Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 001/ХТ2018/01228

 

Д.Д-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар     

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 181/ШШ2018/00448 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 923 дугаар магадлалтай,

Д.Д-гийн нэхэмжлэлтэй

А Х Ц ОНӨААТҮГ-т холбогдох,

А Х Ц ОНӨААТҮГ-ын даргын 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн Б/24 дугаар тушаал хууль бус болохыг тогтоолгох, гэм хорын хохиролд 7 781 053 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Зохигчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Далхсүрэн, өмгөөлөгч Б.Эрдэнэмөнх, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Мөнхтуяа, нарийн бичгийн дарга Б.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч Д.Д-гийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...миний бие А Х Ц ОНӨААТҮГ-т 2014 оны 5 сараас тооцооны нягтлан бодогч, 2015 оны 3 сараас ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж ирсэн. Нийслэлийн дотоод аудитын албаны Санхүүгийн аудитын хэлтсийн дарга Ч.Гүрбазар, ахлах аудитор С.Цолмон, гүйцэтгэл нийцлийн аудитын шинжээч Т.Ариунцэцэг нар А Х Ц ОНӨААТҮГ-ын 2014-2015 он, 2016 оны эхний хагас жилийн санхүүгийн үйл ажиллагаанд 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл санхүүгийн хяналт шалгалтыг хийж, Нийслэлийн дотоод аудитын албаны улсын байцаагч нь 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 05/01 дугаар төсвийн орлого төлүүлэх тухай, 05/02 дугаар илүү шилжүүлсэн төлбөр төлүүлэх тухай, 05/03 дугаар зориулапт бусаар зарцуулсан хөрөнгө төлүүлэх тухай актуудыг тавьсан. Дээрх актуудыг үндэслэн А Х Ц ОНӨААТҮГ-ын даргын 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн Б/24 дугаартай хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалаар Д.Д- намайг ажлаас халсан. Сангийн сайдын 2017 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 13-2/4366 дугаар тоотоор Нийслэлийн дотоод аудитын албаны 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 05/01 дугаар төсвийн орлого төлүүлэх тухай, 05/03 дугаар зориулалт бусаар зарцуулсан хөрөнгө төлүүлэх тухай актуудыг хүчингүй болгож, 05/02 дугаар илүү шилжүүлсэн төлбөр төлүүлэх тухай актаар 6.500.000 төгрөгийг Тэгш Плант ХХК-д илүү тооцон шилжүүлсэн боловч буцааж аваагүй, суутган тооцоо хийгээгүй байна гэж тогтоосныг суутган тооцсон болохыг тогтоосон. Ажлаас халах тушаал гарсны дараа А Х Ц ОНӨААТҮГ-ын дарга О.Мөнгөншагайгийн зүгээс надад цалинг чинь өгнө, ажилд томилж өгье, хуулийн хүрээнд чамд ямар ашигтай хувилбар байна, тэр хүрээнд асуудлыг чинь шийдэж өгье гэж хэлсний дагуу би өнөөдрийг хүртэл хуулийн байгууллагаар явалгүй хүлээсээр байсан. Сүүлд А Х Ц ОНӨААТҮГ-ын даргын 2017 оны 4 сарын 21-ний өдрийн Б/24 дугаартай хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалыг хууль бус байсан болохыг тогтоолгох, гэм хорын хохиролд ажилгүй байсан хугацааны цалин хөлс 7.797.273  төгрөгийг хариуцагчаас гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын төлбөрийг дэвтэрт нөхөн бичилт хийлгэх шаардлага гаргаж, нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн. Тушаалын үндэслэл болсон дотоод аудитын актууд нь ийнхүү хүчингүй болсноор А Х Ц ОНӨААТҮГ-ын даргын 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн Б/24 дугаартай хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаал нь эрх зүйн үр дагавар үүсгэхгүй, хууль бус болсон. Уг үйлдлээс шалтгаалан миний хөдөлмөрлөх, цалин хөлс авах эрх зөрчигдөж, надад гэм хорын хохирол учирсан. Хууль бус тушаалаас үүдэн өнөөдрийг хүртэл ажил хөдөлмөр эрхлээгүй бөгөөд олох ёстой байсан ашиг орлогыг А Х Ц ОНӨААТҮГ-аас авч байсан үндсэн цалингаар бодож 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн 2018 оны 2 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх нийт 9 сар 14 хоногийн хугацааны 7.781.053 төгрөгийн хохирлыг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 497.3, 498 дугаар зүйлийн 498.2, 228 дугаар зүйлийн 228.1, 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт тус тус заасныг үндэслэн нэхэмжилж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Гүенбатын шүүхэд гаргасан тайлбарт: ...Д.Д-г 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр ажлаас чөлөөлсөн бөгөөд 4 сард тушаалаа ав гэхэд аваагүй тул тушаалыг шуудангаар 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдөр түүнд хүргүүлсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана гэж заасан бөгөөд энэ хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. Сангийн сайдын 2017 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн албан тоотыг нэхэмжлэгч 7 сард мэдсэн байдаг. Энэ хугацаанаас хөөн хэлэлцэх хугацааг мөн тоолоход маргааны талаар гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа мөн хэтэрсэн байна. Д.