Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 182/ШШ2020/01349

 

2020 06 04

182/ШШ2020/01349

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Наранцогт би даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэгт оршин суух ЦЗ68 регистрийн дугаартай, эмэгтэй, Х овогт Д.Б ,

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэгт оршин суух ЦЗ77 регистрийн дугаартай, эмэгтэй, Х овогт Д.Б  нарын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 5 дугаар Үндсэн хуулийн гудамж 3, өөрийн байранд байрлах НШШГГ холбогдох,

 

Үнэлгээ хүчингүй болгуулж, анхны дуудлага худалдааг 109,195,714 төгрөгийн үнээр явуулахыг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

     Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Б гийн төлөөлөгч М.Б, хариуцагчийн төлөөлөгч Г.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Номин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Б , Д.Б  биднээс Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 сарын 29-ний өдрийн 01142 тоот шүүгчийн захирамжаар Хас банк ХХК-д зээлийн гэрээний үүрэгт 40,193,000 төгрөгийг гаргуулж, төлбөр төлөөгүй тохиолдолд Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Яргайтын богино 1-215 тоотод байрлах 180 м.кв хувийн сууц, 497 м.кв газраас үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн.

Улмаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 127 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч Болорцэцэг шийдвэр гүйцэтгэх ажиллагааг гүйцэтгэж байна. Барьцаа болох үл хөдлөх эд хөрөнгийг хөндлөнгийн шинжээчээр 104,419,600 төгрөгөөр үнэлснийг 2020 оны 03 сарын 24-ний өдөр шийдвэр гүйцэтгэгч Болорцэцэгтэй өөрийн биеэр уулзаж мэдсэн.

Барьцаа хөрөнгийг үнэлэхдээ төлбөр төлөгч Д.Б гийн саналыг авалгүйгээр үнэлсэн, зах зээлийн үнэлгээгээр 110,000,000 төгрөгөөс 160,000,000 төгрөгөөр зарагдаж буй үнэ бүхий хөрөнгийг минь хэт үнэгүйдүүлж албадан дуудлага худалдаанд оруулах гэж буйг зөвшөөрөхгүй байна. Барьцааны хөрөнгө нь Улаанбаатар хотын хойд хэсэгт байршилтай хамгийн гол нь цэвэр агаартай, лагерийн бүс хэсэгт байршилтай, 180 м.кв мансардтай 2 давхар хувийн сууц, 497 м.кв газрын хамт яаж ч бодсон 104,419,600 төгрөг байх боломжгүй. Миний бие өөрөө орон сууц болон газрыг үнэлүүлэхэд хамгийн багадаа 109,195,714 төгрөг болсон. Манай байшинтай ойролцоо ижил хувийн орон сууц, газрын хамт 110,000,000 төгрөгөөс 160,000,000 төгрөгийн хооронд зарагдаж байгаа бөгөөд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны дагуу хийгдсэн хөрөнгийн үнэлгээг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлыг үнэлгээ тогтоосон өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргана гэсний дагуу буюу гомдол гаргах газрыг шууд нэрлэн заасан учир шүүхэд хандаж байна. Талууд гэж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт зааснаар төлбөр төлөгч, төлбөр авагчийг иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд гэнэ. Д.Б , Д.Б  нар нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3-т заасан төлбөр төлөгч бөгөөд тус хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-т заасны дагуу шүүхэд гомдол гаргах эрхтэй.

Жич: Хөрөнгийн үнэлгээний тайлан болон бусад баримтыг нотлох баримтын шаардлага хангуулан нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас гаргуулж өгнө үү.

Нэхэмжлэлийн шаардлага: Улсын бүртгэлийн Y-2202017282 дугаартай Чингэлтэй дүүргийн 19 хороо Яргайтын богино 1-215 тоотод байрлах 180 м.кв хувийн сууц, нэгж талбарын 18641325855170 дугаартай 497 м.кв газрыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны дагуу үнэлсэн Баян Модот ХХК-ийн мэргэшсэн үнэлгээчин С.Цэвээнроломийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү.

