Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 00448

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ууганбаяр даргалж, шүүгч Ч.Батчимэг, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Д.Д-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: А ОНӨААТҮГ-т холбогдох

Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тушаалыг хууль бус байсан болохыг тогтоолгох, гэм хорын хохиролд 7,797,273 төгрөг гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:  Нэхэмжлэгч Д.Д , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Эрдэнэмөнх, хариуцагчийн төлөөлөгч Ц.Гүенбат, иргэдийн төлөөлөгч У.Баярсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бишдарь нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Д.Д  би А ОНӨААТҮГ-т 2014 оны 5 сараас тооцооны нягтлан бодогч, 2015 оны 3 сараас ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж ирсэн. Нийслэлийн дотоод аудитын албаны Санхүүгийн аудитын хэлтсийн дарга Ч.Гүрбазар, ахлах аудитор С.Цолмон, гүйцэтгэл нийцлийн аудитын шинжээч Т.Ариунцэцэг нар А   ОНӨААТҮГ-ын 2014-2015 он, 2016 оны эхний хагас жилийн санхүүгийн үйл ажиллагаанд 2016 оны 12 сарын 15-ны өдрөөс 2017 оны 1 сарын 24-ний өдрийг хүртэл санхүүгийн хяналт шалгалтыг хийж, нийслэлийн Дотоод аудитын албаны улсын байцаагч нь 2017 оны 2 сарын 8-ны өдрийн 05/01 дугаартай “Төсвийн орлого төлүүлэх тухай”, 05/02 дугаартай “Илүү шилжүүлсэн төлбөр төлүүлэх тухай”, 05/03 дугаартай “Зориулапт бусаар зарцуулсан хөрөнгө төлүүлэх тухай” актуудыг тавьсан. Дээрх актуудыг үндэслэн А   ОНӨААТҮГ-ын даргын 2017 оны 4 сарын 21-ний өдрийн Б/24 дугаартай “Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай” тушаалаар Д.Д  намайг ажлаас халсан. Нийслэлийн дотоод аудитын албаны дээрх актууд нь үндэслэлгүй, буруу байсан тул миний бие эс зөвшөөрч Сангийн сайд буюу Санхүүгийн хяналт шалгалтын улсын ерөнхий байцаагчид гомдол гаргасан. Сангийн сайд нь Төсвийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.11-д “төсөв, санхүүгийн дотоод аудит, хяналт шалгалтыг зохион байгуулж, удирдлагаар хангах”, Засгийн газрын 2015 оны 483 дугаар тогтоолын хавсралт Дотоод аудитын дүрмийн 11.1-д “Улсын байцаагчийн гаргасан шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авснаас хойш 10 хоногт багтаан Санхүүгийн хяналт шалгалтын улсын ерөнхий байцаагчид гомдол гаргана” гэж тус тус заасан эрх хэмжээний хүрээнд Сангийн сайдын 2017 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 13-2/4366 дугаар тоотоор Нийслэлийн дотоод аудитын албаны 2017 оны 2 сарын 8-ны өдрийн 05/01 дугаартай “Төсвийн орлого төлүүлэх тухай”, 05/03 дугаартай “Зориулалт бусаар зарцуулсан хөрөнгө төлүүлэх тухай” актуудыг хүчингүй болгож, 05/02 дугаартай “Илүү шилжүүлсэн төлбөр төлүүлэх тухай” актаар “6,500,000 төгрөгийг Тэгш Плант ХХК-д илүү тооцон шилжүүлсэн боловч буцааж аваагүй, суутган тооцоо хийгээгүй байна” гэж тогтоосныг суутган тооцсон болохыг тогтоосон болно. Ажлаас халсан тушаал гарсны дараа А   ОНӨААТҮГ-ын дарга О.Мөнгөншагайгийн зүгээс надад цалинг чинь өгнө, ажилд томилж өгье, хуулийн хүрээнд чамд ямар ашигтай хувилбар байна, тэр хүрээнд асуудлыг чинь шийдэж өгье гэж хэлсний дагуу би өнөөдрийг хүртэл хуулийн байгууллагаар явалгүй хүлээсээр байсан. Мөн А   ОНӨААТҮГ-ын хуулийн асуудлыг хариуцаж байсан Гүен Банзай хуулийн фирмийн өмгөөлөгч Гүенбаттай уулзаж байхад таныг ажилд эгүүлэн томилно, цалин хөлс олгоно гэж байсан. Ингэж хэлсэн болохоор би ажилд ороод, цалин хөлсөө авах боломжтой юм байна гэж ойлгож хууль шүүхийн байгууллагад хандалгүй хүлээж байсан. Хамгийн сүүлд тус байгууллагын хүний нөөцийн мэргэжилтэн Мөнхтуяа руу залгаж лавлахад “Ээлжийн амралтын олговрыг чинь нягтлан бодогч өнөөдөр шилжүүлье гэж байна. Харин ажилд орох, цалингийн асуудлыг шүүхээр шийдүүлээрэй гэж дарга хэллээ” гэсэн хариу өгсөн тул шүүхэд хандаж, тус шүүхэд “Урьд эрхэлж байсан ажил албан тушаалдаа эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, эрүүл мэнд нийгмийн даатгалын төлбөрийг дэвтэрт нөхөн бичилт хийлгэх” нэхэмжлэлийн шаардлагыг А ОНӨААТҮГ-т холбогдуулан гаргасан. Сүүлд А ОНӨААТҮГ-ын даргын 2017 оны 4 сарын 21-ний өдрийн Б/24 дугаартай “Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай” тушаалыг хууль бус байсан болохыг тогтоолгох, гэм хорын хохиролд ажилгүй байсан хугацааны цалин хөлс 7,797,273 төгрөгийг хариуцагчаас гаргуулах, эрүүл мэнд нийгмийн даатгалын төлбөрийг дэвтэрт нөхөн бичилт хийлгэх” шаардлага гаргаж өөрчилсөн. Тушаалын үндэслэл болсон дотоод аудитын актууд нь ийнхүү хүчингүй болсноор А   ОНӨААТҮГ-ын даргын 2017 оны 4 сарын 21-ний өдрийн Б/24 дугаартай “Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай” тушаал нь эрх зүйн үр дагавар үүсгэхгүй байсан бөгөөд хууль бус болсон. Дээрх байдлаар ажлаас халах болсон үндэслэл нь үгүйсгэгдэж эрх зүйн үр дагавар үүсгэхгүй, хууль бус тушаал гаргаж намайг ажлаас чөлөөлсөн үйлдлээс шалтгаалан миний хөдөлмөрлөх, цалин хөлс авах эрх зөрчигдөж, гэм хорын хохирол учирсан. Хууль бус тушаалаас үүдэн өнөөдрийг хүртэл ажил хөдөлмөр эрхлэхгүй байгаа бөгөөд олох ёстой байсан ашиг орлогыг А   ОНӨААТҮГ-аас авч байсан үндсэн цалингаар бодож 2017 оны 4 сарын 21-ний өдрөөс эхлэн 2018 оны 2 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх нийт 9 сар 14 хоногийн хугацааны 7,781,053 төгрөгийн хохирлыг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 497.3, 498 дугаар зүйлийн 498.2, 228 дугаар зүйлийн 228.1, 229 дүгээр зүйлийн 229.1-д тус тус заасныг үндэслэн нэхэмжилж байгаа болно.” гэв.

