Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 210/ма2020/01430

 

2020 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2020/01430

 

С.Б-ы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Нямбазар, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 182/ШШ2020/01091 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч С.Б-ы нэхэмжлэлтэй хариуцагч Э- ХХК-д холбогдох,

Э- ХХК-ийн эзэмшлийн Булган аймгийн Бүрэгхангай сумын нутагт орших ашигт малтмалын ашиглалтын Ар тамсаг 1-2 нэртэй 812 гектар талбайг хамрах MV-00 тоот, Төв аймгийн Заамар сумын нутагт орших ашигт малтмалын ашиглалтын Ар тамсаг 1-3-2 талбайг хамрах MV-00 тоот тусгай зөвшөөрлүүдийн гэрчилгээний эх хувийг нэхэмжлэгчид хүлээлгэн өгөх үүргээ биелүүлэхийг,

MV-00 болон MV-00 тоот тусгай зөвшөөрлүүдийг нэхэмжлэгч С.Б-ы эзэмшлийн Томовосс ХХК-ийн нэр дээр шилжүүлэх тухай бичиг баримтад Э- ХХК нь тамга, тэмдгийг дарж, эрх бүхий этгээд гарын үсгээ зурахыг тус тус даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагатай,

Э- ХХК болон С.Б- нарын хооронд байгуулагдсан 2009 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн №1 дугаар гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.У, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Б, хариуцагчийн төлөөлөгч Д.Б, түүний өмгөөлөгч А.М, Б.Ө, шүүх хуралдааны нарийн даргаар Б.Билэгжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э- ХХК-ийн эзэмшлийн Булган аймгийн Бүрэгхангай сумын нутагт орших ашигт малтмалын ашиглалтын Ар тамсаг 1-2 нэртэй 812 гектар талбайг хамрах MV-00 /хуучнаар 8885А/ тоот, Төв аймгийн Заамар сумын нутагт орших ашигт малтмалын ашиглалтын Ар тамсаг 1-3-2 талбайг хамрах MV-00/хуучнаар 12294А/ тоот тусгай зөвшөөрлүүдийн гэрчилгээний эх хувийг нэхэмжлэгчид хүлээлгэн өгөх үүргээ биелүүлэхийг хариуцагчид даалгах,

