Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2018/00923

 

 

 

 

 

2018 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2018/00923

 

 

Д.Даваасүрэн нэхэмжлэлтэй
Д.Даваасүрэнгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 181/ШШ2018/00448 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Д.Даваасүрэнгийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Авто худалдааны цогцолбор ОНӨААТҮГхолбогдох

 

Авто худалдааны цогцолбор ОНӨААТҮГ-ын даргын 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн Б/24 дугаар тушаал хууль бус болохыг тогтоолгох, гэм хорын хохиролд 7 781 053 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Д.Даваасүрэн

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б.Эрдэнэмөнх

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.Гүенбат, С.Мөнхтуяа

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Т.Туул оролцов.

Нэхэмжлэгч Д.Даваасүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Д.Даваасүрэн би Авто худапдааны цогцолбор ОНӨААТҮГ-т 2014 оны 5 сараас тооцооны нягтлан бодогч, 2015 оны 3 сараас ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж ирсэн. Нийслэлийн дотоод аудитын албаны Санхүүгийн аудитын хэлтсийн дарга Ч.Гүрбазар, ахлах аудитор С.Цолмон, гүйцэтгэл нийцлийн аудитын шинжээч Т.Ариунцэцэг нар Авто худалдааны цогцолбор ОНӨААТҮГ-ын 2014-2015 он, 2016 оны эхний хагас жилийн санхүүгийн үйл ажиллагаанд 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс 2017 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл санхүүгийн хяналт шалгалтыг хийж, Нийслэлийн дотоод аудитын албаны улсын байцаагч нь 2017 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн 05/01 дугаар төсвийн орлого төлүүлэх тухай, 05/02 дугаар илүү шилжүүлсэн төлбөр төлүүлэх тухай, 05/03 дугаар зориулапт бусаар зарцуулсан хөрөнгө төлүүлэх тухай актуудыг тавьсан. Дээрх актуудыг үндэслэн Авто худалдааны цогцолбор ОНӨААТҮГ-ын даргын 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн Б/24 дугаартай хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалаар Д.Даваасүрэн намайг ажлаас халсан. Сангийн сайдын 2017 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 13-2/4366 дугаар тоотоор Нийслэлийн дотоод аудитын албаны 2017 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн 05/01 дугаар төсвийн орлого төлүүлэх тухай, 05/03 дугаар зориулалт бусаар зарцуулсан хөрөнгө төлүүлэх тухай актуудыг хүчингүй болгож, 05/02 дугаар илүү шилжүүлсэн төлбөр төлүүлэх тухай актаар 6 500 000 төгрөгийг Тэгш Плант ХХК-д илүү тооцон шилжүүлсэн боловч буцааж аваагүй, суутган тооцоо хийгээгүй байна гэж тогтоосныг суутган тооцсон болохыг тогтоосон болно. Ажлаас халах тушаал гарсны дараа Авто худалдааны цогцолбор ОНӨААТҮГ-ын дарга О.Мөнгөншагайгийн зүгээс надад цалинг чинь өгнө, ажилд томилж өгье, хуулийн хүрээнд чамд ямар ашигтай хувилбар байна, тэр хүрээнд асуудлыг чинь шийдэж өгье гэж хэлсний дагуу би өнөөдрийг хүртэл хуулийн байгууллагаар явалгүй хүлээсээр байсан. Мөн Авто худалдааны цогцолбор ОНӨААТҮГ-ын хуулийн асуудлыг хариуцаж байсан өмгөөлөгч Гүенбаттай уулзахад таныг ажилд эгүүлэн томилно, цалин хөлс олгоно гэж байсан. Хамгийн сүүлд тус байгууллагын хүний нөөцийн мэргэжилтэн н.Мөнхтуяа руу залгаж лавлахад ээлжийн амралтын олговрыг чинь нягтлан бодогч өнөөдөр шилжүүлье гэж байна. Харин ажилд орох, цалингийн асуудлыг шүүхээр шийдүүлээрэй гэж дарга хэлсэн гэж хариу өгсөн тул шүүхэд хандаж, тус шүүхэд урьд эрхэлж байсан ажил албан тушаалдаа эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, эрүүл мэнд нийгмийн даатгалын төлбөрийг дэвтэрт нөхөн бичилт хийлгэх нэхэмжлэлийн шаардлагыг Авто худалдааны цогцолбор ОНӨААТҮГ-т холбогдуулан гаргасан. Сүүлд Авто худалдааны цогцолбор ОНӨААТҮГ-ын даргын 2017 оны 4 сарын 21-ний өдрийн Б/24 дугаартай хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалыг хууль бус байсан болохыг тогтоолгох, гэм хорын хохиролд ажилгүй байсан хугацааны цалин хөлс 7 797 273  төгрөгийг хариуцагчаас гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын төлбөрийг дэвтэрт нөхөн бичилт хийлгэх шаардлага гаргаж, нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн. 

