Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 001/ХТ2018/001103

 

Ө.А-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 142/ШШ2018/00063 дугаар шийдвэр,

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 37 дугаар магадлалтай,

Ө.А-ын нэхэмжлэлтэй,

“Б” ХХК-д холбогдох,

Гэм хорын хохиролд 5.023.550 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Барсүрэн, Г.Алтанчимэг нарын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Сарантуул, хариуцагчийн өмгөөлөгч Д.Барсүрэн, нарийн бичгийн дарга Э.Боролдой  нар оролцов.

Нэхэмжлэгч Ө.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би  2016 оны 05 сарын 04-ны өдөр Б ХХК-ийн хот хоорондын такси үйлчилгээний 06-42 ОРХ дугаартай Соната-7 маркийн машинд сууж Улаанбаатар хотоос Эрдэнэт орохоор явсан. Дархан-Уул аймгийн Хонгор сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр болох Цайдамын хөндий гэх газарт машин гэнэт огцом эсрэг урсгалд орсон ба 100 метрийн зайд явж байгаа тоёота приус маркийн 52-38 УНХ дугаартай машин мөргөлдсөн. Энэ ослын улмаас миний биед олон тооны аарцаг ясны хугарал буюу хүнд гэмтэл учирч хөдөлмөрийн чадвараа 6-7 сар алдсан. Энэ гэмтлийн улмаас эмнэлэгт төлбөртэй эмчилгээ сувилгаа хийлгэсэн ба уг эмчилгээний зардалд жолооч Ц.Баяржаргал 3.000.000 төгрөг төлж өнөөдрийг хүртэл эмчилгээний хохирол зардлыг бүрэн төлөхгүй хохироож байна. Одоо төлөгдөөгүй хохирол болох 5.023.550 төгрөгийг тухайн үед хот хоорондын такси үйлчилгээ явуулах эрхтэй машины өмчлөгч Б ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч “Б” ХХК-д шүүхэд гаргасан тайлбартаа: Дархан Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017.01.19-ний 30 тоот шийтгэх тогтоолоор Ц.Баяржаргалаас Иргэний хуулийн 497.1, 505.1-т зааснаар 5.911.000 төгрөгийг гаргуулж Орхон аймгийн Баян Өндөр сум 3-9-25 тоотод оршин суух Очирваань овогт Өлзийбатын Алтансувдад олгохоор шийдвэрлэсэн. Ц.Баяржаргал нь Б ХХК-тай байгуулсан гэрээний дагуу өөрийн эзэмшлийн Соната-7 маркийн автомашиныг компанийн эзэмшилд шилжүүлсэн бүртгэлтэй боловч дээрх машиныг өөрийн эзэмшил, ашиглалтад байлгаж гэрээнд заасан журмын дагуу хот хоорондын зорчигч тээвэрлэх үйлчилгээ үзүүлж байсан. Б ХХК-тай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, манай компанид ямар нэгэн албан тушаал эрхэлж байгаагүй болно. Зам тээврийн ослын улмаас хохирогчид учирсан гэм хорын хохирлыг Б ХХК төлөх үндэслэлгүй гэжээ.

Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 142/ШШ2018/00063 дугаар шийдвэрээр: Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.4, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан Б ХХК-наас 5.023.550 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ө.А-ад олгож, Монгол Улсын Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн бөгөөд хариуцагчаас 95.327 төрөг гаргуулан Төрийн санд оруулж шийдвэрлэжээ.