MV-00 болон MV-00 тоот тусгай зөвшөөрлүүдийг нэхэмжлэгч С.Б-ы эзэмшлийн Томовосс ХХК-ийн нэр дээр шилжүүлэх тухай бичиг баримтанд Э- ХХК-ийн тамга, тэмдгийг дарж, эрх бүхий этгээд гарын үсгээ зурахыг хариуцагчид даалгах шаардлага гаргасан. Иргэний хуульд заасны дагуу гэрээний аль нэг тал нь гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах аргыг тодорхойлох боломжтой тул маргаан бүхий 01 тоот гэрээний нэг тал болох иргэн С.Б- нь талуудын хооронд тохиролцсон тусгай зөвшөөрлүүдийг шилжүүлэх үүргийг өөрийн 100 хувийн хувьцааг нь эзэмшдэг Томобосс ХХК-д шилжүүлэн авах, ийнхүү шилжүүлэхтэй холбоотойгоор гэрээний нөгөө тал болох Э- ХХК-иас шаардлагатай баримт бичгүүдийг шаардлагатай баримт бичгүүдийг гарган өгч, өөрийн тамга тэмдгээр баталгаажуулан гэрээний үүргийг бүрэн биелүүлж дуусгавар болгох шаардлагатай байгаа юм. Ийнхүү иргэн С.Б-ы эзэмшлийн компани руу тусгай зөвшөөрөл шилжсэнээр 01 тоот Гэрээний зорилго биелэгдэж, уг гэрээ дуусгавар болох юм. Түүнчлэн 01 тоот гэрээний 3.1-д заасны дагуу тусгай зөвшөөрлүүдийг хариуцагч нь нэхэмжлэгчийн компанид шилжүүлэхтэй холбогдон гарах зардлыг иргэн С.Б- бүрэн хариуцах учраас Томовосс ХХК-д тусгай зөвшөөрлүүдийг шилжүүлэх тухай бичиг баримтуудад Э- ХХК-ийн тамга, тэмдгийг дарж, эрх бүхий этгээд гарын үсгээ зурахыг хариуцагчид даалгахаар шүүх шийдвэрлэх нь нөгөө талд буюу хариуцагчид ямар нэгэн хохирол учруулахгүй арга болох юм. Мөн №1 тоот гэрээний талууд болох иргэн С.Б- болон Э- ХХК нь хоёулаа Ашигт малтмалын лицензийг Ашигт малтмалын тухай хуулийн дагуу заавал тогтвортой үйл ажиллагаа эрхэлдэг, албан татвар төлөгч хуулийн этгээд эзэмших эрхтэй болохыг мэддэг байсан бөгөөд уг 01 тоот гэрээг байгуулсан өдөр иргэн С.Б- нь хувьдаа үйл ажиллагаа явуулдаг өөрийн гэх хуулийн этгээд байхгүй байсан тул №1 тоот гэрээг С.Б- нь тэрээр хожим өөрийнхөө хувь эзэмшдэг компаниудаа ашигт малтмалын маргаан бүхий лицензүүдийг шилжүүлэх гэрээний урьдчилсан нөхцөл болгож №1 тоот гэрээг байгуулсан юм. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагын 2 дахь хэсэгт МV-00 болон MV-00 тоот тусгай зөвшөөрлүүдийг нэхэмжлэгчийн эзэмшлийн Томовосс ХХК-ийн нэр дээр шилжүүлэх тухай бичиг баримтанд хариуцагч тамга, тэмдгийг дарж, эрх бүхий этгээд гарын үсгээ зурахыг даалгах гэсэн шаардлага гаргаж байна гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Уг компанийг 2019 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн Компанийн эрх шилжүүлэх тухай, Хувьцаа худалдах, худалдан авах тухай гэрээний дагуу эрх бүхий улсын бүртгэлийн байгууллага, Татварын байгууллагад холбогдох татвар, хураамжийг төлж, бүртгэл хийлгэн шилжүүлэн авсан. Дээрх шаардлагад дурдагдсан гэрээ нь 2009 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр байгуулагдсан бөгөөд одоогоос 10 жилийн өмнө гэсэн нь тодорхой харагдаж байна. Нэхэмжлэлд: ...