Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 001/ХТ2021/00891

 

                                                                       Д.Б, Д.Б нарын

                                   нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Банзрагч даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Х.Сонинбаяр, Б.Ундрах, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 182/ШШ2020/01349 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 1633 дугаар магадлалтай,

Д.Б, Д.Б нарын нэхэмжлэлтэй,

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох

Баянмодот ХХК-ийн мэргэшсэн үнэлгээчин С.Цэвээнроломийн үнэлгээг хүчингүй болгох, үл хөдлөх эд хөрөнгийг 109,195,714 төгрөгийн үнээр анхны дуудлага худалдаа явуулахыг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Очирваань, М.Батбаатар нарын гаргасан гомдлоор 

Шүүгч С.Соёмбо-Эрдэнэ илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Очирваань, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов. 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 01142 тоот шүүгчийн захирамжаар Д.Б, Д.Б нараас Хас банк ХХК-д зээлийн гэрээний үүрэгт 40,193,000 төгрөгийг гаргуулж, төлбөр төлөөгүй тохиолдолд Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Яргайтын богино 1-215 тоот хаягт байрших 180 м.кв хувийн сууц, 497 м.кв газраас үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Барьцаа болох үл хөдлөх эд хөрөнгийг хөндлөнгийн шинжээч 104,419,600 төгрөгөөр үнэлснийг 2020.03.24-ний өдөр шийдвэр гүйцэтгэгчтэй өөрийн биеэр уулзаж мэдсэн. Барьцаа хөрөнгийг үнэлэхдээ төлбөр төлөгч Д.Б-ийн саналыг авалгүйгээр үнэлсэн, зах зээлийн үнэлгээгээр 110,000,000 төгрөгөөс 160,000,000 төгрөгөөр зарагдаж буй үнэ бүхий хөрөнгийг хэт үнэгүйдүүлж албадан дуудлага худалдаанд оруулах гэж буйг зөвшөөрөхгүй байна. Барьцааны хөрөнгө нь Улаанбаатар хотын хойд хэсэгт байршилтай хамгийн гол нь цэвэр агаартай, лагерийн бүс хэсэгт байршилтай, 180 м.кв мансардтай 2 давхар хувийн сууц, 497 м.кв газрын хамт 104,419,600 төгрөг байх боломжгүй. Миний бие өөрөө орон сууц болон газрыг үнэлүүлэхэд хамгийн багадаа 109,195,714 төгрөг болсон. Манай байшинтай ойролцоо ижил хувийн орон сууц, газрын хамт 110,000,000 төгрөгөөс 160,000,000 төгрөгийн хооронд зарагдаж байгаа бөгөөд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны дагуу хийгдсэн хөрөнгийн үнэлгээг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.

Д.Б, Д.Б нар нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3 заасан төлбөр төлөгч бөгөөд тус хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 заасны дагуу шүүхэд гомдол гаргах эрхтэй. Иймд Чингэлтэй дүүргийн 19 хороо Яргайтын богино 1-215 тоотод байрлах 180 м.кв хувийн сууц болон 497 м.кв газрыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны дагуу үнэлсэн Баянмодот ХХК-ийн мэргэшсэн үнэлгээчин С.Цэвээнроломийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү. Түүнчлэн үл хөдлөх эд хөрөнгийг 109,195,714 төгрөгийн үнээр анхны дуудлага худалдаа явуулахыг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 182/ШШ2018/01142 дугаар шийдвэрээр Д.Б, Д.Б нараас 40,193,000 төгрөгийг гаргуулжХас банк ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр төлөгч Д.Б, Д.Б нарын үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Д.Б, Х.Балжордашиймаа, О.Даваахүү нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2202017282 дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Яргайтын богино 1 гудамж, 215 тоотод байрлах 180 м.кв талбайтай хувийн сууцыг гараашийн хамт, мөн хаягт байрлалтай Д.Б-ийн эзэмших эрхийн гэрчилгээтэй нэгж талбарын 18641325855170 дугаарт бүртгэлтэй 497 м.кв талбайтай газрыг 2019.11.05-ны өдөр 19300181/01 дугаартай тогтоолоор битүүмжлэн, 2020.03.16-ны өдөр 19300181/127 дугаартай тогтоолоор хураасан. Талуудаас үнийн санал авахад төлбөр төлөгч Д.Б, өмчлөгч О.Даваахүү, Х.Балжордашиймаа нарын зүгээс өөрийн хөрөнгийг 250,000,000 төгрөгөөр үнэлснийг төлбөр авагч Хас банк”-ны зүгээс хүлээн зөвшөөрөхгүй, харилцан тохиролцох боломжгүй гэж үзэн шинжээч томилуулах хүсэлтийг тус газар гаргасан. Хуульд заасан журмын дагуу “Баянмодот” ХХК-ийг шинжээчээр томилон үнэлгээг тогтоолгож, төлбөр төлөгч Д.Бадамлянхуад 2020.03.24-ний өдрийн 4/10028 тоот, Д.Б-т 2020.03.24-ний өдрийн 4/10029 тоот мэдэгдэх хуудсаар тус тус мэдэгдсэн.

