Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 23

 

Н.Аы нэхэмжлэлтэй

 

хариуцагч ТК, Т.Ө, С.А

 

нарт холбогдох иргэний хэргийн тухай

 

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Оюунцэцэг даргалж, Ерөнхий шүүгч Б.Баттөр, шүүгч С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

 

2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 142/ШШ2018/00020 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Н.Аы нэхэмжлэлтэй

 

Хариуцагч ТК, Т.Ө, С.А нарт холбогдох,

 

Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүргийн дүн 2.560.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаагийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Хулан, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаа, нарийн бичгийн дарга У.Сүхбаатар нар оролцов.

 

Нэхэмжлэгч Н.Алтайсайхан шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

 

2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр ТК, Т.Ө, С.А нар нь 2.000.000 төгрөгийг 6 сарын хугацаатай надаас зээлсэн. Гэрээний дагуу сар бүрийн 28-ны өдөр хүү болох 240.000 төгрөг төлж, хамгийн сүүлд нь үндсэн мөнгө 2.000.000 төгрөг хийхээр тохиролцсон. Зээлийн гэрээ хийснээс хойш 3,4 дүгээр саруудын хүү 480 000 төгрөг, 5,6 дугаар саруудын хүү гэж 400.000 төгрөг дутуу өгсөн нийт 880 000 төгрөг төлсөн. Үүнээс хойш нэг ч төгрөг өгөөгүй, удаа дараа утасдаж очдог боловч өгнө гэсээр өдийг хүрсэн. Одоогийн байдлаар үндсэн зээл 2.000.000 төгрөг, 7, 8 сарын хүү 480.000 төгрөг, 5,6 сарын хүүгийн үлдэгдэл 80.000 төгрөг нийт 2.560.000 төгрөгийг ТК, Т.Ө, С.А нараас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаа шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

 

Хариуцагч ТК Н.Алтайсайханаас 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 2.0 сая төгрөгийг авсан бөгөөд 3,4,5,6,7-р саруудын хүү гэж нийт сар бүр 240.000 төгрөгөөр нийт 1.200.000 төгрөг төлсөн гэдэг. Нэхэмжпэгч анх 2.0 сая төгрөг өгөхдөө барьцаа гэж Орхон аймаг Баян-Өндөр сум Рашаант баг 38-р гудамж 7 тоот хашаа газар, 54 м2 талбай бүхий өвөл зуны хувийн сууц зэргүүдийг барьцаанд авсан байсан бөгөөд хуульд нийцүүлж барьцааны гэрээгээ хийгээгүй байна. Мөн 8-р сарын хүү гэж 240.000 төгрөг өгөөгүй гээд Харахас назар овгийн Айпын Нурланы өмчлөлийн Nissan маркийн 07-52 ОРХ улсын дугаартай авто машиныг нь аваад өнөөдрийг хүртэл өгөхгүй хохироож байна. Авто машины өмчлөгч А.Нурланы машиныг ТК барьж байсан бөгөөд Кумарзагаас авсан байдаг. Иргэний хуулийн 282-р зүйлийн 282.3-т:"...хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана"гэжээ. Нэхэмжпэгч хариуцагч нарын хооронд зээлийн гэрээ байгуулаагүй бөгөөд зээлдэгч ТК 2.0 сая төгрөг авсан тухайгаа бичиж өгсөн бичвэрийг зээлийн гэрээ гэж андуурах учиргүй юм. Зээлдэгч 2.0 сая төгрөг аваад 1.200.000 төгрөгийг буцааж төлсөн учир 800.000 төгрөг төлөх үүрэгтэй юм гэжээ.

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 142/ШШ2018/00020 дугаар шийдвэрээр:

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3-д заасныг баримтлан хариуцагч Т.Өээс 2.560.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.Алтайсайханд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч ТК, С.А нарт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 56.000 төгрөгийг төрийн санд үлдээж, хариуцагч Т.Өээс 56.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаа давж заалдсан гомдолдоо:

 

Нэхэмжлэгч Н.Алтайсайхан хариуцагч Т.Ө Н.Алтайсайханаас 2017.02.10-ны өдөр 2.0 сая төгрөгийг зээлдэж авсан бөгөөд 2017 оны 3, 4, 5, 6, 7-р саруудын хүү гэж нийт сар бүр 240.000 төгрөгөөр тооцож нийт 1.200.000 төгрөийг нэхэмжлэгчид төлсөн гэдэг бөгөөд 8-р сард мөнгө төлж чадаагүй учир 9-р сарын эхээр Т.Өийн унаж байсан Харахас назар овгийн Айпын Нурланы өмчлөлийн NISSAN маркийн 07-52 ОРХ улсын дугаартай авто машиныг нь аваад өнөөдрийг хүртэл өгөхгүй хохироож байна.

