Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 001/ХТ2022/00716

 

 С.Бы нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Б.Мөнхтуяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 182/ШШ2020/01091 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 1430 дугаар магадлалтай,

С.Бы нэхэмжлэлтэй

“Э М” ХХК-д холбогдох

“Э М” ХХК-ийн эзэмшлийн Булган аймгийн Бүрэгхангай сумын нутагт орших ашигт малтмалын ашиглалтын А Т1-2 нэртэй 000 гектар талбайг хамрах MV-0000000 тоот, Төв аймгийн Заамар сумын нутагт орших ашигт малтмалын ашиглалтын А Т1-3-2 талбайг хамрах MV-0000000 тоот тусгай зөвшөөрлүүдийн гэрчилгээний эх хувийг нэхэмжлэгчид хүлээлгэн өгөх үүргээ биелүүлэхийг,

MV-0000000 болон MV-0000000 тоот тусгай зөвшөөрлүүдийг нэхэмжлэгч С.Бы эзэмшлийн “Т” ХХК-ийн нэр дээр шилжүүлэх тухай бичиг баримтад “Э М” ХХК нь тамга, тэмдгийг дарж, эрх бүхий этгээд гарын үсгээ зурахыг тус тус даалгах тухай үндсэн нэхэмжлэлтэй, “Э М” ХХК болон С.Б нарын хооронд байгуулагдсан 2009.04.10-ны өдрийн №1 дугаар гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн төлөөлөгч Д.Баяраа, түүний өмгөөлөгч Ц.Энхбаяр нарын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Урангэрэл, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Батбаатар, хариуцагчийн төлөөлөгч Д.Баяраа, хариуцагчийн өмгөөлөгч А.Мөнх-Өлзий, Б.Өлзий-Орших, Н.Мандах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. С.Б нь “Э М” ХХК-д холбогдуулан “Э М” ХХК-ийн эзэмшлийн Булган аймгийн Бүрэгхангай сумын нутагт орших ашигт малтмалын ашиглалтын А Т1-2 нэртэй 000 гектар талбайг хамрах MV-0000000 тоот, Төв аймгийн Заамар сумын нутагт орших ашигт малтмалын ашиглалтын А Т1-3-2 талбайг хамрах MV-0000000 тоот тусгай зөвшөөрлүүдийн гэрчилгээний эх хувийг нэхэмжлэгчид хүлээлгэн өгөх үүргээ биелүүлэхийг, MV-0000000 болон MV-0000000 тоот тусгай зөвшөөрлүүдийг нэхэмжлэгч С.Бы эзэмшлийн “Т” ХХК-ийн нэр дээр шилжүүлэх тухай бичиг баримтад “Э М” ХХК нь тамга, тэмдгийг дарж, эрх бүхий этгээд гарын үсгээ зурахыг тус тус даалгах тухай үндсэн нэхэмжлэлийг, “Э М” ХХК болон С.Б нарын хооронд байгуулагдсан 2009.04.10-ны өдрийн №1 дугаар гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус гаргажээ. Хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

2. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 182/ШШ2020/01091 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3, 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.1, 56.1.2, 75 дугаар зүйлийн 75.1, 75.2.1, 189 дүгээр зүйлийн 189.5-д зааснаар нэхэмжлэгч С.Бы гаргасан хариуцагч Э М ХХК-д холбогдох Э М ХХК-ийн эзэмшлийн Булган аймгийн Бүрэгхангай сумын нутагт орших ашигт малтмалын ашиглалтын А Т1-2 нэртэй 000 гектар талбайг хамрах MV-0000000 /хуучнаар 0000А/ тоот, Төв аймгийн Заамар сумын нутагт орших ашигт малтмалын ашиглалтын А Т1-3-2 талбайг хамрах MV-0000000 /хуучнаар 00000А/ тоот тусгай зөвшөөрлүүдийн гэрчилгээний эх хувийг нэхэмжлэгчид хүлээлгэн өгөх үүргээ биелүүлэхийг, Ашигт малтмалын MV-0000000 болон MV-0000000 тоот тусгай зөвшөөрлүүдийг нэхэмжлэгч С.Бы эзэмшлийн Т ХХК-ийн нэр дээр шилжүүлэх тухай бичиг баримтанд Э М ХХК нь тамга тэмдгийг дарж, эрх бүхий этгээд гарын үсгээ зурахыг тус тус даалгах тухай нэхэмжлэл,