энэхүү гэрээ нь өнөөдрийг хүртэл дуусгавар болоогүй, хүчин төгөлдөр байгаа, лицензийн төлбөрийг цаг хугацаанд нь төлж, хайгуулын ажлыг хийж гүйцэтгэсэн, ...гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй саад болж байна гэх үндэслэлийг дурдсан нь үндэслэлгүй нэхэмжлэгчийн хувьд гэрээнээс үүдэлтэй үүргийг биелүүлэхийг шаардах эрх байхгүй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл гэрээнээс үүдэлтэй шаардах эрхийн Иргэний хуулийн 75 дугаар зүйлд хуульчилсан ба 75 дугаар зүйлийн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна гэж зааснаас үзэхэд нэхэмжлэгч иргэн С.Б-ы гаргаж буй шаардлагын хөөн хэлэлцэх хугацаа аль хэдийн дуусгавар болсон бөгөөд ийнхүү худалдах, худалдан авах гэрээ хийгдэхээс өмнө уг шаардлагаа гаргаж гэрээний үүргийг хангуулах байсан боловч тэгээгүй. Гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа нь 3 жил байх нь гэрээний бүх төрөлд хамаарах бөгөөд уг гэрээнд тусгайлсан хөөн хэлэлцэх хугацааг заагаагүй, энэхүү хөөн хэлэлцэх хугацаа нь зөрчигдсөн эрхийг хамгаалуулах эрхийг тодорхойлж буй хугацаа бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс хуульд заасан энэхүү хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д заасан үр дагаварыг үүсгэж байгаа бөгөөд үүрэг гүйцэтгэгчийн зүгээс үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй гэсний дагуу хариуцагчид ийнхүү татгалзах эрх үүссэн. Нөгөөтэйгүүр хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөх явдал нь эрх зүйн харилцааг зогсоож байгаа биш, харин энэ харилцаанаас үүсэх шаардлагыг албадан хангуулах эрхийг хязгаарлаж байгаа гэсэн агуулгаараа хариуцагчийн зүгээс эрт үеийн үүргийн гүйцэтгэлийг хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн хойно шаардах нь үндэслэлгүй тул нэхэмжлэгчийн шаардаж буй үүргийг биелүүлэх, зөвшөөрөх боломжгүй юм. Өмнөх эзэмшигчийн зүгээс уг гэрээг тайлбарлахдаа тухайн үед компани хүнд нөхцөл байдалд байсан, лицензийн төлбөрийг төлөх боломжгүй болоод холбогдох хүмүүст үзүүлж зараад өөрийн гаргасан зардлаа зарсан мөнгөнөөс гаргаж аваарай гэх байдлаар уг гэрээг хийж компаниас 3 жилийн хугацаатай итгэмжлэлийг олгосон байдаг. Бүрмөсөн шилжүүлэх байсан бол компаниас итгэмжпэл өгөх шаардлагагүй бөгөөд 3 жилийн хугацаа өнгөрсний дараа С.Б-аас тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, холбогдох бичиг баримтуудаа шаардсан боловч өгөөгүй тул компанийн зүгээс өргөдөл гаргасны дагуу тусгай зөвшөөрлүүдийн гэрчилгээг гаргуулж авсан гэх тайлбарыг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдаан дээр тайлбарласан байдаг. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 809 дүгээр шийдвэрээр иргэн С.