Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2020/01633

 

 

 

 

 

2020 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2020/01633

 

 

 

Д.Б нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 182/ШШ2020/01349 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Д.Б,   Д.Б нарын хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан үнэлгээ хүчингүй болгуулж, анхны албадан дуудлага худалдааг 109 195 714 төгрөгийн үнээр явуулахыг даалгах нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч Д.Б итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 сарын 29-ний өдрийн 01142 тоот шүүгчийн захирамжаар Д.Б , Д.Бнараас Хас банк ХХК-д зээлийн гэрээний үүрэгт 40 193 000 төгрөгийг гаргуулж, төлбөр төлөөгүй тохиолдолд Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Яргайтын богино 1-215 тоот хаягт байрших 180 м.кв хувийн сууц, 497 м.кв газраас үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн.

Барьцаа болох үл хөдлөх эд хөрөнгийг хөндлөнгийн шинжээч 104 419 600 төгрөгөөр үнэлснийг 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдөр шийдвэр гүйцэтгэгчтэй өөрийн биеэр уулзаж мэдсэн.

Барьцаа хөрөнгийг үнэлэхдээ төлбөр төлөгч Д.Б гийн саналыг авалгүйгээр үнэлсэн, зах зээлийн үнэлгээгээр 110 000 000 төгрөгөөс 160 000 000 төгрөгөөр зарагдаж буй үнэ бүхий хөрөнгийг хэт үнэгүйдүүлж албадан дуудлага худалдаанд оруулах гэж буйг зөвшөөрөхгүй байна. Барьцааны хөрөнгө нь Улаанбаатар хотын хойд хэсэгт байршилтай хамгийн гол нь цэвэр агаартай, лагерийн бүс хэсэгт байршилтай, 180 м.кв мансардтай 2 давхар хувийн сууц, 497 м.кв газрын хамт 104 419 600 төгрөг байх боломжгүй.

Миний бие өөрөө орон сууц болон газрыг үнэлүүлэхэд хамгийн багадаа 109 195 714 төгрөг болсон. Манай байшинтай ойролцоо ижил хувийн орон сууц, газрын хамт 110 000 000 төгрөгөөс 160 000 000 төгрөгийн хооронд зарагдаж байгаа бөгөөд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны дагуу хийгдсэн хөрөнгийн үнэлгээг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.

Д.Б Д.Б нар нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3 дахь хэсэгт заасан төлбөр төлөгч бөгөөд тус хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасны дагуу шүүхэд гомдол гаргах эрхтэй. Иймд Чингэлтэй дүүргийн 19 хороо Яргайтын богино 1-215 тоотод байрлах 180 м.кв хувийн сууц болон 497 м.кв газрыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны дагуу үнэлсэн Баянмодот ХХК-ийн үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү.

Түүнчлэн үл хөдлөх эд хөрөнгийг 109 195 714 төгрөгийн үнээр анхны дуудлага худалдаа явуулахыг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 сарын 29-ний өдрийн 182/ШШ2018/01142 дугаар шийдвэрээр Д.Б,   Д.Б нараас 40 193 000 төгрөгийг гаргуулж Хас банк ХХК-д олгохоор шийдвэрлэсэн.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр төлөгч Д.Б Д.Б нарын үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Д.Б Х.Балжордашиймаа, О.Даваахүү нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2202017282 дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Яргайтын богино 1 гудамж, 215 тоотод байрлах 180 м.кв талбайтай хувийн сууцыг гараашийн хамт, мөн хаягт байрлалтай Д.Б эзэмших эрхийн гэрчилгээтэй нэгж талбарын 18641325855170 дугаарт бүртгэлтэй 497 м.кв талбайтай зуслангийн зориулалттай газрыг 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 19300181/01 дугаартай тогтоолоор битүүмжлэн, 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдөр 19300181/127 дугаартай тогтоолоор хураасан.