Хариуцагч Э М ХХК-ийн гаргасан нэхэмжлэгч С.Бд холбогдох Э М ХХК болон С.Б нарын хооронд байгуулагдсан 2009 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 01 тоот гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлүүдийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч С.Баас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210.600 төгрөг, хариуцагч Э М ХХК-иас сөрөг нэхэмжлэлд төлсөн улсын тэмдэгтийн хураамжийн 537.950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 1430 дугаар магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 13-ний өдрийн 182/ШШ2020/01091 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн төлөөлөгч Д.Баяраа хяналтын гомдолдоо: ...Шийдвэрийг, магадлалыг эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна. Магадлалд: Анхан шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тодруулалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасан үндэслэлд хамаарч байна. “Гэрээний хүчин төгөлдөр байдалд дүгнэлт өгөх ёстой байтал өгөлгүйгээр шууд хөөн хэлэлцэх хугацаагаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон, нөхцөл байдал өөрчлөгдсөнөөс үүрэг гүйцэтгэх боломжгүй болох нөхцөлүүд үүссэн эсэх, талууд өөрчлөгдсөн нөхцөл байдалд гэрээг нийцүүлэхийг шаардах эрхтэй эсэх талаар дүгнэлт өгөөгүй нь буруу” гэжээ. 1. Нэхэмжлэлийн шаардлага үндэслэлийг тодруулаагүй гэсэн үндэслэлийн тухайд: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т “Нэхэмжлэгч гэж хуульд заасан эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэж эрхээ сэргээлгэхээр өөрийн болон бусдын нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргагч этгээдийг хэлнэ...” 25 дугаар зүйлийн 25.2.2-д “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх” гэж заасан бөгөөд уг агуулгаас үзэхэд нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага түүний үндэслэлээ өөрөө тодорхойлж, нотлохоор байна. Гэтэл давж заалдах шатны шүүхээс үүнийг шүүх тодруулаагүй гэж байгаа нь хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн байдал, үндэслэлээ бичгээр тайлбарласан байдал болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбаруудаар үгүйсгэгдэх бөгөөд юу хүсч байгаа ямар үндэслэл нотлох баримтыг голчлон тайлбарлаж байгаа нь шүүх хуралдааныг хэлэлцэх явцад тодорхой болсон бөгөөд хариуцагч талаас тухайн үндэслэлүүдэд нь холбогдуулан тайлбар хийсэн болно. Тиймээс нэгэнт шүүх нэхэмжлэлийг хүлээн авсан тул тодруулах ёстой гэх байдлаар анхан шатны шийдвэрийг хүчингүй болгож байгаа нь нэг талаас хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн, нөгөө талаас шүүхийн нэгэнт хийж гүйцэтгэсэн ажлыг дахин хийлгэхээр буцааж байгаа нь хэргийг анхан шатны журмаар дахин хэлэлцүүлэх шаардлага, үндэслэлд нийцээгүй гэж үзэж байна. 2. Гэрээ хүчин төгөлдөр эсэхэд дүгнэлт өгөөгүй гэх тухайд: С.Бы нэхэмжлэлтэй, “Э М” ХХК-д холбогдуулан гаргасан 2009.04.10-ны өдрийн 01 тоот гэрээг хүчин төгөлдөр эсэх талаар дүгнэлт өгөөгүй гэх боловч анхан шатны шүүхийн шийдвэрт гэрээгээр юуг тохиролцсон нэхэмжлэгчээс гэрээтэй холбоотойгоор ямар шаардлага гаргаж байгаа одоо уг гэрээний үүргийг биелүүлэхийг шүүхээс даалгах боломжтой эсэх асуудлыг шийдвэрлэж байгаа нь гэрээ түүний хүчин төгөлдөр байдлыг дүгнэсэн, гэрээ хэдий хүчин төгөлдөр байгаа боловч түүнийг биелүүлэх үүргийн шаардах эрхийн хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тул нэхэмжлэлийг хангах боломжгүй тухай маш тодорхой, ойлгомжтой дүгнэлтийг хийсэн байхад анхан шатны шүүхийн шийдвэрийг буруутгасан нь үндэслэлгүй болсон. Түүнчлэн хариуцагч талаас гаргасан гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах сөрөг нэхэмжлэлийг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь өөрөө шүүхээс тус гэрээг хүчин төгөлдөр байгааг