгорсүрэнгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох

 

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа, 2 дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатын шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 866 дугаартай захирамжаар Л.Болормаагаас 71 807 850 төгрөг гаргуулж, М.Гантулгад олгохоор шийдвэрлэсэн. Гэвч 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 866 дугаартай захирамжийн дагуу М.Долгорсүрэнгийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 1 дүгээр байрны 1 тоот 3 өрөө байрыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас үнэлгээ тогтоож 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдөр 10 цагт 2 дахь дуудлага худалдаанд оруулсан болохыг 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Л.Болормаатай уулзаж мэдсэн. Хуульд заасны дагуу албадан дуудлага худалдаанд оруулах мэдэгдлийг өмчлөгч надад хүргүүлэхгүйгээр 2 дахь албадан дуудлага худалдаанд оруулж буй нь хууль зөрчсөн үйлдэл болж байна. Энэ нь шинэ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3 дахь хэсэгт зааснаар төлбөр төлөгчид ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг хүргүүлэх байсан. Мөн хуучин Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 43 дугаар зүйл 43.3 дахь хэсгийг зөрчиж 2 дахь албадан дуудлага худалдаанд оруулсан бөгөөд өнөөдрийг хүртэл надад 2 дахь албадан дуудлага худалдааны мэдэгдэл, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоол ирээгүй. Мөн анхны албадан дуудлага худалдаа ямар үндэслэлээр, хэрхэн явагдсан нь тодорхойгүй, М.Долгорсүрэнгийн хаягаар н.Содхүү гэж хүн байдаггүй учраас 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдөр дээрх мэдэгдлийг нэхэмжлэгч гардан авсан гэж үзэхгүй байна. Иймд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатын шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 866 дугаартай захирамжийн дагуу хийж буй Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 1 дүгээр байрны 1 тоот 3 өрөө орон сууцыг 2 дахь албадан дуудпага худалдаанд оруулж буй шийдвэр гүйцэтгэх ажиллагаа, 2 дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 833 дугаар шийдвэрээр Лодойсамбуугийн Болормаагаас 71 807 850 төгрөгийг гаргуулж М.Гантулгад олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийг үндэслэн Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч Л.Болормаагийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан М.Долгорсүрэнгийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо 1 дүгээр хороолол 01 дүгээр байрны 01 тоотод байрлалтай эрхийн улсын оүртгэлийн Ү-2201008115 дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийг 2016 оны 159/05, 159/07 тоот тогтоолоор тус тус битүүмжилж, хураан төлбөр төлөгч, өмчлөгч нараас 2016 оны 3/16749, 3/16750 дугаартай албан бичгээр үнийн саналыг авсан.

Төлбөр төлөгчийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар 49 255 500 төгрөгөөр оруулах мэдэгдлийг үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч М.Долгорсүрэн, төлбөр төлөгч Л.Болормаа нарт 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 3/20563, 3/20564 дугаартай албан бичгээр мэдэгдсэн. Үл хөдлөх эд хөрөнгийг 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдөр анхны албадан дуудлага худалдаанд оруулсан боловч худалдан борлогдоогүй, 2 дахь албадан дуудлага худалдаанд 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 10 цагт оруулсан боловч мөн худалдан борлогдоогүй байна. Нэхэмжлэгч М.Долгорсүрэнд 2 дахь албадан дуудлага худалдааны мэдэгдлийг 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдөр шуудангаар хүргүүлсэн тул мэдээгүй гэх үндэслэлгүй, шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хугацаа авч байх тул хэргийг нэн даруй шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай /2002 оны/ хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.2, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1, 175.3-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 6/26 тоот Үл хөдлөх эд хөрөнгийг хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоол, мөн газраас зохион байгуулсан 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 1 дүгээр байрны 1 тоот орон сууцны хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч М.Долгорсүрэнгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч М.Долгорсүрэнгээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 101\ШШ2018\00633 дугаар шийдвэрийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул дараах давж заалдах шатны гомдлыг гаргаж байна.