 

Нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагдаа: Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 127 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч Болорцэцэг шийдвэр гүйцэтгэх ажиллагааг гүйцэтгэж байна.

Барьцаа болох үл хөдлөх эд хөрөнгийг хөндлөнгийн шинжээчээр 104.419.600 төгрөгөөр үнэлгээг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд тухайн нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар нэмэгдүүлж байна.

Барьцааны хөрөнгө нь Улаанбаатар хотын хойд хэсэгт байршилтай хамгийн гол нь цэвэр агаартай, лагерийн бүс хэсэгт байршилтай, 180 м.кв мансардтай 2 давхар хувийн сууц, 497 м.кв газрын хамт яаж ч бодсон 104,419,600 төгрөг байх боломжгүй. Нэхэмжлэгч нар нь орон сууц болон газрыг үнэлүүлэхэд 109,195,714 төгрөгийн үнэ бүхий болохыг тогтоосон.

Нэхэмжлэлийн шаардлага: Улсын бүртгэлийн Ү-2202017282 дугаартай Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Яргайтын богино 1-215 тоотод байрлах 180 м.кв хувийн сууц, нэгж талбарын 18641325855170 дугаартай 497 м.кв газрыг үнэлсэн 109,195,714 төгрөгийн үнээр анхны дуудлага худалдаа явуулахыг хариуцагчид даалгаж өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 сарын 29-ний өдрийн 182/ШШ2018/01142 дугаар шийдвэрээр Д.Б , Д.Б  нараас 40,193,000 төгрөгийг гаргуулж Хас банк ХХК-д олгохоор шийдвэрлэжээ.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр төлөгч Д.Б , Д.Б  нарын үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Д.Б , Х.Балжордашиймаа, О.Д  нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2202017282 дугаарт бүртгэлтэй Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Яргайтын богино 1 гудамж, 215 тоотод байрлах 180 м.кв талбайтай хувийн сууцыг гаражийн хамт, мөн хаягт байрлалтай Д.Б ийн эзэмших эрхийн гэрчилгээтэй нэгж талбарын 18641325855170 дугаарт бүртгэлтэй 497 м.кв талбайтай зуслангийн зориулалттай газрыг 2019 оны 11 сарын 05-ны өдөр 19300181/01 дугаартай тогтоолоор битүүмжлэн, 2020 оны 03 сарын 16-ны өдөр 19300181/127 дугаартай тогтоолоор хураасан.

Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу талуудаас үнийн санал авахад харилцан тохиролцоогүй тул, ШШГТХуулийн 55.2.2-т заасны дагуу хөрөнгийн үнэлгээний Баянмодот ХХК-ийг шинжээчээр томилон дээрхи хөрөнгийн үнийг 104.419.600 /нэг зуун дөрвөн мянга дөрвөн зуун арван есөн мянга зургаан зуу/ төгрөгөөр тогтоосныг талуудад танилцуулсан.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа болон үнэлгээ тогтоох ажиллагаа хуулийн дагуу явагдсан, мөн төлбөр төлөгч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасан хугацаанд гомдлоо гаргаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

Нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагад гаргасан хариу тайлбартаа: Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 сарын 29-ний өдрийн 182/ШШ2018/01142 дугаар шийдвэрээр Даваахүүгийн Бадамлянхуа, Даваахүүгийн Бадамцэцэг нараас 40.193.000 төгрөгийг гаргуулж Хас банкинд олгох, хэрэв төлбөрийг төлж барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн.

Дээрх шийдвэрийг үндэслэн Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч Д.Б , Д.Б  нарын үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Яргайт богино 1 дүгээр гудамжны 215 тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-22 дугаарт бүртгэлтэй 180 м.кв талбайтай хувийн сууц, гаражийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө, нэгж талбарын 18641325855170 дугаарт бүртгэлтэй 497 м.кв талбайтай газрыг 2019 оны 19300181/01 тоот тогтоолоор битүүмжилж, 2020 оны 19300181/127 дугаар эд хөрөнгө хураах тогтоолоор хураан авч Иргэний хуулийн 177 дугаар зүйлд зааснаар үнэлгээ тогтоох ажиллагаа явуулахад төлбөр төлөгч Д.Б , өмчлөгч О.Д , Х.Б нарын зүгээс өөрийн хөрөнгийг 250.000.000 төгрөгөөр үнэлснийг төлбөр авагч Хас банкны зүгээс хүлээн зөвшөөрөхгүй, харилцан тохиролцох боломжгүй гэж үзэн шинжээч томилуулах хүсэлтийг тус газар гаргасан.

Төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч нар Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар үнэлгээг харилцан тохиролцож тогтоогоогүй тул 2020 оны 03 сарын 18-ны өдөр хөндлөнгийн үнэлгээчнээр Баян Модот ХХК-ийг томилон үнэлгээг тогтоолгож, төлбөр төлөгч /нэхэмжлэгч/ Д.Б д 2020 оны 03 сарын 24-ний өдрийн 4/10028 тоот, Д.Б т 2020 оны 03 сарын 24-ний өдрийн 4/10029 тоот мэдэгдэх хуудсаар тус тус мэдэгдсэн.

Нэхэмжлэгч Д.Б , Д.Б  нарын зүгээс тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ барьцаа хөрөнгийг үнэлэхдээ Д.Б гаас үнийн санал авалгүй үнэлүүлсэн, хөрөнгийн үнэлгээ хэт доогуур байгаа талаар дурджээ.

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар хөрөнгийн үнэлгээг Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно гэснээс Шийдвэр гүйцэтгэх байгууллагын зүгээс албадах аргаар талуудыг тохиролцуулахыг хэлэхгүй бөгөөд талуудаас хөрөнгийн үнэлгээг тогтоохдоо заавал үнийн санал авах талаар Иргэний хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль болон бусад хуульд заасан зохицуулалт байхгүй болно.

Нэхэмжлэгч нарын зүгээс тус шүүхэд нэхэмжлэл гаргахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасан хугацаанд нэхэмжлэлээ гаргаагүй, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Б , Д.Б  нар нь хариуцагч НШШГГ  холбогдуулан Үнэлгээ хүчингүй болгуулж, анхны дуудлага худалдааг 109,195,714 төгрөгийн үнээр явуулахыг даалгах тухай гомдлын шаардлага гаргажээ.

 

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, үнэлгээ хуульд нийцсэн тул анхны дуудлага худалдааг дахин явуулах үндэсгүй гэж маргаж байна.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Хас банк ХХК нь  41,739,916 төгрөгийг хариуцагч Д.Б , Д.Б  нараас гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, улмаар талууд Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 05 дугаар сарын 29-ны өдрийн 01142 дугаар захирамжаар талууд 40,193,000 төгрөгийн хэмжээнд эвлэрч, бүрэн төлж барагдуулаагүй тохиолдолд барьцаа болох үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангахыг хүлээн зөвшөөрсөн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.

 

Уг захирамжид 2018 оны 11 сарын 27-ны өдөр 10428 дугаартай шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж болон 00974 дугаартай шүүхийн гүйцэтгэх хуудас гарч, улмаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа 2019 оны 01 сарын 04-ны өдөр 19300181 дугаартай тогтоолын дагуу эхэлсэн байна.

 

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар нь барьцаа хөрөнгийг 2019 оны 04 сарын 26-ны өдрийн 19300181 тоот тогтоолоор битүүмжилж, 2019 оны 03 сарын 16-ны өдрийн 19300181/127 дугар болон 2019 оны 05 сарын 15-ны өдрийн 19300181/01 дугаар эд хөрөнгө хураах тогтоолоор хурааж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 117.1-д зааснаар төлбөр төлөгч, өмчлөгчөөс 120,000,000 төгрөгийн үнийн санал гаргасныг төлбөр авагч 40,630,000 төгрөгийн үнийн санал гаргаж хөндлөнгийн шинжээч томилон үнэлгээг тогтоолгох хүсэлт гарган, улмаар 2020 оны 03 сарын 18-ны өдрийн 19300181/01 тоот шинжээч томилох тухай тогтоолоор Баян модот ХХК-г шинжээчээр томилсон байна. Шинжээчийн үнэлгээний тайлангаар тухайн обьектуудын зах зээлийн үнэ, цэнийг 104,419,6000 төгрөгөөр тогтоожээ.