хэдий нь дүгнэсэн гэж үзэхээр байна. Нөгөөтээгүүр гэрээний хүчин төгөлдөр эсэх асуудлыг дүгнэлгүйгээр шууд хөөн хэлэлцэх хугацаагаар дүгнэх нь буруу бөгөөд тухайн гэрээг анхан шатны шүүхээс хүчин төгөлдөр гэрээ гэж үзсэн, харин үүргийн гүйцэтгэлийг хангуулах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж дүгнэсэн нь хуульд нийцсэн юм. 3. Хөөн хэлэлцэх хугацааг тоолох ач холбогдол бүхий үйл баримт тогтоогдоогүй, хугацааг тоолох боломжгүй гэх дүгнэлтийн тухайд: Анхан шатны шүүхээс Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасныг зөв тайлбарлан хэрэглэсэн бөгөөд хөөн хэлэлцэх хугацааг тоолох ач холбогдол бүхий үйл баримтыг зөвөөр тогтоосон, энэхүү үйл баримт хэрэгт авагдсан баримтуудаар маш тодорхой тогтоогдсон байхад уг үйл баримтыг ямар баримтаар шалгаж тогтоогоогүй гэж буруутгаж, үүнтэй холбоотой ажиллагаа хий гэдэг нь давж заалдах шатны шүүхийн магадлалд тодорхой бус ойлгомжгүй байна. Зүй нь анхан шатны шүүхийн дүгнэлт, хэрэгт авагдсан баримтуудыг үгүйсгэж байгаа тохиолдолд үндэслэл болгож буй эх сурвалж нь тодорхойгүй, тухайн үйл баримтад холбогдуулан Гэрээний хөөн хэлэлцэх хугацааг тодорхойлсон заалтыг баримталж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий бөгөөд Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д заасныг энэ тохиолдолд хэрэглэх боломжгүй бөгөөд нарийвчилсан хугацаа тоолох заалтыг баримталсан нь зүйтэй гэж үзэж байна. 4. Нөхцөл байдал өөрчлөгдсөнөөс үүрэг гүйцэтгэх боломжгүй болох нөхцөлүүд үүссэн эсэх гэх дүгнэлтийн тухайд: Иргэний хуулийн 220 дугаар зүйлд зааснаар Тэрээ байгуулах үндэслэл болсон нөхцөл байдал гэрээ байгуулсны дараа илтэд өөрчлөгдсөн, ийнхүү өөрчлөгдөхийг талууд урьдчилан мэдэж байсан бөгөөд гэрээг байгуулахгүй байх буюу өөр агуулгаар байгуулах боломжтой байсан бол гэрээг өөрчлөгдсөн нөхцөл байдалд нийцүүлэхийг талууд харилцан шаардах эрхтэй” гэж зааснаас үзвэл маргаж буй 2009 оны 01 тоот гэрээ нь 2006 онд батлагдсан ашигт малтмалын тухай хуулиас 3 жилийн дараа байгуулагдсан бөгөөд талууд аль аль нь нөөц батлагдсанаар лиценз шилжигдэнэ гэдгийг гэрээ байгуулах үед мэдэж байсан болно. Нэхэмжлэгч талаас тайлбарлаад буй нөөц батлагдсанаар шилжүүлэх боломжтой болох байсан, төрийн байгууллагаас шийдвэр гарсан зэрэг үндэслэлүүд нь 2009 оны 01 тоот гэрээнд зааснаас үзвэл гэрээтэй холбоотой бүхий л эрсдэлийг нэхэмжлэгч тал дангаар хариуцахаар харилцан тохиролцсон байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч тал хөөн хэлэлцэх хугацааны дотор нөөц батлуулах арга хэмжээг авч чадаагүй нь Иргэний хууль заасан нөхцөл байдал өөрчлөгдсөн үндэслэлд хамаарахгүй юм. Гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа нь 3 жил байх нь гэрээний бүх төрөлд хамаарах бөгөөд уг гэрээнд тусгайлсан хөөн хэлэлцэх хугацааг заагаагүй, энэхүү хөөн хэлэлцэх хугацаа нь зөрчигдсөн эрхийг хамгаалуулах эрхийг тодорхойлж буй хугацаа бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс хуульд заасан энэхүү хугацаанд зөрчигдсөн гэх эрхээ хамгаалуулах талаар шаардлага гаргаагүй нь Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д заасан үр дагаврыг үүсгэж байгаа бөгөөд үүрэг гүйцэтгэгчийн зүгээс үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй гэсний дагуу хариуцагчид ийнхүү татгалзах эрх үүссэн. Нөгөөтээгүүр хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөх явдал нь эрх зүйн харилцааг зогсоож байгаа биш, харин энэ харилцаанаас үүсэх шаардлагыг албадан хангуулах эрхийг хязгаарлаж байгаа гэсэн агуулгаараа хариуцагчийн зүгээс эрт үеийн үүргийн гүйцэтгэлийг хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн хойно шаардах нь үндэслэлгүй талаар анхан шатны шүүхээс зөв тайлбарлан хэрэглэсэн. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