 

Нэхэмжлэгч Н.Алтайсайхан анх 2.0 сая төгрөгийг Т.Өед өгөхдөө барьцаа гэж Орхон аймаг Баян-Өндөр сум Рашаант баг 38-р гудамж 7 тоот хашаа газар, 54 м2 талбай бүхий өвөл зуны хувийн сууц зэргүүдийг барьцаанд авсан байсан бөгөөд хуульд нийцүүлж барьцааны гэрээгээ хийгээгүй байна. Хавтаст хэрэгт нэхэмжлэгчийн зээлийн гэрээ гэж өгсөн зээлдэгчийн нэхэмжлэгчээс 2.0 сая төгрөг авсан болохоо нэхэмжлэгч 2.0 сая төгрөг хүлээлгэн өгсөн болохоо нотолсон бичвэрийг шүүх хүү тохирсон зээлийн гэрээ гэж дүгнэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн явдал нь зүйд нийцсэнгүй. Иргэний хуулийн 282-р зүйлийн 282.3-т:"...хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана" гэжээ. Шүүхийн зээлийн гэрээ мөн байна гэсэн дүгнэлтийг хийгээд байгаа нь хуулийн энэ заалтыг зөрчсөн дүгнэлт болжээ. Нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд зээлийн гэрээ байгуулаагүй бөгөөд зээлдэгч ТК 2.0 сая төгрөг авсан тухайгаа бичиж өгсөн бичвэрийг зээлийн гэрээ гэж андуурах учиргүй юм. Зээлдэгч 2.0 сая төгрөг аваад 1.200.000 төгрөгийг буцааж төлсөн учир 800.000 төгрөг төлөх үүрэгтэй юм. Иймд дээрх шийдвэртэй хэргийг тал бүрээс нь нарийн хянан үзэж нэхэмжлэлийн шаардлагаас 1.760.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг шийдвэрт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч Н.А хариуцагч ТК, Т.Ө, С.А нараас зээлийн гэрээний үүрэгт 2.560.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн зээлийн бичгийн гэрээнд үндэслэн тодорхойлжээ.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг зөвшөөрч зарим хэсгийг зөвшөөрөхгүй маргасан байна.

 

Хариуцагч Т.Ө нь 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр нэхэмжлэгч Н.Ааас 2.000.000 төгрөгийг 6 сарын хугацаатай 12 хувийн хүүтэй зээлэхээр бичгийн гэрээ хийж, 2.000.000 төгрөгийг бэлнээр хүлээн авсан болох нь зохигчдын тайлбар, гэрээ бусад нотлох баримтуудаар тогтоогджээ.

 

Шүүх ТК, С.А нар нь хэдийгээр Н.А, Т.Ө нарын хооронд хийгдсэн зээлийн гэрээнд гарын үсэг зурсан ч зээлийг Т.Өт зээлээ өгсөн гэдгээ нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч маргаагүй, Н.А 2.000.000 төгрөгийг ТК, С.А нарт зээлээгүй учраас ТК, С.А нарт зээлийн гэрээний үүрэг үүсэхгүй хамтран үүрэг гүйцэтгэгч биш гэсэн дүгнэлт хийжТК, С.А нарт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож зээлийн гэрээний үүргийг Т.Өт хариуцуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй Иргэний хуулийн 281 дүгээр зүйл заалтанд нийцсэн байна.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг зөвшөөрөхгүй маргаж байгаа тайлбар татгалзлын үндэслэлээ нотлох баримтаар нотолж чадаагүй байх тул давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 142/ШШ2018/00020 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаагийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч С.Аын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 44.190 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ОЮУНЦЭЦЭГ

 

 

 

ШҮҮГЧИД Б.БАТТӨР

 

 

 

С.УРАНЧИМЭГ