Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 00063

 

2018 оны 01 сарын 15 өдөр

      Дугаар 142/ШШ2018/00063

Орхон аймаг

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бямбасүрэн даргалж, шүүгч Б.Дэлгэрцэцэг, Р.Үүрийнтуяа нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Ө.А нэхэмжлэлтэй

Хариуцагч: “ББ-Од” ХХК-д холбогдох

Гэм хорын хохирол 5,023,550 төгрөг гаргуулах тухай хэргийг 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Сарантуул, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Барсүрэн, Г.Алтанчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Чин-Оюунсайхан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ө.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Ө.А нь “2016 оны 05 сарын 04-ны өдөр Улаанбаатар хотоос Эрдэнэт рүү явахаар “ББ-Од” ХХК-ний хот хоорондын такси үйлчилгээний 06-42 ОРХ дугаартай Соната-7 маркийн машинд сууж Эрдэнэт орохоор явсан” юм. Дархан-Уул аймгийн Хонгор сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр болох Цайдамын хөндий гэх газарт машин гэнэт огцом эсрэг урсгалд орсон ба 100 метрийн зайд явж байгаа тоёота приус маркийн 52-38 УНХ дугаартай машин мөргөлдсөн. Энэ ослын улмаас миний биед олон тооны аарцаг ясны хугарал буюу хүнд гэмтэл учирч хөдөлмөрийн чадвар алдалт 6-7 сар алдсан. Энэ гэмтлийн улмаас эмнэлэгт төлбөртэй эмчилгээ сувилгаа хийлгэсэн ба уг эмчилгээний зардлыг жолооч Ц.Аын зүгээс 3.000.000 төгрөг төлж өнөөдрийг хүртэл эмчилгээний хохирол зардлыг төлөхгүй намайг хохироож байна.

Жолооч Ц.Ад холбогдох хэрэг 3 шатны шүүхээр орж 2017 оны 06 дугаар сарын 22-нд Улсын дээд шүүхээр шийдвэрлэгдсэн. Миний төлөгдөөгүй хохирлыг иргэний журмаар шийдвэрлүүл гэсэн тул би энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Одоо төлөгдөөгүй хохирол болох 5.023.550 төгрөгийг тухайн үед хот хоорондын такси үйлчилгээ явуулах эрхтэй машины өмчлөгч “ББ-Од” ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч “ББ-Од” ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Ө.А-ын нэхэмжлэлтэй “ББ-Од” ХХК-д холбогдох гэм хорын хохирол 5,023,550 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч Ө.Аын гаргасан нэхэмжлэлд дараах хариу тайлбарыг гаргаж байна. Үүнд:

Нэхэмжпэгч Ө.А нь шүүхэд ...2016 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Улаанбаатар хотоос Эрдэнэт рүү явахаар “ББ-Од” ХХК-ны хот хоорондын такси үйлчилгээний 06-42 ОРХ дугаартай Соната-7 маркийн машинд сууж Эрдэнэт орохоор явсан. Дархан Уул аймгийн Хонгор сумын 1-р багийн нутаг дэвсгэр болох Цайдамын хөндий гэх газарт машин огцом эсрэг урсгалд орсон ба 100 метрийн зайд явж байгаа Тоёота приус маркийн 52-38 УНХ дугаартай машин мөргөлдсөн. Энэ ослын улмаас миний биед олон тооны аарцаг ясны хугарал буюу хүнд гэмтэл учирч хөдөлмөрийн чадвар алдалт 6-7 сар алдсан.......жолооч Ц.Аын зүгээс 3 сая төгрөг төлж, өнөөдрийг хүртэл эмчилгээний хохирол зардлыг төлөхгүй намайг хохироож байна........төлөгдөөгүй хохирол болох 5,023,550 төгрөгийг тухайн үед хот хоорондын такси үйлчилгээ явуулах эрхтэй машины өмчлөгч “ББ-Од" ХХК-иас гаргуулж өгнө үү ... гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь үндэслэлгүй байгаа тул нэхэмжлэгч Ө.Аын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Учир нь:

1.Дархан Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017оны 01 дүгээр сарын 19-ний 30 дугаартай шийтгэх тогтоолоор ЭХ-н 215.2-т зааснаар Ц.Аыг тээврийн хэрэгсэлийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Иргэний хуулийн 497.1-д зааснаар Ц.Аыг тээврийн хэрэгсэлийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчсөн зам тээврийн осол гаргаж бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулсан, гэм буруутай болохыг тогтоож, Ц.Ааас Иргэний хуулийн 497.1, 505.1-т зааснаар 5.911.000 төгрөгийг гаргуулж Орхон аймгийн Баян Өндөр сум 3-9-25 тоотод оршин суух Очирваань овогт Өлзийбатын Аптансувдад олгохоор шийдвэрлэсэн болно.