5. Хариуцагчийн өмгөөлөгч Ц.Энхбаяр хяналтын гомдолдоо: Магадлалыг эс зөвшөөрч хариуцагч талаас доорх үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна. Давж заалдах шатны шүүхээс талуудын хооронд байгуулагдсан 01 тоот гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар дүгнэлт өгөх ёстой байсан хэмээн дүгнэлт хийжээ. “Э М” ХХК болон иргэн С.Б нарын хооронд байгуулагдсан 2009.04.10-ны өдөр 01 тоот гэрээ байгуулагдсан бөгөөд уг гэрээгээр “Э М” ХХК-ийн нэр дээрх ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг иргэн С.Бд шилжүүлэн өгөх агуулга бүхий гэрээг байгуулсан байдаг. Ашигт малтмалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт “хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдан үйл ажиллагаа явуулж байгаа, Монгол Улсад татвар төлөгч хуулийн этгээдэд энэ хуульд өөрөөр заагаагүй бол сонгон шалгаруулалтын журмаар олгоно” гэж заасан. Талуудын хооронд байгуулагдсан 01 тоот гэрээ гэх баримт бичиг нь Ашигт малтмалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн заалтыг зөрчиж байгуулагдсан бөгөөд иргэн хүнд ашигт малтмалын ямар ч тусгай зөвшөөрлийг олгохыг хуулиар хориглосон байх тул уг гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2 дахь хэсэгт заасны дагуу хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэж байна. “Т” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигчээр С.Б бүртгэлтэй гэх лавлагаа хэрэгт авагдсан байх боловч тухайн хэрэгт “Т” ХХК-ийн эрх ашиг, сонирхол хөндөгдөх эсэхийг тодруулах шаардлагатай гэж дүгнэжээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2 “Нэхэмжлэгч өөрийгөө өөр этгээдээр солих тухай хүсэлт гаргаагүй, эсхүл зөвшөөрөөгүй бөгөөд тухайн өөр этгээд бие даасан шаардлага гаргасан бол шүүх түүнийг гуравдагч этгээдээр оролцуулж болно”, 29 дүгээр зүйлийн 29.1-д “маргааны зүйлийн талаар бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд шүүхийн шийдвэр гарахаас өмнө уг хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож болно” гэж заасан. “Э М” ХХК нь “Т” ХХК-тай ямар ч байдлаар эрхзүйн харилцаанд оролцоогүй, ийм нэртэй хуулийн этгээд байдаг эсэх талаар шүүхийн шатанд мэдсэн, иргэн С.Бы нэхэмжлэлтэй иргэний хэрэгт зохигчдын зүгээс ямар ч байдлаар гуравдагч этгээдийг оролцуулах тухай хүсэлт гаргаагүй тул тус иргэний хэрэгт “Т” ХХК-ийн эрх ашиг хөндөгдөх боломжгүйн сацуу гуравдагч этгээдээр оролцуулах хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Давж заалдах шатны шүүхээс тусгай зөвшөөрлийн гэрчилгээний эх хувь баримт бичгийг гаргуулах, гарын үсэг зуруулж “Э М” ХХК-ийн тамга даруулах гэсэн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тодорхой бус байна гэж дүгнэжээ. Иргэн С.Б нь “Э М” ХХК-д холбогдуулан 2019.01.10-ны өдөр Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд 2019.06.26-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж нэмэгдүүлсэн, 2019.12.11-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж тодруулсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байгаа. Нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлагаа удаа дараа тодруулж өөрчилсөн, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд нэхэмжлэлийн үндэслэл шаардлагын талаар хангалттай тайлбарласны үндсэн дээр анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна. Иймд магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээн шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

