Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 001/ХТ2018/01184

 

М.Дгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 101/ШШ2018/00633 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 872 дугаар магадлалтай,

М.Дгийн нэхэмжлэлтэй

НШШГАт холбогдох

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа, 2 дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгч М.Дгийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн өмгөөлөгч П.Ганбилэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 866 дугаартай захирамжаар Л.Болормаагаас 71 807 850 төгрөг гаргуулж, М.Гантулгад олгохоор шийдвэрлэсэн. Гэвч 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 866 дугаартай захирамжийн дагуу М.Дгийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 1 дүгээр байрны 1 тоот 3 өрөө байрыг НШГАнаас үнэлгээ тогтоож 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдөр 10 цагт 2 дахь дуудлага худалдаанд оруулсан болохыг 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Л.Болормаатай уулзаж мэдсэн. Хуульд заасны дагуу албадан дуудлага худалдаанд оруулах мэдэгдлийг өмчлөгч надад хүргүүлэхгүйгээр 2 дахь албадан дуудлага худалдаанд оруулж буй нь хууль зөрчсөн үйлдэл болж байна. Энэ нь шинэ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3 дахь хэсэгт зааснаар төлбөр төлөгчид ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг хүргүүлэх байсан. Мөн хуучин Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 43 дугаар зүйл 43.3 дахь хэсгийг зөрчиж 2 дахь албадан дуудлага худалдаанд оруулсан бөгөөд өнөөдрийг хүртэл надад 2 дахь албадан дуудлага худалдааны мэдэгдэл, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоол ирээгүй. Мөн анхны албадан дуудлага худалдаа ямар үндэслэлээр, хэрхэн явагдсан нь тодорхойгүй, М.Дгийн хаягаар н.Содхүү гэж хүн байдаггүй учраас 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдөр дээрх мэдэгдлийг нэхэмжлэгч гардан авсан гэж үзэхгүй байна. Иймд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатын шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 866 дугаартай захирамжийн дагуу хийж буй Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 1 дүгээр байрны 1 тоот 3 өрөө орон сууцыг 2 дахь албадан дуудпага худалдаанд оруулж буй шийдвэр гүйцэтгэх ажиллагаа, 2 дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 833 дугаар шийдвэрээр Лодойсамбуугийн Болормаагаас 71 807 850 төгрөгийг гаргуулж М.Гантулгад олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийг үндэслэн Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч Л.Болормаагийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан М.Дгийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо 1 дүгээр хороолол 01 дүгээр байрны 01 тоотод байрлалтай эрхийн улсын бүртгэлийн Ү-2201008115 дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийг 2016 оны 159/05, 159/07 тоот тогтоолоор тус тус битүүмжилж, хураан төлбөр төлөгч, өмчлөгч нараас 2016 оны 3/16749, 3/16750 дугаартай албан бичгээр үнийн саналыг авсан. Төлбөр төлөгчийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар 49 255 500 төгрөгөөр оруулах мэдэгдлийг үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч М.Д, төлбөр төлөгч Л.Болормаа нарт 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 3/20563, 3/20564 дугаартай албан бичгээр мэдэгдсэн. Үл хөдлөх эд хөрөнгийг 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдөр анхны албадан дуудлага худалдаанд оруулсан боловч худалдан борлогдоогүй, 2 дахь албадан дуудлага худалдаанд 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 10 цагт оруулсан боловч мөн худалдан борлогдоогүй байна. Нэхэмжлэгч М.Дд 2 дахь албадан дуудлага худалдааны мэдэгдлийг 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдөр шуудангаар хүргүүлсэн тул мэдээгүй гэх үндэслэлгүй, шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хугацаа авч байх тул хэргийг нэн даруй шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 101/ШШ2018/00633 дугаар шийдвэрээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай /2002 оны/ хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.2, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1, 175.3-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 6/26 тоот Үл хөдлөх эд хөрөнгийг хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоол, мөн газраас зохион байгуулсан 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 1 дүгээр байрны 1 тоот орон сууцны хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч М.Дгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч М.Дгээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 872 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 101/ШШ2018/00633 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн М.Дгийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч М.Д хяналтын гомдолдоо: Шийдвэр, магадлалыг тус тус хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул дараахь хяналтын шатны гомдлыг гаргаж байна. Гэвч 2016 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 866 дугаартай захирамжийн дагуу М.Дгийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 1 дүгээр байрны 1 тоот 3 өрөө байрыг НШГАнаас үнэлгээ тогтоож 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдөр 10 цагт 2 дах дуудлага худалдаанд оруулсан болохыг 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Л.Болормаатай уулзаж мэдлээ. Хуульд заасны дагуу албадан дуудлага худалдаанд оруулах мэдэгдлийг өмчлөгч надад хүргүүлээгүй байж, 2 дах албадан дуудлага худалдаанд оруулж буй нь хууль зөрчсөн үйлдэл болж байна. Энэ нь одоогийн шинэ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 66 дугаар зүйл 66.3 дах хэсэгт зааснаар төлбөр төлөгчид Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг хүргүүлэх байсан. Мөн хуучин Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 43 дугаар зүйл 43.3 дах хэсгийг зөрчиж 2 дах албадан дуудлага худалдаанд оруулсан бөгөөд өнөөдрийг хүртэл надад 2 дах албадан дуудлага худалдааны мэдэгдэл, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоол ирээгүй байгаа болно. 1. Мөн М.Д намайг төлөөлөх эрхгүй этгээдийг шүүх оролцуулж шүүх хурал хийсэнд гомдолтой байна. Учир нь би Б.Сутайд зөвхөн Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн шүүхэд өөрийгөө төлөөлүүлэх гэж 1 жилийн өмнө энэ итгэмжлэл өгсөн байхад шүүх Баянзүрх дүүргийн хуралд оролцуулж хурал хийсэнд гомдолтой байна. Би зөвхөн хуралдаа Сүхбаатар дүүргийн шүүхэд төлөөлөх эрхтэй Б.Сутайг оруулахгүйгээр өмгөөлөгчийн хүсэлтээ Б.Сутайгаар шүүхэд хүргүүлсэн. Гэвч шүүгч хүсэлтийг хангалгүй Б.Сутайг хуралд оролцуулсан байна. 2. Мөн миний өмгөөлөгчийг оролцуулаагүй, миний өмгөөлөгч хурал хүндэтгэн үзэх шалтгааны улмаас ирээгүйгээ нотолж, хүсэлт гаргасан байхад шүүхээс өмгөөлөгчийг оролцуулалгүй намайг төлөөлөх эрхгүй хүнийг оролцуулж хурал хийсэн байна. 3. Хэргийн материалд баримтууд дутуу ирсээр байхад хурал хийсэн байна. Хэрэгт байгаа анхны албадан дуудлага худалдааны баримт байхгүй 2 худалдааны сонингийн зар болон бусад баримт байхгүй анхны албадан дуудлага худалдаагаар зарагдсан эсэх баримт байхгүй мөн хэрэгт Баянзүрх дүүргийн гэх өөр үл хөдлөх хөрөнгийн баримт ирүүлсэн байхыг шүүгч анхаараагүй хурал хийсэн. Иймд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатын шүүхийн 2016 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 866 дугаартай захирамжийн дагуу хийж буй Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 1 дүгээр байрны 1 тоот 3 өрөө орон сууцыг 2 дах албадан дуудлага худалдаанд оруулж буй шийдвэр гүйцэтгэх ажиллагаа, 2 дах албадан дуудлага худалдааг хүчингүй болгож, шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, анхан шатны хэлэлцүүлэгт буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүх нэхэмжлэлийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.