Б-ы гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд уг шийдвэрийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 0003 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 85 дугаар тогтоолоор хэвээр баталж шийдвэрлэсэн. Нэхэмжлэгчийн зүгээс гаргасан нэхэмжлэл нь ямар ч үндэслэлгүй бөгөөд хуулийн дагуу эрх бүхий байгууллагатай харилцан, өөрийн үүргээ биелүүлэн үйл ажиллагаа явуулж буйг үндэслэлгүй гэрээг барин зогсоох, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, бидний хийж гүйцэтгэсэн геологи хайгуулын ажлын үр дүнд бий болсон баримт бичгүүдийг Ашигт малтмалын тухай хууль, Иргэний хууль болон бусад хуулиар ямар ч шаардах эрх зүйн үндэслэлийг олгоогүй гэж үзэж байна. Тус гэрээнд дурдсан тусгай зөвшөөрлүүдийн эх баримт бичгүүдийг тухайн үед иргэн С.Б-д хүлээлгэн өгсөн байсан бөгөөд гэрээний үүргийг биелүүлсэн нь харин ч эсрэгээрээ тус иргэн нь 3 жилийн хугацаанд биелүүлэх байсан үүргээ биелүүлээгүй, авсан гэрчилгээ баримт бичгийг буцааж өгөөгүй нь өмнө гарсан шүүхийн маргаан дээр маш тодорхой нотлогдсон бөгөөд уг гэрээний биелэгдсэн үүргийг одоо биелүүлээгүй мэтээр үндэслэл гарган 10 жилиин дараагаар ийнхүү нэхэмжлэл гаргах нь ямар ч эрх зүйн үндэслэлгүй, мөн хуулийн дагуу компани эзэмшиж үйл ажиллагаа явуулах баримт бичгийг иргэн хүнд өгөх шүүхийн шийдвэр гаргуулах нь бодит байдал шүүхийн шийдвэр биелэгдэх шаардлагыг хангахгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч талаас гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Э- ХХК нь уул, уурхайн чиглэлээр үндсэн үйл ажиллагаа явуулдаг ба ашигт малтмалын ашиглалтын 8865А, 1229A дугаар тусгай зөвшөөрлүүдийг эзэмшдэг. Компанийн зүгээс С.Б-тай 2006 оны 8 сарын 15-ны өдөр хамтран ажиллах гэрээг байгуулж Э- ХХК-ийн 30%-ийн хувьцаа эзэмшигчээр С.Б-ыг 2006 оны 8 сарын 21-ний өдөр улсын бүртгэлд бүртгүүлж, 2009 оны 4 сарын 10-ны өдөр компанийн эрх шилжүүлэх гэрээ, бэлэглэлийн гэрээгээр С.Б- нь Э- ХХК-ийн хувьцааг буцаан шилжүүлэн өгч, хувьцаа эзэмшигчээс хасагдсан. С.Б-тай 2009 оны 4 сарын 10-ны өдөр Гэрээ №1 гэрээг компанийн зүгээс байгуулсан боловч Ар тамсагийн 8865А, 12293А дугаар ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг С.Б-д шилжүүлж өгөөгүй бөгөөд харин Э- ХХК-ийн эзэмшлийн 8865А, 12293A, 12294A тоот тусгай зөвшөөрлүүдийг бусдад /хятад хүмүүст/ үзүүлэх, тусгай зөвшөөрөл эзэмших эрхийг худалдах зорилгоор С.Б- нь компаниас олгосон итгэмжлэл, гэрээг дүр үзүүлж байгуулсан ба өөр аливаа байдлаар компанийн зүгээс компанид ямар ч хөрөнгө оруулаагүй этгээдэд дээрх тусгай зөвшөөрлүүдийг эзэмшиж байсан хувьцаанд тааруулж өгөх асуудал байхгүй, нэхэмжлэгч нь тэр ч бүү хэл компаниас бодит эд хөрөнгийг хувааж авсан үйл баримт байгаа болно. Ашигт малтмалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдан үйл ажиллагаа явуулж байгаа, Монгол Улсад татвар төлөгч хуулийн этгээдэд энэ хуульд өөрөөр заагаагүй бол сонгон шалгаруулалтын журмаар олгоно гэж заасны дагуу талуудын хооронд байгуулагдсан 2009 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн Гэрээ №1 гэх гэрээ нь дээрх хуулийн заалтыг зөрчиж байгаа тул хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулахаар шүүхэд хандаж байна. Иймд Э- ХХК болон С.