6. Магадлалыг хүчингүй болгуулж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхийг хүссэн хариуцагч, түүний өмгөөлөгчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

7. Нэхэмжлэгч С.Б, хариуцагч “Э М” ХХК-д холбогдуулан Булган аймгийн Бүрэгхангай сумын нутагт орших ашигт малтмалын ашиглалтын А Т1-2 нэртэй 000 гектар талбайг хамрах MV-0000000 /хуучнаар 0000А/ тоот, Төв аймгийн Заамар сумын нутагт орших ашигт малтмалын ашиглалтын А Т1-3-2 талбайг хамрах MV-0000000 /хуучнаар 00000А/ тоот тусгай зөвшөөрлийн гэрчилгээний эх хувийг гаргуулах, эдгээр тусгай зөвшөөрлүүдийг нэхэмжлэгч С.Бы эзэмшлийн “Т” ХХК-ийн нэр дээр шилжүүлэх тухай бичиг баримтад “Э М” ХХК-ийн тамга, тэмдгийг дарж, эрх бүхий этгээд гарын үсгээ зурахыг даалгах нэхэмжлэлийг гаргажээ. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, 2009.04.10-ны өдрийн гэрээ хууль зөрчсөн тул хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгохыг хүссэн сөрөг нэхэмжлэлийг гаргасан байна.

8. Анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэл болон сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн бол давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаажээ.

9. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тодруулаагүй, нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд, хөөн хэлэлцэх хугацааг тоолох журам, талуудын байгуулсан гэрээний агуулга, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзсэн давж заалдах шатны шүүхийн магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д нийцсэн байх тул магадлалыг хэвээр үлдээх үндэслэлтэй байна.

10. Нэхэмжлэгч нь 2009.04.10-ны өдрийн гэрээг үндэслэж, гэрээний үүргийг хангуулах шаардлага гаргаж байгаа тул гэрээний хүчин төгөлдөр байдал, гэрээний агуулга, үүргийн шинж чанар, үүргийг биелүүлэх эрх зүйн үндэслэл, үр дагавар зэрэг эрх зүйн асуудлаар шүүх зайлшгүй дүгнэлт хийх учиртай. Хүсэл зоригийн дагуу эрх, эд юмсыг хууль ёсоор мэдэлдээ авах замаар эзэмшил үүснэ. Хууль болон гэрээнд заасан үндэслэлээр үүссэн эзэмшил нь эрх зүйн үр дагавар буюу шаардах эрхийг үүсгэнэ. Гэрээ агуулгын хувьд хууль зөрчөөгүй, талуудын хүсэл зориг илэрхийлэгдсэн бол хүчин төгөлдөр байна. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “хүлээсэн үүргээ гүйцэтгүүлэх” эрх зүйн хамгаалалтыг заасан бөгөөд энэ нь гэрээ хүчин төгөлдөр нөхцөлд биелэгдэнэ.

