Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 37

 

 

 

 

 

2018 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 207/МА2018/00037

 

 

*******ын нэхэмжлэлтэй,

хариуцагч*******-д холбогдох

иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Баттөр даргалж, шүүгч С.Уранчимэг, Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 142/ШШ2018/00063 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч : *******ын нэхэмжлэлтэй

Хариуцагч:*******-д холбогдох,

Гэм хорын хохирол 5.023.550 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Барсүрэн, Г.Алтанчимэг нарын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Сарантуул, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Барсүрэн, Г.Алтанчимэг, нарийн бичгийн дарга У.Сүхбаатар нар оролцов.

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие ******* нь 2016 оны 05 сарын 04-ны өдөр Улаанбаатар хотоос Эрдэнэт рүү явахаар*******-ийн хот хоорондын такси үйлчилгээний 06-42 ОРХ дугаартай Соната-7 маркийн машинд сууж Эрдэнэт орохоор явсан юм. Дархан-Уул аймгийн Хонгор сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр болох Цайдамын хөндий гэх газарт машин гэнэт огцом эсрэг урсгалд орсон ба 100 метрийн зайд явж байгаа тоёота приус маркийн 52-38 УНХ дугаартай машин мөргөлдсөн. Энэ ослын улмаас миний биед олон тооны аарцаг ясны хугарал буюу хүнд гэмтэл учирч хөдөлмөрийн чадвар алдалт 6-7 сар алдсан. Энэ гэмтлийн улмаас эмнэлэгт төлбөртэй эмчилгээ сувилгаа хийлгэсэн ба уг эмчилгээний зардлыг жолооч Ц.Баяржаргалын зүгээс 3.000.000 төгрөг төлж өнөөдрийг хүртэл эмчилгээний хохирол зардлыг төлөхгүй намайг хохироож байна. Жолооч Ц.Баяржаргалд холбогдох хэрэг 3 шатны шүүхээр орж 2017 оны 06 дугаар сарын 22-нд Улсын дээд шүүхээр шийдвэрлэгдсэн. Миний төлөгдөөгүй хохирлыг иргэний журмаар шийдвэрлүүл гэсэн тул би энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Одоо төлөгдөөгүй хохирол болох 5.023.550 төгрөгийг тухайн үед хот хоорондын такси үйлчилгээ явуулах эрхтэй машины өмчлөгч*******-аас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Нэхэмжлэгч *******ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Учир нь:

Дархан Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017.01.19-ний 30 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 215.2-т зааснаар Ц.Баяржаргалыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Иргэний хуулийн 497.1-д зааснаар Ц.Баяржаргалыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчсөн зам тээврийн осол гаргаж бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулсан, гэм буруутай болохыг тогтоож, Ц.Баяржаргалаас Иргэний хуулийн 497.1, 505.1-т зааснаар 5.911.000 төгрөгийг гаргуулж Орхон аймгийн Баян Өндөр сум 3-9-25 тоотод оршин суух Очирваань овогт Өлзийбатын Алтансувдад олгохоор шийдвэрлэсэн болно.

Ц.Баяржаргал нь*******-тай байгуулсан гэрээний дагуу өөрийн эзэмшлийн Соната-7 маркийн автомашиныг компанийн эзэмшилд шилжүүлсэн бүртгэлтэй боловч дээрх машиныг өөрийн эзэмшил, ашиглалтанд байлгаж гэрээнд заасан журмын дагуу хот хоорондын зорчигч тээвэрлэх үйлчилгээ үзүүлж байсан.*******-тай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, манай компанид ямар нэгэн албан тушаал эрхэлж байгаагүй болно.*******-тай бүрэн бус тээврийн хэрэгслийг зорчигч тээврийн үйлчилгээнд гаргасан буруутай үйлдэл тогтоогдоогүй. Иргэний хуулийн 4998.2, 499.4-д зааснаар зам тээврийн ослын улмаас хохирогчид учирсан гэм хорын хохирлыг ББ-ОД ХХК төлөх үндэслэлгүй гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 142/ШШ2018/00063 дугаар шийдвэрээр:

Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.4, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан*******-наас 5.023.550 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******ад олгож, Монгол Улсын Иргэний хэргийг шүүхэд хянан ийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжнаас чөлөөлөгдсөн бөгөөд хариуцагчаас 95.327 төрөг гаргуулан Төрийн санд оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Барсүрэн, Г.Алтанчимэг нар давж заалдсан гомдолдоо:

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг бүрэн дүүрэн эргэлзээгүй талаас нь үнэлэлгүй хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна.