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 37 дугаар магадлалаар: Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 142/ШШ2018/00063 дугаар шийдвэрийн 1 дэх заалтанд ...510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан... гэснийг ...505 дугаар зүйлийн 505.1-д заасныг баримтлан... гэж өөрчлөлт оруулж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч Б ХХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 95.327 төгрөгийг төрийн сангаас буцаан олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Барсүрэн, Г.Алтанчимэг нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Орхон аймаг дах Сум дундын Иргэний хэргийн Анхан шатны шүүхийн 2018.01.15-ны 142/ШШ2018/00063 тоот шийдвэр, Орхон аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2018.03.15-ны 37 тоот магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Техникийн шинжээчийн 2014.05.24-ны №024 тоот дүгнэлтийн 1-д “06-42 ОРХ улсын дугаартай Соната-7 маркийн тээврийн хэрэгсэл нь Замын хөдөлгөөний дүрмийн 2-р хавсралтын шаардлагыг хангасан тээврийн хэрэгслээр зам тээврийн хөдөлгөөнд оролцсон байна.” гэжээ. Хариуцагч ББ ОД ХХК нь бүрэн бүтэн замын хөдөлгөөнд оролцох боломжтой тээврийн хэрэгслийг үйлчилгээнд гаргасан.” гэсэн дүгнэлт зэргээс харагддаг. Жолооч Ц.Баяржаргал нь ББ ОД ХХК-д 2015.02.10-нд өөрийн эзэмшлийн 06-42 ОРХ Соната-7 маркийн машинаар хот хоорондын зорчигч тээврийн жолоочоор ажиллах, ...тээврийн хэрэгсэл жолоодох үед жолоочийн буруутай үйлдлээс зам тээврийн осол, зөрчил гаргавал гарсан хохирол эрсдэлийг өөрөө бүрэн хариуцна... гэсэн өргөдөл гаргасныг үндэслэн түүнтэй байгуулсан гэрээний дагуу өөрийн болон эхнэр М.Ууганцэцэгийн эзэмшлийн Соната-7 маркийн автомашиныг компанийн эзэмшилд шилжүүлсэн бүртгэлтэй боловч дээрх машиныг өөрийн эзэмшил, ашиглалтад байлгаж гэрээнд заасан журмын дагуу хот хоорондын зорчигч тээвэрлэх үйлчилгээ үзүүлж байсан, ББ ОД ХХК-тай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, тус компанид ямар нэгэн албан тушаал эрхэлдэггүй. Хот хоорондын зорчигч тээврийн ажил үйлчилгээ үзүүлэх гэрээний компанийн хүлээх үүрэгт жолоочийн буруугаас болж учирсан гэм хорын хохирлыг компани хариуцах үүрэг хүлээгээгүй. Харин Ц.Баяржаргал өөрөө гэм хорын хохирлыг хариуцах талаараа өргөдөл компанид гаргасан байдаг. Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны 2017.06.02-ны 152 тоот тогтоолоор анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 5 дахь заалтад өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсэн. Анхан шатны шүүхийн 2017.01.19-ний 30 тоот шийтгэх тогтоолын 7-дах заалтад Иргэний хуулийн 497.2-т зааснаар иргэний хариуцагч Б ХХК-г гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэсэн энэ заалт хүчинтэй байгаа. Б ХХК нь дээрх бодит нөхцөл байдлууд болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар Иргэний хуулийн 497.2-т зааснаар гэм хорын хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэлтэй.

Иймд Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 01 15-ны 142/ШШ2018/00063 тоот шийдвэр Орхон аймгийн Иргэний хэргийн авж заалдах шатны шүүхийн 2018.03.15-ны 37 тоот магадлал зэргийг тус тус хүчингүй болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэгч Ө.А- нь хариуцагч “Б” ХХК-д холбогдуулан 5.023.550 төгрөг нэхэмжлэхдээ үндэслэлээ зам тээврийн ослын улмаас эрүүл мэндэд учирсан хохирол гэжээ. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, маргасан.  

Нэхэмжлэгч Ө.А- нь 2016 оны 5 дугаар сарын 4-ний өдөр тус компанийн  эзэмшлийн 06-42 ОРХ улсын дугаартай Соната-7 маркийн машинаар УБ хотоос Эрдэнэт орохоор зорчиж явахдаа зам тээврийн осолд орж, хүнд гэмтэл учирсан нь хэргийн баримтаар тогтоогджээ.

Тэрээр гэмтлийн улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлсний төлбөр, тэргэнцэр, ор авахад нийт 8.886.000 төгрөгийн зардал гаргаснаас тухайн үед тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Ц.Баяржаргалын өгсөн 3.000.000 төгрөгийг хасч үлдэх төлбөрийг хариуцагчаас нэхэмжилжээ.

Ц.Баяржаргал нь тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 9.1, 8.2 дах заалтуудыг зөрчсөнөөс тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчсөн гэмт хэрэг үйлдсэн нь хуулийн хүчин төгөлдөр Шийтгэх тогтоолоор тогтоогдсон, энэ талаар маргаагүй байна.

Харин нэхэмжлэгчид учирсан хохирлыг хариуцагч хариуцан арилгах үүрэгтэй эсэх нь маргааны зүйл болжээ.

“Б” ХХК нь Авто тээврийн төв ТӨҮГ-тай байгуулсан гэрээний дагуу суудлын автомашинаар зорчигч тээвэрлэх үйлчилгээ эрхэлдэг бөгөөд  Ц.Баяржаргалын  жолоодож явсан тээврийн хэрэгсэл тус компанийн нэр дээр бүртгэлтэй болохыг хариуцагч үгүйсгээгүй байна.  

