Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 25

 

 

 

 

 

2018 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 207/МА2018/00025

 

 

*******-ын нэхэмжлэлтэй,

хариуцагч ******* ХХК-д холбогдох

иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Баттөр даргалж, шүүгч С.Уранчимэг, Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 142/ШШ2018/00024 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч : *******-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: ******* ХХК-д холбогдох,

Гэрээ байгуудсанд тооцож, гэрээний үүргийг биелүүлэхийг даалгах тухай иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Одгарьдийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******-ын гүйцэтгэх захирал Ж.Жавзмаа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Алтан-Уяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Одгарьд, нарийн бичгийн дарга У.Сүхбаатар нар оролцов.

Нэхэмжлэгч Хөдөлмөр эрүүл орчин ТББ-ын гүйцэтгэх захирал Ж.Жавзмаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Хөдөлмөр эрүүл орчин ТББ нь ******* ХХК-тай ном худалдах, худалдан авах гэрээг 2016 онд байгуулсан юм. Уг номыг Ж.Жавзмаа миний бие 1976 оноос 2009 оны хооронд *******ийн ажилтан ажиллагсдын хөдөлмөрийн нөхцөл түүнээс шалтгаалсан өвчлөлийн талаар судалгаа хийж ажилласан юм. Судалгааныхаа ажлаар Уул уурхайн ажиллагсдын хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдал гэсэн ном туурвиж зохиогчийн эрхээ бүртгүүлсэн. Энэ бүтээл нь Монгол улсын хэмжээнд ганц байдаг бөгөөд одоог хүртэл өөр бүтээл шинээр гараагүй байгаа. Ном хэвлэгдэж гарсны дараа үйлдвэрийн удирдлагууд намайг хүлээн авч уулзаж номыг минь худалдан авч, үйлдвэрийн ажилчдад өгнө гэсэн саналыг хэлж гэрээ байгуулах эхлэлийг тавьсан бөгөөд гэрээний ажил хойшлогдож байгаад 2016 оныг хүргэсэн. Манай байгууллага нь үйлдвэрийн захиалгын дагуу 5000 ширхэг номыг тоо ширхэгээр нь хэвлүүлж бэлтгэсэн. Гэтэл үйлдвэрийн удирдлага солигдож гэрээ байгуулсанд тооцохгүй байгаа тул манай байгууллагыг маш их хохироож байна. Аливаа байгууллага үйл ажиллагаа нь залгамж чанартай явагддаг бөгөөд удирдлага солигдсоноор өмнөх байгуулсан гэрээг байгуулаагүйд тооцох үндэслэл байхгүй хэмээн үзэж байна. Тиймээс гэрээ байгуулсанд тооцож гэрээний үүргээ биелүүлэхийг даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Одгарьд шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Хөдөлмөр эрүүл орчин ТББ нь 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр ******* ХХК-ийн ХАБЭАХэлтсийн даргад, 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр ******* ХХК-ийн Хангамжийн хэлтсийн даргад тус тус Хөдөлмөр эрүүл ахуй, аюулгүй байдал сэдэвт номыг худалдах, худалдан авах тухай гэрээ байгуулах саналыг тус тус хүргүүлсэн байна. ******* ХХК-ийн Ерөнхий захирлын 2007 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 880 дугаар тушаалаар аливаа иргэн хуулийн этгээдтэй байгуулж буй гэрээ, хэлцэл хийх эрхийг зөвхөн Ерөнхий захирал эдлэж байхаар заасан байдаг. Гэтэл нэхэмжлэгч нь гэрээ, хэлцэл байгуулах эрхгүй этгээдүүдэд хандаж албан хүсэлт ирүүлсэн нь гэрээ байгуулсанд тооцуулах үндэслэл болохгүй. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ ******* ХХК-ийн захиалгын дагуу 5 000 ширхэг номыг хэвлүүлсэн гэх ба бодит байдалд ******* ХХК-ийн 2016 оны Хөдөлмөрийн аюулгүй байдлыг сайжруулах иж бүрэн арга хэмжээний төлөвлөгөөнд дээрх чиглэлийн ном товхимол худалдан авах зардал тусгагдаагүй. ******* ХХК нь аливаа гадны иргэн, хуулийн этгээдтэй ямар нэг гэрээ, хэлцэл байгуулах үйл ажиллагаандаа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль болон худалдан авах ажиллагаатай холбоотой журмыг мөрдөн ажилладаг бөгөөд энэхүү хууль, журмыг үндэслэн Хөдөлмөр эрүүл орчин ТББ-аас ном товхимол худалдан авах боломжгүй тухай тус компанийн Хуулийн хэлтсийн 2016 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 117/477 тоот, Хууль, эрх зүйн газрын 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 130/647 тоот албан бичгүүдээр мэдэгдэж байсан ба компанийн худалдан авалтын төлөвлөгөөнд тусгагдсан тохиолдолд хууль, журамд нийцүүлэн гэрээ байгуулах боломжтойг дурдсан. Иймд ******* ХХК нь Хөдөлмөр эрүүл орчин ТББ-тай байгуулсан худалдах, худалдан авах тухай ямар нэгэн хүчин төгөлдөр гэрээ, хэлцэл байхгүй тул Хөдөлмөр эрүүл орчин ТББ-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 142/ШШ2018/00024 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2-т зааснаар нэхэмжлэгч Хөдөлмөр эрүүл орчин ТББ, ******* ХХК-ний хооронд Уул уурхайн ажиллагсдын хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдал сэдэвт 5 000 ширхэг ном худалдах худалдан авах тухай гэрээ байгуулагдсанд тооцож, гэрээний үүргийг биелүүлэхийг хариуцагч ******* ХХК-д даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ХХК-иас 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Хөдөлмөр эрүүл орчин ТББ-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Одгарьд давж заалдсан гомдолдоо:

Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэт нэг талыг барьсан шийдвэр гаргалаа. Тухайлбал: Уг хэрэг анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байх үед хэргийн оролцогчийн гаргасан хүсэлтийг шийдвэрлэсэн 2017 оны 12 сарын 12-ны өдрийн 142/Ш32017/05788 дугаар захирамжийн үндэслэх хэсэгт ...Хөдөлмөр эрүүл орчин ТББ-ын гэрээний эх хувь болон гэрээний хавсралтуудыг... гэсэн байх ба уг маргаан нь өөрөө гэрээ байгуулсанд тооцуулах тухай байтал нэгэнт гэрээ байгуулагдсан мэтээр урьдчилан дүгнэлт гаргаж тухайн гэрээг байгуулагдсанд тооцсон ямар нэг үндэслэл тогтоогдоогүй, нотлох баримтууд бүрэн авагдаагүй, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байхгүй байхад ийнхүү захирамж гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн /ИХШХШТХ/ 40 дүгээр зүйлийн 40.3-т заасныг зөрчиж байна. Хариуцагч тал нэхэмжлэгч тал буюу Хөдөлмөр эрүүл орчин ТББ-ын захирал Ж.Жавзмааг хэзээ, ямар төрлийн ном бичиж түүнийгээ зохиогчийн эрхээр хамгаалсан талаар маргадаггүй. Энэ нь шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд болон нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй. Гэтэл анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт шүүх нь уг нөхцөл байдлыг нэг бүрчлэн тогтоосон байгаа нь хэргийг болон хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн хэрэгт ач холбогдолтой буюу хамааралтай талаас нь үнэлнэ гэсэн ИХШХШТХ-ийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчсөн гэж үзэж байна.

Харин маргааны гол зүйл бол ном товхимол худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан эсэх байтал энэ талаар хангалттай үнэлэлт дүгнэлт хийгээгүй, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харьцуулан бодитой дүгнэлт гаргаагүй бөгөөд ашгийн төлөө үйл ажиллагаа явуулж буй хуулийн этгээд буюу төрийн өмчит үйлдвэрийн газрыг үйл ажиллагааны болон худалдан авалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй бараа бүтээгдэхүүнийг худалдан авахыг даалгасан мэт үр ашиггүй худалдан авалтыг дэмжсэн мэт шийдвэр гаргасан нь холбогдох хууль тогтоомжийг зөрчиж байна. Мөн Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Компанийн тухай хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль, Засгийн газрын 2001 оны 02 сарын 26-ны өдрийн 41 дугаар тогтоолоор батлагдсан Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх заавар, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн А/159 дугаар тушаалаар батлагдсан Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг хийлгэх үйл ажиллагаанд хяналт тавих, лавлагаа олгох журам, ******* ХХК-ийн дүрэм зэргийг зөрчсөн буюу хуулийн этгээдийн эрх бүхий албан тушаалтан аливаа эрх зүйн баримт бичигт гарын үсэг зурж түүнийг компанийн тэмдэгээр баталгаажуулаагүй байхад тэрхүү баримт бичгийг үндэслэл бүхий, эрх зүйн хүчин чадал бүхий баримт бичиг гэж дүгнэсэн шүүхийн шийдвэр нь илт хууль бус гэж үзэж байна.

Анхан шатны шүүхийн шийдвэрт дурдсан практикаас авч үзвэл аливаа хуулийн этгээд болон тэдгээрийн үйл ажиллагаанд тамга, тэмдэг дарагдаагүй баримт бичиг нь ийнхүү хүчин төгөлдөр гэж тооцогдоход хүрвэл дээр дурдсан хууль, тогтоол, тушаал журам, дүрэм зэргийг үгүйсгэсэн буюу аливаа хуулийн этгээд ямар ч тамга, тэмдэг дардса, баталгааны тэмдэг зэргийг үйл ажиллагаандаа хэрэглэхгүй байж болно гэсэн ойлголтод хүргэхүйц хуулийг ноцтой зөрчсөн үйлдэл гэж үзэж байна.