Нэхэмжлэгч ******* нь 2016.05.04-ний өдөр Улаанбаатар хотоос Эрдэнэт рүү явахаар жолооч Ц.Баяржаргалын жолоодож явсан түүний өөрийнх нь эзэмшлийн 06-42 ОРХ дугаартай Соната-7 маркийн машинд сууж Эрдэнэт орохоор явах замд буюу Дархан Уул аймгийн Хонгор сумын 1-р багийн нутаг дэвсгэр болох Цайдамын хөндий гэх газарт нойтон цас орж, зам хальтиргаа гулгаатай байхад цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний үзэгдлийг харгалзан хурдыг тохируулж яваагүйгээс замын эсрэг урсгалд орж урсгал сөрж тоёота приус маркийн 52-38 УНХ улсын дугаартай суудлын автомашинтай мөргөлдөж зам тээврийн ослыг гаргасны улмаас Алтансувд нь биедээ гэмтэл авсан. Энэ зам тээврийн осол нь техникийн буюу ашиглалтын буруугаас болоогүй болох нь хот хоорондын зорчигч тээвэрлэх замын хуудас болон хавтаст хэрэгт авагдсан гэрч, хохирогч Ц.Баяржаргал нарын мэдүүлэг, техникийн шинжээчийн 2014.05.24-ны №024 тоот дүгнэлтийн 1-д 06-42 ОРХ улсын дугаартай Соната-7 маркийн тээврийн хэрэгсэл нь Замын хөдөлгөөний дүрмийн 2-р хавсралтын шаардлагыг хангасан тээврийн хэрэгслээр зам тээврийн хөдөлгөөнд оролцсон байна.

Тээврийн хэрэгсэл нь зам, тээврийн хөдөлгөөнд оролцоход техникийн хувьд зөрчилгүй байсан. гэсэн дүгнэлт гарсан нь хариуцагч ББ ОД ХХК нь бүрэн бүтэн замын хөдөлгөөнд оролцох боломжтой тээврийн хэрэгслийг үйлчилгээнд гаргасан. гэсэн дүгнэлт зэргээс харагддаг. Дархан Уул аймаг дах Сум дундын Эрүүгийн хэргийн Анхан шатны шүүхийн 2017.01.19-ний 30 тоот шийтгэх тогтоолоор ЭХ-н 215.2-т зааснаар Ц.Баяржаргалыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон. Жолооч Ц.Баяржаргал нь ББ-ОД ХХК-д 2015.02.10-нд өөрийн эзэмшлийн 06-42 ОРХ Соната-7 маркийн машинаар хот хоорондын зорчигч тээврийн жолоочоор ажиллах, ...тээврийн хэрэгсэл жолоодох

уед жолоочийн буруутай үйлдлээс зам тээврийн осол, зөрчил гаргавал гарсан хохирол эрсдэлийг өөрөө бүрэн хариуцна... гэсэн өргөдөл гаргасныг үндэслэн түүнтэй байгуулсан гэрээний дагуу өөрийн болон эхнэр МЛ уганцэцэгийн эзэмшлийн Соната-7 маркийн автомашиныг компанийн эзэмшилд шилжүүлсэн бүртгэлтэй боловч дээрх машиныг өөрийн эзэмшил, ашиглалтанд байлгаж гэрээнд заасан журмын дагуу хот хоорондын зорчигч тээвэрлэх үйлчилгээ үзүүлж байсан, ББ ОД ХХК-тай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, тус компанид ямар нэгэн албан тушаал эрхэлдэггүй.

Хот хоорондын зорчигч тээврийн ажил үйлчилгээ үзүүлэх гэрээний компанийн хүлээх үүрэгт жолоочийн буруугаас болж учирсан гэм хорын хохирлыг компани хариуцах үүрэг хүлээгээгүй. Харин Ц.Баяржаргал өөрөө гэм хорын хохирлыг хариуцах талаараа өргөдөл компанид гаргасан байдаг. ББ-ОД ХХК нь бүрэн бус тээврийн хэрэгслийг зорчигч тээврийн үйлчилгээнд гаргасан буруутай үйлдэл тогтоогдоогүй. Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны 2017.06.02-ны 152 тоот тогтоолоор анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 5 дахь заалтад өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсэн. Анхан шатны шүүхийн 2017.01.19-ний 30 тоот шийтгэх тогтоолын 7-дах заалтад Иргэний хуулийн 497.2-т зааснаар иргэний хариуцагч ББ-ОД ХХК-г гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэсэн энэ заалт хүчинтэй байгаа.