Б- нарын хооронд байгуулагдсан 2009 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн Гэрээ №1 гэх гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1,56.1.2 дахь хэсэгт заасны дагуу хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Хариуцагч Э- ХХК нь 2009 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр нэхэмжлэгч С.Б- болон Э- ХХК-ийн хооронд байгуулагдсан 01 дугаартай гэрээ нь хууль зөрчсөн, дүр үзүүлсэн хэлцэл тул хүчин төгөлдөр бус гэж үзэж нэхэмжлэл гаргасныг нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Учир нь сөрөг нэхэмжлэлд дурьдсан Ашигт малтмалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн агуулга 01 тоот Гэрээ-нд огт тусгагдаагүй буюу маргаан бүхий ашигт малтмалын лицензүүдийг Иргэн С.Б-д шилжүүлэх талаар огт дурдагдаагүй юм. Тиймээс гэрээг дээрх хуульд заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бус гэж тооцох боломжгүй юм. Үүнээс гадна Гэрээ-ний талууд гэрээнд заасан үүргийг биелүүлэх зорилгоор 2009-2015 оны 10 дугаар сарыг хүртэл идэвхтэй үйлдлүүд хийж ирсэн нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогддог. Тиймээс үүнийг /01 тоот гэрээг/ хэн нэгэнд үзүүлэх, харуулах зорилгоор дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж үзэх үндэслэлгүй юм. Харин 2015 оны 10-р сард Э- ХХК нь гэрээний үүргээ биелүүлэхээс санаатайгаар зайлсхийж, тусгай зөвшөөрлүүдийн гэрчилгээг үрэгдүүлсэн гэж АТГ-т худал мэдүүлж шинээр гэрчилгээ нөхөн авснаар иргэн С.Б-ы эрх зөрчигдсөн юм. Сөрөг нэхэмжлэлд тухайн үед байгуулсан гэрээний заалтыг хийсвэрээр урвуулан тайлбарлаж, гэрээ байгуулах болсон нөхцөл байдлыг хариуцагч зохиомол байдлыг бий болгон тайлбарлаж байгаа хэдий ч гэрээний талууд хүсэл зоригоо хуулийн дагуу илэрхийлж, гэрээнээс бий болох үр дагаврыг ухамсарлан ойлгож, нотариатаар гэрчлүүлэн баталгаажуулсан 01 тоот гэрээ нь хүчин төгөлдөр хэлцэл мөн байх тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3, 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.1, 56.1.2, 75 дугаар зүйлийн 75.1, 75.2.1, 189 дүгээр зүйлийн 189.5-д зааснаар нэхэмжлэгч С.Б-ы гаргасан хариуцагч Э- ХХК-д холбогдох Э- ХХК-ийн эзэмшлийн Булган аймгийн Бүрэгхангай сумын нутагт орших ашигт малтмалын ашиглалтын Ар тамсаг 1-2 нэртэй 812 гектар талбайг хамрах MV-00 /хуучнаар 8885А/ тоот, Төв аймгийн Заамар сумын нутагт орших ашигт малтмалын ашиглалтын Ар тамсаг 1-3-2 талбайг хамрах MV-00 /хуучнаар 12294А/ тоот тусгай зөвшөөрлүүдийн гэрчилгээний эх хувийг нэхэмжлэгчид хүлээлгэн өгөх үүргээ биелүүлэхийг, Ашигт малтмалын MV-00 болон MV-00 тоот тусгай зөвшөөрлүүдийг нэхэмжлэгч С.Б-ы эзэмшлийн Томовосс ХХК-ийн нэр дээр шилжүүлэх тухай бичиг баримтанд Э- ХХК нь тамга тэмдгийг дарж, эрх бүхий этгээд гарын үсгээ зурахыг тус тус даалгах тухай нэхэмжлэл,