Хариуцагч, түүний төлөөлөгч  шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй, нэхэмжлэл хууль зүйн үндэслэлгүй байна. Д.Д-г 2017 оны 4 сарын 21-ний өдөр ажлаас чөлөөлсөн бөгөөд 4 сард тушаалаа ав гэхэд аваагүй тул тушаалыг шуудангаар 2017 оны 5 сарын 22-ны өдөр Д.Д-д хүргүүлсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь заалтад ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана гэж заасан, энэ хөөн хэлэлцэх хугацаа  дууссан байна. Сангийн сайдын 2017 оны 7 сарын 21-ний өдрийн албан тоотыг нэхэмжлэгч 7 сард мэдсэн байдаг. Энэ хугацаанаас хөөн хэлэлцэх хугацааг мөн тоолоход маргааны талаар гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа мөн хэтэрсэн байна. Д.Д-гийн зүгээс ажил олгогчид хандаж бичиг өгсөн гэдэг боловч юу шаардаж буй нь тодорхой бус байсан тул хүсч байгаа зүйл чинь тодорхой бус байна тодорхой хэл гээд хариу өгөхөд дахиж бичиг өгсөн. Гэвч тэр үед хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан байсан. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна. Ажилд эгүүлэн тогтоолгох шаардлага байхгүй гэсэн мөртлөө ажилгүй байсан хугацааны цалинг гэм хорын хохирол гэх үндэслэлээр нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Д.Д  нь хариуцагч А ОНӨААТҮГ-т холбогдуулан ажилд эргүүлэн тогтоолгох, аилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилж хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тушаалыг хууль бус байсан болохыг тогтоолгох, гэм хорын хохиролд 7,797,273 төгрөг гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

Нэхэмжлэгч Д.Д  нь А ОНӨААТҮГ-т Ерөнхий нягтлан бодогчийн ажлын байранд хөдөлмөрийн гэрээ /хх-82-85 тал/ байгуулан ажиллаж байгаад А   ОНӨААТҮГ-ын даргын 2017 оны 4 сарын 21-ний өдрийн Б/24 дугаартай тушаал /хх-49,50 тал/-аар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дахь заалтыг үндэслэн 2017 оны 4 сарын 20-ны өдрөөр хөдөлмөрийн гэрээ нь цуцлагдсан байна.