Гэвч 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 866 дугаартай захирамжийн дагуу М.Долгорсүрэнгийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 1 дүгээр байрны 1 тоот 3 өрөө байрыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас үнэлгээ тогтоож 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдөр 10 цагт 2 дах дуудлага худалдаанд оруулсан болохыг 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Л.Болормаатай уулзаж мэдлээ. Хуульд заасны дагуу албадан дуудлага худалдаанд оруулах мэдэгдлийг өмчлөгч надад хүргүүлээгүй байж, 2 дахь албадан дуудлага худалдаанд оруулж буй нь хууль зөрчсөн үйлдэл болж байна. Энэ нь одоогийн шинэ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 66 дугаар зүйл 66.3 дахь хэсэгт зааснаар төлбөр төлөгчид ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг хүргүүлэх байсан. Мөн хуучин Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 43 дугаар зүйл 43.3 дах хэсгийг зөрчиж 2 дах албадан дуудлага худалдаанд оруулсан бөгөөд өнөөдрийг хүртэл надад 2 дах албадан дуудлага худалдааны мэдэгдэл, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоол ирээгүй байгаа болно. Мөн М.Долгорсүрэн намайг төлөөлөх эрхгүй этгээдийг шүүх оролцуулж шүүх хурал хийсэнд гомдолтой байна. Учир нь би Б.Сутайд зөвхөн Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн шүүхэд өөрийгөө төлөөлүүлэх гэж 1 жилийн өмнө энэ итгэмжлэл өгсөн байхад шүүх Баянзүрх дүүргийн хуралд оролцуулж хурал хийсэнд гомдолтой байна. Би хуралдаа Сүхбаатар дүүргийн шүүхэд төлөөлөх эрхтэй Б.Сутайг оруулахгүйгээр өмгөөлөгчийн хүсэлтээ Б.Сутайгаар шүүхэд хүргүүлсэн. Гэвч шүүгч хүсэлтийг хангалгүй Б.Сутайг хуралд оролцуулсан байна. Мөн миний өмгөөлөгчийг оролцуулаагүй, өмгөөлөгч хурал хүндэтгэн үзэх шалтгааны улмаас ирээгүйгээ нотолж, хүсэлт гаргасан байхад шүүхээс өмгөөлөгчийг оролцуулалгүй намайг төлөөлөх эрхгүй хүнийг оролцуулж хурал хийсэн байна. Хэргийн материалд баримтууд дутуу ирсээр байхад хурал хийсэн. Хэрэгт байгаа анхны албадан дуудлага худалдааны баримт байхгүй, 2 худалдааны сонингийн зар болон бусад баримт байхгүй, анхны албадан дуудлага худалдаагаар зарагдсан эсэх баримт байхгүй, мөн хэрэгт Баянзүрх дүүргийн гэх өөр үл хөдлөх хөрөнгийн баримт ирүүлсэн байхыг шүүгч анхаараагүй хурал хийсэн.

Иймд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатын шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 866 дугаартай захирамжийн дагуу хийж буй Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 1 дүгээр байрны 1 тоот 3 өрөө орон сууцыг 2 дахь албадан дуудлага худалдаанд оруулж буй шийдвэр гүйцэтгэх ажиллагаа, 2 дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгож, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 101/ШШ2018/00633 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны хэлэлцүүлэгт буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Нэхэмжлэгч М.Долгорсүрэн хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 1 дүгээр байрны 1 тоот орон сууцыг хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулж буй шийдвэр гүйцэтгэх ажиллагаа, хоёр дахь албадан дуудлага худалгааг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж маргасан байна.

Хэрэгт цугларсан баримт, зохигчдын тайлбараас үзвэл, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 833 дугаартай захирамжаар Л.Болормаагийн 71 550 000 төгрөгийг М.Гантулгад төлөхөөр зөвшөөрч, 2016 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 1 000 000 төгрөг, 2016 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 2 000 000 төгрөг, 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр 68 550 000 төгрөгийг төлөх, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч төлбөрийг сайн дураар эс төлбөл барьцааны гэрээнд дурдсан Сонгинохайрхан дүүрэг, 18 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 1 дүгээр байр, 1 тоотод байрлах 38 м.кв талбай бүхий орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зохигч талууд эвлэрэн хэлэлцсэнийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсний дагуу хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, үүргийн гүйцэтгэлд барьцаалсан 38 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг битүүмжлэн хурааж, эд хөрөнгийн үнэлгээ тогтоож, анхны албадан дуудлага худалдаанд оруулсан үйл баримт нь хэрэгт авагдсан шийдвэр гүйцэтгэлийн баримт бичгүүдээр тогтоогдож байх ба Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 28ы өдрийн 181/ШШ216/00815 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 1957 дугаартай магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 02 дугаар сарын 02ы өдрийн 001/ХТ2017/00119 дугаартай тогтоолуудаар төлбөр төлөгч Л.Болормаагийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулахаар гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. /хх 37-51/