Тушаалын үндэслэл болсон дотоод аудитын актууд нь ийнхүү хүчингүй болсноор Авто худалдааны цогцолбор ОНӨААТҮГ-ын даргын 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн Б/24 дугаартай хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаал нь эрх зүйн үр дагавар үүсгэхгүй, хууль бус болсон. Дээрх байдлаар ажлаас халах болсон үндэслэл нь үгүйсгэгдэж байхад намайг ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй. Уг үйлдлээс шалтгаалан миний хөдөлмөрлөх, цалин хөлс авах эрх зөрчигдөж, надад гэм хорын хохирол учирсан. Хууль бус тушаалаас үүдэн өнөөдрийг хүртэл ажил хөдөлмөр эрхлээгүй бөгөөд олох ёстой байсан ашиг орлогыг Авто худалдааны цогцолбор ОНӨААТҮГ-аас авч байсан үндсэн цалингаар бодож 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн 2018 оны 2 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх нийт 9 сар 14 хоногийн хугацааны 7 781 053 төгрөгийн хохирлыг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 497.3, 498 дугаар зүйлийн 498.2, 228 дугаар зүйлийн 228.1, 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт тус тус заасныг үндэслэн нэхэмжилж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Гүенбат шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа

Д.Даваасүрэнг 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр ажлаас чөлөөлсөн бөгөөд 4 сард тушаалаа ав гэхэд аваагүй тул тушаалыг шуудангаар 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдөр түүнд хүргүүлсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана гэж заасан бөгөөд энэ хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. Сангийн сайдын 2017 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн албан тоотыг нэхэмжлэгч 7 сард мэдсэн байдаг. Энэ хугацаанаас хөөн хэлэлцэх хугацааг мөн тоолоход маргааны талаар гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа мөн хэтэрсэн байна. Д.Даваасүрэнгийн зүгээс ажил олгогчид хандаж бичиг өгсөн гэдэг боловч юу шаардаж буй нь тодорхой бус байсан тул уг хүсэлтээ тодорхой болго гэсэн хариуг өгсөн. Тэрээр дахин хүсэлт гаргасан боловч тэр үед хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан байсан. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна. Ажилд эгүүлэн тогтоолгох шаардлага байхгүй атлаа ажилгүй байсан хугацааны цалинг гэм хорын хохирол гэж нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй юм. Иймд нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч Д.Даваасүрэнгийн хариуцагч Авто худалдааны цогцолбор ОНӨААТҮГ-т холбогдуулан гаргасан хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тушаалыг хууль бус байсан болохыг тогтоолгох, гэм хорын хохиролд 7 797 273 төгрөг гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, нэхэмжлэгч Д.Даваасүрэнгээс 2018 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 000 төгрөгийг улсын төсвийн орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгч Д.Даваасүрэнд олгож шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч Д.Даваасүрэн, түүний өмгөөлөгч Б.Эрдэнэмөнх нар давж заалдах гомдолдоо:

... Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шаардлагаа өөрчилж Авто худалдааны цогцолбор" ОНӨААТҮГ-ын даргын 2017 оны 4 дүгээр сарын 21-ны өдрийн Б/24 дугаар хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалыг хууль бус байсан болохыг тогтоолгох, хууль бус тушаалаас үүдэн учирсан гэм хорын хохирол буюу олох ёстой байсан ашиг орлого болох 7 781 053 төгрөгийг "Авто худалдааны цогцолбор" ОНӨААТҮГ-аас гаргуулах хоёр шаардлагыг Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 219.2, мөн хуулийн 228 дугаар зүйлийн 228.1, 229 дүгээр зүйлийн 229 дүгээр зүйлийн 229.1, 497 дугаар зүйлийн 497.1-т заасныг тус тус үндэслэн гаргасан. Гэтэл шүүхээс гэм хорын хохирлыг гаргуулах шаардлага бус Хөдөлмөрийн тухай хуулийн 128, 69 дүгээр зүйлд заасан ажил олгогчийн санаачлагаар ажлаас буруу халсан тухай ажилтны гомдол, буруу халсан үеийн олговор гаргуулах тухай нэхэмжлэл байна гэж дүгнэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн. Учир нь шүүх нэхэмжлэгчийн шаардаж буй шаардлагын хүрээнд нэхэмжлэл нь үндэслэлтэй эсэхэд дүгнэлт өгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2 дахь хэсэгт заасан шийдвэрийн аль нэгийг гаргах үүрэгтэй байтал нэхэмжлэгчийн хусэж буй шаардлагаас өөр шаардлага болгож өөрчлөн дүгнэн, хөөн хэлэлцэх хугацаагаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож байгаа нь үндэслэлгүй юм. Нэхэмлэгчийн сүүлд өөрчилсөн шаардлагаар эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх шаардлага гаргаагүй болно. Шүүхээс ийнхүү анхааралгүй хандаж шийдвэртээ ийм шаардлага гаргасан тухай хоёр ч удаа дурдаж дүгнэлт өгсөн байна. Нэхэмжлэгч нь гэм хорын хохиролд шаардаж буй 7 781 053 төгрөгийг Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлд заасан үндэслэлээр нэхэмжлээгүй, ажил олгогчоос авч байсан үндсэн цалингаа Иргэний хуулийн 219 дүгээр зүйл, Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1-д заасан үндэслэлээр олох ёстой байсан ашиг орлого гэм хорын хохиролоор нэхэмжилсэн. Ингэж нэхэмжилж байгаа тул эрүүл мэнд нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх шаардлага гаргах ямар ч боломжгүй юм.