Талуудаас үнийн санал авахад төлбөр төлөгч Д.Б өмчлөгч О.Даваахүү, Х.Балжордашиймаа нарын зүгээс өөрийн хөрөнгийг 250.000.000 төгрөгөөр үнэлснийг төлбөр авагч Хас банкны зүгээс хүлээн зөвшөөрөхгүй, харилцан тохиролцох боломжгүй гэж үзэн шинжээч томилуулах хүсэлтийг тус газар гаргасан. Хуульд заасан журмын дагуу Баянмодот ХХК-ийг шинжээчээр томилон үнэлгээг тогтоолгож, төлбөр төлөгч Д.Б д 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 4/10028 тоот, Д.Б амцэцэгт 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 4/10029 тоот мэдэгдэх хуудсаар тус тус мэдэгдсэн.

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар хөрөнгийн үнэлгээг Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно гэснээс Шийдвэр гүйцэтгэх байгууллагын зүгээс албадах аргаар талуудыг тохиролцуулахыг хэлэхгүй бөгөөд талуудаас хөрөнгийн үнэлгээг тогтоохдоо заавал үнийн санал авах талаар Иргэний хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль болон бусад хуульд заасан зохицуулалт байхгүй.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа болон үнэлгээ тогтоох ажиллагаа хуулийн дагуу явагдсан, мөн төлбөр төлөгч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасан хугацаанд гомдлоо гаргаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-т заасныг баримтлан Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох барьцаа хөрөнгийн үнэлгээний тайлангаар үнэлэгдсэн үнэлгээг хүчингүй болгуулж, анхны дуудлага худалдааг 109 195 714 төгрөгийн үнээр явуулахыг даалгахыг хүссэн Д.Б Д.Б нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Чингэлтэй дүүргийн шүүхийн шүүгчийн 2020 оны 04 дүгээр сарын 22-ний өдрийн 04073 дугаар Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлэх тухай захирамж нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байхыг дурдаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Д.Б итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Барьцааны зүйл болох улсын бүртгэлийн Ү-2202017282 дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүргийн 19 хороо яргайтын богино 1-215 тоотод байрлах 180 м.кв хувийн 2 давхар сууц, нэгж талбарын 18641325855170 дугаарт бүртгэлтэй 497 м.кв газрыг шийдвэр гүйцэтгэлийн журмаар үнэлсэн Баянмодот ХХК-ийн үнэлгээ 104 419 600 төгрөг нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасантай нийцээгүй болох нь Фэйрвалуэшн ХХК-ийн 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн тайлангаар тогтоогдсон байхад тухайн тайланг үндэслэл бүхий гэж дүгнэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож буй шүүхийн шийдвэрийг зөвшөөрөхгүй байна.

Фэйрвалуэшн ХХК-нь Чингэлтэй дүүргийн 19 хороо яргайтын богино 1-215 тоотод байрлах 497 м.кв газарт баригдсан үйлчилгээний зориулалт бүхий 25 орчим м.кв талбай бүхий хөрөнгийг үнэлгээнд оруулж тооцож хөрөнгийн үнэлгээг 109 195 700 төгрөг гэж тогтоосон нь Иргэний хуулийн 9, 84 дүгээр зүйлд заасан хөрөнгө өмчлөгчийн эрхийг хамгаалсан хууль ёсны тайлан байхад нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэхээр байна.