2.Ц.А нь “ББ-Од” ХХК-тай байгуулсан гэрээний дагуу өөрийн эзэмшлийн Соната-7 маркийн автомашиныг компанийн эзэмшилд шилжүүлсэн бүртгэлтэй боловч дээрх машиныг өөрийн эзэмшил, ашиглалтанд байлгаж гэрээнд заасан журмын дагуу хот хоорондын зорчигч тээвэрлэх үйлчилгээ үзүүлж байсан.

3.”ББ-Од” ХХК-тай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, манай компанид ямар нэгэн албан тушаал эрхэлж байгаагүй болно.

4.”ББ-Од” ХХК-тай бүрэн бус тээврийн хэрэгслийг зорчигч тээврийн үйлчилгээнд гаргасан буруутай үйлдэл тогтоогдоогүй.

5.Иргэний хуулийн 498.2, 499.4-д зааснаар зам тээврийн ослын улмаас хохирогчид учирсан гэм хорын хохирлыг “ББ-Од” ХХК төлөх үндэслэлгүй гэжээ.

             Шүүхийн хэлэлцүүлэгт Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 30 дугаартай шийтгэх тогтоол, Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 152 дугаартай тогтоол, суудлын автомашинаар зорчигч тээвэрлэлт гүйцэтгүүлэх 2015 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн гэрээ /80-83-р хуудас/, “ББ-Од” ХХК-ны 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн № 187 тоот албан бичиг, зорчигч тээвэрлэлтийн замын хуудас /х.101/, 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн тооцооны хуудас, жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээний мэдүүлгийн маягт зэргийг шинжлэн судлав.

                                                                                         ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Ө.А нь “ББ-Од” ХХК-д холбогдуулан гэм хорын хохирол 5.023.550 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

            Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгохыг хүсэж байна.

            Нэхэмжлэгч  Ө.А нь 2016 оны 05 сарын 04-ны өдөр Улаанбаатар хотоос Эрдэнэт орохоор “ББ-Од” ХХК-ний хот хоорондын такси үйлчилгээний 06-42 ОРХ дугаартай Соната-7 маркийн машинд сууж  явсан байна.

Ийнхүү явж байхад Дархан-Уул аймгийн Хонгор сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр болох Цайдамын хөндий гэх газарт дээрх машин нь тоёота приус маркийн 52-38 УНХ дугаартай машинтай мөргөлдөж зам тээврийн осол гарсан байна. 

            Энэ ослын улмаас нэхэмжлэгчийн  биед олон тооны аарцаг ясны хугарал буюу хүнд гэмтэл учирч хөдөлмөрийн чадвараа алдан эмнэлэгт эмчилгээ сувилгаа хийлгэсэн байна. Дээрх гэм хорын хохиролтой холбоотой эмчилгээний зардалд уг машиныг жолоодож явсан жолооч Ц.А 3.000.000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн байх боловч бусад гарсан зардлыг төлөөгүй байна. 

            Нэхэмжлэгчийн сууж явсан 06-42 ОРХ дугаартай Соната-7 маркийн жолооч Ц.А 2016 оны 05 сарын 04-ны өдөр гарсан дээрх зам тээврийн осолд гэм буруутай болох нь Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 30 дугаартай шийтгэх тогтоолоор 06-тогтоогджээ.

            Харин Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 152 дугаартай тогтоолоор 06-42 ОРХ дугаартай Соната-7 маркийн машинд сууж явсан хохирогч нарыг эрүүл мэнд болон эд хөрөнгөнд учирсан гэм хорын хохиролоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг зааж Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 30 дугаар  шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан байна.

            Нэхэмжлэгч нь Улсын дээд шүүхийн дээрх тогтоолыг үндэслэн төлөгдөөгүй хохирол болох 5.023.550 төгрөгийг гаргуулахаар өгнө үү шаардаж байна.

            Хариуцагч нь “Ц.Аыг “ББ-Од” ХХК-тай  байгуулсан гэрээний дагуу өөрийн эзэмшлийн Соната-7 маркийн автомашиныг тус компанийн эзэмшилд шилжүүлж бүртгүүлсэн боловч дээрх машиныг өөрийн эзэмшил, ашиглалтанд байлгаж гэрээнд заасан журмын дагуу хот оорондын зорчигч тээвэрлэх үйлчилгээ үзүүлж байсан. “ББ-Од” ХХК-тай хөдөлмөрийн гэрээ байгуулж байгаагүй, манай бүрэн бус тээврийн хэрэгслийг зорчигч тээврийн үйлчилгээнд гаргасан буруутай үйлдэл тогтоогдоогүй, хохиролыг хариуцах үндэслэлгүй” гэж тайлбарлаж байна.