Мөн Хөдөлмөр эрүүл орчин ТББ нь 2016.04.05-ны өдөр ******* ХХК-ийн Хөдөлмөр аюулгүй байдлын Хэлтсийн даргад, 2016.04.12-ны өдөр ******* ХХК-ийн Хангамжийн хэлтсийн даргад тус тус Хөдөлмөр эрүүл ахуй, аюулгүй байдал сэдэвт номыг худалдах, худалдан авах тухай гэрээ байгуулах саналыг тус тус хүргүүлсэн нь ******* ХХК-ийн Ерөнхий захирлын 2007 оны 12 сарын 27-ны өдрийн 880 дугаар тушаалыг зөрчсөн буюу гэрээ, хэлцэл байгуулах эрхгүй этгээдүүдэд хандаж албан хүсэлт ирүүлсэн нь гэрээ байгуулсанд тооцуулах үндэслэл болохгүй. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ ******* ХХК-ийн захиалгын дагуу 5000 ширхэг номыг хэвлүүлсэн гэх ба бодит байдалд ******* ХХК-ийн 2016 оны Хөдөлмөрийн аюулгүй байдлыг сайжруулах иж бүрэн арга хэмжээний төлөвлөгөөнд дээрх чиглэлийн ном товхимол худалдан авах зардал тусгагдаагүй бөгөөд энэ талаар нотлох баримтуудыг шүүхэд хангалттай гаргаж өгсөөр байтал ******* ХХК-ийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг зөрчин худалдан авалт хийх нь зүйтэй хэмээн шиидвэрлэсэн шүүхийн шийдвэр буруу гэж үзэж байна. Иймд Орхон аймаг дахь Сум дундын Иргэнийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 сарын 04-ний өдрийн 142/ШШ2018/00024 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй.

Нэхэмжлэгч Хөдөлмөр эрүүл орчин ТББ-ын гүйцэтгэх захирал Ж.Жавзмаа нь ******* ХХК-д холбогдуулан уул уурхайн ажиллагсдын хөдөлмөрийн эрүүл мэнд аюулгүй байдал сэдэвт 5000 ширхэг ном худалдах худалдан авах гэрээг байгуулсанд тооцож, гэрээний үүргээ биелүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй маргажээ.

Ж.Жавзмаа нь Л.Отгонтогос нар уул уурхайн ажиллагсдын хөдөлмөр эрүүл мэнд аюулгүй байдал бүтээлийг 2010 онд туурвиж, 2010 оны 03 дугаар сард улсын бүртгэлийн 3779 дугаарт бүртгүүлж зохиогчийн эрхийн гэрчилгээ авсан байна.

Нэхэмжлэгч Ж.Жавзмаа нь ******* ХХК-д 5000 ширхэг ном нийлүүлэх тухай гэрээг 2016 онд байгуулж тохиролцсон байх ба ******* ХХК-ийн тухайн үеийн удирдлага солигдсон гэсэн шалтгаанаар гэрээний үүрэг хэрэгжихгүй байх нөхцөл байдал бий болжээ.

Шүүх гэрээ байгуулах саналыг хүлээн зөвшөөрснөө мэдэгдэж хариу өгснөөр байгуулагдсанд тооцогдох бөгөөд *******-ын гэрээ байгуулах саналын хариуг хариуцагч байгууллагын гэрээ байгуулах үндэслэл, санал гэрээний төсөлд санал өгөх хуудас, ******* ХХК-ийн Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн хэлтсээс худалдаа хангамжийн хэлтсийн даргад гаргасан хүсэлт, нэхэмжлэгч байгууллагын 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 3 дугаартай албан бичгээр өгч байсан гэж үзнэ, баримт бичгийг нөгөө тал хүлээн авснаар гэрээ байгуулагдсанд тооцно гэж заасан тул нэхэмжлэгч шаардах эрхтэй гэсэн үндэслэлээр 5000 ширхэг ном худалдах худалдан авах гэрээ байгуулагдсад тооцож шийдвэрлэсэн нь зөв байна.

Харин шүүх гэрээний үүргийг биелүүлэхийг хариуцагч ******* ХХК-д даалгаж шийдвэрлэсэн нь гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй, гэрээг шударгаар биелүүлэх тухай хуулийн зохицуулалтанд нийцээгүй байх тул уг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 142/ШШ2018/00024 дугаар шийдвэрийн 1 дэх заалтанд гэрээний үүргийг биелүүлэхийг хариуцагч ******* ХХК-д даалгасугай гэсэн хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөлт оруулж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч ******* ХХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг шүүгчийн захирамжаар төрийн сангаас буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАТТӨР

 

ШҮҮГЧИД С.УРАНЧИМЭГ

 

Б.ОЮУНЦЭЦЭГ