Д-гийн зүгээс ажил олгогчид хандаж бичиг өгсөн гэдэг боловч юу шаардаж буй нь тодорхой бус байсан тул уг хүсэлтээ тодорхой болго гэсэн хариуг өгсөн. Тэрээр дахин хүсэлт гаргасан боловч тэр үед хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан байсан. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна. Ажилд эгүүлэн тогтоолгох шаардлага байхгүй атлаа ажилгүй байсан хугацааны цалинг гэм хорын хохирол гэж нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 181/ШШ2018/00448 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч Д.Д-гийн хариуцагч А Х Ц ОНӨААТҮГ-т холбогдуулан гаргасан хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тушаалыг хууль бус байсан болохыг тогтоолгох, гэм хорын хохиролд 7.797.273 төгрөг гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, нэхэмжлэгч Д.Д-гээс 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.000 төгрөгийг улсын төсвийн орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгч Д.Д-д олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 923 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 181/ШШ2018/00448 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч А Х Ц ОНӨААТҮГ-аас 2.705.001 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Д-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5.076.052 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж, 2 дахь заалтын ... Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар  зүйлийн 60.1, Улсын  тэмдэгтийн  хураамжийн  тухай  хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Д-гийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 140.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А Х Ц ОНӨААТҮГ-аас улсын тэмдэгтийн хураамжинд  58.230 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Д-д олгосугай гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч Д.Д-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 139.500 төгрөгийг буцаан олгохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч Д.Д-, түүний өмгөөлөгч Б.Эрдэнэмөнх нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг өөр шаардлага болгон өөрчилж буруу дүгнэж шийдвэрлэсэн, мөн нэхэмжлэгчийн гаргаагүй шаардлагыг гаргасан мэтээр дүгнэсэн, хэрэгт ач холбогдолгүй үйл баримтад дүгнэлт өгсөн гэж нэхэмжлэгчийн зүгээс давж заалдах гомдол гаргасан бөгөөд энэ талаар давж заалдах шатны шүүх үндэслэлтэй шийдвэрлэсэн. Давж заалдах шатны шүүх хөдөлмөрлөх эрхийн харилцаанаас үүссэн маргаан гэж дүгнэсэн нь учир дутагдалтай болжээ гэж анхан шатны шүүхийн шийдвэрийг дүгнэсэн нь үндэслэлтэй болсон. Гэвч, нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 7.781.053 төгрөгийг бүхэлд нь хангаагүйд гомдолтой байна. Учир нь давж заалдах шатны шүүх нэгэнт хөдөлмөрлөх эрхийн харилцаанаас үүссэн маргаан биш гэм хорын маргаан гэж дүгнэж байгаа тул 2017 оны 7 сарын 21-ний өдрөөр хязгаарлан зөвхөн түүнээс өмнөх 3 сарын цалин хөлсийг олгохоор шийдсэн нь үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл Сангийн сайдын гомдлын хариу өгсөн өдөр буюу 2017 оны 7 сарын 21-ний өдрөөс хойш хөдөлмөрийн маргаан үүсгэхээр холбогдох байгууллагад хандах байсан эсэхээс үл хамааран гэм хор нэхэмжлэх эрхтэй. Хөдөлмөрлөх эрхээ сэргээлгэхээр шүүхэд хандаагүй нь гэм хорын хохирлоо барагдуулахад саад болох учиргүй. Харин 2017 оны 7 сарын 21-ний өдрийн Сангийн сайдын бичиг гарснаар “Авто худалдааны цогцолбор” ОНӨААТҮГ-ын дарга Д.Д-г ажлаас нь халсан тушаал нь хууль бус байсан болохыг хүлээн зөвшөөрч, ажилд нь эгүүлэн тогтоож цалин хөлс олгох ёстой байсан. Үүнийн үндэслэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 36,1.3, Иргэний хуулийн 187 дугаар зүйлийн 187.1, 8 дугаар зүйлийн 8.1.3, 8.1.7 дахь хэсэгт тус тус зааснаар хуульд заасны дагуу ажилд нь эгүүлэн авах үүрэг үүссэн байсан. А Х Ц ОНӨААТҮГ-ын даргын 2017 оны 4 сарын 21-ний өдрийн Б/24 дугаар тушаал хууль бус байсан болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын хохирол барагдуулах шаардлагын үндэслэл гэж үзсэнийг нэхэмжлэгчийн зүгээс хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар бусдын эрх буюу нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн хууль бус тушаал байсан. Хөдөлмөрлөх эрх гэдэгт зөвхөн тухай байгууллагад ажиллаж хөдөлмөрлөх эрх бус өөр бусад байгууллагад ажилд ороход уг хууль бус тушаал сөргөөр нөлөөлж байгаа юм. Өөрөөр хэлбэл санхүүгийн мэргэжилтэй нягтлан бодогч хүний хувьд “санхүүгийн зөрчил гаргасан үндэслэлээр ажлаас чөлөөлөгдсөн” тухай ажил мэргэжлийн түүхтэй байх нь нэхэмжлэгчийн цаашдын хөдөлмөрлөх, өөр байгууллагад ажилд ороход сөрөг нөлөөтэй юм. Иймд Б/24 тушаалыг хууль бус байсан болохыг тогтоолгох нь нэхэмжлэгчид чухал ач холбогдолтой юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 923 дугаар магадлалд нэмэлт өөрчлөлт оруулан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Гүенбат хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “Энэ хуулийн 36.1. 