Шүүхээс нэгэнт нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэж байгаа бол 05/02 дугаар акт хүчингүй болоогүй гэдгийг дүгнэх нь ач холбогдолгүй юм. Гэхдээ 05/02 дугаартай актаар "..суутган тооцоо хийгээгүй байна" гэснийг Сангийн сайдын 2017 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 13-2/4366 дугаартай шийдвэрээр 05/02 тоот актыг хүчингүй болголоо гэсэн үг үсэг ороогүй ч суутган тооцоо хийсэн болохыг тогтоосон байдаг. Өөрөөр хэлбэл актыг Сангийн сайд ийнхүү тогтоосон нь хүчингүй болгосонтой ижил үр дагвартай юм.

Сангийн сайд актуудыг хүчингүй болгон шийдвэрлэснээр Иргэний хуулийн 8.1.3-т заасанчлан захиргааны шийдвэрийн үр дагаварт Д.Даваасүрэнг ажилд нь эгүүлэн авах үүрэг үүсч, Иргэний хуулийн 8.1.7-д заасан үүрэг үүсэх хууль зүйн үйл явдал болсон бөгөөд Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар хуульд заасан үүрэг үүссэн юм. Гэтэл хариуцагч байгууллагын дарга н.Мөнгөншагай нь энэхүү үүргээ биелүүлээгүй Д.Даваасүрэнг ажилд нь эгүүлэн авч цалин хөлс олгоогүй гэм буруутай эс үйлдэхүйгээр гэм хорын хохирол учруулсан. Иймд Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 181/ШШ2018/00448 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, Авто худалдааны цогцолбор" ОНӨААТҮГ-ын даргын 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн Б/24 дугаар хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалыг хууль бус болохыг тогтоож, хууль бус тушаалаас үүдэн учирсан гэм хорын хохирол буюу олох ёстой байсан ашиг орлого болох 7 781 053 төгрөгийг "Авто худалдааны цогцолбор" ОНӨААТҮГ-аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Д.Даваасүрэн хариуцагч Авто худалдааны цогцолбор" ОНӨААТҮГ-т холбогдуулан тус газрын даргын 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн Б/24 дугаар тушаал хууль бус болохыг тогтоолгох, хөдөлмөрлөх эрх зөрчигдсөнөөс учирсан гэм хорын хохиролд 7 781 053 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч байгууллага эс зөвшөөрөн маргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч гэм хорын хохирлын үнийн дүнг 7 797 273 төгрөг, 7 781 053 төгрөг гэж өөр өөрөөр тодорхойлсон байх боловч анхан шатны шүүх хуралдаан дээр тодруулсан үнийн дүн болох 7 781 053 төгрөгөөр тодорхойлох нь зүйтэй гэж үзлээ. /хх-ийн 43, 109-111 тал/

 

Хариуцагч Авто худалдааны цогцолбор ОНӨААТҮГ-ын даргын 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн Б/24 дугаар тушаалаар Д.Даваасүрэнг ерөнхий нягтлан бодогчийн албан тушаалаас халж, уг тушаалдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3-т заасныг үндэслэжээ. /хх-ийн 5-6 тал/

 

Ажил олгогч байгууллага нэхэмжлэгч Д.Даваасүрэнг ажлаас халсан үндэслэлээ ...Нийслэлийн Засаг Даргын хэрэгжүүлэгч агентлаг Дотоод аудитын албаны санхүүгийн хяналт шалгалтаар акт тогтоож, 2016 оны эхний хагас жилд авто зогсоолын орлогоос орж ирсэн 324 567 800 төгрөгийг төсвийн орлогод төвлөрүүлээгүй, 2014-2015 онд төлөөлөн удирдах гишүүнээр сонгогдсон 4 төрийн албан хаагчид урамшуулал гэж нийт 12 642 300 төгрөг олгосон, 1А авто зогсоол-ын ажлын 1 дүгээр гүйцэтгэлийг Тэгш плант ХХК-д олгохдоо гүйцэтгэлийн нормын дагуу хяналт тавиагүйгээс гүйцэтгэгчийн илүү тооцсон 6 500 000 төгрөгийг шилжүүлсэн боловч буцаан авалгүй, суутган тооцоо хийгээгүй зэрэг санхүүгийн ноцтой зөрчил гаргасан гэж тайлбарласан байна. /хх-ийн 5 тал/