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт Үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдаа /цаашид албадан дуудлага худалдаа гэх/-г шийдвэр гүйцэтгэгчийн саналыг үндэслэн үл хөдлөх эд хөрөнгө байгаа аймаг, нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба зохион байгуулна., 43.3 дахь хэсэгт Шийдвэр гүйцэтгэгч албадан дуудлага худалдаа явуулах тухай ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг ...төлбөр төлөгчид хүргүүлнэ. гэж заасан ба хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба хоёр дахь албадан дуудлага худалдаа болох талаар орон сууцны өмчлөгч М.Долгорсүрэнд түүний оршин суугаа хаяг болох Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 1 дүгээр байрны 1 тоот хаягаар 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдөр баталгаат шуудангаар хүргүүлснийг 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 15:58 цагт иргэн н.Содхүү гардан авсан нь Монгол шуудан ХК-ийн гардуулалтын хуудас, 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 08/122 тоот албан бичгээр тогтоогдож байна. /хх 58, 86-87/

Түүнчлэн, хариуцагч нь төлбөр төлөгч Л.Болормаад хоёр дахь албадан дуудлага худалдааны 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 3/16932 тоот мэдэгдлийг 2017 оны 6 дугаар сарын 14-ний өдөр өөрт нь гардуулжээ. /хх 58/

Нэхэмжлэгч нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны дагуу хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн /2002 оны/ 43 дугаар зүйлийн 43.1-д заасныг зөрчиж явуулсан, хоёр дахь албадан дуудлага худалдааны мэдэгдлийг гардуулаагүй, мөн уг хаягт н.Содхүү гэх хүн байдаггүй гэх тайлбар гаргаж байх боловч тэрээр нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна.

Хариуцагчийн явуулсан дээрх шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2, 43.3, 47 дугаар зүйлийн 47.2.2-т заасан журмыг зөрчөөгүй гэж анхан шатны шүүх дүгнэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна. Өөрөөр хэлбэл, үл хөдлөх эд хөрөнгийн хоёр дахь албадан дуудлага худалдааг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба зохион байгуулж байгаа талаар үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болон төлбөр төлөгч нарт мэдэгдсэн байх тул хоёр дахь албадан дуудлага худалдааны мэдэгдлийг орон сууцны өмчлөгчид гардуулаагүй гэх байдал хэрэгт цугларсан баримтаар тогтоогдохгүй байна.

Түүнчлэн, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар зохигчдын тайлбар нь нотолгооны хэрэгсэлд хамаарах тул нэхэмжлэгчийн 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдөр 10 цагт 2 дахь дуудлага худалдаанд оруулсан болохыг 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Л.Болормаатай уулзаж мэдсэн гэж тайлбарлаж байгаагаас үзэхэд хариуцагчийг хоёр дахь албадан дуудлага худалдааны мэдэгдлийг хүргүүлээгүй гэх нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сутай нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг шүүх хуралдаанд оролцуулах, мөн өмгөөлөгч авах хүсэлт гаргасныг шүүх 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 101/ШЗ2018/01313 дугаар шүүгчийн захирамжаар хангаж шүүх хуралдааныг хойшлуулсан байх ба 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн шүүх хуралдаан дээр өмгөөлөгч Ш.Базаррагчааг оролцуулж, хэргийн материалтай танилцах хүсэлт гаргасныг шүүх өмгөөлөгч оролцуулах хангалттай хугацаа олгосон гэх үндэслэлээр хангахгүй орхисныг буруутгах боломжгүй байна. /хх 67-68, 97/

 

Нэхэмжлэгч М.Долгорсүрэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийгөө төлөөлүүлэн оролцуулахаар Б.Сутайд итгэмжлэл олгосон байна. Уг итгэмжлэлд ...Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд... гэж нэрлэн зааж олгосон байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэгт заасан шүүхийн харьяалал зөрчсөн гэж үзэхгүй. Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэгт сум буюу сум дундын, дүүргийн шүүх иргэний бүх хэргийг анхан шатны журмаар хянан шийдвэрлэнэ гэж заасан ба Сүхбаатар дүүргийн шүүхэд гэж итгэмжлэлд заасан нь дүүргийн шүүхийн хянан шийдвэрлэх харьяаллыг зөрчсөн гэж үзэхгүй болно. Түүнчлэн төлөөлөгч нь төлөөлүүлэгчид итгэмжлэл олгохдоо уг итгэмжлэлд Сүхбаатар дүүргийн шүүх гэж байгааг мэдсэн атлаа уг итгэмжлэлээр дамжуулж төлөөлүүлэгчийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж байсан байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 101/ШШ2018/00633 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн М.Долгорсүрэнгийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.НАРАНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД

 

Д.ЦОГТСАЙХАН