Хариуцагч Э- ХХК-ийн гаргасан нэхэмжлэгч С.Б-д холбогдох Э- ХХК болон С.Б- нарын хооронд байгуулагдсан 2009 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 01 тоот гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлүүдийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч С.Б-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210 600 төгрөг, хариуцагч Э- ХХК-иас сөрөг нэхэмжлэлд төлсөн улсын тэмдэгтийн хураамжийн 537 950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэглэх ёстой хуулийн заалтыг хэрэглээгүй, үндэслэлгүй дүгнэлт хийсэн гэдэг үндэслэлээр энэхүү гомдлыг гаргаж байна. 1997 оны Ашигт малтмалын тухай хуулийн 17, 18 дугаар зүйлд заасны дагуу анх "Хос Хас" ХХК нь маргаан бүхий ашигт малтмалын ашиглалтын 8865А/МҮ-019852/, 12294А /МҮ-00/ тоот тусгай зөвшөөрлүүдийг хайгуулын талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсэж ашиглалтын тусгай зөвшөөрөл авсан. Энэхүү өмнөх хуулийн зохицуулалтаар тухайн хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл олгоход ашигт малтмалын ямар төрлийн ашигт малтмал байгаа, түүний хэмжээ ямар вэ гэдгийг тодорхой баталгаатай мэдээлэл авахыг шаарддаггүй байсан. 2006 оны Ашигт малтмалын тухай хуулиар ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл авахад 25 дугаар зүйлд заасан шаардлагыг хангах ёстой юм. 25 дугаар зүйлийн 25.1.5-д хайгуулын ажлын үр дүнгийн тайланг хэлэлцэн хүлээж авсан Эрдэс баялгийн зөвлөлийн тэмдэглэл, төрийн захиргааны байгууллагын шийдвэр -ийг шаарддаг. Тухайн хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбайд хайгуулын ажил хийж гүйцэтгэсний улмаас уг газар ямар төрлийн ашигт малтмал, ямар хэмжээтэй байгаа, мөн тухайн ашигт малтмалыг олборлоход эдийн засгийн үр ашиг байгаа эсэхийг нь тогтоодог. Энэ нь тогтоогдсон тохиолдолд Эрдэс баялагийн мэргэжпийн зөвлөлийн тэмдэглэл гарч, уг газарт байгаа нөөцийг баталдаг. Энэхүү нөөцийг баталснаар 2006 оны Ашигт малтмалын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.6-д заасан тусгай зөвшөөрлийг шилжүүлэх, буцаан өгөх, 49 дүгээр зүйлд заасан 49.1, 49.2, 49.3-д заасан нөхцлийн дагуу бүхэлд нь эсхүл хэсэгчлэн шилжүүлэх, худалдах боломжтой болдог юм. Энэхүү нөөц батлагдснаар тухайн тусгай зөвшөөрлийг ямар үнээр худалдах, төр уг худалдаж байгаа тохиолдолд хэдий хэмжээний татвар авах асуудлаар дүгнэлт үнэлгээ гаргах боломж бүрдэж байгаа. Э- ХХК нь Хос хас ХХК-аас уг маргаан бүхий ашигт малтмалын ашиглалтын 2 тусгай зөвшөөрлийг 2006 оны 12 дугаар сарын 18-ний өдөр 12294А, 2007 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 8865А тоот тусгай зөвшөөрлүүдийг нөөцгүйгээр нь шилжүүлэн авсан байна. 2006 оны 07 дугаар сарын 08-ний өдрөөс шинэ Ашигт малтмалын тухай хууль батлагдсан. 2009 оны 4 дүгээр сарын 10-ний өдөр Э- ХХК иргэн Б- нар тусгай зөвшөөрөл шилжүүлэх хэлцэл байгуулсан. 2009 оны 11 дүгээр сарын 12 өдөр нийт 3 лицензээс 12293А тоот тусгай зөвшөөрлийг Э- ХХК-наас Б- Собт трейд ХХК-д шилжүүлсэн. Үлдэгдэл 2 тусгай зөвшөөрлийг гэрээнд заасан хугацаанд шилжүүлэх арга хэмжээ авах гэтэл 2009 оны 7 дугаар сарын 16-ны өдөр батлагдсан Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль батлагдаж түүний дагуу Мэргэжлийн хяналтын газраас 2010 оны 2 дугаар сараас эхэлж Ашигт малтмалын газарт хяналт орж Үндэсний аюлгүй байдлын зөвлөлөөс тусгай зөвшөөрлийн шилжилт хөдөлгөөнийг хориглосон, мөн энэ хугацаанд 2010 