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар хөрөнгийн үнэлгээг дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно гэснээс Шийдвэр гүйцэтгэх байгууллагын зүгээс албадах аргаар талуудыг тохиролцуулахыг хэлэхгүй бөгөөд талуудаас хөрөнгийн үнэлгээг тогтоохдоо заавал үнийн санал авах талаар Иргэний хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль болон бусад хуульд заасан зохицуулалт байхгүй. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа болон үнэлгээ тогтоох ажиллагаа хуулийн дагуу явагдсан, мөн төлбөр төлөгч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасан хугацаанд гомдлоо гаргаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 182/ШШ2020/01349 дүгээр шийдвэрээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг баримтлан Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох барьцаа хөрөнгийн үнэлгээний тайлангаар үнэлэгдсэн үнэлгээг хүчингүй болгуулж, анхны дуудлага худалдааг 109,195,714 төгрөгийн үнээр явуулахыг даалгахыг хүссэн Д.Б, Д.Б нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Чингэлтэй дүүргийн шүүхийн шүүгчийн 2020 оны 04 дүгээр сарын 22-ний өдрийн 04073 дугаар Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлэх тухай захирамж нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байхыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 1633 дугаар магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 182/ШШ2020/01349 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Очирваань, М.Батбаатар нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 зүйлийн 172.2.1-д заасны дагуу шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлээр Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 182/ШШ2020/01349 тоот шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 1633 тоот магадлалын зарим хэсгийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Барьцааны зүйл улсын бүртгэлийн Ү-2202017282 дугаартай Чингэлтэй дүүргийн 19 хороо, Яргайтын богино 1-215 тоотод байрлах 180 м.кв хувийн 2 давхар хувийн сууц, нэгж талбарын 18641325855170 дугаартай 497 м.кв газрыг шийдвэр гүйцэтгэлийн журмаар үнэлсэн “Баянмодот” ХХК-ийн үнэлгээ 104,419,600 төгрөг нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасантай нийцээгүй, үндэслэлгүй болох нь “Фэйрвалуэшн” ХХК-ийн 2020.04.07-ны өдрийн үнэлгээний тайлангаар тогтоогдсон байхад нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлд заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцэхгүй байна. Тодруулбал “Фэйрвалуэшн” ХХК нь Чингэлтэй дүүргийн 19 хороо, Яргайтын богино 1-215 тоотод байрлах 497 м.кв газарт баригдсан үйлчилгээний зориулалт бүхий 25 орчим м.кв талбай бүхий хөрөнгийг үнэлгээнд оруулж тооцож хөрөнгийн үнэлгээг 109,195,700 төгрөг гэж тогтоосон нь Иргэний хуулийн 9, 84 дүгээр зүйлд заасан хөрөнгө өмчлөгчийн эрхийг хамгаалсан хууль ёсны тайлан байхад нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд шүүхийн зүгээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нотлох баримтыг тал бүрээс нь бусад баримттай харьцуулан үнэлэх журмыг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Өөрөөр багтсан эсэхээс үл хамаарч салгаж үл болох эрх талаас нь авч үзээгүйг шүүх зөвтгөж буй нь хууль зүйн үндэслэлгүй.