Хөдөлмөрийн гэрээ цуцалсан тушаалд Д.Д-г 2016 оны эхний хагас жилд авто зогсоолын орлогоос орж ирсэн 324,567,800 төгрөгийг төсвийн орлогод төвлөрүүлэлгүй, санхүүгийн тайлан тэнцэлдээ төсөвт төлөх өрөөр бүртгэж тайлагнаагүй, 2014-2015 онд төлөөлөн удирдах гишүүнээр сонгогдсон 4 төрийн албан хаагчид урамшуулал гэж нийт 12,642,300 төгрөг олгосон, “1А авто зогсоол”- ын ажлын 1 дүгээр гүйцэтгэлийг Тэгшт плант ХХК-д олгохдоо гүйцэтгэлд нормын дагуу хяналт тавиагүйгээс гүйцэтгэгчийн илүү тооцсон 6,500,000 төгрөгийг шилжүүлсэн боловч буцаан авалгүй, суутган тооцоо хийгээгүй санхүүгийн ноцтой зөрчил гаргаж байгууллагад их хэмжээний хохирол учруулж, хөдөлмөрийн  гэрээгээр урьдчилан тохиролцсон ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэлийг дурдсан байх ба Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Дотоод аудитын албаны улсын байцаагчийн 2017 оны 2 сарын 8-ны өдрийн 05/01 дугаартай “Төсвийн орлого төлүүлэх тухай” акт /хх-53,54 тал/, 2017 оны 2 сарын 8-ны өдрийн 05/03 дугаартай “Зориулалтын бусаар зарцуулсан хөрөнгө төлүүлэх тухай” акт /хх-55,56 тал/, 2017 оны 2 сарын 8-ны өдрийн 05/02 дугаартай “Илүү шилжүүлсэн төлбөр төлүүлэх тухай” акт /хх-57,58 тал/-уудаар Д.Д-г дээр дурдсан зөрчлүүдийг гаргасан  болохыг тогтоосон байна.

Д.Д-тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.3.13 дахь заалтад “Санхүүгийн ноцтой зөрчил гаргасан, тайлан мэдээ 3 удаа хугацаа хожимдуулсан, будлиантуулсан нь дотоодын болон гадны шалгалтаар тогтоогдсон бол зөрчлийг ноцтой зөрчилд тооцох бөгөөд тэдгээрийг нэг удаа гаргасан тохиолдолд байгууллага ажилтны хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах эрхтэй” гэж заасан байна.

Сангийн сайдын 2017 оны 7 сарын 21-ний өдрийн 13-2/4366 дугаартай “Гомдол хариу өгөх тухай” албан бичиг /хх-7,8 тал/-т Нийслэлийн Дотоод аудитын албаны санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагчийн 2017 оны 2 сарын 8-ны өдрийн 05/02 дугаартай акт, 05/03 дугаартай актуудыг хүчингүй болгосон талаар дурдсан байх ба мөн өдрийн 05/02 дугаартай актаар төлүүлэхээр тогтоосон 6,500,000 төгрөгийг Тэгш плант ХХК-д олгох үлдэгдэл санхүүжилтээс суутган тооцсон болохыг дурдсан байна.

Нэхэмжлэгч нь 2017 оны 12 сарын 4-ний өдөр ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тушаалыг хууль бус байсан болохыг тогтоолгох, гэм хорын хохиролд 7,797,273 төгрөг гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх гэж өөрчилсөн, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх болсон үндэслэлээ ажилд эргүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргахад Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь заалтад заасан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо гаргах нэг сарын хөөн хэлэлцэх хугацаа хэдийнээ өнгөрсөн, нөгөө талаар Д.Д-г санхүүгийн зөрчил гаргасан гэж тогтоосон Нийслэлийн Дотоод аудитын албаны санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагчийн акт хүчингүй болсон байхад ажил олгогоч Д.Д-г ажилд эргүүлэн авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүйн улмаас авах ёстой байсан цалин хөлсөөр хохирсон гэж үзэж байгаа тул гэм хорын хохирол буюу олох байсан орлого гэж үзэн үндсэн цалингийн хэмжээгээр тооцон гэм хорын хохиролд 7,797,273 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн гэж нэхэмжлэлийн үндэслэлийг тайлбарласан.