оны 2 дугаар сараас Ерөнхийлөгчөөс тусгай зөвшөөрөл олголт, шижилт хөдөлгөөний зогсоосон байсан бөгөөд эцэст нь 2010 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгохыг хориглох тухай хууль батлагдаж Ашиглалтын тусгай зөвшөөрөл шилжүүлэх боломжтой болсон. Гэвч 2010 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн 08/01/1454 тоот Улсын байцаагчийн дүгнэлт гарж тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрхийг түдгэлзүүлсэн. Уг дүгнэлтээр 2006 оны Ашигт малтмалын тухай хууль батлагдсантай холбоотойгоор Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл 1997 оны Ашигт малтмалын тухай хуулийн дагуу авсан хэдий ч нөөцөө батлуулаагүй тохиолдолд шилжилт хөдөлгөөнийг хориглосноос гадна, 2006 оны Ашигт малтмалын тухай хуулийн дагуу нөөцөө бүртгүүлэхийг шаардснаар уг маргаан бүхий тусгай зөвшөөрлүүдийг шилжүүлэх боломжгүй болсон. 2009 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн гэрээний дагуу уг маргаан бүхий 2 тусгай зөвшөөрлийг 2006 оны Ашигт малтмалын тухай хуулийн дагуу шилжүүлэх боломжтой болох хугацаа нь Ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.5-д хайгуулын ажпын үр дүнгийн тайланг хэлэлцэн хүлээж авсан Эрдэс баялгийн зөвлөлийн тэмдэглэл, төрийн захиргааны байгууллагын шийдвэр гаснаар тусгай зөвшөөрөл шилжүүлэх боложтой. Өнөөдрийн байдлаар С.Б- нь 8865А, 12294А тоот тусгай зөвшөөрлийн Эрдэс баялагийн мэргэжлийн зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлэх нөөцийн тайланг гэрээний дагуу бусдаар гүйцэтгүүлж 2014 оны 06 дугаар сард Ган-Очир гэдэг хүнээс авсан юм. Тэгээд түүний батлуулах талаар арга хэжмээ авч байх хооронд Э- ХХК нь гэрээний үүргээ зөрчиж ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдээ 2015 онд алга болгосон гэдэг үндэслэлээр нөхөж авсан. Эдгээр үндэслэлээр анхан шатны шүүх гомдлын шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг тоолохдоо 2009 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр, нотариатаар батлуулсан огноог үзвэл 2009 оны 11 дүгээр сараас эхлэн тооцож 3 жил гэж дүгнэж 2012 оны 11 дүгээр сараас 3 жил гэж дүгнэж 2015 оны 11 дүгээр сар хүртэл гомдлын шаардлага гаргах эрх нь дууссан. Гэвч гомдлын шаардлага гаргах хугацаа нь тусгай зөвшөөрөл шилжүүлэх боломжгүй болсон үеээс эхэлж тооцох ёстой. Өөрөөр хэлбэл маргаан бүхий ашигт малтамлын ашиглалтын тусгай зөвшөөрлийн нөөц нь батлагдснаар тусгай зөвшөөрөл шилжүүлэх боломжтой болсон байхад шилжүүлэгүй тохиолдолд гомдпын шаардлага гаргах ёстой. Иймд шүүхээс хөөн хэлэлцэх хугацааг тоолохдоо үндэслэлгүй дүгнэлт хийсэн байх тул шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжпэлийг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Э- ХХК-ийн эзэмшлийн Булган аймгийн Бүрэгхангай сумын нутагт орших ашигт малтмалын ашиглалтын Ар тамсаг 1-2 нэртэй 812 гектар талбайг хамрах MV-00 /хуучнаар 8885А/ тоот, Төв аймгийн Заамар сумын нутагт орших ашигт малтмалын ашиглалтын Ар тамсаг 1-3-2 талбайг хамрах MV-00 /хуучнаар 12294А/ тоот тусгай зөвшөөрлүүдийн гэрчилгээний эх хувийг нэхэмжлэгчид хүлээлгэн өгөх үүргээ биелүүлэх, ашигт малтмалын MV-00 болон MV-00 тоот тусгай зөвшөөрлүүдийг нэхэмжлэгч С.Б-ы эзэмшлийн Томовосс ХХК-ийн нэр дээр шилжүүлэх тухай бичиг баримтад Э- ХХК нь тамга, тэмдгийг дарж, эрх бүхий этгээд гарын үсгээ зурахыг тус тус даалгах тухай шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргасан.

