Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 210/ма2018/00794

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Батзоригийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Мөнхзул, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 101/ШШ2018/00415 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Б.Батзоригийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Жанцан земо ХХК-д холбогдох

 

5 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Б.Батзориг

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Г.Батбаяр

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Жанцан зэмо ХХК-тай 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулж 13 ширхэг гараашийн хаалгыг 1 ширхэгийг нь 800 000 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр тохирч, урьдчилгаа 5 000 000 төгрөгийг авсан. 2017 оны 10 дугаар сарын 20-нд Жанцан зэмо ХХК-д 13 ширхэг хаалгыг хүлээлгэж өгсөн. Жанцан зэмо ХХК нь үлдэгдэл мөнгө болох 5 500 000 төгрөгийг өгөхгүй байгаа тул 5 500 000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Хариуцагч тал цоожоо солиулъя гэсний дагуу би сольж өгөөд 200 000 төгрөг авсан. Цоож эвдрэлгүй байсан, хариуцагч тал түлхүүрний асуудал гаргасан гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Түвшин шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани Б.Батзоригтой 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Иргэн Б.Батзориг нь нэг бүрийн үнэ нь 800 000 төгрөгийн үнэтэй гараашийн 13 ширхэг дулаалгатай хаалгыг хийж 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр өгөхөөр тохиролцож гэрээ байгуулах үед манай байгууллага 5 000 000 төгрөгийг иргэн Б.Батзоригт өгсөн. Гэтэл иргэн Б.Батзоригийн зүгээс 7 ширхэг хаалгыг манайд шилжүүлэн өгсөн. Б.Батзориг нь өөрөө гэрээний үүргээ биелүүлээгүй байж бодит байдлаас илт зөрүүтэй худал тайлбар гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн нийлүүлсэн хаалгануудад эвдрэл гэмтэл гарч байсан. Үүнийг манайх өөрийн зардлаар засварлаж байсан. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Жанцан зэмо ХХК-иас 5 200 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Батзоригт олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 102 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Жанцан зэмо ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 98 150 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Батзоригт олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Түвшин давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Зохигчдын хооронд 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 13 ширхэг хаалгыг иргэн Б.Батзоригоор хийлгэхээр гэрээ байгуулсан. Гэтэл нэхэмжлэгчийн зүгээс манай байгууллагад 7 ширхэг хаалгыг бэлэн болсон талаар хэлсэн. Дээрх 7 ширхэг хаалгыг Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Г.Шагдаржавын гудамж-27 хаягт байрлах Монгол дахь их хөлгөний уламжлалыг хадгалах төв ХХК-ийн байранд буулгуулах хүсэлтэй байгаагаа хэлсэн. Харин үлдэх 6 ширхэг хаалгыг бэлэн болгосон талаар хэлээгүй.

Хариуцагчийн зүгээс 6 ширхэг хаалгыг Монгол дахь их хөлгөний уламжлалыг хадгалах төв ХХК-ийн байранд буулгуулах талаар харилцан тохиролцоогүй байхад анхан шатны шүүх хэт хийсвэр дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч нь хариуцагчид 6 ширхэг хаалгыг шилжүүлэн өгөөгүй тул энэ талаар шаардлага гаргах эрхгүй гэж үзэж байна. Монгол дахь их хөлгөний уламжлалыг хадгалах төв ХХК-ийн нягтлан бодогч тус байгууллагыг төлөөлөх эрх бүхий этгээд биш, хэргийн бодит нөхцөл байдлын талаар мэдээлэл өгсөн гэж үзэх боломжгүй. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Б.Батзориг нь хариуцагч Жанцан зэмо ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 5 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Талуудын хооронд 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр гүйцэтгэгч нь 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл хугацаанд, нэг бүр нь 800 000 төгрөгийн үнэтэй, 13 ширхэг гараашийн хаалгыг 10 400 000 төгрөгөөр хийж гүйцэтгэх, захиалагч нь гэрээнд заасан нөхцөлөөр төлөхөөр тохиролцсон болох нь хэрэгт авагдсан ажил гүйцэтгэх гэрээ, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдсон, нэхэмжлэгч нь урьдчилгаа төлбөрт 5 000 000 төгрөг, цоожны мөнгө 200 000 төгрөг, нийт 5 200 000 төгрөг авсан талаар хэн аль нь маргаагүй байна. /хх 3, 5, 61-70/

 

Шүүх зохигчдын хооронд байгуулагдсан гэрээний харилцааг зөв тодорхойлж Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний үүргийн талаар дүгнэлт хийсэн нь зөв байна.

 

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч нь гэрээний дагуу хийж гүйцэтгэсэн 13 ширхэг хаалгыг Монгол дахь их хөлгөний уламжлалыг хадгалах төв-ийн хашаанд байрлах гараашид суулгасан болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн үзлэгийн тэмдэглэл, үзлэгээр авсан фото зураг, Монгол дахь их хөлгөний уламжлалыг хадгалах төв-ийн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 61/2017 дугаар тодорхойлолт, гэрч Б.Нямдаваа, Ч.Бадарч, Ц.Ундрах нарын мэдүүлгээр нотлогдсон, ажил гүйцэтгэх гэрээний 4.2-т зааснаар ажлыг бүрэн хүлээлгэж өгсөн өдөр үлдэгдэл тооцоо 5 400 000 төгрөгийг төлөхөөр тохиролцсон талуудын тохиролцоо нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д заасан хүчин төгөлдөр хэлцэл тул нэхэмжлэгч Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар гэрээний үүргийг хариуцагчаас шаардах эрхтэй. Иймд шүүх хариуцагч Жанцан зэмо ХХК-иас 5 200 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Батзоригт олгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ. /хх 21, 31-42, 62-67/

 

Харин анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ шийдвэрийн тогтоох хэсэгт нэхэмжлэлээс хэдэн төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож байгаагаа зааж өгөөгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсэгт заасантай нийцээгүй байх тул давж заалдах шатны шүүхээс залруулан өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрт найруулгын хувьд өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 101/ШШ2018/00415 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг олгосугай гэснийг олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 300 000 төгрөг холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн найруулж, шүүхийн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Түвшингийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 98 150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД А.МӨНХЗУЛ

 

Д.ЦОГТСАЙХАН