Нэхэмжлэгч М.Д хариуцагч НШШГАт холбогдуулан Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 1 дүгээр байрны 1 тоот орон сууцыг хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулж буй шийдвэр гүйцэтгэх ажиллагаа, хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрөөгүй байна. М.Д нь нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлохдоо хоёр дах албадан дуудлага худалдааг явуулах тухай ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоол, дуудлага худалдааны товыг мэдэгдээгүй гэжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 101/ШШ2016/00833 дугаартай захирамжаар “хариуцагч М.Гантулга нь нэхэмжлэгч Л.Болормаад 71 550 000 төгрөгийг 2016 оны 02 дугаар сарын 20нд 1 000 000 төгрөг, 2016 оны 03 дугаар сарын 20-нд 2 000 000 төгрөг, 2016 оны 04 дүгээр сарын 20-нд 68 500 000 төгрөгийг тогтоосон хугацаанд хэсэгчлэн төлөх, хариуцагч төлбөрийг сайн дураар эс төлбөл Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар барьцааны зүйл болох Сонгинохайрхан дүүрэг, 18 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 1 дүгээр байр, 1 тоот 38 м.кв талбай бүхий орон сууцнаас үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зохигчид эвлэрсэн”-ийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, уг захирамжийг НШГА  2016 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 1089 дугаар гүйцэтгэх хуудасны үндсэн дээр захирамжийг биелүүлж эхэлсэн байна.

М.Д нь барьцааны зүйл болох үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч ба шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа бүрийн талаар түүнд мэдэгдсэн баримтуудыг хоёр шатны шүүх шийдвэр, магадлалдаа тодорхой дүгнэсэн, уг дүгнэлтийг үгүйсгэх үндэслэл тогтоогдоогүйгээс гадна М.Дгээс Б.Сутайд олгосон итгэмжлэлийн агуулга, түүний хүчин төгөлдөр байдлын талаар шүүх Иргэний хуулийн 64, 65, 66 дугаар зүйлийг зөв тайлбарлан хэрэглэжээ. Шүүхийн харьяалал зөрчсөн, төлөөлөх эрхгүй этгээд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон гэх нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй байна.

М.Дгээс гадна төлбөр төлөгч Л.Болормаа анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргаж байсан байх ба Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 181/ШШ216/00815 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосныг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 1957 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 001/ХТ2017/00119 дугаар тогтоолоор хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагч нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, 43.2, 43.3, 47 дугаар зүйлийг зөрчөөгүй тул нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхив.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 101/ШШ2018/00633 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 872 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                               ТАНХИМЫН ТЭРГҮҮН                        Х.СОНИНБАЯР

                           ШҮҮГЧ                                                  П.ЗОЛЗАЯА