Дээр дурдсанаас үзвэл “Б” ХХК нь зорчигч тээвэрлэлтийн үйлчилгээ эрхэлдэг бөгөөд нэхэмжлэгч нь тус компаниас 25.000 төгрөгийн тийз худалдан авч зорчиж байсан тул тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 382 дугаар зүйлийн 382.1.-т заасан зорчигч тээвэрлэлтийн гэрээ байгуулагдсан гэж үзнэ.

Иргэний хуулийн 384 дүгээр зүйлийн 384.1.-т зааснаар тээвэрлэлтийн явцад зорчигчид өөрт нь буюу түүний эд хөрөнгөнд гэм хор учирсан, авч яваа зүйл нь алдагдсан, гэмтсэн бол тээвэрлэгч хууль болон тодорхой төрлийн тээврийн дүрэмд заасан хариуцлага хүлээх ба мөн хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1.-т “зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй” гэж заасан.  

Хуулийн дээрх зохицуулалтын агуулгаар нэхэмжлэгчид учирсан хохирлыг хариуцагч “Б” ХХК хариуцах үүрэгтэй.

Иргэний хуулийн 384 дүгээр зүйлийн 384.3.-т зааснаар тухайн төрлийн тээврийн хэрэгслийн жолооч болон бусад ажилтнуудын үйл ажиллагааны дутагдал, тээврийн хэрэгслийн бүрэн бус ажиллагаа, эвдрэл, эд материалын доголдол, дутагдал зэргээс зорчигчид хохирол учирсан нь тээвэрлэгчийг хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй тул хариуцагчийн “...жолооч Ц.Баяржаргалын буруугаас зам тээврийн осол гарсан тул хохирлыг төлөхгүй” гэх тайлбар үндэслэлгүй.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт авагдсан баримтад тулгуурлан нэхэмжлэлийг хангасан нь зөв  боловч хуулийг оновчтой сонгон хэрэглээгүй байна.

Нэхэмжлэгч тээврийн хэрэгслийн ашиглалтаас үүссэн гэм хорыг арилгах агуулга бүхий нэхэмжлэл гаргасан байхад анхан шатны шүүх гэм хор учруулснаас хариуцлага хүлээх үндэслэлийг тодорхойлсон Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1., тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэйг зохицуулсан мөн хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4 дэх заалтыг шийдвэрийн тогтоох хэсэгт баримталсан нь хэрэглэх ёсгүй заалтыг хэрэглэсэн, хэрэглэх ёстой заалтыг хэрэглээгүй алдаа болжээ.

Ө.А зам тээврийн ослын улмаас хөдөлмөрийн чадвараа алдаж эмчилгээний зардал нэхэмжилсэн нь Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1.-д заасан зохицуулалтад нийцэх талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт зөв хэдий ч дээрх алдааг залруулж чадаагүй байна.

Ц.Б-аас 5.911.000 төгрөг гаргуулж Ө.А-ад олгохоор шийдвэрлэсэн Дархан-уул аймаг дах сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 30 дугаар Шийтгэх тогтоолын 5 дах заалтыг Улсын Дээд шүүхийн  хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2017 оны 6 дугаар сарын 2-ний өдрийн 152 дугаар тогтоолоор өөрчилж, хохирогч нь эрүүл мэнд болон эд хөрөнгөд учирсан хохирлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэхдээ “...Б ХХК болон Ц.Б нарын хооронд байгуулсан гэрээний төрлийг зөв тодорхойлоогүй, гэм хорын хэмжээ, хариуцах субъектийг эцэслэн тогтоох ажиллагааг гүйцэд хийгээгүй гэж дүгнэжээ.  

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчид учирсан гэм хорын асуудлыг дээрх тогтоолоор шийдвэрлээгүй тул “...шийтгэх тогтоолоор хариуцагч Б ХХК-г хариуцлагаас чөлөөлсөн” гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хүлээн авах боломжгүй.  

Дээрх үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 37 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1, Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 142/ШШ2018/00063 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг  “Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1-д заасныг баримтлан хариуцагч Б ХХК-аас 5.023.550 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ө.А-ад олгосугай” гэж өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Барсүрэн, Г.Алтанчимэг нарын гомдлыг хангахгүй орхисугай.  

2. Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр төлсөн 95.500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