Нөгөө талаар нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар нэхэмжлэлийн үндэслэлээ бүрэн нотолсон. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, барьцааны зүйлийг үнэлсэн “Баянмодот” ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү. гэжээ.

ХЯНАВАЛ:

Д.Б, Д.Б нар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан Баянмодот ХХК-ийн үнэлгээчин С.Цэвээнроломийн үнэлгээг хүчингүй болгох, үл хөдлөх эд хөрөнгийг 109,195,714 төгрөгийн үнээр анхны дуудлага худалдаа явуулахыг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосныг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн байна.

Хяналтын шатны шүүхэд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Очирваань, М.Батбаатар нарын гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 182/ШШ2018/01142 дугаар захирамжаар Д.Б, Д.Б нар зээлийн гэрээний үүрэгт 40,193,000 төгрөгийг 2018.11.20-ны өдрийн дотор төлж барагдуулах, хариуцагч нар заасан хугацаанд төлбөрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох улсын бүртгэлийн Ү-22002017282 дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Яргайт богино 1 дүгээр гудамжны 215 тоот хаягт байрших 180 м.кв талбай бүхий хувийн сууц, мөн хаягт байрших нэгж талбарын 18641325855170 дугаарт бүртгэлтэй гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 497 м.кв талбай бүхий газар эзэмших эрхтэй газраар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар “Хас банк” ХХК-тай эвлэрсэн, эвлэрлийг баталж шийдвэрлэжээ.

Төлбөрийг ямар нэгэн эд хөрөнгөөс гаргуулахаар шүүхийн шийдвэрт тухайлан заагаагүй тохиолдолд төлбөр төлөгч-иргэнээс төлбөр гаргуулах ажиллагаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 86 дугаар зүйлд заасан дарааллын дагуу явагдах учиртай.

Харин шүүхийн шийдвэрт тухайлан заасан эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахад төлбөр төлөгч-иргэнээс төлбөр гаргуулах ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан дээрх дарааллыг заавал баримтлахыг шаардахгүй бөгөөд энэ нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 20 дугаар зүйл, Иргэний хуулийн 159 дүгээр зүйлийн 159.1, 175 дугаар зүйлийн 175.1-т нийцнэ.

Хариуцагч нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр, гүйцэтгэх хуудсыг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Яргайт богино 1 дүгээр гудамжны 215 тоот хаягт байрших 180 м.кв талбай бүхий хувийн сууц, мөн хаягт байрших гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 497 м.кв талбай бүхий газрыг битүүмжлэн, хураах, төлбөр төлөх хугацаа тогтоох зэрэг ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 54 дүгээр зүйлийн 54.1-д заасан журмын дагуу явуулсан байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1., 55 дугаар зүйлийн 55.2.2.-т зааснаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад мэргэжлийн тусгай мэдлэг шаардсан асуудлаар дүгнэлт гаргуулахаар шийдвэр гүйцэтгэгч өөрийн санаачилгаар, эсхүл оролцогч талын хүсэлтээр шинжээч оролцуулж болдог ба төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч тохиролцоогүй бол үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг шинжээчээр гаргуулдаг.

Талууд үнийн санал дээр харилцан тохиролцоогүй, төлбөр авагч хөндлөнгийн шинжээч томилуулах тухай санал гаргасныг үндэслэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 2020.03.18-ны өдрийн 19300181/01/151 дүгээр тогтоолоор “Баянмодот” ХХК”-ийг шинжээчээр томилжээ.

Хоёр шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн холбогдох зохицуулалтыг анхаарч үзэлгүй хэрэгт буй баримтын талаар дүгнэлт хийлгүй орхигдуулсан нь 116 дугаар зүйлийн 116.2, 166 дугаар зүйлийн 166.4-т заасныг тус тус зөрчжээ.

Хэрэгт авагдсан “Баянмодот” ХХК”-ийн 2020.03.23-ны өдрийн №ХСҮ-20/02 тоот хөрөнгийн үнэлгээний тайланд “...Дэлгүүрийн хойд талд сэндвичээр барьсан хуушуурын газар байгаа боловч дээрх шалтгаанаар ашиглагдаагүй байна. Энэ үнэлгээнд тус хуушуурын газар хамрагдаагүй болно...”, “Фэйрвалуэшн ХХК-ийн 2020.04.07-ны өдрийн 20/ХҮ-09 хөрөнгийн үнэлгээний тайланд сэндвичэн барилгыг 15,819,312 төгрөгөөр үнэлжээ.   