Өөрөөр хэлбэл шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хөрөнгийн үнэлгээг хийлгэхдээ газар түүн дээр баригдсан хөрөнгө нь барьцааны зүйлд багтсан эсэхээс үл хамаарч салгаж үл болох эрх талаас нь авч үзээгүйг шүүх зөвтгөж буй хууль зүйн үндэслэлгүй. Нөгөө талаар нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар нэхэмжлэлийн үндэслэлээ бүрэн нотолсон.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж барьцааны зүйлийг үнэлсэн Баянмодот ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч Д.Б Д.Б нар нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан үнэлгээ хүчингүй болгуулж, анхны албадан дуудлага худалдааг 109 195 714 төгрөгийн үнээр явуулахыг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 5 дугаар сарын 29-ны өдрийн 01142 дугаар захирамжаар Д.Б Д.Б нараас 40 193 000 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамж 358 915 төгрөгийн хамт гаргуулж Хас банк ХХК-д олгож, энэхүү шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох улсын бүртгэлийн Ү-22002017282 дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Яргайт богино 1 дүгээр гудамжны 215 тоот хаягт байрших 180 м.кв талбай бүхий хувийн сууц, мөн хаягт байрших нэгж талбарын 18641325855170 дугаарт бүртгэлтэй гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 497 м.кв талбай бүхий газар эзэмших эрхээр үүргийн гүйцэтгэлийг хангуулж, шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэсэн ба гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн хариуцагч байгууллага 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэжээ. /хх79-82/

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь Д.Б Х.Балжордашиймаа, О.Даваахүү нарын өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-22002017282 дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Чргайт богино 1 дүгээр гудамжны 215 тоот хаягт байрших 180 м.кв талбай бүхий хувийн сууц, Д.Б эзэмшлийн мөн хаягт байрших нэгж талбарын 18641325855170 дугаарт бүртгэлтэй гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 497 м.кв талбай бүхий газрыг 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр битүүмжилж, мөн оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 19300181/01 тоот тогтоол, 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 19300181/127 тоот тогтоолоор тус тус хураах ажиллагаа явуулсан ба уг ажиллагаанд талууд гомдол гаргаагүй байна. Анхан шатны шүүх дээрх үйл баримтыг зөв тогтоожээ. /хх 84-85, 87-90, 91-92/

Төлбөр авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдөр хариуцагч байгууллагад төлбөр төлөгч нар үл хөдлөх эд хөрөнгүүдийг дуудлага худалдаанд оруулах үнийн саналаа 250 000 000 төгрөг гэж ирүүлсэн нь зах зээлийн үнээс хэт өндөр байна, иймд хөндлөнгийн үнэлгээчин томилж зах зээлийн бодит үнэлгээг тогтоолгох хүсэлтийг гаргасан байх ба шийдвэр гүйцэтгэгч уг хүсэлтийг үндэслэн 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 19300181/151 тоот тогтоолоор Баянмодот ХХК-ийг шинжээчээр томилжээ.

Баянмодот ХХК нь дээрх хувийн сууц болон, газрын зах зээлийн үнийг 104 419 600 төгрөгөөр үнэлсэн ба хариуцагч байгууллага нь уг үнэлгээг Д.Б д 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 4/10028 тоот мэдэгдлээр, Д.Б амцэцэгт мөн өдрийн 4/10029 тоот мэдэгдлээр тус тус мэдэгдэж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу дээрх үнэлгээний 70 хувиар тооцон 73 093 372 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоож, уг үнэлгээг О.Даваахүүд 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 4/11516, Д.Б амцэцэгт мөн өдрийн 4/11518, Х.Балжордашиймаад 4/11515, Д.Б д 4/11517 тоот мэдэгдлээр тус тус мэдэгдсэн шийдвэр гүйцэтгэгчийн ажиллагаа нь хууль зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч нарын үнэлгээ хийлгэсэн Фэйрвалуэшн ХХК тус эд хөрөнгүүдийг 109 195 700 төгрөгөөр үнэлэхдээ шүүгчийн захирамжид заагдаагүй эд хөрөнгө болох Сэндвичэн барилгыг 15 819 312 төгрөгөөр үнэлсэн байна. Хариуцагч байгууллагаас талуудын хүсэлтээр томилогдсон шинжээч Баянмодот ХХК нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд нийцүүлэн шүүгчийн захирамжид заасан эд хөрөнгүүдийг 104 419 600 төгрөгөөр үнэлсэн байна. Иймд энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан баримтуудыг харьцуулан дүгнэж нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасантай нийцжээ.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 182/ШШ2020/01349 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД А.ОТГОНЦЭЦЭГ

 

Ч.ЦЭНД