11. Нэхэмжлэгч С.Б шүүхэд гаргасан тайлбартаа “...тухайн үед өөрийн эзэмшлийн компани байхгүй учраас “Хос хас” ХХК-иас авсан тусгай зөвшөөрлүүдийг “Э М” ХХК-ийн нэр дээр түр шилжүүлсэн, тус компанийн хувьцааны 30 хувийн эзэмшигч байсан, 2015 он хүртэл тусгай зөвшөөрлийн төлбөрөө өөрөө төлж, хайгуулын ажлыг хийж ЭБМЗөвлөлөөр нөөцөө батлуулсан, “Э М” ХХК-ийн хувьцаа эзэмшигчээс хасагдах үед хариуцагч тусгай зөвшөөрлүүд минийх гэдгийг хүлээн зөвшөөрөөд надад захиран зарцуулах эрх олгосон итгэмжлэл өгч байсан, хариуцагч нь нэг тусгай зөвшөөрлийг миний хүссэнээр “Собт трейд” ХХК-ийн нэр дээр шилжүүлсэн, үлдэх 2 зөвшөөрлийг шилжүүлж өгөхгүй байгаа, тусгай зөвшөөрлийг миний үүсгэн байгуулсан компанид шилжүүлэх талаар 2009.04.10-ны өдрийн гэрээг хариуцагч нь надтай байгуулсан, одоо би өөрийн үүсгэн байгуулсан “Т” ХХК-ийн нэр дээр зөвшөөрлийг шилжүүлэх хүсэлтэй” гэснээс үзэхэд талуудын тохиролцоог тодруулж, маргааны бодит үндэслэл тогтоогдсон байх шаардлагатай.

12. Талууд хоорондоо маргаагүй, Ашигт малтмалын тухай хуульд зааснаар татвараа төлсөн, зохих шаардлагыг хангасан бол тусгай зөвшөөрлийг шилжүүлэх нөхцөл бүрдэнэ. Харин талууд тусгай зөвшөөрлийн эзэмшлийг маргаж буй нь талуудын хооронд хамааралтай бөгөөд гэрээний үүргийг албадан биелүүлэх буюу “тусгай зөвшөөрлийг шилжүүлэх баримт бичигт тамга даруулах, гарын үсэг зуруулах” шаардлага нь зөрчигдсөн эрхийг хамгаалах хууль зүйн арга хэрэгсэл болох эсэх буюу нэхэмжлэлийн энэ шаардлагыг тодруулах шаардлагатай. Талуудын байгуулсан гэрээний агуулгаас үзэхэд хариуцагч “Э М” ХХК нь нэхэмжлэгчийн өмнө үүрэг хүлээсэн, харин уг үүргийг албадан биелүүлэх боломжтой эсэх, үүргийг хэрхэн тодорхойлох, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа хэрхэн тодорхойлох нь ач холбогдолтой байна.

13. Гэрээ байгуулах үндэслэл болсон ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг өөр этгээдийн нэр дээр шилжүүлэх үүргийг бодитойгоор гүйцэтгэх  боломжтой эсэх нөхцөл байдлыг тогтоож байж шүүхийн шийдвэр биелэгдэнэ гэж үзсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна. Түүнчлэн хөөн хэлэлцэх хугацааг тоолох журам, гэрээний нөхцөл, үүрэг гүйцэтгэх хугацааг харьцуулан зохих дүгнэлтийг хийх, Иргэний хуулийн 220 дугаар зүйлд зааснаар нөхцөл байдал өөрчлөгдсөнөөс үүрэг гүйцэтгэх боломжгүй болох нөхцөлүүд үүссэн эсэх, талууд өөрчлөгдсөн нөхцөл байдалд гэрээг нийцүүлэхийг шаардах эрхтэй эсэх талаар анхаарах шаардлагатай гэх дүгнэлт хууль зөрчөөгүй.

14. Иймд хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 1430 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч, түүний өмгөөлөгчийн гомдлыг тус тус хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                      Г.АЛТАНЧИМЭГ

                           ШҮҮГЧИД                                                           Г.БАНЗРАГЧ

                                                                                                       П.ЗОЛЗАЯА

                                                                                                       Б.МӨНХТУЯА

                                                                                                       Х.ЭРДЭНЭСУВД