Монгол Улсын Сангийн сайдын 2017 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 13-2/4366 тоот албан бичигт Нийслэлийн Засаг Даргын хэрэгжүүлэгч агентлаг Дотоод аудитын албаны санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагчийн 2017 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн 05/01, 05/03 тоот актуудыг тус тус хүчингүй болгож, 05/02 тоот актаар төлүүлэхээр шийдвэрлэсэн 6 500 000 төгрөгийг Нийслэлийн төсөвт тусгагдсан Тэгш плант ХХК-д олгох үлдэгдэл санхүүжилт 245 600 000 төгрөгөөс суутган тооцсон талаар дурьджээ. /хх-ийн 7-8 тал/

Иймд хариуцагч Авто худалдааны цогцолбор ОНӨААТҮГ-ын буруутай үйл ажиллагаанаас нэхэмжлэгч Д.Даваасүрэнд хохирол учирсан гэж үзэх үндэслэлтэй байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж заасны дагуу хариуцагч байгууллага гэм хорын хохирлыг арилгах үүрэгтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Д.Даваасүрэнг ажлаас халсан хариуцагч байгууллагын шийдвэр хууль бус байсан талаарх эрх бүхий байгууллага болох Монгол Улсын Сангийн сайдын шийдвэрийг нэхэмжлэгч 2017 оны 7 дугаар сарын 21-ний өдөр мэдсэн байх тул ажилтны хувьд уг өдрөөр тухайн нөхцөл байдлыг мэдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Д.Даваасүрэн нь хариуцагч байгууллагын Нийслэлийн Дотоод аудитын албаны санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагчийн 2017 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн актуудыг хүчингүй болгосон Монгол Улсын Сангийн сайдын гомдолд хариу өгөх тухай албан бичгийг хүлээн авснаар өөрийн зөрчигдсөн эрхийг хамгаалуулахаар шүүхэд хандах эрх нь нээлттэй байсан боловч уг эрхээ сэргээлгэхээр эрх бүхий байгууллагад хандаагүй байх тул түүний ажлаас халагдсан өдөр буюу 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдрөөс шүүхэд нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан өдөр буюу 2018 оны 2 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх нийт 9 сар 14 хоногийн хугацааны 7 781 053 төгрөгийн хохирлыг гаргуулах боломжгүй юм.

Иймд гэм хор учруулсан буруутай этгээдээс ажлаас халсан өдөр буюу 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдрөөс Монгол Улсын Сангийн сайдын гомдолд хариу өгсөн өдөр буюу 2017 оны 7 дугаар сарын 21-ний өдөр хүртэлх хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний хохирол болох 2 705 001 төгрөгийг /1 сарын дундаж цалин 901 667*3 сар=2 705 001/ гаргуулан нэхэмжлэгч Д.Даваасүрэнд олгох нь зүйтэй байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн агуулгыг нарийвчлан тодруулалгүй хөдөлмөрлөх эрхийн харилцаанаас үүссэн маргаан гэж дүгнэсэн нь учир дутагдалтай болжээ.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт дээрх үндэслэлээр өөрчлөлт оруулж, хариуцагч Авто худалдааны цогцолбор ОНӨААТҮГ-аас 2 705 001 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Даваасүрэнд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5 076 052 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, энэ талаар давж заалдсан нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй байна давж заалдах шатны шүүхээс үзлээ.

Харин Авто худалдааны цогцолбор ОНӨААТҮГ-ын даргын 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн Б/24 дугаар тушаал хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага нь хохирол гаргуулах шаардлагын үндэслэл байх тул уг тушаалыг хүчингүй болгох үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 181/ШШ2018/00448 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

 

1 дэх заалтыг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Авто худалдааны цогцолбор ОНӨААТҮГ-аас 2 705 001 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Даваасүрэнд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5 076 052 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж,

2 дахь заалтын ... Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар  зүйлийн 60.1, Улсын  тэмдэгтийн  хураамжийн  тухай  хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Даваасүрэнгийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 140 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Авто худалдааны цогцолбор ОНӨААТҮГ-аас улсын тэмдэгтийн хураамжинд  58 230 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Даваасүрэнд олгосугай гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч Д.Даваасүрэнгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 139 500 төгрөгийг буцаан олгохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурьдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                        Ж.ОЮУНТУНГАЛАГ

  ШҮҮГЧИД                           Д.БАЙГАЛМАА

                                                   Ц.ИЧИНХОРЛОО