Дархан Уул аймаг дах Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх иргэний хариуцагч ББ-ОД ХХК-г гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлсөн байхад Иргэний хэргийн шүүх гэм хорын хохирлыг хариуцах үндэстэй гэж үзэж Орхон аймгийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс Иргэний хуулийн 497.1, 499.4, 510.1-д зааснаар ББ-ОД ХХК-иас 5.023.550 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******ад олгохоор шийдвэрлэсэн нь хууль эрх зүйн үндэслэлгүй.******* нь дээрх бодит нөхцөл байдлууд болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар Иргэний хуулийн 497.2-т зааснаар гэм хорын хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэлтэй. Мөн нэхэмжлэгч ******* нь эрүүл мэндэд учирсан хохирлыг нэхэмжилсэн болохоос биш Иргэний хуулийн 510.1-д зааснаар эд хөрөнгөд учирсан хохирлыг нэхэмжлээгүй болно. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч ******* хохирол 5.023.550 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч*******омпани ...жолоочийн буруутай үйлдлийн улмаас автотээврийн осол гарсан нь тогтоогдсон тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргаж мэтгэлцжээ.

Шүүх нэхэмжлэгч *******ыг 2016 оны 5 дугаар сарын 4-ний өдөр авто осолд орж түүний эрүүл мэндэд хүнд зэргийн гэмтэл учирч эмчлүүлснээр гэм хор учирсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон гэсэн дүгнэлт хийж хариуцагч*******омпанид нэхэмжлэгчийн эрүүл мэндэд учирсан 5.023.550 төгрөгийн хохиролыг хариуцуулж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгч ******* нь 2016 оны 5 дугаар сарын 4-ний өдөр УБ хотоос Эрдэнэтийн чиглэлд зорчихдоо нийтийн тээврийн буюу таксийн үйлчилгээний 06-42 ОРХ улсын дугаарын тээврийн хэрэгслээр зорчсон,*******омпани нь гэрээний үндсэн дээр нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэн явуулахдаа Автотээврийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2.11-д зөвхөн өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслээр улс, хот хоорондын нийтийн тээвэр, шуудан тээвэрлэлтийн үйлчилгээ эрхлэнэ гэж заасны дагуу 06-42 улсын дугаартай автотээврийн хэрэгслийг өөрийн өмчлөлд шилжүүлж авч бүртгүүлсэн тэрээр тээврийн хэрэгсэл ашиглагчийг өөрөө томилсны үндсэн дээр жолооч Ц.Баяржаргал тухайн үед таксийн үйлчилгээ эрхэлж байсан болох нь тогтоогдсон байна. /хх-ийн /

Иймд гэм хор шууд учруулаагүй боловч тээврийн хэрэгслээ шилжүүлсэн эсхүл гэм хор учруулсан этгээдэд ашиглах боломж олгосон өмчлөгч буюу эзэмшигчид Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4-т заасан хариуцлага ногдуулахад гэм хор учирсан үйл явдалд гэм буруутай байх шаардлагагүй тул тухайн этгээд гэм буруугүйгээ нотлох үүрэггүй ба тэрээр өөрт учирсан хохиролоо уг автомашиныг жолоодож явсан этгээдээс Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар шаардах эрхийг хязгаарлахгүй, энэхүү шүүхийн шийдвэр саад болохгүйг дурьдах нь зүйтэй.

Нэхэмжлэгч *******ын эрүүл мэндэд хүнд зэргийн гэмтэл үүсч бүгд 8.886.000 төгрөгийн хохирол /360.0+900.000+7626.000төгрөг/ хохирол учирснаас жолооч Ц.Баяржаргал 3.000.000 төгрөгийг төлсөн, үлдэгдэл 5.023.550 төгрөгийн хохиролыг төлөгдөөгүй ба уг хохиролыг үгүйсгэсэн талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасны дагуу үнэлж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам болон хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй, шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан ...Дархан Уул аймаг дах Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх иргэний хариуцагч ББ-ОД ХХК-г гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлсөн тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү... гэх давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

Харин шүүх нэхэмжлэгч *******ын эрүүл мэндэд гэм хорын хохирол учирсан гэж дүгнэсэн атлаа Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлаж хэргийг шийдвэрлэхдээ хууль хэрэглээний алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс залруулж шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулж шийдвэрлэв

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 142/ШШ2018/00063 дугаар шийдвэрийн 1 дэх заалтанд ...510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан... гэснийг ...505 дугаар зүйлийн 505.1-д заасныг баримтлан... гэж өөрчлөлт оруулж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч*******-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 95.327 төгрөгийг төрийн сангаас буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАТТӨР

 

ШҮҮГЧИД С.УРАНЧИМЭГ

 

Б.ОЮУНЦЭЦЭГ