            Хариуцагч “ББ-Од” ХХК нь Орхон аймгийн Авто тээврийн төв ТӨҮГ-тай 2015 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр суудлын автомашинаар зорчигч тээвэрлэлт гүйцэтгүүлэх гэрээ байгуулж, энэхүү гэрээний үндсэн дээр зорчигч тээвэрлэлтийн үйл ажиллагаа явуулж байсан байна.

            “ББ-Од” ХХК нь Ц.Аын 06-42 ОРХ улсын дугаартай Соната-7 автомашиныг  2016 оны 05 дугаар сарын 05-ны өдөр өөрийн нэр дээр шилжүүлэн авч өмчлөгчөөр бүртгүүлжээ.

            Ц.А 2015 оноос эхлэн “ББ-Од” ХХК-ны нэр дээр 06-42 ОРХ улсын дугаартай машинаар зорчигч тээврийн үйлчилгээ эрхэлж Эрдэнэт-УБ-Эрдэнэт чиглэлд зорчигч тээврийн үйлчилгээ эрхэлж байсан байна.

            Хариуцагч “ББ-Од” ХХК нь өөрийн нэр дээр үйлчилгээ эрхэлдэг жолооч нартаа зорчигч тээврийн замын хуудас олгож  үйлчилгээ явуулахаар томилдог байна. Зам тээврийн осол гарсан тухайн 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Ц.А нь № 0255349 дугаартай замын хуудсаар 2016 оны 05 дугаар сарын 03-наас 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хүртэл Эрдэнэт-УБ-Эрдэнэт чиглэлд зорчигч тээвэрлэхээр томилогджээ. Түүнчлэн Ц.А нь № 2123763 дугаартай тооцооны хуудсаар “ББ-Од” ХХК-тай 100.000 төгрөгийн тооцоо нийлсэн байна.

            Авто тээврийн Үндэсний төвийн тээврийн бүртгэлийн лавлагаагаар 06-42 ОРХ дугаартай Соната-7 маркийн авто машин нь 2015 оны 05 дугаар сарын 21-ний өдрөөс “ББ-Од” ХХК-ны нэр дээр бүртгэлтэй байсан байна. / хх.115-116/

             Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ 06-42 ОРХ дугаартай Соната-7 маркийн авто машины өмчлөгч нь Ц.А учраас гэм хорын хохиролыг манай компани биш Ц.А хариуцах ёстой гэж тайлбарлаж байгаа болно. Гэвч хариуцагчийн дээрх татгалзал үндэслэлгүй байна. Хэдийгээр “ББ-Од” ХХК нь Ц.Ааас дээрх машиныг худалдах-худалдан авах гэрээгээр худалдан аваагүй боловч  машиныг өөрийн нэр дээр шилжүүлэн авч Ц.Ааар зорчигч тээврийн үйлчилгээ гүйцэтгүүлж байсан  болох нь нотлогдож байна.

            Тухайн машиныг захиран зарцуулах эрх хэнд байсан бэ гэдэг биш харин хэн зорчигч тээврийн үйлчилгээ эрхлэх гэрээг хуулийн дагуу холбогдох байгууллагатай байгуулан, өөрийн компаны нэр дээр жолооч нарыг томилон зорчигч тээврийн үйлчилгээ эрхлүүлж гэрээний үүргийг гүйцэтгэж байсан үйл баримт гэм хорын хохиролыг хариуцан арилгахад ач холбогдолтой байна.

            Хариуцагч “ББ-Од” ХХК нь Ц.Аын машиныг компаныхаа нэр дээр шилжүүлэн авсанаар эзэмшигч болж улмаар зорчигч тээврийн үйлчилгээ эрхлүүлж байсан нь Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4 заалтын нөхцлийг хангаж байх бөгөөд ашиглагч Ц.Аыг эзэмшигч өөрөө томилсон байна. Иймд гэм хорын хохиролыг хариуцах үндэстэй байна.

          Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :

1.Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.4, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан “ББ-Од” ХХК-наас 5.023.550 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ө.Аад олосугай.

2.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д заасныг баримтлан нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжнаас чөлөөлөгдсөн бөгөөд хариуцагчаас 95,327 төрөг гаргуулан Төрийн санд оруулсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                                         Б.БЯМБАСҮРЭН

  ШҮҮГЧИД                                                         Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ

                                                                          Р.ҮҮРИЙНТУЯА