2-т заасны дагуу ажиптныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно" гэж заасан. Үүнээс үзвэл ажилтан ажилгүй байсан хугацаандаа урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг авах эрхтэй байхын тулд уг ажилтан Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т заасан урьдчилсан нөхцөлийг хангах ёстой байна. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т “Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шипжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана” гэж заасан. Гэтэл нэхэмжлэгч Д.Д- 2017.05.22-ны өдөр ажлаас чөлөөлсөн тухай ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан атлаа шүүхэд нэхэмжлэл гаргалгүй хуульд заасан хугацааг хэтрүүлсэн байна. Ажил олгогчийн зүгээс Д.Д-г ажлаас чөлөөлөхдөө үндэслэл болгосон Нийслэлийн дотоод аудитын албаны улсын байцаагчийн 2017.02.08-ны өдрийн 05/01 дугаар төсвийн орлого төлүүлэх тухай, 05/02 дугаар илүү шилжүүлсэн төлбөр төлүүлэх тухай, 05/03 дугаар зориулалт бусаар зарцуулсан хөрөнгө төлүүлэх тухай актуудын 05/01, 05/03 актуудыг 2017.07.21 -ний өдөр Сангийн сайд хүчингүй болгосон хэдий ч уг актуудад үндэслэж гарсан ажил олгогчийн тушаал хүчин төгөлдөр хэвээр үйлчилж байх ба үүнийг зөвхөн шүүхээр шийдвэрлүүлэх боломжтой. Гэтэл нэхэмжлэгч хуульд заасан хугацаанд уг эрхээ хэрэгжлүүлээгүй. Иймд Д.Д-г ажлаас чөлөөлсөн тухай ажил олгогчийн 2017.04.21-ний өдрийн Б/24 тушаал хүчин төгөлдөр хэвээр үйлчилж байхад ажилтанг ажлаас үндэслэлгүйгэзр халсаны улмаас үүссэн гэм хорын хохирол гэж 2.705.001 төгрөг олгох тухай магадлал үндэслэлгүй байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх заалтыг хэрэглэхийн тулд дараах урьдчилсан нөхцөл хангагдсан байх ёстой. Үүнд уг зүйлд нэрлэн заасан эрхийн зөрчил байх, эрхэд алдсан үйлдэл, эс үйлдэхүй байх, гэм хор учирсан байх, шалтгаант холбоо байх, зөрчил үйлдэгч гэм буруутай байх ёстой юм. Дээрх нөхцөлөөс үзвэл нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг буюу 2017.04.21-2017.07.21-ний өдөр хүртэлх хугацааны ажилтаны цалинг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-ийг хэрэглэн олгосон нь үндэслэлгүй. Учир нь ажил олгогч ажилтан Д.Д-г ажлаас халахдаа Нийслэлийн дотоод аудитын албаны улсын байцаагчийн 05/01, 05/02, 05/03 дугаар актууд болон Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-ийг баримтлан ажлаас халсан. Тухай үед Д.Д-гийн хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар дуусгавар болгох хууль зүйн үндэслэл бүрдсэн байсан. Гэтэл ажил олгогчийн тушаал гарсанаас хойш 3 сарын дараа буюу 2017.07.21-ний өдөр Сангийн сайд Нийслэлийн дотоод аудитын албаны байцаагчийн 05/01, 05/03 актуудыг хүчингүй болгосон. Д.Д-г ажлаас чөлөөлөх үед цаашид нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдөх талаар ажил олгогч мэдээгүй буюу мэдэх боломжгүй байсан. Өөрөөр хэлбэл ажилтан Д.Д-д учирсан хохиролд ажил олгогч гэм буруугүй ба 2017.02.08-ны өдрийн 05/01, 05/02, 05/03 дугаар актууд гараагүй бол ажил олгогчийн зүгээс Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-ийг үндэслэн ажилтаны хөдөлмөрийг гэрээг дуусгавар болгох үндэслэл бүрдэхгүй байсан. Тиймээс Д.Д-д учирсан хохиролд ажил олгогч биш хууль бус акт гаргасан Нийслэлийн дотоод аудитын албаны байцаагч гэм буруутай байна. Иймд Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 4 сарын 13-ны өдрийн 923 дугаар магадлалыг хүчингүй болгож, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 23-ний өдрийн 181/ШШ2018/00448 шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Д.Д-, А Х Ц ОНӨААТҮГ-т холбогдуулж ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа, тус газрын даргын 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн Б/24 дугаартай  “хөдөлмөрийн гэрээг цуцлах” тухай тушаал хууль бус байсныг тогтоож, хууль бус тушаалаас учирсан гэм хорын хохирол буюу олох байсан орлого 7.781.053 төгрөг гаргуулах гэж өөрчилснийг, хариуцагч зөвшөөрөөгүй маргажээ.

Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон бол давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 228 дугаар зүйлийн 228.1-д зааснаар нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, шийдвэрт өөрчлөлт оруулсан байна.

1.Д.Д- нь А Х Ц ОНӨААТҮГ-т ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байгаад тус газрын дарга О.Мөнгөншагайн 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн Б/24 тоот тушаалаар хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр ажлаас халагджээ.

Б/24 тоот тушаалд Д.Д-г ажлаас халах үндэслэлийг, 2016 оны эхний хагас жилд автозогсоолын орлогоос орж ирсэн 324.567.800 төгрөгийг төсвийн орлогод төвлөрүүлэлгүй, санхүүгийн тайлан тэнцэлдээ төсөвт төлөх өрөөр бүртгэж тайлагнаагүй, 2014-2015 онд төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдсон 4 төрийн албан хаагчид урамшуулал гэж нийт 12.642.300 төгрөг олгосон, Тэгш плант ХХК-д ажлын  гүйцэтгэл олгохдоо хяналт тавиагүй 6.500.000 төгрөг илүү тооцож шилжүүлсэн боловч буцаан аваагүй, суутган тооцоо хийгээгүй санхүүгийн ноцтой зөрчил гаргасныг тус байгууллагын 2016 оны санхүүгийн үйл ажиллагаанд Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Дотоод аудитын албанаас хийсэн хяналт шалгалтаар илрүүлж 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 05/01, 05/02, 05/03 акт тогтоосон гэжээ.