Зохигч Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Яргайт богино 1 дүгээр гудамжны 215 тоот хаягт байрших 180 м.кв талбай бүхий хувийн сууцны үргэлжлэл буюу хойд талд сэндвичээр барьсан барилга байгаа эсэхэд маргаагүй байхад шүүхээс Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 182/ШШ2018/01142 дугаар захирамж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны холбогдох баримтад тусгагдаагүй, барьцаа хөрөнгө биш тул сэндвичэн барилгыг үнэлэх шаардлагагүй гэж дүгнэсэн нь учир дутагдалтай болсон байна.

Шүүхийн шийдвэрт тухайлан нэрлэн заагаагүй хэдий ч сэндвичэн барилгыг Иргэний хуулийн 85 дугаар зүйлийн 85.2-т зааснаар Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Яргайт богино 1 дүгээр гудамжны 215 тоот хаягт байрших 180 м.кв талбай бүхий хувийн сууцны бүрдэл хэсэг гэж үзнэ.

“Баянмодот” ХХК”-ийн 2020.03.23-ны өдрийн №ХСҮ-20/02 тоот хөрөнгийн үнэлгээний тайлангаар хувийн сууцны бүрдэл хэсэг сэндвичэн барилгыг үнэлээгүй нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.1, 13 дугаар зүйлийн 13.1.2, Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3, 177 дугаар зүйлийн 177.1-д заасантай нийцээгүй байна.

Дээрх байдлаас үзвэл Д.Б, Д.Б нарын Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан Баянмодот ХХК-ийн мэргэшсэн үнэлгээчин С.Цэвээнроломийн үнэлгээг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаадлагыг хангах нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч нарын үл хөдлөх эд хөрөнгийг 109,195,714 төгрөгийн үнээр анхны дуудлага худалдаа явуулах талаар төлбөр авагч “Хас банк” ХХК зөвшөөрсөн баримт хэрэгт авагдаагүй байх тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон гэж үзэхгүй.

 Д.Б, Д.Б нарын үл хөдлөх эд хөрөнгийг 109,195,714 төгрөгийн үнээр анхны дуудлага худалдаа явуулахыг даалгах тухай нэхэмжлэл хангаж шийдвэрлэх боломжгүй юм.

Дээрх үндэслэлээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан Баянмодот ХХК-ийн мэргэшсэн үнэлгээчин С.Цэвээнроломын үнэлгээг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаадлагыг хангаж, үл хөдлөх эд хөрөнгийг 109,195,714 төгрөгийн үнээр анхны дуудлага худалдаа явуулахыг даалгах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж,  нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Очирваань, М.Батбаатар нарын гомдлоос “...109,195,700 төгрөг гэж тогтоосон нь Иргэний хуулийн 9, 84 дүгээр зүйлд заасан хөрөнгө өмчлөгчийн эрхийг хамгаалсан хууль ёсны тайлан байхад нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй...” гэснийг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 1633 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 182/ШШ2020/01349 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, Иргэний хуулийн 85 дугаар зүйлийн 85.2, 177 дугаар зүйлийн 177.1-д заасныг баримтлан Баянмодот ХХК-ийн мэргэшсэн үнэлгээчин С.Цэвээнроломийн үнэлгээг хүчингүй болгож, Д.Б, Д.Б нарын нарын нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх үл хөдлөх эд хөрөнгийг 109,195,714 төгрөгийн үнээр анхны дуудлага худалдаа явуулахыг даалгах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Очирваань, М.Батбаатар нарын гомдлоос “...109,195,700 төгрөг гэж тогтоосон нь Иргэний хуулийн 9, 84 дүгээр зүйлд заасан хөрөнгө өмчлөгчийн эрхийг хамгаалсан хууль ёсны тайлан байхад нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй...” гэснийг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Батбаатарынн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Г.БАНЗРАГЧ    

                              ШҮҮГЧИД                              С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                             Х.СОНИНБАЯР 

                                                                             Б.УНДРАХ

                                                                             Д.ЦОЛМОН