 

Харин нэхэмжлэгч шинжээчийн үнэлгээг хувиараа үнэлүүлсэн үнэлгээний тогтоосон 109,195,7000 төгрөгийн үнээс доогуур үнэлсэн гэж гомдож байна.

 

Шүүх энэхүү тайлбарыг үндэсгүй гэж үзлээ.

 

Тодруулбал, Баян модот ХХК нь үл хөдлөх хөрөнгийг үнэлсэн үнэлгээний тайлан нь хууль зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Учир нь барьцаа хөрөнгийн үнийг 104,419,6000 төгрөг байхаар тогтоосон нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлд нийцсэн байна.

 

Нэхэмжлэгч шинжээч Баян модот ХХК-ийн үнэлгээ нь хувиараа үнэлүүлсэн Фэйрвалуэшн ХХК-ийн үнэлгээний тогтоосон 109,195,7000 төгрөгийн үнээс доогуур үнэлсэн гэж тайлбарлаж байгаа боловч Фэйрвалуэшн ХХК-ийн 2020 оны 04 сарын 07-ны өдрийн тайланд Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 05 дугаар сарын 29-ны өдрийн 01142 дугаар захирамж болон Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны холбогдох эрхийн аканд тусаагүй, барьцаа эд хөрөнгө биш обьект болох Сэндвичин барилгыг оруулан улмаар тухайн обьектийг 15,819,312.6 төгрөгөөр үнэлэн, үнэлгээний тайлангийн нэгдсэн үнийг  109,195,7000 төгрөгөөр тогтоосон байна. /хх-ийн 30-40 дэх тал/

 

Мөн үнэлгээний тайлангын үнэлгээний аргачлал буруу буюу үнэлгээний дүн доогуур гарсан гэж үзэх үндэсгүй байна.

Учир нь Баян модот ХХК нь хөрөнгийн үнэлгээ хийхдээ барьцааны эд хөрөнгө байрлах Улаанбаатар хотын дүүрэг дотор хийж харьцуулан дүгнэж зах зээлийн жишиг үнийн аргаар үнийг тодорхойлсон болох нь үнэлгээний тайлангаар тогтоогдож байна. Ингэж Нийслэлийн нэг дүүрэг доторх ижил төстэй обьектуудыг жишиж харьцуулан үнэлгээ хийснийг буруутгах үндэсгүй болно.

 

Үнэлгээ хүчингүй болгох үндэсгүй тул анхны дуудлага худалдааг 109,195,714 төгрөгийн үнээр явуулахыг даалгах шаардлага үндэслэлгүй юм.

 

Иймд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох Баян модот ХХК-ны Чингэлтэй дүүргийн 19-р хороо, Яргайтын богино 1-р гудамжны 215 тоотод байрлах үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн хөрөнгө үнэлгээний тайлангаар үнэлэгдсэн үнэлгээг хүчингүй болгуулж, анхны дуудлага худалдааг 109,195,714 төгрөгийн үнээр явуулахыг даалгахыг хүссэн Д.Б , Д.Б  нарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйл, 160 дугаар зүйлийн 160.1.2-т заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-т заасныг баримтлан Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох барьцаа хөрөнгийн үнэлгээний тайлангаар үнэлэгдсэн үнэлгээг хүчингүй болгуулж, анхны дуудлага худалдааг 109,195,714 төгрөгийн үнээр явуулахыг даалгахыг хүссэн Д.Б , Д.Б  нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Чингэлтэй дүүргийн шүүхийн шүүгчийн 2020 оны 04 дүгээр сарын 22-ний өдрийн 04073 дугаар Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлэх тухай захирамж нь  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байхыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.



 

ДАРГАЛАГЧ                                   Т.НАРАНЦОГТ