Нэхэмжлэгч хэдийгээр ажилд эгүүлэн тогтоолгох шаардлага байхгүй гэж тайлбарлаж, нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэлийг Иргэний хуулийн 497 дугаар зүйл, 498 дугаар зүйлтэй холбон тайлбарлаж байх боловч нэхэмжлэлийн өөрчилсөн гэх шаардлага буюу хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тушаалыг хууль бус байсан болохыг тогтоолгох шаардлага нь хөдөлмөрийн гэрээ цуцалсан тушаалыг эс зөвшөөрсөн агуулгатай, уг тушаалыг эс зөвшөөрч шүүхэд гаргаж буй тайлбар нь ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халсан гэх үндэслэл бүхий тайлбар байх тул нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэлийг хэрхэн тайлбарлаж байгаагаас үл хамааран нэхэмжлэгчийг шүүхэд ажлаас халсан ажил олгогчийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргасан гэж үзэхээр байна.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн гаргаж буй нэхэмжлэл нь Иргэний хуулийн 497, 498 дугаар зүйлд заасан гэм хорын хохирол гаргуулах шаардлага бус харин Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дахь заалтад тус тус заасан ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халсан тухай ажилтны гомдол, буруу халсан буюу шилжүүлсэн үеийн олговор гаргуулах тухай нэхэмжлэл байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь заалтад “Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч шүүхэд 2017 оны 12 сарын 4-ний өдөр буюу хөдөлмөрийн гэрээ цуцалсан тушаал гарснаас хойш 7 сар 13 хоногийн дараа,  хөдөлмөрийн гэрээ цуцлах тушаалын үндэслэл болсон Нийслэлийн Дотоод аудитын албаны санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагчийн 2017 оны 2 сарын 8-ны өдрийн 05/01 дугаартай акт, 05/03 дугаартай актуудыг хүчингүй болгосон тухай Сангийн сайдын 2017 оны 7 сарын 21-ний өдрийн 13-2/4366 дугаартай “Гомдол хариу өгөх тухай” албан бичиг гарснаас хойш 4 сар 13 хоногийн дараа шүүхэд нэхэмжлэл гаргасан байх бөгөөд Сангийн сайдын 2017 оны 7 сарын 21-ний өдрийн 13-2/4366 дугаартай “Гомдол хариу өгөх тухай” албан бичгийн талаар 2017 оны 7 сарын 27-ний өдрийн байдлаар мэдэж байсан болох нь нэхэмжлэгчээс шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн 2017 оны 7 сарын 27-ны өдрийн огноо бүхий А   ОНӨААТҮГ-ын дарга О.Мөнгөншагайд хандсан “Гомдол гаргах тухай” албан бичгээр тогтоогдож байх тул нэхэмжлэгчийг Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь заалтад заасан маргааны талаар гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзнэ.

Мөн нэхэмжлэгч нь Д.Д-г санхүүгийн зөрчил гаргасан гэж тогтоосон Нийслэлийн Дотоод аудитын албаны санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагчийн акт хүчингүй болсон тул ажил олгогч Д.Д г ажилд эргүүлэн авах үүрэгтэй байсан гэсэн тайлбарыг гаргаж байх боловч уг тайлбараа нотолж шүүхэд нотлох баримтаар өгсөн Сангийн сайдын 2017 оны 7 сарын 21-ний өдрийн 13-2/4366 дугаартай “Гомдол хариу өгөх тухай” албан бичигт Нийслэлийн Дотоод аудитын албаны санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагчийн 2017 оны 2 сарын 8-ны өдрийн 05/02 дугаартай актыг хүчингүй болгосон талаар дурдагдаагүй, Д.Д-г санхүүгийн зөрчил гаргасан талаар гарсан улсын байцаагчийн 2017 оны 2 сарын 8-ны өдрийн 05/02 дугаартай акт хүчингүй болоогүй байгааг дурдах нь зүйтэй байна.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

  1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч Д.Д-гийн хариуцагч А   ОНӨААТҮГ-т холбогдуулан гаргасан хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тушаалыг хууль бус байсан болохыг тогтоолгох, гэм хорын хохиролд 7,797,273 төгрөг гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
  2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, нэхэмжлэгч Д.Д-гээс 2018 оны 1 сарын 12-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,000 төгрөгийг улсын төсвийн орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгч Д.Д-д олгосугай.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь заалтад зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэйг дурдсугай.  
  4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                           Б.УУГАНБАЯР

                                              ШҮҮГЧ                                          Ч.БАТЧИМЭГ

                                              ШҮҮГЧ                                          С.ЭНХБАЯР