Эдгээр актын талаар Д.Д- 2017 оны 6 дугаар сард Сангийн сайдад хандан гомдол гаргасан, тус сайд 05/01, 05/03 тоот актыг хүчингүй болгож, 05/03 тоот актаар тогтоосон төлбөрийг өөр тооцооноос хасахаар шийдвэрлэснээ 2017 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 13-2/4366 дугаар албан бичгээр нэхэмжлэгчид мэдэгджээ.

Нэхэмжлэгч Д.Д- Сангийн сайдын энэхүү албан бичгийг үндэслэн шүүхэд нэхэмжлэл гаргаж, шаардлагаа тушаал хууль бус байсныг тогтоолгох, гэм хорын хохирол гаргуулах гэж тодорхойлсон боловч, түүний нэхэмжлэлийн үндэслэл нь ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээ цуцалсныг буруу гэж үзсэн, улмаар ажилгүй байснаас цалин, хөлс аваагүй хохирсон гэх агуулгатай байна. Иймээс зохигчийн хооронд үүссэн эрх зүйн маргаан нь Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох хэм хэмжээгээр зохицуулагдах талаар анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий байна.

Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн шаардлага гаргах эрх зүйн үндэслэлийг зөрчлийн улмаас үүсэх үүргийн эрх зүйн харилцаа гэж тодорхойлсон нь учир дутагдалтай болжээ.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэйг заасан.

Гэм хор учруулснаас шаардах эрх үүссэн эсэхийг тогтооход бусдын хуулиар хамгаалагдсан эрхийн зөрчил, хариуцагчийн гэм хор учруулсан үйлдэл, эдгээрийн шалтгаант холбоо, гэм хор учруулагчийн гэм буруу тогтоогдох шаардлагатай.

А Х Ц ОНӨААТҮГ-ын дарга О.Мөнгөншагай нь ажил олгогчийг төлөөлж шийдвэр гаргах эрхтэй этгээд ба бүрэн эрхийнхээ хүрээнд ажилтнуудыг ажилд авах, ажлаас чөлөөлөх тушаал гаргасан гэж үзнэ. Энэ тохиолдолд түүний гаргасан тушаал эрх зүйн алдаатай байсан эсэх, уг тушаалын үр дагавараас ажилтан ажилгүй байж цалин хөлсөөр хохирсон эсэх асуудал нь ажил олгогчийн хууль бус санаатай буюу болгоомжгүй үйлдлээс үүссэн гэх хууль зүйн үндэслэлгүй тул нэхэмжлэгчийн шаардлага зөрчлийн улмаас үүсэх үүргийн эрх зүйн шаардах эрхийн үндэслэлд хамаарах боломжгүй.

Иймээс давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангахдаа нэхэмжлэлийн үндэслэлийг буруу тодорхойлж, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангаж, магадлалыг хүчингүй болгов.

2. Нэхэмжлэгч Д.Д- ажлаас халсан тушаалын талаар хуульд заасан хугацаанд буюу ажилтан ажлаас буруу халсан тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргах хугацааг хэтрүүлжээ.

Түүнчлэн Д.Д-г ажлаас халсан тушаал нь эрх зүйн хувьд алдаатай гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.

Сангийн сайд Б/24 тоот тушаалд заасан 05/01, 05/03 тоот актыг хүчингүй болгосон, 05/02 тоот актаар Д.Д-гээр төлүүлэхээр шийдвэрлэсэн төлбөрийг Тэгш плант ХХК-ийн өөр тооцооноос хасахаар тогтоосон байх боловч эдгээр нөхцөл нь ажил олгогчийн тушаалыг хууль бус гэж үзэх үндэслэл болохгүй байна.

Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн дүгнэлт Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 69 дүгээр зүйлийн 69.1, 129 дүгээр зүйлийн 129.1-д заасныг зөрчөөгүй тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангуулахыг хүссэн нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих үндэслэлтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 923 дугаар магадлалыг хүчингүй болгож, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 181/ШШ2018/00448 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч 96.200 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчийн төлсөн 58.230 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.  

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