Анхан шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тодруулалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль 168.1.1-т заасан үндэслэлд хамаарч байна.

Шүүхээс нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлтэй эсэхийг шийдвэрлэхийн тулд талуудын хоорондын гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар дүгнэлт өгөх ёстой. Түүнчлэн, гэрээ хүчин төгөлдөр байгаа тохиолдолд гэрээний үүргийг шаардах хугацааны талаар дүгнэлт өгөх юм. Шүүх хөөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон байна.

Гэрээний дагуу үүрэг гүйцэтгэх хугацаа тодорхой байгаа нөхцөлд талууд Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт зааснаар үүргээ зохих ёсоор гүйцэтгэх, үүргийг гүйцэтгэвэл зохих байсан хугацаанаас эхлэж хөөн хэлэлцэх хугацааг тоолох боломжтой болох юм.

Хэргийн баримтаас үзэхэд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т зааснаар хөөн хэлэлцэх хугацааг тоолоход ач холбогдолтой үйл баримт тогтоогдоогүй, хариуцагч тал буюу Э- ХХК-ийн 2009 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр байгуулагдсан гэрээний дагуу нэхэмжлэлийн шаардлагад заасан үүргийг биелүүлэх ёстой байсан хугацааг тоолох боломжгүй байна.

Үүргийн гүйцэтгэх хугацааг хууль болон гэрээгээр заагаагүй тохиолдолд үүргийг үүрэг гүйцэтгүүлэгч шаардсан үеэс нэн даруй биелүүлэх талаар Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.2 дахь хэсэгт заасан. Лицензийг захиран зарцуулахтай холбоотой үүргийг гүйцэтгэх хугацаатай холбоотой үйл баримт тодорхой бус байхад анхан шатны шүүхээс Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т заасныг шууд тайлбарлан хэрэглэсэн нь буруу юм.

Түүнчлэн талуудын хоорондын гэрээний агуулгыг зөв тодорхойлох нь зүйтэй байна.

Гуравдагч этгээдэд ашигтай буюу нэхэмжлэгчийн заасан этгээдэд үүргийг биелүүлэх агуулгатай шаардлага гаргаж байгаа тохиолдолд уг гэрээ нь эрх бүхий этгээдийн зөвшөөрлөөр хийгдэх бөгөөд тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд хуулиар тодорхой эрхээс гадна үүрэг хүлээлгэсэн байдаг.

Томовосс ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигчээр С.Б- бүртгэлтэй гэх лавлагаа хэрэгт авагдсан байх боловч тухайн хэрэгт Томовосс ХХК-ийн эрх ашиг, сонирхол хөндөгдөх эсэхийг тодруулах шаардлагатай.

Тусгай зөвшөөрлийн гэрчилгээний эх хувь баримт бичгийг гаргуулах, гарын үсэг зуруулж Э- ХХК-ийн тамга даруулах гэсэн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тодорхой бус байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлд зааснаар хэрэв тодорхой бус нэхэмжлэлийн шаардлагыг шүүх нэгэнт хүлээн авч иргэний хэрэг үүсгэсэн бол нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тодруулж, хэргийг шийдвэрлэх шаардлагатай.

Талууд лиценз буюу тусгай зөвшөөрлийг шилжүүлэхдээ төрийн захиргааны эрх бүхий байгууллагын шийдвэрээр шилжүүлэх бөгөөд тухайн хэрэгт зөвшөөрлийг шилжүүлэх асуудлыг шийдвэрлэдэг эрх бүхий байгууллагын эрх ашиг хөндөгдөх эсэх, гуравдагч этгээдээр татан оролцуулах шаардлагатай эсэхийг тодруулсны үндсэн дээр хэргийг шийдвэрлэх боломжтой болно. Гэрээ байгуулах үндэслэл болж байгаа ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг өөр этгээдийн нэр дээр шилжүүлэх үүргийг бодитойгоор гүйцэтгэх /шилжүүлэх/ үйлдлийг хийх боломжтой эсэх нөхцөл байдлыг тогтоож байж хэргийг эцэслэн шийдвэрлэх, шүүхийн шийдвэр биелэгдэх боломжтой гарах юм.

Иргэний хуулийн 220 дугаар зүйлд нөхцөл байдал өөрчлөгдсөнөөс үүрэг гүйцэтгэх боломжгүй болох нөхцлүүд үүссэн эсэх, талууд өөрчлөгдсөн нөхцөл байдалд гэрээг нийцүүлэхийг шаардах эрхтэй эсэх талаар шүүх дүгнэлт өгөөгүй байна.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр буцааж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 13-ний өдрийн 182/ШШ2020/01091 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсгүүдэд зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 

Ш.ОЮУНХАНД